Саяхан эгчийн маань төрсөн өдөр боллоо. “Нэг их баяртай ч байгаа юм шиг, бас гунигтай ч юм шиг. Нээрээ нэг л мэдэхэд гуч хүрчихэж. Хөгширчихсөн ч юм шиг, яагаа ч залуугаараа ч юм шиг” гэж ярьж байлаа. Гучин насны босгыг алхаж байгаа залууст ямар баяр, гуниг төрдөг юм бол? Уншигч та ч гэсэн гучин насыг дайраад өнгөрсөн, эсвэл гуч хүрээгүй, тэр үед тийм зүйлийг хийчихсэн байна даа гэсэн зорилго тавьж байгаа залуу, дөнгөж гуч шүргэж яваа хүрч нэгэн ч байж ч болох юм.
 
  Гучин настнуудын амьдралд бусдаас арай л содон сонин зүйл бий. Бид 1978 он буюу социализмын үед мэндэлсэн. Бүгд ажин, түжин амьдарч байсан үе. Наяад он ч энэ л хэмнэлээр өнгөрсөн. Өөрчлөлт, шинэчлэлт гэж ярьдаг байсан ч тэд юугаа ч мэдэхгүй, ёстой л тоглоомноос өөрийг бодохгүй л өссөн дөө. Харин ерэн он дөнгөж гарав уу, үгүй юу бүх юм орвонгоороо эргэж байгааг мэдэрч байв. Яагаад гэхээр тэр үед тэд дунд ангийн сурагч байлаа. Өмч хувьчлал, картын бараа гээд л миний, чиний гэсэн ялгаа гарч, хүүхдүүд битгий хэл аав ээжүүд маань ч учраа олохгүй, тэр ороо бусгаа цагт хөл гараа олохгүй хэцүүхэн байжээ, одоо эргээд бодоход. Гэтэл үнэндээ гэрт галтай, хөргөгч хүнс ногоотой, хэдэн мянгаар /тэр үед мөнгөний ханш зуугаас мянга руу шилжиж байсан үе/ тоолох мөнгөтэй байхаас илүүтэйгээр тэр үеийн балчирхан үрсийн дутаж байсан зүйл нь аав ээжийн хайр халамж, тэдэнтэй сэтгэл зүрхнээсээ ярил­цах, өөрийн бодож, санаж бай­гаагаа хэлэх асуудал байсан байж ч болох. Өмнө нь 17 цагт ажлаасаа ирээд, хүүхдүүдтэйгээ хамт хооллочихоод, кинонд явдаг ээж, аавууд шөнийн бор хоногтоо л үзэгддэг болов. Хичээлээ хийсэн үү? Хоол байна уу гэх жижүүрийн яриа л гэрт өрнөнө.
 
  Картаар авдаг талх, гурил, будаа, архины очерт тэр үеийн арван хэдтэй “бацаанууд” дугаар­лаж, капитализмын гэх янз бүрийн урсгалууд аандаа нэвтэрч, багачууд ч түүнд аажим аажмаар дассан... Өмнө нь үлгэр шиг итгэдэг байсан түүхийн хичээл тэр чигээрээ өөрчлөгдөж, хамгийн муухай гэж боддог байсан хаа холын Америк орон ч мөрөөдлийн газар болон хувирч. Эрээн даавуугаар ижилсдэг байсан моодонд хувьсгал гарч, Эрээний бараа шүтэх болов. Хааяагүй үйлдвэрүүд хаалгаа барьж, багш нар ажил хаяж, тэмцэл жагсаал цуглаан бас өлсгөлөн зарлах гэсэн сонин юмнууд хаа сайгүй дуулдах болов. Ах нар нам байгуулж, нэгдэж, салж, нэрээ дэвшүүлж, огцруулж, ер нь л юм юм өмнөхөөсөө шал өөрөөр өөрчлөгдөж байлаа. Амьдралын хэмнэл ч хурдсаж, багачууд том болж сургуулиа дүүргэх боллоо. Оросоос өөр хэл сурах ёстойг, бусад олон газар очиж нүд тайлах учиртайг, ер нь л өөрийнхөөрөө сэтгэх, зүтгэх ёстойг мэдэрч эхэлсэн. Харин өнөөдөр тэд амьдралдаа сэтгэл хангалуун байдаг уу? Чухам юунд сэтгэл зовж, ямар зүйлд баяр жаргалтай алхдаг бол?
 

