Хорт хавдраар өвчилсөн л бол эдгэх найдлагагүй гэсэн бодол бидний дунд түгээмэл байдаг. Тэгвэл энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчилсөн тохиолдолд бүрэн гүйцэд эмчлүүлэх боломжтой ажээ. Гэхдээ хорт хавдрын эмчилгээний үр дүн нь өвчин ямар үе шатандаа байгаагаас шалтгаалдаг гэдгийг эмч нар сануулж байна. Хэдий чинээ эрт эмчилгээ эхэлнэ төдий чинээ үр дүн нь сайн байдаг.
 
     Зарим төрлийн хавдраас сэргийлэх вакцин, хавдрын өсөлтийг зогсоох аргууд нээгдэж, мэс заслын арга техник улам боловсронгуй болсоор байгаа ч энэ өвчнийг төгс эмчлэх арга хараахан бий болоогүй байна. Агаарын бохирдол, экологийн тэнцвэргүй байдал, эм бэлдмэл, химийн гаралтай хүнсний бүтээгдэхүүн зэргээс шалтгаалаад хавдар нь дэлхий нийтийн анхаарал татсан өвчнүүдийн тоонд аль хэдийнэ орсон. Иймд хувь хүнээс шалтгаалах, бас шалтгаалахгүйгээр хавдартай болох эрсдэл нэмэгдсэн өнөө үед та өөртөө анхаарал тавьж, шинжилгээ хийлгэж байхыг мэргэжлийн эмч нар зөвлөж байгаа юм. Иймд энэ удаагийн хавтасны сэдвээрээ уг өвчний талаар бэлтгэлээ.
 
Хорт хавдар гэж юу вэ?
 
     Хавдар судлалын үндэсний төвийн туяа эмчилгээний тасгийн эрхлэгч Б.Энхтуяа энэ тухай хариулахдаа хавдар гэдэг нь ямар нэг эрхтэн дэх эд эсийн замбараагүй өсөлт юм. Яг чухам юунаас үүсч байгааг эрдэмтэд нарийн тогтоож чадаагүй л байна. Вирусын, хоол ундны болон витамины дутагдлаас гэх зэргээр олон янзаар тайлбарлаж байгаа. Гэхдээ хавдрын урьдал өвчин гэж байдаг. Жишээ нь ходоодны хавдар гэхэд ходоодны хүчил ихэдснээс шарх үүсч, өвчтөн эмчлүүлэхгүй удвал даамжран хавдар болох тал бий.
 
     Мөн эмэгтэйчүүдийн умайн хүзүүний хавдар ч уг эрхтний шархлаанаас үүсч болно. Бас эх үүсвэр нь огт мэдэгдэхгүй, хүний биеийн бүх булчирхайг хамарсан, уушигны голч завсрын зэрэг хавдар байдаг гэж хариулж байна.
 
     Гавьяат эмч Ц.Авирмэд хүний биед 400 гаруй төрлийн хавдар үүсдэг гэж үздэг. Хортой хавдрын онцлог нь бусад эд эрхтэнд тархах, хажуу эрхтэн рүү түрж ургах, үсэрхийлэх буюу өөрөөр хэлбэл эсийн эмх цэгцгүй хуваагдалд ордог. Улмаар бусад эрхтэнд лимф, цусны судас руу дамжин өөр эрхтэнд үсэрхийлдэг, аминд аюултай өвчин юм.
 
     Хавдар болгон өөр өөр шалтгаантай. Харин умайн хүзүүний хорт хавдрын хувьд хамгийн сайн судлагдсан, хамгийн дэлгэрэнгуй мэдээлэлтэй, шалтгааныг нь үндсэндээ тодорхой гэж үздэг. Умайн хүзүүний хавдраар ихэнхдээ бэлгийн харьцаанд орсон эмэгтэйчүүд өвддөг ба өвчний гол эх үүсвэр нь бэлгийн замаар халдварлагддаг вирус юм. Гол шалтгаан нь залуучууд эрт бэлгийн харилцаанд орох, бэлгийн замбараагүй харилцаа болон олон хавьтагчтай байх явдал. Ялангуяа папиллом вирусийн халдвар гол нөлөө үзүүлж байна гэсэн юм.
 

 
Хавдар яаж эхэлдэг вэ?
 
     Хорт хавдар нь бие махбодын бүтэц үйл ажиллагааны үндсэн нэгж эсүүдийн үл зохицуулагдах үржлийн дүнд үүссэн илүүдэл ургалт ажээ. Эрүүл эсүүд нарийн цэгцтэй, тодорхой үүрэг гүйцэтгэдэг бөгөөд үүндээ тохирсон өөр өөр хэлбэртэй байдаг. Биеийн хэвийн үйл ажиллагааг 50,000 тэрбум эс зохицуулдаг. Хүний биед өдөр бүр 25 сая эс мөхөж байхад нөгөө талаас мөн тооны эс нөхөн төлждөг байна.
 
