
Нүд ба хараа



Энэ бол өвчин биш эмгэг

- Хараа яагаад мууддаг юм болоо?
- Нүд танин мэдэхүйн хамгийн чухал эрхтэн. Бид авч буй мэдээллийнхээ ерэн хувийг нүдээрээ хүлээн авдаг. Хараа муудах олон шалтгаан бий л дээ. Үүний 90 -ээс дээш хувь нь гэрлийн хугарлын өөрчлөлтөөс болдог. Өөрөөр хэлбэл зарим хүмүүс холын хараа муутай болдог. Нөгөө хэсэг нь ойрын хараа мууддаг. Гэхдээ энэ өвчин биш эмгэг юм. Үүнийг засаж болно. Хүний нүд бүхэл бүтэн гэрлийн систем л гэсэн үг. Янз бүрийн шалтгааны улмаас нүд хэвийн байдлаа алддаг. Хамгийн түгээмэл тохиолддог нь гэрлийн хугарлын системийн өөрчлөлт юм. Техник технологи өдий зэрэгт хүрсэн энэ өндөр хөгжилтэй үед хүүхэд залуусын нүдний хараа эрс муудаж байгаа нь ажиглагдаж байна. Үүнийг эрт илрүүлж бага дээр нь эмчлэх хэрэгтэй. Ерөнхийдөө үүнийг хотжилтын өвчин гэж нэрлээд байгаа. Цөөн тохиолдолд удамшлаас болон төрөлхийн гэсэн шалтгаанаар ямар нэг эмгэгтэй байна. Тэгэхээр эрт илрүүлээд зохих арга хэмжээг нь авч чадвал энэ айгаад байх асуудал биш. Мэс заслын аргаар ч засах арга бий. Удамшлын биш олдмолыг янз бүрийн дасгал хийж эмчилж ч болдог. Хамгийн гол нь харааны эрүүл ахуйн байдлыг зөв сахих ёстой.
- Харааны эрүүл ахуйн байдалд юу юу орох вэ?
- Жишээлбэл сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдэд гэрэлтүүлэг болон сандал ширээний байршил зөв байх гэх мэтийн маш олон хүчин зүйлүүд бий. Энэ мэт харааны эрүүл ахуйг сахиж багаас нь харааг зөв хөгжүүлэх хэрэгтэй. Гэтэл зарим эцэг эхчүүд хүүхдээ нялх үед нь тоглоомыг нь хэт ойрхон зүүгээд хялар болгочихсон ирж байх жишээтэй. Энэ нь харааны зайн өөрчлөлт юм. Нэмэх шил зүүдэг хүний зайн өөрчлөлт богиноссон, хасах шил зүүдэг хүний зайн өөрчлөлт холдсон байдаг. Эвэрлэгийн болон болорын бүдэгшил гэх мэт гэрлийн орчингуудын тунгалаг биш байдал харааны өөрчлөлтөнд нөлөөлдөг.