 
М.Оюунбаатар: Гучин өвлийн хүйтнийг мэдэрч, дараа нь хавар, зуныг угтана гэдэг сайхан
 
  - Та гуч хүрчихлээ. Ямар санагдаж байна?
 
  - Энэ хугацаанд амьдралын туршлага суужээ. Гучин өвлийн хүйтнийг мэдэрч, дараа нь хавар, зуныг угтана гэдэг сайхан. Юм бүхэн нэг янзаараа байдаггүйг, бэрхшээл бүрийн цаана ололт амжилт байдаг гэдгийг ухаарсан. Тэгэхдээ яг гуч хүрлээ дээ гээд бодохоор нэг тийм хачин мэдрэмж төрөөд байх юм. Ойр дотны хүмүүсээс хэн нэг нь нас барж, харамсал гомдлыг ч үзлээ. Гэхдээ сайхан зүйл үүнээс ч олон байгаа.
 
  - Гуч хүрлээ гээд бодохоор хөгширсөн юм шиг санагддаг уу?
 
  - Өвчин тусч оронд хэвтээд, хүнээр хоолоо зөөлгүүлж, телевиз үзээд хэвтэтлээ хөгширсөн гэж бодохгүй л байна. Метрээр хэмжиж болдог зүйл байдаг бол харин хүний нас гэдэг сэтгэл санаатай холбоотой. Минийхээр гучин нас гэдэг бүхий л амьдралын маань тал нь биш, гуравны нэг нь байгаасай гэж хүсч байна.
 
  - Тэгвэл байгалийн биш сэтгэл санааныхаа насаар өөрийгөө хэдтэй гэж боддог вэ?
 
  - Энэ ч тухайн өдрөөс л шалтгаалах зүйл. Ажил төрөл бүтэлгүйтээд ирэхээр 90 гарч яваа юм шиг. Заримдаа сая төрсөн юм шиг сайхан санагдаад л... Гэхдээ хүмүүс хааяа “Чи ямар хүүхэд биш” гэж надад хэлэх болсон.
 
  - Арван наймтайдаа бодож байсан шигээ амьдарч чадаж байгаа юу?
 
  - Тэр үед өөрийгөө гуч хүрнэ гэж төсөөлөх ч үгүй явлаа. Мэдээж хэрэг сайн сайхан амьдарна гэж мөрөөдөж л байсан.
 
  - Тэгвэл 25-тайгаасаа хэр өөрчлөгдсөн бэ?
 
  - Өөрчлөгдөлгүй яахав. Жаахан гүзээ сууж байна.
 
  - Хүний амьдралд тохиолдох сайн, саар бүх зүйлийг хангалттай амссан гэж өөрийгөө боддог уу?
 
  - Үгүй ээ.
 
  - Одоо хамгийн ихээр санаа зовж байгаа зүйл?
 
  - Эрүүл мэнддээ л анхаарал тавих хэрэгтэй болж байна даа. Нэг үеэ бодвол ажил төрөл тогтворжчихлоо. Гэр орноо ч төвхнүүлсэн. Хориос гучин нас хүртлээ өөрийгөө гаргуунд хаяж дээ гэж бодож байгаа.
 
Завсрын үеийнхэн
 
  Төрж, өсч хүн болсон цаг хугацаа нь социализмын ид үе. Цэцэрлэг сургуулийн босго давж, пионерийн гишүүн болох нь тэр цаг үеийн хамгийн бахархууштай зүйл байжээ. Нийгэм солигдож бүх зүйл орвонгоороо эргэх тэр үед 12-13 настай учраа олохгүй, үймж бужигнасан нийгэмд өсвөр насаа үдсэн. Боловсролын систем тэр чигээрээ хөдөлгөөнд орж, заах хичээл, хэвшмэл ойлголтууд задран унаж, багш нар байн байн ажил хаяад”сайхан” байсан юм шиг.
 
