Энэ удаагийн сонгуульд МАН-аас бас л Монголын хамгийн том баячууд, эсвэл ард нь хамгийн мөнгөтэй компани бүхий хүмүүс нэр дэвшиж байна. 

Харин тэднийг жинхнээсээ базаж, нам хэнд зориулан, ямар сурталчилгаа хийх, нэр дэвшигчдийнхээ хэнийг нь илүүд үзэж, хэнийг нь “идэш” болгон хаяж өгөх вэ зэрэг сонгуулийн тактикийн олон хувилбарт эрх дарх одоо генсек Амарбаясгалангийн гарт төвлөрлөө.

Гэхдээ үүний гол шалгуур нь түүний өгсөн үүрэг даалгавар болох, сурталчилгааныхаа зардлыг нэр дэвшигчид төрсөн ахынх нь “Соёмбо” компанид бүрэн гүйцэд төлөх хатуу сахилга батаас шууд хамааралтай ажээ.

Харин намын нарийн бичгийн даргаас хүлээлгэсэн энэхүү үүрэг даалгаврыг намаас нэр дэвшигчид хэрхэн хүлээн авч байна вэ? Намын дэмжлэг хүсэхгүй хүн гэж нэгээхэн ч үгүй тул амлалтаа биелүүлж, хамаг мөнгөө цүнхлээд СОЁМБО компанийн байр луу горьдлого тээн уралдацгааж байгаа нь хэн бүхэнд нууц биш.

Төрийн банкны хэвлэлийн тендерийг өчигдөрхөн авчхаад буй, Д.Амарбаясгалангийн ахын компанийн орлого энэ сард л гэхэд 10 тэрбумыг давна. Энэ бол өөрт ногдох намын сурталчилгаанаас гадна энэ удаагийн сонгуульд нэр дэвшигчдийн оруулж буй орлого.

Амарсайхан гэдэг энэ хүн хэчнээн эвдэрч, эрээ цээрээ алдсаныг, нам доторх дарангуйлал юунд хүргэдгийн нэг жишээ энэ!

Сонгуулийн ийм эгзэгтэй цаг мөчид ухаан санаа нь намын төлөө зовохоос илүүтэй хувийн ашиг хонжоогоо урьтал болгож яваа ийм хүнээр Хүрэлсүх намаа мануулж орхиод, шударга ёс ярьж сурталчлаад сонгуулийн тойргуудаар хэсэх нь дээ.