1981 оны 3-р сарын 30-нд АНУ-ын ерөнхийлөгч Рональд Рейганыг буудсан нь тухайн үедээ ямар ноцтой байдал үүсгэж байсан тухай мэдээлэл одоо л ил болж байна. Тэр үед АНУ хэсэг хугацаанд удирдагчгүй болоод зогсохгүй цөмийн зэвсгийг идэвхжүүлэх ёстой нууц кодгүй болсон байжээ.
 
Хүнд шархадсан ерөнхийлөгчийг мэс засалд оруулахаар бэлдэж байсан сувилагчид цамц, пиджакийг нь шууд л хайчлан хаяж байв. Шалаар нэг тарсан хувцасны тасархайнуудыг хэн ч тоосонгүй. ТТГ-ын ажилтнууд ерөнхийлөгчийн эд зүйлсийг нямбай гэгч нь цуглуулан гялгар хүүдийнд хийж авсан ба маргааш нь нягталж үзтэл энгэрийн халааснаас гарсан зээлийн картархуу гэхдээ нүхнүүдтэй пластик карт дугтуйнд хийсэн байхыг олжээ. Юунд хэрэгтэй карт болохыг хэн ч мэдсэнгүй. Харин Цагаан ордон уруу утасдаадахсан чинь АНУ-ын цөмийн хүчнийг идэвхижүүлэх ерөнхийлөгчийн тусгай карт болох нь тогтоогдсон байна. Хэрэг гарвал энэ картыг атомын цүнхэнд шургуулах ёстой ба уг цүнхийг нэг цэргийн атташе барин байнга ерөнхийлөгчийг дагалдан явдаг байв.
 
Ердөө л ганц атомын цүнх түүнд таарсан мөн л ганц түлхүүр байдаг байжээ. Гэтэл ерөнхийлагч буудуулж шархадсаны дараа энэ ганц хувь түлхүүр өдрийн турш алга болсон байв. Гэтэл энэ үед хүйтэн дайн ид оргил үедээ, хэзээ л бол хэзээ ЗХУ-тай байлдахад бэлэн байсан цаг.
 
Тэр өдөр Рейган АНУ-ын ҮЭ-ийн AFL-CIO холбооныхны өмнө "Washington Hilton" зочид буудалд үг хэлсэн. Тэндээс гарч иртэл 14.27 цагт нэгэн эр гар буугаар буудаж эхэлсэн байна. Рейганы хэвлэлийн төлөөлөгч Жим Бради, цагдаа Томас Делахани нар тэрий хадацгаасан. Рейганыг халхлахаар ухасхийсэн нууц ажилтан Тимоти МкКарти ч буудуулан уналаа. Өөр нэг ажилтан Жак Парр ерөнхийлөгчийг машин уруу түлхэн оруулж амжлаа.
 
Жон Хинклей гэгч эр зургаан удаа буудаж амжсан байв. 25 настай энэ залуу жүжигчин бүсгүй Жодий Фостерт ухаангүй дурлаж, түүний сэтгэлийг татахын тулд ерөнхийлөгч уруу бууджээ. Сүүлчийн сум нь хуягласан лимузинээс ойн Рейганы суганд туссаныг телевизийн камерууд бичиж авч амжаагүй ба харин зурагчин Себастиао Салгадо уг үйл явдлын зургаараа алдаршиж шаггүй их мөнгө олжээ.
 
"Анхаар буудаж байна!" хэмээн тусгай ажилтан Шаддикийг холбоогоор хашгирахад Парр "Rawhide аюулгүй" хэмээн хариулсан ба "Rawhide" нь ковбой залуусын зүүдэг байсан нэгэн төрлийн хүзүүний зүүлтийн нэр ба нууц албаныхны Рейганыг нэрлэдэг нууц нэр байв. "Чи эмнэлэг явах гэж байна уу, буцаад Цагаан ордон уруу юу? гэж Шаддик даргаасаа асуухад "Бид буцаад шууд Crown явна" хэмээн Парр шийдвэрлэжээ. Crown буюу Титэм нь Цагаан ордонг хэлдэг нууц нэр байв. Ингээд Шаддик төв уруугаа "Цагаан ордон уруу буцлаа. Rawhide okay." хэмээн мэдэгдлээ.
 
Байдлыг тун дутуу үнэлсэн хэрэг болсон. Хэдхэн секундын дараа Рейган цус алдаж буйг ажигласан Парр лимузингээ хамгийн ойр байх Жорж Вашингтон Их сургуулийн эмнэлэг уруу явахыг тушаан “Түргэний машин дууд” гэснээ "юу л даа ... дамнуурга бэлд" гэж бажгаджээ.
 
