ЮНЕСКО-гоос гаргасан бичиг үсэггүй иргэдийн талаарх судалгааны тайлан өмнө минь байна. Уг тайланд дэлхийн хүн амын 75 хувь буюу 775 сая хүн бичиг үсэг тайлагдаагүй, товчхондоо уншиж, бичиж чаддаггүй талаар дурджээ.

Техник технологийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхаж буй XXI зуунд шүү дээ. Гэтэл яг одоо энэ ертөнцөд тэрбум шахам хүн огт уншиж, бичиж чадахгүй байна гэдэг эмгэнэлтэй байгаа биз. “Үл мэдэгчид”-ийн гурван хүн тутмын хоёр нь эмэгтэйчүүд бол 84 хувь нь 15-аас дээш насныхан байна.БНХАУ, Пакистан, Бангладеш, Нигери, Этиоп, Египет, Бразил, Индонез улс энэхүү “хар” үзүүлэлт өсөхөд голлох хувь нэмрийг оруулжээ.

Хамгийн ядуу гэр бүлийн хүүхдүүд 2086 оноос нааш анхан шатны боловсрол эзэмшиж чадахгүй

Андорра, Норвеги, Финланд тэргүүтэй найман улс хүн амаа 100 хувь бичиг үсэгтэй болгосон гэсэн бахдам үзүүлэлтээр бусдыгаа манлайлж байна. Хачирхалтай нь, энэ дотор ядуурал, өлсгөлөнд нэрвэгдсэн Ардчилсан Солонгос цохиж явна. За тэр ч яахав, бидэнд хамаагүй асуудал. Харин Монгол Улс маань 97.4 хувийн бичиг үсэг тайлагдалтаар 77-д жагсжээ. Хорь, гучхан хувийн үзүүлэлттэй Африкийн орнуудыг бодвол энэ том тоо. Гэхдээ 97 хувь гэсэн тоог хараад тайвширч болохгүй. Үнэндээ үүнээс илүү өндөрлөгт хүрсэн түүхээ бид 20 гаруйхан жилийн дотор “татаж” унагасан нь энэ.


ШИЛЖИЛТИЙН ДАВЛАГАА БА ХАРАНХУЙЧУУДЫН АРМИ

Ардын хувьсгал ялсны дараах Монголын дүр төрх үнэхээр эмгэнэлтэй байлаа. Бөөс хуурс, өвчиндөө баригдаж, туйлдаж ядуурсан 600 мянган хүн. Үүний 100 гаруй мянга нь лам гэж байгаа. Тухайн үед бичиг үсэг тайлагдсан хүн одоогоор хоёр гурван дээд сургууль төгссөн мэргэжилтэн шиг л өндрөөр үнэлэгдэнэ. “Чам шиг бичиг номтой хүнд үзүүлэхэд ч зовмоор дамшиг даа” гээд инээж суудаг Итгэлт баян шиг нөхөд олон байсан хэрэг. Харин 1940-өөд онд энэ байдлыг халах ажлыг улс орон даяар далайцтай өрнүүлэв. Үр дүн ч удалгүй гарч, ЮНЕСКО-гоос бичиг үсэг үл мэдэх байдлыг арилгасан улс гэсэн гэрчилгээ авч байсан түүх бий. Мэдээж 100 хувь бичиг үсэгтэй болно гэж юу байхав. Гэхдээ л энэ бол дэвшил байлаа.

Цалингаа авчхаад гарын үсгээ зурж чадахгүй тул зүгээр л чагт тэмдэг тавиад орхидог гэх

Харин одоо бидний дунд “А”-гаа мэдэхгүй хүн бүр нэжгээд болчхоод байна. Угтаа бол энэ нь 1990-ээд оны шилжилтийн үетэй холбоотой байв.

