Цаг хугацаа харвасан сум шиг л өнгөрч байна. Саяхан л ээжээсээ зүүгдсэн, эрх жаахан охин байсансан. Гэтэл одоо эмээ болж ч магадгүй насан дээрээ ирчихсэн, энэ тэрийг эргэцүүлсэн шигээ сууж байх юм.
  Пол Макартний “When I’m 64” гэдэг дуу байдаг даа. “Хайрт минь, чи миний төрсөн өдөр, Валентиний баяраар шил дарс өгдөг хэвээрээ байх уу”, “…оройтоод очвол хаалгаа түгжчихсэн байх юм биш биз“, “Үнэ нь гайгүй бол зуслангийн байр түрээслээд…“, ”Тэр үед би чамд хэрэгтэй байх болов уу” гэхчлэн амьдралын нарийн ширийнийг өгүүлсэн. Хааяа сонсохоор өмнө минь их л сонирхолтой амьдрал угтаж байх шиг санагддаг юм. Энэ дуугаа Пол 16 настайдаа зохиосон гэдэг.
 
  Саяхан би Жейн Фондагийн ярилцлагыг олж үзлээ. Цагтаа Холивүдийн сайхан бүсгүйчүүдийн нэгд тооцогдож явсан, үргэлж шинийг сэдэж явдгаараа алдартай энэ эмэгтэй энэ жил 72 нас хүрч байгаа гэнэ.
 
  Дэлхийн аль ч өнцөгт настай хүний жаргал зовлон нэг л биз. Ханиа алдана, ганцаардана, хүүхдүүд нь ухаантай бол илүү жаргана, санасанд хүрэхгүй бол өөртөө л гомдоно. Өнгөрснөө дур­сана, амжуулаагүй бол харамсана...
 
  Харин түүний үг, амьдралын философи нь биднээс их өөр юм. Юу гэж хэлсэн байна гээч. “Би бүгдийг ойлгодог, дүгнэж цэгнэдэг насан дээрээ ирчихээд байна. Миний амьдралын шинэ үе эхэлж байна”. Та энэ насан дээр ингэж хэлж чадах уу.
 
  Гэтэл танил маань яг энэ үгийг хэлдэг байгаа. “Эхнэр бид хоёр хорь, гучтай байх үеэ их чамладаг юм. Харин ч одоо ид хийх насан дээрээ ирчихсэн юм биш үү гэж ярилцдаг” гэнэ.
 
  Тэгээд бодлоо. Насны нам­раа яаж угтах ёстой вэ гэж. Үнэхээр нас ахих тусам эсрэгээр, ийм сайхан мэдрэмж төрдөг бол сайхан л байна. Тэгвэл айх юу байна. Эсвэл, магадгүй ийм гоё үгэнд дурлах үе дээрээ ирчихээд ингэж хүлээж авахыг хүсээд байгаа минь энэ юм болов уу.
 

 
  Ямар ч гэсэн би сүүлийн үед эргэн тойрноо анхааралтай ажиглаж эхэлсэн. Хүмүүс яаж хөгширч байна? Цаг хугацааны эргүүлгэнд бид хэн болж хувирдаг юм?
 
Зохиолч Ж.Пүрэв: - Би чадахгүй л байх. Сүүлийн үед “Цэнхэр говь” роман дээр сууж байна. Өглөө 9.30-аас ажлаа эхэлдэг юм. Орой зургаа, долоо гээд амарна. Дунд нь нэг цаг унтана. Миний өдрийн дэглэм нэг ийм. Одоо 60 дахь хуудсан дээрээ явж байгаа. Зун гэхэд 150 хуудас бичээд дуусгачих байх. Би чинь 1920 оны хүн шүү дээ. Гэхдээ “албаны нас” бол өөр. Намайг багад манай нутагт Бавуужав гэж хүн байсан юм. 120 насалсан. “Миний насыг аваарай” гээд хүүхдүүдэд өөрийнхөө сахлыг нэг нэгээр нь зулгааж өгдөгсөн. Энэ бол төрийн биш, ардын ёс. Одоогийн залуус настангуудаа ер хүндлэхээ больж. Чадалтай нэг хэсэг нь баярлуулж байна аа, хөөрхий. Гэхдээ л чамлалттай байна. Саяхан манай гадаа нэг хөгшин сууж байсан юм. Тэгсэн хоёр залуу ирээд “ Өвөө, гал байна уу” гэж байна. Өнөөх яах вэ дээ, байхгүй юм чинь “байхгүй” л гэнэ биз дээ. Харин ингэж хэлсний төлөө “Энэ мөн гүрийж байна аа” гэж хэлэх юм. Энэ чинь одоо юу гэсэн үг вэ.
 
