Цаг хугацаа гэдэг ч амархан юм аа. Өчигдөрхөн л өөдсийн чинээхэн байсан сөөсгөр хүү маань өнөөдөр ийм өндөр залуу болчих гэж. Дунд сургуулиа удахгүй төгсөх гэж байдаг. Элсэлтийн шалгалт хаяанд ирсэн энэ мөчид охид, хөвгүүд маань ямар мэргэжил эзэмших билээ ямар сургууль сонгох билээ гэж сэтгэл нь гэгэлзэн байгаа.
  Хүүгээ ямар сургуульд оруулдаг юм билээ. Гайгүйхэн боловсролтой болгочихвол аяндаа болно биз. Ямар мэргэжилтэй болговол дээр юм бол доо гэх ээж, аав нарын яриа хааяагүй чих дэлсэнэ. Хаврын хавартаа л төгсөгчдийн ярианы гол сэдэв энэ байдаг.
  Биднийг хором ч хүлээхгүй цаг хугацаа үргэлжилдгээрээ үргэлжилж, амьдрал ч тэр хэрээр хурдан хувьсан өөрчлөгдөж байна. Хэдэн жилийн өмнөхөн л эдийн засагч, хуульч, хэлмэрчийн мэргэжил моодонд орж, тэднийг бэлтгэх сургуулиуд шил дараалан байгуулагдаж байсан бол өнөөдөр байдал арай өөр тийшээ эргэж байна.
  Эцсийн шийдлийг хүү маань өөрөө хийх болно. Харин цаг үеийн бодит байдал ямар байгаа талаар одоо сонирхоцгооё. Амьдрал хэмээх далайд хөлөг онгоцоо залуурдахаар зэхэж буй охид хөвгүүддээ нийтлэлээ зориулж байна.
 
Ямар мэргэжил хамгийн ирээдүйтэй нь вэ?
 
  Мэргэжил сонгоно гэдэг мэдээж амаргүй даваа. Монголд эрэлт ихтэй, насан туршдаа ажлын байртай байх мэргэжил олон бий. Тоон баримт сонирхуулахад өнгөрсөн оны байдлаар хөдөлмөрийн биржид ажил олгогчид 61 мянган ажилчин авах захиалгаа өгснөөс 53 мянган хүн ажлын байртай болсон байна. Ажлын байрны захиалгын 14 хувийг дээд, 9 хувийг тусгай дунд мэргэжлийн 8 хувийг мэргэжлийн анхан шатны, 47 хувийг бүрэн дунд боловсролтой хүмүүс авахаа мэдэгджээ. Харин 16-24 насныхны 3 хувь, 25-35 насныхны 34 хувь, 35-44 насныхны 47 хувийг ажилд авах хүсэлтэй байгаагаа ажил олгогчид илэрхийлсэн байна. Тэгэхээр дунд сургуулиа төгсөж байгаа хүүд маань боловсрол мэргэжил ямар чухал байгааг та анзаарсан байх аа. Төгсөгчид ямар хичээлийн шалгалтыг хамгийн их, ямрыг нь бага сонгож өгч байна вэ гэдгийг нийтлэлийн маань графикаас та хараарай.
  Харин өнгөрсөн онд их, дээд сургуулиудаас хамгийн эрэлттэй нь төрийн өмчийн сургуулиуд байна. Төгсөж байгаа хүүхдүүдийн 90 хувь нь дээрх сургуульд элсэх хүсэлтэй байгаа нь судалгаанаас харагдлаа. Тэр хэрээрээ хамгийн өндөр оноотой, сайн сурлагатай хүүхдүүд дээрх сургуулиудад элсчээ. Эхний байруудад МУИС, СЭЗДС, ШУТИС, ЭМШУИС, ХҮДС оржээ. Дунджаар 700-805 оноотой хүүхдүүд эдгээр сургуулийн босгыг давах эрхээ авчээ.
  Мэргэжил сонгоно гэдэг мэдээж амаргүй даваа. Би юу сонирхдог, юу чаддаг, юу ашигтай, төгсөөд гарахад аль нь арай ахиу цалинтай вэ гээд бодох харьцуулах зүйл олон. Тэгээд ч тэр олон мэргэжлээс хүссэнээ сонгож авна гэдэг хормын төдийд шийдчих асуудал биш.
 

Хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийг 2.5 жилээр төлөвлөдөг
  Ямар мэргэжил хамгийн эрэлттэй, ирээдүйтэй байгаа талаар хүн бүр мэдэхийг хүсэж байгаа. Энэ талаар боловсролын систем ямар бодлого хэрэгжүүлж буй талаар мэргэжилтнүүднээс тодрууллаа
Мэргэжлийн боловсролын сургалтын арга зүйн төвийн эрдэм шинжилгээний ажилтан Г.Энхбат:
  - Хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийг 2.5 жилээр төлөвлөж судалгаа хийдэг. Улсын хэмжээнд 55 мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд 205 мэргэжлээр сургаж байна. /Барилгын 32, уул уурхайн 19, хөдөө аж ахуйн 16/ Барилга, уул уурхай, хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх сургалтын бааз хомс байна. Харин үйлчилгээний чиглэлийн зардал бага шаарддаг сургалтууд илүү их явагдаж байна. Тиймээс ажил олгогчид уул уурхай, хөдөө аж ахуй, барилгын салбарт ажиллах мэргэжлийн ажилчдын эрэлт ихтэй байгаа учраас гаднаас оруулж ирэх хандлага нэмэгдэж байна. Гаднаас ирж байгаа мэргэжлийн ажилчдын 75 хувийг техникийн анхан болон дунд шатны мэргэжлийн ажилчид эзэлжээ.
  Манайд аж үйлдвэрийн ажилчин, машин тоног төхөө­рөмжийн оператор, угсрагч, зоогийн газрын үйлчилгээний чиглэлийн ангилалд хамаарах мэргэжилтэй ажилчдын ажлын байрны захиалга их байна. Ажил олгогчид мэргэжлийн ур чадвараас гадна хувь хүний төлөвшил, ажилд хандах хандлагыг гол болгодог болжээ.
