Хөдөлгөөн багатай, суугаа ажил хийдэг, жин ихтэй хүний нуруу өвчлөх магадлал их болжээ. Мөн компьютерийн ард олон цагаар суужд ажилладаг ажилтнууд, РС тоглодог жаалуудын ч нуруу өвддөг хуучтай болох тухай эрдэмтэн, судлаачид байтугай жирийн хүмүүс ч ярих боллоо. Иймд нуруу, нурууны өвчин, түүнээс сэргийлэхэд юу анхаарах, ямар дасгал хөдөлгөөн хийвэл тохиромжтой тухай энэ удаагийн хавтасны сэдэв өгүүлж байна.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Өөрийн биеэ чагнаж сурвал түүнд юу хэрэгтэйг мэдэрч болно
 
     Германы нэгэн сэтгүүлд бичснээр Олаф 17 жилийн өмнө мориноос унаж нуруу­ных нь үеийн мөгөөрсөн эд нь гадагш товойж гарчээ. Эмчид очиж өвчний эсрэг хэдэн тариа тариулаад л өвдөх нь зогсдог байв. Сүүлдээ өвдөх нь улам их болсон ч өрсөлдөөнтэй бизнест ажлын байр сууриа алдахгүйг хичээн шүд зуун тэсвэрлэсээр байжээ. Өвлийнхөө амралтаар Олаф Бүгд найрамдах Доменикан улс руу аялал хийхээр очоод гэнэт бүр босч ч чадахаа больжээ. Эмчид үзүүлтэл архагшсан нурууны өвчин гэсэн онош тог­тоов. Эмч нар баахан эмээр бөмбөгдөж байж, арай чамай хөл дээр нь босгоод эх орондоо ирж мэргэжлийн эмч хайсан боловч олигтой амжилтад хүрсэнгүй. Олаф өвчинөө тэсвэрлэхээ байж, амиа хорлох гэж өчнөөн оролдож байсан ч удаатай. Өвдсөн үедээ юм идэж ууж, босож алхаж ч чадахгүй болдог байв. Цөхрөлтгүй эмч хайсны дүнд согог засалч, сэтгэл зүйч, физик эмчилгээний гэсэн гурван эмчтэй эмнэлэг олсон нь түүнд дахин амьдрал хайрлажээ. Өдөр бүр дасгал хийж, сэтгэл зүйчтэй сэтгэлээ уудалж ярилцах маягаар хэдхэн сарын дараа тэр хөл дээрээ босох болж, тэр ч байтугай 20 кг хайрцаг хөнгөхөөн өргөчихдөг, өөрөөр хэлбэл эргээд эрүүл саруул амьдралд орж, найз бүсгүйтэйгээ ирээдүйгээ төлөвлөн хуримаа хийхээр зэхэж байна.
 
     Олаф ярихдаа: - Би одоо эрүүл саруул явахын жаргалыг өдөр болгон мэдэрч байна. Хүн өөрийн биеэ чагнаж сурвал түүнд юу хэрэгтэй, юу дутагдаж байгааг мэдэрч биеэ хайрлаж хамгаалах болно. Харин биедээ хайр гамгүй хандах юм бол хэзээ нэгэн цагт түүнийхээ хариуг амсах болдог юм байна гэлээ.
 
  Германд нурууны хүнд өвчтэй хүмүүсийг өвчнөөс нь салгадаг нэг газар бол согог заслын эмнэлэг. Тэдгээрийн нэг Хайдалбергийн Их Сургуулийн эмнэлэг энэ талаар ихээхэн туршлагатай ажээ. Энд өвчтөнг сэтгэл зүйн арга болон дасгал хөдөлгөөнийг хослуулах аргаар эмчилдэг байна. Сэтгэл санаа болон нуруу юугаараа хоорондоо холбоотой болохыг Хайдалбергийн эмч Нойбайуер дараах маягаар тайлбарлажээ: Нуруу мэдрэл хоёрыг холбож байдаг холбоос нь нугалам дээр байдаг булчингууд юм. Сэтгэл санаа хямрах үед эдгээр булчингууд чангардаг байна. Хэрэв энэ булчингуудыг амрааж, суллаж байхгүй бол байнгын зангирч, хөвчирсөн байдал нь сүүлдээ архагшдаг. Ингээд нуруу хөдөлгөөнгүй болж, улмаар өвчин эхлэхийн нэг шалтгаан, эх үүсвэр болдог байна.
 