  Солонгосын дайны үед төрсөн хүүхдүүд улс орондоо их шинэчлэлтийг хийсэн гэдэг. Дайны үеийн хүнд бэрх амьдрал, өлсгөлөн, ядуурал тэднийг хатуу хөтүүгээс зүрхшээхгүй тэмцэх зоригтой болгосон. Өнөөдөр 40-50 хүрч яваа хүмүүс социалист нийгэмд төрж, тэнд төлөвшлөө олж, ээж аав болцгоосон улс. Харин хориод насныхан өмнөх нийгмийн сайн сайхан, муу муухайн талаар ямар ч төсөөлөлгүй байгаа. Өнөөдөр гучин нас хүрч байгаа залуус өсвөр насаа өнгөрсөн цагт үдэж, залуу халуун насаа энэ нийгэмд өнгөрөөж байгаагийнхаа хувьд яах аргагүй завсрын үеийнхэн. Бэлэн зэлэн нийгмээс талхны төлөө зодолддог тийм нийгэм рүү хөл тавьж орсон болохоороо тэдэнд шинэчлэл хийх зориг бусад насныхнаас илүү байж ч болох юм.
 
  Магадгүй та “Тэд нам дагаж карьер хөөж эхэлж байгаа шүү дээ” гэж хэлж болох л юм. Гучийн босгыг дөнгөж алхаж байгаа залуус төрийн өндөр албан тушаал хашиж, нам даган карьер хөөх нь ихэссэн нь маргах аргагүй үнэн. Тэднийг зэмлэхээсээ өмнө “Энэ нийгмийн тогтолцоо хүнийг бий болгож байна уу, хүн нь нийгмийнхээ тогтолцоог бий болгож байна уу?” гээд өөрөөсөө асуугаад нэг үзээрэй. Яах арга­гүй хүн болж, ид төлөвшиж, зоримогхон алхаж байгаа залууст өнөөдрийн бидний амьдарч бай­гаа нийгмийн гажиг тогтолцоо чөдөр, тушаа болж шат гишгүүр ахих боломж нь зөвхөн нам дагах болоод байна. Дараа жилээс төрийн албаны тухай хуульд өөрчлөлт орж бүгдээрээ намын харъяаллаас татгалзах юм гэсэн. Албан тушаалтнуудыг шалгалтаар биш, намын томилгоогоор шийддэг байдал нэг хэсэгтээ үргэлжилсээр байх болов уу.
 
Нам дагасан залуус
 
  Энэ сэдвийг бичиж бай­гаагийнхаа хувьд нэг зүйлийг хэлэхгүй өнгөрч чадахгүй нь. Нам дагаж амьдардаг залуусын эгнээ бий болж, бүр өргөжсөөр... Өнгө, мөнгөөр бүхнийг шийддэг, нийгмийн эрүүл саруул бүхнийг идэж байгаа нам гээч рүү тэмүүлж, албан тушаалд хүрэх, нэр нөлөөгөө өсгөж авлига, аваа өгөөнд амтших сонирхолтой залуус олон байна. Хадгаламж зээлийн хоршоо, Хадгаламж банк­ны хэрэг гээд хамгийн муу муухай бүхэнтэй холбогдсон залуус намын далбаан доор явж байсан хүмүүс. Саяхны орон нутгийн сонгуульд УИХ-ын гишүүд, сайд дарга нарын “өв залгамжлагчид”, намаар өвчилсөн залуусын арми нэр дэвшсэн. Хэн нэгний далавчин дор өсч өндийж, өдлөх гэж “нам ахын” хормойноос зүүгдэж, өнөө­гийн бохир улстөрийн тогоонд уусан автаж байгаа нь харамсалтай. Ийм хөгийн замаар биш харин ч өөрийнхөөрөө үүний эсрэг тэмцэх тийм “цэвэр” улстөрчид шинэ үеийнхнээс төрөө­сэй гэж би хүсдэг. Уул нь бүх л залуус өөрийнхөө авъяас чадвар, боломж, чадал чансаагаараа амьдрах ёстой. Би эрүүл саруул нийгэм бий болно гэдэгт итгэдэг. Надад л лав нам дагаж далдаганах хүсэл байхгүй. Өөрийнхөөрөө амьдралаа болгох гэж байгаа залуус илүү сайн яваасай ч гэж хүсдэг.
 