 

Төгсөөд бэлэн ажлын байртай болох эсэхийг бодох хэрэгтэй
БСШУЯ-ны Боловс­ролын үнэл­­гээний төвийн захирал Ц.Оюунсайхан:
  - Хамгийн өндөр оноотой хүүхдүүд онолын болон хэрэг­лээний математикийн мэргэжлийг сонгож байна. Дараа нь эрх зүй, программ хангамж, эдийн засаг, банк санхүү, инженер, маркетинг менежмент, олон улсын харилцаа, анагаах ухаан, багш гэсэн дараалаар сонголт хийж байгааг судалгаагаар тогтоосон. Математик, программ хангамжийн мэргэжилтэн эрэлт ихтэй байна гэдгийг хүмүүс сайн мэдэрч байна. Сүүлийн үед математикийн хичээлийг голлож суралцдаг, шалгалт өгдөг болжээ. Математикаар суурилж суралцсан хүүхэд хөрвөх чадвар сайтай мэргэжилтэн болдог. Бусад мэргэжлээр суралцахад бага хугацаа шаарддаг. Японд Монголын 300 гаруй программист ажиллаж байна. Математикаар дээд сургууль төгссөн хүүхэд дараа нь гурван сар сураад л программистийн мэргэжил эзэмшчихэж байна. Сувилахуйн мэргэжил дэлхийд их эрэлттэй байна.
  - Мэргэжлийг хослуулж эзэмших үү, эсвэл нарийвчлан дагнаж мэргэшихийн аль нь зөв сонголт болох бол?
  - 2000 оноос өмнө хос мэргэжил эзэмших шаардлага, хослуулж сургах хандлага ч их байлаа. Бид цөөхүүлээ учраас бүхнийг чаддаг ур чадвар хүн бүрээс шаарддаг байсан. Дэлхий улам бүр глобалчлагдаж байгаа энэ үед мэргэжил өөрөө их нарийвчлагдах шаардлага аяндаа гарч ирж байна. Зөвхөн Монголдоо төдийгүй олон улсын хөдөлмөрийн зах зээл дээр тэнцэх чадвар, шаардлага тавигдаж байна. Суурь мэдлэг нь хүнийг их төлөвшүүлдэг. Математикаар мэргэшсэн байлаа гэхэд тал бүрээс нь ул суурьтай хандаж тэвчээртэй сууж чадах тэсвэртэй болдог. Мэргэжил аяндаа хүнийг төлөвшүүлдэг. Мэргэжил эзэмшихээс гадна хувь хүний төлөвшил гэдэг зүйл их чухал.
  Яг одоогийн цаг үед аливаа юмыг гүнгийрүүлэн нарийвчлан судлах, хийхийг шаардаж байна. Тэгэхээр аливаа зүйлийг илүү нарийвчлан дагнаж суралцах нь зүйтэй болжээ гэж боддог.
  - Бараг 160 гаруй их, дээд сургууль манайд бий. Төгсөгчид мэргэжил эзэмшчихээд яагаад ажлын байргүй, эсвэл гологдоод байна. Гэтэл зарим мэргэжилтнүүд эрэлт ихтэй байдаг ч, тэднийг бэлтгэдэг сургууль ховор байх жишээтэй. Эрэлт нийлүүлэлт хоёр тэнцвэртэй байж чадаж байна уу?
  - Засгийн газар солигдох болгонд гарч ирсэн хүмүүс нь хувийн сонирхлоороо ханддагаас төрийн хэмжээний боловсролын бодлого алдагдаад байна. Олон сургууль гарч ирсэн нь сайн, муу хоёр талтай. Хүүхдээ сургах гэж ээж аав нар чадлынхаа хэрээр зүтгэдэг. Олон хүүхэд боловсролтой болж байна. Тэр хэрээрээ хүн хөгжиж байгаа. Харин ямар мэргэжлээр хичнээн боловсон хүчин хэдийд бэлтгэх вэ гэдэг дээр бодлого дутагдаад байгаа нь үнэн. Барилгын салбарыг авч үзье. Ирэх 20 жилд ашгаа алдахгүй бизнес. Манайх инженерүүдээ бэлтгэж, ажлаа удирдуулсан бол хичнээн сайхан. Гэтэл гаднаас л хүмүүс ирж манай ажилчдыг удирдаж байна. Харамсалтай л байгаа юм. Манайхан солонгос руу олноороо гарч ажиллаж байна. Гэтэл тэднийг энд нутагтаа ажиллуулсан бол хичнээн сайхан. ШУТИС-ийн 3.4-р курсийн цахилгаан, дулааны инженерийн ангийнхан аль хэдийнэ ажилтай болчихсон байдаг. Зоогийн газар тогоочийн ажлын байр эрэлттэй байна. ХҮДС-ийн оюутнуудыг ажил олгогчид төгсөхөөр нь манайх ажилд авна гээд захиалчихсан байдаг. Тэгэхээр сонголтоо хийхдээ төгсөөд бэлэн ажлын байртай болох талаа бас бодох хэрэгтэй. Ялангуяа охид гадаад хэлийг дөрвөн жил мэргэжил болгон суралцаж байна. Гадаад хэлийг би мэргэжил гэхээсээ хэрэглээ л гэж хэлмээр байна. Өнөөдөр хүн бүр л жолоо барьж байна. Мэргэжил гэхээсээ нийгмээ дагасан хэрэглээ. Охид ихэвчлэн гадаадын хүмүүст л хэлмэрчилж байна. Тэгээд ихэнхи нь гадагшаа гараад гадныхантай гэрлэчихдэг. Дунд сургуульд хөвгүүдийн хөгжил охидоос хоцорч байдаг. Гэтэл сурлагаар нь жагсаахаар охид дээгүүр байр эзэлдэг. Тэгээд л хөвгүүд гээгдэж эхэлдэг. Үндэсний тусгаар тогтнол, аюулгүй байдал, үндэсний үзлийг ч боловсролын бодлогодоо тусгах ёстой. Бид яах гэж монгол хүн болсон билээ. Төрсөн нутгийнхаа төлөө өөрийгөө зориулах ёстой.
