“Бид бол Чингисийн монголчууд, дээд тэнгэрээс заяатай” хэмээн цээжээ дэлддэг XXI зууны монголчуудын бахархал, үнэт зүйл яг юу юм бэ. Ардчилсан, эрх чөлөөт нийгэмд хөл тавиад 28 жил болж буй бид чухам юу хүсэж мөрөөддөг, мөрөөдлийнхөө төлөө хэрхэн тэмцэж чаддаг ард түмэн юм бол. Монголчуудад нэгдмэл зорилго, алсын хараа байна уу. National iden­tity буюу (үндэстний ижилсэл, үндэстний ондоошил, үндэсний өөрийншил гэх мэтчилэн янз бүрээр нэрлэдэг) монгол хүний бусдаас ялгарах онцлог юу вэ.

Эдгээр асуултад тодорхой хариулт олдохгүй байна уу. Учир нь өнгөрсөн 28 жилийн турш бид яг хэн юм бэ гэдгээ мэдэхгүй, ойд төөрсөн сармагчин шиг ийш тийш харайсаар өөрийгөө гээчихэж. Бид байгаль экологи, хүрээлэн буй орчны доройтлын тухай ам уралдан ярьдаг атлаа хүмүүсийнхээ сэтгэл зүрх, оюун тархин доторх сүйрэл, үгүйрэл хоосролыг огт анзаарахаа больжээ.

Эцэстээ ёс суртахууны доройтол хаа сайгүй газар авч, Монгол Улсын хөгжилд хамгийн том тээг садаа болж буйг эрдэмтэн мэргэд онцлох болов. Тиймээс “Өнөөдөр” сонин цаг хугацаа өнгөрөх тусам биднээс улам бүр алсарч буй үндэсний ижилсэл, онцлог хэмээх үнэт зүйлийн эрэлд гарч “Бид хэн бэ” цуврал эхлүүлсэн.

Долоо дахь цувралаараа бид монгол хүүхдийн хүмүүжил, хандлагын тухай хөндөх болно.

“Хүүхэд нэг эрдэнэ, хүмүүжил мянган эрдэнэ” гэдэг монгол ардын зүйр үг бий. Өнөө цагт энэ үгийг хаа нэг хэрэглэхдээ ихэвчлэн “хүүхэд хамгаалал”, “хүүхдийн эрх” гэсэн өрөөсгөл утгаар ашигладаг юм билээ. Хүнээр хүн хийх арга ухаан ямар чухлыг, хүмүүжил төлөвшил хэчнээн эрхэм болохыг өнөөгийн монголчууд хэдийнэ умартсаны дохио энэ гэлтэй.

Үлгэрт гардаг шиг алтан цээжтэй, мөнгөн бөгстэй, олноос онцгой хүүхэд төрүүлсэн аятай, юухан дээр ч өөрийнхийгөө үхэн хатан өмөөрдөг аав, ээжүүд хаа сайгүй болов. “Буруу эрхэлсэн хүүхэд бухын хүзүүнээс хатуу” гэдэг үгийг мартаж үл болох нийгэмд амьдарч буйгаа манай эцэг, эхчүүд мэддэг л баймаар сан. Арван сар тээн, ангир уургаа хөхүүлж, үүрч дүүрч өсгөсөн үр хүүхэд гэдэг нэгэн чухаг эрдэнэ мөн боловч хүмүүжил хэмээх 1000 эрдэнийн зах зухаас ой тойнд нь суулгаж өгөөгүй аваас тэр нь араатан амьтнаас ялгарах юун.

