Эгоизмийг хамгаалсан энэ өгүүллийг минь арчаагүй зан төлөвтэй олон хүн өөрсдийн өөдгүй үйлдлийг цагаатгах далим болгон ашиглаж таарах биз. Үнэндээ би энд Айн Рэндийн Эх сурвалж романд гардаг шиг хувь хүнийг дээдлэх утгаар эгоизмийг хамгаалж буй болохоос тэдгээр өчүүхэн амьтдад өгөөш өгөхийн тулд үүнийг бичиж буй хэрэг биш л дээ. Хүн бүрийн сэтгэх чадварт тохируулан бичих чадвар алга, уншиж буй хүмүүс өөрт заяасан савны хэмжээгээр утгацгаана биз.
 
  Эх сурвалж романд ёс зүйн нормуудын тухай бидний ойлголтыг өөрчлөх олон санаа байдгийн нэг нь хувь хүнийг дээдлэх хийгээд хамт олныг дагах, өөрийгөө бодох хийгээд өөрийгөө золих үзлийн харьцааны асуудал байлаа. Өөрийгөө бодох буюу эгоизмийн тухай хамгийн гүнзгий судалгаатай танин мэдэхүйн салбар бол мэдээж этик юм. Гэхдээ бид ёс зүйн ойлголт-ёс суртахууны хүмүүжлээ заавал Аристотелийн Никомахын этик, Дундад зууны шашны моралистуудын сургаал, Кантын императив, Мурын Этикийн зарчмууд гээд философийн утга зохиол уншиж байж олж авдаггүй. Ёс суртахууны төлөвшилд гэр бүлийн орчин хамгийн их нөлөө үзүүлдэг гэж боддог. Түүнээс гадна уран зохиол ч гэсэн бахархан дууриах, жигшин зайлсхийх зан төлвийн талаархи бодол эргэцүүллийг бидэнд өгдөг билээ.
 
  Ан амьтны тухай үлгэр сонсоод сууж буй хүүхэд бага наснаасаа юуг сайн, юуг муу хэмээдэг, ямар зүйлийг хийж болдог, ямрыг нь эс болдог талаар өөрийн төсөөлөлтэй болж эхэлнэ. Үлгэр домгоос авч эхэлсэн ёс суртахууны хүмүүжлийн үр хөврөл Жюль Верн, Александр Дюма, Майн Рид, Ч.Лодойдамбын зохиолуудад гардаг янз бүрийн дүрүүдээр улам гүнзгийрдэг билээ. Гэтэл саявтар Айн Рэндийн Эх сурвалж романыг унштал ёс суртахууны норм, хэм хэмжээг эрс өөр өнцгөөс харж хүний зан төлөв, үйлийг гаргасан байх аж. Энэ роман ёс суртахууны хэм хэмжээний тухай миний ойлголтыг улам гүнзгийрүүлж, их зүйл эргэцүүлэхэд хүргэлээ. Энэ номыг уншсанаараа дээрх сонгодгуудын бүтээлд сайн муугийн тухай ойлголт, болох болохгүйн императив хэтэрхий хялбарчлагдсан болохыг олж харав.
 
“Нэг нь нийтийн төлөө”-гийн тухайд
 
  Өмнөх нийгмийн үед Горь­кийн Данко мэтийн хүмүүс бидний үлгэр дууриал болж байлаа. Зүрхээ суга татаж харанхуйг гэрэлтүүлэн бусад хүмүүст явах замыг зааж өгдөг нэгэн. Гэхдээ бид Данко яагаад хүмүүст таалагддагийг нухацтай эргэцүүлдэггүй байж. Үнэндээ Данко маань хүн бүрийн хувиа хичээх сэтгэлийг хангаж, өөрийгөө бодох бололцоог нь хэрэгжүүлж өгсөнд хүмүүс талархаж байгаа юм. Бусад хүнтэй адил өөрийгөө бодох эрхтэй нэгэн өөрийгөө золиосолсонд алга ташиж, баяр хүргэдгээрээ альтруизм харгис шинжтэй. Хувь хүнийг нийгмийн эрэг шураг, бусдын төлөө золиос­логдох ёстой золиг-барам мэтээр үзнэ. Ийм харгис үзэл онолыг үндэс сууриа болгосон хоёр нийгэм бол нэг нь ажилчин ангийг дээдэлдэг коммунист, нөгөө нь ари үндэстнийг дээдэлдэг фашист нийгмүүд болно.
 

