Найз гэж хэн бэ?
 
  Өнгөрсөн өдрүүдэд хангалт­тай ганцаардлаа. Ганцаард­лын тухай бодсон бодол минь аажмаар найз, нөхөрлөлийн тухай эргэцүүлэхэд хүргэв. Бодоод байхад би тийм ч олон найзтай биш юмаа. Гэсэн ч жаргалтай дурсамжууд маань найз, нөхөдтэй ямар нэг сэжмээр холбоотой байдаг.
 
  Ер нь найз гэж хэн бэ? Яагаад бид олны дундаас хэн нэгнийг найзаа гэж дотночлон үздэг юм болоо? Итгэж нөхөрлөсөн болгон найз мөн үү? эсвэл нандин бүхнээ хуваалцдаг дотны хэн нэгэн бидний жинхэнэ найз уу? Энэ асуултын хариуг олохоор “Найз” гэсэн сэдвийг хөндөж байна.
 
  Найз, нөхөрлөл гэдэг хүмүүсийн хоорондын гүн итгэлцэл юм. Найзууд цаг хугацааны шалгуур доор бие биесээ ойлгон таньж, мэдэрч, харамгүй сэтгэлээр нэгийгээ дэмжин түшиж байдаг. Эргээд хариу тус нэхэхийн оронд найзынхаа ачийг санаж, нөхөрлөлөө хүндэлж явах нь хүмүүсийн хоорондын хамгийн эерэг холбоос. Анд нөхрөө хэмээн үзэж буй хүндээ итгэж, түүндээ аминчхан дотно харилцааг үүсгэн үнэлж байгаа хэрэг ч гэж ойлгож болох юм.
 
  Гэвч найз нөхдийн дотны ийм холбооноос гадна танил талын сүлжээ амьдралд биднийг өдөр тутам хүрээлж байдаг. “Танилтай бол талын чинээ” гэдэг үг ч үүнийг гэрчилнэ. Харин танил нөхөд, анд нөхөр, найзын үерхэл хоорондоо ялгаатай төдийгүй хүмүүсийн харилцааны өдөр тутмын өнгийг илэрхийлж байдгийг хэлмээр байна.
 
  Аав маань өтөл буурал болсон ч “Манай ангийн хүүхэд” гэж ирээд л ярьдаг юм. Анд найзууд гэдэг нас, үс, зүсний ялгаагүй нэг нэгнийхээ зүрхэнд бага залуу насны үерхэл нөхөрлөл гэгээн дурсамж болон үлдсэн нэгэн байхад насан туршдаа нөхөрлөж яваа сайн нөхөд ч олон.
 
  Ажил, амьдралын мөр хөөгөөд тал тал тийшээ салан одоцгоох цагт хичнээн сэтгэл байгаад ч андын харилцаа аажмаар холдож, эргээд уулзахад ярих юмгүй, бие биетэйгээ дөнгөж танилцаж байгаа ч юм шиг хачин мэдрэмж төрдөг. Өдөр болгон биш гэхэд долоо хоногтоо нэг уулзаад инээж, уйлаад суух шиг жаргал хаана байх вэ, тэр үед л “Би найзтай хүн” гэж бахархан дуу алдмаар санагддаг гэсэн танилынхаа үгийг санаж байна.
 

 
С.Саранцэцэг: Найзууд маань итгэл дааж чаддаг
 
  Би найман жил үерхэж байгаа гурван сайхан найзтай хүн. Оюутан ахуй цагтаа бид өдөр бүр шахам уулзалддаг байлаа. Харин одоо ажил амьдралын эрхээр үргэлж уулзаж чадахаа больж дээ. Гэсэн ч биднийг холбож байгаа хамгийн нандин холбоос бол итгэл. Жаргалтай цагтаа ч, уйлж суухдаа ч хамгийн түрүүн тэдэн рүүгээ л утасдаж ярьдаг. Тэд итгэлийг минь хэзээ ч алдаж байгаагүй. Аав, ээж, ханьдаа хараахан хэлж амжаагүй зүйлээ зарим үед найз нартаа ярьж санаа минь амардаг. Энэ маань эмэгтэй хүний сул тал ч байж болох. Сэтгэлийн гүнд байгаагаа уудлан ярьж, найзуудынхаа үгийг сонсох таатай байдаг. Итгэлийг минь дааж чаддаг найзууддаа баярлалаа.
 
  Хань нөхрийг орлох чадвар найз нөхөрлөлд байж болдогийг энэ захиа сануулж байна. Баяр, гунигаа хуваалцах итгэлт найз байвч хүний ханийг гүйцэх нь бий билүү? Насан туршаа биесээ хайрлан жаргах амьдралын ханиасаа илүүтэй найздаа аминч­хан итгэх нь ёстой л энэ эмэгтэйн хэлдэгээр бүсгүй хүний араншин байж болох юм. Хүүхнүүд заримдаа их нууцлаг болчихдог гэж эрчүүд ярьдаг шүү дээ.
 