     Эрүүл биеийн хэвийн үйл ажиллагаа нь эсийнхээ тоог тогтмол нэг хэмжээнд барьж зохицуулан хянадаг. Гэвч эсийн энэ тэнцвэрт байдал нь орчны янз бүрийн хүчин зүйлсийн нөлөөгөөр алдагддаг. Ийм л үед эсийн хэвийн тэнцвэрт байдал хямралд өртөж хязгааргүй хурдан өсөх, хордуулах бодис ялгаруулах зэрэг шинжийг агуулсан эсүүдээс бүрдсэн хавдар үүсэн буй болно. Ингэж бий болсон хавдрын эсүүд эрүүл эс шиг нарийн, өвөрмөц үүрэг гүйцэтгэх чадвараа алдаж, үл захирагдах үржилд шилжинэ.
 
     Хорт хавдрын эсүүд хавдрын цулаас тасарч, цусаар хүний биеийн бусад эрхтэнд тээгдэж очин тэндээ үржиж үсэрхийлэл үүсгэдэг ажээ. Хавдар бүхэн хортой байдаггүй. Хорт хавдар нь ойролцоох эд рүүгээ нэвчин орж, эдийн бүтцийг эвдэж сүйтгэн үйл ажиллагааг гажуудуулдаг. Хурдан явц, нэвчмэл ургалттай. Харин хоргүй хавдар нь хэвийн ялгаралтай эсээс тогтох ба түлхэх хэлбэрээр удаан ургана. Үсэрхийлдэггүй.
 
Хэдэн наснаас хавдараар өвчлөх эрсдэл эхэлдэг вэ?
 
     Хүний биеийн эд эс байнга солигдож, хуучин эс үхэж, дахин шинээр ургаж, төлжиж байдаг. Харин 25 наснаас эхлэн энэ хэвийн үйл ажиллагаа удааширч эд эсийн түвшинд хөгшрөл явагдаж эхэлнэ. Энэ бол хавдраар өвчлөх нөхцөл бүрдэж байна гэсэн үг юм. Харин биед харш, хортой зүйл хэрэглэх, хоолны буруу дэглэм сахих, биеийн эсэргүүцэл буурах, хортой нөхцөлд ажиллах, жимс ногоо бага хэрэглэх зэрэг нь бүгд хавдар үүсгэх эрсдэл болдог.
 
     Одоогийн байдлаар манай улсад 100 гаруй төрлийн хавдраар өвчилсөн тохиолдол бүртгэгджээ. Эдгээрээс элэг, ходоод, улаан хоолой, уушги, умайн хүзүү, хөхний хавдрууд нийлээд 80 гаруй хувийг эзэлдэг байна.
 
Хавдрын шинж тэмдэг ба сэргийлэх арга
 
Элэгний хавдраас сэргийлэх нэг арга вакцин
 
Хамгийн түгээмэл нь буюу дээр дурьдсан зургаан хавдар дотроо 43 хувийг эзэлдэг. Үүсдэг гол шалтгаан нь В, С вирус бөгөөд халдварт шараар өвдсөн хүмүүс үүгээр өвчлөх өндөр эрсдэлтэй. Элэгний хавдраас сэргийлэх үндсэн арга нь вакцин. Манай улс хүүхэд төрмөгц вакциныг хийдэг болоод 7-8 жил болж байгаа. Тиймээс цаашид элэгний хавдраар өвчлөгсдийн тоо буурах магадлал бий. Насанд хүрэгчид элэгний хавдраас сэргийлэхийн тулд энэ вакциныг хийлгэж болох юм. Үүний тулд эхлээд өөрийгөө В эсвэл С, А вирус тээж байгаа эсэхийг оношлуулна. Хэрэв вирус тээгээгүй бол вакцин хийлгэж болно.
 
Хоолондоо анхаар
 
Даршилсан, нөөшилсөн, утсан зүйл болон халуун ногоотой хүнсийг ихээр хэрэглэх нь ходоодны хавдар үүсгэхэд нөлөөлдөг. Ер нь амьтны гаралтай өөх, тосонд хавдар үүсгэгч бодис их агуулагддаг. Ногоон навчтай жимс, ногоонууд хавдар эсэргүүцэх, хорыг тайлах чадвар сайтай болох нь тогтоогдсон. Мөн сүүлийн үеийн судалгаагаар ходоод шархлах нэг шалтгаан нь хелико бактери гэж үзэж байна.
 
Япон улс ходоодны хавдрын өвчлөлийг сайн хөргөгч үйлдвэрлэж, хэрэглээнд нэвтрүүлснээр шийдсэн гэдэг. Ингэснээр бүтээгдэхүүн тус бүрийг зохих температурт нь хадгалах боломжтой болжээ. Үүнээс гадна хоол халааж идэх явдлыг бүр мөсөн зогсоох хэрэгтэй. Ходоодны хавдар үүсэхэд хамгийн гол нь нитрит, нитратын давс нөлөөлдөг бөгөөд удах тусам хоолонд байх агууламж нь нэмэгддэг. Тиймээс хоносон хоолноос татгалзаарай.
 