- Хараа муутай бүхэн хялар болохгүй л дээ. Нүдний эргэн тойрон нүд хөдөлгөж байх зориулалттай зургаан ширхэг булчин байдаг. Эдгээрийн өөрчлөлтөөс шалтгаалдаг. Дээхнэ үед хүмүүс хяларыг нэг их анхаарахгүй жирийн үзэгдэл мэт ойлгож манай удамд ийм нүдтэй хүн байдаг байсан гэх маягаар тэр бүр анхаардаггүй байлаа. Одоо харин хүмүүс бүр багаас нь хяларыг янзлуулах гээд авчирдаг болсон. Удамших хандлага байдаг ч гэлээ хялар хараад байгаа нүд хараандаа оролцохгүй байгаа учраас цаашлаад хараагүй болох аюултай. Тиймээс мэргэжлийн эмчид эртхэн хандах хэрэгтэй.
- Хүмүүсийн хамгийн их ярьж ирдэг нүдний өвчин юу вэ?
- Гэрлийн хугарлын системийн өөрчлөлт түүний гажигууд. Мөн гэрлийн системийн бүдэгшилд хүргэх үрэвсэлт өвчнүүд. Нүд нь дандаа өвдөж явдаг хүн цагаа уначихсан гээд л ярьж байдаг шүү дээ. Гэтэл тунгалаг байх ёстой гэрлийн систем бүдэгшиж байна. Цагаа уналаа гэж хэлж байгаа боловч мэргэжлийн хэллэгээр бүдэгшил явагдаж байна гэсэн үг. Зарим хүмүүс нулимс хар аяндаа гоожоод байна гээд ирдэг. Энэ нь ямар нэгэн өвчний шинж тэмдэг. Үрэвсэлт өвчний болон нулимсны системийн бөглөрөл, нарийсал, зовхины эмгэгүүд гэх мэт олон өвчний илрэл болж байна гэж ойлгох хэрэгтэй.
- Харааны шил зүүгээд байхад л нэмж муудаад байдаг ямар учиртай юм бэ?
- Нэлээд хэдэн шалтгаан бий. Жишээлбэл харааны шилээ буруу зүүснээс болдог. Хүмүүсийн дунд нийтлэг ажиглагддаг зүйл нь шилний газрын хүн ч юм уу ам дамжсан ярианд итгэж эмчийн тааруулж зүүгээрэй гэж зааснаас өөрөөр шилээ зүүдэг. Эмч чамайг -3 –г зүү гэсэн бол чи -2 -г зүү үгүй бол үүнийгээ дагаад улам л хараа муудаад байдаг юм гэдэгт итгэдэг. Энэ нь их буруу юм. Ялангуяа өсвөр насны хүүхдийн хувьд яг л тохирсон шилийг нь зүүлгэх хэрэгтэй. Ийм ч учраас мэргэжлийн эмчийн зөвлөгөө хамгийн чухал.
- Хүмүүс нүдээ хамгаалахын тулд “0” шил зүүж байна гэдэг. Энэ зөв үү?
- Нар салхи болон нарны хэт ягаан туяа болон компютерийн туяанаас хамгаалахын тулд зүүж байгаа нь зөв. Тэглээ гээд бас дан хар шил зүүгээд яваад байж болохгүй. Үүний улмаас нүдний даралт ихэсдэг. Энэ бол хараа муудах шалтгааны тэргүүн байранд ордог өвчин. Гэрлийн хугарал юм уу бүдэгшлийн асуудал ердөө биш. Харин ч хараа муутгах шалтгаан. Мөн ази тивийн хүмүүс жижиг нүдтэй гэдэг утгаараа тодорхой шалтгааны улмаас энэ өвчинд өртөх магадлал өндөр.
- Нүд өөхлөх, мах ургах зэрэг нь хараанд ямар нэг байдлаар нөлөөлөх үү?
- Салстын архаг үрэвслээс үүдэж байгаа хэрэг. Тиймээс хараанд зайлшгүй нөлөөлнө. Загатнаж явсаар байгаад л овойсон өөх болон ургадаг.
- Хүмүүс давхраа их хийлгэдэг болжээ. Энэ хараанд нөлөөлдөг болов уу?
- Зөвхөн зовхины дээд хэсэгт хиймлээр нугалаас гаргаж байгаа косметик ажилбар. Тиймээс энэ бол хараанд нөлөөлөхгүй учир эмэгтэйчүүд санаа зовох хэрэггүй.
Нүдний шил ба контакт линз
Хүмүүс хараагаа шалгуулан их бага хэмжээгээр муудсан байгааг мэдмэгцээ л нүдний шил тааруулдаг. Зарим нь ажил мэргэжлийн онцлог болон, нүүрний хэлбэр төрхөндөө зохицох байдлаас нь харгалзан үзэж линз хэрэглэвэл илүү үр дүнтэй бас гоо сайханд нөлөөлөхүйц гэж үздэг. Хэдийгээр янз бүрийн аргууд нэвтэрч байгаа ч гэлээ гайхамшигт хос эрхтэний гэрэл ашиглалт, энерги зарцуулалт, амьдрах хугацаа, 20 см хийгээд 40 км-ын тэртээх юмыг нэг зэрэг тод харж чаддаг тийм аппаратыг орчин үеийн шинжлэх ухаан хараахан хийж чадаагүй л байна.