Ө.Батмэргэн: Үерхэл нөхөрлөлд хамгийн чухал нь цаг хугацаа
 
  Үерхэл нөхөрлөлийг цаг хугацаа шалгадаг. Найзууд бие бинээ танин мэдэж, үерхэл нөхөрлөл улам батжидаг. Өнөөдөр танилцаад, маргааш найзаа гэж саймшраад, нөгөөдөр ашиг хонжоо харж, ажил төрлөө бүтээлгэчих санаатай хүн ч бий. Тэднийг найз нөхрийн гэхээсээ ажил хэргийн нүдээр харах хэрэгтэй болдог. Гэтэл нөгөө хүн найзаа гэж гүйгээд байдаг. Эцэст нь түүнд өөрийнх нь эрх ашиг чухал хэвээр үлддэг. Р. Чойномын шүлэг дотор “Амьдралын найзыг олохын тулд аривхан алхах хэрэгтэй Архины найзыг олоход арван алхам хэрэгтэй” гэсэн мөрүүд бий. Архины тухай ярьсан болохоос биш жинхэнэ найз гэж хэн бэ? гэдгийг хэлээд байна гэж ойлголоо. Хэдийгээр тулж түших андыг олоход амьдралын арвин замыг туулж, явах замынхаа хэмжээгээр хэн нэгнийг таньж, түүнд итгэл хүлээлгэн найзаа хэмээн хүндэлж явдаг. Харин түр зуурын, зугаа цэнгэл, архины найзыг олоход нээрээ л амархан. Ийм найздаа сэтгэл зүрхнийхээ нарийн нандин бүхнийг дэлгээд суух нь юу л бол.
 
  Орчин цагт харилцаа холбоо, техник, технологийн дэвшил царай бараагаа харахгүй ч сайхан нөхөрлөх боломжийг бидэнд олгож байгаа. Блог, И-мэйл, мессенжэр гээд дэлхийг хэрсэн интернетийн сүлжээгээр алс холын нутагт байгаа хүмүүстэй чөлөөтэй харилцаж, тэднийг найзаа хэмээн бодож явдаг залуус олон. Өнөө маргаашийн хоол унд, аар саархан зүйлд санаа зовсондоо бус эх орон, нутаг усаа гэсэн сэтгэл тэднийг холбож байгаа. Блог гээч зүйлийг мэддэггүй байхдаа би дотроо бодож яваа, олонд хэлмээр санагдсан олон олон зүйлийг дотроо залгиад өнгөрдөг байсан. Харин одоо түүнийгээ санаа зовох зүйлгүй бичиж, харилцан ярилцаж, зөвлөж, бас шүүмжилдэг. Жишээ нь би гурван жил блог бичихдээ олон хүнийг найзаа гэж хүндэлсэн.
 
  Судалгаанд оролцогсдын тал шахам хувь нь найз нөхдийг холбодог хамгийн чухал зүйл итгэл хэмээн хариулсан бол ойлголцол, цаг хугацаа ч бас эрхэм гэж нэлээд хэсэг нь үзжээ. Харин ажлын газрын хүнтэйгээ найз нөхөд болох хэцүү, тэдэнтэй нэг зорилгын дор ажилладаг гэдгээрээ хамтран зүтгэгчид байдаг гэж хариулжээ.
 
  Сэтгэлд ойр анд найзууддаа бид баярлаж талархсан сэтгэл, бас харуусал, гомдлын үгээ тэр бүр хэлж чаддаг билүү? “Найз гэдэг бол миний хоёр дахь мөр” гэсэн үгийг уншаад дахиад л элдвийг бодов. Би хэн нэгний үнэнч, итгэлт анд нь байж чадаагүй ч өөр хэн нэгний сайн найз байж чадна.
 
Найз уу? Танил уу?
 