  Манайхан өнгөрсөн үеэ хэтэр­хий үгүйсгэж байна. Тэр дунд авах ч юм бий, хаях ч юм бий, шүүж тунгаах хэрэгтэй л байсан юм. Монголчууд бид хэтэрхий цөөхүүлээ байна. Өнгөрсөн жил осол, өвчнөөр хэчнээн ч хүн үхэв. Нэг удаа би гадаа нарлаж байхдаа дэргэдүүр өнгөр­сөн эмэгтэй­чүүдийг зориуд тоолсон юм. Тэгсэн 78 эмэг­тэйгээс нэг нь бие давхар, хоёр нь хүүхдээ дагуулсан байж билээ.
 
  Намайг хүүхдүүд маань сай­хан асардаг. Төр засгаас ч сайн харж үздэг. Өндөр тэт­гэвэр ч олгодог. Гэхдээ нэг хэцүү юм байна. Би ганцаардаж байна. Хөгшнөө алдаад 26 жил ганцаараа явлаа. Энэ хооронд би юун дээр алдаж байж вэ гэж их бодлоо. Олон л юм байна. Наад зах нь сурлагаа дутуу орхисон байна. Насан туршдаа хариуцлагатай алба хашиж, хүмүүс­­тэй харьцаж үзлээ. Бас л дутуу дулимаг юм хийж байж. Сүүлийн үед чадал хүрдэг бол говийн аймгуудаар говь сайн мэддэг хүнтэй хамт явахсан гэж бодоод байгаа. Миний зохиолд хэрэг­тэй юм л даа. Гадагшаа бол явахгүй ээ. Москвад гэхэд 38 удаа газардсан.
 
Г.Чогров /54 настай/: - Хөгшир­нө гэдэг насны юм. Залуу цагийнхтай харьцуулах юм биш. Бүх юм хязгаарлагмал болчихдог. Наад зах нь хамт олонгүй болно. Идэж уух нь хүртэл багасна, нойр муутай болно, бүх бие суларна. Хүний хүсэл мөрөөдөл хүртэл өөр болдог юм байна. Урьдын адил мөнгө олох юмсан, дарга, аварга болох юмсан гэж бодохгүй. Үр хүүхэд маань байр сууриа олоод амьдралд хөл алдчихгүй аятай эвтэй явбал жаргал тэр. Бас хэр баргийн юман дээр хөөрч баярлахаа больж байна. Өдөр тутмын амьдрал яриад “аан уун” гэж суухаас биш хань бүлтэйгээ ч хэрэлдэж муудалцах нь ховор. Хол ч явах дургүй болно. Чи мэднэ дээ, өмнө ах нь хүмүүсийг дагаж дарвидаг, архи ууж, зодоон хийхээс буцдаггүй байсан бол одоо ямар ч хэрэгтэй юм гэж боддог болсон. Ухаан сууж байгаа минь энэ юм болов уу.
 