Хүүхдээ цэцэрлэгийнх нь хашаанд бие засуулж буй ээжид шаардлага тавихад “Хүүхдийн шээс юм чинь зүгээр шүү дээ. Чи юун илүү үгтэй юм” гэж өөдөөс хээв нэг үг сөрсөн удаатай. Тийм үг сонсож өссөн хүүхэд гудамжинд бие засах нь хэвийн үзэгдэл, тэгээд болоогүй, өөрт нь шаардлага тавьсан хүнд ингэж хэлж болдог юм байна гэсэн хандлагатай нэгэн болж өснө өө дөө. Энэ бол хүүхдээ өмөөрдөг эцэг, эхчүүдийн увайгүй, амиа хичээсэн үйлдлүүдийн наад зах нь.

БОЛОВСРОЛ Ч ҮГҮЙ, ХҮМҮҮЖИЛ Ч ҮГҮЙ БАЙЛГАХ БОДЛОГО

Хүнээр хүн хийх монгол ухаан гэр бүлийн хүрээнд алдагдсантай зэрэгцээд төрийн бодлогын түвшинд ч хэдийнэ гээгдсэн. 1990-ээд оноос хойш Монголын боловсролын тогтолцоо ч зөвхөн сургалт, сургууль гэж л яриад байхаас биш хүмүүжлийн тухай ойлголтыг орхигдуулсаар ирснийг эрдэмтэн багш нар нь хүлээн зөвшөөрдөг. Сурган хүмүүжүүлэх ухаан хэмээх “өргөө гэр”-ийг тулах хоёр баганын нэгийг нь тас цавчиж хаясны улмаас өдгөө тооно нь гэдэргээ харчихсан, орчин цагийн монгол хүүхдүүд дээр нь сандайлаад дүүжин даажиндаж тоглож байна.

“Хэдэн жилийн өмнө бага ангийн сурагчдад ёс суртахууны хичээл орж байгаад больсон. Хүмүүжил, ёс суртахууны мэдлэг олгох санаа нь зөв байсан ч хөтөлбөрийн агуулга нь монгол хүүхдэд огт тохирохгүй хичээл байсан юм. Сурах бичиг нь гэхэд Солонгосын сургамжит өгүүллэгүүдээс шууд хуулбарлаж орчуулсны зэрэгцээ монгол бичгээр ганц нэг зүйр цэцэн үг оруулсан нь баахан алдаатай байсныг тухайн үед шүүмжлээд, зэмлүүлж л явлаа.

Мүүнийн шашны холбогдолтой зан заншил хүүхдүүдэд зааж байна гээд нэг хэсэг шуугьсан тэр хичээл шүү дээ” хэмээн учир мэдэх эрхэм толгой сэгсрэв. Бодлого, зорилт нь хамгийн тогтвортой байх ёстой боловсролын салбар хамгийн түрүүнд “хар шуурга”-нд өртөж, жил гаруйхны дотор гурван сайдын нүүр үзсэнээс харахад улс төрийн тоглоомын гол талбар болсон гэлтэй.

Манайхны нэг хэсэг хошуураад байсан Оксфорд, Кэмбрижийн сургалтын хөтөлбөр ч үнэн хэрэгтээ Их Британийн колониудад, англи эзэндээ зарцлагдах боолуудын хэрэгцээнд зориулсан хамгийн ядмаг агуулгатайг олон эрдэмтэн судлаач шүүмжилдэг. Үүнийг бүр “Оюуны хомсдолтой хүүхдүүд л тийм хөтөлбөрөөр хичээллэдэг байх” гэж тодотгосон юм шүү.

Өөрөөр хэлбэл, манай боловсролын тогтолцоо хүмүүжлийг нь байг гэхэд монгол хүүхдүүдийн оюуны цар хүрээ, чадамжид тохирох эрдэм мэдлэг олгоход ч анхаарахгүй болчихоод байна гэсэн үг. Хүнээр хүн хийх уламжлалт арга ухааныг төр, засгийн бодлоготой хэрхэн уяж, ирээдүйн монгол иргэнийг яаж төлөвшүүлэх вэ гэдгийг бодолцож, шийдвэр гаргах учиртай хүмүүс нь дээрээ хөл, толгойгоо олохгүй байхад хүүхдүүд яах ч билээ.

