Одоогоос 51 жилийн өмнө 1959 оны 3-р сарын 17-нд Төвдийн Бурханы шашны Тэргүүн, Дээрхийн гэгээн XIV Далай лам Данзанжамц Хятадын эзлэн түрэмгийлэгчдэд хавчигдан амь насанд нь аюул занал учирсан тул эх орноо арга буюу орхиход хүрсэн билээ. Тэрээр Энэтхэг улсын Дармасала хотноо Төвдийн Цагаачлалын Засгийн газар байгуулсан нь ардчиллын гол гол зарчимд тулгуурлан өдгөө ч идэвхтэй үйл ажиллагаа явуулсаар байна. Далай ламын дүрвэн гарсны 50 жилийн ойд Хятад улс эртнээс эрчимтэй “бэлтгэж”, энэ оны хоёрдугаар сараас эхлэн гадаадын жуулчдыг Төвд рүү очихыг хориглосон бөгөөд тус оронд цэрэг, цагдаагийн хяналтаа эрс чангатгаж, шаардлагатай гэж үзвэл онц байдал тогтооход бэлэн болоод байна.
 
  Төвдүүдийг гаднаас нь харахад шашиндаа гүнзгий автсан, цус урсгах, амьтны амь таслахыг үнэнхүү тэвчдэг ноомой хүлцэнгүй хүмүүс мэт. Гэвч тэд цагаа болохоор хэн бугайгаас ч айлгүй тулчихдаг шаггүй дайчин ард түмэн. Ялангуяа шашин шүтлэгт нь халдсан, түүнийг нь доромжилсон нэгний өөдөөс шууд л босоод ирнэ. Монголын VIII Богд гэгээн, төвд гаралтай Жавзандамба хутагтыг 1920-иод оны эхээр Хятадын гамин цэрэгт баригдан гэрийн хорионд байхад нь Оросын дэслэгч генерал, барон Унгерн фон Штернбергийн удирдсан Азийн морин дивизийн цэргүүд чөлөөлсөн билээ. Уг дивизийн бүрэлдэхүүнд багтаж явсан төвд зуутын цэргүүд Богд гэгээнийг хатных нь хамт гамингуудын савраас өөрсдийн биеэр салган авч байсан түүхтэй.
 
  1959 онд Төвд орон Хятадын эрхшээлд ороод яг 10 жилийн нүүр үзэж байлаа. Энэ хооронд тэд хувь заяатайгаа эвлэрэн гар хумхиж суусангүй, эх нутагтаа үүрлэсэн “Хятадын Чөлөөлөх арми”-ийн ангиудтай чадлын хэрээр тэмцсээр иржээ. Анхны зэвсэгт бослого 1956 онд Хам, Амдо мужуудад гарахад Хятадын цэргийн удирдлага цус урсган дарахын зэрэгцээ Төвдийн дорнод мужуудад нэмж цэрэг байрлуулав. Түүгээр үл барам Мао Цзе Дун тэргүүтэй тухайн үеийн Хятадын Засгийн газар Төвдийн орон нутгийн зарим хийд, тосгодод залхаан цээрлүүлэх ажиллагаа хүртэл явуулсан билээ. Энэ үеэс эхлэн Төвд дэхь хятад цэргийн офицер дарга нар босогчдын зүрхийг үхүүлэхийн тулд “Далай ламын суудаг Будалын ордныг нураана”, “Далай ламын өөрийнх нь амийг хорооно” гэхчилэн сүрдүүлдэг болжээ. Энэ бүхэн даамжирсаар гурван жилийн дараа гэхэд Хятадыг эсэргүүцсэн төвдүүдийн томоохон бослого хөдөлгөөн өрнөхөд хүргэсэн юм.
 
  1959 оны 3-р сарын 1-ний өдөр Будал ордонд нэгэн хачирхалтай урилга ирэв. XIV Далай лам Данзанжамцыг нийслэл Лхас хотын гадна байрладаг Төвд дэхь “Хятадын Чөлөөлөх арми”-ийн төв байранд болох шинэ бүжгийн тоглолтын нээлтэд хүрэлцэн ирж “цай уух”-ыг хятад генералууд урьжээ. Далай ламтан энэхэн үес лхаарамба гэвшийн дамжаа барихаар ид бэлтгэж байсан тул очих боломжгүйгээ мэдэгдэхэд уг арга хэмжээг 3-р сарын 10-нд болгон хойшлууллаа. Урьд орой нь хятад цэргийн ахлах офицерууд түүний бие хамгаалах албаны даргатай уулзаж Дээрхийн гэгээнтэн тоглолтын нээлтэд оролцохдоо өөрийн шадар бараа бологсод хийгээд зэвсэглэсэн 25 бие хамгаалагчаа цэргийн төв байр луу орох чулуун гүүрний гадна үлдээж, цааш ганцаар очих учиртайг “элэгсгээр” сануулав. Далай ламыг албан ёсны аливаа ажиллагаанд оролцохоор ордноосоо залрах бүрийд тусгай ёслол үйлддэг тогтсон уламжлалтай ч энэ удаа тийм зүйл үйлдэхгүй байхыг мөн анхааруулжээ.
 
