Энэ дугаарын сэдэв “Өнгө” гэхдээ энд улс төрийн, нийгмийн гэх мэт хүнд өнгөний тухай өгүүлэх гэсэнгүй. Тэгж өнгийг хүндрүүлэн өөр утганд шилжүүлэхийн оронд танд өнгө түүнээс авах таашаал, өнгийг хэрэглэх, анхаарах талаар санаа, зөвлөгөө, бодол өгөе гэж шийдлээ.
 
  Борооны дараах солонгыг, өнгийн бөмбөлөг агаарт хөөрч байгааг, хүүхдийн баяраар жаахан охид хэрхэн гоёсныг, тайзан дээрх бүжигчдийн хувцасны хээг өнгө өнгөөр нь ялган харж байгаа маань бидэнд асар их баяр баясгаланг авчирдаг. Хэрэв тэдгээрийг зөвхөн хар цагаан, эсвэл саарал өнгөөр хардаг бол баяр баясгалангийн 80 хувийг хассантай адил болох бизээ. Бидэнд байгалаас заяасан мэдрэмжүүдийн нэг гайхамшиг нь өнгө мэдрэх явдал юм. Тэгвэл өнгө гэж юу вэ. Тэрээр амьсгалах агаар, идэх хоол биш боловч амьдралын нэг тал юм. Яагаад гэвэл өнгөгүй юм гэж байдаггүй. Сэтгэл хүртэл, дуу хоолой хүртэл өнгөтэй гэдэг шүү дээ. Түүнийг бид хэрхэн ялган хардаг юм бол. Хүмүүс ямар өнгөнд дуртай, тэр нь хүнд хэрхэн нөлөөлдөг. Хүн өөрийгөө илэрхийлэхдээ өнгийг хэрхэн ашигладаг, зураг зурахдаа ямар өнгөөр зурдаг, сайн сайхныг хүсэхдээ ямар өнгийг ашигладаг юм бол.
 
Өнгө гэж юу вэ?
 
  Энд шинжлэх ухааны хэлээр зарим зүйлийг тайлбарлая. Өнгө гэдэг нь физикийн хэлээр юу болох, бид өнгийг хэрхэн хардаг,харин орон зайг хэрхэн мэдэрдэг юм бол.
 
  Бидний нүдээр хүртэн мэдэрч буй материаллаг ертөнцийн обьек­тийн нэгэн шинж чанарыг өнгө гэнэ. Гэрэл болон объект ажиглагчийн харилцан үйлчлэлийн үр дүнд өнгө бий болно.Гэрэл гэдэг нь цахилгаан соронзон цацрагийн үзэгдэх хэсэг юм.Гэрэл нь долгиолог чанарыг агуулна .Долгионы далайц бүр зэргэлдээх далайцдаа тодорхой зайд орших бөгөөд үүнийг долгионы урт гэнэ. Долгионы уртыг мм-ийг сая хуваасны нэгтэй тэнцүү нанометр –ээр хэмждэг. Цахилгаан соронзон цацрагийн хүний нүдэнд харагдах хязгаар /харагдах муж/ нь 400-700нм-ийн хооронд байна. Хэрэв призмд цагаан гэрэл тусгавал солонгын долоон өнгө гарна. Үүнд 400-500 нт-т нил ягаан ба хөх цэнхэр, 510-560-д шар шаргал,700 нм-тулаан өнгө тус тус байна. Гэхдээ гэрэлтүүлэггүй бол өнгө үзэгдэхгүй.Тухайн обьект гэрлийн цацрагийн энергийн зарим хэсгийг шингээж үлдэхийг нь буцаан ойл­гож байгааг бид өнгө гэж яриад байгаа юм. Обьект бүр харилцан адилгүй будагч элементээс тогтох тул тэдгээр гэрэл ойлгогч/цагаан цаас/, гэрэл нэвтрүүлэгч /тунгалаг хальс хэмээн хуваагдана.
 
  Хамгийн өргөн дэлгэрсэн гурван өнгөний онолоор бол нүдний торлог бүрхэвчийн төв хэсэгт гурван төрлийн өнгөнд мэдрэмтгий фоторецептор/колбо­чек буюу лонхонцор/ байдаг. Эдгээр лонхонцор нь улаан, ногоон, хөх өнгийг харж хүртэн мэдрэх чадвартай. Дөрөвдөх төрлийн гэрлийн рецептор /палочек буюу савханцар/ нь спекторын ямар нэгэн өнгийг бус цагаанаас саарлыг оруулаад хар хүртэл бүх өнгийг мэдрэх чадвартай тул үзэгдэх хэлбэрийг илүү тусгана. Гэрлийг мэдрэн тархинд дохио болгон дамжуулдаг савханцар ба лонхонцор хэмээх гэрэл мэдрэгч мэдрэлийн бүлэг эсээр хүний нүдний торлог бүрхэвч хучигдсан байдаг. Савхан­цар нь маш бүдэг буюу сарны гэрэлд ч харах чадварыг хүнд олгодог. Улаан сарнайн улааныг мэдэрч байгаа нь нэг талаас уг обьектод гэрэл тусахад тэрээр улааныг ойлгож байгаа нь мөнөөх лонхонцорын үрээр улаан өнгөний тухай ойлголт ухамсарт маань нэгэнт бий болсон хэрэг юм. Тодорхой хэлбэл гэрэл обьект болоод ажиглагчийн харилцан үйлчлэлийн дүнд өнгө бий болдог байна.
 

 
Улаан, цагаан, хөх утсаар нэхсэн мэт
 
  МУИС-ийн Монгол хэл, соёлын сургуулийн утга зохиолын тэнхимийн эрхлэгч, тэргүүлэх профессор С.Дулам Монголчуудын өнгөний бэлэг­дэлийг судлан нэгэн боть болгон олны хүртээл бол­­гожээ. Тэрээр өнгөний бэлэгд­лийн зарим зүйлийн талаар ярьж байна.
 