 
  Өөрийгөө огоорохуй нь юу хийж байгаагаа ухамсарладаггүй, байгалиас өгөгдсөн кодонд захираг­даж байдаг амьтанд л их байдаг үзэгдэл. Харин хүнд өөрийгөө бодож бай гэж оюун ухаан заяасан байдаг аж. Эх сурвалж романд гардаг нэгэн баатар өөрийгөө огоорогчийг хараад “хүний мөн чанарт харш л юм даа” хэмээн бодлогошронгуй хэлдэг. Тэрхүү өөрийгөө огоорогч нь хувь хүний үүдэлтэй юм бүхнийг нухчин дарахын тулд хамт олонч үзлийг баримтална. Романд гарах энэ аймшигт дүр өөрийгөө хайрладаггүй хүн бусдыг хайрлана гэж огт байдаггүйг яваандаа харуулдаг. Түүнийг харсан хэнд ч гэсэн “өөрийгөө хайрладаггүй энэ хүн намайг хайрлана гэж үү дээ” гэсэн эргэлзээ өөрийн эрхгүй төрмөөр. Түүхэнд их хядлага үйлдсэн аливаа хувьсгалчид иймэрхүү фанатикууд байсан билээ. Түүхэй хэмээх тэр коллективист хамт олны дунд оюун ухаан, авъяас чадвар, зан чанараараа хэн нэг нь давамгайлж байдгийг анзаараагүй. Хамгийн коллективист хүн болох өөрөө хүртэл коллективистуудын дунд хувь хүний шинжээрээ давамгайлснаа мэддэггүй.
 
  Хэр баргийн эрүүл ухаантай хүн өөрийгөө болон гэр бүлээ хаячихаад нийтийн төлөө зүтгээд байхгүй дээ. Тэр тусмаа өөрийнх нь амьдрал тийм боломжтой биш байхад бусдын төлөө гүйгээд байх шиг утгагүй, авцалдаагүй зүйл гэж хаа байх билээ. Бастиагийн хэлснээр “Нэг нь нийтийн төлөө” гэчхээд араас нь хурдхан шиг “Нийт нь нэгийн төлөө” гэхгүй бол хэн ч энэ уриа лоозунг сонсохыг хүсэхгүй биз. Ер нь боол хүн л бусдын төлөө явах сэтгэхүй, хувь тавилантай төрсөн байдаг. Түүнд “Эго-Би”-гээ бодох эрх байхгүй. Эрх байсан ч түүнийхээ төлөө тэмцэх санаа-сэдэл оюун ухаанаас нь арчигдсан байдаг. Ингээд тэрээр юуны түрүүнд оюун санаа, ухамсраараа боол байдаг учраас “боол гэдгээ ухамсарласан боол хэдийнээ боол биш болсон байдаг” гэдэг нь үнэн юм шүү.
 
  “Нэг нь нийтийн төлөө” гэдэг энэ зарчим тийм олигтой утга агуулдаггүйг харуулахын тулд асуудлыг арай өөр талаас харж болно. Жишээ нь, би өөрөөсөө арай арчаа муутай хэдэн хүний төлөө нэлээд удаан хугацаанд зүтгэж гэж саная. Нэг л өдөр надад “би эднээс илүү юм байна, тийм учраас энэ хэд миний үгээр явах ёстой” гэсэн бодол төрж л таарна. Ингэж бодох эрхийг тэд өөрсдөө надад өгсөн юм чинь. Тэгээд нөгөөдүүлдээ зааж зааварлан тушаал өгч эхэлнэ. Би ингэх эрхтэйгээ сайн мэднэ. Учир нь тэд надаар юмаа хийлгэдэг. Яг ийм шалтгаанаар улс төрчид дээрх лоозунд их дуртай байдаг юм. Сонгогчид нь хувиа бодсондоо өөрийг нь зарах гээд байгааг мэдэж байгаа учраас улс төрчид “Би та нарын төлөө амь хайргүй зүтгэнэ”, “та нарын зовлон шаналлын төлөө би шатахгүй юм бол өөр хэн шатах вэ” гэж сүржигнэнэ. Гэтэл ингэж ярьж буй хүний үзэл бодол, үг хэл, үйл хэрэг гурав нь хоорондоо зөрчилдөж байдгийг сонгогчид анзаардаггүй. Тэр хүний үг хэл нь үзэл бодолтойгоо таарч байж магадгүй. Энэ бол бага хэрэг. Хамгийн гол нь үг хэл, үзэл бодол хоёр нь үйл хэрэгтэйгээ таарах ёстой. Жинхэнэ шалгуур бол үйл хэрэг. Түүнээс биш сайхан юм ярьж, сайн зүйлийн тухай бодож мөрөөдөх шиг амархан юм хаана байх билээ.
 