ХҮҮХДИЙН МЭДЛЭГИЙГ БИШ ХҮМҮҮЖЛИЙГ НЬ ҮНЭЛДЭГ БАЙЯ

Уран зохиолын жирийн багшаас хожим Францын тэргүүн хатагтай болон дэвшсэн Брижит Троньё “Сургууль болоод багш нар хүүхдүүдэд эрдэм мэдлэг олгохын зэрэгцээ насан туршийн хүмүүжил төлөвшлийг өгч чадахгүй бол тэд зүгээр л жаргалтай тэнэгүүдийг бэлтгэж буй хэрэг” хэмээн саяхан нэгэн сэтгүүлд өгсөн ярилцлагадаа онцолжээ. Хүмүүжилгүй, хүн шиг хүн байх тухай ойлголтгүй, ёс суртахууны ямар нэг хэм хэмжээнд хашигдаж үзээгүй, бүх ертөнц дээр ганцаараа мэт аашилдаг хүүхдүүдийг нээрээ л жаргалтай “тэнэгүүд” гэхээс өөрөөр юу гэж хэлэх вэ дээ.

Өнгөн талаас нь харахад онц сурдаг, олон хэл мэддэг, олимпиадын аварга, жигтэйхэн авьяас чадвартай хүүхэд байлаа ч ах захаа мэдэхгүй, бусдыг энэрэх сэтгэлгүй бол түүнийг жинхэнэ эрдэм боловсролтой хүн гэхэд хэцүү. “Хүнээр энэ хүн хэр зэрэг вэ” гэж монголчууд нэгнээсээ асуудаг нь жирийн хэрэг яавч биш билээ. Хүний мөс чанар, жудаг ямар вэ гэдэг нь тухайн хүнийг үнэлэх хамгийн том шалгуур байж.

“Монголын уламжлалт ёс заншил, үүх түүхээ ярих хориотой байсан социализмын үед хүртэл хүүхдийн хүмүүжил, ёс суртахууны төлөвшилд ихээхэн анхаардаг байв даа. Жишээ нь, хүүхдүүдийн сахилга батын дүн гэж гаргадаг. Сургууль болгонд хичээлийн эрхлэгч, хүмүүжлийн эрхлэгч гэж хоёр тусдаа хүн ажиладаг. Мэдээж тэнд үзэл суртлын юм байсан ч хүнийг хүн болгоход чиглэсэн соёл, боловсрол, ёс суртахууны хүмүүжил олгосоор ирсэн. Гэтэл өнөө бид эрх чөлөөт ардчилсан нийгэмд амьдарч байгаа хэрнээ ардын сурган хүмүүжүүлэх ухааны тухай ярихаа огт болив.

...Бодлого, зорилт нь хамгийн тогтвортой байх ёстой боловсролын салбар хамгийн түрүүнд “хар шуурга”-нд өртөж, жил гаруйхны дотор гурван сайдын нүүр үзсэнээс харахад улс төрийн тоглоомын гол талбар болсон гэлтэй.

Манайхны нэг хэсэг хошуураад байсан Оксфорд, Кэмбрижийн сургалтын хөтөлбөр ч үнэн хэрэгтээ Их Британийн колониудад, англи эзэндээ зарцлагдах боолуудын хэрэгцээнд зориулсан хамгийн ядмаг агуулгатайг олон эрдэмтэн судлаач шүүмжилдэг. Үүнийг бүр “Оюуны хомсдолтой хүүхдүүд л тийм хөтөлбөрөөр хичээллэдэг байх” гэж тодотгосон юм шүү. Өөрөөр хэлбэл, манай боловсролын тогтолцоо хүмүүжлийг нь байг гэхэд монгол хүүхдүүдийн оюуны цар хүрээ, чадамжид тохирох эрдэм мэдлэг олгоход ч анхаарахгүй болчихоод байна гэсэн үг...