Зах зээлийн нийгэмд шилжсэний дараа малыг хувьчилж, эзэнтэй болгосон нь нэг шалтгаан. Хувийн өмчтэй болсон хүмүүс малаа хариулахын тулд хүүхдээ сургуулиас нь гаргах явдал түгээмэл байв. Түүнчлэн улс орон бүхэлдээ санхүүгийн хүндрэлд орж, бүсээ чангалах үед боловсролын салбарын санхүүжилтийг танахаас аргагүй болов. Ингэснээр дотуур байранд амьдарч байгаа хүүхдүүд хоол хүнсээ өөрсдөө даах шаардлагатай болжээ. Үүнийг төлөх чадваргүй айл цөөнгүй байсан тул бас л хүүхдээ сургуулиас гаргахаас аргагүйд хүрсэн юм. Энэ мэт шалтгааны улмаас тодорхой тооны хүүхэд сургуульд суралцах, бичиг үсэгтэй болох хүслээ хойш тавихад хүрч байлаа.

Одоо тэд 30 дөхсөн том залуучууд, бүсгүйчүүд болцгоосон. Гэсэн хэдий ч ертөнцийг харах цонх болсон ном уншиж чадахгүй хэвээр. Тэрчлэн сүүлийн хэдэн жил цэрэгт ирсэн залуусын дунд бичиг үсэггүй хүн олон байгаа талаар цэрэг татлагын комиссынхон анхааруулах болсон. Нэг үе цэрэгт суралцах нэг жилийн хугацаанд нь анхан шатны боловсрол олгох тухай яригдаж байсан. Гэвч ажил хэрэг болсон эсэх нь тодорхойгүй.


ҮСЭГ МЭДЭХГҮЙ ЭЭЖ, ААВУУДАА ЯАХ ВЭ

Боловсролын хамтын ажиллагааны нийгэмлэг бол сургуулийн өмнөх бага, дунд боловсролын чиглэлээр ажилладаг байгууллага. Үүний хүрээнд хүүхдийн хөгжилд эцэг, эхийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байна. Гэтэл сүүлийн үед бага ангид орж байгаа хүүхдүүдийн эцэг, эх нь бичиг үсэггүй байх явдал өндөр байгаа судалгаа гарчээ. Итгэхэд бэрх ч өнөөгийн нийгмийн бодит төрх ийм болчхоод байна. Хүүхдийнхээ хичээлийг зааж өгөх ёстой аав, ээжүүд өөрсдөө уншиж, бичиж чадахгүй байна гэхээр цаашид юу болох бол?

Монгол Улс гурван сая хүн амтай. Тэдний 2.6 хувь нь буюу 78 мянган хүн бичиг үсэггүй гэдгийг хялбархан бодоод олчхож болно. Гэхдээ 97.4 хувь эргэлзээтэй тоо гэдгийг тус нийгэмлэгийн гүйцэтгэх захирал Б.Батжаргал хэллээ. “Хүн амын тооллого явуулахдаа бага сургууль төгссөн бол автоматаар бичиг үсэг тайлагдсан гэсэн мэдээлэлд орж байгаа. Гэтэл уншиж, бичиж чадахгүй байсаар бага сургуулиа төгсөж байгаа хүн цөөнгүй бий. Ингээд бодохоор 97.4 хувь гэдэг бодитой биш болов уу” хэмээн Б.Батжаргал захирал ярьсан юм.

ХОТЫНХОНД ТУЛГАРСАН ШИНЭ АСУУДАЛ

Шилжилтийн хүнд үеийг даван туулж, хөл дээрээ тогтсоны дараа сургууль завсардалт эрс багасаж, тэр хэрээр бичиг үсэг тайлагдахгүй үлдэх тохиолдол буурсан. Бид хүүхдээ бүгдийг нь цэцэрлэгт хамруулж чадахгүй байгаа ч ерөнхий боловсролын сургуульд яаж ийгээд багтаагаад буй. Гэхдээ л цөөнгүй хүүхэд анхан шатны боловсрол олж авч чадахгүй хэвээр. 1990-ээд онд хөдөө орон нутгийн хүүхэд сургууль завсардах нь түгээмэл байсан. Харин одоо энэ байдал өөрчлөгджээ.

