Дуулим энэ орчлонд хүн болж төрснөөс хойш

Дурлал дарс хоёргүйгээр насыг элээвэл нүгэлтэй...

Энэ үгийг мянган жилийн тэртээд хэлсэн билээ.

Ертөнц гэдэг сонин юм. Зуу байтугай арван жилийн өмнө өөд болсон сая сая хүнийг хорвоо ертөнц мартаж орхисон байхад мянган жилийн өмнө бүтээн туурвиж байсан Ираны яруу найрагч “их” Омар Хайямыг хүн төрөлхтөн бахдан дуулсаар л…

   Газар дэлхий сөнөнө гэж байхгүй бүү гунихар

 Гараг одод бөхнө гэж үгүй бүү гунихар

 Чандраар чинь хийсэн тоосго бүхэн

 Чам шиг хүмүүст сууц болно бүү гунихар

  Хамгийн сонин нь Омар өөрийгөө яруу найрагч гэж боддоггүй байсан гэдэг. Тэр бол тухайн үеийн том гүн ухаантан, одон орон судлаач байсан билээ. Омар Хайям зөвхөн уйдсан үедээ Рубай мөрүүдээ тэрлэж зугаагаа гаргадаг байлаа. Рубай гэдэг нь манайхаар бол дөрвөн мөрт шүлэг гэсэн утгатай. Хайямын тухайн үедээ зугаагаа гаргаж бичдэг байсан Рубай шүлгүүдийг өнөөдөр орчлон ертөнц гайхан шагшиж байна.

    Бүхэл бүтэн мянган жил өнгөрч хүн төрөлхтөн өөр эрин үед дэвшин амьдрахад хүний аж байдалд танигдашгүй өөрчлөлт орж, техник технологийн олон хувьсал гарсан билээ. Гэвч хүмүүсийн хоорондын харилцаа хэвээрээ байгааг түүний шүлгүүдээс олж харж болно.

 Санаа муут төөрөг хажууханд чинь шүү - болгоомжил

 Цагийн хурц илд дэргэд чинь шүү-сэрэмжил

 Чи цаглашгүй амттан аманд орохын цагт

 Чихэрт хор хольдгийг санаж азнаарай

 Нандин нууцаа мунхаг хүмүүст бүү задруул

 Нар шиг эрдмээ мулгуу нэгэнд бүү харуул

 Хэнтэй хүүрнэхээ урьдаас харж үгээ цөөл

 Хэнхдэг дотроо санаагаа түлхүүр мэт хадгал

  1048 онд Нишапур хотод төрсөн тэрбээр 84 насалж 1132 онд хорвоогийн амьдралыг орхин одсон гэдэг. Энэ хооронд аж төрөн сууж, бүтээн туурвиж байсан Хайямын олон шүлэгт гүн ухааны “матери усташгүй” гэсэн санаа яруу тодоор тэмдэглэгдэн үлдсэн байдаг нь:

Өглөө зуурсан шавраа ваарчин ууртай нухна

 Өнөөх шавар нь харин ингэж гиншинэ

 Ваарчин минь чи намайг зөөлөн зуураач

 Би ч хүн байхдаа ваарчин байсан

 Уран ваарчийн эргүүлгэн дээрх галуун хүзүүт

 Урьд хайрын шуурганд өртөж явсан нэгэн

 Урт хүзүүнд нь наасан ваарны тэр бариул

 Уян цагаан сүмбэ шиг бүсгүйн хуруу байсан юм

  Хатуу дарс, сайхан бүсгүй хоёрыг насан туршдаа магтаж бичсэн түүний шүлгийг уншсан зарим хүмүүс гүн ухаантныг архичин, хүүхэмсэг эр байсан гэж төсөөлдөг. Гэвч түүнийг архичин гээд ч хэрэггүй, огт амсдаггүй хүн болгоод ч хэрэггүй, зожиг эр юм уу, эсвэл хүүхэмсэг эр болгоод ч хэрэггүй. Бид бүхний л нэгэн адил, өлсөхдөө өлсөж, даарахдаа даарч, сайхан амьдрахдаа ч амьдарч, их бодож, их ажиллаж байсан хүн. Түүний архи дарсны тухай рубай шүлгийн хоёр жишээг сонирхъё:

 Шаналгаж тал талаас Хайям чи бага уугаач гэлцэх юм

 Шашны дайсан дарс, үзмийн шүүс хор шүү гэлцэх юм

 Дарс шашны дайсан юм бол үзмийн цусыг ууцгаая

 Дайсныхаа цусыг уу гэж Ислам бидэнд номлосон шүү

 Билэг төгс буурлуудтай хүүрнэж нэг уу

 Билгүүн гоо бүсгүйтэй уярч нэг уу

 Хамгийн жаргалтай үедээ сэмхэн нэг уу

 Харин ууж буйгаа хашгирч битгий зарла

  Нэгэн удаа Хайямаас хорвоогийн хамгийн жаргалтай юм юу вэ гэж асуухад нэг гартаа хундага дарс бариад, нөгөө гараараа сайхан бүсгүйн мөрөөр тэврэн суух бол зүйрлэшгүй аз жаргал хэмээсэн байдаг. Тэрээр бас хайрлаж ч амжиж байжээ. Хэнийг гээч? Ер нь л хүнийг гэж хэлж болно. Хүүхэнд зүрх сэтгэлээ өгч байсан болов уу гэж та бас асууж магадгүй. Тийм ээ, их хүчтэй дурлаж байсан юм шүү! Ибрахимын хүү Хайям буюу Майханч хочтой Омар бол хорин долоон насандаа нэрд гарсан эрдэмтэн, бас гунхсан сайхан эр явсан гэдгийг та бодоод үз л дээ. Дурлаж яваагүй хүн ингэж бичнэ гэж үү.

 Хонгор минь, хүслэн минь чи гоо сайхан аа

 Хорвоо дэлхий чамд дурлан сөхөрнө

 Чимэг гоёлоо хүүхнүүд баяраар зүүг яах вэ

 Чиний минь царай өөрөө тэр баярыг чимэглэнэ

 Горьдлогогүй бол дурлалдаа шатаж бүү гансар

 Горьгүй садар эмийн цонхон дор унжийж бүү зогс

 Ядуу бадарчин шиг омголон явбал чинь харин

 Янаглан чамайг таалан тоож юуны магад

  Түүний хүргэн ах Мухамед ал Багдади ингэж ярьсан гэдэг. “Нэгэн удаа Омар алтан чигчлүүрээр шүдээ ухаж байхдаа “Анагаан эдгээмүй” номын метафизик сургаалийг анхааралтай уншиж байлаа. Тэгээд нэгдсэн нэг ба олны тухай бүлэгт хүрээд хоёр хуудасны хооронд шүднийхээ чигчлүүрийг хийж “Сийрүүлэн бичигчийг дуудаач, би гэрээслэлээ үлдээе” гэж хэлсэн юм. Дараа нь босож мөргөл үйлдчихээд, түүнээс хойш юм ч идээгүй, юу ч уугаагүй. Үдшийн сүүлчийн мөргөлөө дуусгаад гүнээ мэхийн ёсолж, нүүрээрээ газарт шүргээд “Аяа бурхан минь, би чамайг хэр чадлаараа л таньж мэдэх гэснийг минь чи андахгүй. Мэдлэг маань чамд хүрэх зам билээ. Намайгаа өршөө гэж хэлээд өөд болсон юм даа”.

  Гэвч Омар Хайям Рубай шүлгүүдийнхээ шад бүхэнд бидний дунд амьдарч, гоо сайхан бүсгүйд дурлан, амтат дарсаа сөгнөн сууж байна.

 Дуулим энэ орчлонд хүн болж төрснөөс хойш

 Дурлал дарс хоёргүйгээр насыг элээвэл нүгэлтэй

 Мөнгөн сартай орчлонг цөмөөрөө орхидгоос хойш

 Мөнхрөх эсэхдээ эргэлзэж суух нь илүү ажил гэлтэй