Ф.Дрейк /25 настай/: - Манай аав ээж настай, 80 гарч яваа. Би утсаар ярьж мэндийг нь мэддэг л дээ. Гэхдээ байнга биш. Манай британичууд танайх шиг тийм нялуун хүмүүс биш. Ер нь хөгшчүүд орчин үеийнхэнтэйгээ таарахаа больчихдог доо. Тэнд ч мөн адил. Хүлээн зөвшөөрөх хэдхэн зүйлтэй. Тэр зүйлээс нь гажчихвал маш их дургүйцэж, шүүмжилдэг. Манай настай хүмүүсийн нэг хэсэг нь өөрсдийгөө хөгшин хүн гэж хүлээж авдаггүй юм. Үүнийг antiinhibition гэж хэлдэг. Биеэ барьдаггүй, бус­дад таалагдах гэж явдаггүй хүнийг ингэж дүгнэдэг юм. Ийм буурлуудыг харахад их инээдтэй л дээ. Гэхдээ залуучуудад үлгэр дуурайл болох нь бий. Бас нас дээр гарахаар хүн чинь их зардал багатай амьдардаг юм билээ.
 
Болохгүй
 
  Өнгөрсөн зунсан, Их дэл­гүүрийн өмнө таяг тулж, ковбой малгай духдуулсан нэг гадаад эр, эхнэр нь л байх, уруулаа улаанаар тод гэгчийн өнгөлж, хумсаа ургуулан, хөлдөө кед угласан хижээл насны эмэгтэйтэй таарсансан. Манайхны хөгшчүүд бие биеэ түшчихсэн хаа нэг сугадаж яваа харагддаг даа. Гэтэл тэд яг л хүүхэд шиг хөтлөлцчихсөн байгаа нь нүдэнд нэг л содон, гэхдээ их аятайхан санагдаж билээ.
 

  Хөгширсөн хойноо ингээд явж байвал зүгээр ч юм уу гэж хүртэл бодсон шүү. Яагаад болохгүй гэж. Хийдгээ хийчихээд, гар гараасаа атгалцан хаа холын Монголд жаргаж явна шүү дээ. Бас дээр нь тэд богино өмд, цээжээ ил гаргасан майк өмсчихсөн байсан. Манай хөгшчүүд ингэж хувцасладаггүй болохоор тэр үү, зөрсөн хүн бүхэн шахам л эргэж хараад өнгөрөх юм. Тэглээ гээд өнөөх жуулчин хос үүнийг тоож байгаа ч юм алга. “Халууцаж байна, хөнгөн нимгэн хувцаслах хэрэгтэй, арьс хөрс маань үрчийж хорчийгоо л биз, хэнд хамаатай юм” гэж бодож яваа нь илт. Эсвэл энэ тухай юу ч боддоггүй юм уу. Ямар ч гэсэн “Би хөгшин хүн” гэсэн зааг хамжаарга тэдэнд ер үгүй бололтой.
 
  Харин манайхан ингэж явбал яах бол. Ёстой л нөгөө “хүүхэд нохойн доог” гэдэг болох байх даа. Бодоод байх нь ээ, бид чинь энэ тал дээр жигтэйхэн “дэг жаяг”-тай улс юм. “Настай хүн ийм, тийм байх ёстой” гэсэн бүр хатуу зарчимтай.
 
