Унадаг дугуй бол олон зууныг туулж өнөө үед ирэхдээ хүн төрөлхтний өөрсөддөө бүтээсэн гайхамшигт бүтээлүүдийн нэг яах аргагүй мөн билээ. Яагаад гайхамшигтай вэ гэвэл нэгдүгээрт тэрээр хүний эрүүл мэндэд маш их ач тустай, хоёрдугаарт санхүүгийн ямар нэгэн ачаалал үүсгэдэг тээврийн хэрэгсэл биш, гуравдугаарт хүний өдөр тутмын хэрэгцээнд хөнгөн авсаархан гэхчлэн хэрэглэхэд тохиромжтой. Тиймдээ ч алив зүйлс өнөөгийн хурдацтай хөгжиж буй цаг хурдан шахагдан хэрэглээний жагсаалтнаас хасагдах, үнэ цэнээ алддаг болсон өнөө цаг үед ч дугуйны хэрэглээ өндөр хэвээр л байна. Манай улсын хувьд “хэрэглээ өндөр” гэдэг үг жаахан наалдахгүй байгаа ч дэлхийн улс орнууд, хүн төрөлхтний хэрэгцээний тухайд, тэр дундаа замын түгжрэл, бөөгнөрсөн хотын амьдралын хувьд бол дугуйн хэрэглээ түгээмэл юм.
 
Унадаг дугуйг анх 1800 оны үед Эфим Артаманов гэдэг тариачин эр зохион бүтэээж Уралын нурууны Верхотурье гэдэг тосгоноос Москва хүртэл аялж байсан гэдэг. Энэ хүн төрөхтний анхны дугуйн аялал нь байсан гэж үзэж болно. Оросын эзэн хаан Эфим Артамановыг унадаг дугуй зохион бүтээгээд зогсохгүй, түүгээрээ аялж чадсан эр зоригийг нь үнэлэн хамжлагаас халсан буюу түүнд ур ухааных нь төлөө эрх чөлөөг хайрласан хэрэг. Түүний бүтээсэн тэрхүү анхны дугуй одоогоороо ОХУ-ын Нижный Тагил хотын музейн үзмэрт хадгалагдан, үнэ цэн нь өдрөөс өдөрт өсөж байна.
 
Өнөөгийн бидний унаж буй дугуй Rover гэж нэрлэдэг бөгөөд унадаг дугуйн энэ загварыг 1884 онд англи улсын зохион бүтээгч Жон Кэмп Старли зохион бүтээж 1887 оноос эхлэн үйлдвэрлэж эхэлжээ. Унадаг дугуй 1898 онд гар тоормозтой болсон бол, 20-р зууны эхээр л хурдыг нэмэгдүүлэх зорилго бүхий араа солидог механизтай болсон байна.
 
Монголд анхны дугуй 1900-аад оны эхээр орж ирж байсан бөгөөд анхны дугуйг нэрт эрдэмтэн С.Шагж гэдэг хүн унаж байжээ. Дугуй нь тухайн үеийнхээ нийгмийн элит түвшнийхэн буюу бэл бэнчинтэй хүний хэрэглээ болж байсан гэдэг. Энэхүү хэрэглээ нь яваандаа тун удалгүй бүх нийтийн болж хувирсан нь мэдээжийн хэрэг юм.
 
Манай улсад дугуйгаар аялагчдын тоо жил ирэх тусам нэмэгдэж байгаа тул дугуйн аялалын тухай энэ төрлийн аялал жуулчлалны компани пүүсүүд өөрсдийн гэсэн өргөн мэдлэгтэй байж, түүнээ иргэд, аялагч, жуулчдад сайтар сурталчлан таниулах нь нэн чухал юм. Дугуйн аялал нь Монголын аялал жуулчлалын салбарын нэн шинэ бүтээгдэхүүний нэг яах аргагүй мөн.
 
Уулын дугуйн аялалын төрөл монголд нэлээн хөгжиж байна. 1990-ээд оны сүүл үеэс дугуйгаар аялагч гадаад орны жуулчид Монгол орныг ихэд сонирхож эхэлсэн. Монголоор аялсан анхны дугуйн аялагчид бие даан аялагчид голдуу байлаа. Тэд ачаа бараа, майхан саваа ихэвчлэн дугуйныхаа жижиг тэргэнцэр чиргүүлж ачаалж, аймаг хоорондын төв замаар аяладаг байсан. Тэд голдуу Хөвсгөл нуур болон говийн чиглэлд, мөн Монгол орны хойд хилээс өмнөд хил рүү гэхчлэн өөрсдөө маршрут гарган аялдаг байжээ. Аяллын компаниуд энэ төрлийн аяллыг тэр бүр зохион байгуулаад байдаггүй байсан учир тэдгээр аялагчид өөрсдөө газрын зураг, луужин зэргээ бариад аяладаг байв. Манай улсад ирж дугуйгаар аяласан, дугуйн аялал сонирхдог гадаад улсын хэн бүхэн “Монгол улс бол уулын дугуйн орон юмаа” хэмээн шагшдаг гэж нэгэн унадаг дугуйн судлаач бичсэн байна. Яагаад уулын дугуйн орон гэж хэлсэн бэ гэвэл өндөр уул, элстэй тал, дэржигнүүртэй зам мөн толигор сайхан зам ч бүгд байгаа учир уулын дугуй, дугуйн аялалд хорхойсогч хэн бүхний сонирхлыг татах нь зүйн хэрэг биз ээ. Энэ сонирхол, эрэлт хэрэгцээг үндэслэн улсынхаа аялал жуулчлалын салбарт дугуйн аялалын төрлийг бодлого зохион байгуулалттайгаар хөгжүүлэх нь зөв зүйл болно.