Монсудар” хэвлэлийн газраас Израйлийн түүхч Юваль Ной Хараригийн Sapiens: Хүн төрөлхтний товч түүхHomo Deus: Маргаашийн товч түүх номуудыг эх хэлнээ орчуулан гаргасан. Эдгээр бүтээлүүд олон улсад 27 сая хувь борлогдож өдгөө дэлхийн 50 гаруй хэлнээ орчуулагджээ. Энэ бол ном хэвлэлийн салбарт ховорхон тохиох амжилт төдийгүй жинхэнэ утгаараа шуугиан тарьсан юм.

Хэрхэн ийм амжилтад хүрч чадав?

Нэгдүгээрт Юваль Ной Харари түүх бичлэгийг сурвалжийн мэдээ баримт, үйл явдлын он, дарааллын жагсаалт маягаар бичих арга барил хоцрогдсоныг харуулж харин уншигчдадаа хүн төрөлхтний түүхийг тэс өөр өнцгөөс харуулж, аливаа явдлын учир шалтгаант холбоог нь мэдүүлж чаддагт түүний бичлэгийн онцлог оршиж байх шиг. Тэрбээр бидний төдийлөн анхаардаггүй зүйлсийг гайхалтай ажиглаж, түүнийгээ ер бусын егөөдөж уншигчдад номоо эхнээс нь дуусах хүртэл салгахгүй унших сэдлийг өгч чаддаг нь түүний авьяас ажээ.

Мөн түүний аливаа асуудлыг зөвхөн нэг талаас харж тайлбарлалгүйгээр биологи, физик, хими, түүх, газарзүй зэрэг олон шинжлэх ухааны судалгаа шинжилгээнд тулгуурлан ердийн уншигчдад ойлгомжтой байдлаар хялбарчлан тайлбарладаг нь уншигчдын таалалд хамгийн их нийцдэг чанар юм.

Түүний 2011 онд хэвлүүлсэн Sapiens: Хүн төрөлхтний товч түүх бүтээл 2011 онд анх Хебрю хэлээр хэвлэгджээ. Харин 2014 онд англи хэлнээ орчуулагдсан олон улсад борлуулалтаараа тэргүүлж өдгөө 10 сая гаруй хувь зарагджээ. Юваль Ноа Харари энэхүү бүтээлдээ үйл явдлыг он дарааллын дагуу бус түүхийг хэрхэн унших, үйл явдлын учир шалтгаан, уялдаа холбоог тодотгож өгчээ.

Хүн төрөлхтний түүхийн талаарх ихэнх номууд түүхийн эсвэл биологийн талаас харж бичигдсэн байдаг бол Харари энэ хэвшмэл байдлыг барагцаагаар 70,000 жилийн тэртээх түүхийг орчин үеийн танин мэдэхүйн аргаар бичигдсэн маш шинэлэг энэхүү номоороо эвдэж чадсан. Зуун мянган жилийн өмнө дэлхий дээр хамгийн багадаа зургаан төрлийн хүн амьдарч байв. Харин өнөөдөр ердөө нэг л зүйлийн хүн үлдсэн нь бид буюу Хомо Сапиенсууд. Бусад төрлийн хүмүүст юу тохиолдсон бэ? Бидэнд бас юу тохиолдох вэ?

Эх дэлхийн эко системд хүн төрөлхтний хувьслын үзүүлж байгаа нөлөөг судлахаас эхлүүлээд эзэнт улсуудын хүчирхэгжилтийг жагсаан, түүнчлэн түүх болон шинжлэх ухааныг хослуулснаар хүлээн зөвшөөрөгдсөн түүхийг дахин эргэн харж, өнгөрсөн дэх хөгжлийг орчин үеийн үзэл баримтлалтай холбон, тодорхой үйл явдлыг илүү өргөн хүрээгээр судалсан юм. Тэрбээр биднийг ирээдүй рүү харахыг хүссэн. Учир нь өнгөрсөн хэдэн арван жилийн турш хүн төрөлхтөн өнгөрсөн дөрвөн тэрбум жилийн турш захирсан байгалийн шалгарал гэдэг хуулийн өмнө бөхийж эхэлсэн. Бид бүхэн биднийг хүрээлэн байгаа байгаль дэлхийгээс гадан өөрсдөдөө зориулж загварчлах аргад суралцаж байна. Энэ нь биднийг хааш нь хүргэх вэ, бид юу болохыг хүсч байна вэ? гэх асуултаар номоо дуусгажээ.

