Ард түмэн нийтээрээ солиордог гэх гарчиг бүхий нийтлэлийг хэдхэн цагийн өмнө олж уншлаа. Тус нийтлэлийг бичсэн эзэн нь биотехнологич Баабар гуай.

Тэр бээр нийтлэлдээ Хитлерийн Герман, Японы милитаризм, Оросын социалист хувьсгал, Маогийн үеийн хятад, Уго Чавесын засаглалд итгэсэн ард түмнийг нийтээрээ “солиорсон” хэмээн тодорхойлжээ.


Түүнийхээр бол Япон, Герман ер нь ямар ч улс үндэстний байлдан дагуулал, аян дайн нь солиорол болж таарах нь. Үндэс угсаагаа мандуулж, хүчирхэгжих гэсэн тэдний хүслийг “солиорол” хэмээн тодорхойлсон хэрэг л дээ. Баабар эрхмийн “солиорол” гэж тодорхойлоод буй энэхүү үзэгдлийг Л.Н.Гумилев “пассионар шинж” хэмээн тодорхойлсон нь бий.

Тус онол ёсоор угсаатан үүсэх, хөгжих, устах үйл явдал нь байгалийн үзэгдэл бөгөөд аливаа угсаатан дотор хувийнхаа амьдрал, өөрийнхөө аз жаргалыг үл тоомсорлож, илүү том зорилгод өөрийгөө зориулах хүсэлтэй хүмүүс байдаг. Эдгээр хүмүүсийн юм бүхэнтэй зөрчилдөн, туйлын зорилгодоо хүрэх гэсэн хүсэл эрмэлзлэлийг “пасионарность” шинж гэж тодорхойлжээ. Товчхондоо эрчим хүч нь бүрэлдэж, хөгжиж цэцэглэсэн улс үндэстэн тэсрэн гарч бусад үндэстнийг байлдан дагуулдаг тухай онол юм. Энэ бол хүн төрөлхтний түүхийн зүй тогтол бөгөөд үндэс угсаа, улс гүрнээ хүчирхэгжүүлэн бусад улс түмнийг ноёрхох гэсэн улс үндэстэн бүхнийг солиорсон гэж үзэх хэрэг үү?

Ксерск армиа удирдан Афин руу довтлоход, Их Александр байлдан дагуулалтаа эхлүүлэхэд, Чингис хаан их гүрнээ байгуулахад, Еврейчүүд нэгдсэн улсаа байгуулахаар тэмцэж байсан нь түүнийхээр бүгд солиорол байж.

Эсвэл эрхэм нийтлэлч маань бүтэлгүй болсон байлдан дагуулагчдын ард түмнийг л солиорсон гэж үзээд байна уу? Хэрэв тийм бол учир дутагдалтай агаад дэндүү гэнэн гоомой дүгнэлт болох нь нь дамжиггүй юм.

Гэвч түүний өгүүлэх гэсэн гол санаа нь “ард түмний солиорсон”-д бус ард түмэн нэгдсэн үзэл санаатай байх, үндэсний үзэл бүр цаашлаад эх оронч үзлийг үгүйсгэх гээд байгаа нь илт. Энэ нь түүний “Гитлер герман үндэстнийг жаргаана гэсэн, түүнийг Вэрсалийн гэрээгээр доромжлогдсон гэх Герман орон тосон авлаа. Муссолини Италийг хүчирхэг болгоно гэсэн, түүнийг мафиудын зөрчилдөөнд туйлдсан Итали орон хүлээн авлаа. Мао Хятадыг шинэ жаргалтай замд оруулна гэсэн, олон жилийн иргэний дайнд залхсан Хятад гүрэн баярлан угтлаа. Японы милитаристууд улс орноо Азийг захирагч болгоно гэсэн, тэднийг ядуу хаалттай улсыг нь нүдэн дээр хүчирхэгжүүлсэн шинэчлэлд бялуурсан Япон улс хөөр болон дэмжив. Чааваас ард түмнээ толгой дараалан баяжуулна гэсэн, түүнийг Засгийн газартаа хорссон Вэнэсүэл орон дэмжин оройдоо заллаа” хэмээсэн өч төчнөөн цулуулсан жишээнээс нь тодорхой болж байна.