Холын харааны шил зүүгч
Холын харааны шил зүүгчдийн нүдний алим арагшаа их урт байдаг. Иймээс холын юмнаас ойсон гэрэл торлог бүрхүүл дээр биш арай өмнө нь тусан бүдэг дүрс үүсгэдэг байна. Холын харааны гадна тал нь зузаан, гол нь хүнхэр шил гэрлийг цацруулан торлог бүрхүүл дээр цугларуулдаг байна. Нүдний шил бодит дүрсийг жижигрүүлнэ. Зөвхөн шилнийхээ голоор харах тул хүний харааны багтаамж багасдаг байна. Холын хараа их муутай бол шилнийх нь зах их зузаарах тул шил их хүнд болж ирнэ. Хэт хүчтэй шил зүүвэл тархи хүлээн авч боловсруулахад хүнд болж ирнэ.
Ойрын харааны шил зүүгч
Тэдний нүдний алим их богино байдаг. Харж байгаа юмнаас ойсон гэрэл торлог бүрхүүл дээр биш ард нь тусна. Ойрын харааны гол нь зузаан зах нь нимгэн гүдгэр шил гэрлийг цуглуулан торлог бүрхүүл дээр тусгана. Ойрын харааны шил зүүгч дүрсийг томруулж харна. Мөн л шилний голоор харах тул харааны багтаамж багасдаг байна. Ойрын харааны өндөр диоптринтэй шил тун хүнд байх тул зүүхэд төвөгтэй. Хэт хүчтэй буюу өндөр нөлөөтэй шил зүүвэл тархи хүлээн авч боловсруулахад хүнд болж ирнэ.

Линз
Сүүлийн үед нүдний шилний оронд контакт линз хэрэглэх болжээ. Мэдээж энэ нь хэрэглэхэд хялбар, спортоор хичэллэхэд саад болохгүй, үсэрч харайх гэх мэтийн хүчтэй хөдөлгөөнд унахгүй. Хатуу болон уян линз бий. Контакт линзний завсраар хүчил төрөгч сайн орж байхаас гадна нүдэнд торох юмгүй эвтэй байх ёстой. Үүнийг эхэлж хэрэглэхэд нүдэнд тоос орчихоод тороод байгаа юм шиг сэтгэгдэл төрдөг. Гэхдээ ихэнх хүмүүс уян линзийг сонгодог. Уян линзний тухайд түүний дор хүчилтөрөгч нэвтрэх боломжгүй тул нян үржих боломж бүрдэж байна гэсэн үг. Ингэснээр халдвар авч нүдний аягыг тэр аяар нь үрэвсүүлэх аюултай. Энэ тун ховор тохиолдол л доо. Гэсэн ч таагүй зүйлийг өөр дээрээ турших хэрэг юу байна. Контакт линзтэйгээ унтаж болно гэж рекламдаж байлаа ч авч тавиад унтах хэрэгтэйг сануулъя.
Хол ойрын контакт линз зүүгчид
Хатуу буюу хэлбэр нь өөрчлөгддөггүй контакт линз нулимсан дунд хөвж байх бөгөөд нүд цавчих болгонд шинэ нулимсаар чийглэгдэж байдаг. Түүний хамтаар эвэрлэг хүчил төрөгчөөр байнга тэжээгдэж байдаг. Ийнхүү хатуу линзний доор уураг сууж бохирддоггүй байна. Ихэнх хүмүүсийн нүд гадны биетэд дасахдаа тааруухан шүү дээ.
Уян контакт линз нь нүдний эвэрлэг дээр хумбайн тогтоно. Хатуу линзийг бодвол доогуур нь хүчилтөрөгч орох нь муу.
Хамгийн сайн нь силикон-гидрогель линз. Хатуу линзээ бодвол нүдэнд тун эвтэйхэн. Гэхдээ завсраар нь хүчилтөрөгч бага ордог учир уураг хуримтлана. Тэгэхээр хүчилтөрөгч орох нь бүүр ч багасна гэсэн үг. Хатуу линзийг бодвол арчилгаа их шаарддаг. Мөн зөвхөн шөнө зүүхэд зориулсан линз бий. Ингэснээр тухайн хүний эвэрлэг тэгшрэн өдөр зүүх шаардлагагүй. Гэхдээ 4,5 диоптрин хүртлэх холын харааны шил зүүдэг хүмүүсийн хувьд л боломжтой. Энэ нь өдөртөө харааны хэрэгсэл шаардлагагүй болдгоороо сайн. Ариун цэврийн горимыг сайн сахихгүй бол аюултай үрэвсэлд хүргэнэ. Түүнийг зүүсэн хүн бүр сэтгэл ханамжтай байдагггүй. Харж байгаа юм тод биш болох, ялангуяа оройдоо дугуй цагаан цагариг гарч ирэх зэрэг муу талтай.
Та нүдний шил зүүх болон контакт линз хэрэглээд ч ямар нэг үр дүн үзүүлэхгүй бол яах вэ гэж бодож байна уу. Харин ч үүгээр зогсохгүй лазерийн туяагаар нүдний эвэрлэгийг эмчлэх, гэрлийн хугарлыг өөрчлөх арга бас бий гэдгийг хэлэхэд таатай байна.
Лазер арга