Эмнэлэгт авчраад Рейганыг түшин явж байтал тамирдан унасан тул хүлээн авах уруу өргөн авч явав. Тэрээр хошигнож, тун найрсаг байж өөрийн байдлын талаар гомдоллохгүй байжээ. Тэргүүн хатагтай Нэнси Рейганыг хүрч ирэхэд "Хонгор минь, би бөхийхөө мартчихлаа л даа” гэсэн гэдэг.
 
Эмч сурсан зангаараа хаягийг нь асуугаад "1600 Pennsylvania Avenue." гэж сонсмогцоо хэн өмнө нь байгааг мэджээ. Нэг сувилагч ухаан алдаж унахгүйн тулд тусгай үнэртэн хэрэглэхдээ тулжээ. Тэд өвчтөнг “Ноён ерөнхийлөгч” гэж нэрлэлгүй харин “Ноён Рейган” гэж нэрлэцгээж байв. Энэ нь эмнэлгийнхэнд ирэх дарамтыг багасгах зорилготой байсан байна. Хэдийгээр эмч, сувилагч нар ерөнхийлөгчийг бараг үхэж байна гэж бодож байсан ч тэд чадлаараа зүтгэн даралтыг нь хэвийн болгож, шоконд орохоос сэргийлж чадсан нь ерөнхийлөгчийн амийг аварчээ.
 
Дараахан нь хэвлэлийн төлөөлөгч хүнд шархтай хүргэгдэн ирсэн ба эмч нар түүнд мэс засал хийж байхад телевизүүд түүний үхлийн талаар мэдээлж байв. Мэс заслын ширээн дээр гаргасан хойноо л Рейганы суганд сум нэвтэрсэн ба тэрээр дотуур цус алдаж байна гэдгийг эмч нар ойлгожээ. Сум зүрхнээс ердөө нэг ямх (2.54см) зайтай тогтоод зугуухан цаашилсаар буйг тогтоов. Хэдийгээр цусныхаа хагасыг юүлчихсэн боловч хагас цаг хийсэн мэс заслаар түүний амийг аварч чадлаа.
 
Хагалгааны өмнөхөн нь өвчтөн "та нарыг бүгдээрээ бүгд найрамдахчууд гэж найдаж байна" хэмээн амандаа бувтнахад нь “өнөөдөр бид бүгдээрээ Бүгд найрамдахчууд” гэж ерөнхий мэс засалч Жозеф Жиордано (уг нь Ардчилсан намын гишүүн) хариулж байжээ.
 
Харин энэ хооронд Цагаан ордонд бөөн үймээн болж байв. Хэн засгийг удирдах вэ? Армийг бэлэн байдалд оруулах уу? Яагаад ийм олон зөвлөлтийн шумбагч онгоц АНУ-ын номхон далайн эргээр яваад байна вэ? Гадаад хэргийн сайд Александр Хейг эрх мэдэлд тэмүүлэн "Би хяналтыг гартаа авлаа” хэмээн хэвлэлийнхний өмнө томров. Пентагоны тэргүүн Каспар Вайнбергер хирдхийн цочиж, түүнийг нэгэн шог зохиолын баатар болох “хачин доктор”-той харьцуулж байжээ.
 

 
Атомын нууц кодтой карт алга болсныг хэн ч мэдэхгүй л байв. Хаана байгаа нь ТТГ-тай ярьж байж тогтоогдсон боловч уг картыг мөрдөн байцаагчид хоёр долоо хоногийн дараа л Цагаан ордонд ирүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл ийм урт хугацаанд АНУ цөмийн цохилтын эсрэг хариу арга хэмжээ авч чадахааргүй нөхцөлд байсан хэрэг юм.
 

 
Цусаа юүлээд бараг үхэх шахсан Рейган маш хурдан эдгэрч 26 хоногийн дараа засгийн газрын хурал удирдаад сууж байлаа. Хэвлэлийн төлөөлөгч Жим Бради өнөө ч дугуйт сандалд хадаастай, АНУ-д буу зэвсэг чөлөөтэй эзэмшихийн эсрэг цогтой тэмцэгч болсон. Томас Делаханти удаан хугацаагаар мэдрэлийн өвчтэй байсан. Тимоти МкКарти харин одоо Чикагогийн ойролцоо Орландо паркад цагдаагийн дарга хийж буй. Жон Хинклей нь 1982 онд хэрэг хүлээх чадваргүй гэж тогтоогдсон ба өнөөг хүртэл тусгай мэдрэлийн эмнэлэгт хэвтэж байгаа. Энэхүү хэрэг явдлаас хойш нууц албаныхан хамгаалалтын арга хэмээгээ чангатгасан.
 

 
2009 онд Барак Обама АНУ-ын ерөнхийлөгч болсноор ерөнхийлөгчийн эсрэг аллагаар сүрдүүлэх явдал ихэсчээ.