  Зарим хүнээс “Та хэр олон найзтай вэ?” гэж асуухаар “Олон, олон” гэж бахархангуй хариулдаг. Жинхэнэ найз тэгж олон арваараа олдоод байдаггүй. Ихэвчлэн хүмүүс сайн танилаа найз гэж андуурах нь бий. Миний бодлоор бага хэмжээний нөхөрлөлийг танил, хамгийн гүнзгийг нь жинхэнэ нөхөрлөл гэж ойлгох нь зүйтэй. Чамайг ингэвэл би тэгнэ гэсэн хариу үйлдэл маягийн нөхөрлөлөөс жинхэнэ нөхөрлөл хэзээ ч үүсдэггүй. Жинхэнэ нөхөрлөлийн илрэл бол нэг нэгийнхээ төлөө өөрийгөө өөрийн эрхгүй зориулж чадах ер бусын бас энэрэнгүй чанар. Заримдаа “Чи миний найз л юм бол...” гэсэн хатуу үгийг найзууд бие биедээ хэлдэг. Уг нь тэр хүн таны найз гэдгээрээ өөрийн тань өмнө үүрэг хариуцлага хүлээх ёсгүй. Энэ бол зөвхөн сэтгэлийн нарийн чанд хэлхээ билээ. Түүний “найз” гэдэг үгээр далайлган ажлаа амжуулж, амьдралаа дээшлүүлэх гишгүүр болгох гэсэн цаад санааг ялгаж салгаж сураагүй бол, магадгүй өөрийгөө буруутган, найз нөхөддөө үнэнч байна гэсэн бодлоор хандах нь бий.
 

  Спорт урлагийн нэг баг, марк цуглуулагчид, хамт олон, хамт ажиллагсад нь найз гэхээсээ илүү зорилго нэгтэй сонирхолын бүлэг юм. Тэд олуулаа тойрч суугаад гэр бүл, ахуй амьдрал, хайр дурлалын талаар илэн далангүй ярьдаггүй. Харин тэдний туйлын зорилго, хүсэл эрмэлзлэл, хамтран тэмүүлж байгаа тэр зүйлийнхээ талаар илүү сайн ойлголцож, ярилцах талтай.
 
  Мөн түр зуурын ашиг сонирхол дээр нэгдэн нөхөрлөж байвал тухайн ашиг харсан үйл ажиллагаа дууссаны дараа үерхэл ор мөргүй алга болдог. Үүнийг өнгөцхөн харвал найзын харьцаа мэт боловч нэг нэгнийхээ хувьд дотно бус тухайн цаг үеийн ашиг сонирхол дээр нэгдсэн байдаг.
 
Танилтай бол талын чинээ
 
  Өвөө маань хөдөөнөөс ирээд гуравдугаар эмнэлэгт хэвтэх гэж бөөн асуудал үүсгэв. Ирсэн даруйдаа эмнэлэгт үзүүлж, зохих шинжилгээг нь өгөөд, хэвтэх бичгийг нь авлаа. “Ор гарахаар хэвтүүлнэ” гэж эмч бүсгүй хэлсэн ч хариу чимээ ирэлгүй таг чиг арав хонов. Хаа холоос, хотын эмнэлэг зорьж ирсэн буурай үр хүүхэд, ач зээгийнхээрээ хэд хоноод эмнэлэгт ч хэвтэлгүй нутаг буцна гэж хэсэг сандар­галаа. Ингээд “Гуравдугаар эмнэлэгт таньдаг эмч байна уу” гэж найз нөхөд, таньж мэдэх хүмүүсээс эрж сурсаны эцэст арай хийн эмнэлгийн бараа хардаг юм байна.
 
  Найз гэдэг ойлголтыг дутуу, зөрүү ойлгосноос буруу итгэлцэл бий болж хүмүүсийн харилцаанд төөрөгдөл гардаг. Найз бол найз. Гэхдээ ямар найз вэ? гэдэг маш тодорхой байвал зүгээр. Мэдээжийн хэрэг байнга сайн зүйлийг хамтраад бий болгодог, бас муу зүйлд биенээ уруу татдаг, санал нийлдэг найзууд гэж хаа байхав.
 
  Олон найзтай байна гэдэг Монголд юу юунаас илүү чухал гэсэн дүр зургийг эндээс хийж болох юм. Ажил, төрлөө бүтээх хамгийн ашигтай хэлбэр нь танил талын сүлжээ. Зүгээр эмнэлэгт үзүүлэхээс эхлээд бизнес үйл ажиллагаа, төр засгийн хэмжээний асуудлууд бүгд л зарчмаас гадуур шийдэх нь хэвийн, тогтсон үзэгдэл болсон нь хүмүүсийг танил талын нүүрээр ажил төрлөө амжуулах зам руу хөтөлдөг. Хаана хууль ёс, зарчим үйлчлэхгүй байна тэнд л анд нөхдийн холбоог сүрхий сайн ашиглаж байна. Хэдийгээр ийм олон найзтай байх нь бахархмаар сайхан зүйл мэт боловч ажлаа амжуулах хэрэглүүр, шат болгон ашиглах давхар бодол явж байгааг бас муугаар хэлэх аргагүй.
 