  Хөгшин хүн л бол хөгшин хүн. Нүцгэлж болохгүй, нүүрээ пүүдрдэж болохгүй, хаа хамаагүй хашгирч болохгүй, хайрлаж дур­лаж бүр ч болохгүй. Хэрэв хүүх­дүүдийн дунд ороод бүжиг­лэчихвэл, хүүхнүүдийн дэргэд сээтэгнэчихвэл, “Пээ намбагүй гэдэг нь, шар сэмжилчихэж, буруу зөнөчихөж, хөгшин хүн байж гэртээ сууж байхгүй, гадуур дотуур гүйлээ” гэхчлэн элдвээр хэлүүлэх бий вий. Гэтэл өөр нэг оронд ахимаг насныхан жинс өмсөж болно, секс хийж болно, их сургуульд сурч болно, загвар үзүүлж болно. Бидэнд жигтэй санагддаг зүйл тэнд жирийн л нэг хэрэг байх жишээтэй. Наад зах нь залуу, хөгшин хүний хувцас гэсэн ялгаатай ойлголт тэдэнд байдаггүй. Гэтэл манайд өөр. Настай хүний хувцасны хийц энгийн, өнгө нь даруу байна гэсэн “алтан” дүрэмтэй. Жишээ нь, хижээл насны эмэгтэйчүүд гол төлөв мокасин шиг намхан хэрнээ зөөлөн ултай гутал өмсөж, уруулаа ярилцаж тохирсон юм шиг улаан хүрэн өнгөөр буддаг даа. Сурагчийн дүрэмт хувцас аятай гамбиран малгай, эрээн алчуураар ёс юм шиг гоёно. Харин өндөр настай эрчүүд элдэв загвар оруулгагүй бор, хар, хар хөх хүрэм, саравчтай малгай өмсөх ёстой шиг байгаа юм. Заримдаа бүр хэн ингээд хувцас­ла гээд хэлчихсэн юм бол гэмээр. Та анзаарч нэг хараарай. Хэн ч байсан, тэтгэвэртээ гараа л бол гадаад үзэмждээ анхаарахаа больж, сарын дараа л шууд эмээ, өвөөгийн дүрд хувирна. “Хэндээ сайхан харагдах юм” гэж хэлдэг нь бүр амны уншлага. Гэртээ халад, гарвал ганц өмсдөг дээлтэй. Ер нь “Залуу хүн шиг хувцаслалаа” гэж бусдад шүүмжлүүлэхээс их айна. Тэгээд л хөгшин хүнд таарч тохирох хувцас гээд хайгаад эхэлдэг дээ. Тэр “хөгшин хүний хувцас” нь улам л овор нэмэх хувцас байх нь ойлгомжтой.
 
  Гэхдээ цаг цагаараа ондоо. Намайг багад хот маягийн дөмөг өвөө нар ихэвчлэн Оросоос л оруулж ирдэг байсан биз, “гоголь” малгай, саарал каракуль захтай польто өмсдөг байж билээ. Ийм өвөө явж байвал, залуудаа сүрхий дарга явжээ гэж хүмүүст ойлгогдоно. Харин эмэгтэйчүүд дунд нүүрээ буддаг хүн ховор. “Улаан хошуут” гэдэг хочтой эмээг л санаж байна. Уруулаа ув улаанаар буддаг болохоор манай байрныхан түүнийг хөгшин залуугүй тэгж нэрлэдэг байсан юм.
 
  Хүүхэд байхад хийж болохгүй олон зүйл байдагсан. Хөгшрөх тусам ч бас өмнө нь болж байсан олон зүйл болохоо байчихдаг шиг. Манай хөрш хөгшид байдаг юм. Нөхөр нь их хөнгөн шингэн, сонгууль, хороо хорин, хурал хуй, даалуу шатар гээд цалинтай, цалингүй ажилд гүйгээд гэртээ тогтохгүй. Өөрийгөө хангалттай зугаацуулчихна. Харин үүнд эх­нэр нь их дургүй. “Настай хүн байж яасан намбагүй юм. Хөгшин хонины насгүй болчихоод. Яршиг төвөг гэртээ мөрөөрөө сууж байхгүй” гэж ирээд л хангинаж гарна. Харин сүүлийн үед өнөө өвөө маань намба суухаар шийд­сэн үү, гэрээсээ ч цухуйхаа больсон байна лээ.
 