Халуун хоол, цай улаан хоолойг гэмтээдэг
 
Хоол, цайг хэт халуунаар нь хэрэглэх, архи, тамхи зэрэг нь улаан хоолойг байнга түлж, цочроосоор улаан хоолойн хавдар үүсгэх гол нөхцөл болдог. Гар, хөлөө байнга түлж, цочроогоод байвал арьс нь дараа дараагийн цочрооноос сэргийлэн зузаарч, сорвиждог шиг улаан хоолой ч мөн хамгаалах урвалтай ажээ. Энэхүү урвал нь даамжирсаар эсийн гаж хөгжил болон хувирдаг. Улмаар улаан хоолойн хорт хавдар үүсдэг байна.
 
Уушигны хавдарын гол шалтгаан тамхи
 
Уушгины хавдрын 80 хувь нь тамхи татахтай холбоотой байдаг. Гэхдээ огт тамхи татдаггүй хүн ч уушгины хавдартай болж болно. Учир нь тамхины утааны 80 хувь нь тамхитай орчинд байдаг хүнийг, 20 хувь нь тамхи татдаг хүнээ хордуулдаг болох нь тогтоогдсон билээ. Тамхинд 3000 гаруй химийн хорт бодис агуулагддагаас 1500 орчим нь шууд хавдар үүсгэх бодис ажээ. Мөн агаарын бохирдол, химийн хорт бодис ууршиж байдаг газар ажиллах нь хавдар үүсгэдэг. Уушгины хавдрыг рентген шинжилгээгээр илрүүлдэг ч хүний нүдэнд харагдахуйц хэмжээнд ирсэн, зовиур өгсөн бол хожуудсан байдгаараа аюултай.
 
Жил бүхэн эсийн шинжилгээ өгөөрэй
 
Хавдар үүсгэгч вирус нь ямар ч өвчин үүсгэхгүйгээр эрэгтэй хүний бэлэг эрхтэнд тээгдэж байдаг. Энэ нь эмэгтэй хүнд халдварлахад хэрэв эмэгтэй нь бэлгийн олон хавьтагчтай, бие сульдсан, биеийн эсэргүүцэл нь муудсан байвал хавдар үүсгэх эрсдэлийг нэмэгдүүлдэг. Мөн бэлгийн замын халдварт өвчин тусах, олон удаа үр хөндүүлэх, жирэмснээс хамгаалах төрөл бүрийн гормоны бэлдмэлүүдийг хэрэглэх, удаан хугацаагаар спиральтай байх зэргээс шалтгаалаад умайн хүзүүнд шарх үүсэж, эмчлэхгүй удаавал хавдар болох үндэстэй. Умайн хүзүүний шархлааг наяад он хүртэл хавдрын урьдал өвчин гэж үздэг байсан. Сүүлийн үед эд эсийн шинжилгээний үр дүнд шарх бүхэн хавдар үүсдэггүйг нотолсон байгаа. Зарим тохиолдолд шарх хэлбэртэй харагдаж байгаа ч эсийн өөрчлөлтүүд байдаг. Тиймээс шархлаа гэдэг нь харьцангуй ойлголт юм.
 
     Хавдар туссан үед ямар ч зовиур, шалтгаангүйгээр гэнэт цус алдах шинж тэмдэг илэрдэг. Иймд эмэгтэйчүүд жил тутам эсийн шинжилгээ хийлгээрэй.
 
Жирэмслэлтээс хамгаалах эмнээс болгоомжил
 
Олон удаа үр хөндүүлэх жирэмслэлтээс хамгаалах эм тариа, гормоны бэлдмэлүүдийг ихээр хэрэглэх нь хөхний хавдар үүсгэх гол шалтгаан болдог. Хэрэв хөхний толгойноос шүүс гарах, өвдөх зэрэг шинж илэрвэл рентген зураг авахуулж, эсийн шинжилгээ яаралтай хийлгээрэй. Ер нь хавдар бүр өөр өөрийн илрэх шинж, эмчлэх арга, үүсгэх шалтгаантай байдаг бөгөөд хамгийн аюултай нь урт хугацаанд мэдэгддэггүй, ямар нэгэн зовиур өгөхгүйгээр даамжирдаг.
 
• Хөхний арьс улайж барзайх, хөндүүрлэж хавдах
• Хөхний аль нэг хэсэгт хэлбэр нь өөрчлөгдөн арьс хонхойх
• Хөхний товч татагдан цааш хонхойх
• Хөхнөөс цусархаг буюу идээрхэг ялгадас гарах нь хавдрын шинж юм.
 
"А" аминдэмийн дутлаас хавдар үүсч болно
 
Амны хөндийн хорт хавдар
Энэтхэг, Хонконг, Сингапур, Вьетнам зэрэг улсад зажилдаг тамхи өргөн хэрэглэдэг учраас элбэг тохиолддог байна. Энэ төрлийн хавдар архи, тамхийг хэтрүүлэн хэрэглэх, хоол, ундны зохисгүй хэрэглээ, тохиолдлын шархнаас үүсдэг ажээ. Харин хорт хавдарт шилжих хүртэл хугацаа нь 10-15 жил үргэлжилнэ гэж мэргэжилтнүүд тогтоосон байдаг. Ер нь, амны хөндийн өвчний оношийг эрт тогтоогоод эмчилж чадвал хорт хавдраар өвчлөхгүй байж болно. Амны хөндийн хорт хавдар үүсгэдэг цөөхөн хэдэн шалтгаан бий. Тэрний нэг нь тамхи татах. Хорт хавдраар өвчлөөд ирж байгаа хүмүүс 20-30, түүнээс дээш жил тамхи татсан байдаг. Өдөрт татаж байгаа тамхины хэмжээ ч нөлөөлнө. Тамхины утаа амны хөндийн салстад өөрчлөлт оруулснаар хавдрын эх суурийг тавьдаг байна. Тамхийг архитай хавсарч хэрэглэвэл эрсдэл нь хэд дахин нэмэгддэг.
 
