Амин дэмгүйгээр амьдрал үгүй, гэвч ...
 
Монгол хүний амин дэмийн хэрэглээ зохистой эсэхэд хийсэн дорвитой судалгаа одоо­гоор алга. Бид амин дэмээр дутагдаж буй тухай байнга ярьдаг. Элдэв бэлдмэл, нэмэг­дэл тэжээл санал болгодог эм хангамжийн байгууллага олон бий. Хавартаа хар­шиж “ядарч” эхлэхээр “витамин­жилт”-ыг хүсдэг хүмүүс ч цөөнгүй. Үнэхээр ийм шаард­лага бий юү? Ерөөс амин дэмийн зохистой хэрэглээ гэж юуг хэлнэ вэ? Энэ мэт олон асуултад хариу өгөх үүднээс амин дэм гэж юу болох, түүний ашиг тус, мөн хор уршгийн талаар уншигчиддаа танилцуулахыг бид зорилоо.
 
Амин дэмийг хэрхэн нээв?
 
  Энэ ертөнцөд амьд биет үүссэнтэй зэрэгцээд витамин буюу амин дэм буй болсон нь лавтай. Амин дэмгүйгээр амьд­рал гэж үгүй. Өдгөө нийтэд тодорхой ч хүн төрөлхтөн үүнийг огт анзааралгүй явсаар олон зууныг үджээ. Амин дэмийн нээлт зуу гаруйхан жилийн түүхтэй.
 
  XIX, XX зууны заагаар Индонезийн нийслэл Батавиа (тус орон Голландын хараат байсан тэр үед одоогийн Жакар­та хотыг тийн нэрлэдэг) хотын цэргийн эмнэлэгт ажил­лаж байсан голланд эмч Кристиан Эйекманн нэгэн хүнд­рэлтэй тулгарчээ. Тэнд эмчлүүлж асан хоригдол цэргүүд болон эмнэлгийн ажилтнууд онцын шинж тэмдэггүйгээр амархнаа сульдан тамирдаж, сүүлдээ бүр татаж унадаг болов. Ийм өвчин Индонезийн Ява арлаас гадна Японд бас илэрснийг “берри-берри” хэмээн нэрлэсэн юмсанж. Тухайн үеийн бүх арга хэрэгслийг ашиглаад уг өвчний оношийг тогтоож чадсангүй. Тэр байтугай эмнэлгийн аж ахуйн тахианууд мөн сульдаж үхээд эхлэв.
 
  Эмч арга ядаж, гайхширчээ. Гэтэл нэг сонин зүйлийг олж ажиглалаа. Дээрх шинжээр өвчил­сөн хүн, тахиа хоёрыг адилхан бүтээгдэхүүнээр, тухайлбал хальсал­сан цагаан тутаргаар (цагаан будаа) хооллодог байж. Өмнө нь тахиаг хүрэн тутаргаар тэжээдэг байж. Цагаан будааг индонезчүүд хэдэн зуу, магадгүй хэдэн мянган жил хэрэглэсээр ирсэн биз. Тэгэхэд зүгээр байснаа одоо яагаав? Бодоод байхнаа Европоос тутарга хальсалдаг машин оруулан ирж будааг хальсалж эхэлснээс хойш ийм өвчлөл элбэгшжээ. Тэгэхээр хальсанд байх бодис дутсанаас эл өвчлөл үүсч байна гэсэн бодол Эйекманн эмчид төрсөн аж.
 