Үүний оронд эх оронч үзэл бол фашист үзэл гээд л шулуухан бичиж чадахгүй юунд хулганаад байгаа юм бол гэсэн бодол төрөхөөр байна. Ямар ч ард түмэн сайн сайхан амьдралын төлөө үзэл бодол, үйлдлээрээ нэгдэн нягтархыг хичээдэг. Ард түмний энэхүү гэгээн хүслийг солиорол хэмээн томьёолох нь өөрөө аугаа ихийн солиоролд автсан хүнээс гарах үг гэлтэй.


Эрхэм нийтлэлч маань эх оронч үзэл, ард түмний нэгдсэн ухамсар, оюун санааг үгүйсгэж, байж болохгүй зүйл хэмээн бичсэн нь анх удаа биш юм. 2008 онд Эх орончид цагийн дуудлагаар гарч ирдэг хэмээх нийтлэлдээ “адгийн шаарын сүүлчийн хоргодох газар нь эх оронч үзэл” гэх санааг тусгасан байна. Ингэхдээ тэр бээр “тодрох гэсэн эх орончид яс юман дээрээ хамгийн эх оронч бус хүмүүс байдаг. Үүнийг агуу Толстой ажиглаад “адгийн шаар арга мухардахаараа эх оронсог” гэсэн байна гэжээ.

Гэвч үнэн чанартаа адгийн шааруудын хоргодох сүүлчийн газар (Patriotism is the last refuge of a scoundrel) хэмээх үгийг Толстой бус Сэмюл Жонсон 1775 оны дөрөвдүгээр сарын 7-ны орой нэгэн том хүлээн авалт дээр улстөрч Эдмунд Бёркэд хэлсэн байдаг. Түүний хэлсэн үгийн мөн чанар нь адгийн шаарууд эх орончийн дүрд тоглодог бус ямар ч адгийн хүнд эх орноо гэх үзэл байх ёстой. Эс бөгөөс тэр бол хүн бус адгуус хэмээх санааг агуулж байжээ.


Гэвч хожим түүний үгийг неолибералистууд эсрэгээр нь ухуулж ирсэн төдийгүй эрхэм нийтлэлч маань ч түүний алдарт эшлэлийн утгыг гуйвуулаад, бүр булаан авч Л.Толстойд тохоосон нь даанч хачирхалтай. Эрхэм нийтлэлч маань Л.Толстой энэхүү үгийг хэлсэн хэмээн андуурав уу? Эсхүл зорилготойгоор үзэл санаандаа тааруулан засварлав уу? Марксизмын онол И.В.Сталинаар дамжин зүсээ хувирган орж ирсэн шиг Сэмюл Жонсоны “Эх оронч үзэл адгийн шааруудын хоргодох эцсийн газар” гэсэн үг неолибералчдын лоозонгоор дамжин утгаа хувирган бидний дунд орж иржээ. Сэюмл Жонсон эх оронч үзлийн эсрэг бус тус үзлийг дэмжигч байсныг түүний 1774 онд Их Британийн сонгогчдод хандаж бичсэн The Patriot эсээнээс нь тодорхой харж болно.

Цөөн тоот үндэстэн оршин тогтнохын тулд үндэсний үзэл, эх оронч үзэлтэй байх хэрэгтэй. 8 сая хүнтэй Израиль улс 400 сая гаруй Арабуудын эсрэг сөрөн зогсож байгаа нь, дэлхийн хоёрдугаар дайны үед 3 сая хүнтэй Финляндууд ЗХУ-ыг сөрөн зогсож ялалт байгуулсан нь нэгдсэн нэг үзэл, санаа итгэл үнэмшилтэй байснаас тэр.

Гэтэл юуны учир Баабар гуай эх оронч үзэл, үндэсний үзлийг ийн хялайн харна вэ? Юуны учир монголчуудын, дэлхийн улс түмний үзэл санааны нэгдлийг үгүйсгэнэ вэ?


Өнөөдөр бидэнд үндэсний үзэл, эх оронч сэтгэл хамгаас хэрэгтэй байна шүү дээ, Баабар гуай.

Түүхч С.Ууганбаяр