  Сэтгэл санааны хямрал нь нурууны өвчний нэг эх үүсвэр болохоос дангаараа өвчний шалтгаан гэж ойлговол өрөөсгөл болно.
 
  Хайдалбергийн энэ эмнэлэгт өвчтөнүүд хиймэл ханан хаданд авирах дасгал хийдэг байна. Энэ нь нурууны булчингуудыг хөдөлгөөнд оруулж өгдөг. Мөн ийм дасгалаас гадна хөнгөн, тайвшруулах дасгал хийх, сэтгэл зүйчтэй ярилцах гээд аль болох олон талаас нь эмчлэхийг хичээдэг.
 
  Энэ нь ч үр дүнгээ өгч энэ эмнэлгээс өвчтөнгүүдийн 90 хувь нэг ч эм хэрэглэхгүйгээр эрүүл саруул болон гарчээ.
 
Үнээгээ өөрөө саана гэдэг жаргал
 
     С.Цэнзмаа Төв аймгийн Лүн сумын иргэн.
 
  Тэрээр 2004 онд гэнэт ууц нуруугаар нь хатган хөдөлж чадах­­гүй хэвтэрт оржээ. Дөрвөн жилийн турш эмчил­гээ хийлгэн, гам барьж, өөрт тохирсон хөдөлгөөнийг цөхрөлтгүй хийсээр өнөөдөр тэрээр үнээгээ сааж, уул толгодоор малаа эргүүлэн, гэрийнхээ ажилд хэний ч гарыг харахгүй болоод байгаа юм байна.
 
  - Таны нуруу юунаас болж өвдсөн юм бол?
 
  - Хөдөлгөөн багатай ажил, ясны сийрэгжилт хавсарсан байна гэж эмч нар хэлсэн. Би 30 жил хөдөө аж ахуйн нэгдлийн нягтлан хийсэн хүн шүү дээ. Төв аймгийн Лүн сумын “Энхтуул” гэж нэгдэл байлаа. Өглөө ажилдаа очоод өдөржин цаас, тоо эргэлдүүлж байгаад орой харина. Хэдэн хүүхэддээ гурилтай шөлийг нь хийж өгчихөөд эргэж ирээд үргэлж­лүүлэн сууж ажилладаг байлаа. Тэгээд оны эцэст жилийн эцсийн тайлан гаргах гэж аймгийн төв ороод бараг нэг сар бүтэн ажилладаг байлаа. Цагаан сарын битүүнд гэртээ харих явдал бишгүй л байсан шүү.
 
  - Та ямар эмчилгээ хийл­гээд өдий зэрэгтэй болов?
 
  - Эхлээд сумынхаа эмнэлэгт хэвтэж голдуу эм тариагаар эмчлүүлсэн. Хөл дээрээ арай гэж зогсохтойгоо болоод Н.П.Шастины нэрэмжит нэгдсэн гуравдугаар эмнэлэгт ирж эмчлүүлж эхэлсэн. Эхний жилдээ голдуу физик эмчилгээ хийлгээд өөрөө явдаг, босож сууж чаддаг болсон. Гэхдээ эвгүй хөлдөх юм бол хатгуулж өвддөг, түүнээсээ эмээгээд ширүүн хөдөлдөггүй байлаа. Энд тэнд унаж тусаад сүйд болчих вий гэж эмээдэг байсан. Эргэж харахдаа хүртэл бүхий л биеээрээ эргэдэг байлаа. Нэг удаа бяруунд тэжээл тавьж өгөхөөр гараад довжоон дээр тавих гэтэл газар тавьж чадмаар санагдахаар нь эргэтэл хоёр бяруу тэжээл рүү дайраад намайг дайраад унагаачихдаг юм байна. Ууц хугараад салчихсан байх, өнгөрлөө л гэж бодсон. Тэгээд өөрөө өндийх гэж жаахан хичээсэн чинь болж байна. Оролдсоор байгаад босчихлоо. Миний нуруу эвгүй хөдлөхөд хавиралдан дуугарч байгаа юм шиг санагддаг байсан юм. Жаахан хөдөлгөсөн чинь арай салчихаагүй бололтой, гайгүй шүү. Харин нөгөө хавиралдаад байгаа юм шиг дуугараад байдаг нь үгүй болчихож. Түүнээс хойш хөдөлгөөнөө жаахан жаахан нэмэхийн зэрэгцээ жилдээ нэг удаа эмийн бус эмчилгээ хийлгэсээр өнөөдөр хаа сайгүй гүйж явдаг, гэрийн ажилдаа хэний ч гарыг харахааргүй болоод байна. Ямар нэг зовиур шаналгаа алга.
 