  Илт өдөөн хатгасан энэ “урилга” 3-р сарын 5-н гэхэд нийт олны сонорт хүрч, Төвдийн төр, шашны тэргүүн, “Аливаа хүслийг хангагч чандмань эрдэнэ” Далай ламтныг хууран мэхэлж баривчлах гэж байна гэсэн яриа Лхас даяар хуурай өвсөнд ассан түймэр мэт тархав. 10-ны өдөр уур амьсгал оргилдоо хүрч, Далай ламыг хамгаалахаар түүний төлөө амиа өгөхөөс ч буцах­гүй 30.000 төвд хүн Норовлин хэмээх зуны ордны өмнө цугларчээ. Энэ үед Лхасын бүх хийдэд лам нар оройн дээд тэргүүн ламтнаа бурхан сахиусандаа даатган хурал хурж байхад бүсгүйчүүд ордныг тойрон хүрээлсэн эрчүүлээ өлсгөхгүй гэж арвайн гурил зуурч хийсэн замбай зөөн гүйлдэж байлаа. Ихээхэн сүсэгтэй нэг нь хүчээр үзэлцэхийг таашаахгүй байсан ч тэнд цугларсан хүмүүс хятадад элэгтэй зарим төвд сайд руу чулуу нүүлгэж, хятад хувцас өмссөн нэг түшмэлийг нэвширтэл балбажээ.
 
  Тэр жил дөнгөж 23 хүрээд байсан Далай ламтан энэ өдөр томоохон ацан шалаанд ороод байв. Ордондоо суугаад байвал хятадууд түүнийг аваачихаар наашаа ирж ордныг хамгаалан зогсож буй төвдүүдтэй зайлшгүй мөргөлдөнө. Гараад явбал бүр түүнээс долоон дор юм болж мэднэ. Босогчид Энэтхэгээс их хэмжээний зэвсэг нууцаар яаралтай оруулж ирээд эзлэн түрэмгийлэгчдийн эсрэг зэвсэгт бослогод нэгдэхийг уриалсан ухуулах хуудас гадуур хаа сайгүй тараагаад байлаа.
 

 
  Төвдийн ард түмний олон жилийн хорсол бухимдал туйлдаа хүрч хэзээ хэзээгүй сад тавихад бэлэн болоод байсан нь энэ ажгуу. Арван жилийн өмнө буюу 1950 оны 10-р сард Хятад улстай хил залгаа Хам мужаар хятад цэргүүд Төвдийн нутагт анх хөл тавьжээ. Маогийн байгуулсан шинэ залуу БНХАУ энэ түрэмгийллээ “Төвдийн ард түмнийг тайван замаар чөлөөлөх”, “Төвдийг эх оронд нь буцаан нэгтгэх” гэх мэтээр нэрлэж байсан юм. 1951 онд Маогийн Засгийн газар “17 зүйлт гэрээ” гэгчээ Төвдөд тулгахдаа шашин шүтэх эрх чөлөөг хүндэтгэх, Далай лам болон сүм хийдийн дотоод хэрэгт оролцохгүй байх тухай заасан ч мөн ондоо ямар шаардлагатайг бүү мэд 3.000 хятад цэргийг Лхас хотноо байрлуулжээ. Тэгэхэд л Бурханы шашны соёл яваандаа хятадуудын гараар устгагдах юм байна гэж ихэнх төвд хүн ойлгосон гэнэ.
 
  Төвд орны ирээдүйн талаар Мао даргатай үг хэлээ ололцох гэж Далай лам 1950-иад оны дундуур хэд хэдэн удаа Бээжин оржээ. Мао их зальтай. Далай ламыг очих бүрийд, “Төвдийн ард түмэн агуу их түүхтэй. Урьд нэг үе Хятадын нутгийн үлэмж хэсгийг эзэлж хүртэл явлаа шүү дээ” гэсээр нялганан угтана. Тэгснээ дараа нь ёжилж байгаа ч юм шиг, сүрдүүлж байгаа ч юм шиг, “Гэвч та нар минь дэндүү хоцрогджээ. Одоо л бид та нартаа туслалгүй горьгүй нь” гэж тавлана.
 