  Монголчуудын өнгөөр бэлгэ­дэх уламжлал гайхамшигтай утга соёлын өв юм. Энэ нь бусад бүх бэлгэдэлүүдтэйгээ улаан, цагаан, хөх утсаар нэхсэн мэт холбоотой байдаг.
 
  Монголчууд эртнээсээ 99 мөнх хөх тэнгэр, 99 мөнх цагаан тэнгэр гэж шүтэж ирсэнтэй холбоотой энэ хоёр өнгийг их зардаг. Бид ухамсарлахгүй ч хэрэглээд байдаг, энэ хоёр өнгө үйлчилж байгаа нь түүний уг загвар буюу Монголчуудын соёлын уг үлгэр бидний уураг тархинд хадгалагдаж байгаатай холбоотой юм. Тэр нь удамшаад, үеэс үед, өвөг дээдсээс бидэнд хадгалагдан иржээ. Өнөөдөр ямар ч мундаг шинэчлэгч гарч ирээд өөр зүйлийг хичнээн яриад ч үүнийг өөрчилж чадахгүй. Өөрийнх нь уураг тархинд ч бас суусан байдаг учир нэмэр болохгүй юм. Одоогийнхоор бол компьютерийн программ шиг гэх юм уу даа. Өнгөний бэлгэдэлд өөр соёл, иргэншил, цаг үеийн нөлөө орсоор байгаа л даа. Гэхдээ үндсэн таван өнгө, түүнийг эрхэмлэх, бэлгэдэх ёс хэвээр байх болно. Энэ бол нэн эрт Хүннүгийн үеэс эхэлсэн зүйл юм. Монголчуудын зохиосон ертөнцийн үүслийн домогт таван махьбод, таван зүг нь өөр өөрийн өнгөтэй, яагаад тийм болов гэдгийг тодорхой хэлсэн байдаг. Түүгээр бид өнөөдөр зүг ,чиг махбод, өнгөний учир авцалдаа, цаг тооллоо тооцсоор байгаа юм. Энэ домогт нэгэн том яст мэлхий явж байжээ. Мэргэн баатар түүнийг нум сумаар харватал сум нь мэлхийний биеийг нэвт гарсан байжээ. Мэлхий нэг хөрвөөгөөд үхэж гэнэ. Үзвэл сумны зэв баруун зүгийг зааж байсан тул баруун зүгийг цагаан төмөр, сумын өдтэй гичир зүүн зүгийг зааж байсан тул зүүн зүг хөх модон, мэлхий хойд зүгт шээс, ус гаргасан тул тэр зүг хар усан зүг, урьд зүгт амнаас нь цус гарсан байсан тул гал улаан зүг гэж нэрлэжээ. Харин мэлхий сарвуундаа шар шороо атгасан байсан тул төв дунд зүгийг шар шороон зүг гэх болжээ. Төв дунд зүг гэж байхгүй бол ямар ч зүг үүсгэж чадахгүй. Нэг тодорхой цэг байж зүг гаргана. Түүнийг монголчууд сайн ухаарсан байдаг.
 
  Өнгөний бэлэгдэл дээр монголчууд маш нарийн зааг ялгаатай хандаж иржээ. Морины зүснээс зөвхөн цагааныг гэхэд дотор нь дээдийн дээд, дордын дорд болгон ялгах явдал байж. Цагаан зүсмийн морийг Чингис хааны тайлга тахилгад ордог хурмастын хувилгаан хөлгийн амьд бүрэлбаа гэж эрхэмлэдэг байжээ. Гэхдээ энэ өндгөн цагаан гэдэг зүсний даага нь нүд хар, туурай хар, үс нь нэг харгүй цагаан байх ёстой. Гэтэл “яндан цагаан морьтой Ямсүрэн гуйлгачин” гэж туульд гардаг. Энэ нь тэгэхээр ядуугийн бэлгэдэл болоод явчихаж байгаа юм. Яндан цагаан гэдэгт зовхио тойроод улаан ягаан, туурай нь ягаан судалтай морь орно. Энэ мэт нарийн зүйл монголчуудын өнгөний бэлэгдэлд элбэг байдаг.
 
  Монголчуудын бэлэгдлийн нэг дээд нь идээг өнгөөр бэлгэдэх явдал юм. Таван тансаг идээ гэж. Хар идээ гэдэгт архи, цагаан идээнд сүү, сүүн бүтээгдэхүүн, шар идээнд шар тос, улаан идээнд мах шүүс, хөх идээнд жимс ордог байна. Эдгээр нь нийлээд таван тансаг идээ болж байгаа юм.
 
  Бид ингэж уг соёлоо хүндэт­гэхийн зэрэгцээ өнгөний учир холбогдолыг судалж амьдрал, хөгжил дэвшилдээ хэрэглэх хэрэг­тэй Япончууд хогыхоо уутын дандаа шар өнгөөр хийдэг. Учир нь газар сайгүй явж, янз бүрийн зүйл иддэг, хог дээр цуглардаг хэрээний нүд шараас бусад бүх өнгийн уутыг нэвт харж чаддаг байна. Тэгээд тоншиж хогийг нь онгичин тарааж хаядаг. Харин шар өнгийг нэвт харж чаддаггүйг нь судалж мэдээд хогийн уутыг ийм өнгөөр хийх болжээ.
 
Монгол зургийн өнгө  
 
   МУБИС -ийн тэнхмийн эрхлэгч, доктор, дэд про­фессор П.Эрдэнэцог Монголын уран зургийн өнгөний зохи­цолыг судлан эрд­мийн зэрэг хамгаалжээ. Тэрээр монгол зургийн өнгөний онц­логийн тухай ингэж ярьж байна.
 