     А амин дэм нь амны хөндийн салстын эд эсийг нөхөн сэргээж, төлжүүлэх үүрэгтэй. Гэтэл энэ нь дутагдсанаас хавдар үүсэх талтай. Бас амны хөндийн ариун цэвэр сахиагүй, тохироогүй хиймэл шүднээс ч болдог тал бий. Анхны шинж тэмдэг нь аман дотор улаан, цагаан, бараан өнгийн толбо үүснэ. Мөн нүүр, хүзүүнд хавдар маягийн хатуу товгор үүсээд хоёр долоо хоногийн дотор эдгэхгүй байх, аманд цус амтагдаж, байнга цус шүүрэх. Доод уруулын хавдар арьс, эсвэл эрүүний яс руугаа тархдаг. Хэлний хавдар ам залигуур, амны хөндийн ёроол руу тархна. Тунгалгийн булчирхайгаар дамжин уушиг, элэг, тархинд үсэрхийлдэг байна.
 
 
Хавдартай байж болох нийтлэг шинж:
 
• Биеийн аль нэг хэсэгт харагдаж, тэмтрэгдэхээр овгор, товгор үүсэх
• Ямар ч шалтгаангүйгээр турах
• Хоолны дуршил буурах
• Цус гаралт нэмэгдэх
• Шалтгаангүйгээр хоолой сөөх, өвдөх, юм залгихад торох, ханиалгах
• Өтгөн, шингэнд өөрчлөлт орох
• Шээсний гарц саадтай болох, эсвэл задгайрах
• Ямар ч шалтгаангүйгээр сульдах, ядрах
 
Бүдүүн гэдэсний хавдар ихсэх төлөв "харагдаж" байна
 
Одоогийн байдлаар монголчуудын дунд хамгийн их тохиолдож байгаа таван хавдарын тоонд бүдүүн гэдэсний хавдар ордоггүй. Гэвч сүүлийн жилүүдэд оношлогоо сайжирсантай холбогдон энэ төрлийн хавдрын илрүүлэлт эрс өсжээ.
 
     Бүдүүн гэдэсний хавдраас хэрхэн урьдчилан сэргийлэх, түүний шинж тэмдэг, онцпогийн талаар "Улаанбаатар Сонгдо" эмнэлгийн дурангийн эмч А.Баттулгаас тодруулсан юм.
 
      - Энэ төрлийн хорт хавдар юунаас шалтгаалан үүсдэг юм бол?
 
     - Энэ төрлийн хавдар сүүлийн үед Азийн орнуудад өсөх хандлагатай байгаа. Америк, Европын орнуудад 2-3 дугаар байрт ордог. Өвчлөл их байгаагийн шалтгааныг махан хоолтой холбон тайлбарладаг. Япон, Солонгос зэрэг оронд энэ төрлийн өвчлөл нэмэгдсэнийг эрдэмтэд дайнаас хойших жилүүдэд тэдний хооллох зан үйлд өөрчлөлт орсон, махан хоол иддэг болсонтой холбоотой гэж үзэж байна. Монголчууд мах их иддэг, тэгэхээр энэ төрлийн хавдар байх магадлал өндөр юм.
 
     - Энэ магадлал дурангийн шинжилгээгээр "харагдаж" байна уу?
 
     - Манай эмнэлгийн голлох шинжилгээний нэг нь бүдүүн гэдэсний дурангийн шинжилгээ юм. Шинжилгээгээр бүдүүн гэдэсний ургацаг, булчирхайн хоргүй хавдрын янз бүрийн хэлбэр, эрт үеийн хавдар, хортой хавдар илэрч байна. Сард 300 орчим хүнд шинжилгээ хийхэд 25-30 хувьд нь дээрх эмгэгийн аль нэг нь байна.
 
     - Бүдүүн гэдсэнд ямар нэг "асуудал" үүссний шинж тэмдэг ямар байх вэ?
 
     - Бүдүүн гэдсэнд нь ургацаг ургасан, булчирхайн хоргүй хавдар үүссэн байхад өөрт нь ямар ч шинж тэмдэг мэдэгдэхгүй. Энэ нь явсаар хортой хавдарт шилжсэн үед өтгөн цустай гарах, хэлбэр өөрчлөгдөх, хэвлийгээр өвдөх шинж мэдэгднэ. Хавдар бүр томорсон үед өтгөн хаагдаж, маш их зовиуртай болдог. "Гэдэсний түгжрэл" гэсэн оноштой яаралтай хагалгаа хийлгэж байгаа өвчтний ихэнх нь түгжрэл биш хорт хавдартай болсон байдаг.
 
     - Урьдчилан сэргийлэх гол арга юу байна?
 