  Харин иймэрхүү зорилготой нөхөрлөлийн цаад санаа биелэлээ олохгүй бол нөгөөх нь утсаа ч авахаа больж, зугатах, таарахаараа танихгүй мэт хүйтэн царайлах зэргээр “хуучин анддаа” хөшүүн зан гаргах тал бий. Энэ үйл явдалд өөрийгөө ашиглууллаа гэж үзсэн найз бодохоос эвлэрш­гүй зөрчил, үзэн ядалт, өш хонзон гээд хамгийн муу муухай бодол санаагаар дуусч болзошгүй.
 
  Цэцэрлэгт хүүхэд оруулаад өгөх танил хайж хэд хоног явлаа. Ажил ч бүтэж цэцэрлэгт нь хэдэн цаасны хандив өргөн, багшид нь гайгүйхэн гарын бэлэг өгөв. Зуучилсан найздаа талархал илэрхийлээд уужуухан амьсгаа авахтайгаа болов. Удалгүй зуучлагч найз утсаар “Газрын албанд чамд таньдаг хүн байдаг байхаа. Хэдэн хашааны газар авчихаад бичиг баримтыг нь хөөцөлдөж чадахгүй байсан юм. Чи тэр хүнтэйгээ яриад хурдхан бүтээгээд өгөх арга байна уу” гэх нь тэр...
 
  Танилтай бол талын чинээ гэж үзэх нь нөгөө талдаа тус болсон найздаа эргээд тус хүргэх өртэй болоход хүргэдэг. Тэр тусмаа хүн бүртэй найзлаад явдаг хүн өөрөө хэн ч биш болдог байх. Хэн нэгэн эрх мэдэлтэй, ажил төрлийг нүд ирмэхийн зуур бүтээгээд өгч чадах хүнтэй хүмүүс илүү дотно танилцаж, найз нөхөр болохыг хүсдэг. Зорилго биелэгдэнгүүт яах аргагүй нөгөө “найз” маань мартагдах гээд байдаг зовлон бас бий.
 
  Нэг явдал санаанд орлоо л доо. Танил сэтгүүлчид маань тохиолдсон зүйл. Өдөр тутмын нэр хүндтэй сонинд албаны дарга байсан түүнтэй сурталчилгаагаа тавиулах гэж ирсэн компаний захирал бүсгүй сайтар танилцаж амжжээ. Сэтгүүлч рүү байнга утасдаж, асууж сурагласаар, бас хааяа хоол унд хамт идэж уух гэхчлэн тэд нэлээд гайгүй нөхөрлөх болсон аж. Компаний захирал хэдийгээр төлбөртэй нийтлэл, зар сурталчилгаагаа тэдний сонинд тавьдаг байсан ч найз сэтгүүлчийнхээ нөлөөгөөр дараалал хүлээлгүй, хурдан шуурхай үйлчлүүлэх “хөнгөлөлт” эдлэх болжээ. Заримдаа компанийн захирлын талаарх хөрөг-нийтлэл сониных нь бүтэн нүүрийг эзэлдэг байв. Тэгсээр жилийн дотор захирал бүсгүй олны танил болж, компанийг нь ч хүмүүс андахаа байжээ. Харин одоо бол тэрээр сэтгүүлчийг бараг танихаа больсон гэнэ лээ. Утас цохиход нь амар мэндийг нь асуугаад л эелдэгээр “Хуралтай байна”, “Гадаадад явна” гэж хэлдэг болсон гэдэг.
 
  Зорилгоо биелүүлсэн найз нөгөө найзаа мартсан жишээ нууц амрагийн явдлыг санагдуулам байгаа биз. Манай сэтгүүл 41-р дугаартаа амрагийн харьцааны талаар нийтэлж байсан. Хүсч байсан бүсгүйтэйгээ унтаж, хэргээ гүйцээсэн залуу тэгсгээд бүсгүйгээ мартахыг хичээдэг. Харин эмэгтэй түүнээс сэтгэлийн нарийн нандин зүйлийг хүсч, хүлээж байснаасаа болоод залуугаа тийм ч амар мартахгүй, сэтгэлийн шархтай явдаг. Энэ хоёр тохиолдлын аль алинд нь сэтгэлийн нарийн холбоос байхгүй ямар нэгэн зорилготойгоор хэн хэндээ хандаж, улмаар зорилго биелэнгүүт аажмаар мартагдаж буй хэрэг.
 
  Найз гэдэг хоёр хүний хоорондын сэтгэл санааны гүн гүнзгий холбоос бөгөөд ямар нэгэн ашиглах, ашиглуулах тухай бодол төрдөггүй харилцаа байдаг. Сайхан үерхэл тасарч, үзэн ядалт руу шилждэг. Тиймээс хүмүүс ийм харьцаанаас болгоомжлохдоо нэгэндээ ойр дотно хандахгүй, тэгсэн мөртлөө бүр холдоод явчихгүй саармаг харилцаа руу хэлбийх явдал сүүлийн үед их ажиглагдах болсон. Энэ харьцаа нь найз гэж нялуураад байхгүй, бас ганцаардаад байдаггүй, сэтгэл санааны байнгын дарамт, шахалт үүсгэдэггүй хамгийн таатай харил­цаа гэж үзэх хүн олшироод байгаа юм биш үү?
 