  Эрдэмтдийн нотолж байгаа­гаар хүн мэдээллийн 70 хувийг хараагаараа авдаг юм байна. Сармагчин, оюун ухаант хүн болж амьтны аймгаас холдоход хараа, түүн дотроо харааны өнгө мэдрэх чадварын хөгжил их үүрэг гүйцэтгэжээ. Хүн болсон замыг зөвхөн хөдөлмөр дээр тулгуурлан ярих нь өрөөсгөл юм. Хүний хараанд өнгөний мэдрэмж үүссэн, хүн хэл яриатай болсон зэрэг мэдрэхүй хөгжсөнтэй холбон үзэж байна. Хүн эхлээд юмыг дан өнгөөр хардаг байжээ. Сээр нуруутан амьтдын ихэнх нь дан өнгөөр, зарим нь аль нэг өнгийг, зарим нь хэсэг өнгө мэдэрдэг. Хүн ч гэсэн хязгаартай хэмжээн доторх өнгийг хардаг. Бүх өнгийг харж чадахгүй гэж үздэг. Бидний харж , мэдэрч чаддаггүй өчнөөн өнгө байж болох юм.
 
  Урлагийн бүтээл өнгө, дүрс­лэл, зохиомж гурвын хослол дээр бий болдог. Улс үндэстэн болгон өөрийн гэсэн өнгө мэдрэх, өнгийг таашаах, өнгөөр бэлэгдэх уламжлалтай. Зүүн Азийн хуурай, жилийн дөрвөн улиралтай, нарлаг энэ газар нутаг дээр амьдарч байсан эртний хүмүүс ханасан дулаан өнгөнд дуртай байжээ. Тэр хүмүүсийн ахуй, эд өлгийн соёлд байгалийн бодит өнгө ноёлж байдаг. Тэгвэл Өмнөд Африк юм уу, далай тэнгисийн эргийн ард түмэн, тухайлбал Солонгосын ард түмэн тод ягаан, нил, цагаан өнгөнд дуртай. Энэ нь цаг агаарын чийглэг, дулаан байдал, байгаль­тай уялдаатай. Тэгвэл Испанийн ард түмэн хар, цагаан, улаан өнгийг эрхэмлэдэг. Тэд сэтгэлийн хөдөлгөөн ихтэй улс. Тэгээд ч үндэсний баяр цэнгэл нь бухын тулаан, цохилуурт хөгжим. Түүнийгээ дагаад тод, хурц ялгаралтай өнгө эрхэмлэдэг байх жишээтэй. Тэгвэл Москва, Санкпетербургийн тэнгэр ихэнхдээ бүүдгэр байдагтай холбоотой зурагт нь мөнгөлөг өнгө ноёрхож байдаг. Энэ бол өнгийг эрхэмлэх, таашаах ёс байгаль, орчлон ертөнц, хорвоогийн зүй зохистой зохицож бүрэлдэн тогтдогийг харуулж байгаа юм.
 
  Монгол зургийн өнгө зохицлын тухай яриа Хүннүгийн үеийн ширдэгний хээ, Кидан, Уйгурын ханын зурагнаас эхэлнэ. Үүнийг товчлон ХIV зууны шаглаа зураг гэж нэрлэдэг монголчуудын үүсгэн хөгжүүлсэн судрын зураг дээрх/минитюр/ их хаадын зурагнаас эхэлье. Судрын зургууд хоёр янз байх бөгөөд тэр нь дундад ази, төв азийн зураачид өөр өөр барилаар зурсантай холбоотой юм. Дундад азийн зураачдын зурсан зураг нь хивсэнцэр өнгөн дотор эрээн, цэнхэр, шар хувцастай хүмүүсийг дүрсэлсэн байдаг бол Төв азийнхан буюу монголчууд хаад, хатадыг бор шаргал өнгө дээр таталбар зургийн аргаар зурж, энгийн амьдралыг бодитой үзүүлсэн байдаг. Монгол зурагт зуны байдал, байгалийг зурахдаа голчилон бор шаргал өнгийн дэвсгэр хэрэглэжээ. Ойрын жишээ гэхэд Б.Шаравын “Монголын нэг өдөр”, ”Үрс гаргаж байгаа нь“ зурагт зуны эхэн сарын байдлыг дүрсэлсэн мөртөө түүнийг ногоон биш бор шаргал дэвсгэр дээр улаан, бор, цагаан зэрэг байгалийн бодит өнгөөр зурсан, ойг хөх өнгөөр будсан байдаг. Ой ногоон байхаас хөх баймааргүй юм. Ажиглаад байхад ногоон өнгийг монгол зурагт төдийлөн хэрэглэж байгаагүй юм шиг хэрнээ бурхны зурагт байгалийн төрхийг гаргахад өргөн оруулсан байдаг. Мөн бурхан бодьсадва, догшин ядмуудыг ногоон өмсгөлтэй зурсан байх юм. Монголчуудын хорол тоглоом, хөзрийн зургийг бор шарга, дулаан дэвсгэр дээр зураасаар татлан зурж өнгө үл мэдэг ялгасан байдаг.
 
  Сүүлийн үед манай уран зурагт эрчимлэг гэх темпраментны, хурц тод, эрч хүчтэй сэтгэгдэл илэрхийлсэн хэсэг зураачид гарч ирж байна. Үүний зэрэгцээ зөөлөн, яруу тунгалаг өнгө зохи­цол дотор нь Монгол нутгийн байгалийг гаргасан имперсионизм чиглэлийн бүтээлчид ч төрж байна. Сюрреализм буюу бодитой дүрслэл нь бодит юм шиг боловч түүнийг илүү ургуулан бодож хөгжүүлэн зурсан сэтгэлгээний, байгаль орчин, амьтан бодитоор байх үндэслэлгүй зөвхөн хүний оюун ухаанд байх ёстой гэсэн сэтгэлгээг илэрхийлсэн урсгал ч бий. Тэр бүрийн өнгө өөр юм, нэг нь контраст ихтэй эрчимтэй хурц тод байхад нөгөөн нь уян, талибуун, зөөлөн байх жишээтэй. /Эхийн сэтгэл, тэмээчин зэрэг зургийг оруулах/
 
Чи өнгөт гэв үү?
 
