Өнөөдөр Монгол улсад сэтгүүл зүйн салбар үүсч хөгжсөний 100 жилийн ой тохиож байна. Олон нийгэм, засаг төр, дарга эрх мэдэлтнүүдийн үеийг дамжиж ирсэн Монголын сэтгүүл зүй өнөөдөр ямар түвшинд байна гэж та дүгнэх вэ? Сэтгүүлчид гэдэг тантай адилхан энгийн л хүн. Тэдэнд хоол ундгүй явах, эсвэл арт гэртээ санаа зовохгүй амьдрах гээд аль аль амьдрал бий. Гэвч тэд нэг л зүйлээрээ бусдаас давуу талтай. Энэ бол өөрийнхөө болон өрөөлийн үзэл бодлыг олон нийтэд түгээх тэр эрх, боломж юм. Дэлхийд болоод Монголд хэвлэл мэдээллийн салбарыг Дөрөв дэх засаглал хэмээн томоос том, тодоос тод цоллодог

Харин үнэндээ эдүгээ Монголын сэтгүүл зүй бол том цолтой хэрнээ тавын давааны найраанд ороод амархан сөхөрчихдөг ахмад бөхчүүдтэй адилхан. 100 насны босго давж, зургаадай таягаа тулж буй сэтгүүл зүйгээ найран дээр нь баалаад, муулаад байх хүсэл үнэндээ алга. Гэхдээ үнэнийг хаа нэг дурьдахгүй бол горьгүй. Хэдэн жил сэтгүүлзүйд хэрэгтэй, хэрэггүй зүйл бичсээр ирсний хувьд Монголын сэтгүүл зүй өнөөдөр боолын нийгмийг санагдуулдаг гэвэл нэг их хилс болохгүй гээд хэлчихье.

 

 

 

Хэрхэн баяжсан нь эргэлзээтэй, эрүүгийн элемент ч байж мэдэхээр нэгэн нөхөр өдөр тутмын сонин, эсвэл телевиз байгуулчихаад энд тэндээс сэтгүүлчдийг дуудаж эхэлнэ. Тэр эзний хувьд даргаа юмуу, эсвэл дайснаа муулах, унагах, эсвэл бүр үгүй хийж авах л хамгийн эрхэм зорилго нь. Харин сэтгүүлчид мөнгөгүй, өөрийн гэсэн үзэл бодолгүй тул үмх талх, үр хүүхдийнхээ төлөө, эсвэл грушик шар айргийн төлөө эзнийхээ үгийг дагаж, хүслийг нь гүйцэлдүүлж хэвлэлд хэн нэгнийг “ална”. “Алах” гэдэг үгийг уг нь монголчууд хэрэглэдэггүй шахам. Гэтэл манай сэтгүүл зүйд энэ яриа дэндүү тарчихсан.

Яг “Ааваа юмуу эсвэл ээжээ” гэж уулга алддагтай адилхан тархчихсан. “Алах” гэдэг нь хэн нэгнийг зориудаар баримттай, баримтгүй муулж бичээд хэдэн төгрөг тоншихыг хэлээд байгаа юм. Зарим нь үүнийг рекэтлэх ч гэнэ. Гэтэл үнэндээ түүнийг бичсэн сэтгүүлч рекэтлээд байгаа биш. Харин түүнийг цаанаас эзэн нь бичээч гэж шаардаад, шахаад байх нь элбэг. Хүн гэдэг хуурамч амьтан хойно хэсэг хугацаанд нэг газар ажиллахаараа тэндэхийнхээ үзэл бодолд аяндаа автаад, захирагдаад ирнэ. Тэгээд ч өнөөх л эзэд мөнгийг нь төлөхөөс хойш зөрж гүйгээд нэмэргүй. Үүгээрээ Монголын сэтгүүл зүйн боолын нийгэмтэй төстэй байгаа юм. Яг л тариалангийн талбайд яс арьс болтлоо зүтгээд, гэр бүлгүй, хураасан мөнгөгүй, нэр алдар ч үгүй үлддэг боолуудтай төстэй.

Тэгсэн хэрнээ өнөөх эзэд нь нэг л гэмгүй сайхан хүмүүс зурагтаар яриад суугаад байна. Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль саяхан буцсан. Хэргийн гол учир өнөөх муулах дуртай хэрнээ нуугдахаас өөр зүрхгүй эздээс нь болсон хэрэг. Тэр телевиз, сонины эзэн нь энэ гээд зарлачихад болохгүй гээд байх зүйл үгүй. Гэтэл өнөөх эзэд гээд буй улстөр, бизнесийн салбарын нөхдүүд өөр өөрийнх булай илэрчих гээд байгаа тул ихэд чичигнэж, ичих нүүрэндээ энэ хуулийг батлахаас нэг хэсэг жийрхсэн биз. Хэдэн жил гадаадад амьдарч байгаад Монголдоо ирэхэд хамгийн түрүүнд нүдэнд буух хоёр л зүйл байдаг. Энэ бол амьсгалахын аргагүй болсон хотын агаар, үргэлж л улс төр ярьж, бичиж байдаг телевиз, сонинууд.