Харин тэрбээр өмнөх номын үргэлжлэл бүтээлдээ уг асуултад хариу өгөхийг хичээжээ. Түүний удаах бүтээл буюу монгол уншигчдад хэдийнээ танил болсон Homo Deus: Маргаашийн товч түүх бүтээл нь эхнээсээ л өөрсдийгөө ертөнцийг төв, бүх зүйлсийн утга учир, эрх мэдлийн эх сурвалж хэмээн боддог хүн төрөлхтний “ирээдүйд хэлэлцэх шинэ асуудал юу байх вэ?” гэсэн асуултаар эхэлнэ.  Гэвч хүн төрөлхтөн ирээдүйн тухай бодохын тулд өнгөрсөнд бид юуг ялан дийлж чадсан тухайгаа эргэцүүлэн бодох шаардлагатай болжээ.

Түүний бодлоор хүн төрөлхтөн анх үүсэж, хөгжсөн цагаас л тулгарч буй дараах 3 асуудал байгаа аж.

  1. Өлсгөлөн
  2. Өвчин тахал
  3. Дайн

Орчин цагт хүн ажилгүй, эд хөрөнгөгүй болсон ч өлсгөлөнгөөр үхэхгүй л болов уу. Даатгал, засгийн газар, олон улсын төрийн бус байгууллагууд тухайн хүнийг ядуурлаас бүрэн аврахгүй ч тухайн өдөр авах ёстой калори бүхий хоол хүнсээр хангана. Тэр байтугай дайн дажин, газар хөдлөлт, цунами бүхэл бүтэн улс орныг сүйрүүллээ ч олон улсын байгууллагууд хүн ардыг өлсгөлөнд нэрвэгдүүлэлгүй амжилттай авч гарч байна. Харин ч 2010 онд өлсгөлөн, тэжээлийн дутагдлын улмаас 1 сая хүн нас барсан бол харин хэт их таргалалт, илүүдэл жингийн улмаас 3 сая хүн нас барсан тооцоо гарчээ.

Уг ном нь хэдийгээр Корона вирус дэлгэрэхээс өмнө хэвлэгдсэн хэдий ч цар тахлын тухай маш сайн бичигджээ. Бид үхлийн аюултай тахал, өвчин ар араасаа дэгддэг халдварын голомт бүхий тамд амьдардаг. Гэхдээ өнөөдөр эмч нарыг нян бактери, вирустэй нэг гараанаас уралдууллаа гэхэд эмч нар түрүүлнэ гэдэгт итгэх лавтай хэдэн шалтгаанууд бий. Эмч, эрдэмтэд зөвхөн азад найддаггүй. Олон жилийн турш явуулсан туршилтын мэдлэг, үр нөлөөтэй эмчилгээний аргуудад тулгуурладаг. Тухайлбал, Бид хэдэн жил тутамд нэг удаа шинэ халдварт өвчний тахал дэгдэж магадгүй нь гэсэн мэдээ сонсож айж мэгддэг. Хэдэн арван жил тутамд цар тахлын их цунамид хүн төрөлхтөн өртөхийн хажуугаар жил бүр олон сая хүнийг авч оддог халдварт давлагаатай байнга нүүр тулж ирсэн билээ. Анагаах ухааны салбарт хэний ч төсөөлөөгүй ахиц дэвшил гарч, вакцин, антибиотик хэрэглээнд нэвтэрч, эрүүл ахуйн салбар, эрүүл мэндийн дэд бүтэц хөгжиж дэвшсэний ачаар энэхүү ид шид биелсэн учир өвчин тахлаас нэг их айхгүй байхыг зөвлөжээ.