  Ярьж байсан зүйлдээ эргэн ороход, энэ бүхнээс гадна надад тэр арчаагүй нөхдийн төлөө гүйх нууц шалтгаан байсан юм. Үүнийгээ өөрөөсөө ч нууж байсан болохоор тэд мэдэхгүй байх нь аргагүй л дээ. Тэр бол “Одоо би эдний төлөө явах юм бол хожим нь эд миний төлөө хошуурцгаана” гэд­гийг би мэдэж байсан билээ. Тэгэхээр энд бас л өөрийгөө бодох сэтгэл маань давам­гайлсан хэрэг. Товчоор хэлбэл, би өөрийгөө бодсондоо бусдыг бодсон юм.
 
“Нийт нь нэгийн төлөө”-гийн тухайд
 
  Энэ уриа яагаад хүмүүст сайхан сонсогддог вэ гэвэл хүн бүр л тэр “нэг” гэдгийн дор өөрийгөө ойлгодог. Нийт хүмүүс миний төлөө зүтгэх уриа-лоозун дэвшүүлж байна гэж бодоход сайхан байдаг. Бас л эгоизм. Ийм моралийг эсэргүүцэх юм бол сүүлд нь яах юм, хүнээс туслалцаа авч чадахаа болино шүү дээ. Хүн юм өгвөл аваад байх хэрэгтэй. Өөрөөр хэлэх юм бол хүнээр юмаа хийлгэх, хүн монжих, хүний араар суудаг, бусдын нөөлгөн дор амьдрагсад энэ лоозунд их дуртай. Тэгэхээр энэ уриаг үгүйсгэх нь амьдрах аргыг нь устгана гэж байгаатай утга нэг сонсогддог тул харин ч нэг үхэн хатан үзэлцэхээс өөр арга байхгүй.
 
  Улс төрчид ч энэ лоозунг өөрсдөдөө унацтай ашиглахаа мөн л мэддэг. Тэд энэ лоозунг ашиглаж байгаад улсын сан хөмрөгөөс буянтны дүр гарган өглөг тарааж эхэлдэг. Улс төрчид л “улсын мөнгө”, “төрийн мөнгө” гэсэн үг хэрэглээд байдаг болохоос уг нь тийм мөнгө гэж хаана байхав дээ. Жинхэнэ утгаараа мөнгө гэдэг бол улс төрийн биш эдийн засгийн ухагдахуун гэдгийг мэддэггүй. “Үнэгүй хоол гэж байдаггүй” гэдэг зарчим нь тэдний хувьд хамгийн аюултай утга илэрхийлдэг. Мөнгө гэдэг хэн нэгний хүч хөдөлмөр, цаг хугацаа биш харин хаа нэг газар ургаж байдаг ургамал ногоо мэтээр төсөөлдөг хүмүүс. Тийм учраас ч их өгөөмөр дүр гарган иргэдийнхээ хармаанаас мөнгийг түгээж эхэлдэг. Үрэн таран хийж буй энэ баялгийг өөрсдөө бүтээгээгүй болохоор арвилах, хэмнэх бодол тэдний хүйтэн цэвдэг сэтгэлд даан ч орж ирэхгүй. Нэгнийх нь хармаанаас авч нөгөөд нь өгч байгаа зүйл үнэгүй зүйл гэж үү. Дахин хэлэхэд, “үнэгүй хоол гэж хаана ч байдаггүй.”
 
  Улс төрчид “нийт нь нэгийн төлөө”-д дуртай байдаг өөр нэг бодит шалтгаан бий. Магадгүй энэ нь хамгийн гол шалтгаан байх. Тэд энэ урианы дор асар их хөрөнгө, мөнгийг хуваарилан зарцуулахдаа өөрсдөдөө маш их зүйл унагахаа мартахгүй. Үүнийг нь шүүмжлэх юм бол урдаас “Би ч гэсэн энэ нийгмийн нэг гишүүн юм байгаа биз дээ. Бид ч бас хүн шүү” гэх маягийн юм ярина. Эрээгээ алдсан хүмүүс шүү, наад улс төрчид чинь.
 
“Өөрөө өөрийнхөө төлөө”-гийн тухай
 
  Бидний дунд тогтсон ойлголт, зарчмын үүднээс энэн шиг зэвүүн, муухай сонсогддог уриа гэж байх болов уу? Хувиа хичээх үзэл! Бодож эргэцүүлэх ч шаардлагагүй, муу муухай, өөдгүй гэдэг нь алган дээр байгаа юм шиг ил зарчим.
 