  - Сургалтын төлбөр өндөр байна гэдэг нэг хэсэг байхад, нөгөө хэсэг нь боловсролын өртөг өндөр байх ёстой гэж үздэг?
  - Олон улсын жишгээс манай ханш чамлагдаад байдаг. Бага сонсогдохын хэрээр үнэгүйддэг. Тэгэхээр дэлхийн ханштай адил ханштай болмоор байна. Дэлхийн хэмжээний өндөр цалин авдаг болцгооё. Өөрсдийгөө үнэжүүлье. Хүн гэдэг зиндаа маань бусдаас хол гээгдчихээд байна. Бид дэлхийн мэргэжилтэн бэлтгэж, дэлхийтэй хөл нийлүүлэх цаг үе тулж ирээд байна. Энэ нь мэдээж авах гээхийн ухаанаар дэлхийн хэмжээний төлбөртэй байж таарах байх. Тэр хэрээрээ өндөр боловсролтой, чадвартай мэргэжилтнүүд төрж гарах нь дамжиггүй .
Ажилтай болно гэдэг амьдралын минь тэн хагас нь
  Мэргэжил сонгоно гэдэг хялбар бишээ гэдгийг хүн бүр л биеэрээ мэдэрдэг. Үр хүүхдээ сонголт хийхэд нь цаг үеийн байдлыг ажиглах нь мэдээж хэрэг. Харин сонголтоо хэр зөв хийсэн бэ гэдгээс хүүгийн минь ирээдүйн хувь заяа шалтгаална. Оюутан болдог. Дөрвөн жил сурчихаад, их л мундаг дипломтой мэргэжилтэн гараад ирдэг. Ажил олддоггүй. Олдсон нэгнийх нь цалин нь чамлагдаад байдаг. Эсвэл ажил дээр гарахаараа гологдоод эхэлдэг. Тэгээд сургуулийн сургалтын чанар муу байсан гэж гомдоллож эхэлдэг нь хэвийн үзэгдэл. Тэр гологдлуудын эгнээг өргөтгөхгүй байхыг зорих хэрэгтэй. Олон сонголт бий шүү.
    Нийтлэлдээ бид мэргэжилтнүүдийн яриаг нэлээд оруулахыг зорьсон. Уул уурхай, барилга, программ хангамж, нийтийн хоол гээд эрэлт ихтэй мэргэжил эзэмшихээр сурч байгаа оюутнууд төгсөх курсдээ аль хэдийнэ ажлын байраа олчихсон байдаг тухай мэргэжилтний яриаг та лав анзаарсан байх. Ийм эрэлттэй мэргэжлийг сонгосон хүн хэзээ ч алзахгүй. Ядаж л төгсөөд хаана ажиллах вэ гэж толгой өвдөхгүй шүү дээ. Тэгээд ч сурч байх хугацаандаа үйлдвэрлэлийн дадлагаа сайн хийсэн оюутнуудыг ажил олгогчид төгсөөд байгууллагадаа ажиллахыг урьдаг. Бас хичээлийн заваараа ч ажиллачих боломж гаргаж өгдөг. Тэр ч байтугай сургалтын төлбөрийг нь төлөхдөө ч гар татдаггүй. Тэгэхээр өөрөө хичээж чадвал өчнөөн олон боломж байдаг юм байна аа гэдгийг уншигч дүү минь болгоогоорой. Хийж байгаа ажлаасаа таашаал авна гэдэг ямар ч шагналаас илүү. Гэхдээ сургуулиа сонгож сураад амжилттай төгсөнө гэдэг хангалттай биш.
    Мэргэжил бүхний боломж харилцан адилгүй. Манай судалгаанд оролцсон хүүхдүүдийн 90 хувь нь ерөнхий боловсролын сургуулиа төгсөөд их дээд сургуульд элсэх хүсэлтэй гэж хариулжээ. Харин үлдсэн хэсэг нь нь санхүүгийн гачаалаас болоод гадагшаа гарч, эс бөгөөс нутагтаа ажиллахыг хүссэн байна. Судалгаагаар инженер, программистууд болон байгалийн ухааны мэргэжилтнүүдэд сайн цалинтай ажил амархан олд­дог бол нийгмийн ухааныхан харьцангуй удаан хугацаанд ажил хайх хэрэгтэй болдог. Эдийн засгийнхан тэр бүр мэргэжлээрээ ажиллах боломжгүй бүр жолооч болох тохиолдол байдаг. Урлагийн салбарыг сонгож суралцагчдын тоотой хэд нь л мэргэжлээрээ ажиллах боломжтой болдог ажээ. Инженер, программистууд, санхүүчдийн ихэнх нь бүтэн цагийн ажилтай болсон байхад сэтгэл зүйч, судлаачид цагийн ажил хийж байна. Олон улсын хөдөлмөрийн зах зээлээс харахад эдийн засаг, математик, байгалийн ухааны мэргэжлүүд арай л илүү эрэлттэй. Хамгийн сонирхолтой шинэ мэргэжил нано технологи, агаарын тээврийн салбар. Сайн бэлтгэгдсэн мэргэжилтэн хаа сайгүй эрэлт ихтэй. Тэд санхүүгийн хувьд хэн нэгнээс хамааралгүй, найдвартай, биеэ даасан байдалтай байдаг. Түр ажилтай хүн амьдралаа тууштай төлөвлөх боломжгүй. Тэгэхээр мэргэжил эзэмшинэ, ажилтай болно гэдэг бидний тал биеийн минь хэсэг. Амьдралын хамаг утга учрын тэн хагас нь билээ.