   Манай залуучууд ч мөн адил даа, настайчуудаа их хорино. Тэтгэвэрт гарсан аав ээж нар нь гэртээ сууж байхаар бага цалинтай ч гэсэн ажил хийе гэвэл сүйд болно. “Хүүхэд хараад дулаахан сууж байхгүй, яах гэсэн юм” гэхчлэн хааш нь ч гаргахгүй санаатай. Энэ нь сайндаа ч биш, өнгөц харахад эцэг эхээ их л халамжлаад байгаа юм шиг хэр нь ихэнхдээ өөрсдийн эрх ашгийг эн түрүүнд тавьсан хэрэг байдаг. Үгүй бод л доо, наад зах нь эцэг эх шиг найдвартай, тэгсэн хэрнээ ажлын хөлс, гомдол нэхдэггүй гэрийн үйлчлэгч, хүүхэд асрагч, манаач бидэнд олдоно гэж үү. Гэтэл нөгөө хөгшин нь насаараа өглөө босч, үдэш хүртэл ажилласаар сурчихсан. Ач зээгийн хөлд дарагдаад, эсвэл гэртээ зүгээр суувал хадан гэртээ улам л ойртоно гэдгээ мэдээд байдаг. Тэгээд ч хүүхэд шуухдаасаа ойр зуурын мөнгө гуйгаад явна гэдэг цагаа тулахаар хэцүү, энэ хэрээр бусдын хараат, эрх чөлөөгүй амьдарна. Хэн ингэхийг хүсэх вэ дээ.
 
Хоол, хор
 
  Манай эмээ 90 гараад өнгөрсөн юм. Элдэв өвчин хууч хэлдэг­гүй байсан хэрнээ нэг л өдөр үүрд унтчихсансан. Их хөдөл­гөөнтэй, зүгээр суудаггүй хүн байж билээ. Бас хоол бага иднэ. Сүүтэй цайндаа өрөм, тос, ааруул, ээзгий хаяж уух л их дуртай. Бас хааяа нохойн хошуу буцалгаж суугаа харагддаг юм. Өндөр насалсны учир энэ ч байж мэднэ.
 
  Ер нь нас ахих тусам хүн хоол олигтой шингээхээ байдаг даа. Зөөлөн, натураль хүнс бол их талтай. Эмч нар ч тэгж зөвлөдөг юм билээ. Гэртээ суугаа, хөдөл­гөөн багатай хүнд шингэц сайтай, зөөлрүүлсэн, хүчиллэг багатай хоол илүү зохимжтой гэж. Японд, өндөр настангуудад зориулсан халамжийн газар энэ шаардлагад бүрэн нийцсэн хоол бэлтгэдэг, эндээс хүмүүс настай хүнд зориулсан хоолны жор мэдэж авдаг гэж дуулсан юм байна. Идэж уухаа бүгдийг нь нарийн тооцоолдог, ходоодоо дүүргэх биш, эрүүл мэндэд ямар тустай юм гэсэн үүднээс ханддаг гэдэг. Нөгөө Солонгосын “Жан Гүм” шиг л тийм өвчинд ийм хоол тустай, тийм мах, ногоотой ийм ундаа тохирно ч гэдэг юм уу их нямбай хэмждэг аж. Харин бид энэ талаар хэр мэдлэгтэй билээ дээ. Х.Нансал /78 настай/: - Хүүх­дүүдийн хоол надад ерөөсөө тохирдоггүй юм. Хэтэрхий халуун ногоотой, шарсан хуурсан хоол л идэх юм байна шүү дээ. Тэрийг нь би идэж чадахгүй. Өдөржингөө хэхрээд сүйд болно. Ихэвчлэн тус­даа л хоол хийж иддэг юм. Заримдаа бие өвдөхөөрөө хүнээр хийлгэнэ. Гэхдээ олигтой юм болохгүй. Хэлээд байхад л заавал нэг амтлагч цацчих юм. Тэр нь хоолой хорсгохыг яана. Ер нь хүүхээд, явж явж лавшаа л их хар хоргүй, зүгээр хоол юм шүү дээ. Хийцэлсэн, борцтой цай ч хоолны оронд хоол. Гэхдээ гадуур зарж байгаа сүү сүү биш ус байх юм. Хуурай сүү бүр элдвийн хортой, хэцүү эд байдаг гэхчив.
 