Хамт ажиллагсдын найзархал ажил хэрэгч уур амьсгалыг эвддэг
 
  Найз нөхдийн харьцаа ажил хэрэгт ямар нөлөөтэй байдаг, түүний сайн мууг ярилцахаар нэгэн оёдлын компанийн захирал­тай уулзаж ярилцлаа.
 
  - Та бизнес эрхэлдэг хүний хувьд найз байх тухай юу хэлэх вэ?
 
  - Найз нөхөр гэдэг хүний хамгийн эрхэм зүйлийн нэг. Гэвч хамт ажилладаг хүмүүс хэт найзархснаас болж ажил хэрэгч уур амьсгал маш их эвдэгддэгийг хэлмээр байна. Зарим хүн хэнийг ч таньдаггүй анх ажилд орсноо яваандаа ойр хавийнхантайгаа жигтэйхэн найз болж ажлаа цалгардуулах, найз гэж дарвин, ажлын байран дээр баримтлах хэм хэмжээгээ мэдэхээ больчихдог. Мөн цаг хугацаа алдах гээд гай тарих явдал ажиглагддаг.
 
  - Ямар хэрэг тарих гэж?
 
  - Наад зах нь хэн нэг нь ажил таслах, гологдол дутагдал гаргах, хулгайлж хумслах гээд асуудал зөндөө. Тэгэхдээ нэгийгээ хамгаалж, удирдлагад мэдэгдэхгүй нуун дарагдуулж явсаар компани их, бага тодорхой хэмжээний хохирол амсдаг. Үйлдвэрлэл чинь хэцүү шүү дээ. Анхны дамжлагад гарсан согог мэдэгдэхгүй дараа дараагийн дамжлагад орсоор эцсийн бүтээгдэхүүн болж захиалаг­чид хүрэхдээ гологдол бараа болсон нь мэдэгдэх тохиол­дол амьдрал дээр бий. Манайх оёдлын компани болохоор тэр их гологдол бэлэн хувцасыг зүгээр хаячихаж болдоггүй. Яах аргагүй шаталт үүсдэг. Зарим нэг шударга, зарчимч хүмүүс хамт олны дунд байдаг ч нийтийн уур амьсгалд яах аргагүй бууж өгдөг. Шударга шаардлага тавьсан, эсвэл алдаа дутагдал гаргасан нэгнийхээ болж бүтэхгүйг хэлсэн хүн ховч, матаач нэр зүүж үлддэг. Найзын харьцааг биенээ өмгөөлөх хэрэгсэл болгож, зарчимч байж чадахгүй байгаагийн уршгаар санхүүгийн алдагдал хүлээх тохиолдол олон гардаг.
 
  - Таны бодлоор юуг өөрчлөх ёстой вэ?
 
  - Хаана, хэнтэй найзлахаа мэддэггүй, наашаа гэсэн болгонтой сүжрээд явах нь ийм байдлыг үүсгэж байна. Танил тал харж, найз нөхөрлөлийг буруу ашиглах явдал хаа сайгүй байгаа. Хүн ямар нэгэн албан байгууллагад ажилд орохдоо тухайн газрынхаа удирдлагатай хамтран ажиллах гэрээ байгуулж, хамтарч ажиллана гээд гарын үсэг зурдаг биз дээ. Гэтэл хажуудахтайгаа найзалж, ажил хэрэгч биш байдалд орох нь түгээмэл. Ийм найзын холбоог таслах, эсвэл хамтад нь хөөх хэрэгтэй. Ажлын газар ажил хийх талбар. Харин үерхэл нөхөрлөл, хувийн асуудлаа өөр газар очиж хийх хэрэгтэй. Яаж удирдлагатайгаа хамтарч ажилладагийг Япончууд жинхэнэ утгаар нь харуулж чаддаг юм шиг санагддаг. Зах зээлийн харилцааны зарчмаар ингэж хамтарч ажиллах нь тулгамдаж байгаа олон бэрхшээлийг даван туулах хөшүүрэг юм. Харин манай хөдөлмөрийн хууль ийм харилцааг зохицуулах чадамжгүй байгаа.
 
Одоогийн хүүхдүүд айхтар шүү...
 