  - Одоо та малдаа явж байна уу?
 
  - Одоо би хэдэн үнээгээ саачихна. Хажуугийн өндөр дээр гараад хонио эргүүлчихнэ шүү. Хотоо цэвэрлээд, аргалаа эргүүлчихнэ. Хатсаныг нь бөөг­нүүл­чинэ. Зүгээр сууна гэж байхгүй шүү дээ.
 
  -Тэгэхээр таны хөдөл­мөрийн чадвар бүрэн сэргэсэн гэсэн үг үү?
 
  - Тийм шүү Би хүүхдүүддээ хөдөлмөрийн чадвар маань 200 хувь сэргэсэн гэж хошигнодог юм. Би өвдөхөөсөө өмнө ер нь хөдөлгөөн муутай, суугаа ажил­даа дулдуйдсан хүн байжээ. Тэгвэл өнөөдөр хаа сайгүй явж чадах юм болгоноо хийгээд, бие хөнгөн сайхан байх болсон шүү. Залуугаасаа ч хөдөлмөрч болсон.
 
  - Ямар эмчилгээ голлон хийлгэсэн бэ?
 
  - Надад физик эмчилгээ голлон хийсэн. Бариа засал, усан зүү, шарлага, халуун жин гээд. Миний нурууг өвдөж эхэлсэн даруйд авсан зурган дээр яс нь шавааралдсан юм шиг гарсан байсан шүү дээ. Одоо гайгүй болсон. Жилд нэг ирж эмчилгээгэ хийлгэдэг. Бие минь жил ирэх тусам сайн болж байгаа. Нурууны өвчнийг дарахад тохирсон эмчил­гээний зэрэгцээ гам чухал шүү. Тэрээр надтай ийн яриад энэ жилийн эмчилгээ дууссан учир магааш хөдөө рүүгээ явна гэсэн юм.
 
Хөдөлгөөн дасгалуудыг хийж хэвшээрэй
 
  Нэгдсэн гуравдугаар эмнэл­гийн нөхөн сэргээх эмчил­гээний тасгийн эмч, клиникийн профессор Д.Уран­­гэрэлтэй нурууны өвчнөөс сэргийлэхэд юу анхаарах талаар ярилцлаа.
 
  - Нуруу маань эрүүл бай­гаа эсэхийг шал­гах ямар хялбар арга байна вэ?
 
  - Нуруунд тань ямар нэг өвдөлт, чилэлт байхгүй. Түүн дээр хөдөл­гөөн тань хязгаарлагдаагүй, чөлөөтэй байх ёстой. Хөдөлгөөн хязгаарлагдаагүй байгааг мэдэх хялбар шинж бий. Хэвийн байгаа нуруу урагшаа 40 хэм, хойшоо 15 хэм, хоёр хажуу тийшээ тус бүр 30 хэм хазайж чадна. Харин эгц урагшаагаар харж байгаад хойшоо харъя гэвэл 40 хэм эргэж чадна. Энэ хөдөлгөөнийг ямар нэг хөшингө, албадлагагүй, өвдөлтгүй хийж чадаж байвал нуруу тань эрүүл байгаагийн нэг шинж юм.
 
  - Танай эмнэлэгт нуруу нь өвдөн ирж байгаа хүмүүсийн гурван хүний нэг нь нурууны остеохондроз буюу нуруу хоорон­дын мөгөөрс шохойжих өвчнөөр өвчилсөн байгаа нь судалгаагаар гарчээ. Яагаад энэ өвчин ингэж ихсэх болов?
 
  - Энэ өвчин зөвхөн манай оронд нэмэгдээд байгаа юм биш дэлхийн насанд хүрсэн хүн амын 40-80 хувь нь энэ өвчинд нэрвэгдэх магадлалтай гэсэн дүгнэлт бий. Сүүлийн үед залуужих болсон.
 