  Төгсөгчдийнхөө эрх ашгийг бодвол их, дээд болон тусгай мэргэжлийн сургуулиуд хөдөл­мөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээг нарийн судлах шаардлагатай байна.
Дөрвөн жилийн бэрхшээл-дөчин жилийн жаргал
  Хүүхдүүдийн маань өмнө сонголтоо хийх хариуцлагатай үе тулгарч ирээд байна. Яг л сонгууль өгөх гэж байгаа юм шиг. Буруу хүнээ сонгочихвол дараа нь түүнийг дөрвөн жил хараах болдог. Тэгвэл буруу буюу өөрийнхөө хүсээгүй мэргэжлээ хайнгадуухан сонговол дөчин жил өөрийгөө зүхэх ч багадах болно. Дөрвөн жил оюутны ширээний ард “өөрийгөө зовоохдоо” дөчин жилийнхээ жаргалыг зохиох гэж байгаагаа битгий мартаарай гэж захья. Хүүхдүүд мэргэжлээ сонгохдоо өөртөө эргэлзэж байвал сэтгэл зүйн зөвлөгөө өгөх төвд ханддаг болжээ.
“Увидаст сар” сэтгэл зүйн зөвлөгөө өгөх төвийн захирал, сэтгэл судлалын философийн ухааны доктор, сэтгэл зүйч Г.Сарантуяа:
  - Мэргэжил сонголт бол тухайн хүний сонир­­хол авьяас, сэт­гэл зүй, биеийн хөгжил нийгмийн ханд­­лага зэрэг олон хүчин зүй­лээс хамаар­даг. Манай төвд хандаж байгаа хүүхдүүдийн ихэнх нь надад ямар мэргэжил тохирох нь вэ гэдгээ мэдэхээр ханддаг. Бид тухайн хүнд ямар мэргэжил тохирох вэ гэдгийг сэтгэл судлалын судалгааны асуулгаар тодорхойлж зөвлөгөө өгдөг. Шинжлэх ухааны үндэслэлтэй ийм судалгаа үр дүнгээ өгч байна. Элсэлтийн шалгалтын өмнөхөн нь мэргэжлээ сонгоно гэдэг нэлээд оройтож байна гэж боддог. Хүүхэд бүр багаасаа л мэргэжлийнхээ чиг баримжаагаа санамсаргүй байдлаар олж авдаг. Цэцэрлэг, бага ангид байхаас нь л сайн ажиглаарай. Тэгсэн цагт хүүхдийн авьяас чадвар илэрч эхэлдэг. Мэргэжлээ сонгохдоо зарим хүүхдүүд аав ээжийнхээ заавраар, эсвэл найз нөхдийгөө даган дуурайдаг тал бий. Хожим өөрийнх нь сонирхон дурласан мэргэжил биш учраас амжилт бүтээл гаргаж чадахгүй мохох тал бий.
  Багаасаа авьяасаа мэдрээд би ийм л мэргэжилтэй болно гээд зорьсон хүн тууштай байдаг. Харин хоёр гурван мэргэжлийнхээ дунд эргэлзээд байгаа, бас ямар ч сонголт хийж чадахгүй байгаа хүүхдүүд их ирдэг л дээ.
  - Зарим хүүхэд хоёр гурван жил сурч байгаад сургуулиа орхиод, дахиад өөр мэргэжлээр сурдаг?
  - Тийм хүүхдүүд бас ирдэг. Нэгэнт өөрөө дургүй мэргэжлээ сонгосон бол ажил дээр гараад амжилт олно гэж байхгүй. Гурван жилийн төлбөр, хөдөлмөр талаар өнгөрдөг хэдий ч цаашид ажиллах үнэхээр сонирхолгүй гэдгээ эртхэн мэдэрсэн бол сонголтоо өөрийнхөөрөө хийсэн нь зөв байх.
  - Эцэг, эхчүүд багад нь хүүхдийнхээ сэтгэл зүйд нөлөөлдөг тал байдаг юм шиг?
  - Цэцэрлэгийн хүүхдүүдээс том болоод ямар мэргэжилтэй болох вэ гэж асуухаар хөвгүүд нь босс, охид нь мисс болно гэдэг. Тэдний балчир оюунд мөнгөтэй босс, гоё хувцастай мисс болчихвол л сайхан амьдрах юм байна гэсэн төсөөлөл бий болчихсон байдаг. Зарим аав ээж нар хүүхдээ манай энэ ч слесарь л болно доо чадах юм юу ч байхгүй шүү гэдэг. Хүүхдэд энэ нь сөргөөр нөлөөлдөг. Би тийм л хүн юм байна. Өөр юм чадахгүй гээд юманд өрөөсгөлөөр ханддаг болчихдог. Эсвэл чи эмч болох ёстой гээд хүүхдийнхээ сэтгэхүйд нөлөөлчихдөг. Хүүхдүүдийн сэтгэ­хүй ихэнхдээ хэдхэн мэргэжлийн хүрээнд хумигддаг. Гэтэл дэлхий дээр 35 мянгаас хол давсан олон мэргэжил байна шүү дээ.
  - Ээж, аав нар хүүхдээ зөв чиглүүлэхийн тулд яах ёстой вэ?
  - Ээж, аав нар өөрсдийнхөө мэргэжлийг өвлүүлэхийн тулд хүүх­дэдээ шууд тулгаж болохгүй. Юу хийх гээд дурлаад байна. Илэрсэн авьяасыг нь дэмжээрэй. Хорих хэрэггүй. Тэр нь мэргэжил нь ч болж болно шүү дээ. Эсвэл сонирхлын хүрээнд хязгаарлагдаж ч магадгүй. Дугуйланд оруулах, магтах сайшаах гэх мэтээр урам­шуулах хэрэгтэй.
  - Хүүхэд өөртөө ямар авьяас байна гэдгээ яаж мэдэх вэ, зарим хүүхдүүд би ямар ч авьяасгүй гэдэг?