  Ингээд эрдэм шинжилгээний нэг өгүүлэлдээ уг таамгаа дэвшүүлж зүг чигийг зөв гаргасан ч эцэст нь хүргэж чадаагүй бололтой. Харин тэрхүү нийтлэлийг 1912 онд Польшийн биохимич Касимир Фүнк олж үзээд ихэд сонирхсоноор тээрэмдэж нунтагласан цагаан будааны хальснаас дээрх өвчнийг ана­гаах чадвартай шинэ бодис ялган авчээ. Фүнкийн нээсэн “тиамин” хэмээгч нь өдгөө бидний сайн мэдэх витамин B1 болой. Дээр дурдсан “берри-берри” төдийгүй хөх гуятах (скорбут), сульдаа (рахит) зэрэг олон өвчнийг анхандаа хоол тэжээлийн дутлаас болжээ хэмээн үзэж нэмэгдэл тэжээл өгөх замаар эмчлэхийг оролддог байжээ. Гэвч яваандаа хоол тэжээл бус, харин түүний найрлагад ямар нэг бодис дутсаных гэж таамагласан нь амьтан дээр хийсэн туршилтаар батлагдав. Витамин буюу бидний амин дэм гэж нэрлэдэг бодисуудыг анх ингэж нээсэн түүхтэй. Хожим тэдгээрийг элдэв амьтны эрхтэн болон ногоон ургамлаас дангаар нь ялган гаргаж чаддаг боллоо. Голландын химич Б.Ц.П.Янсен, В.Донаф нар 1926 онд цагаан будааны хальснаас B1 амин дэм (тиамин)-ийг талст хэлбэрээр анх ялган авчээ. 1936 онд эрдэмтэн Р.Р.Уильямс, М.Грью нар бараг нэгэн зэрэг B1-ийн бүтцийг онолын үүднээс тайлбарласан байна. Дараа нь уг бодисыг 1936 ондоо Р.Р.Уильямс, 1937 онд Х.Андерсен, К.Вестфаль нар нийлэгжүүлэлтийн аргаар гарган авав. Өдгөө бидэнд мэдэгдээд буй амин дэмүүдийг үнд­сэндээ 1920-1980 оны хооронд нээсэн бөгөөд алийг нь ч химийн нийлэгжүүлэх аргаар үйлдвэрлэх бололцоотой болоод байгаа.
 

 Амин дэмүүдийн нэршил
 
  1912 онд Польшийн био­химич Касимир Фүнк амьд бие махбодын үйл ажиллагаанд зайлш­гүй шаардлагатай бодисуудыг нээхдээ тэдгээрийн найрлагад NH2 бүлгийн химийн нэгдэл заавал оролцдог гэсэн дүгнэлт хийсэн байдаг. Химийн шинжлэх ухаанд энэ бүлгийн нэгдлийг “амин” гэдэг тул тэрээр нээсэн шинэ бодисуудаа “вита” буюу “амьдрал” гэсэн утгатай латин үгэн дээр “амин”-ыг нэмээд “витамин” гэж нэрлэхийг санал болгожээ. Манайхан энэ үгийг “амин дэм” гэж монголчилсон нь одоо нэгэнт тогтсон нэр томъёо болоод байна. Гэвч витамин болгон амины нэгдэл биш учир азотын атомыг өөртөө заавал агуулсан байх албагүйг хожмын нарийв­чилсан судалгаа харуулжээ. Жишээ нь А амин дэм (ретинол), С амин дэм (аскорбины хүчил) хоёрт азотын ямар ч хольц байхгүй.
 
  Америкийн биохимич Эльмер Вермон МакКалмын санаачлагаар 1913 оноос амин дэмүүдийг латин цагаан толгойн том үсгээр А, В, С, D гэх мэтээр нэрлэдэг болжээ. Хожим Е, К амин дэм шинээр нээгдэн орж ирсэн. Е-гээс хойш олон үсэг алгасч шууд К амин дэм гэж ярьдгийн учир нь анх амин дэмийн төрөлд оруулан тооцож байсан олон бодис түүнд хамаагүй болох нь хожим нотлогдсоноос үүдэлтэй. Нөгөө­тэйгүүр, жишээлбэл В амин дэм агуулсан хүнсний зүйлийг шинжлэх явцад нэг бүлэгт хамаарах боловч дотроо өөр өөр шинж тэмдэг бүхий бодисууд илэрсэн тул тэдгээрийг В1, В2 гэхчилэнгээр нэрлэжээ. 2004 оны байдлаар анагаах ухаанд 20 төрлийн амин дэм мэдэгдээд буйгаас дараах 13-ыг нь амьд биеийн үйл ажиллагаанд зайлшгүй шаардлагатай гэж үздэг байна. Үүнийг хүснэгтээс үзнэ үү.
 
Амин дэм гэж чухам юу вэ?
 