  - Энэ өвчин юунаас шалт­гаалан ингэж олныг хамарч байна вэ?
 
  - Гол нь хөдөлгөөний хомсдол, суугаа ажлаас шалтгаалж байна. Мөн бодисын солилцооны хям­ралаас болж нурууны мөгөөрсөн эдийн бүтцэд өөрчлөлт орж хатуурах явдал байна . Зарим судалгаагаар энэ өвчин эмэгтэй­чүүдэд эрэгтэйчүүдээс илүү тохиолдож байгаа бөгөөд энэ нь эмэгтэйчүүдийн дааврын хям­рал, жирэмслэлт, төрсний дараа остеохондроз эхэлж, цэвэр­шилтийн үед идэвхждэгтэй холбоо­той. Бас В.С витамины дутаглаас шалтгаалж болон гэж үзсэн байдаг.
 
  - Хүнд юм өргөх, хүнд ажил зэрэг нь энэ өвчин үүсэхэд нөлөөлөх үү?
 
  - Нуруунд ачаалал их ирэх нь хамгийн түрүүнд нугалам мөгөөрсөнд эмгэг өөрчлөлт өгч энэ өвчний суурийг тавьж болно.
 
  - Энэ өвчин ор мөргүй эдгэдэг болов уу?
 
  - Үүнийг төгс эмчилж байгаа. Эхлээд шохойжилтын зөөлрүүлэх эмчилгээ хийдэг. Дараа нь дарагдсан мөгөөрсөн эдийг хэвийн болгох сунгалтын болон эмийн бус эмчилгээнүүдийг хийж өгнө. Ер нь нурууны эмгэгүүдийг эмийн бус аргаар эмчлэхэд олон удаагийн курс эмчилгээ, гам барих явдал чухал байдаг.
 
  - Сэтгэл санааны хям­ралаас болж нуруунд өвчин үүсдэг гэх юм?
 
  - Манайд ирж байгаа хүмүүс бүгд их, бага хэмжээгээр стресс­тэй байна. Стресс ужиграхаар нурууны булчингууд чангардаг. Түүнийг суллахгүй удах нь нурууны яс, үе хоорондын зөөлөн эдэд үргэлжийн ачаалал учруулах улмаар өөрчлөлт оруулж байгаа юм. Булчин суллах эмийн бус эмчилгээний олон арга байна. Тэдгээрийг манай нөхөн сэргээх кабинетуудад хийдэг. Түүнийг цаг алдалгүй хийлгэх нь нурууны өвчин хүндрэхээс сэргийлж чадна. Мөн манай орны байгаль цаг уурын онцлогоос болоод булчин чангарах явдал элбэг байна. Хүйтэнд хэт даарах нь бүх булчинг чангаруулдаг. Даарсны дараа дулаацсан ч зарим булчин тавигдахгүй үлдэх тал бий.
 
  - Зарим хүн нуруу өвдлөө гээд хүүхдээр гишгүүлээд байдаг. Үүнийг юу гэж ойлгох вэ?
 
  - Энэ нь нэг ёсны бариа засал болж байж болох юм. Хүчтэй нухалтаар өвдөлт, хөшилт гайгүй болж байгаа нь нурууны булчин чангарсан байгаад механик үйлчлэлээр суларч байна гэсэн үг юм. Бариа заслаар булчин халж зөөлөрч, ажиллах чадвар хэд дахин нэмэгддэг. Мөн захын судас өргөсөж, цусан хангамж нь сайжирдаг. Гэхдээ хүүхдээр гишгүүлнэ гэдэг тохирсон байриа засал биш. Эмчид үзүүлж шинжилгээ хийлгэн өвдөлтийн шалтгааныг тодорхой болгон тохирох эмчилгээг хийлгэх хэрэг­тэй. Эрэгтэйчүүдийн нуруу өвдөх нь хүнд ажил, даарсан, амьдралын хэв маягаас шалтгаалах нь олон.
 
  - Ясны сийрэгжилтээс үүдэн нуруунд үүсэх өвчнөөс хэрхэн сэргийлж болох вэ?
 