  - Ямар нэгэн юмыг хийж бүтээж байж,өөрөөр хэлбэл хөдөл­мөрийн үр дүнд л авьяас аяндаа илэрдэг. Ээж аав нар зураг зурахаар нь юм заваарууллаа, юм хайчлаад эхэлбэл гараа огтолчихно гээд загнадаг. Гэтэл зарим хүүхдийн авьяас их эрт илэрдэг. Тэр үед нь эцэг, эх нь миний хүү жаахан байна гээд хориод байдаг. Арай том болоод ирэхээрээ нэгэнт хорьсон юмыг хийх ямар ч сонирхолгүй болчихдог. Өөрөөр хэлбэл надад энэ авьяас байхгүй гэсэн үзэл суучихдаг гэсэн үг. Зарим тохиолдолд хүний авьяас бүр хожим илрэх нь ч бий.
  - Амжилтанд хүрэхийн тулд өөрийн зан чанартаа тохирсон мэргэжил сонгох ёстой юу?
  - Хувь хүний зан чанар нь ажлын бүтээмжид нөлөөлдөг. Түргэн хөдөлгөөнтэй, маш хурдан хугацаанд шийдвэр гаргадаг зантай хүн богино хугацаанд шийдвэр гаргах шаардлагатай нисгэгч, жолооч зэрэг авхаалж, хурд шаардсан ажилд илүү тохирдог. Юмыг няхуур мөртлөө ултай, удаан бодож хийдэг хүмүүст судалгааны ажил илүү тохирч байхад, үргэлж гүйж харайж, хүмүүстэй эвтэйхэн харилцаж чаддаг хүн сурталчилгааны ажилд амжилт олох жишээтэй.
  - Мэргэжил сонгохдоо нийгмийн байдал, тухайн үеийн моодонд орсон мэргэжлийг сонгох хандлага байдаг?
  - Төгсөөд ажлын байртай байхыг хүн бүр хүсдэг. Гэсэн ч сонирхолгүй ажил дээр гарахаар амжилтанд хүрэх нь юу л бол. Манайд боловсролын бодлого алдагдчихаад байна л даа. 1990 оноос өмнө ойрын 10 жилд ямар мэргэжлээр хичнээн мэргэжилтэн бэлтгэх шаардлагатай гэдгээ бодлогоор шийддэг байж.
  Сүүлийн үед энэ бодлого алдагдчихаад байгаа. Гэтэл дээд сургууль төгссөн хүн өнөөдөр харуул хийгээд сууж байна. Дипломтой ажилгүйчүүд олширсон. Тэгэхээр тухайн үеийн чиг хандлагыг ажиглахаас гадна өөрийнхөө дуртай, сонирхолтой илүү сайн хийж чадах мэргэжлийг сонговол зүйтэй. Хүн өөрийнхөө хийж байгаа ажил, мэргэжлээсээ таашаал авч, сэтгэл хангалуун байх ёстой.
  - Мэргэжил эзэмшихээр зорьж сурчихаад, яагаад түүгээрээ ажиллахгүй байна?
  - Ямар ч хамаагүй сургууль төгсөөд дипломтой болчихвол учиртай гээд л сургуульд орчихдог. Диплом нь хүнд аз жаргал авчрах болов уу гэдгээ бодох хэрэгтэй. Сургуулийн чанар, хувь хүний хичээл зүтгэл гээд олон зүйлээс хамаарна. Дипломын төлөө сурсан бол чанаргүй мэргэжилтэн нэгээр л нэмэгдэнэ. Хувь хүний өөрийн төлөвшил их нөлөөлдөг. Одоогийн оюутнууд их оролдлого мэрийлттэй болжээ. Хэл сурч байна. Сурахын төлөө нэг хэсэг нь зүтгэж байна. Нөгөө хэсэг нь зөвхөн хавтасны төлөө л сурч байна. Зарим хүмүүс учиргүй олон үнэмлэх цуглуулчихсан байдаг. Аль нэгээр нь ажил олно гэж. Диплом авна гэдэг мэргэжил эзэмшчихлээ гэсэн үг биш.
Сонголт бас дахин сонголт
  Хүүхдүүд маань ирээдүйгээ хэдийнээс эхлэн төлөвлөдөг бол? Судалгаанаас харахад хүүхдүүдийн тэн хагас нь сургуулиа төгсөөд онооны дарааллаар жагсахдаа л сонголтоо хийж байна. Бусад орны жишээнээс харахад тийм биш аж. Швейцарь хүүхдүүд арван наснаасаа мэргэжлээ сонгож эхэлдэг. Энэ том сорилтыг хийхэд мэдээж ээж, аав, багш нар нь тусалдаг. Тухайн хүүхдийн оюуны цараа, авьяас чадвар нь зургаан жилийн сургалтын явцад мэдэгддэг. Тэгэхээр хүү охин маань бага гэлгүй тэднийг эртнээс амьдралд бэлтгэх нь чухал болжээ гэдгийг анхаарцгаая эцэг, эхчүүд ээ.