  Орчин үеийн анагаах ухаанд амин дэмийг “Эрдэс бодисын нэгэн адил өөрөө эрчим хүч, нөхөн төлжилтийн эх үүсвэр болдоггүй авч аливаа амьд биеийн биологийн үйл ажиллагаанд нэн чухал үүрэгтэй, тэгэх­дээ бодисын солилцоогоор ихэвч­лэн үл нийлэгжих органик нэгдлүүд” хэмээн тодорхойлдог. Гэлээ ч цэвэр химийн шинжлэх ухааны үүднээс бол тэд нэгдмэл нэг бүлэгт хамаарах бодисууд уг нь биш юм.
 
  Амин дэм нь туйлын нарийн бүтэцтэй органик молекулиудаас тогтдог тул амьгүй байгальд бай­даг­гүй, зарим төрлийн амьтан, ургамал, нян зэрэг амьд бие махбодын дотоодод үүснэ. Хэдий­гээр аливаа амьд биеийн хэвийн үйл ажиллагаанд чухал үүрэгтэй ч үйлчлэл нь амьтан бүхэнд өөр өөр байна. Тухайлбал гахай биеийн жингийнхээ кг тутамд 100 мг орчим С амин дэм үйлдвэрлэдэг бол хүнд ийм чадвар байдаггүй. Тэгэхээр С амин дэм нь гахайнд болохоор амин дэм биш аж. Иймийн учир практикт зөвхөн хүний бие махбодид зайлшгүй шаардлагатай ч өөрөө бий болгож чаддаггүй тийм нэгдлүүдийг амин дэм хэмээн нэрлэж үндсэндээ заншжээ. Ганцхан D амин дэмийн хувьд байдал арай өөр. Нарны гэрлийг хангалттай шингээсэн нөхцөлд хүний бие түүнийг өөрөө үйлдвэрлэж чаддаг байна.
 
  Хүн тэгэхээр ихэнх амин дэмийг хоол тэжээлтэйгээ цуг бэл­нээр гаднаас авдаг онцлогтой. Гэвч дангаараа түүний үүргийг эс гүйцэтгэвч бие эрхтэнд орсны дараа үйл ажиллагааных нь явцад боловсорч амин дэм болон хувир­даг зарим бодис бий. Тэдгээрийг “провитамин” гэж нэрлэнэ.
 
  Зарим төрлийн амин дэмийг хүн биедээ нөөцөлж, өөрөөр хэлбэл урьдчилан идэж болдог бол ийнхүү нөөцөлж үл болох, байнга гаднаас авч байх шаардлагатай амин дэм гэж бас буй. Энэ чанараар нь тэдгээрийг өөх тосонд уусдаг буюу нөөцөлж болох липофиль амин дэм, усанд уусдаг буюу нөөцөлж үл болох гидрофиль амин дэм гэж хоёр ангилдаг.
 
  -Өөх тосонд уусдаг ангилалд А, D, E, K амин дэмүүд орно. Хэдийгээр К амин дэм нь энэ ангилалд багтдаг ч гэлээ биед хуримтлагдах хэмжээ нь өчүүхэн бага, үндсэндээ ач холбогдолгүй юм. D-г өдгөө амин дэмийн бус, дааврын (гормоны) төрөлд багтаан үзэж байна.
 
  -Усанд уусдаг ангилалд В-гийн төрлийн найман амин дэм, мөн С амин дэм орно. В амин дэмүүд нь нэг бүлэгт хамаарах авч химийн найрлагынхаа хувьд харилцан адилгүй. Эдгээрийн зарим нь байгальд хэзээ ч цэврээрээ байдаггүй аж. В12 амин дэм усанд уусдаг ч гэлээ амьд бие махбодид хуримтлагддаг онцлогтой. Хүнд зайлшгүй шаардлагатай гэгдэх 13 амин дэмээс D (Calciferol) болон B3 (Niacin)-ыг агуулсан бодисыг тодорхой нөхцөлд хүний бие махбод өөрөө нийлэгжүүлж чаддаг байна. Аливаа бодисын биологийн үнэ цэнийг тодорхойлох гэдэг физик хэмжигдэхүүнээс тэс ондоо, маш олон хүчин зүйлээс шалтгаалдаг. Тийм учраас тухайн хүний амин дэмийн хэрэгцээ нас, хүйсээс гадна амьдралын тодорхой нөхцөл байдлаас шууд хамааралтай. Ийм хүчин зүйлд ажил мэргэжлийн хийгээд байгаль орчны нөлөөлөл, бие сэтгэлийн ачаалал, стресс, хоол хүнсний хэрэглээ, мөн жирэмсэн болон хөхүүл эсэхээс гадна тухайн хүн ямар өвчтэй, тамхи татаж, согтууруулах ундаа хэр хэрэглэдэг зэрэг орно. Тийм учраас хүний өдөр тутмын амин дэмийн хэрэгцээг зөвхөн дундажлан гаргаж болох юм. Хэдийгээр амин дэмгүйгээр амьдрал байхгүй боловч түүний хэрэгцээ ерөнхийдөө маш өчүүхэн, хэдхэн мг-аар хэмжигддэг. Хүний амин дэмийн зайлшгүй хэрэг­цээг тооцоолохдоо чухам юуг үндэс болгосноос хамаараад үр дүн нь янз бүр байна. Жишээ нь Европын Холбооны хүнс тэжээлийн байгууллагууд хүн өдөрт 100 мг С амин дэм хэрэглэх ёстой гэж үздэг бол Дэлхийн эрүүл мэндийн байгууллага өдөрт ердөө 30 мг байхад л хангалттай хэмээн зөвлөж байна.
 