Энэ дэлхий дээр төрөхөд хар байлаа би
Эгэл хорвоо дээр өсөхдөө хар байлаа би
Наранд биеэ шарахад хар л байлаа би
Намайг хүн цочоосонч хар л байлаа би
Өвдөж зовоод хэвтэхэд хар л байлаа би
Өтөл болоод үхэхэд хар л байх болно
 
Цагаан арьстан найз чи
Цаг нь болоод төрөхдөө ягаан байлаа
Нарт хорвоод өсөхдөө цагаан болох
Наранд биеэ шарахдаа улаан болох
Айж ичих үедээ шар болчих юм
Амиа тавиад өвдөхдөө цэнхэр болчих юм
Даарч хөрөөд чичрэхдээ ногоон болчих юм
Дайрлага дайраад үхэхдээ саарал болчих юм
Тэгсэн мөртөө найз чи намайг
Тэгэхээс тэгэх гэсэн юм шиг өнгөт арьстан гэх юм.
 
Орчуулсан П.Байка
 
Өнгө өөр, өөрийн аялгуутай
 
  Гёте дунд сургуулийн багш, Германы иргэн Гет­руд Муллер өнгөний тухай сэтгэгдлээ бидэнтэй хуваалц­сан юм.
 
  - Германчууд ямар өнгийг таашаадаг вэ?
 
  - Яг тийм өнгө гэж хэлэхэд хэцүү л дээ. Ер нь тухайн улиралд моданд орж байгаа өнгийг сонгодог. Түүнээс өөр өнгийг сонгож хувцаслах нь тийм ч таатай харагдаад байдаггүй. Ямар ч зүйл өнгө нь зохицохгүй байвал муухай харагддаг. Миний хувьд өнгө бол агаар гэсэн үг. Гоё өнгө харвал бараг шүлс гоождог. Би өнгийг сонсдог. Өнгө болгон өөр өөрийн аялгуутай гэж би боддог. Цэнхэр өнгө бол хурц, нарийхан, улбар шар өнгө Африкийн модон хөгжмүүд дуугарч байгаа юм шиг гүнзгий аялгуутай.
 
  - Та ямар өнгөнд дуртай вэ?
 
  - Би улбар шар намрын өнгөнд дуртай. Унтлагын өрөө сэрүүхэн байх ёстой гэж үзээд хөх, цэнхэр өнгөөр тохижуулж, нил ягаан өнгийн цэцэг ургуулдаг. Харин том өрөөгөө улбар шараар дагнаж, өнгө өнгийн цэцэг тарьдаг. Цэцэгнүүд гэрийн тавилгатай зохицож байх ёстой. Мөн өвөл хүйтэнд мөсний өнгөтэй хувцас өмсдөггүй, харин зун лимоны шар өнгөтэй хувцас их гоё харагддаг. Хоолны дуршил төрүүлэхэд өнгө­ний зохицол их чухал. Өсвөр насны хүүхдүүд ихэвчлэн хар өнгийн хувцас сонгодог. Яагаад гэхээр тэд өөрсдийгөө илэрхийлэх боломж хомс, нууцлагдмал, хүний нүдэнд тод томруун тусахыг хүсээд байдаггүйтэй холбоотой.
 
  - Та их сонин хоёр өнгөтэй зураг авчээ. Манайхны өнгөний сонголтын талаар ямар бодолтой байдаг вэ?
 
  - Ер нь өнгөний зохицлыг хардаггүй, бодолцдоггүй юм байна гэж бодож байгаа. Германд өнгөний зөвлөгөө өгдөг газрууд байдаг. Тухайн хүнтэй ярилцаж байгаад дотоод сэтгэлийг нь илэрхийлэх өнгийг нь сонгож өгдөг. Монгол, Герман хүмүүсийн хувьд өнгөний тухай ойлголт зөрүүтэй байдаг байх. Хөдөө явж байхад улаан хацартай, сэвхтэй эмэгтэйтэй таарсан юм. Сэвхтэй байх нь надад гоё санагдаж байхад тэр эмэгтэй ичээд байсан. Би уруулаа будчихаад хацартаа будагнаасаа жаахан түрхчихдэг. /зарим байшнгийн зураг/
 
Монгол бөхчүүд цэцэг навчаар гоёдоггүй
 
Сэтгэл судлаач Ш.Батболд
 
  - Монголчууд ямар өнгөнд дуртай вэ? Яагаад?
 
  -Өнгөний тухай ярихад гурван талаас нь харах хэрэгтэй. Бэлгэдэл, сэтгэл санаанд нөлөөлөх байдал, өнгөний таашаал гэж. Бэлгэдлийн тухайд улс, ард түмэн өөр өөр өнгийг эрхэмлэдэг. Энэ бол соёлын ялгаа юм л даа. Цагаан өнгөөр Хятад зэрэг орон уй гашууг бэлгэдэж байхад өрнөдийн орнуудад ариун сайхны тэмдэг болгож байдаг. Солонгос, Япон зэрэг оронд улаан өнгө хүний оюуны чадавхийг тэтгэдэг. Хорвоогийн бүх юмыг нэгтгэсэн гэдэг утга илтгэдэг байна. Монголчууд хөх, цагаан өнгөнд дуртай. Энэ нь мөнх хөх тэнгэр гэсэн ойлголттой холбогдож байгаа юм. Судалгаагаар өнгийн бэлэгдлийн 90 гаруй хувийг дангаараа хөх өнгө эзэлж байдаг. Бусад олон өнгө нийлээд 10 хувийг эзэлж байна.
 
