Сар гаруйн өмнө “Монсудар” хэвлэлийн газрын захирал Р.Энхбаттай “Одоо яншиж, гомдоллохгүй, шууд нүд рүү нь хуруугаа хийнэ” гарчигтай ярилцлага хийснийг уншигчид санаж байгаа болов уу. Сурах бичиг, боловсролын асуудлаар байнга дуугарч явдаг түүнийг таг чиг болчихоор нь нэг уулзаж, цаг үе, цар тахал тойрсон өргөн сэдвээр ярилцаж, олон нийттэй “уулзуулсан” билээ.

Харин өчигдөр Р.Энхбат ах өөрөө гэнэтхэн утас цохив. УИХ-ын сонгуулийн саналын хуудсыг хэвлэж эхэлсэн өдөр л дөө. Хэвлэх компаниар нь “Монголын үнэт цаас хэвлэл” ХХК шалгарсан нь ГХЯ-ны Дэд Сайд, Баянхонгор аймагт нэр дэвшиж буй Б.Батцэцэгийнх. Манай сайт түүнийг “Мөнхийн үсэг” тэргүүтэй гурван компаниараа 2014-2020 оны хооронд 41 тендерт ялж, 3 тэрбум 259 сая төгрөг авсныг баримтаар нотлон бичиж байв.

Р.Энхбат “Б.Батцэцэгийн компани сонгуулийн саналын хуудас хэвлэх ажилд ямар ч тендергүй шалгарсан. 2012 оноос хойших сонгууль бүр дээр ийн шалгарч, олон тэрбум төгрөгийн орлого олсон. Одоо дахиад л хэвлэнэ гэнэ. Арай дэндлээ. Энэ тухай ярья гэвэл би одоо ажил дээрээ сууж байна” гэлээ. Би нэг мэдээ бичиж нийтэлчхээд “Адмон”-ыг зорив. Редакц руу өөрөө хандсан зочноо хүндэтгэж, хүссэн сэдвээр нь хөөрөлдсөнөө хүргэе.

-СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРООН ДЭЭР ӨӨРӨӨ ОЧСОН, НАМАЙГ ОРУУЛААГҮЙ-

-УИХ-ын сонгуулийн саналын хуудас хэвлэж эхэлсэн өдөр хоёул дахин ярилцлагын ширээний ард сууж байна. Шууд яриандаа оръё. “Монголын үнэт цаас хэвлэл”, “Таванбогд менежмент” гэж хоёр компани энэ жилийн сонгуулийн саналын хуудсыг хэвлэх юм байна. СЕХ мэдээндээ, энэ хоёр компанид урилга явуулж, дараа нь мэргэжлийн байгууллагуудаар шалгуулсны үндсэн дээр зөвшөөрөл олгосон гэж бичсэн байна л даа. Харин та ямар нэг тендергүй, бараг автоматаар л шалгарчихсан хэмээж байна, зөв үү?

-Тэгэхээр манай компанид лав ямар нэгэн урилга ирээгүй. Уг нь манай компани энэ “Таванбогд менежмент” гэдэг компаниас хоёр дахин илүү хүчин чадалтай, орчин үеийн тоног төхөөрөмжтэй ажиллаж байна. Хоёр ч юм уу, хэд ч юм мэдэхгүй. Ямар ч байсан манайх хамаагүй илүү. “Таванбогд менежмент” ХХК бол Монголын толгой баячуудын нэг  Ц.Баатарсайхан гэж хүний үүсгэсэн компани. Монголын ард түмэн бүгдээрээ өртэй “Хаан банк” гэж нэг банк байна шүү дээ. Энэ банкны захирал Ц.Баатарсайханы компани УИХ-ын сонгуулийн саналын хуудсыг хэвлэх юм байна.