Зөв хэрэглэвэл эм, буруу хэрэглэвэл хор
 
  Амин дэмийг нэмэгдэл хоол хүнс байдлаар бус, эм гэж үзэн эмийн тунгаар хэрэглэх ёстойг мэргэжилтнүүд анхааруулж байна. Тэдгээр нь хүний бие махбодын хэвийн үйл ажиллагааг хангаж, өвчин эсэргүүцэх чадварыг нь дээш­лүүлэгч онцгой хүчин зүйл юм. Хүн нийтдээ 16-18 төрлийн амин дэм хэрэглэдгийн ихэнхийг хоол хүнсээр дамжуулан авдаг. Тиймээс хоол тэжээл дэхь амин дэмийн хэмжээ хангалттай бус байвал хүний бие махбодын үйл ажиллагаанд эмгэг шинжтэй өөрчлөлт гарна. Үүнийг ерөнхийд нь “амин дэмийн дутагдал” гэж томъёолдог байна. Заримдаа хоол хүнсэнд амин дэм хэвийн хэмжээнд байгаа боловч биеийн өөрийнх нь амин дэмийн хэрэгцээ нэмэгдсэнээс мөн дутагдалд орох тохиолдол бий.
 
  Тэгвэл ямар үед амин дэмийн хэрэгцээ нэмэгддэг вэ? Жирэмсэн болон хөхүүл үед, хүүхдийн ид өсөлтийн үед, халдварт өвчтэй, мөн агаарын даралт нэмэгдэх болон гадаад орчны халуун ихсэх, биеийн хүнд хүчир ажил хийж байгаа, тэрчилэн антибиотик ихээр хэрэглэж буй үед амин дэмийн хэрэгцээ ердийнхөөсөө нэмэгдэнэ. Өсч яваа залуу бие махбодийн амин дэмийн хэрэгцээ харьцангуй их байна. Ийм үед амин дэмийг эмчийн заавар зөвлөмжийн дагуу тодорхой төрлийн хоол хүнсээр, эсвэл бэлдмэл хэлбэрээр гаднаас авах шаардлагатай.
 
  Харин амин дэм ихдэнэ гэж байх уу? Зарим хүн түүнийг илүүднэ гэж байхгүй, их л бол сайн гэсэн ойлголттой байдаг. Гэтэл амин дэмийн замбараагүй хэрэглээ нэг талаас бие махбодын үйл ажиллагаан дахь амин дэмийн хэвийн солилцоог алдаг­дуулах, нөгөө талаас биед ихээр хуримтлагдсан амин дэмийн сөрөг нөлөөгөөр янз бүрийн эмгэг өөрчлөлт гарахад хүргэнэ. Жишээ нь, D амин дэм дутагдахад сульдаатай болдог бол илүүдэхэд таталдамхай өвчин үүсдэг. Иймээс амин дэмийн талаар зөв ойголттой байж, зохистой хэрэглээг хэвшүүлэх нь чухал.
 
  В1 амин дэмийг мэдрэлийн үрэвс­лийн эсрэг эм гэж үздэг. Энэ амин дэмээр дутагдахад нойрсох өвчнөөр өвчилнө. Биед нөөцлөгддөггүй тул хоол тэжээлээр байнга авч байх шаардлагатай.
 