  Найз нөхрийн тухай ярихад яах аргагүй багын найз, ангийн нөхдийн талаар дурсахгүй өнгөрч болохгүй. Тоглоом наадгай­гаар дамжуулан ертөн­цийг өөрийнхөөрөө таньж, үеийнхэнтэйгээ харьцаж, нийгэм­ших хамгийн том боломж бол цэцэрлэг. Есдүгээр сарын нэгэнд ээж, аавдаа хөтлүүлэн ирсэн бяцхан жаалууд хэдхэн хоногийн дараа нэрээ мэдэлцэн, ангийнхаа хүүхдүүдээс хэн нэгнийг онцлон найзалж, чихрээ хуваан, хамтдаа тоглоцгоодог. Тэд хэнийг, яагаад, найз нөхрөөрөө сонгодог юм бол? Одоогийн хүүхдүүд нийгмийн хөгжлөө дагаад эрт ухаан суудаг болчихож. Ер нь ямар ч хүүхдийн хандлага аав, ээжээс их хамааралтай байдаг. Гэртээ ямар орчинд байна, аав ээж нь хүмүүстэй хэрхэн харьцдаг гээд бүхий л зүйл найзууд дундаа тоглож байгаа хүүхдээс шууд харагддаг. Зарим хүүхэд царай зүс, өмссөн зүүснээр нь сонжиж найзаа сонгодог байхад нөгөө хэсэг нь эвтэй, найртай тоглож чаддаг, төлөв хүүхдийг сонгож нөхөрлөдөг гэж багш нар ярьж билээ.
 
Бага насны хүүхдийн нөхөрлөлд насны онцлог их хамаатай
 
  Сургуулийн сурагчдид найз нөхөдтэйгээ хэрхэн харьцдаг, ямархуу хандлага ажиглагддаг, тэд нөхөрлөлд юуг эрхэм болгодог талаар “Кингс Кидс” сургуулийн багш Н.Оюунчимэгээс ярилцлаа. Тэрээр ярихдаа:
 
  Хүүхдүүд долоо, найман настай сургуульд ордог байсан үеийг одоо зургаатай орж байгаатай харьцуулбал нэлээд ялгаа бий. Долоо наймтайдаа анх танилцаж байгаа хүүхдүүд хоорон­доо тийм ч амархан найз болдоггүй. Хүүхэд томрох тусмаа л хашир болдог. Харин зургаан настнуудын хувьд нээлттэй, чөлөөтэй, хараад таалагдсан хүүхэдтэйгээ шууд харьцаж чаддаг, бие биенийхээ юмыг сонирхож амархан найз нөхөд болж чаддаг. Ингэхээр бага насны хүүхдийн нөхөрлөлд насны онцлог их хамаатай.
 
  Ер нь хүүхэд хэнийг найзаар сонгож байна, хэнд талтай хандаж байгаа нь гэр бүл, эцэг эх, орчин тойрны нөлөөтэй холбоотой байдаг. Зарим хүүхэд цэцэрлэгийн багш, ангийхандаа илүү дасчихсан байдаг юм уу, сургуульд орж ирээд нэг хэсэгтээ л дуугүй, номхон даруухан болчихдог. Харин нөгөө хэсэг нь их илэн далангүй.
 
  Зургаа, долоотой хүүхдүүдэд аминчхан яриа, нууц бага байдаг. Юу бодож байна түүнийгээ шууд гаргаад хэлчихдэг. Толгойдоо орсон бүхнийг хэлж ярьдаг. Харин найм, есөн настайгаасаа эхлээд багш, ээж, найзуудтайгаа өөр өөрөөр харьцаж эхэлдэг. Гуравдугаар ангид орсноосоо хойш хэн нэгэнтэй илүү дотно харилцах хүсэл төрж, тухайн хүүхдээ ажиглах, түүнтэй өөрийнхөө зүйлийг хуваалцах гээд найз нөхөр, нууцтай болж эхэлдэг. Нэг хоёрдугаар ангидаа хэсэг бүлгээрээ бараг нийлдэггүй, тухайн үед ямар үйл явдал болж байна, хэнтэй ойрхон байна гэдгээрээ шууд харьцаж чаддаг. Харин жаахан томроод ирэхээрээ сонирхож байгаа зүйл, хамт тоглодог тоглоомоороо дамжуулаад бүлэг болж эхэлдэг.
 