  Айл бүрийн аав, өвөө нар шахам архи уудаг шиг санагддаг юм. Хаа ч орсон эхнэр хүүхэддээ загнуулсан халамцуу эртэй таар­даг болоод тэр үү. Уг нь хүн чинь залуудаа гэмгүйхэн наргиж цэнгээд, нас ахих тусам намба суувал зүгээр дээ. Гэтэл манайхан эсрэгээр, өтлөх тусмаа архинд ордог. Гэхдээ “жар хүрч жаргаж уухгүй”. Өдөр алгасахгүй уух ч хүн бий, нэг хэсэг нь уухаараа тасралтгүй хоёр, гурван сар ууна. Тэгээд гэнэт ухаан ордог юм уу, бие нь чилээрхдэг юм уу, хагас жил ч уухгүй.
 
  Монголчуудыг 60, 70-аад оноос оросуудыг даган архинд орсон гэдэг дээ. “За успехов” гэж тулгасаар хөрш хоёр архич­наа дийлэхээ байсан. Ер нь орос, монгол­чуудыг цагаан архи хамгийн их хэрэглэдэг улс байх шүү. Бас Орост манайхаас 30 мянган оюутан сурсан оюутнуудаас эрдэм өвөрт­лөхөөсөө илүү архи ууж сурсаныг тоолох юм бол овоо тоо гарч мэдэхээр л юм билээ.
 
  Хүн урт наслах хэрэгтэй. Гэх­дээ өөртөө, өрөөлд, нийгэмдээ төвөг багатай амьдрахыг хичээх ёстой биз. Нас ахиж яваа хүнд архи тийм ч аятай хүнс биш. Наад зах нь даралт ихсэнэ, харвана, элэг, ходоод гэдэсний хямралтай болно, зүрх судасны өвчтэй болно. Архинаас болж нас барсан өндөр настай хүмүүсийн ихэнх нь ийм шалтгаанаар хорвоог орхидог.
 
Ганцаардал
 
  Настай хүнд ганцаардана гэж нэг айхтар зовлон бий. Ялангуяа ханиа алдчихвал их уйтгартай амьдарч эхэлдэг дээ. Хүүхдүүд дэргэд нь мянга байгаад ч нэмэргүй. Хүнд сэтгэлээр унах зүйл олон байдаг ч сэтгэл зүйч­дийн ихэнх нь нөхөр буюу эхнэрээ алдах нь хамгийн их стресст оруулдаг гэж үзэх юм билээ. Стрессийг 0-100 хүртэл үнэллээ гэхэд хамгийн их сөрөг нөлөө үзүүлдэг нь энэ тохиолдол аж. Ийм дарамттай тулгарсан хүн наад зах нь бусдад сэтгэлээ онгойлгож, тайвшрах боломжгүй болно. Цайгаа хувааж уухдаа ч гол нь биш юм. Хэн нэгэнтэй ярих хөөрөх, анхаарал тавих, бусдаар халамжлуулах хэрэгцээ заавал хөгшин гэхгүй хүн бүхэнд л байдаг шүү дээ.
 
  Гэтэл бид эцэг эхдээ ямар хар­гис ханддаг билээ. Эргэж тойрох ч үгүй. “Сэгсгэр ээж минь тан дээрээ очих зав гарахгүй нь ээ” гэж дуулаад л. Тэгсэн хэрнээ “Хөгширч үхэх гэж байж хүнтэй суув, амьтны элэг доог болно” гэж хориод л. Эцэстээ явж явж хүүхдүүд нь ахлах болохоор өнөөх настан нь ч ”За тийм дээ, үхэхийн хооронд нэг нэр, хоёр хоч зүүгээд яахав” гээд өөрийгөө золиослон үр ач нарынхаа төлөө амьдрахаар шийдэх нь олонтаа.
 