П.Наранбаяр: Би ямар байхаас гэр бүл хамаарна
 
  - Хүүхэд насаа дурсвал...
 
  - Чулуугаар байлдаж тог­лодог, “Хонгилдоон” энэ тэр гээд л зодоонтой кино үздэг байлаа. Хөршөө, байр­ныхнаа, бүр хороолол даяараа бие биенээ тань­даг байсан. Нэг нэгнээ гэх сэтгэл­тэй бай­сан гэх үү дээ. Чулуу­гаар байл­даж яваад толгой­гоо хагал­чихаад, уйлаад явж байхад шал танихгүй хүн аргадаж, зэмлээд, боогоод өгдөг байлаа. Харин одоо хажуу айлд нь хулгай орж байсан ч манайхыг л ухаагүй бол болоо гэсэн тийм сэтгэхүйтэй бол­чихоод байгаа. Байр байраараа картныхаа талханд очер­лодог. Зарим нь хүмүүсийг шах­на, нөгөө хэсэг нь дайрна гээд л, их нарийн тактиктай байсан даа. Аав ээж нар ажил, ажил гээд хайхрах нь бага. Миний үеийнхэн ер нь хар зөнгөөрөө хүн болсон улс.
 
  - Та хорьтой байхдаа өнөөд­рийнхөө амьдралыг ямраар төсөөлж байв? Зорил­гоо биелүүлж чадаж уу?
 
  - Үндсэндээ чадаагүй. Хорьтойдоо гахай зөөж, баян болъё гэж боддог байсан. Ер нь хорин нас гэдэг ямар ч зүйлийг их дэврүүнээр боддог. Нөгөө талаар эх орондоо хэрэгтэй хүн болно гэж мөрөөддөг байсан. Энэ мөрөөдөл бол хэвээрээ байгаа. Магадгүй 70 хүрэхдээ ч энэ хэвээрээ л байж ч магадгүй. Өөрийнхөө хэмжээнд аливаа зүйлийг хийж байгаа ч тэр бүр сэтгэлд хүрэхгүй л байна.
 
  - Тэгвэл 40 хүрэх үеэ хэрхэн төсөөлж байгаа вэ?
 
  - Гуч хүрээд ирэхээр хувиа бодсон, дэврүүн мөрөөдөл гэхээсээ илүү нийгэм рүү хандсан, орчин тойрныхоо төлөө санаа тавиад эхэлдэг юм байна. Арван жилийн дараа ажил гэрийн хооронд айх юмгүй алхаж, бороо шорооноор шалбааггүй, хог новшгүй тийм л хотод амьдрахыг хүсч байна. Хувь хүнийхээ үүднээс ажил төрөлдөө бүрэн гаршчихсан байх болов уу.
 
  - Эр хүний амьдрал дөч хүрээд эхэлдэг ч гэж ярьдаг. Тэгвэл гучин настнууд хэр төлөвшсөн байдаг вэ?
 
  - Дөч хүрсэн эр дөрөө дарсан ат гэж ярьдаг. Хорин хэдэн насыг би бургастай адилтгаж боддог. Энэ насан дээр хүний үзэл бодлыг өөрчлөхөд амар байдаг яг л салхины аясаар найгах бургас шиг. Гучин нас гараад ирэхээр энэ бургасны үндэс нь газрын хөрс рүү улам гүн бат суудаг. Гуч хүрчихээд өөрийн гэсэн амьдралыг үзэх үзэлгүй байгаа бол цаашдын амьдрал нь ч хүний үгээр шийдэгдсээр дуусах болно шүү дээ.
 