  - Нурууны яс сийрэгжсээр хугарч болно. Ер нь ясны сийрэгжилтээс сэргийлж Кальциар баялаг хүнс хэрэглэж байх хэрэгтэй. Кальци нь цагаан идээ, жүрж жимс, сардин загасанд элбэг байна. Сүүлийн үед “Номин” зэрэг зарим сүлжээ дэлгүүрүүд калциар баяжуулсан хүнсийг тусгай хаяг, танилцуулгатай худалдаалж эхэлсэн. Энд АНУ, Солонгос, Оросын ийм төрлийн бүтээгдэхүүн байна.
 
  - Кальци дутагдаж, яс сийрэгжиж байгаа эсэхдээ хяналт тавих арга байна уу?
 
  - Кальцийн хэмжээ тодорхой­лох шинжилгээ гэж бий. Үүнийг хийлгэж өөртөө хяналт тавьж болно. Ялангуяа 35 –аас дээшш насныхан калциа тодорхойлуулж байх хэрэгтэй.
 
  - Нуруу өвдсөн гээд зарим хүн наалт наагаад яваад байдаг?
 
  - Нурууны наалтад өвчин намдаах эм шингээсэн байдаг учир өвдөлтийг түр дарж өгдөг. Гэхдээ юунаас болж нуруу өвдөв гэдгийг эмчид үзүүлэн заавал тодорхой болгох хэрэгтэй. Тэгээд тохирох эмчилгээг хийлгэх хэрэгтэй.
 
Нуруунд ямар спорт ямар нөлөө үзүүлдэг бол
 
  Ямар булчингаа яаж хөгжүүлэх вэ гэдэгээ өөрөө сонгож хичээллэх боломтой. Фитнесийн тусгай зориу­лалтын хэрэгсэл дээр хичээллэх нь анхлан хичээл­лэгсдэд ямар аргаар хичээллэвэл зүйтэйг нь зааж өгөх дөхөмтэй. Удаан хичээллэсэн хүмүүс зөвхөн нурууныхаа булчин онцлон хөгжүүлэх боломжтой. Зөвхөн үүнд зориулсан хэрэгсэл дээр бүр сайн нөлөөтэй.
 
 
 
Өөрийгөө хайрлая
 
  Клиникийн төв эмнэлгийн мэд­рэлийн эмчид үзүүлэхээр олон хүн дугаарлажээ. Тэдний заримтай уулзахаж ярилцахад янз бүрийн шалтгаанаар удаан хугацааны эмчилгээ хийлгэж цаг, мөнгөө зарж яваагаа ярьж байсан.
 
Х.Нарантөгөлдөр /23 настай/Хувиараа бизнес эрхэлдэг/
 
  - Таван жилийн өмнөөс Хархорин зах дээр гутал зардаг болсон. Нуруугаар өвддөг болоод хоёр жил болж байна. Даарс­наас болсон байх. Эмч нар нурууны зөөлөн эдийн гулсалт болжээ, хүнд юм өргөж болохгүй гэсэн. Өнгөрсөн жилээс эмчилгээ хийлгээд өвдөлт байхгүй болсон, энэ зун татлага эмчилгээ хийлгэсэн өнөөдөр рентген зураг авахуулаад эмчилгээнийхээ үр дүнг үзэх гэж байна. Ямар ч байсан даарахгүй хүнд юм өргөх­гүй хоёр жил болоход зүгээр болон байх.
 
Б.Нүрзэдмаа /42 настай.Оёдолчин/
 
  - Шилэн хүзүү, далаар байнга хөшдөг. Даралт ихсэж байна гэж даралтны эмийг бараг таван жил уусан байх. Өнгөрсөн хавар нуруу ямар ч хөлдөлгөөнгүй болоод, бас гар татаад эмнэлэгт ирсэн. Бариа, усан бариа эмчилгээг хоёр курс хийлгээд байна. Одоо хэвийн болж байгаа. Гэхдээ эмчилгээ дуусаагүй. Дээл оёдог цагаан сар, сургууль төгсөлтийн үеэр захиалгад дарагдаад бараг л сар гаран нойргүй суусандаа. Шилэн хүзүүнд яс ургасан байна гэсэн. Яс ургасан гэх хүн зөндөө байдаг болж. Бидний ууж идэж байгаа хүнстэй холбоотой гэх юм. Өө бас ядаргаанд орсон байна гэсэн.
 