  И.Калашниковын “Догшин жаран” /”Жестокий век”/ романд хүртэл Чингэс хааны ганцаардлын тухай өгүүлсэн байдаг юм билээ. Хаан хүн шүү дээ, гэтэл өтлөөд найз нөхөдтэйгээ санаа нийлэхээ больчихдог. Түүнийг дэлхийн хэм­жээний зүйлс сэтгэж яриад, хөдлөе гэхээр Боорчи, Зэлмэ хоёр өөдөөс нь “Нутагтаа байх сайхан шүү” гээд тулга тойрсон үг хэлээд сууна. Тус тусдаа амьдрал, авгай хүүхэдтэй болсон хөвгүүд нь хаан аавыгаа эргэж тойрох нь цөөрнө. Ийм байдалд орсондоо хүн чинь уурлаж бухимдаж таарна аа даа. Тэглээ гээд хэн нэгтэй сэтгэлээ онгойтол ярих хэрэгтэй. Гэхдээ залуу хатадтайгаа үг солих дургүй. Яагаад гэвэл тэд хэдий эр нөхөр нь ч настай хүний юу санаж явдгийг ойлгохгүй. Тэгж явсаар анхны эхнэр, “гологдсон” Бөртэдээ ирж, хуучин шигээ цайндаа борц дэвтээн идэн, галын дэргэд дор бүрнээ залуу зандан насаа дуугайхан дурсан сууж, хааны сэтгэл сая нэг тайтгардаг.
 
  Эмээ минь хааяа үглэнэ. “Хүн хөгшрөнө гэдэг амаргүй юм. Хүн тоож харьцахаа больдог юм байна. Энэ гэрт юу болж байгааг эмээ нь сүүлийн үед мэдэхээ байсан шүү дээ” гэж хэлэхээр нь их өрөвдөнө. Үгүй нээрээ, нас яваад ирсэн чинь хүүхдүүд маань үг солихгүй, нэг өрөөнд оруулаад хаалгаа хаачихвал би лав үхтлээ гомдох юм байна. Үүнээс илүү цээрлэл гэж байх уу. Настай хүн гэхээр л манайхан энэ одоо юугаа мэдэхэв, энүүнд ямар хамаа байхав гэсэн байдалтай ханддаг даа. Хөгшидтэйгээ хаа нэг үг сольж байгаа нь хүртэл бүр дургүй хүрмээр. Яг л хүүхэдтэй харьцаж байгаа юм шиг, дуугаа өндөрсгөөд, хэлээ хазаад л, тоглоом хийгээд ч байгаа юм шиг ярих гэж бүр доромжлоод хаяна. Тэгээд бас болоогүй ээ, дэргэд нь л өөр хэн нэгэнд “Манай энэ хөгшин, настай юм даа, зайлуул” гэх юм билээ. Харин өнөөх буурал нь чих нь хатуурч, хэл нь жаахан ээдэрсэн болохоос ухаан санаа нь эв эрүүл, сав саруул. Гэхдээ залуус өөрийг нь ингэж хэлээд байхаар одоо яах вэ дээ, ойлгосон ч ойлгоогүй юм шиг аяыг нь дагуулаад тэнэг хүн аятай дүмбийгээд сууна биз дээ. Хөгшрөөгүй байхад та хөгширчээ гэж хүчээр тулгаж, хүний данснаас хасна гэдэг бол хүчирхийлэл. Хүний эрхийг зөрчиж байгаа хэрэг биш гэж үү.
 
Аз жаргалын баталгаа
 
  “Ярих юмтай, яриа нийлэх эр эм хоёр л аз жаргалтай амьдардаг” гэж сонсч байсан юм байна. “Нас ахих тусам л хайр жинхэнэ утгаа олдог” гэж хэлэхээр нь “Юун ч романтик юм бэ дээ” гэж бодоод өнгөрч байсан юм. Одоо бодоход ортой ч юм шиг. Гэхдээ салж сарнихгүй хамтдаа олон жилийг үднэ гэдэг бас аз жаргалтай амьдралын баталгаа мөн үү, биш үү. Харин энэ үе дээр ирэхээрээ эхнэр нөхрүүд ихэвчлэн зан зангаа авалцан, бие биенээ хүн хүнээс илүү ойлгож эхэлдэг нь л үнэн байх. Тэгээд л хайрладаг биз. Олон жил хамт байхаар зан чанар, царай зүс нь хүртэл адил болдог гэдэг дээ. Идэж байгаа хоол, орчин, баярлаж, санаа зовж байгаа нь хүртэл нэг болохоор тэр юм гэсэн. Ер нь цаг хугацаа өнгөрөх тусам хүн өөрөөсөө илүү хажуудахаа илүү таньж мэддэг. Нөгөө талаар олон жил амьдрахаар бие биеэсээ залхдаг, уйддаг, хэрэлдэж маргалдах, ярих юм олдохгүй болно. Өөрөөр хэлбэл нэг загварт орчихдог аж.
 