-- Тодорхой сонирхол дээр тогтох найзууд (Архины, шоуны..., ... г.м)
 
-- Хуучны буюу багын найзууд (Мартагдсан андууд буюу дурсамжинд буй найзууд)
 
-- Найзууд (Ажлын, гэр бүлийн, ангийн г.м)
 
-- Хэрэгтэй найзууд (Карьер, флирт хийхэд хэрэг болох найзууд)
 
-- Дотны найзууд (хамгийн сайн найзууд)
 
  Судалгаанд хамрагдагсдын нэлээд хэсэг нь нэг нэгэндээ итгэж чадаагүйгээс болж нөхөрлөл төгсдөг гэж хариулсан бол цаг хугацаа хамгийн чухал, уулзахгүй удах тусам андын холбоо аажмаар алга болдог гэж үзсэн байх юм. Үүний дараа эдийн засгийн асуудал найзуудыг салгадаг гэж 23 хувь нь үзсэн байх юм. Нэгэнт л эдийн засгийн буюу мөнгө төгрөгний асуудал гарч ирж байгаа бол найзууд бие биенээ зэрэг зиндаагаараа сонгох, эсвэл хар багаасаа найзалсан нөхөр нь шат ахиж тушаал дэвшээд, нөгөөхөөсөө илүү сайн сайхан амьдралд хүрвэл найзын холбоо аажмаар сулардаг. Амьдрал дээр энэ илүү тод томруун ажиглагдах нь бий. Уулзаад ярих юм олдохгүй, эсвэл эдэлж хэрэглэж буй зүйлсийн эрс ялгаа атаа жөтөөг дагуулах гээд л тоочоод байвал олон зүйл гарч ирнэ.
 
У.Нэмэхбаяр: Мөнгө төгрөгийн тооцоо анд найзуудыг эвдрэлцүүлдэг
 
  Одоогоос гурван жилийн өмнө мэргэжил нэгтэй гурван найзынхаа хамт компани байгуулахаар шийдэж, өөрс­дийн хураасан мөнгөө нийлүүлж түрээсийн байранд үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Жил гаруйн хугацаа өнгөрөхөд манай компани ерөнхийдөө хөл дээрээ зогсож, нэлээд томоохон тендрийн ажлуудыг дангаар гүйцэтгэж эхлэв. Энэ үеэс бид дөрвийн дунд байнга мөнгө төгрөгтэй холбоотой асуудал үүсэх болов. Нэг найз маань байр авна, нөгөөх нь машин авна, гадаад руу амрана гээд жаахан үрэлгэн загнах боллоо. Энэ байдлыг хэсэг ажисны эцэст өөрийн гэсэн хувиа аваад тусдаа гарахаар шийдлээ. Учраа найзууддаа хэлж, анх оруулсан хөрөнгөө одоо байгаа эргэлтийн хөрөнгө, техник тоног төхөөрөмжийн үнэлгээтэй харьцуулан тодорхой хувь авах шаардлага тавьсан ч тэд хүлээн зөвшөөрсөнгүй. Ингээд найман жил үерхэсэн бидний нөхөрлөл дуусч, би шүүхдэж байж найзуудаасаа хэдэн төгрөг авсан даа.
 
  Мөнгө гэдэг хүнийг таних нэг хэмжүүр болоод байгаа юм. Гэхдээ үүнд хэн баян, ядуугийн тухай бус мөнгөтэй хэн хэрхэн харьцаж, мөнгөө юунд зарцуулж, түүний үнэ цэнийг хэрхэн ойлгож байгаагаар харагдах ойлголтын тухайд ярьж байна. Найз нөхрөө мөнгөнөөс дорд үзэх, мөнгөнөөс болж үзэл санаанаасаа урвах гээд амьдрал дээр хүний мөс чанарыг харуулах муу жишээ хангалттай олон таардаг. Их хэмжээний мөнгө эзэмшинэ гэдэг муу зүйл огт биш. Хэрвээ хүн мөнгө хөрөнгийг хурааж, хуримтлуулж дээдэлдэг бол тэр нь итгэл үнэмшил болж хоёр хүний хоорондын нандин холбоосоос илүү чухал амьдралын хүчин зүйл болдог. Өөрийгөө болгоод явчих хэмжээний мөнгөгүй байна гэдэг зовлон. Энэ гачигдлаас үүссэн зовлон ч хоёр хүний хоорондын сайхан харилцааг эвдэх нь бий.
 
  Хөрөнгө, мөнгө өвлөх, эсвэл хамтарсан компаниа хааж, хуваах үед мөнгөнөөс үүдсэн найз нөхдийн зовлон эхлэдэг. Яагаад ч юм нэг нь нөгөөгөөсөө дутуу үнэлэгдэх, эсвэл биенээ хардах зэргээр асуудал үүснэ. Яг ийм үед л тухайн хүмүүсийн нөхөрлөл дотно харьцааных байв уу, түр зуурын, өнгөцхөн үерхэл байв уу гэдэг нь тод томруун харагддаг. Итгэлцэл байсан уу? Эсвэл хий үзэгдэл байв уу? Олон тохиолдолд мөнгөний шунал харилцаанаас илүү байдаг. Хэрэв нөхцөл байдал ийм байвал харилцаа тасарч салан одоцгооно.
 