     -  Дурандуулах. Манай эмнэлэгт урьдчилан сэргийлэх зорилгоор дурангийн шинжилгээг олон хүн хийлгэж байна. Өмнө нь улсын хэмжээгээр жилдээ 300 орчим хүн бүдүүн гэдэсний дурангийн шинжилгээ хийлгэдэг байсан бол өнөөдөр зөвхөн манай эмнэлэгт, сард 300 хүн ийм шинжилгээ хийлгэж байна. Европын орнуудад энэ төрлийн өвчнөөс сэргийлэхийн тулд нийтийг хамарсан судалгаа явуулж эрсдэлтэй бүлгийг бүрдүүлдэг. Тэгээд шинжилгээнд заавал хамруулдаг. Манайд одоохондоо иймэрхүү бодлого алга.
 
     - Бүдүүн гэдэсний дурангийн шинжилгээг хэд хэдэн эмнэлэг хийдэг шүү дээ. Танайд яагаад ийм олон эмгэг илэрч байна?
 
     - Бүдүүн гэдэс дурандах шинжилгээ нь эмчээс ур чадвар шаарддаг, өвчтөнд зовиуртай, бүдүүн гэдсийг цэвэрлэх нь нарийн төвөгтэй учраас энэ шинжилгээ олон хийгддэггүй байлаа. Гол нь гэдэс цэвэрлэх зориулалтын эм, бодисгүй байсан. Манай эмнэлэг бүдүүн гэдсийг цэвэрлэх олон улсын стандартын эмийг хэрэглэж, шинжилгээнд маш сайн бэлтгэж чадаж байгаа учраас эмгэг олноороо илэрч байна. Сайн цэвэрлэсэн гэдэснээс өчүүхэн жижиг ургацаг, хавдар, өөрчлөлтийг ч илрүүлэх боломж байна. Дээр нь хамгийн орчин үеийн аргаар, өвчтөнд зовиургүй, богино хугацаанд дурандах аргыг хэрэглэж байна. Дурандахын зэрэгцээ ургацагууд, хоргүй хавдарыг авч байгаа. Нэг удаа ургацаг авахуулаад болчихно гэж байхгүй. Гэдэс маш олон эсээс тогтож байгаа учир дахин өөр өөр газар ургацаг ургадаг. Иймд ургацагуудын эсийг шинжлээд хэдэн сарын дараа дахин үзүүлэхийг тогтоож өгдөг. Хоёр cap, зургаан cap, таван жилийн дараа ч дахин ургаж болох ургацаг байдаг.
 
Үсээ будах нь аюултай
 
1970-аад оноос эхлэн үсчин, гоо сайханчдын дунд цус болон тунгалгийн системийн хортой болон хоргүй хавдар их байгааг тогтоосон байна. Хуйхны орчим болон үсний угт түрхдэг будагч бодис нь арьсаар дамжин эхлээд цусанд нэвтэрч дараа нь бүх биеэр тархдаг. Амьтанд хийсэн туршилтаар үсний будаг нь хорт хавдар үүсгэдгийг баталжээ. Бараан өнгийн будаг нь цайвар өнгийнхөөс илүү хортой байдаг нь ч батлагджээ.
 
     Үсээ будах нь цусны хорт хавдраар өвчлөх магадлалыг 50 хувь нэмдэг бөгөөд, 16 жил хэрэглэсний дараа энэ магадлал 150 хувиар ихэсдэг болохыг баталжээ. Үсээ жилд 1-4 удаа буддаг эмэгтэйг огт буддаггүй эмэгтэйтэй харьцуулахад өндгөвчний хорт хавдраар өвчлөх магадлал 70 хувь байхад жилд тав буюу түүнээс олон удаа үсээ буддаг эмэгтэйн өвдөх магадлал 100 хувь байна.
 
     Зарим судалгаагаар үс будах болон тунгалгийн хорт хавдраар өвчлөх магадлал (50 хувиас их) уялдаатай болох нь илэрчээ. Өмнөд Калифорнийн их сургуульд 2001 онд хийсэн судалгаагаар 15 жилийн турш сард нэг удаа үсээ буддаг хүн бусад хүмүүсийг бодвол давсагны хорт хавдраар өвчлөх нь гурав дахин их байдгийг тогтоожээ. Мөн уг судалгаагаар 10 болон түүнээс дээш жил үсчин хийсэн хүмүүс, үсээ буддаг хүмүүсийг бодвол давсагны хорт хавдраар өвчлөх магадлал тав дахин их байдаг гэжээ.
 
     Үнэртэн гоо сайхны бараанд түгээмэл тохиолддог кетон, ксилен агуулсан бодисууд нь хорт хавдар үүсгэдэг байж бас болох ажээ.
 
Хаана, ямар шинжилгээ хийлгэж болох бол?
 