  Төвдийн бие даасан байдлыг хадгалах гэж Далай лам яаж яриад ч тусыг эс олж хятадууд энэ хооронд сүм хийдийн хөрөнгийг хураан, хөдөөд шинэчлэл хийж, бүхэл бүтэн мужуудад “засварлах”, “дахин хүмүүжүүлэх” арга хэмжээгээ авдгаараа авчээ. Хятадын бодлого мянга мянган төвд хүнийг модыг нь бариулсан юм. Энэ бүхнийг үл тэсвэрлэсэн төвдүүд хэсэг бүлгээрээ нэгдэж зэвсэг барин тэмцэхээс аргагүйд хүрэв. Төвдийн домогт “Чүзи Гандрангийн нууц арми” ингэж үүссэн бөгөөд зэвсэг муутай, 8.000-хан төвд эр Хятадын “Ардын чөлөөлөх арми”-ийн 40.000 цэрэгтэй ана мана үзэлцэж явсан билээ. “Гандран”-гийн дайчдын зарим нь бүр АНУ-д бэлтгэгдэж, Америкийн онгоцноос босогчдод зэвсэг хаяж өгч байсан явдал ч бий. Тэдгээр сайн дурынхан 1956 онд Төвдийн дорнод мужуудын нэлээд газар нутгийг хяналтдаа авчээ.
 
  Маод Төвд орон зайлшгүй хэрэгтэй байлаа. Энэт­хэгээс хамгаалах уулын давагдашгүй цайз, цөмийн зэвсгээ байршуулах алс зэлүүд бүс, тэрбумаар тоологдох хятадуудынхаа нэг хэсгийг ч болов хожим байрлуулах хязгаар нутаг, түүхий эдийн чухал түшиц газар. Тэгэхээр Төвдийг ямар ч үнээр хамаагүй хятад болгох ёстой. Шашныг бол тэртэй тэргүй устгахаар төлөвлөчихсөн байгаа. 1959 оны 3-р сарын тэр түгшүүрт өдрүүдэд “их дарга” Мао, “Төвдийн асуудлыг хүчээр шийдэх” тухай цахилгаан утас Лхас руу илгээсэн нь хятадуудын хувьд цэргийн үйл ажиллагаагаа идэвхжүүлэх албан ёсны удирдамж болов.
 
  Норовлин ордны өмнө үй олон босогчид цугларсан 3-р сарын 10-ны өдөр Төвдийн Засгийн газар, Хятадын эзлэн түрэмгийлэгчдийн аль аль нь Лхас хотыг хянал­таасаа алдсан байжээ. “Ардын армийнхан” төвдүүдийг тайван амгалан байж гэр гэртээ харихыг чанга яригчаар дэмий л уриална. Тэр бүү хэл ордны цэцэрлэгт хоёр ч удаа гранат дэлбэрэв. Гэвч төвдүүдийн хэн нь ч байрнаасаа хөдөлсөнгүй. Тэд ариун гэгээн их ламтнаа эцсээ хүртэл хамгаалахаар нэгэнт шулууджээ.
 
  Ийм байдлаар дахин долоо хоног өнгөрөхөд ордныг хамгаалагчдын тоо даруй 10 дахин нэмэгдэж 300.000-д хүрлээ. Байдал энэ хэвээр үргэлжилбэл юунд ч хүргэж мэдэхээр болсон тул Далай лам 3-р сарын 17-ны орой эцсийн шийдвэр гаргаж ордноос сэм оргон гарахаар болов. Үдшийн харанхуй нөмөрсөн 22 цагийн өмнөхөн тэрбээр улаан дээл, орхимжоо тайлж өргөн хар өмд, хэлхгэр том хар пальто өмслөө. Өргөөнийхөө хойморт залсан сахиус бурхандаа цагаан хадаг өргөж салах ёс гүйцэтгэхийн сацуу бас эргэн уулзахын ерөөл тавьжээ. Лхас хотын гудмыг цусан далайд живүүлэхгүйн тулд үймээн бужигнаан дундуур олны анхаарал таталгүйгээр ордноос чимээгүйхэн зайлахаас өөр аргагүй хэмээн тэр шийдсэн аж.
 