  В12 амин дэм дутагдахад цус багадалт үүснэ. Ходоод муутай хүмүүст илүү дутагддаг.
 
  РР амин дэм дутагдахад пеллагра гэдэг өвчин үүсдэг. Үүгээр өвчилсөн үед ой ухаан муудах, арьс үрэвсэх, хоол боловсруулалт хямарч суулгах шинж тэмдэг илэрнэ.
 
  С амин дэм дутагдахад чийг бам өвчнөөр өвчилнө. Энэ үед амьсгаадах, биеийн тамир тэнхээ сулрах, ядрамтгай болох, нойрмоглох, арьс болон буйлнаас цус гарах зэрэг шинж тэмдэг илэрдэг.
 
  Амин дэмийн дутагдал даам­жирвал турж эцэн, гар хөл мэдээгүй болж, улмаар амьсгалын булчингийн саажилт үүсч ч болно.
 
Витаминыг эм гэж ойлгоорой
 
Доктор, профессор Г.Чойжамц, ЭМШИС-ийн Эм судлалын тэнхимийн эрхлэгч
 
  - Манайхан ихэвчлэн хаврын цагт “Ядаргаа туслаа. Витамины дутагдалд орлоо” гэж ярьдаг. Үнэхээр тэгдэг юм уу?
 
  - Хүний бие махбод ямар нэг амин дэмийг нийлэгжүүлж өөрөөсөө ялгаруулж чаддаггүй, хоол хүнсээрээ л дамжуулж авна. Тэгэхээр амин дэмийн дутагдлыг чанартай хүнсээр нөхнө гэсэн үг. Байвал зохих хэмжээ нь буурснаас хүн амархан ядарч сульдахыг үгүйсгэх аргагүй. Монголчууд чинь хаврын цагаар голдуу нөөшилсөн хүнс хэрэглэдэг зуршилтай хүмүүс шүү дээ. Намар гаргасан малынхаа мах, намар хураасан цагаан идээгээ өвөлжин хадгалж байгаад хавар хэрэглэнэ. Удаан хадгалсан хүнс витаминлаг чанараа алддаг. Багахан хэмжээний амин дэм хоол боловсруулах замдаа алдагдах нь ч бий. Ер нь тэр чинь өөрөө ууршимтгай чанартай эд. Ийм үед тухайн алдагдсан амин дэмийг гаднаас эм хэлбэрээр нөхөх шаардлагатай болдог юм. “Эм хэлбэрээр” гэдгийг би онцолж хэллээ шүү. Түүнийг нэмэгдэл тэжээл, хоол шиг биш, эм шиг хэрэглэх ёстой гэсэн санаа. Уг нь болж өгвөл хүнсний бүтээгдэхүүнийг аль болох шинээр нь хэрэглэж байвал зүгээр сэн. Одоо цагт энэ дутагдлыг витаминжуулсан эмийн бэлдмэлээр орлуулахыг л эрмэлздэг болцгоож дээ.
 
  - Хоол хүнсээрээ бид шаардлагатай бүх амин дэмээ аваад байж чадахгүй л байх шиг. Яг ямар амин дэмээр дутаад байгаагаа яаж мэдэх вэ?
 
     - Амин дэмийн дутагдал гэдэг маш олон хүчин зүйл бүхий хам шинжтэй. Тиймээс хувь хүн өөрөө шууд “Надад тийм амин дэм дутаад байна” гэж тодорхойлох боломжгүй юм. Дутагдсан үед шинж тэмдэг нь амин дэм бүрт өөр өөрөөр, тэгэхдээ хам шинжээр илэрнэ. Биед олон янзын өөрчлөлт гардаг. Жишээ нь, D амин дэм ихээр дутагдсан нярай хүүхэд сульдаатай болж, ясжилт нь буруу явагдана. Адаглаад хөл нь майга болдгийг манайхан сайн мэднэ дээ. Сүүлийн үед уг дутагдлын хам шинж ихээр илэрдэг болсон. Үүнд агаарын бохирдол ч нөлөөлж байгаа. Уг нь эрүүл хүүхдэд хоёр сар хүрэхээс нааш D амин дэм өгөх ёсгүй гэдэг боловч одоо наана нь өгөх шаардлага ихэсч, энэ хугацаа улам бүр богиноссоор байна. D амин дэмийн дутагдлын хамгийн түгээмэл шинж нь хөлрөх. Хүүхэд их хөлрөөд байвал нар, агаараар дутагдсаны шинж.
 