  - Хувийн амьдрал гэр бүлийн хувьд…
 
  - Хориод насандаа хүмүүс биеэ засдаг бол, гучаад насандаа гэрээ засах үе байдаг. Жирийн дундаж залуус орон байрны асуудлаа тодорхой хэмжээгээр шийдчихсэн, хүүхдүүд нь улсын юм уу хувийн дунд сургууль бараадчихсан, өөрийн гэсэн найз нөхдийн хүрээлэлтэй болсон байдаг. Гучин хэдэн нас руу ороод ирэхээр ямар нэгэн зүйлийн эрэг шураг болно гэсэн үг. Юмнаас айхгүй үүрэг, хариуцлага хүлээх чадвартай, дуртай ч болдог байх.
 
  - Ямар зүйлд сэтгэл дундуур байдаг вэ?
 
  - Яг одоогоор хувийн амьд­рал, ажил төрөл аль аль нь болж байна. Нэг их гутраад байх зүйл алга. Ганц нэг үрчлээ нэмэгдсэн. Магадгүй нүүр царай, үс зүсэнд өөрчлөлт гарч л байгаа байх даа. Гэхдээ улс орны одоо байгаа байдал, төр засгийн удирдлага, нийгмийн тогтолцооны гажуу явж байгаа байдалд үнэхээр сэтгэл дундуур байдаг. Хүмүүст ёс суртахууны хэм хэмжээ гээч зүйл алга. Ямар нэгэн ажил хийж байгаа хүн ёс суртахууны болоод хуулийн өмнө хариуцлага хүлээдэг байх ёстой. Манайд энэ зүйл хаягдсан. Хэн нэгэн буруу зүйл хийлээ гэхэд хэн ч тоохгүй яваад л байна. Энэ бол эмгэнэл. Нэг үгээр хэлбэл сайн, муугийн тухай нийтлэг ойлголт, жишиг, үнэлэмж байхгүй.
 

 
Тэдэнд гайхуулах зүйл бас бий
 
  Нэг талаас бодоод үзэхэд тэд байр, орцоороо, бүр хорооллоороо нэгдэж, басхүү пионер хэмээн улаан бүч дэрвүүлэн баг, хамт олноороо нийлж байсан онцлогтой хүүхдүүд. Тэр үеийнхээ нийгмийн бараан сүүдэрт дайруулж гудам­жинд “тэнэж”, ажилтай аав ээжийнхээ эзгүй зайг бие биеэрээ нөхөж байсан тэдэнд гайхуулах зүйл олон бий. Яагаад ингэж хэлж болохгүй гэж… Тэд одоо оюутны ширээнд сууж байгаа залуусыг бодвол 1990-ээд оны уруу дорой цагийн зах зухаас биеэрээ мэдэрс­нээрээ, ямар ч зүйлд тэвчээртэй хандаж, шинэчлэлтийг хийж чадах хүчтэй хүмүүс. Өмнөх үеэ үгүйсгэж байгаа юм биш, гэхдээ л тэднийг бодвол гучин настнууд худлаа лоозогнох, үзэл сурталдах, хий хоосон ярихаас илүүтэй харьцангуй ажил хэрэгч байгаа гэвэл маргах хүн цөөн л байх болов уу? Тэгээд ч одоо аль ч албан газрын гүйцэтгэх түвшинд гучин настнууд жигд орж ирэн ачааны хүндийг үүрэлцэж байгаа. Тэд удирдах албан тушаалд хараахан хүрч чадаагүй ч гэлээ хийж, бүтээх зүйлийн талаас илүүг нь нуруун дээрээ авсан гэж ч хэлж болох юм.
 