  Гэтэл хүн угаасаа амиа боддог мөн чанартайг хүн төрөлх­тний туршлагаар хамгийн дэвшил­тэт болох нь батлагдсан нийгэмд хүлээн зөвшөөрдөг. Соёлжиж иргэншсэн нийгэмд хувь хүн болоод түүний өөрийнхөө төлөө байдаг шинжийг хүлээн зөвшөөрдөг билээ. Адам Смит аль хэдийнээ “Хүн өөрийгөө л боддог” мөн чанартайг хэлсэн боловч хүмүүс үүнийг ёс зүйн үүднээс нэг их анзаараагүй явсаар ирсэн юм шиг санагддаг (Лав л миний уншсан зохиолуудад эдийн засгийн утгаар авч үзсэн байдаг болохоос ёс зүйн анализ хийсэн нь тааралдаагүй). Гэтэл амиа бодохуй нь капитализмын үндэс, өөрөөр хэлэх юм бол, өнөөгийн дэлхийн хөгжил, тэргүүний техник, технологийн үндэс гэсэн үг.
 
  “Нийт нь нэгийн төлөө, нэг нь нийтийн төлөө” гэсэн уриа нь хүмүүсийг өөртөө биш бусдад найддаг, тэгснээрээ амьдралдаа арчаагүй хүн болгож, улмаар улс-орныхоо хөгжилд муугаар нөлөөлдөг гэдгийг мэддэг болов уу! Хэрэв энэ хүмүүс үнэхээр улс-орон, ард түмнээ хөгжүүлэхийг хүсээд байгаа бол юуны түрүүнд өөрсдийгөө болгох хэрэгтэй. Тэгж чадвал бусдад, эх орон-ард түмэндээ үнэхээр том тус болно.
 
  Одоо амиа бодохуй хэмээх муухай үзэгдлийг Эх сурвалж романд гардаг утгаар авч үзье. Энэ романы гол баатар Роарк хэмээх нэгэн эрэлхэг эр өөрийгөө “эгоист” гэдгийг илээр шууд зарлан тунхагладаг. Түүнийхээр эгоист хүн амжилт бүтээлээ төдийгүй алдаа дутагдлынхаа хариуцлагыг өөрөө үүрдэг. Эрх чөлөөт нөхцөлд гаргасан шийдвэрийнхээ үр дүнг өөрөө бүрэн хариуцдаг хүн бол эгоист. Тэрээр амьдралдаа гаргасан амжилт ч минийх, алдаа ч бас минийх хэмээнэ. Эгоист хүн “Өөрөө өөрийгөө даая, нэг нэгэндээ тээр болохоо больё” гэдэг. Тэд хэн нэг дарга, тэр тусмаа хамт олон минь ирээд намайг аварчих болов уу хэмээн харж суудаггүй. Өөрөө өөрийнхөө төлөө тэмцдэг.
 

 
  Энэ бүхнээс харахад хүмүүсийн нэгнийхээ төлөө хийж болох хамгийн сайн үйл бол бусдын хэрэгт оролцохгүй байх явдал юм. Хэн нэг нь миний төлөө хэчнээн сайн сайхан зүйл хийх байлаа ч гэсэн заавал миний зөвшөөрлийг авсан байх ёстой хэмээх либертари зарчим бол ёстой л хаширсан хүний үг. Бид түүхэнд байсан олон “сайн удирдагчдыг” харсан. Бүгд миний сайн сайхны төлөө гэсэн лоозунтай гарч ирдэг. Тэр ч бүү хэл зарим нэг сайн сайхан зүйлийг хийж байсан. Гэхдээ л эцэстээ би түүний тусын хариуд эрх чөлөөгөө өгөх хэрэгтэй болдог. Ийм учраас либертари үзэлтнүүд хүний хэрэгт оролцох хийгээд өөрийнхөө хэрэгт бусдыг оролцуулах дургүй байдаг юм. Харин улс төрчдийн хийдэг үндсэн ажил нь хүний хэрэгт оролцох, удирдах, зааж зааварлах явдал билээ: “Социалист улс төрчид болохоор ямар хувцас өмсөх, биеэ яаж авч явахыг зааж таны ээж шиг аяглана. Консерватив улс төрч болохоор бүхнийг мэдэж, сургаал айлдан аав шиг чинь аашилна. Коммунист улс төрч болохоор хэзээ ч алгадаад авч мэдэх хойд аав л гэсэн үг. Тэгвэл либертари үзэлтнүүд таныг гаргасан шийдвэрийнхээ хариуцлагыг бүрэн хүлээж чадах нас биенд хүрсэн хүн хэмээн үзэж, таны хэрэгт үл орол­цоно.” Дашрамд хэлэхэд энэ сэдэвтэй холбоотой санаануудыг “Өөрийнхөөрөө амьдрах, бусдад тэгж амьдрах бололцоо өгөх” (Либертарианизмын алтан дүрэм), “Либертари тунхаг” (Эрх чөлөөт хувь хүний амьдралын хэв маяг, зарчим), “Ноорхой дээл шиг болсон ардчилал” (Ардчилал бол эрх чөлөөний дайсан), “Хамтач ёсны эсрэг боссон хувь хүн” болон хар тамхи, биеэ үнэлэх, суудлын даруулгаа бүслэх эсэхтэй холбоотой бичсэн өгүүллүүд, Д.Боазын Либертарианизм номонд орчуулагчаас бичсэн өмнөх үг зэрэгт бичсээр ирсэн билээ. Уншигч таны зав зай чинь хүрэлцэх бол “Ардын эрх”, “Өдрийн сонин”-уудад гарсан эдгээр өгүүлэл болон “Цаг төр, хүмүүс” сэтгүүл, /www.news.mn/, /www.libertari.mn/ вэйбсайтуудад миний алдаг оног хөтөлж буй либертари булангуудаас харж болно.
 