 
З.Одонхорлоо /53 настай.Дундговь аймгийн Адаацаг сумын малчин/
 
  - Багаасаа нуруу өвддөг байсан. Бөөр өвдөж байна гэж бодоод тарваганы халуун бөөрийг нойтон арьстай нь ороогоод үмхийртэл нь явж үзлээ. Засрах­гүй болохоор нь аймгийн эмнэлэг үзүүлтэл нуруу мурийсан байна гээд. Солгой талаараа морь уургалдаг байсан түүнээс болсон байх, солгой тал руугаа муруйсан байна лээ. Баахан эмчилгээ хийлгээд өвдөх нь гайгүй болсноос муруй нь тэр чигээрээ эдгэсэн байх, зүгээр болоогүй, ойрноос хөл өвдөөд үзүүлэх гэж ирээд байна.
 
А.Намжилжаахан /35 настай, таксины жолооч/
 
  - Нуруугаар өвдөөд байхаар нь адууны тос шингээсэн даавууг халуун индүүгээр индүүдэж байгаад тавьчихдаг юм. Лааны тостой холивол дулаанаа сайн барьдаг гэсэн. Сүүлдээ адууны тос нь хуршаад үнэр орсон юм байлгүй таксинд орж ирсэн хүн ярвайгаад байдаг болсон. Алийн болгон ингэж явах вэ гээд эмчид үзүүлэх гэж явна.
 
Г.Билгүүнцэцэн /26 настай, албан хаагч/
 
  - Австралид суралцаж байхдаа далайн усанд их ордог байсан. Давалгаанд цохиулан гэмтэл аваад эх орондоо ирсэн. Эмч нар эхлээд мэс засал хийнэ гэж байснаа хойшлуулаад байгаа. Цахилгаан эмчилгээ хийлгэдэг. Чадахгүй юмаараа оролдоход заавал багш, орчин үеийн спортын техникийн зөв эзэмших хэрэгтэй юм байна. Санаж явах зарим зүйлийн талаар эмч зөвлөж байна.
 
Гүзээлэх тусам ууц нуруу өвдөх нь ихэснэ
 
  Нурууны өвдөлт хэт их гүзээ суух юм уу, том гэдэстэй болсноос мөн шалтгаалдаг байна. Хэт их таргалж буй эрчүүд болон төрөөд удаагүй байгаа эмэгтэйчүүдийн гэдэс томорч, үүнээсээ болж унжих явдал элбэг тохиолддог. Хэвлийн хөндийд байрлаж буй дотор эрхтэнүүд бүгд нурууны дотоод булчингуудаас зүүгдсэн байдаг байна. Тэрхүү холбоосууд нь аажимдаа сунаж нуруунд таталт өгч эхэлдэг. Энэ бол одоохондоо өвчин биш хэдий ч энэхүү суналт буюу гол нурууны хэсэгт бэхлэгдсэн холбоосууд нуруунд нэмэлт ачаалал өгсөнөөр ууц нуруугаар хүчтэй өвдөж эхэлдэг байна. Хүн эгц шулуун байдалд байхын тулд нурууныхаа булчингуудыг өөрийн эрхгүй үргэлж чангалж байдаг. Биеийн жин ихтэй, гэдэс гүзээ томтой хүмүүст энэ нь бүр ч хүндрэл учруулдаг учир ууц нуруугаар нь өвдөж остеохондроз, радикулит гэх мэт өвчний суурийг тавьж, өвчлөлтийг хурдасгадаг байна. Ийм үед зөвхөн ууц нурууны өвдөлтийг эмчилбэл түр зуур намжих ч өвчин үүсгэж буй оношийг тогтоон эмчилгээ явуулаагүй учир удалгүй өвдөлт дахин сэргэдэг байна. Тиймээс та өөрөө биеийн жингээ зохих хэмжээнд барих нь эмчилгээний гол арга юм.
 
Нурууны болон зарим өвчний шинж тэмдэг
 
  Зарим өвчний шинж тэмдэг нурууны өвчинтэй андуурахаар байхад нурууны өвчин өөр өвчинтэй адил өвдөлт үзүүлдэг тохиолдол байна.
 