 Бусдын эрхээр жаргахаар өөрийн эрхээр зов гэдэг үгийг зүгээр ч нэг хэлээгүй байх. Бусдын эрхээр сонгох, эсвэл өөрийнхөөрөө хувь заяагаа зохиох гэдэг хоёр сонголтын өмнө хүү маань тулж ирээд байна. Оюутны дөрвөн жил гэдэг өөрийгөө хайх замдаа гарч байна гэсэн үг. Хүүхдийнхээ сонголтыг хүндэтгэн үзэх нь чухал гэдгийг зарим ээж аав нар төдийлэн хайхардаггүй. Өөрийнхөө үзлийг тулгах гэдэг. Саяхан телевизээр бараг гурван сар шахуу үргэлжлэн гарсан “Цэргийн сургууль” хэмээх оросын олон ангит киног та лав үзсэн байж магадгүй. Препечко хэмээх хөөрхөн банди нисгэгч болохыг мөрөөддөг бөгөөд нисэхийн сургуульд орох хүсэл­тэйгээ ойр дотныхондоо хэлдэг. Гэтэл ээж нь уйлж, аав нь уурлаж байгаад хүүгээ тэр сургуульд орохыг нь огтхон ч зөвшөөрдөггүй. Учир нь хүү минь нисч яваад осолдчихвол яана гэж эмээцгээдэг. Ийм нэг жишээ миний амьдралд ч бас тохиолдож билээ. Дунд ангид байхаасаа л сэтгүүлч болох хүсэлтэй байсан намайг шалгалт өгөхийн өмнөхөн аав минь сэтгүүлчийн ажил хүнд, тэгээд ч янз бүрийн газар явах хэрэгтэй болдог. Дайны талбарт ч гэсэн очих хэрэгтэй болдог гэсэн. Тэрэнд орвол миний хүү зүгээр л багш болчих гэж билээ. Юм юмыг сониучирхдаг саваагүй занг минь энэ үг харин ч эсрэгээр хурцалж өгсөн юм. Би аавынхаа үгэнд ороогүй өөрийнхөөрөө зүтгэсэн. Гэхдээ алдаагүй. Хүүгээ бодсон эцгийн сайхан сэтгэлийг мэдэрсэн ч гэлээ эцсийн эцэст би хүсэлдээ л хөтлөгдсөн юм. Хүүгийнхээ сонголтыг хүндэтгэж үзээрэй, ээж аав нар аа. Хүсэл мөрөөдөлдөө үнэнч байгаарай хүү минь.
Сайхан ажил, сайн цалин-харин би
  Сургууль төгсөнө, мэргэжил эзэмшинэ гэдэг бол зөвхөн хүнд өөрт нь хамаатай асуудал биш. Нийгмийн хөгжилд мэргэжилтэн маань ямар хувь нэмэр оруулах вэ гээд бодох асуудал мундахгүй. Сургуулиа төгсөөд ирж байгаа төгсөгчөөс мэргэжлийн мэдлэгээс гадна ажлын дадлага, ур чадвар, хувь хүний хөгжлийг чухалчилж үздэг. Германы нэгэн нэртэй компанид 15 мянган ажил хайгч анкетаа өгөхөд тэднээс 200 хүн нь л ажлын байртай болж амждаг. Өөрөөр хэлбэл нэг хүн долоон өрсөлдөгчтэй гэсэн үг. Манайд ч энэ тоо арай өөр болж байна. Нэлээд хэдэн жилийн өмнө 40 өргөдөл гаргагчаас 30 нь ажлын байртай болдог байж. Харин өнөөдөр эдийн засгийн мэргэжлээр 100 ажил горилогчоос 5 нь л шалгаруулалтад тэнцэж байна. Энэ нь төгсөгчдийн мэдлэг, ажлын дадлага, ур чадвар хангалтгүй байгаатай холбоотой гэж ажил олгогчид дүгнэж байна. Орчин үеийн төгсөгчдийн үнэ цэнэ нь юмыг чөлөөтэй сэтгэн бодох чадвартаа байна. Хэн үргэлж өөрчлөгдөж, хөгжиж чадна. Тэр бүхий л нөөц бололцоогоо дайчлан ажиллаж чадна гэсэн үг.
Ажил олгогчдын шаардлага ч улам өндөрсөж байна
“Хас” банкны хүний нөөцийн хөгжлийн хэлтсийн захирал Г.Зул:
  - Өнөөгийн өрсөлдөөнт бизне­сийн орчинд компанийн ялах гол хүчин зүйл нь ажиллах хүч гэдгийг удирдлага бүр мэдэрдэг. Ажилтан шалгаруулахад менежерүүд ихэвч­лэн тухайн горилогчийн ажлын туршлага болон ур чадваруудыг үнэлэн шийдвэрээ гаргадаг. Сонгон шалгаруулалт хийхдээ тухайн хүний чадамжийг илрүүлэн үнэлэхэд анхаарлаа чиглүүлээд, хамгийн гол шалгуур болох хүний хандлага, зан чанарыг үнэлэхгүй орхигдуулаад байна. Мэдлэг, ур чадвар, ажлын дадлага туршлагыг олгож, сургаж болно. Тухайн хүний зан чанарыг бүхэлд нь өөрчлөж оролдох нь бүтэшгүй зүйл.
  - Зөв хандлагатай хүн мөн эсэхийг хэрхэн тодорхойлох вэ?
  - Нийгэм өөрчлөгдөж хөгжил хурдсахын хэрээр ажил нь тухайн хүнээс илүү их ур чадвар, мэдлэгийг шаардаж байдаг. Ажил дээрээ амжилт гаргахын тулд өөрийгөө их сайн боловсруулах хэрэгтэй байна. Төгсөөд ажилд орохоор ирж байгаа хүүхдүүд дадлага байтугай онолын мэдлэг нь хангалтгүй байх тохиолдол бага биш байна.
  Диплом өвөртлөөд л том дарга менежер болно гэдэг. Гэтэл хувь хүний төлөвшил нь хангалтгүй бол ажил удирдахад хэцүү биз дээ. Тиймээс бид байнга суралцаж, өөрийгөө хөгжүүлэх эрмэлзэлтэй, эрч хүчтэй, хамт олонч, бүтээлч, шинийг эрэлхийлэгч, нийгэмд өөрийн гэсэн хувь нэмэр оруулах хүсэлтэй, харилцааны соёлтой зэрэг шинжүүдийг агуулсан ажилтныг авахыг хичээдэг. Богино хугацаанд шинээр их хэмжээний мэдээллийг тогтоох шаардлага гарлаа яаж амжуулж чадах чадвартай вэ гэдэг нь илүү чухал. Ямар байдлаар асуудлыг шийдвэрлэж чадах вэ гэдэг чадварыг харах хэрэгтэй болдог. Ингээд сонгон шалгаруулалт дуусахад, нэг талаас тухайн ажилтны мэдлэг, ур чадвар, нөгөө талаас зан чанар, хандлага гэсэн мэдээлэл цугларна. Эцсийн шийдвэрээ хандлага гэсэн шаардлагад “А” үнэлгээ авсан горилогчийг ажилд авдаг. Мэдлэг ур чадварт сургаж болно, харин хүнийг өөрчлөнө гэдэг бараг л үгүй болов уу.