  - Гэтэл манайхны хувцсанд хөх өнгө нэг их байдаггүй шүү дээ?
 
   - Энэ нь бэлгэдэл, хүндэтгэлтэйгээ өөрийгөө адилт­гахгүй байгаагийн илрэл юм. Өөрийгөө илэрхийлэх бол өөр ойлголт. Тиймээс үүн дээр хүмүүс чөлөөтэй ханддаг. Өнгийг хүлээж авах соёлын онцлог янз бүрээр илэрч байна. Японы сумочид цэцэг, навчин хээтэй алаг эрээн хувцас өмсдөг. Тэгвэл Манай бөхчүүд хэзээ ч цэцэг, навчаар гоёхгүй шүү дээ.
 
  - Өнгө нийгэм буюу олон нийтийн сэтгэл санаанд нөлөөлөх явдал байж болох уу?
 
  - Болно. Энэ нөлөө явсаар хувьсгал, хөдөлгөөнд ч хүргэсэн жишээ байдаг. 1780 онд гарсан Францын хувьсгалын үеэр тухайн хувьсгалын үзэл санааг сонир­хохоосоо өмнө хувьсгалчдын өмсөж байсан хувцасны өнгөнд ард түмэн татагдан дуурайж байжээ. Дараа нь юуг илэрхийлээд байгаа юм бэ гэдгийг анзаарч дэмжсэн нь нэгдэж эхэлжээ.
 
  Германд гарсан нацист хөдөл­гөөний үеэр ард түмэн хувцсандаа хүрэн өнгийг голлон сонгох болжээ. Германы арми хүрэн өнгийн хувцастай байсан бөгөөд түүгээрээ ч “хүрэн тахал” гэгдэж байсан юм. Хүрэн, бор өнгө гутрангуй шинжийг илэрхийлэх буюу тийм нөлөөг хүнд үзүүлдэг. Тэр хэрээр тухайн үеийн нийгэм нь түгшүүртэй, таагүй сэтгэгдэлд дарагдаж байсан юм. Дараа нь нийгмээрээ шахуу хар хувцасыг өмсөх болсон байдаг. Хар нь эрх мэдэл, хүч чадлын илэрхийлэл гэгддэг.
 
  - Хүний сонгож байгаа өнгө, зурсан зураг зэргээс тухайн хүний сэтгэл санааг тодорхойлж болох нь ээ?
 
  - Энэ бол сэтгэл судлаачдын судалгааны нэг гол арга. Ван Гог, Леонарда Винчийн зургийг хараад тэд ямар хүн байж вэ гэдгийг тодорхойлсон жишээ байдаг. Ван Гогийн “Наранцэцэг” гэж алдартай зураг бий. Шар өнгө давамгайлаад цаана нь бор, ногоон орсон байдаг. Үүнээс судлаач уг зургийг зурсан хүн бэлгийн гаж зуршилтай байж болох юм гэсэн дүгнэлт хийж байжээ. Харин Леонарда Винчийн “МоноЛиза”-гаас зургийг эрэгтэй хүн гэхээсээ эмэгтэйлэг шинжтэй хүн зурсан байж болох юм гэжээ. Адольф Гитлер ид залуудаа зураач болохыг мөрөөдөж байсан гэдэг. Гэвч тэр шалгалтандаа унасан. Түүний бүтээлүүдээс “Гудамжинд” гэж ганц зураг хэв­лэлээр нэлээд тарсан байдаг. Зурагт гудамжинд ганц хүн цаашаа хараад зогсож байгааг дүрсэлсэн. Бор, цэнхэр,саарал өнгө голлосон энэ бүтээлээс зураач тайван биш, сэтгэлийн асар их хямралтай, ганцаардмал байгааг “уншиж” болохоор байна гэж судлаачид бичсэн байдаг.
 
  - Та нар иймэрхүү судалгаа хийдэг үү?
 
  - Хүчирхийллийн эсрэг төвд түр байрлаж байгаа хүүхдүүдээр зураг зуруулахад шөнө, сар, өөрөө сандал дээр сууж байгаа, ямар нэг зүйл хүлээж байгааг зурсан байдаг. Тэгээд хар, улаан өнгөөр будсан байх жишээтэй. Өнгө сонголт гэдэг хүний тархинд явагдаж байгаа уур, бухимдал, баяр баясгалан зэрэг зөрчлийн илэрхийлэл юм.
 
  - Дээр хэлсэн жишээ шиг бидний нийгэмд олныг хамарсан өнгөний нөлөөлөл ажиглагддаг уу?
 
  - Хүчтэй биш ч ажиглагдана. Худалдагч нартай ярилцахад зарим нэг сонин хариулт өгдөг. “Юнитель шиг өнгөтэй хувцас байна уу”, “Мобигийн өнгөтэй ирээгүй юу” гэж асуудаг гэж. Энэ бол тодорхой үед нэг өнгө давамгайлах шинж байгаагийн илрэл юм. Түүнд мэдээллийн хэрэгсэл, рекламанд олонтоо гараад байгаа зүйл нөлөөлсөн гэж үзэж болно.
 
  - Нэг өнгө сонгож байна гэдэг зөвхөн түүнд дуртай , таашаадаг гэсэн үг мөн үү?
 
  - Жишээ нь нэг хүн улаан машин авчээ.Улаан өнгө эрч хүчний бэлэгдэл. Гэвч үүн дээр хоёр зүйл хэлж болно. Улаан машин сонгож байгаа нь тэр хүн эрч хүчтэй , сэтгэлийн хөдөлгөөн ихтэйг, эсвэл тэр хүнд тийм чанар дутагдаж байгааг хэлж байж болно.
 
  Өнгө болгон түүнийг харж байгаа хүнд химийн урвал өгч байдаг. Улаан өнгийг хараад тайвшрах урвал ч явагдаж болно. Унтлагын өрөө ногоон байдаг. Энэ өнгийг хараад бодисын солилцоо удаашран, тайвширч болно. Өнгө гэдэг тодорхой давтамжтай долгион юм . Тэр давтамжууд тархинд нөлөөдөг.
 