Нийслэлийг бараадаж ирээд хотын захын алслагдмал газар гэрээ барин амьдарч буй айл олон. Уулын энгэрт ганц муу хар гэрээ барьсан эдгээр айлд автобус очих нь байтугай гэрэл цахилгаан гэж үгүй. Хүүхдээ сургуульд явуулъя гэвэл олон км зам туулах хэрэгтэй болно. Ингээд л хүүхэд хэчнээн хүссэн ч сургуульд орж чадалгүй гэрийн мухар сахиж буй жишээ олныг дурдаж болно. Нөгөөтээгүүр, хүүхдүүд нь ажил хийж мөнгө олох шаардлагатай ядруухан айл өрхийн хувьд хүүхдээ сургуульд оруулах талаар мөрөөдөхөөс цаашгүй. Орчин үеийн сургууль завсардалтад нөлөөлж буй өөр нэг хүчин зүйл нь хувиараа алт олборлогчид буюу нинжа нар. Алт ухаж, амьдралаа залгуулдаг эдгээр хүмүүс хүүхдүүдээ дагуулан ийш тийшээ явах нь элбэг. Нинжа цугласан нутгийн сургуульд хүүхдээ өгнө гэж санахын ч хэрэггүй.

Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд бичиг үсэггүйчүүдийн "армийг" тэлэхэд тодорхой хэмжээгээр нөлөөлж буйг албаныхан хэлж байлаа. Манай улсад хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан сургууль тав бий. Гэхдээ бүгд Улаанбаатарт байршилтай. Тиймээс хөдөө, орон нутгийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд бусдын адил боловсрол эзэмшихийн тулд ердийн сургуульд явахаас аргагүйд хүрнэ. Эндээс л асуудал ундарна даа.

Цэрэгт ирсэн залуусын дунд бичиг үсэггүй хүн олон байгаа нь үүнтэй холбоотой

Жишээ нь, сонсголын бэрхшээлтэй хүүхэд сургуульд оръё гэхэд багш нар нь дохионы хэл мэдэхгүй. Оюуны саажилттай хүүхэд ирвэл багш нарт тэдэнтэй ажиллах арга барил дутагдана. Хэрэв тэргэнцэр дээр явдаг хүүхэд сурахыг хүсвэл сургууль руу орж, гарахаас эхлээд хүндрэл үүснэ. Энэ мэт олон шалтгааны улмаас хөдөө орон нутагт амьдардаг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд анхан шатны боловсрол эзэмшихэд асуудал үүссээр байна.

ҮҮРЭГ ХҮЛЭЭСЭН ЦАГТ

2000 онд Сенегал улсын нийслэл Дакар хотноо болсон Дэлхийн боловсролын чуулганд 164 орны Засгийн газар оролцож, 2015 он гэхэд боловсролыг бүх нийтэд хүргэх үүрэг хүлээсэн. Үүрэг хүлээсэн 164 орны нэг нь Монгол байв. Энэ оны эцэст бид үүргээ хэрхэн биелүүлж, боловсролыг бүх нийтэд хэрхэн хүргэснээ тайлагнах учиртай. Гэвч өнгөрсөн 15 жилийн хугацаанд тавьсан зорилго биелсэнгүй. “Хэрэв өнөөгийн байдлаар үргэлжлэх юм бол хамгийн ядуу гэр бүлийн хүүхдүүд 2086 оноос нааш бүх нийтийн анхан шатны боловсрол эзэмшиж чадахгүй” хэмээн “Бүх нийт боловсролын төлөө” иргэний нийгмийн үндэсний эвсэл дүгнэсэн байна.

Өвөрхангай аймгийн ноос, ноолуурын нэгэн компани 100 гаруй ажилчинтай. Гэтэл ганц энэ компанид бичиг үсэггүй 13 хүн ажилладаг талаар сонсч байв. Цалингаа авчхаад гарын үсгээ зурж чадахгүй тул зүгээр л чагт тэмдэг тавиад орхидог гэх. Энэ бидний хувьд эмгэнэл юм.

Төр, засаг нь бүх нийтийг компьютержуулна, англи хэлийг бүгдийн хүртээл болгоно хэмээн том зорилт, зорилго тавин ажиллаад байдаг. Гэтэл цаана чинь нэрээ ч бичиж чадахгүй харанхуйчуудын бүхэл бүтэн арми бий болчхоод байна.

Г.Баярсайхан


эх сурвалж: gogo.mn