     Пап тест буюу эсийн шинжилгээ Монголд 1983 оноос эсийн шинжилгээг хийж эхэлжээ. Одоо Хавдар судлалын үндэсний төв/ ХСҮТ/, Улаанбаатар-Сонгодо, Деффодил зэрэг эмнэлэг эсийн шинжилгээ хийдэг. ХСҮТ дээр лаборатори ажиллаж байна. Эсийн шинжилгээг авахад тун хялбар. Өгч байгаа хүндээ ямар нэгэн зовиургүй. Хавдрын өөрчлөлтөнд орсон эсүүд гуужин, хуурч унах нь амархан болсон байдаг тул эсийн шинжилгээнд өөрчлөлттэй эсүүд шууд хамрагдах боломжтой. Эрт үеийн хавдрыг энгийн нүдээр хараад оношлох боломжгүй байдаг. Ер нь умайн хүзүүний хорт хавдрын шинж тэмдэг 1-10 жилийн хугацааг туулж байж нүдэнд харагдах хэмжээнд өөрчлөлт өгдөг. Тийм учраас эсийн шинжилгээ өвчнийг эрт илрүүлэхэд чухал юм байна.
 
Шинжилгээ өгөхөд анхаарах зүйл
 
• Сарын тэмдэг ирж байх үед өгөхгүй байх.
• Шинжилгээ өгөхөөс 48 цагийн өмнө шүршүүрт орж болохгүй.
• Шинжилгээ өгөхөөс 48 цагийн өмнө бэлгийн харьцаанд орж болохгүй.
• Шинжилгээ өгөхөөс 48 цагийн өмнө тампон, жирэмснээс сэр гийлэх. эм мөн эмэгтэйчүүдийн тос, ариун цэврийн хөөс зэргийг хэрэглэж болохгүй.
 
Хөхний рентген шинжилгээ
 
Хөхний хавдрыг эрт оношлоход рентген зураг авахуулах (маммографи) нь ач холбогдолтой байдаг. Энэ шинжилгээний давуу тал нь бараг мэдэгдэхээргүй маш өчүүхэн хэмжээтэй хавдрыг ч илрүүлэх чадвартай. Хэрвээ хавдрыг эрт шатанд нь илрүүлж чадвал эмчилгээг эрт эхэлж, амархан эдгээх боломжтой юм. Хөхний өмөнгөөс сэргийлэхийн тулд 40-өөс дээш насны эмэгтэйчүүд жилдээ ядаж ганц удаа хөхний эмчид үзүүлж, хөхний рентген зураг хийлгэж байгаарай. Рентген туяагаар хөхийг шинжлэхэд гараар илрүүлж болохооргүй жижиг уйланхай, хавдрыг ялангуяа гажгийг илрүүлэхэд үр дүнтэй..
 
Оношлогооны тоног төхөөрөмжөө шинэчилжээ
 
     ХСҮТ-ийн амбулаторийн тасгийн эрхлэгч Д.Баярмаагаас тус төвд оношлогооны ямар дэвшил гарсан талаар тодрууллаа. Тус төв сүүлийн хоёр жилд тоног төхөөрөмжийнхөө 80 хувийг шинэчилсэн байна. Дижитал рентген аппарат, ходоодны дуран, зүрхний эхо, хөхний рентген аппарат зэрэг хамгийн сүүлийн үеийн өндөр хүчин чадалтай, олон хэмжээст, өнгөт, олон зориулалт бүхий төхөөрмжтэй болжээ. Харин урьдчилан сэргийлэх үзлэг хийлгэхээр тус төвийг зорьё гэсэн хүнд ямар шинжилгээ, хэрхэн хийх талаар тэрээр ингэж ярилаа.
 
     - Байгууллага, хамт олны захиалга, гэрээгээр, ажлын бус цагаар /бямба гаригт/ хавдрыг эрт илрүүлэх, зөвлөгөө өгөх зорилгоор урьдчилан сэргийлэх багц үзлэг зохион байгуулдаг. Багцад уушигны рентген, ходоодны дуран, эхо, эд эсийн шинжилгээ, мэс засал, дотор, эмэгтэйчүүдийн эмчийн үзлэг зэрэг багтаж байгаа юм. Төлбөр нь нэг хүн 28 мянган төгрөг.
 
     Байгууллагууд ийм үзлэгт ажиллагсадаа оруулахаар манайд урт дараалал үүсгэх болсон. Бид үзлэгийг чанартай, өгөөжтэй байлгах үүднээс нэг өдөр 40-өөс дээш тооны хүн хүлээн авдаггүй. Харин хувь хүн урьдчилан сэргийлэх зорилгоор шинжилгээ хийлгэхийг хүсвэл тодорхой төлбөр төлөөд, урьдчилан захиалгаа өгч дугаарт орох хэрэгтэй.
 
     Доод шатлалын эмнэлгээр оношлогдон илгээгдсэн өвчтөн ямар нэг төлбөр төлөхгүй. Иргэдийн эрүүл мэнддээ тавих анхаарал нэг үеээ бодвол эрс сайжирсан. Манай нэг эмч өдөрт 20 хүн үзэх нормтой. Гэтэл үзүүлэхээр ирж байгаа иргэд хүссэн хугацаандаа үзүүлж амжихгүйгээр дараалал бий болдог. Сард нэг удаа зохион байгуулж байгаа нээлттэй хаалганы өдрөөр иргэдээс бичиг баримт, төлбөр шаардахгүйгээр үзлэг хийхэд жирийн өдрийнхөөс хоёр дахин их ачаалал бий болж байна. Тэдгээрийн дотор эмзэг бүлгийн иргэд 50 гаруй хувийг эзэлж байгаа нь харагдсан.
 