  Уламжлалт ойлголтоор эгоист хүн өөрийнхөө төлөө ямагт бусдыг зольж байдаг. Гэтэл жинхэнэ эгоист болох Роарк хэзээ ч бусдыг өөрийн өөдлөх замын шат гишгүүр болгож байгаагүй. Ийм өөдгүй зүйлийг “Нийт нь нэгийн төлөө, нэг нь нийтийн төлөө” хэмээн хашгирагсад л хийдэг. Роарк бусдын эрх ашгийг хөндөж, хүнд муу зүйл хийхээс ямар ч тохиолдолд зайлсхийнэ. Тэрээр бусад хүн ч гэсэн өөр шиг нь эрх ашигтай гэдгийг мэддэг билээ. Би өөрийгөө бодож байгаа юм чинь бусад хүнд ч гэсэн өөрийгөө бодох эрх бий. Би өөрийн эрх ашгийн хүрээ рүү хүнийг оруулах дургүй байдагчлан тэр хүн ч гэсэн өөрийн эрх ашгийн хүрээ рүү хүн оруулах дургүй л байж таараа. Энэ бүхэн эгоист Роаркийн үндсэн зарчим. Тэгэхээр жинхэнэ эгоист хүн бусад хүн ч эгоист шинжтэйг ойлгож хүлээн зөвшөөрдөг.
 
  Роарк нэгэн удаа өөдгүй зантай захиалагчаас болж өөрийн босгосон байшинд маш их хэмжээний зардал гаргаж өөрчлөлт хийх шаардлага гардаг. Захиалагч “Энэ өөрчлөлтөнд чинь би нэг ч цент гаргаж чадахгүй. Тэгж хүсээд байгаа юм бол чи өөрөө хий” хэмээнэ. Өөрт нь ямар ч ашиг байхгүй, зөвхөн өөдгүй зан чанартай нэгэн этгээдийн байшинг гармонитой (эв зохицолтой) харагдуулахын тулд тэр төлбөрийг гаргадаг. Яагаад ингэв? Эгоист учраас энэ үйлдлийг хийсэн хэрэг. Архитектурт үнэнч эгоист сэтгэл нь ийм үйлдэл хийхэд хүргэдэг. Чухамхүү эгоист учраас тэрээр Маллори, Кийтинг, Уайнанд нарт асар их “тус” хүргэсэн бөгөөд өөрийнх нь хайр сэтгэлийн ээдрээт харилцаа ч мөн л энэ утгаар тайлбарлагдана. Гэтэл ямагт олонхийг дагаж, тэдэнд таалагдаж, нийгэмд нэр хүндтэй байх дуртай хүн болох Кийтинг эхлээд эхнэрээ Уайнандад, дараа нь өөрийгөө Роаркт худалдахад хүрдэг. Коллективист-коммунлаг психологитой хүн ийм сул зан чанартай байдгийг романд үзүүлжээ.
 
  Роарк Кийтингт хэлэхдээ “Өөрийнхөө хувь заяатай холбоотой асуудлыг хэзээ ч хүнээр бүү шийдүүлж бай!” гэнэ. Энэ бол хариуцлагаа бүрэн үүрч чаддаг хүний үг юм. Гэтэл зарим хүнд бүх юмаа бусдаар заалгаж, хүний эрхшээлд байх нь амар байдаг. Тэр хүмүүс өөрийнхөө төлөө хүртэл хариуцлага үүрдэггүй. Боол байх нь зарим талаар амар шүү дээ. Романд Роаркийн үзэл санаа хамгийн товч бөгөөд тодорхой илэрхийлэгдсэн хэсэг бол түүнийг хоёр дахь удаа шүүх хурлаар оруулах үед хэлсэн үг нь юм: “Бусадтай санал нэг байхыг буянт үйл гэж хүмүүст зааж, сургаж байна. Гэтэл бүтээгч хүн бусадтай санал нийлдэггүй. Урсгал дагаж сэлэхийг буянт үйл гэж зааж сургаж байна. Гэтэл бүтээгч хүн урсгал сөрж сэлдэг. Хамтдаа байхыг буянт үйл гэж хүмүүст зааж, сургаж байна. Гэтэл бүтээгч хүн ганцаараа байдаг.
 
