Ардчилсан Орнуудын Хамтын Нийгэмлэгийн сайд нарын ээлжит хурал манай улсад болох гээд манай эрх баригчид, ардчилагчид хөл нь газар хүрэхгүй гүйлдэж байна даа. Өөрсдийгөө ардчиллын алтан хараацайнууд гэдэг Ц.Элбэгдорж болон Э.Бат-Үүл нар их л хичээж байх шиг байна. Ц.Элбэгдоржийн хувьд бүүр ч ач холбогдолтой байгаа биз. Аргагүй ч юм даа ерөнхийлөгчийн сонгууль хаяанд ирчихсэн учраас энэхүү хурлыг далимдуулаад сайхан шоу хийгээд авахад илүүдэхгүй.
 
Ерөнхийлөгчийн тэрхүү хурал дээр юу гэж хэлэхийг нь бараг л одоо төсөөлж байна. Яагаав нөгөө хаврын чуулган дээр хэлсэн үг шигээ баахан худал, агаарын үгийг хагархай бүхнээрээ цацна. Ардчилал гайхамшигтай сайхан хөгжиж байна. Монголын ардчиллыг дэлхий харж, судалж, үлгэр авч байна гээд л ичихгүй аваад өгнө дөө. Харамсалтай нь бодит байдал дээр Монголын ардчилал ямар түвшинд байна вэ гэдгийг бодож үзсэн хүн байна уу?
 
Ардчилал бол идеологи. Хүнийг зорилгоо болгосон улс төрийн идеологи. Ардчилал үнэт зүйлтэй бас зарчимтай. Үүний тухай хэн юуг ярив. Ардчилсан нийгэмд шударга ёс, тэгш эрх, эрх чөлөө биелэгдсэн байх ёстой. Харин өнөөдөр бодит байдал дээр ямар байна вэ? Эрх баригчид бодит үнэнийг ярихын оронд Хойд Солонгосын коммунистууд шиг бодит байдлыг нууж, хууран мэхлэх зарчмаар ажиллаж байгааг харж болохоор байна.
 
Хаа сайгүй л зам, засварын ажил явагдаж, төрийн ордныхоо ойр хавийг янзалж байна. Хуучин балгас болсон хэвлэх үйлдвэрийг хүртэл цэнхэр цаасаар бүтээчихэж. Уул нь жирийн үед ингэж их хурдтай ажилладаг их юм хийнэ дээ.
 
Ц.Элбэгдорж болон бусад ардчилагчид монгол орныг ардчилсан улс болгож чадаагүй учраас гадны төлөөлөгчдөд сайхан юм шиг сэтгэгдэл төрүүлэх гэсэн юм болов уу. Олон зүйл хийж бас янз бүрийн шийдвэрүүд гаргаж байна. Шоглоод хэлчихвэл бараг л муу муухай хувцастай, өнгө үзэмж муутай машинтай бол гадуур явуулахгүй юм байхыг л үүрэгдэж байх шиг. Бүүр оюутнуудыг оюутны байрнаасаа онцын шаардлагагүй бол гараад хэрэггүй гэсэн захирамж буулгасан гэх ч үнэн худал нь мэдэгдэхгүй яриа явагдаж байна. Монголчуудаа хуурч, молигодож, хошгируулж болно л доо. Одоо харин гадаадын олон улс орны төлөөлөгчдыг молиго үмхүүлэхээр оролдож байх шиг байна.
 
Монгол оронд шударга ёс тогтож байна гээд л худлаа яриа нь одоо бараг чихэнд сонсогдож байна даа. Үнэнийг нууж дарсан ч үнэн хэзээ ч устдаггүй. Хурал болоод өнгөрнө, амьдрал цаашаа үргэлжилнэ дээ.