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн зарлигаар Монголын уламжлалт ухаан ба арга билгийн үндэс сэдвийн хүрээнд Иргэний боловсрол гэдэг хичээл заадаг болсон ч бидний хийж өгсөн хөтөлбөрийн дагуу явахгүй байна. Хүүхдийн хүмүүжил, ёс суртахуунд анхаарах ганц хичээл нь энэ боловч монгол үндэсний уламжлалт мэдлэг, зан заншлын тухай заадаггүй.

Ядаж энэ хичээлээр улсын шалгалт авдаг болбол багш, сурагчид үүнийг илүү анхаарна” хэмээн Боловсролын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор, профессор Д.Баттогтох ярилаа. Боловсролын хүрээлэнд 40 гаруй жил ажилласан тэрбээр “Монгол үндэсний хүмүүжүүлэн сургах ухааны нэвтэрхий толь” гаргах гэж буй бөгөөд үүгээрээ монгол хүүхдүүдэд ядаж ёсыг ёсолдог, ёрыг цээрлэдэг нүүдэлчдийн уламжлалт хорио, цээрийн тухай ойлголт өгөхийг зорьжээ.

Хүний ёс суртахууны боловсролд үнэнч шударга, даруу төлөв, хүнлэг энэрэнгүй, тусч өгөөмөр, нинжин зөөлөн сэтгэлтэй байх гэсэн таван ай сав багтдаг аж. Эдгээрээс хамгийн орхиж боломгүй чанар нь хүнлэг энэрэнгүй зан. Өнөөгийн манай ерөнхий боловсролын сургуульд 20 гаруй нэр төрлийн хичээл заадгаас хүүхдийг хүнлэг энэрэнгүй нэгэн болоход, монгол хүн болж төлөвшихөд нөлөөлөх гол хичээл нь монгол хэл, бичиг, Монголын түүх, уран зохиол.

Гэтэл хэн нэгэн сайд гарч ирээд, аль нэг хичээл нэмэх болохоороо өнөө дөрөв рүү хамгийн түрүүнд “дайрдаг” гэнэ. Жишээ нь, өнгөрсөн жилээс эхлэн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад бизнесийн ухаан гэдэг хичээл ордог болсонд цөөнгүй багш, эрдэмтэн судлаач дургүйцдэг юм билээ. Монгол хүүхдүүдийг эхлээд хүн байх ухаанд сургахын оронд таван төгрөгөө яаж арав болгох, хэрхэн ашиг хонжоо олох вэ гэдэг арга заль, монжооч сэтгэлд хар багаас нь уруу татах бодлого байж таарахгүй гэдэг ортой биз.

Цэцэрлэгийн багачуудад, их, дээд сургуулийн оюутнуудад ч ёс суртахууны боловсрол, хүмүүжил, хүнлэг энэрэнгүй чанарын тухай хичээл заахад манай улс огт анхаардаггүй. Ямар сайндаа л гал, усны гашуун зовлон, газар хөдлөх аюулаас харьцангуй хол манайх шиг улсад гамшгийн эрсдэл гэдэг хичээлийг заавал нэмж оруулах шаардлага байсан, эсэхийг зарим багш, эрдэмтэд гайхдаг юм билээ.

“Бие муруйгүй бол сүүдэр муруйгүй” гэдэг ардын зүйр үгийг эцэг, эхчүүд ямагт санаж, үр хүүхдээ эрхийн тэнэг болгох бус, хүмүүжил, сахилгад нь анхаарч, алдаа дутагдлыг нь засаж залруухад багштай нь илэн далангүй ярилцах хэрэгтэйг нэрт соён гэгээрүүлэгч, зохиолч, яруу найрагч Ломбын Нямаа гуай хэлснийг эцэст нь сануулъя.

Эх сурвалж: http://unuudur.mn/article/103687