...Нийтийн сайн сайхан, үндэстэн, анги, төр гэдэг бол хүн ардыг дарлаж байсан бүх харгислалыг зөвтгөсөн нэр томъёо. Түүхэнд тохиолдсон хамгийн аймаар зүйл болгоныг нигүүлсэнгүй буян гэдэг нэрийн дор хийж байсан. Өөрийгөө огоорон бусдын төлөө гэдэг нэрийн дор хийж байгаа болохоор хэн ч тэднээс хүн алах эрхтэй эсэхийн тухай асуудаггүй байсан. ...Хүн бусдынхаа төлөө хийж чадах ганц сайн зүйл, зөв зохист харилцааг илэрхийлсэн илэрхийлэл бол “Бусдын хэрэгт бүү оролц!”
 
  Тэгэхээр та Эх сурвалж романаас өөрийгөө огоорохуйн эсрэг өөрийгөө бодохуй, хамт олонч үзлийн эсрэг хувь хүнийг дээдлэх моралийг хараарай. Энэ үзэл санааг бүгд таалахгүй нь мэдээж. Хүн стэйтизм, социализм, коммунизм гээд ямар үзэл баримтлах нь тэр хүний эрх. Түүнийг нь хүлцэн тэвчихүй бол либертари үзлийн нэг гол зарчим. Бүгдийг нэг хэв загварт оруулах явдал бол тоталь үзэлтнүүдийн (тоталитарианистуудын) үйл хэрэг. Боломжийн хэрээр үндэслэлтэй яриад байхад эс ойлгох юм бол тэр хүнийг зөнд нь орхихоос өөр аргагүй. Албадах явдал либертари үзэлтний хувьд хориотой, тэр ч бүү хэл, хүчирхийллийн зөөлөн хэлбэр болох ятгах явдлыг ч ашиглаж болохгүй. Тийм ч учраас либертари үзэлтэй хүн хэлэхдээ, нэг өглөө босоход Монголын бүх иргэд либертари үзэлтэн болчихсон байвал энэ бол бидний зориод буй нийгэм биш байна гэж хэлэх болно. Харин либертари үзлийг хүндэтгэж, түүнийг жинхэнэ мөн чанараар нь хүмүүст ойлгуулах юмсан хэмээн хүсэж байгаа хүнд тэвчихийн аргагүй нэг зүйл байх бөгөөд тэр нь либертари үг хэллэг ашиглан стэйтизмийг сурталчилж, либертарианизмыг дотроос нь гутаахыг тэвчихгүй. Аливаа зэрэмдэг суртахуун муухай байдаг бол либертари үзэл зэрэмдэг байх нь бүр ч муухай (Учир нь энэ үзэл юмыг оромдох, дүр үзүүлэх, хоёрын хооронд байх, бөөрөнхийлөх, саарал суртахуун гаргахын эсрэг байдаг.). Түүний оронд төр, хуулийн нэрээр эрх чөлөөг боомилогч хүн, хамт олонч үзэл зэргийг дээдэлдгээ нуулгүй, ил тод зарладгаараа коммунист, фашист үзэл нь хамаагүй хор багатай.
 
“Нэг нь нийтийн төлөө” юу? “Нийт нь нэгийн төлөө” юу? аль эсвэл “Өөрөө өөрийнхөө төлөө” юу?. Энэ асуултыг бид уншигчиддаа тавьсан юм.
 
Миний хүү амиа бод
 
Б.Ундармаа /33/ настай/:
 
- 10 жилийн өмнө манайх гэдэг айл их хэцүү байлаа. Нөхөр маань таван дүүтэй. Тэдэн дундаа арай амжиргаатай нь гэх юм уу даа. Гэвч охин дүү нар нь ирээд сургалтын төлбөр нэхэгдээд байна, гутал авмаар байна, үсээ будуулах гэсэн юм гээд л мөнгө авна. Ах мөнгө олж байгаа юм чинь, танд харамлах эрх байхгүй гэсэн аятай надтай харьцдаг байсан юм. Эрэгтэй дүү нар нь болохоор авгай авлаа, ажилд орох гэсэн юм, машин эвдэрчихлээ, замын зардал дутлаа гээд мөнгө нэхээд суучихна. Өөрсдөө болгочих юман дээр хүртэл хөдлөхгүй бэлэнчилж, зөөлчлөхийг яана. Заримдаа эргэж төлнө гэх хэрнээ л буцааж өгөхгүй. Сүүлдээ бүр тэдний нэхсэнийг нөхөр маань дийлэхээ байсан. Хүүхдүүд өсөж, зардал нь нэмэгдсэнийг хэлэх үү. Дампуурлын ирмэгт тулах шахсан шүү.
 