Монголчууд улс төрд тийм их дуртай гэж үү? Монголын улстөрчид эсвэл ийм мундаг гэж үү? Үгүй ээ, огт тийм биш. Харин ч тэр улстөрчид, бизнесмэнүүд нь но-той болохоороо орой болгон иргэдийн тархийг угааж, өөр хэн нэгнийг хэвлэлээр дамжуулан намнах гээд байгаа нь л тэр. Олон улсад эрүүл сэтгүүл зүй ноёрхож, тэнд чадалтай сэтгүүлч нь идэх хоолтой, өмсөх хувцастайгаас гадна бүр сонин, телевизийнхээ жинхэнэ эзэн болчихоод явж байдаг. Гэтэл манайд төрийн өндөрлөгүүд, УИХ-ын 76, тэгээд төрийн хэдэн байгууллагуудын хурган дарга нар бүр цагдаа, хүчний байгууллагын буруу гараар мөнгөжсөн хэдэн нөхөд хүртэл сэтгүүл зүйг оройн хоолоо мэт хэрэглэж, өрсөлдөгчөө “алах”, унагах хэрэгсэл болгон ашигласаар өдийг хүрсэн. Тиймээс л өнөөдөр Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд орой болгон танд улс төрийн мэдээ дуулгаад байгаа юм шүү дээ. Тэрнээс биш улс төрд дуртай юмуу, эсвэл нэвт мэддэгтээ биш. Өөрөөр хэлбэл, мөнгө төлсөн нь дуугаа захиална гэдэг л болоод байгаа хэрэг. Нэгэн нэртэй улстөрчийн үхлийн газар оччихсон явж байсан эрэн сурвалжлахын мундаг сэтгүүлч эдүгээ энд тэнд шавилан суусан тухай сураг бий.

Мөн Монголын нэртэй загвар өмсөгч бүсгүйчүүдтэй нэр холбогдсон нэгэн эрхмийг “Монголын Хью Хефнер” гэж бичснийхээ төлөө хэдэн сая төгрөг нэхүүлсэн сэтгүүлч ч бий. Монголын онгон охидын биеийг хэдхэн халтар “ногоон”-оор худалдан авдаг эрхмийн тухай мэдээлэл цацсан сэтгүүлч эцэстээ буруутаад л өнгөрсөн. Энэ мэт жишээг дурьдаад байвал төгсгөл гэж үгүй. Монголд сэтгүүл зүйн салбар эрүүл өрсөлдөөнд ороод, ялах боломж үгүй. Учир нь та хэдэн төгрөг цуглуулаад түүгээрээ сонин, сэтгүүл босгоё гээд зүтгэтэл улсын мөнгийг завшаад, татвар төлөгчдийн мөнгөөр тэрбумтан болчихсон эрхмүүдтэй өрсөлдөх болчихдог. Энэ өрсөлдөөнд тэгэхээр хэн ялах нь тодорхой. Энэ бол Монголын өнөөгийн нийгэм. Тиймээс үүнтэй Монголын сэтгүүл зүйн өнөөгийн байдал ч салшгүй хамааралтай. Магадгүй Монголын өнөөгийн нийгмийн хамгийн сүүдэр хамгийн тод тусч буй салбар бол сэтгүүл зүй ч байж мэдэх юм.

Монголын сэтгүүл зүйг сүүлийн үед дэндүү олон эмэгтэйчүүдээр дүүрлээ гэж ад үзэх маягтай болжээ. Амьдралаа аваад явахаар зүтгэж буй тэдний буруу гэж үү? Сэтгүүл зүйн сургуульд сурч байхад л 20 охинтой хэрнээ 7 хөвгүүнтэй ангийг олон хөвгүүнтэй гэж ярьдаг л байсан шүү дээ. Тэгээд ч ажилдаа хариуцлагатай тогтож үлдэж, Монголын сэтгүүл зүйн салбарын их ачаатай тэргийг түрсээр яваа сэтгүүлч эмэгтэйчүүддээ талархахаас өөр аргагүй. Сэтгүүл зүйн сургууль дөнгөж төгсөөд ажлынхаа гарааг эхэлж буй эсвэл сэтгүүл зүйдээ ажиллаад олон жилийн нүүр үзэж буй бүх эмэгтэйчүүддээ сэтгүүл зүйн салбарын 100 жилийн ойн мэндийг дэвшүүлье.

Мөн эрчүүдээ ч яаж орхих вэ. Бид бүгдээрээ л зүтгэж яваа. 100 жилийнхээ ойг бүгдээрээ баяртай тэмдэглэж, болох бүтэхгүй бүхнийг даван туулж, Монголынхоо сэтгүүл зүйг эрүүлжүүлж, элдэв хувалзнуудаас цэвэрлэнэ гэж итгэж байна. Монголд чадварлаг сэтгүүлчид, чадалтай телевиз, сонин, цахим хуудсууд олон бий. Харин бусдыгаа жийж, түрүүлж мөнгөнд хүрчихсэн хэдэн олигархиудаас сэтгүүл зүйгээ салгаж авах цаг ирнэ гэж найднам.

 

Эх сурвалж:  new.mn