  Дэлхий улам бүр даяарч­лагдаж байна. Өрсөлдөөн нэг орны хүрээнээс хэдийнэ хальжээ. Тэгвэл монголчууд ямар ажил хийж байна. Сүүлийн үед дуулиан болоод байгаа Оюу толгойн орд газар ажиллаж байгаа монголчуудын ихэнх нь жолооч хамгаалагч зэрэг ажил хийж байна. Цалин нь бусад газраас харьцангуй өндөр гэнэ. Харин гадныхан тэнд инженер технологич хийж нэг хүнийх нь цалинг арав нугалаад авч байна. Яагаад ийм байна вэ, Яагаад монголчуудын мэдлэг боловсрол үнэлэгдэхгүй байна. Монголчууд яагаад мэргэжлээ хаяад, харьд хар ажил хийхээр одоод байна. Хэдэн жил болоод эргээд иртэл ажлаасаа төсөөрчихсөн байдаг. Сайн мэргэжилтнээ тогтоох төрийн бодлого бас дутагдаад байна. Гэхдээ тийм сайхан цаг удахгүй ирэх байх л даа. “Глобал Сео” хэмээх уралдаант нэвтрүүлэг жилийн 50 мянган долларын цалинтай ажилд мэргэжилтнээ шалгаруулж авахаар уралдаан зарлачихаж. Залуучууд өрсөлдөж байна. Чадварлаг залуус олон байгааг харах бахархалтай юм билээ.
Монгол хүний үнэлэмжийг өсгөх нь нэн тэргүүний шаардлага
Глобал Удирдагч Сангийн тэргүүн Б. Отгонбат:
  - Нэвтрүүлгийн зорилго юунд оршиж байна вэ?
  - Бид улам бүр хавтгайрч буй даян дэлхийд амьдарч байна. Өргөн хэрэглээний болон хүнсний бараа бусад улсуудаас ялгарах юмгүй адилхан байгаа атлаа Монгол хүний үнэлэмж маш доогуур байна. Өнөөдөр нэг литр бензиний үнэ Японд 1450 төгрөг байхад манайд 100 гаруйхан төгрөгөөр л хямд байна. Гэтэл Япон хүний дундаж цалингаас Монгол хүний авч байгаа цалин арав дахин бага байна. Тэгэхээр Бидний хэрэглэж байгаа бараа бүтээгдэхүүний үнэ дэлхийн жишигт хүрчихээд байхад Монгол хүний үнэ ч тэр жишигт хүрэх ёстой. Бид Монгол мөрөөдлийг шинээр тодорхойлох хэрэгтэй. Монгол мөрөөдөл гэдэг нь хоёр өрөө байр, хуучин машин биш. Харин дэлхийн цалинг Монголдоо авч, Монголдоо сайхан амьдрах мөрөөдөл байх ёстой. Монгол улсын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нь 108,000 төгрөг байгаа. Гадаадад өндөр зардлаар сурсан хүн дундаж цалин 500,000 төгрөг байгаа нийгэмд буцаж ирэн ажиллах эдийн засгийн хөшүүрэг байхгүй нь ойлгомжтой. Тэгэхээр энэ эдийн засгийн хөшүүргийг бий болгосноор Монгол Улс авьяастай залуусаа буцаан татах боломжтой болох юм. Капитал Групп Монголын компаниудаас манлайлан, Монгол хүнийхээ чадварт итгэж, дээрх эдийн засгийн хөшүүргийг бий болгож, Монгол хүндээ дэлхийн түвшний цалинг амлаж байна. Энэ бол Монгол хүний үнэлэмжийг өсгөж байгаа маш том ажил юм.
    - Таны бодлоор өнөөдөр монгол хүний үнэлэмжийг өсгөхөд юу хийх ёстой гэж үздэг вэ?
    - Өнөөдөр Монгол Улс үйлдвэр­жилтийн өмнөх үедээ явж байна. Тиймдээ ч гаднаас авч байгаа бараа бүтээгдэхүүн дээрээ хэдэн төгрөг нэмээд зарж байгаа. Ингэхээр ашгийн ихэнх нь хилийн чанадад үлдэх нь ойлгомжтой. Тэгвэл дотоодын үйлдвэрлэлийг дэмжиж, үндэсний шилдэг үйлдвэрлэлүүд, түүнийг зөв зохион байгуулах чадвартай менежерүүдийг дэмжсэнээр бид тун удахгүй үйлдвэржилтийн үе рүү шилжин орох боломжтой. Үйлдвэржилт гэдгийг бид нөгөө л гутлаа оёж, талхаа барьж, газраа ухахаар төсөөлдөг үе өнгөрч байна. Харин үүнээс илүүтэйгээр оюуны үйлдвэржилтэд анхаарлаа хандуулж, хүний авьяасыг импорт­лодог бус экспортлодог улс болох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, дэлхийн хэмжээнд сэтгэдэг, өөрчлөлтөд зохицох чадвартай, баялаг бүтээгч хүнийг хөгжүүлснээр хүний капитал бий болж Монгол Улс дэлхийд өрсөлдөх чадвартай болно. Энэ нэвтрүүлэг монгол хүний үнэлэмжийг дээшлүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулна гэдэгт би итгэж байгаа.