  Гэтэл нэг өдөр хадам ээж маань нэг зөв үг хэлдэг байгаа. “Та нар ахыгаа хөл дээрээ зогстол битгий мөнгө нэх. Өөрсдөө яаж ийгээд болго. Учраа олсон хойноо та нарт туслах л байлгүй” гэнэ. Тэгээд нөхөрт маань “Миний хүү амиа бод. Ингэлээ гээд ээж нь заяа нь гомдохгүй. Хүн өөрийхөө хувь заяаны эзэн болох ёстой. Чамайг зулгаасаар байгаад цаад хэд чинь толгой нь ажиллахгүй, цаашдаа ч бие дааж амьдарч чадахгүй болох нь” гэж билээ. Ийм шийдвэр гаргасанд нь хувьдаа би их баярладаг юм. Дүү нар одоо бүгд учраа олчихсон явна. Нөхөр маань урьдын адил нэхсэн болгоныг нь өгөхгүй ч амьдралаа өөрчлөхөөр эгзэгтэй үед бол нэг том тусалчина. Гэхдээ нэг нь өгөх ёстой, нөгөө нь авах ёстой гэж хандахаа больсон маань том дэвшил болсон гэж боддог юм.
 
Нүдээ аниад өнгөрөөчихөөрэй
 
Оюун /28 настай/:
 
- Би машины засвар үйлчилгээ эрхэлдэг нэг хувийн компанид ресепшн хийдэг байлаа. Үйлчлүүлэгч нягт­ланд мөнгөө тушаагаад, төл­бөрийн баримтаа, инженерийн илгээсэн бичгийн хамт надад өгч нягтлуулах ёстой юм л даа. Гэтэл нэг өдөр нягтлан дээрээс утасдаж байна. “Үйлчилгээний мөнгө дутуу биччихсэн шүү. Нүдээ аниад өнгөрөөчихөөрэй. Орой хувиа авна биз” гэнэ. Би ч чадахгүй л гэлээ. Инженер тэр хоёр энэ маягаар өмнөх ресепшнүүдийг оролцуулан мөнгө иддэг байсан юм байна л даа. Тэгээд л намайг бас эгнээндээ элсүүлэх гэсэн хэрэг байж. Маргааш боллоо. Дахиад л будлиантай бичгээ явуулчхаж. Намайг гуйгаад нэмэргүй ч, дуугай байна гэж санасан юм болов уу. Би ч дуугай байсан л даа. Гэхдээ энэ байдлаараа ажлын хариуцлага алдлаа, мөнгө идлээ гэж нэг л өдөр буруутах шинжтэй тул халагдах өргөдөл өгөхөөс өөр аргагүйд хүрсэнсэн.
 
Хэзээ байртай болох нь ойлгомжгүй
 
Ч.Ганболд /36 настай/:
 
- Ээж хов хүргэж байна аа. Дүүгийн эхнэр жигтэйхэн уурлаад салж сарних дээрээ тулсан юм байх. Бэрийн ахынх нь байраа өрөнд алдаад тэдний нэг өрөөнд сууя гэж гуйж л дээ. Хэзээ байртай болох нь ойлгомжгүй, тэгээд ч ураг садны хол нь дээр гэж дүү хархүү маань бодоод зөвшөөрөөгүй юм байх. Тэгээд утсаа тавиад бодлоо. Хэрвээ байргүй болчихоод дүү дээрээ очтол эхнэр нь ингэж хэлвэл би гомдож таарна. Ах дүү улс ийм юман дээр бие биедээ туслах ёстой биз дээ. Гэтэл бас дүүгийн зөв ч юм шиг. Хэзээ байртай болно гэж хүлээхэв, хүний өөрийн хүн хөшилдөөд байхаар тэр айл чинь хямарч л таарна даа. Хамаатан садангууд нэг дор амьдрахаараа сайн үг хэлэлцэж салдаггүй нь бүр ёс, монголчуудын нэг муухай зан байна шүү дээ. Тэгэхээр одоо яаж шийдэх ёстой юм, бүү мэд.
 