Харин нөгөөдөх нь ГХЯ-ны Дэд Сайд Б.Батцэцэгийнх, нөгөө “Мөнхийн үсэг” ХХК чинь гэсэн үг. “Монголын үнэт цаас” гэж олон жил үнэт цаас хэвлэж ирсэн нэг компани бий. Тэгтэл тэдний нэрийг шууд ийн булааж аваад, давхар хийдэг ажлыг нь дээрэмдчихлээ. Хоёр компанийг хооронд нь ялгахын аргагүй болгочихлоо. Нөгөө компани нь ижил нэрийн асуудлаар шүүхэд хандаад, ялагдчихсан явж байгаа. Өөрөөр хэлбэл энэ жилийн сонгуульд “Мөнхийн үсэг” биш, “Монголын үнэт цаас хэвлэл” гэсэн нэрээр, нуугдаж орж байна.

Тэр урилга, мурилга өгсөн гэж худлаа. Ардаа намтай, тэр намаасаа УИХ-д дэвшиж буй ийм хүмүүс бүх зах зээлийг эзэлж, юу ч үлдээхгүй бүгдийг нь хамж авна гэдэг бол үнэхээр хор, шар хөдөлмөөр муухай, тийм үү. Жирийн үед ч бүх тендерийг хусна. Яамууд дээр эдний хүмүүс нь бэлчээд л явж байдаг. Ингээд ер намгүйгээр амьдрахад хэцүү болж байна шүү дээ. Зөвхөн манайх биш, олон компани ийм нөхцөл байдлыг амсаж байгаа.

-Уг нь нээлттэй тендер зарлаж, хэвлэлийн компаниудаа сонгон шалгаруулах ёстой баймаар. Та энэ асуудлаар СЕХ-нд хандсан уу. Тэд ямар байр суурьтай байгаа бол?

-СЕХ руу бичиг явуулсан. “Энэ компаниар хэвлүүлж болохгүй ээ” гэж. Хариу байхгүй. Тэгэхээр нь би долоон хоногийн өмнө СЕХ дээр өөрөө очсон, намайг оруулаагүй.

-Оруулаагүй?

-Оруулаагүй. Дарга гадуур явж байгаа гээд оруулаагүй. Би тэгээд СЕХ-ны Нарийн бичгийн дарга Ц.Болдсайхан руу мессеж бичлээ. Ямар мессеж бичсэн гэхээр… /Гар утсаа гаргаж ирээд мессежээ уншиж өгөв, Сурв/. “Сайн байна уу. Р.Энхбат байна аа. Намайг сая оруулсангүй. “Мөнхийн үсэг” компани ганц хуудас цаасыг нэг сурах бичиг хийдэг үнээр хэвлэж, ноёрхлоо тогтоосоор байна. Арай дэндэж байна аа. Одоо Б.Батцэцэг гишүүн болох гээд явж байна. Та нар дийлэхгүй байгаа юм уу. Надад наагуур чинь ороод гарах боломж гарах уу. Гарахгүй гэвэл хэлээрэй. Тэгвэл би өөрийгөө бодохоос” гэсэн юм. Хариу өгдөггүй. Тэгэхээр нь жаахан байж байгаад дахиад бичлээ.

-За, юу гэж бичив?

-“Мөнхийн үсэг” Ерөнхийлөгчийн нөхөн сонгуулиар 2 тэрбум 885 сая 137 мянга 992 төгрөгийн орлого олсон. Арай дэндмээр байна аа. Аймаар том хуйвалдаан явж байна. Яах вэ” гэсэн. Бас хариу байхгүй. Тэгэхээр энэ юу хэлээд байна вэ. Би хэлж байна, доллар хэвлэдэг цааснаас үнэтэй цаасан дээр саналын хуудас хэвлэж болохгүй шүү дээ. 1350 төгрөгөөр хэвлэнэ гэж байна. Энэ бол нэг сурах бичиг хэвлэх үнэ. Тэгээд энэ үнэ, тоо нь үргэлж нууц байдаг.

-Гэхдээ та яаж ч юм олоод мэдчихсэн, хэлээд сууж байна?

-Би олж мэдсэн, харин хаанаас олж мэдсэнээ хэлж болохгүй. Гэхдээ би бүх тоог нь мэдэж байгаа. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар л гэхэд бараг 6 тэрбум төгрөг олсон шүү дээ, Б.Батцэцэгийн компани. 3 тэрбум төгрөгөөр нэг үйлдвэр босгож болно. За, 6 тэрбум төгрөгөөр бол тэгээд байшин, юутай хээтэй нь бүтээн байгуулна. Ийм мөнгөөр л энэ компани баярхаж байна даа.