  Миний мэдэх гучтай, гуч гаран насны залуус ихэвчлэн нэгээс хоёр хүүхэдтэй. Тэднийг хараад байхад хүүхдээ арай өөрөөр хүмүүжүүлээд байгаа юм шиг санагддаг. Хичээл сургуулийг нь тарсны дараа урлаг, спортын аль нэг төрлөөр хичээллүүж, хүүхдүүдийнхээ өөрийгөө мэдрэх, нээх боломжийг нь бүрдүүлж чадаж байна. Тэдний өсгөж байгаа өнөөгийн 5-6 настнууд эрийн цээнд хүрэхэд цоо шинэ, жинхэнэ өөрийн гэсэн үзэл бодолтой, юмыг өөрөөр харж, өөрийнхөөрөө үнэлж, цэгнэж чадах, одоогийн биднээс илүү сайн иргэншсэн залуус болон өсч өндийх байх.
 
  Хорин насандаа залуус ирээдүйн амьдралдаа хийж бүтээх, өөрийн гэсэн орон зай­гаа эрэлхийлдэг. Гуч хүрээд амьдралын зорилго тодорхой болж, би ийм л замаар явна гэдгээ шийдэж далайцтай, хүчтэй, хурдтай ажиллаж эхлэх үе байдаг аж. Гучаас дөчин насны хооронд амьдрал ахуй, гэр орныхоо төлөө нэлээд ширүүн тэмцдэг. Өөрийн олж авсан бүхнээ илүү найдвартай, ганцхан салхинд хийсээд уначихааргүй бат бөх үндэстэй болгох гэж зүтгэдэг.
 
Мөрөөдөл биелэх хаа ч байсан...
 
  Хавтасны сэдэв бичиж байх­даа гучин настай нэлээд хэдэн хүнтэй уулзсан. Хорин настай бодож байсан зүйлүүд тань биелсэн үү? Мөрөөдлөө биелүүлж чадсан уу? гэж асуухад хариултууд нь надад сонин санаг­даж, бүр гуч хүрээд л хүн жинхэнэ бодит утгаараа мөрөөдөж эхэлдэг юм байна даа гэж бодох үе ч гарсан. Одоогоос арван жилийн өмнө бодож, төлөвлөж байсан зүйлүүдээ эргээд санахад хэтэр­хий дэврүүн, ёстой л агаар дээр хий гишгэж явж дээ гэсэн бодлыг өөрийн эрхгүй төрүүллээ. Энэ насныхан амьдралыг сэтгэл хөдлөл, дэврүүн мөрөөдөл гэхээсээ илүү буурь суурьтай сайн, саар аль алийг нь бодитойгоор харж, дүгнэлт өгөх чадвартай болж ирдгийг мэдэрсэн.
 
  Хорьтой байхад дэлхийг өөрчил­мөөр, гуч хүрээд улс орноо, дөч хүрээд гэрээ, тавь хүрээд өөрийгөө өөрчилмөөр санагддаг гэсэн үг байдаг. Хорьтой хүнээс “Чи арван жилийн дараа ямар байх бол” гэж асуувал олон зүйлийг өөрчилж чадна гэсэн дэврүүн, цайлган, оргилсон сэтгэл­тэй “Би чадна” гэсэн эрмэлзлэл харагдана.
 
  Тэгвэл гучин настнууд дэврүүн мөрөөдлөөсөө салж бодитой, өөрийнхөө чадах зүйлийг мөрөөддөг ч юм шиг. Би бүх­нийг чадна, чадах ёстой гэж хөөрхөөсөө өмнө “Би юуг илүү сайн чаддаг билээ? Үүнд л хүчээ сорьж, түүнийг л яг харагдах байдлаа нь өөрчилье” гэж зорьдог.
 

 
Б.Индра: Одоогийн хүүхдүүд амьдрал үзээгүй
 
  - Хүүхэд насаа эргээд дурсвал...
 