Хүн төрөлхтний түүхэнд дайн дэгдээгүй энх тайван өдрүүд тун цөөхөн байсан нь мэдээж. Харин өнөөдөр “энх тайван” гэх үг өөр утга илэрхийлэх болжээ. Биднээс өмнөх үед хэсэг зуур дайнгүй амар амгалан байхыг л ‘энх тайван’ гэж боддог байсан бол өнөөдөр бид огтоос дайн дажингүй байхыг ‘энх тайван’ гэж үздэг болжээ. 1913 онд Герман Франц хоёр орон энх тайвнаар зэрэгцэн оршиж байна гэдгийг хүмүүс тус хоёр орон дайтаагүй байна гэж ойлгох ч дараа жил нь дайн гарахыг үгүйсгэдэггүй байв. Харин өнөөдөр Франц Германы эв найрамдлыг бид тус орнууд ямар ч нөхцөлд дайтахгүй гэсэн өнцгөөс хардаг. Зөвхөн Герман Францын тухайд ч бус, ихэнх (бүгд биш) орнуудын хооронд дайн дажин огт гарахгүй гэх үзэл давамгайлж байна.

Ингээд бодохоор хүн төрөлхтөн ирээдүйд Өлсгөлөн, тахал, дайн дажнаар ирэх олон арван жилд сая сая хүмүүс амь эрсдэхийг үгүйсгэхгүй. Гэвч энэ бүхэн, хүн төрөлхтний ойлгож чадахгүй эсвэл хянаж чадахгүй эмгэнэлт үйл явдлууд гэж байхаа больж, зохицуулж болохуйц сорилтууд болжээ. Тэгвэл хүн төрөлхтөн дээрх нүдэнд орсон хогийн асуудлуудаа цэгцэлж чадсан бол ирээдүйд бидний төвлөрөх зүйлс юу байх вэ? Хараригийн үзэж буйгаар хүн үхлийг ялан дийлэхэд анхаарлаа хандуулах ёстой. Хүн үхлийг ялан дийлж хүн төрөлхтөн мөнх наслах боломжтой болсноор үхэл хэмээх техник асуудлын шийдлийг олох болно гэжээ.

Дараачийн шинэ гарч буй асуудал нь аз жаргалыг хайх. Эртнээс хүмүүс аз жаргал гэж юу болох тухай хайж, томьёолох оролдлогуудыг хийж ирсэн. Хүн ер нь албан тушаал ахих, сугалаанд их мөнгө хожих, тэр байтугай жинхэнэ хайраа олсон ч аз жаргалтай болдоггүй гэнээ. Хүмүүс ердөө л бие махбодоороо тааламжтай мэдрэмж авах үедээ л аз жаргалтай болдог. Жишээ нь уулчид уулын оройд гарахаас илүүтэй уул руу авирах мэдрэмж нь илүү сэтгэл ханамж өгдөг.

Ийнхүү бид аз жаргал, үхэшгүй мөнхийг эрэлхийлэгч болж хувирсан тохиолдолд өөрсдийгөө бүрэн нэг түвшин ахиулах шаардлагатай. Энэхүү шаардлага нь хүнийг эх дэлхийн бурхад болгох ажээ. Бурхад болохын тулд хүн төрөлхтөн өөрсдийн гэсэн бүхий л онцлог шинжүүдээ бага багаар алдаж эхэлснээр эцэст нь хүн гэх зүйл үгүй болно гэж үзжээ. Ирэх зуунд хүмүүсийн бүтээсэн технологиуд хүн төрөлхтөнг хэнд ч хэрэггүй амьтад болгон хувиргаж өнөөдөр бид амьтадтай яаж харьцаж байгаа шиг ирээдүйн “супер хүмүүс” бидэнтэй яг адил харьцах ажээ.

Эцэст нь Юваль Ной Хараригийн бүтээлүүдийг уншихад таны хувьд зохиолчийн анализ, дүгнэлттэй тэр бүр санал нийлэхээргүй зүйл олон тааралдах байх. “За боль доо зүгээр л нэг хийсвэр төсөөлөл” байна гэх мэтээр хүлээж авч магадгүй. Гэвч эдгээр нь уг номд үнэхээр хурц амт оруулж буй жорууд гэдгийг танд хэлэх хэрэгтэй байх.

Б. Батбаатар