  Ажил хэргийн ярилцлагад орох гэж байгаа хүн цэнхэр хөх өнгөтэй хувцас өмсөх хэрэгтэй гэж америкчууд үздэг байна. Энэ өнгө хүнд тайван, ажил хэрэгч, тууштай сэтгэгдэл төрүүлдэг чанарыг ашиглаж байгаа хэрэг юм.
 
Тод өнгийг сонирхсон хэрнээ барааныг авдаг
 
“Арт галерей” худалдааны төвийн худалдагч А.Алтанцэцэг
 
  - Олон жил худалдагч хийж байна уу? Наймаанд өнгө ямар үүрэгтэй гэж боддог вэ?
 
  - Олон жил хийж байна. Дэлгэж тавьсан бараа олон янзын өнгөтэй байх тусам худалдан авагч их ирдэг. Дан бараан, саарал өнгийн бараа өлгөчихвөл хүмүүс хажуугаар гараад явчихдаг юм.
 
  - Хүмүүс ямар өнгийн хувцас голчилон сонгож байна вэ?
 
  - Ер нь бараан талдаа шүү. Албан тасалгаанд ажилладаг хүмүүс завсарын өнгө сонгодог. Хэтэрхий гял цал биш, даруухан гэж үздэг байх. Ер нь тод өнгийн хувцас сонирхоод өмсөж үзээд байсан хэрнээ яг авах дээрээ тулахаар бараан өнгийг сонгодог. Энэ нь манай хуурай, ширүүн, тоос шороотой орчноос шалтгаалдаг байх л даа. Тод өнгийн хувцас сонгож байгаа хүмүүсийг харахад өөртөө итгэлтэй, зоригтой, шийдэм­гий гэмээр, өөрийн гэсэн имижтэй хүмүүс байдаг. Бас их содон хувцасладаг цөөн хүн байна.
 
  - Худалдан авагчдын нүдэнд загвар, өнгө хоёрын аль нь эхлээд тусдаг бол?
 
  - Загвар эхлээд тусдаг. Харин дараа нь тэр загвараас өөрийн сонирхсон өнгө байгаа эсэхийг лавладаг.
 
  - Монголчууд ер нь ямар өнгөнд дуртай вэ?
 
  - Улаан өнгөнд дуртай юм шиг байгаа юм. Ийм өнгийн цамцнууд хурдан зарагддаг. Нэг загварын хувцаснаас өнгө өнгийг авчирахад улаан нь эхлээд дуусах жишээтэй. Хар бараан, завсарын өнгийг орчин нөхцөл, ажлынхаа онцлогт тохируулан сонгож байгаа болохоос таалагддаг өнгө нь өөр байдаг байх. Дулааны улиралд цагаан бас тод өнгөнүүд гүйх нь сайн. Залуучууд, ялангуяа хөвгүүд цагаан өнгөнд дуртай болсон байна лээ. Хүйтэнд өмсөх хувцсанд ч цагаан өнгө орж байна.
 
  - Ямар насныхан хамгийн идэвхтэй худалдан авагч вэ?
 
  - Нас тогтсон хүмүүс хамгийн идэвхтэй худалдан авагч байдаг. Тэд мөнгөтэй, өөрт тохирох аятайхан өнгө, загварын хувцсандаа гар татдаггүй. Үнийг нь буулгах гээд байхгүй. Гэхдээ энэ насныханд тохирох өнгө, загварын хувцас элбэг биш. Хэрэв элбэг байдаг бол тэд ямар ч өнгийг сонгодог. Завсрын нил ягаан, яргуй шиг хөх, шоколадан хүрэн, бор ногоон өнгөнд дуртай.
 
  Би Польшоос бараа зөөдөг байхдаа голчилон энэ насныханд зориулсан бараа авчирдаг байсан. Эмэгтэй хүний кофт гэхэд тод өнгөтэй, цагаан, завсрын, ууссан өнгө гүйлгээтэй байсан. Одоо Шенгений орнуудын бараа үнэтэй болсон учраас тийшээ явахыг яарахгүй байна.
 
  - Ойрын үед ямар бараа гүйлгээтэй байна?
 
  - Саяхан урагшаа явахдаа намар болж байгаа болохоор завсарын өнгийн цүнх авчирсан. Гүйлгээ сайтай байгаа. Одоо тод биш, гэхдээ бас бараан биш завсарын өнгө эрэлттэй байна.
 
     - Сарнайн өнгөний бэлэгдлүүд ямар байдаг вэ?
 
  Сарнай цэцгийн өнгө тус бүр нь бэлэгдэл агуулсан гэж үздэг. Улаан өнгө нь хайр сэтгэл, гүн хүндэтгэлийг, гүн ягаан өнгө нь талархсан сэтгэл, цайвар ягаан өнгө нь бишрэл, таалагдсан сэтгэлийг, цагаан өнгө нь хүндлэл, үнэнч сэтгэл, нууцлаг байдлыг илтгэдэг бол шар сарнай нь баяр хөөр, нөхөрлөл, улбар шар нь урам зориг, хүсэлт тэмүүллийг илэрхийлдэг байна.
 
Хадагны бэлэгдэл
 
Цагаан
 
Цагаан өнгө нь сүү болон сэвгүй ариун сэтгэлийн билэгдэл, цагаан өнгийн хадгийг хамгийн сайн сайхан, маш том хүндэтгэлийн билэгдэл хэмээн үздэг.
 
Цэнхэр
 
Энэ өнгө нь тэнгэрийг билэгддэг бөгөөд ерөнхийдөө хүндэтгэлийн билэгдэл болдог. Монголчууд дээр үеэс цэнхэр өнгийн хадгийг түгээмэл хэрэглэж, өөр хоорондоо ах дүүсдээ барьж золгодог заншилтай.
 