Ингээд тэр нэгэн хүснэгт дэлгэж үзүүллээ. Б.Батцэцэгийн компани 2012 оны УИХ-ын сонгуулиас хойших бүх сонгуульд саналын хуудас хэвлэж, нийт дүндээ 14 тэрбум гаруй төгрөгийн орлого олжээ гэж үүнээс ойлгож болохоор байв.

-Зөвхөн саналын хуудас хэвлээд л энэ юм уу?

-Тийм. Өөрөөр хэлбэл манай компанийн лав бүтэн жил ажиллаад олж чадахгүй мөнгийг 10 хоногт л олчхож байна.

-“ХАР МАШИН” МАШ ИХ ЯРИА ДАГУУЛДАГ. ГЭХДЭЭ САНАЛЫН ХУУДСЫГ ХҮМҮҮС ТЭР БҮР МЭДДЭГГҮЙ-

-Ер нь сонгуулийн саналын хуудас хэвлэх компани дээр тендер зарладаг уу?

-Зарлахгүй. Зарлахгүй байхаар хуулиа хийчихсэн юм шиг билээ.

-Танай компанийн хувьд нэг ч удаа шалгаруулалтад нь орж байгаагүй юу?

-Тийм. Бид бол зөндөө л хүсэлт тавьсан. Шууд автоматаар л Б.Батцэцэгийн компанийг сонгочихдог.

-Дэд Сайд Б.Батцэцэгийн компани УИХ-ын сонгуулийн саналын хуудсыг энэ жил гурав дахь удаагаа хэвлэж байгаа юм байна?

-Тийм ээ. Одоо энэ архи, тамхины дээр наадаг цаас байдаг шүү дээ. Тэрийг бас булаагаад авчихсан, хэвлэдэг. Ерөөсөө юу л байна бүгдийг нь булаана. Сая хэллээ шүү дээ, “Монголын үнэт цаас” гэдэг компанийн нэрийг хүртэл булаагаад авчихсан байна /инээв.Сурв/. Одоо Б.Батцэцэг Баянхонгорт дэвшинэ гээд ш**ж явна.

-МАН биш АН засаг барьж байхад ч гэсэн тендер авсаар байсан гэсэн үг юм уу?

-Өө, тийм. МАНАН гэдэг чинь энэ байхгүй юу.

-Саналын хуудас хэвлэхэд нарийн стандарт тавигддаг уу. Түүний компани л тэр стандартыг нь хангадаг юм биш үү?

-Уг нь тийм сүртэй, нарийн стандарт байхгүй. Харин тэд анх санал тоолох “хар машин”-ыг оруулж ирэхдээ зөвхөн “Мөнхийн үсэг” тэргүүтэй хэдхэн компани л стандартыг нь хангах саналын хуудас хэвлэдэг юм шиг үлгэр зохиосон. Ингээд нэг ширхэг саналын хуудсыг хэвлэх үнээ зохиомлоор өсгөсөөр байгаад гэрээ хийгээд баталчихсан. Татвар төлөгчдийн мөнгийг ийн сонгууль бүрээр авч байна. Бидний тооцооллоор нэг ширхэг саналын хуудсыг 300 төгрөгөөр хэвлэж болно. Гэтэл 1350 төгрөгөөр хэвлэж байгаа. Угтаа оруулж ирсэн гэгдэх цаасан дээрээ биш, зүгээр жирийн цаасан дээр хэвлээд явуулсан удаа ч бий. Үндсэндээ “хар машин”-ыг анх оруулж ирсэн Канадын компанитай хуйвалдаж энэ мөнгийг босгож буй дүр зураг, хардлага төрдөг. Би одоо ямартай ч энэ болгоныг олны чихэнд хүргэнэ, шүүхэд өгнө л гэж бодож байна.

Б.Батцэцэг гэдэг эмэгтэй ганц хоног ч ГХЯ-нд ажиллаж үзээгүй хэр нь ээ Дэд Сайд нь болчхож байна шүү дээ. Юугаараа ч болдог юм. Нөхөр нь улсын начин гээд нэг хүн бий. Улсын наадамд бараг ганц давж үзээгүй шахуу нөхөр. Тэгээд одоо начин болчихдог. Иймэрхүү юмс зөндөө л дөө. Амьдрал нь гэнэт, гэнэт л сайжраад явчихдаг. Ард нь нөгөө л  нам шүү дээ.