  Ингээд зүсээ хувилгасан Далай ламыг хамгийн ойрын дөрвөн шадар бараа бологчоо дагуулан цугларагс­дын дунд орж ирэхэд тэнд байсан 300.000-аад хүний хэн нь ч таньсангүй. Тэр үдэш их харанхуйн дээр бас шороон шуурга шуурч байсан тул өнөө тав Лхасаас нууцаар гарч, олон булаг горхины дундуур чулуу дамжин явсаар их уст Кийчүү гол хүрч чадлаа. Тэр голыг сарлагийн арь­саар хийсэн жижигхэн завиар гатлаад, цааш заримдаа явганаар, заримдаа мориор, голдуу шөнө дөлөөр аяллаа үргэлжлүүлэв. Орголтыг сайн дурынхан маш сайн зохион байгуулж, найдвартай хамгаалж байлаа. Зам зуур дүрвэгс­дийн тэр бяцхан бүлэгт Засгийн газрын сайд түшмэд, томоохон лам нар, Далай ламын гэр бүлийнхэн, хувийн нь бие хамгаалагчид, бас бус хүмүүс ирж нийлэв.
 
  Далай лам ордноос дүрвэн зугтсан тухай зар бүтэн хоёр хоногийн дараа л ордны өмнөх босогчдод хүрсэн бөгөөд үүний дараагаас эхлэн Лхас хот аймшигт өшөө авал­тын золиос болсон юм. Араараа тавиулсан Хятадын армийн­хан төвдүүд рүү улангасан дайрч, нийслэлийг хэдэн өдрийн турш эвдэн түйвээжээ. 3-р сарын 20-22-ныг хүртэлх гуравхан хоногийн дотор байшин барилга, сүм хийдийн бөмбөгдөлтөнд 10.000 орчим хүн өртөж амь үрэгдсэн гэсэн тооцоо бий. Эх орноо харийн түрэм­гийлэгч­дээс чөлөөлөх гэсэн төвд түмний тэмцлийг ийн­хүү зэвсгийн хүчээр нухчин дарсан гашуун түүхтэй юм.
 
  Далай лам тэргүүтэй дүрвэгсдийн бүлэг хэдий зовлон бэрхшээлтэй ч саадгүй явсаар 13 хоногийн дараа Сабо-Ла хэмээх сүүлчийн давааг давж Энэтхэгийн хил хүрчээ. Төвдийн нутгаас гарахын өмнөхөн Лхүнз сууринд багавтар цуглаан зохион байгуулж мөнөөх цуутай “17 зүйлт хэлэлцээр”-ийг хүчингүй хэмээн зарласан байна. Ийнхүү Далай лам үнэнч 37 дагуулын хамт 1959 оны 3-р сарын 30-ны өдөр эх орныхоо хилийн дээсийг алхаж Энэтхэг улсад дүрвэн гарсан юм. Яг тэр өдөр их ламтны ид шидээс болсон уу, цаг агаарын байдал тэгж таарсан уу Сабо-Лагийн өндөр даваанд битүү манан татаж араас нь хөөж явсан хятад цэргүүд мөрдөлтөө үргэлжлүүлэх ямар ч боломжгүй болсон юм билээ. Далай ламыг ийнхүү хил давуулан алдсаныг дуулаад Мао, “Бид тэгвэл энэ тулалдаанд ялагджээ” хэмээн санаа алдсан гэдэг. Энэтхэг улсын тэр үеийн Засгийн газрын тэргүүн Жавахарлал Неру Төвдийн дүрвэгсдийг халуун дотноор хүлээн авч, Гималайн нурууны бэлд орших Дармасала хотын орчимд тусгай газар нутаг заан өгчээ. Энэхүү хотод Далай лам мөн ондоо багтаан Төвдийн Цагаачлалын Засгийн газрыг байгуулсан юм. Тус Засгийн газрыг хэдийгээр олон улсын хэмжээнд хууль ёсоор хүлээн зөвшөөрөөгүй байгаа ч дэлхийн цөөнгүй орон, түүний дотор АНУ, Герман, Франц, Швейцари зэрэг нөлөө бүхий орнууд хүндэтгэлтэй ханддаг. Засгийн газар өөрөө ч орчин үеийн ардчиллын хэм хэмжээг чанд мөрдөн эрчимтэй, тууштай ажиллаж байна.
 
  Эдүгээ 73 нас сүүдрийг зооглоод буй XIV Далай лам Данзанжамцтан манай гаригийн хамгийн нэр хүндтэй улс төр, шашны зүтгэлтнүүдийн нэг. Тэрээр 1989 онд Норве­гийн нийслэл Осло хотноо “Дэлхийн энх тайвны төлөө” Нобелийн шагнал хүртсэний гадна 2002 онд Австри улсын Грацийн Их сургуулийн “Хүний эрхийн төлөө шагнал”, 2005 онд Герман улсын “Хессений энх тайвны шагнал”, 2007 онд мөн Герман улсын Лайпциг хотын “Оскарын шагнал”-аар тус тус шагнуулж Мюнстерийн Их сургуулийн “Хүндэт доктор” болж байжээ.