Дэлхийн аль ч улсад хэрэглэгддэг харааны гажиг засах аргуудыг монгол хэрэгжүүлдэг. Үүний дотроос насны доройтлоос үүддэг нүдний болор цайх өвчний эмчилгээ болох хиймэл болор суулгах мэс ажилбар хамгийн түгээмэл. Анх 1990–ээд оноос хойш хиймэл болор суулгаж эхэлжээ.

- Ихэвчлэн ямар шалтгаанаар болор цайдаг вэ?
- Ерөнхийдөө дэлхийн хүн амын дунд 50 болон түүнээс дээш насныханы эзлэх хувь улам ихэсч байна. Болор цайх өвчин гэдэг маань насжилттай холбоотой. Үүнээс гадна гэмтлийн гаралтай болон төрөлхийн болор цайлт гээд олон шалтгаан бий. Хүмүүс болор нь цайгаад юу ч харахгүй болсон хойноо л ирдэг байсан. Харин одоо хүмүүсийн эрүүл мэндийн боловсрол сайжирсантай холбоотой харьцангуй анхаарал тавин эрт эмчлүүлэх нь элбэг болсон.
- Хагалгааний үнэ өртөг ямар байдаг вэ?
- Нийгмийн халамжийн сангаас өндөр настнуудад зориулсан хиймэл эрхтэний мөнгийг нэг удаа бүрэн олгох тухай хууль бий. Анх монголд хиймэл болор суулгаж эхэлж байх үед буюу 1990 онд зөвхөн хиймэл болорын өртгийг 100 доллар гэж тогтоосон. Одоо бараг хорин жил өнгөрч , нийгэм цаг үеийн байдал өөрчлөгдчихөөд байхад тухайн үед тогтоосон үнээрээ л байж байна. Гэтэл гадаадаас оруулж ирж байгаа зөөлөн болор болон хагалгааны үед хэрэглэх бусад зүйлс маш үнэтэй болсон. Америк, Швейцарь, Энэтхэг, Хятад, Орос гэх зэрэг орнуудаас оруулж ирдэг л дээ. Аль улсын болорыг хийлгэж байна гэдгээсээ үнэ ханш нь харилцан адилгүй. Хамгийн багаар бодоход 400 -500 долларын ханштай байна. Манай монголын хувийн нэг эмнэлэгт энэтхэг эмч нар ирж хиймэл болорын хагалгаа хийсэн. Тэд бидний хийж байгаа арга технологиор, бидэнтэй яг адил түвшинд энэтхэг болороо тавиад хийж байгаа хэрнээ 700-800 доллараар үнэлдэг. Хүмүүс ч үнэ ханшийг нь нэг их харгалзахгүй хийлгэсэн шүү дээ.Тэгэхээр аль 1990 онд нийгмийн халамжийн сангаас тогтоож өгсөн ханш одоогийн өндөр түвшний хагалгаанд тавигдаж байгаа өртөг хоёр огт нийцэхгүй байна гэсэн үг. Дунд нь хамгийн гол нь өвчтөн хохирч байна.
Болорын хагалгаа хийлгэсэн өвчтөн С.Намнан:
- Хагалгаа хийлгэх болсон шалтгаан тань юу вэ?
- Миний хараа залуу байхын л тааруухан байсан. Өндөр номерийн харааны шил зүүдэг байлаа. Өнгөрсөн жилээс нэг нүд маань огцом муудаж бараг харахаа болисон. Ингээд эмнэлэгт хандан Т.Анара эмчид үзүүлээд нүдний болор солиулах болсон юм. Алтан гартай эмчээрээ америк болор суулгуулан сайн хардаг болоод баярлаж сууна даа. Хоёр нүдээрээ хорвоог харах болсон доо үнэхээр их баяртай байна. Хуучин сайн харж байна гэж бодож байснаасаа хэд дахин илүү, бүр маш сайн харж байна. Өчигдөрхөн л юм үзэхгүй байсан хүн чинь одоо тормолзтол харж сууна. Маргааш эмнэлгээс гарна.
- Тантай ижил зовлонтой хүмүүст та юу гэж хэлэх вэ?
- Би жил шахуу л өрөөсөн нүдтэй явлаа. Автобус хүрээд ирэхэд энэ хаанахынх вэ? гээд л байнга асууна. Нүд гэдэг хэчнээн чухал эрхтэн гэдгийг ойлгох хэрэгтэй. Хөл, гар өвдвөл таяг тулаад ч болсон явна шүү дээ. Харин хорвоог харах нүдгүй бол аймшиг. Нүдээ хайрлаж хамгаалж явах хэрэгтэй шүү гэж захия даа.
Нүдний эмч нартай ярихдаа та юу анхаарах ёстой вэ?