-Сонгуулийг хар машин-аар биш, саналын хуудсаар нь луйварддаг гэж сонсож байсан юм байна?

-Яах вэ, “хар машин” нь бол маш их яриа дагуулдаг. Харин саналын хуудсыг нь хүмүүс тэр бүр мэддэггүй, ярьдаггүй. Гаднаас оруулж ирдэг л гэдэг болохоос яг ямар цаасан дээр хэвлэдэг, яадаг ийдгийг нь мэддэг хүн ховор. Тэгээд ямар үнээр, яаж хэвлэдгийг нь мэдэх гэхээр хаалттай. Мэдэх бололцоо байхгүй. Уг нь нууцлаад байх зүйл байхгүй шүү дээ.

-Нууцлах ёсгүй л дээ.

-Нууцалдаг. Тэгээд ямар ч албан бичигт хариу өгдөггүй. Ингэхээр байдал улам л учир битүүлэг болоод байна даа. Сонгуулийн үеэр хамгийн баян хүмүүс л нэр дэвшдэг, сурталчилгааны материалаа хэвлүүлдэг. Бүгдийг нь шахуу МАН-ын генсек Д.Амарбаясгалангийн компани булааж аваад л хэвлэнэ. Сонгуулийн бус үед ч хүмүүс нь яамуудаар нэг тарж, бэлчиж яваад бүх зах зээлийг азаргалаад авчихна. Ер нь хэвлэлийн салбарыг авилгажуулах ажлыг хамгийн түрүүнд Б.Батцэцэгийн компани хийсэн. Үүнийг хэвлэлийн компаниуд мэддэг. Тэгээд одоо мэдээд яах вэ дээ. У.Хүрэлсүх хамгийн сайн, шударга хүмүүсээ дэвшүүлж байна л гээд байсан. Би бол энэ компанийн түүхийг сайн мэдэх л юм.

-ТЭГЭЭД ОДОО ЭНЭ НАМ ЯЛДГААРАА ЯЛАХ БАЙХ. ЭНЭ ЭМЭГТЭЙ Ч БАС ГАРДГААРАА ГАРДАГ ЮМ БОЛОВ УУ-

-Сонгуульд нэр дэвшиж байгаа хүний компани сонгуулийн саналын хуудсыг хэвлэнэ гэдэг том ашиг сонирхлын зөрчил биз дээ?

-Манайхаас өөр оронд ийм зүйл байхгүй шүү дээ. Манайд бол юу л бол юу болж байна. Надад нэг том албаны хүн хэлж байсан юм. “Дээрээс эднийд өгч хэвлүүл гээд байгаа юм аа” гэж. Дээрээс. Хэдэн жилийн өмнө бүр аминчлан хэлсэн “Чи хэрэггүй дээ, дээрээс ингээд байгаа юм” гэж. Тэгэхээр энэ бол зөвхөн хэвлэлийн салбарт биш ээ. Бүх салбарт л ийм байна.

Тэгээд одоо энэ нам ялдгаараа ялах байх. Энэ эмэгтэй бас гардгаараа гардаг юм болов уу. Хэрэв би худлаа ярьсан бол хариуцлагаа хүлээнэ. Ер нь бүх юмаа нууцалчхаад “Чаддаг юм бол баримтаа гаргаад ир” гэж байгаа нь юу гэсэн үг вэ. Нэлээд даажигнаж байгаа хэрэг биз. Доромжлол гэх үү, аархал гэх үү. Чадаж байгаа юманд арга байхгүй гэгчээр.