Ажил олгогчид хувь хүний төлөвшлийг чухалчилдаг
  Сүүлийн үед ажил олгогчид хувь хүний төлөвшлийг их чухалчилдаг болжээ. Гадаад хэлний мэдлэг, бусад салбарын мэдлэг, багаар ажиллах чадвар, төлөвлөх чадвараас гадна хувийн сахилга бат их чухал. Хөдөлмөрийн ёс зүй гэж нэрлээд байгаад сахилга баттай байх чанарыг нь ажил олгогчид их ажигладаг. Хэзээ ажилдаа ирэх нь бүү мэд, ирээд ямар бүтээлтэй ажилласан нь мэдэгдэхгүй, юм хэлбэл биеэ өмөөрөөд өрвөлзөөд уурлаад байдаг, хааяа хааяа балгачихдаг, хувийнхаа ажлыг амжуулахаар сэмхэн бултдаг, бусадтай таарамжгүй ажилтантай байхыг хэн хүсэх билээ. Бас нэг эзэмших шаардлагатай чухал чанар бол өөрийгөө илэрхийлэх чадвар. Нэг аятайхан зvйл хийх юмсан гэж бодоод явдаг залуус бий. Гэсэн ч тvvнийгээ ил гаргаж, бусдад ойлгуулж чаддаггvй. Хvvхэд байхаас л биднийг огт яриулаагvй хорьсон. Аав ээжvvд өдөржингөө ажил хийгээд ядраад ирэхээрээ чимээгүй бай л гэдэг. Цэцэрлэгтээ очихоор багш нь гараа ширээн дээр тавиад томоотой суухыг шаарддаг. Дунд сургуульд ч, оюутан болоход мөн л чимээгvй суух командтай. Санал бодлоо чөлөөтэй илэрхийлж, нээлттэй байж чаддаггvй нь ийм олон учир шалтгаантай. Гэхдээ Манай залуус дотор өөрийгөө илэрхийлж чаддаг хvмvvс олон байгаа. Энэ хvнтэй би яаж харилцах вэ гэдгээ мэдрэх нь чухал.
Өндөр цалинтай ажилд орохыг хүн бүр хүсдэг
  Ажлын туршлагаасаа хамаа­раад цалингийн үнэлэх үнэлэмж харилцан адилгүй. Ажлын байр хайж олно гэдэг цалинтай холбоотой. Өндөр цалинтай ажилд орохыг хүн бүр хүсдэг. Тэр хэрээр ажил нь өөрөөс нь илүү ур чадвар шаарддаг. Цалингаас нь болоод дуртай ажлаа хийж чадахгүй байх тохиолдол бага биш. Ажлаа­саа таашаал авна гэдэг утга энд алдагдчихдаг. Дуртай ажлаа бага цалингаар хийх хүн ховор шүү дээ. Багш нар цалин бага байна гээд байсхийгээд л тэмцдэг. Сарын 1200 долларын ажилд авна гээд компаниуд зар гаргаад байдаг. Нэгэнт нэлээд хэдэн жил багшилчихсан болохоор тэр мэргэжлээрээ л ажилламаар байдаг. Гэтэл цалин нь нэмэгддэггүй. Гэхдээ дуртай ажлынхаа байранд өөрөө өсөж дэвшиж, цалингаа нэмэгдэхийг хүлээх тэвчээртэй хүн хэр олон билээ. Энэ бүхэн хоёр талтай асуудал. Үүнийг түр завсарлая.

    Манайхаас бусад газар гадаад хэлний мэдлэгийг нэг их онцлохоо болжээ. Англи хэл нэгэнт хэрэглээ болсон болохоор тэр. Манайд эсрэгээрээ ихэнхи ажил дээр гадаад хэлний мэдлэгтэй байхыг шаарддаг. Бүр сүүлдээ туйлшраад англи хэлтэй цэвэрлэгч авна, дээд боловсролтой худалдагч авна гэж шаардлага тавьдаг болчихож. Тэгэхээр хүссэн хүсээгүй диплом­ны төлөө дээд сургуулийн “өдөр өнжүүлэхэд” цагаа нөгцөөх хавтасны эзэд олширохоос арга­гүй. Гэхдээ бүгдээрээ биш ээ. Үлгэр жишээ авмаар залуучууд олон л байна. Манайд 160 гаруй их дээд сургууль 50 гаруй тусгай мэргэжил олгох сургууль байна. 12 мянган хүн тутамд нэг сургууль оногддог гэсэн үг. Харин Германд бол 210 мянган хүн тутамд нэг сургууль оногдож байна. Тэгэхээр боловсрол олгох боломжоороо манайх бусдаас хол тасархай юм шиг. Харин сургалтын чанар, сурч байгаа оюутан нь хэр мэрийлттэй вэ гэдгээс ирээдүйн мэргэжилтний хувь заяа тодорно гэсэн үг.
  Амьдралын бодит байдал үнэндээ ийм байгаа ч ямар сонголт хийх, яаж сурах, хэрхэн ажиллаж ямар амжилт гаргаж чадах нь шийдвэрээ гаргах гэж хүү минь чамаас л шалтгаална. Хүсэл сонирхолдоо үнэнч байгаарай. Цаг хугацааг хайрлаж сур. Хөдөлмөрлөх хэрэг­тэй. Хүн ширээний ард эрдэм номыг бүгдийг сурдаггүй. Дөрвөн жил баримжаагаа л олж авдаг. Өөрийн сонирхож хүссэн тэмүүлдэг тийм л ажлаа хий. Цалинг чамлах хэрэггүй. Чадвар чинь нэмэгдэх тусам цалин чинь өсөх болно. Хөдөлмөрлөсний эцэст үр дүнд хүрэх болно. Хүн сэтгэл ханамжтай аз жаргалтай амьдрахын тулд мэргэжлээ голж гутрахгүйн тулд өөрийнхөө сэтгэлд тохирсон зөв сонголтоо хийх нь зүйтэй. Хүн ажлаасаа баяр хөөр, аз жаргалыг мэдрэх ёстой. Тиймээс мэргэжлээ зөв сонгоорой. Нэгэн биеийн чинь тал нь болсон мэргэжлээ, ажлаа зөв сонгоорой.
  Амьдрал хэмээх их далайд аялах аяны харгуй чинь дардан байг.