Хараа муудаад хөгширч байгаа юм байх даа гээд нэг найз маань инээд болгоод өнгөрч байсныг гэнэт саналаа. Хөгшрөхөөр л хараа мууддаг гэсэн бодолтой хүмүүс нээрээ олон шүү. Харин ч нүднийхээ ямар нэг эмгэгийг эмчлүүлэхгүй цаг алдсанаар сохроход ч хүрч болзошгүй гэдгийг ухаарах хэрэгтэй. Мөн хол, ойрын хараа муудлаа. Нүдний шил зүүхээр тийм ч их зохихгүй байна тэглээ ч байн байн авч тайлахад нүдний шил түвэгтэй юм, линз хийлгэхээс гэж ярих хүмүүс байдаг. Ингээд л болох болохгүй арга хэрэглэж харамсаад барахгүй эрсдэл дагуулах нь энүүхэнд. Харин үүнийг уншсан уншигч та бага ч болов мэдээлэл авч өөртөө тохирох, эрсдэл багатай аргыг сонгоно гэдэгт найдаж байна. Нүдний цөцгий мэт хайрла гэдэг чинь зүгээр ч нэг хэлсэн үг биш. Маш эмзэг шүү онцгой анхаараарай гэсэн санаа.

Таны нүдний ээвэрлэг зүгээр биз?
Энэ босоо хэвтээ зураас бүхий дүрсийг 20 см-ийн зайтай тавиад хараарай. Дараа нь нүдээ хэсэг аньж байснаа зүүн нүдээ аньж байгаад баруун нүдээрээ хараарай. Босоо болон хэвтээ зурааснууд ижил тод, ижил бүдүүн байна уу? Дараа нь хагас дугуй 90 градус эргүүлээд хараарай. Зурааснууд тэгш байна уу? Муруй юм шиг санагдаж байна уу? Мөн баруун нүдээ аньж байгаад зүүн нүдээрээ шалгаарай. Хэрэв дүрс бүдүүн нарийн, тод бүдэг, муруй харагдах юм бол таны нүдний эвэрлэг эмчид үзүүлэх шаардлагатай байна гэсэн үг.