Шар
 
Шар өнгө нь эрдэм болон шашны билэгдэл. Шар өнгийн хадгийг багшдаа барьдаг бөгөөд өөр хүнд барьдаггүй. Ногоон, улаан Ногоон өнгө нь газар дэлхийг билэгддэг. Улаан өнгө галыг билэгддэг. Энэ хоёр өнгийн хадгийг бурхан шашны таван махбодийг билэгдсэн тусгай үйлд хэрэглэдэг бөгөөд хүмүүст барьж золгодоггүй.
 
Өнгө ба сэтгэл
 
  Зарим өнгө хүний сэтгэл санаанд хэрхэн нөлөөлдөг, хүмүүс өнгөөр хэрхэн бэлэгддэг тухай сонирхоё.
 
Бор өнгө: Энэ өнгө хүнд яарах тэвдэх сэтгэл төрүүлдэг нь туршилтаар батлагджээ. Тийм учраас түргэн хоолны газрууд сандал ширээгээ бор өнгөөр буддаг байна. Энэ нь идэж дууссан нь түргэн гарч, дараагийн хүндээ зай тавьж өгөг гэсэн утгатай юм. Хэрэв та зочинд дургүй бол зочны өрөөндөө бор өнгийн ханын цаас, ширээ сандал зэргийг сонгож болно. Харин зочид гийчдэд дуртай бол бор өнгөнөөс зайлсхий. Олны анхаарал татахгүй байя, аливаа хурал цуглаанд очоод хэний ч анхааралд өртөхгүй байя гэвэл өнгө бор өнгийн хослол өмсөөрэй.
 
Ногоон өнгө: Хүнд итгэл төрүүлдэг. Тийм учраас дэлхийн олон банк ногоон өнгийг ямар нэг байдлаар сонгосон байдаг байна. Амралт, унтлагын өрөөнд ногоон өнгө зонхилж байвал санаа сэтгэл амарч, амгалан тайван байх болно. Ногоон өнгө бас ходоод гэдэсний хямрал, өвдөлтийг аажмаар намдаадаг гэж үзжээ. Ногоон өнгө байгаль дэлхийн үндсэн нэг өнгө. Ногоон модон ой, ногоон зүлэг, ногоон гацуур гээд.
 
Гүн ягаан: Хүний санаа сэтгэлийг тайван бус болгож айх сэтгэл төрүүлдэг. Ялангуяа эмнэлэгт тохирохгүй гэж үздэг. Харин та хэн нэгнийг өрөөнөөсөө зайлуулахыг хүсвэл хэрэглэж болох юм.
 
Хар өнгө: Энэ бол хүч чадал, хүсэл, эрч хүчийг бэлэгддэг. Их эрдэмтэн Эйнштен анхаарлаа төвлөрүүлж сайн ажиллахын тулд хар хөшигтэй өрөөнд сууж бүтээлээ туурвидаг байжээ. Хар өнгө бол хүнд, гэхдээ аливаа ёслолд цагаан өнгөтэй хослон их хэрэглэдэг.
 
Цайвар ягаан: Тайвшрах сэтгэл төрүүлдэг өнгө. Цайвар ягаан өнгийн хувцас өмссөн хүмүүс эелдэг урьхан харилцаатай байдаг. Тийм учраас Англи улсын их дэлгүүрүүдийн худалдагч нар цайвар ягаан хувцасаар ижилссэн байдаг байна.
 
Цэнхэр өнгө бол тайван байдлын бэлэг тэмдэг. Цэнхэр өнгө цусны даралтыг бууруулна. Эмнэлэгийн зарим ажилтан, цагдаагийн албан хаагчид, хотын цэцэрлэгчид цэнхэр өмсгөлтэй байдаг. Барууны зарим хотод том том гүүрийг цэнхэр өнгөөр будсан байдаг нь хэн нэгэн амиа хорлох гэсэн хүнийг тайвшруулах гэж тэр. Монголчууд ч цэнхэр өнгийг тайван амгалангийн бэлэгдэл болгож “Энхийн цэнхэр тэнгэр, Энх тайвны цэнхэр тагтаа” гэх мэтээр хэлэлцдэг.
 
Харин цайвар тод цэнхэр нь хүйтэвтэр сэтгэгдэл төрүүлж бараан цэнхэр нь хүнд дулаан сэтгэгдэл төрүүлнэ.
 
Улаан өнгө: Идэх дур хүсэл өдөөгч өнгө . Тиймээс дэлхийн томоохон хүнс үйлдвэрлэгч фирмүүд жишээ нь кока кола сурталчилгаандаа улаан өнгийг хэрэглэдэг. Улаан өнгө гал халуун сэтгэл, дурлал хайрын бэлэгдэл болно. Монгол­чууд тод өнгө тэр дотор улаан өнгөнд дуртай. Улаан өнгө дулаан сэтгэгдэл төрүүлнэ. Харин улаан өнгө зүрх судасны цохилтыг түргэсгэж, цусны даралтыг ихэсгэдэг. Нүдний хараанд муу­гаар нөлөөлөх, ядраах зэрэг сөрөг нөлөө бий.
 
Шар өнгө: Энэ өнгө бол аз жаргал, баяр баясгаланг бэлэгддэг. Тиймээс дэлхийн бараг бүх улсын такси шар өнгөтэй байдаг. Мөн дэлхийн томоохон машин түрээслэх фирмүүд машиндаа энэ өнгийг сонгодог байна. Монголчууд шар өнгөнд дуртай, тийм учраас “алтан намар, алтан шар зам” гэлцдэг. Бас салж явах, эргэн амар мэнд уулзахын бэлэгдэл болгодог байна.
 