  В2 амин дэм дутагдсан үед завьж цуурч, хэлэн дээр юм гардаг. Харин А амин дэм дутагдвал хүний шөнийн хараа муудахаас эхлээд өсөлт нь хүртэл удааширна. Хүүхдэд хэдэн насанд нь А амин дэм дутагдана, яг тэр насандаа өсөлт нь зогсчихдог тал бий. Өндрөөрөө жаахан хүүхэд шиг хэрнээ учиргүй том толгойтой, эсвэл түхгэр том цээжтэй хүмүүсийг та нар хараа биз дээ. Мөн мэдрэлийн талын хүндрэл учирч бас болно. Өсвөр насны охид, жирэмсэн болон хөхүүл эхчүүд зарим үед В12 амин дэмийн хоногийн тунгаа авах боломжгүйгээс түүнийг нь нөхөх шаардлагатай. К амин дэм дутагдсан тохиолдолд цус бүлэгнэлт муудсанаас хамар амнаас, эсвэл шарх шалбархайгаас цус амархан гоожино. Энэ мэт олон хам шинжийн бүрдлээр мэргэжлийн эмч амин дэмийн дутагдлыг оношилдог.
 
  - Монголчуудын дийлэнх нь “Амин дэм ихэднэ, илүүднэ гэж байхгүй. Их л бол сайн” хэмээн ойлгодог. Ихэдлээ гэхэд эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх тал бий юү?
 
  - Хоол хүнсээр дамжуулж тухайн амин дэмийг хүн тун бага хэмжээгээр биедээ шимж авдаг юм. Хэрвээ дутагдвал гаднаас түүнийг орлуулах зорилгоор тусгай бэлдмэлийг уух, тариулах зэр­гээр нөхдөг. Гэтэл эмийн жур­маар хэрэглэх үед тун нь хэтрэх тохиолдол бий. Манай хүүхдүүд С амин дэмийг уут уутаар нь идэж, томчууд бүгдийг нь усанд уусгаад нэг мөсөн ууж “ханиадаа дардаг” гэсэн яриа байдаг. Энэ бол туйлын буруу хэрэглээ юм. “Эмийн сангаас авч буй амин дэм чинь хүнс биш, жинхэнэ эм юм шүү” гэж би дахин дахин хэлээд буйн учир энэ. Амин дэмийн дутагдал төдийгүй зарим төрлийн өвчнийг ч амин дэмийн бэлдмэлээр эмчилдэг. С амин дэм чухал боловч хэтрүүлбэл чихрийн шижин үүсгэх шалтгаан болж болно. Учир нь инсулин үүсгэдэг эсийг тэр гэмтээдэг. Тиймээс хоногийн тун нь ердөө гурван ширхэг үрэл. Илүү хэрэглэбэл хор болдоггүй юм гэхэд лав л хэрэг болохгүй. D амин дэмийг хэтрүүлбэл бөөрөнд халгаатай тул бөөрний эмгэгтэй хүмүүс болгоомжилбол зохино. Тэгэхээр амин дэм нэг талын хэрэгцээг хангасан ч нөгөө талаар хор хөнөөл үзүүлж болох юм гэдгийг ямагт анхаарч явах учиртай. Ихээхэн хэтрүүлбэл удамшлын өвчин үүсгэхийг ч үгүйсгэх аргагүй.
 
  - Тэгвэл амин дэмийн зөв хэрэглээ гэж юуг хэлээд байна?
 