Уул усны ойр нь, ураг садны хол нь дээр гэсэн үг ёстой үнэн
 
Х.Мандах /56 настай, хувиараа бизнес эрхлэгч/:
 
  - Хүн амиа бодно гэдэг тийм ч муухай хэрэг биш. Гэхдээ нийгмийн эд эс болж байгаагийнхаа хувьд бусдын эрх ашгийг ч бодолцох ёстой. Иргэн баян бол улс баян гэдэг. Тэгвэл иргэн баян байхын тулд амиа бодохоос өөр аргагүйд хүрнэ. Хүн өөрийнхөө төлөө явж байж дараа нь өрөөлийн төлөө санаа тавих тэнхээтэй болдог юм уу даа. Бидний үед нэгдэл, сангийн аж ахуйд хамаг мал төвлөрчихсөн хувийн өмч гэхээр юм юу ч байгаагүй. Ардчилсан хөдөлгөөн өрнөж, малыг хувьд шилжүүснээр хурдан өслөө. Хүн өөрийнхөө хувийн зүйлд яаж ханддаг нь эндээс харагдана гэж бодож байна.
 
  - Манайхан хувиа бодож, довоо шарлуулсан гээд амиа бодох үзлийг үгүйсгээд байдаг?
 
  - Үүнийг үгүйсгээд байх нь утгагүй л дээ. Миний бодлоор хувиа бодох үе байна, хүний төлөө явах үе ч байх ёстой. Түүнээс биш бүх зүйл дээр өөрийгөө гаргуунд нь гаргаад байвал дээшээ гарч адахгүй. Манайх нэг дэлгүүртэй байсан юм. Эхнэр бид хоёр хоёулаа олон хүүхэдтэй айлын ууган хүүхдүүд. Зах зээл эхлээд хэцүү байх үеэс хуруу хумсаа хуйхлан байж олсон зөөсөн бүхнээрээ амьжиргаагаа залгуулах дэлгүүр нээгээд эхэндээ тун ч дажгүй байлаа. Хөдөөнөөс манай дүү нар хот руу орж ирснээр манай өрхийн бизнес хүнд байдалд орсон. Нэг ширхэг талх, ганц сав гурил, хөл мах зээлье гээд аваад явна. Мөнгө нь орж ирэхгүй удсаар сүүлдээ тангараг тасрах дээрээ тулсан. Иймэрхүү зүйл амьдрал дээр байгаа. Тэд яг л хүний өмнөөс амьдарч байгаа юм шиг ялархаад байдаг. Харин манай гэр бүл өөрсдийнхөө сайн сайхны төлөө хоосон хонохдоо хонож байж энэ зүйлийг амьдралдаа бий болгосон. Уул усны ойр нь, ураг садны хол нь дээр гэсэн үг ёстой үнэн юм билээ.
 
Зулаа амиа бодсон балиар охин
 
У.Цэрэннадмид /42 настай, багш/:
 
  - Би ерөнхий боловсролын сургуульд багагүй хугацаанд багшилж байна. Анх багшилж эхэлж байхад хүүхдүүд нэг нэгнийхээ төлөө сэтгэл их гаргадаг байсан. Хичээлээ давтах, даалгавар хийх, нэгийгээ буруу хүүхдүүдтэй орооцолдох вий гээд л... Харин одоо хүүхдүүд хичээл номны тал дээр амиа бодох нь их болсон. Өрсөлдөөн ширүүн байгаа. Өөрөө л хичээхгүй бол сургуульгүй хоцорно гэсэн айдас байдаг байх. Дээрээс нь босго оноо гээч гарч ирсэнээс хойш энэ байдал илт ажиглагдах болсон. Гэхдээ үүнийг буруутгаж болохгүй. Хүүхдүүд өөрийгөө хөгжүүлэх боломж илүү их нээгдэж байх шиг. Гэхдээ хүн чанартай, энэрэнгүй байх гэдэг үүднээсээ өвдөж, зовсон, үхэл хагацал тохиолдсон үед нэгнээ гэлгүй яахав.
 
  - Бага насны хүүхдүүд хэр аминч байдаг вэ?
 
  - Одооны хүүхдүүд их айхтар шүү дээ. 6-8 насныханд хүнээс ямар нэг зүйлээ харамлах, амиа бодох үзэл бага байдаг. Тэд уйлж суугаа нэгнээ аргадаж чаддаг, ганц чихэр байсан ч хүнтэй хуваалцдаг. 10-12 нас хүрээд ирэхээрээ найз нөхдөөсөө хэн нэгнийг онцолж, бусдаас зай барих, зарим үед хармын сэтгэл гаргаж байгаа нь анзаарагддаг. Нэг хүү “Зулаа амиа бодсон балиар охин” гэж ирээд л ярьж байсан. Учрыг нь асуувал хамт суудаг охин нь энгийн үед байгаагаа хуваагаад, даалгавраа хамтдаа хийдэг бол яг шалгалт болохоор дуугарахаа болиод, дэвтрээ тохойгоороо нуугаад нам суучихдаг тухай ярьж билээ.