  *Нуруу, нугасны янз бүрийн эмгэгийг дагалдан дотор эрхтэн, булчинд эмгэг өөрчлөлтүүд гардаг нь нурууны өвдөлтийг бага дээр нь эмчлээгүйгээс болдог. Жишээлбэл, хүзүүний нугаламын өвчний үед нуруугаар өвдүүлэхээс гадна толгой өвдөх, эргэх, чих шуугих, хараа муудах зэрэг шинж илэрдэг.
 
  *Нурууны цээжний хэсгийн өвчний үед амьсгал, зүрхний үйл ажиллагаанд хүндрэл үүсдэг. Бүсэлхий орчмын нугалмын өвчний үед хоол боловсруулах эрхтэн, бөөрний үйл ажиллагаа хямарч, чалх сулардаг ажээ.
 
  *Нурууны өвдөлтийг үүсгэдэг шалтгаан олон. Хэт хүнд юм өргөж нурууны булчинд өндөр ачаалал өгөхөөс эхлээд нурууны муруйлт, хавдар хүртэл олон эмгэг нуруугаар өвдөлт өгөх шинж тэмдэгтэй.
 
  *Манайхан ихэвчлэн нуруугаар өвдүүлж байгаа шалтгааныг радикулит буюу нурууны мэд­рэлийн ёзоорын үрэвсэл гэж өөрөө өөртөө онош тавьдаг байна. Харин радикулиттай төстэй өвдөлт нь ходоодны шарх, бөөрөөр хатгуулах үед илэрдэг. Иймээс явж, хөдөлж, эсвэл тайван сууж байгаагаас үл хамааран нуруугаар өвдүүлэх нь багасахгүй, болихгүй бол өвдөлтийн шалтгаан нь нуруу, нугасны өвчин бус харин дотор эрхтэнийх байдаг гэдгийг мэдэж авахад илүүдэхгүй.
 
     *Нурууны эмгэгийн үед нуруугаар биш харин дотор эрхтэнд өвдөлт өгөх эсрэг тохиолдол байдаг. Тухайл­бал цээжний хэсгийн нугалам хоорондын зээрэнцгийн эмгэгийн үед өвдөлт нь зүрхээр өвдүүлдгийг цээжний бах гэж буруу оношлох нь цөөнгүй.
 
  *Нуруугаар өвддөг хамгийн түгээмэл өвчин нь остеохондроз буюу нугалам хоорондын зөөлөн эдийн гэмтэл. Юм өргөх, эсвэл зүгээр хазайж тонгойход нуруугаар өвдөж, дараа өдрийн туршид аль нэг хөлөөр дагуулж өвдөх, мэнэрэх шинж илрэхээс гадна ханиах, найтаах, биеэ чангалахад нуруу, хөлөөр өвдүүлэх нь хүчтэй болж байгаа бол остеохондрозын хамгийн хүнд хэлбэр болох нугалам хоорондын эвэрхий үүссэний шинж юм.
 
  *Хазайж, тонгойх үед ууц нуруугаар огцом хатгуулж хөдлөх аргагүй болгох нь радикулитын бас нэг шинж байдаг.
 
  *Толгойг эргүүлэх үед дагз, мөрөөр удаан хугацаагаар өвдөх нь хүзүүний нугаламын эдүүд өөрчлөлтөнд орж ургацаг үүсдэг архаг өвчний эхлэлийн шинж тэмдэг байдаг.
 
  *Цээжин биеийг эргүүлэх гүнзгий амьс­галахад нуруу­гаар өвдөх нь Бехтеревын өвчин, спонд­тилоартритийн үед ажиг­лагддаг. Нурууны булчингын няцралт, холбоос сунах нь нурууны өвдөлтийн цөөнгүй хувийг эзэлдэг. Зөв эмчилгээ хийж, гам барьж чадвал ийм өвдөлт ул мөргүй арилна. Харин ужигруулбал нуруу тахийх хүртэл ноцтой хүндрэл үүсдэг аюултай.
 
  *Нурууны хурц өвдөлтийн үед ямар эм, бэлдмэл хэрэглэхийг зөвхөн мэдрэлийн эмч л заах ёстой. Хүнд тохиолдолд мэс заслын ажилбар хийнэ. Архаг өвчний үед бариа засал, зүү рефлекс эмчилгээ, эмчилгээний биеийн тамир үр дүнтэй.