 
     Энэ нь хавдрын урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээ хийх хүчин чадал, мэргэжилтэнг 1, 2 дугаар шатлалын эмнэлгүүдэд бэхжүүлэх хэрэгтэй байгааг харуулж байна гэсэн юм.
 
Хавдрын шинжилгээ хаана хийлгэж болох вэ?
 
Улаанбаатар-Сонгдо эмнэлэгт:
 
*Хавдарын маркерийн шинжилгээ /элэг, бүдүүн гэдэс, нойр булчирхай, ходоод, түрүү булчирхай /эр/, өндгөвч/эм/
 
*Ходоод, бүдүүн гэдэсний дурангийн шинжилгээ.
 
*Хөхний рентген шинжилгээ
 
*Умайн хүзүүний хорт хавдрын эсийн шинжилгээ хийдэг.
/Клиникийн нэгдүгээр эмнэлгийн баруун талд /
 
Эмэгтэйчүүдийн Деффодил клиникт:
 
Пап тест буюу эсийн шинжилгээ хийдэг.
/Байрлал Клиникийн 3-р эмнэлгийн баруун талд, хашаан дотор/
 
Эмэгтэйчүүдийн "Оби" эмнэлэгт:
 
Пап тест буюу эсийн шинжилгээ хийдэг. /ХСҮТ-ийн хашаан дотор/
 
"Аванте" оношлогооны төвд:
 
Ходоодны дуран, MPI хийдэг, / ХСҮТ-ийн хашаан дотор/ "
 
Нераму" төв
 
Хорт хавдрын маркерууд хийдэг. /ХСҮТ-ийн хашаан дотор байрладаг. 
 
Шүд өвчлөх нь хавдарын шалтгаан болж магадгүй
 
Шүдний өвчлөл нь улаан хоолой, толгой, хүзүү болон уушигны хорт хавдар үүсэх эрсдэлтэй холбоотой болохыг Японы эрдэмтэд тогтоожээ. Нагоя хотын их сургуулийн судлаачид нь дээрх төрлийн хорт хавдартай 5240 өвчтөн ба 10480 эрүүл хүн хамруулсан судалгаа явуулаад ийм дүгнэлтэнд хүрчээ.
 
 
Тэд шүдний өвчин нь улаан хоолойн хорт хавдар үүсэх эрсдэлийг 36 хувь, толгой болон хүзүүний хорт хавдар үүсэх эрсдэлийг 54 хувь, уушигны хорт хавдар үүсэх эрсдэлийг 68 хувь ихэсгэдэг болохыг тогтоожээ. Мөн эдгээр эмгэг үүсэх магадлал нь авахуулсан шүдний тоотой шууд хамааралтайгаар өсч байжээ. Үүнээс үүдэн шүдний евчин, шүдээ авахуулахтай холбоотой архаг үрэвслүүд нь хорт хавдар үүсэхэд шууд нөлөөлдөг хүчин зүйлсийн нэг болохыг үгүйсгэхгүй байна.
 
"Программчлагдсан" эс
 
Лондоны хүүхдийн "Грейт Ормонд Стрит" эмнэлгийн эмч нар хүүхдийн хорт хавдрыг эмчлэх шинэ арга боловсруулжээ. Энэ шинэ технологи нь өвчтөний дархлалын эсийг лабораторийн нөхцөлд "программчилж", дараа нь эдгээр эсийг өвчтөний биед буцаан суулгаснаар эсүүд хорт хавдрын эсрэг тэмцэх юм. Эмчилгээний шинэ аргыг хүүхдийн ясны хавдар дээр туршиж үзжээ.
 
Гар утас аюулгүй
 
Гар утас хэрэглэхэд тархины хорт хавдар үүсгэдэг гэсэн мэдээ нь худал цуурхал хэмээн Японы нэгэн судалгааны хэсэг баталсан байна. Тэд гар утасны цацраг туяа нь хүний биед ямар нэгэн хор хөнөөл учруулдаггүйг олон жилийн судалгааны үндсэн дээр баталсан аж. Токиогын "Women's Medical University''-ын (Эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн их сургууль) эрдэмтэд тархины хорт хавдартай 322 хүнийг ямар нэгэн өвчингүй 683 хүнтэй харьцуулан судалгаа хийсэн байна. Судалгаанд оролцсон бүх хүн гар утас ашигладаг ба урьд нь хорт хавдраар өвчилж байгаагүй аж. Судалгааны үеэр олон төрлийн гар утас ашиглаж, цацраг туяа тархины яг аль хэсэгт илүү нөлөөлдгийг шинжилсэн гэнэ. Уг туршилтыг удирдсан эрдэмтэн Наохито Ямагучи "Бид туршилтаараа тархины хорт хавдарт гар утас нөлөөлдөггүй ба хорт хавдар үүсгэдэггүй болохыг тогтоосон" хэмээн хэлжээ. Гар утас 1980-аад онд бий болжээ. Гэтэл үүтэй зэрэгцэн тархины хорт хавдрын өвчлөлийн тоо огцом нэмэгдсэн нь гар утас тархины хорт хавдар үүсгэдэг гэсэн хардлага төрүүлжээ.
 