  - Манайд 1960-70-аад оноос амин дэмийн хэрэглээ эрс ихэссэн. Энэ нь анхнаасаа түүний зөвхөн сайн талыг сурталчилсантай холбоо­той. Иймээс бид амин дэмийн талаар өрөөсгөл ойлголт­той явж ирсэн. Одоо манай эмийн үйлдвэрүүд бүгдээрээ аскор­бины хүчил буюу С амин дэм үйлдвэрлэж, эм хангамжийн бүх байгууллага олон төрлийн амин дэмийг гадаадаас оруулж ирж байна. Ашигтай учраас л тэд ийм үйл ажиллагаа явуулж байгаа хэрэг. Өөрөөр хэлбэл хэрэгцээ байнга байна гэсэн үг юм. Хоол хүнсийг бодвол бэлдмэлд агуулга нь хавьгүй их байдаг тухай би дээр ярьсан. Амин дэм агуулсан эмийн найрлагад тэр нь хүний бие махбодын хоногийн хэрэгцээнээс хэдэн арав, хэдэн зуу дахин их хэмжээгээр орсон байдаг. Ингээд бодохоор амин дэм огт хэрэглэдэггүй нь түүгээр дутагдаад, хэрэглэдэг нь хэтрүүлээд л байна аа даа. Үүнийг бага гэлтгүй эмчтэйгээ ярьж, зөвлөгөө авч байх нь зүйтэй. Ялангуяа тариагаар хэрэглэхдээ эмчээс заавал асуу.
 
     - Амин дэмийг хэрэглэхдээ юуг анхаарах вэ?
 
  Эмийн сангаас л авч байгаа бол эм ч бай, амин дэм ч бай эмчийн жор, эмийн зааврыг заавал анхаараарай. Жирийн эмчилгээний практикт амин дэмийг өдөрт хоёр юм уу, гурван удаа уухаар тооцоолж бэлдсэн байдаг. Энэ тунгаар нь өдөртөө хэрэглэсэн байхад шөнө заавал уух шаардлагагүй. Амин дэмийг гол төлөв үрлэн болон капсуль хэлбэрээр, гадуураа өнгийн бүрхүүлтэйгээр үйлдвэрлэсэн бай­гаа. Аль нь ч бүхлээр залгих зориу­лалттай. Манайхан түүнээс ч том юм залгидгаа мэдэхгүй заримыг нь хэтэрхий том гэх гээд байдаг. Тэгвэл зүгээр л эмээ амандаа хийж, араас нь шингэн зүйл балгаад аргашаа гэдийчих. Дараа нь харин шингэн зүйл нэмж уугаарай. Эм бэлдмэл нь ходоодонд шууд очоод хүчиллэг орчинд 15 минут орчим болсны дараа задрах зориулалтаар хийгдсэн буй. Гэтэл манайхан капсулыг задлаад зажилж байгаа харагддаг. Ингэх юм бол ходоод руу очих замдаа задраад ямар ч ач холбогдолгүй болно. Хүчиллэг найрлагатай эмийг хоолныхоо араас 15 минут хэтрүүлэлгүй уухад зохимжтой. Тэгвэл ходоод цочроох нөлөөг багасгана. Харин шүлтлэг эмийг бол хооллосноос 2-3 цагийн дараа уувал зүгээр. Хоолны шингэцэд нөлөөлдөг сайн талтай юм. Ямар ч эм, түүний дотор амин дэмийг ууж байхад гаж нөлөө үзүүлбэл даруй тунг нь багасгаж, эмчид хандах ёстой.
 
  - Сүүлийн үед “Витамин­жуулалтын аян” гэж их зохиогдох боллоо. Бид чинь амин дэмийн дутагдалд тэгтлээ нэрвэгдчихээ юү?
 
  - Яахав, хүн амаа амин дэмээр хангах гэсэн үйл ажиллагааг буруут­гах аргагүй л дээ. Энэ ажлыг нийгмийн эрүүл мэндийн мэргэжлийн байгууллага тодорхой судалгаан дээр үндэслээд зохион байгуулж, тусгай зөвлөмж, заавар­тай, үр дүнгийн хяналттай явуулж байгаа бол ярих юм алга. Үүнд манайхан хүндэтгэлтэй хандаж, хариуц­лагатай оролцох ёстой. Харамсалтай нь энэ талын дорвитой судалгаа ер хийгдээгүй юм шүү дээ. Өнөөдөр Монголын хүн ам амин дэмээр дутагдаж буй тухай ярьж байгаа хүнд тэр нь өөрийнх нь бодол л болохоос “Ингээд дутагдчихсан байгаа” гээд үзүүлчих албан ёсны тоо баримт байхгүй. Харин ямар нэг эм хангамжийн байгууллага ийм аяныг санаачилж, сурталчилж байгаа бол түүнийг нь аж ахуйн зорилготой гэж л ойлгохоос өөр яахав дээ.