  Мөнгөн дээр хүний шинж төрх илэрдэг. Тиймээс хоёр хүний харилцаа ямар нэгэн шаардлага, хүсэл эрмэлзлэл дээр суурилсан байгаа эсэхийг нягтлан үзэх нь зүйн хэрэг. Мөнгө зээлчихээд өгөхгүй байгаа бол тэр лав сайхан харилцаа биш. Энэ л нөгөө яриад байгаа зүйл чинь мөн шүү дээ.
 
М.Сарангэрэл: Тэр миний итгэлийг даагаагүй ээ
 
  Би их сургуульд орсноосоо хойш оюутны байрны найз Мөнгөөдөө чин сэтгэлээсээ итгэдэг байлаа. Амьдралынхаа баяр жаргалтай мөч бүрийг түүнтэй хуваалцаж, түүнд тохиолдсон сайн, муу олон зүйлд чадах чинээгээрээ дэм тус болохыг хичээж ирсэн. Харамсалтай нь тэр миний итгэлийг даагаагүй ээ. Үерхдэг залууд маань миний тааруухан бүхнийг өөрийнхөө, үзэмжээр нэмж хачирлаад ярьсан байв. Түүнийг ганцхан үүнд буруутгаад бид салж болох байсан ч түүнд дахин нэг удаа итгээд үзэхээр шийдсэн. Гэвч Мөнгөө дахиад л өөрт нь итгэж ярьсан зүйлийг оюутны байраар нэг тараагаад зогсохгүй, намайг өөрийнхөө найз биш, би түүнийг зүгээр л ашигласан юм гэж ярьсан байлаа. Үүний дараа би түүнтэй дахин хэзээ ч эвлэрэхгүй тэр чигтээ салахаар шийдсэн юм. Ингээд бодохоор үерхэл нөхөрлөлд хамгийн гол нь бие биенийхээ итгэлийг дааж, сэтгэлийн дэм өгч байх л чухал.
 
  Судалгаанд хамрагдсан хүмүүсийн дийлэнх нь найз нөхрөө итгэл даагаагүй тохиолдолд шууд харьцаагаа тасалж чадна гэж хариулсан байна. Угаасаа нөхөрлөл гэдэг нэгнээсээ ашиг хонжоо, ямар нэг далдын зорилго санаа агуулаагүй сэтгэл зүйн нарийн холбоо. Хэн нэгнийг найзаа гэж хүндлэх нь түүндээ өөр шигээ итгэнэ гэсэн үг хэмээн тайлбарлах хүн ч судалгааны явцад таарч байсан. Харин найз нөхөд тус тусдаа амьдралын мөр хөөлөө ч сэтгэл зүрхнийхээ нарийн сэжмээр холбоотой байдаг. Гэр бүлтэй болж өөрсдийн замаар явж байгаа ч үнэхээр найзууд бол хэзээ ч салдаггүй.
 

 
Ү.Гансувд: Амьдрал намайг ааштай, бас найзтай болгосон.
 
  Найзыг хүн бүр л өөрийн үзэл бодол, үзэмж дүгнэлтээр тодорхойлдог. Миний хувьд найз гэдэг алдахад тулах түшиг, гунихад аргадах тайтгарал, зовлонг хуваалцах шидтэн, баярлахад дэргэд байх аз жаргал минь гэж төсөөлдөг. Тиймдээ ч олон найз нөхөдтэй. Надад хамгийн дотны гэх хэдхэн найз байдаг. Тэдний хоёртой нь жилийн өмнө хайртай залуугаасаа болж муудалцсан. Одоо хэр эвлэрээгүй л байгаа. Намайг гэх хүнгүй байхад найз залуу маань түшиж, тулж, хайрлаж байсан болохоор нь хамгийн дотно найзуудаасаа хүртэл өмөөрч тангараг тасарсан. Би найз нарыгаа ямар ч үед ямар ч нөхцөлд ойлгохыг хичээж, тэдний талд зогсдог. Хэдийгээр би хоёр найзаасаа муудалцаж салсан ч хэзээ ч тэдэнд муу санаж, муугаар боддоггүй. Харин ч эсрэгээр нь сайхан үерхэж, нөхөрлөж байснаа дурсдаг. Сайн явна гэж дуулвал баярлаж, сэтгэлдээ тэднийг аль хэдийнэ уучилж, хэдэнтээ уучлал гуйж, тэднийхээ өмнөөс өөрийгөө уучилдагсан. Гэтэл зарим хүн тийм биш бололтой. Ямар их тэвчээрээр хүнийг үргэлж үзэн ядаж чаддагийн бүү мэд. Байнга надад муу санаж явах өөрт нь ч бас хэцүү л баймаар…