Үүний өмнө чи надаас ярилцлага авсан. Түүнээс болж танайх цагдаад дуудагдсан гэсэн. Үгүй, намайг дуудаасай. Ер нь эд чинь шүүхээр л айлгадаг юм билээ. Нөгөөдүүл нь баахан зовоож, хашрааж, үйлийг нь үзэж байгаад тавьж явуулдаг шиг байгаа юм. Уг нь яг юу болж байгааг нэг биш нэлээд олон хүн мэдэж байгаа. Олон нийт ч урьд, урьдын сонгуулиудаар юу болж байсныг мэдэж байгаа. Тэгсэн мөртөө нэг тийш шийдэгдэхгүй, арга хэмжээ авагдахгүй байсаар өнөөдрийг хүрлээ. Болохгүй бүх юмыг л болгож байна, энэ хүмүүс.

-Та Дэд Сайд Д.Батцэцэгтэй уулзаж байв уу?

-Үгүй, үгүй.

-Тэр таныг шүүхэд өгч байсан уу?

-Намайг шүүхэд өгдөггүй шүү дээ. Би байгаа байдлыг нь үргэлж хэлж л суудаг. Харин миний ярьсан юмыг бичсэн, дамжуулсан хүмүүсийг л шүүхэд өгөөд байдаг юм.

-Түүнтэй уулзаж, хоёр үг солимоор байна уу?

-Үгүй, юу ярих юм бэ. Бид хоёрт ярих сэдэв байхгүй шүү дээ. Энэ хүн англи хэлтэй л гэсэн, өөр ямар боловсролтой юм бүү мэд. Би одоо үнэхээр гайхаж байна, Дэд Сайд гэж их л амархан ажил юм байна даа гэж. Телевизээр нэг сурталчилгаа явуулж байна лээ л дээ. Баахан айлчлал зохион байгуулдаг л ажилтай орлогч сайд юм уу даа. Тэгээд одоо төрийн ажлыг ингэж гялалзуулаад байна гэхээр сонин л байна. Одоо ч тэгээд  сонин юм сонин биш болж дээ, гайхах хэрэггүй л болсон байна.

Яаман дотор баахан алхсан хүүхэн л зурагтаар гараад байдаг. Одоо загвар өмсөгч юм уу хаашаа юм. Нэг будмал хүүхэн л яаман дотор, баахан туг далбааны хажууд алхаад байна лээ. Ярьж буй зүйлээс нь хүнд хэрэгтэй, утга агуулгатай юм хүлээгээд лав олж сонсоогүй. Би бас юу бодож явдаг хүн юм бол гээд харсан л даа. Түүнээс би энэ хүнийг мэдэхгүй. Энэ хүн одоо олон жил намаар яваа, У.Хүрэлсүхийн өрөөнд орчхоод л гардаггүй юм гэсэн. Тэгээд сая сонгуулийн сурталчилгаа гээд Баянхонгорт очоод хэлж байна лээ, “У.Хүрэлсүх дарга намайг сонгуульд орооч гэж гуйсан” гэж. Тэгээд “Бодож, бодож байгаад зөвшөөрсөн” гэсэн. Нэг тиймэрхүү.

 Ерөөсөө хүүхдүүдийн сурах бичгийг хоцроох, стандарт бус хэвлэх гэхчлэн бүх муу муухай юмыг эдний компани л эхлүүлсэн. Түүнийг нь би нотолж чадна. Ингэж хэллээ гээд намайг шүүхэд өгөөсэй. Яагаад гэвэл би үнэнийг л хэлж байна. МАН-ыг дагасан “Соёмбо”, “Мөнхийн үсэг” хоёроос гадна бусад салбарт олон ийм компани байдаг байх. Тэгэхээр бид нар одоо ямар нийгэмд амьдраад байгаа юм. Намын гишүүн биш бол хүн биш юм уу, хаашаа ч юм. Би үнэхээр аль нэгэн намд элсмээргүй байна. Зүгээр хүн шиг хүн л явмаар байна.

-Одоо та яг яамаар байна вэ?

-Яах юу байх вэ дээ. Дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу. Нам хүчнүүд бүгдийг эзэрхийлчихсэн байна. Намын дарга нь доогуур болж байгаа зүйлээ мэдээд хамт явж байгаа юм уу, мэдэхгүй явж байгаа юм уу бүү мэд. Ийм муу, муухай зүйлтэй тэмцье, өөрчилье гэх ёс суртахуунтай хүн алга байна шүү дээ.


Эх сурвалж: Eguur.mn