Цагаан өнгө: Тогтвортой итгэлтэй сэтгэл төрүүлнэ. Тиймээс эмч сувилагч нар цагаан өмсгөл өмсдөг. Бас зарим улс төрчид өөрсдийн тууштай байдлыг илэрхийлж цагаан хувцас өмсдөг. Монгол хүнд цагаан өнгө ариун гэсэн утгаар тусдаг. Тийм учраас монголчууд эхийн цагаан сэтгэл, ариун цагаан сүү гэнэ.
 
Хар хөх: Төгсөшгүй, дуусашгүй санааг илэрхийлж алдар хүндийг дагуулдаг өнгө хэмээн үздэг. Тийм учраас том том үйлдвэр, фирмүүд энэ өнгийг ашиглаж нэр хүндээ бататгадаг байна. Дуртай өнгөөр нь шинжихүй Цог золбоотой, хүчирхэг, захирангуй хүмүүс улаан, улбар шар, шар өнгөнд дуртай байдаг. Сайхан сэтгэлтэй, уур нь амархан гарчихдаг хүмүүс хөх, цэнхэр өнгөнд дуртай байдаг. Аливаад идэвхгүй, мөрөөрөө байх дуртай хүмүүс саарал өнгөнд дурладаг. Намбалаг, томоотой хүмүүс хүрэн, шар хүрэн өнгөнд дуртай байдаг. Хэрэв танай телевизийн дэлгэцэнд улаан өнгө давамгайлж байвал, та түргэн зантай, гэхдээ хүнд итгэмтгий, бас ч жаахан хэрцгий хүн бололтой. Хэрэв танай телевизийн дэлгэцэнд шар өнгө давам­гайлж байвал та гаднаа тайван боловч дотроо бухим­даж явдаг хүн юм. Иймд хэний ч санаанд оромгүй зүйл хийж магадгүй. Та бас бусдаар хайрлуулж, бусдад итгэгдэж чаддаг хүн. Хэрэв танай телевизийн дэлгэцэнд цайвар хөх өнгө давамгайлж байвал та сайхан сэтгэлтэй хүн юм. Гэхдээ жаахан залхуу, аливаад идэвхи­гүй, сул дорой нэгэн байж магадгүй. Улбар шар өнгө зонхилсон зоогийн газарт хооллоход хоол сайхан амттай санагддаг.
 
Ногоон буюу хөх гэрэлтэй газар зоог барихад хоол амт шимтгүй юм шиг болдог. Улаан хүрэн, улбар шар өнгө нарны гэрэлтэй холил­дохоороо хийморь сэргээдэг .
 
Хөх ягаан өнгө уйтгар гуниг төрүүлдэг.
 
Загвар ба өнгө
 
  Намрын бүүдгэр өнгийг дарах зөөлөн дулаан өнгө сонгоорой
 
  Намрын улирал хаяанд ирсэн энэ үед та л лав загварын чиг хандлагыг сонирхож байгаа байх. Намар, хүйтэн бороо шивэрч, нарны хүч сулран, бүүдгэр өнгө зонхилох ч харин загварын чиг хандлага үүний эсрэгээр хурц, дулаан, өөдрөг өнгөтэй болох аж. Өнгөрсөн намрын загварын үзүүлбэрт ноёрхож байсан хүйтэн намба төрх солигдон энэ жилийн хувьд илүү зөөлөн дулаан чиг хандлагатай болох юм байна.
 
  Саарал, хар, цагаан, биений өнгө эсвэл дурын гялалзсан туяатай өнгө энэ намар ноёлно. Намрын өөрийнх нь өнгө загварт илүүтэй туссан байх гэнэ. Тухайлбал, хүрэн бор, зөөлөн шаргал, хонгор шаргал, элсэрхэг, шороон өнгө ноёлно.
 
  Нойтон шаврын зэгэл өнгө­нөөс эхлээд хатсан өвс, хатсан навчны хул шаргал эсвэл бүр намрын улирлын хамгийн тод өнгө болох нимбэгэн шар өнгө хүртэл орсон харагдана.
 
  Үүнд бээлий, торгон оймс, шаахай, арьсан хүрэм гээд дурын иж бүрдэл хувцсанд бүгдэд нь намрын өнгөний холимог шингэсэн байх ажээ.
 
Хурц, шоо бүхий шотланд хээ
 
  Энэ улиралд хурц тод шотланд маягийн шоотой хээнүүд бас л ноёлсоор байна. Шоон хээ дэлхийн загварын тайзнаас барагтаа бууж байгаагүй юм. Хэрвээ ямар сонголт хийхээ мэдэхгүй эргэлзэж байгаа бол шотланд хээтэй ямар нэг хувцсыг сонго. Хээ нь хурц өнгөтэй, том том байх тусмаа сайн.
 
  Сонголтоо зөөлөн өнгөтэй, том шоотой шотланд хээ бүхий банзал, хүрэм, пальтоноос эхэлбэл дээр байх. Дараа нь бусад хослол, аксессуараа зохицуулан сонгоход хялбар байх болно. Шоо хээтэй бүс, малгай, бээлийг ч бас бусад хувцастайгаа зохицуулан өмсч болох юм байна.
 
Алтлаг өнгөний гайхамшиг
 
  Загварын энэ чиг хандлага нь орчин үеийн ажил хэрэгч бүсгүйчүүдэд өөр өөр сэтгэгдэл төрүүлдэг. Зарим нэгд нь хэт илэн далангуй мэт сэтгэгдэл төрүүлэх талтай.
 
  Хэдий тийм ч дэлхийн заг­варын ордонууд энэ өнгийг эргэлт буцалтгүйгээр сонгон авч өөрсдийн загварын үзүүлбэртээ өдөр тутам өмсөх хувцасны зориулалтаар толилуулж эхэллээ.
 
  Гэхдээ хувцасны алтлаг өнгө нь энэ удаад гоёл биш харин, өнгө, өвөрмөц байдлыг илүүтэй тусгасан байх юм байна.