Туршилтанд 10 жил гар утас хэрэглэсэн нийт 420 мянган хэрэглэгч хамрагдсан аж.
 
Хавдарыг хавдарын эсрэг
 
ОХУ-ын Томск хотын Сибирийн АУИС-ийн мэргэжилтнүүд хавдрын эсийг нанотехнологийн аргаар эсрэг төрөгч бий болгох арга нээсэн байна. Өвчтөнөөс авсан хавдрын эсийг никель титан суурин дээр ургуулаад буцаан хэвлийн хөндийд суулгадаг байна. Ингэж суулгасан эс хавдрын эсрэг бие болж, үсэрхийлсэн хавдруудын эсрэг үйлчилж эхэлдэг ажээ. Энэ аргыг тодорхой тооны өвчтөнд хэрэглэсэн нь үр дүнтэй болжээ.
 
Хорт хавдар үүсгэж болох хүнсний зүйлүүд
 
- Утсан мах хорт хавдар үүсэх гол шалтгааны нэг болдог хүнсний жагсаалтыг тэргүүлжээ. Өдөр 6vp 30-хан грамм утсан мах идэхэд хорт хавдараар өвчлөх эрсдэл 15-38 хувиар нэмэгдэх аж. Эрдэмтдийн баталж буйгаар ялангуяа энэ бутээгдэхуунд агуулагддаг нитрат болоод удаан хадгалахад зориулсан бодис нь хавдар wcrax эрсдэл болдог аж.
 
- Тос, өөх ихээр агуулсан бүтээгдэхүүн. Удаан болон олон дахин шарсан, халаасан, өөх тостой бүтээгдэхүүн өөртөө тос агуулдаг. хүнсний ногоо, жимс, жимсгэнэ ч үүнд хамаатай.
 
- Шарсан төмс, чипсэнд агуулагддаг нүүpc yc, акриламид гэх бодис биед хортойгоор нөлөөлдөг.
 
- Давс. Эрчууд ялангуяа давс ихтэй бүтээгдэхүүнээс аль болох татгалзах хэрэгтэй аж. Давс  хүнсэндээ ихээр хэрэглэдэг 500 хүн тутмын нэг нь хавдраар өвчлөх эрсдэлтэй байдаг гэнэ.
 
Шар буурцгийн сүмс. Европын зах зээлд зарагдаж байгаа шар буурцгийн хоёр мянга гаруй төрлийн сүмсэнд хийсэн шинжилгээний дүнд 35 хувь нь канцероген /хүнд металл/ гэх хорт хавдар үүсгэгч бодисыг агуулдаг нь тогтоогджээ. Энэ нь Вьетнам, Хятад, Тайвань, Филиппин зэрэг орны бүтээгдэхүүнд илүү байжээ.
 
Хорт хавдар үүсгэж болох химийн бодис хэрхэн үүсдэг вэ
 
Зарим химийн хортой бодис, тухайлбал олон цагирагт гидрокарбон нь тамхи, үйлдвэрлэлийн орчин, утсан хүнсний бүтээгдэхүүнд илэрдэг. Энэ нь мах, загас утах болон ил галд шарах үед амьтны гаралтай өөх тосны шаталтын улмаас бас үүодэг байна. Афлотоксин нь газрын самар, түүний тосонд тодорхойлогддог.
 
Бензопурин: Max, загасыг шарах, утах үед энэ бодис үүсдэг. Давтан хэрэглэсэн өөх тосонд шарах үед ч энэ бодис үүсдэг учраас тосыг дахин хэрэглэхээс татгалзах нь эрүүл мэндэд ашигтай.
 
Нитрозамин: Утсан гахайн мах, зайдас зэрэг хүнсний бүтээгдэхүүний хадгалалтын хугацааг уртасгахын тулд хэрэглэдэг нитрозамин нь хавдар үүсгэх хоруу чанартай Харин С аминдэмийн хоргүйжүүлэх (антиоксидант) үйлчилгээ нь нитрозаминыг саармагжуулдаг.
Цацраг туяа: Радиоидэвхт бодис, хэт ягаан болон рентген туяаны хэлбэрүүд нь цацраг идэвхт бодист багтаж хавдар үүсгэгч хүчин зүйл болдог.
 
Хавдарын явцыг удаашруулах, өвчлөх эрсдлээс хамгаалах бүтээгдэхүүн:
 
- А витамин агуулсан хүнс
Лууван, бууцай, улаан перц хүнсэндээ өргөнөөр хэрэглэдэг хүн хорт хавдарын эрсдэлээс 25 хувиар өөрийгөө хамгаапж чаддаг аж.
 
- Хорт хавдараас сэргийлэхэд гол үүргийг Е витамин гуйцэтгэдэг. Энэ нь ургамлын тос, улаан буудайн төрлийн хүнс, самарт ихээр агуулагддаг юм. Үүний зэрэгцээ хамгийн гол нь хүнсний ямар ч бүтээгдэхүүнд зөв хадгалалт чухал гэдгийг 6w мартаарай. Ногоон навчтай жимс, ногоонууд хавдар эсэргүүцэх, хор тайлах чадвар сайтай болох нь тогтоогдсон.