  - Жаахан пионер охин шугам жагсаалд жагсаж явлаа. Одоогийн хүүхдүүд итгэхгүй дээ. Эрээн явж ирсэн хүн бохь бэлэглэхэд, баярлаад л ... Багш нар хөрөнгөтний үзлийн талаар муу муухай бүхнийг ярьж, та нар л ийм болж болохгүй шүү гэж хэлдэг байсан. Биднийг арван нас дөнгөж хүрч байхад зах зээл эхэлж, бүх зүйл үндсээрээ өөрчлөгдсөн. Алсын Америк ойрхон боллоо гэж яриад л... Гэхдээ сайхан дурсамжууд олон байгаа.
 
  - Таны үеийн хүүхдүүд амьдралын хар борыг одоогийн хүүхдүүдээс илүү үзсэн. Нэг үгээр хэлбэл үзэн ядаж байсан хөрөнгөтний амьдралаараа амьдарч байгаа шүү дээ.
 
  - Зах зээл эхлэхэд 11-12 настай л байсан. Хэрвээ бид тэр үед 20 настай байсан бол яг л тэр нийгмийн бүтээгдэхүүн болох байсан. Одоо эргээд бодоход хүний тархи угаана гэдэг, үзэл сурталжуулна, нэг хэвэнд бүгдийг цутгаж байсан тэр үе ямар аймаар юм бэ гэж өөрийн эрхгүй боддог. Хүнийг олноор нь үйлдвэрлэж байсан гэж ч хэлж болох юм, социализмыг. Харин одоогийн хүүх­дүүд талханд ангиараа очерлож, чулуун байлдаан хийж, ээж аавын анхаарал халамжаас гээгдэн, ах эгч нь дүүгээ авч явдаг тийм борог амьдралыг үзээгүй.
 
  - Одоо ч гэсэн хоёр нам л амьдрал ахуйг маань авч яваа гэсэн үзэл суртлаар бид тархиа угаалгаад байгаа юм биш үү?
 
  - Энэ үйл явдлыг биднээс өмнөх үе ухаарахгүй. Бидний үеийнхэн одоо болж байгаа үйл явдлыг мэдэрч байгаа.
 

  Санаа зовж байгаа зүйлүүдийн жагсаалтад эрүүл мэн­дийн асуудал дээгүүр тооцогдож байна. Нээрээ л хүмүүс нэг хэсэг өөрийгөө гаргуунд нь хаяад ахуй амьдралынхаа төлөө зүтгэцэгээдэг. Одоогоос ганцхан сарын өмнө гудамжинд таарсан танил залууг нас барлаа гэж сонсоод чихэндээ ч итгэсэнгүй. Элэгний хорт хавдраар... гэж нэмж гэр бүлийнхэн нь хэлсэн.
 
  Амьдралын буруу хэв маяг элэгний өвлөлийг залуужуулахад хамгийн их “буруутай”. Буруу ч гэж дээ, бидний дадсан хэвшлүүд. Хааяа найз нөхөдтэйгөө уулзахаараа стресс бухимдлаа тайлж байгаа нь гээд тасарч унатлаа уучихдаг, тамхи бол яахав татчихаад агсан согтуу тавих юм биш гээд хүн хориглохгүй. Дээрээс нь өглөө өлөн явах гээд ээж, аавынхаа дадал зуршлыг өвлөж, зах зээлийн замбараагүй үеийн хэвшлүүд тэдэнд өвлөгджээ. Өдөржин ажилтай явлаа гээд орой нь идэж идэж унтаад өгдөг, ажил дээрээ хэдэн цагаар хөдөлгөөнгүй сууна, алхах гээчийг бараг үзэн яддаг залуус олширч. Яг ийм хэмнэлээр явсаар байгаад нэг л мэдэхэд элэгний, эсвэл зүрхний өвчинд өртчихсэн байдаг. Эмч нарын явуулсан судалгаагаар залуужиж байгаа, гуч орчим насныхны хамгийн их өртөх болсон өвчний тоонд элэг, зүрх хоёр толгой цохиж яваа гэнэ шүү.