Төрсөн газар: Увс аймгийн Хяргас сум. Бугатын дэнж
 
Багын мөрөөдөл: Номтой эрдэмтэй хүн, бөх болох
 
Ажил бүтээл: Бөх барилдсан. Эрдэмтэн болсон
 
Бахархал: Их Монгол оронд хүний хувь заяаг олж төрсөндөө
 
Төрийн болон төр засгийн ямар тодорхой бодлого, төслийн үр дүнг та хамгийн түрүүнд мэдэхийг хүсэж байна вэ, яагаад?
 
  - Байгаль дэлхий, хөрс ургамал, газар дэлхийгээ хэрхэн хамгаалах төрийн уламжлалт бодлого гэж байдаг болов уу, үгүй болов уу?. . .
 
Биширдэг түүхэн хүн тань?
 
 - Бодончарын эцэг, Чингис хаан, Галдан бошигт.
 
Уншсан номуудаасаа гурвыг магтвал…
 
 ”Монголын нууц товчоо” /Эртний монголчуудын ухааныг биширмээр/
 “Тунгалаг тамир” Жинхэнэ, цэвэр монгол зохиол, монгол амьдрал
 ”Чингис хаан Онон мөрний Дэлүүн болдогт төрөөгүй...” Учир нь нийгэмд улс төрийн хүчнүүд түүхийг хүртэл засварладаг байсан гунигт суртлыг жигшдэг
 
Та багадаа хэн шиг болохыг хүсдэг байсан бэ?
 
 - Аймгийн начин Норолхоо шиг бөх болохыг хүсдэг байв. Тэр хүсэл 19 насанд минь биелсэн.
 
Өөрийнхөө юунд дургүй вэ?
 
 - Хүний хорон бодлогыг тэвчдэг, уучилдаг.
 
Та юугаараа бусдаас онцгой санагддаг вэ?
 
 - Аливаа юмыг хүнээс урьдчилж олж хардаг.
 
Таныг чухам юу урагшлуулж байдаг вэ?
 
 - Хөдөлмөр, шийдвэртэй зоримог зан авир.
 
Өөрийнхөө ямар амжилтаар бахархдаг вэ?
 
 - Олимпийн таван наадам, Дэлхийн аваргын 12 тэмцээн , олон улсын 130 орчим тэмцээнд 12-60 нас хүртлээ оролцсондоо. Монгол бөхөөр нийтдээ 13 мянган бөхтэй барилдсанаараа, “ХХ зууны манлай, шилдэг монгол бөх”, “Зуун жилийн дэлхийн бөхийн од”. амжилтаараа.
 
Алжаалаа яаж хамгийн сайн тайлдаг вэ?
 
 - 1.Унтах 2. Ан гөрөөнд эзгүй хөвчид явах.
 
Ямар дуу дуулах дуртай вэ?
 
 - Монгол ардын уртын дуу, ардын дуу
 
Амьдралд сургамжтай үг хэлээч...
 
 - Явбал хүрнэ Хийвэл дуусна. Хийе гэвэл арга олдоно Хийхгүй гэсэнд шалтаг олдоно.
 
Чармайлт гэж юу вэ?
 
 - Тэвчээр.
 
Хоёр дахь оршин суух газраа сонго гэвэл…
 
 - Далайн эрэг.
 
Өөрийгөө хэн нэгэнтэй нэг сар соль гэвэл...
 
 - Хойд мөсөн далай.
 
Таны хамгийн сайн хийж чадах хоол?
 
 - Мах чанах.
 
Хэзээ хийсэн, ямар наймаанд сэтгэл тань хангалуун байдаг вэ?
 
 - 1964 онд Японоос чөлөөт бөхийн трико авсан.
 
Алгасалгүй үзмээр нэвтрүүлэг...
 
 - “ММ” агентлагийн мэдээ
 
Зохиолч, яруу найрагчдын ухаарал хайрласан шүлэг, бүтээлээс алийг нь санаж явдаг вэ?
 
 - Бямбын Ренчин ”Мунхагийн газар амьдрахад энэ нас юутай урт Мундахгүй эрдмийг сурахад энэ нас юутай богино”.
 
Та ямар нэгэн юмнаас залхаж байна уу. Тийм бол юунаас?
 
 - Өнгөрсөн нийгмийн нэгэн хэв маягийн номлол.
 
Хүмүүс таны талаар юу гэж ярьдаг бол?
 
 - Амжилт, ялалт, бүтээлд цаддаггүй. Одоо үхэхээ хүлээгээд л хэвтэж байхгүй.
 
Таалагддаг жүжигчин (гадаад байсан ч болно)
 
 - ”Бумаа” буюу Ардын жүжигчин Цэвээнжавын бүтээсэн дүрүүд.
 
Уран бүтээлийн ямар тоглолтыг мөнгө гамналгүй үзэх вэ?
 
 - Монгол ардын харилцаа дуу.
 
Мөрөөдлийн тань машин?
 
 - “Панта маск”. Киноны нисдэг машин.
 
Хэн нэгнийг шагнах болбол хэнийг ямар үндэслэлээр шагнах вэ?
 
 - Сэхээн амьдруулахын эмчийг хүнийг үхлээс аварснаар нь.
 
Гадаадын хүнд эх орныхоо сайхны тухай хамгийн товчоор яаж ойлгуулах вэ?
 
 - Хэзээ ч усны аюулд мөхөхгүй гэдгээр нь.