Х.Далхаа /52 настай/: - Авгай бид хоёр зээ охиндоо жигтэйхэн хайртай. Аав ээжтэй нь булаацалдаад, элдэв шалтаг хэлээд гэртээ аваад ирдэг байлаа. Биднийг ингээд гүйгээд байхаар хүү гайгүй, бэр их дургүй. “Өөрсдөө асаръя аа, хөндийрчихнө” гэдэг юм. Харин саяхнаас охиноо эцэг эхэд нь буцааж өгсөн. Өгөхгүй гээд ч яахав. Үнэндээ охин байхгүй бол бид хоёр уйдаад байдаг юм. Биднийг ганц зугаацуулдаг хүн байлаа шүү дээ, зээ минь. Үүнийгээ өмнө нь өөрсдөө ч анзаардаггүй байж. Байхгүй болохоор гэр орон нам гүм оргиод эвгүй гэдэг нь.
 
Р.Оюунгэрэл /44 настай/: - Хүүх­дүүд сургууль соёл бараадаад хот явснаас хойш гэртээ орж ирэх дургүй болоод байгаа. Ажлаа хийж явбал дээр санагддаг юм. Ядахад ах чинь ч гэртээ тогтохгүй. Найз нөхөдтэйгээ наргиж цэнгэх нь дуусахгүй. Хааяа нэг гэрт өнжихөөр зурагт ширтээд суучихна. Харин би гэрээ эмхэлсэн болно. Бидэнд ярих ч юм олддоггүй юм байна. Үгүй тэгээд юу ч ярихав дээ, хорь гучин жил ярьснаа дахиад эхнээс нь давталтай нь биш. Хоёр дүүг чинь ирэхээр л манайх гэдэг айл дуу шуу ордог юм. Хөргөгч хүртэл хоосорчихдог гээч. Тэгж байтал ач зээтэй болно биз дээ. Тэр болтол одоо яая гэхэв ингээд л байж байхаас.
 
Б.Түмэнжаргал /28 настай/: - Жин­хэнэ хямарсан хүн гэвэл манай аав л байна. Барагтай л бол үг дуугарахгүй. Ээж өнгөрснөөс хойш бүр ч дордсон. Хийх юм байхгүй болохоор их бачимддаг шиг байгаа юм. Насаараа ажил хийж, ээжээр халамжлуулсан хүн чинь ийм амьдралд гэнэт ороод ирэхээр цочирдсон байх л даа. Тэгээд гарахаараа архи ууна. Уугаад ирэхээр нь бид загнана. Өөр зугаацах юм байхгүй юм чинь ингэхээс өөр аргаүй дээ гэж бодсон хэрнээ л уур хүрээд байдаг.
 
Цэцэрлэг
 
  Заримдаа амьдрал гунигтай санагддаг юм. Эсвэл монголчууд бидний амьдралын хэв маяг юм болов уу даа. Үр хүүхдээ арай гэж өсгөж сая нэг амсхийх гэтэл ач гуч араас залгана. Ингээд л насаараа багачуудын уйлаан майлаан, гутал хувцастай зууралдсаар дуусна. Би ч гэсэн дээ, хүнийг хэлэлтгүй хүүхэд харж өгсөнгүй гээд хадам ээждээ жигтэйхэн гомдсон амьтан явлаа. Тэр үед оюутан, сурч байсан анги маань өнжиж байж элсэлт авдаг, чөлөө хүсэх дээрээ тулбал хоёр жил алдах учир дээд ангидаа яаж ийж байгаад дэвшин суралцах хэрэгтэй байсан юм. Тэгээд л хадам ээжийгээ царайчлахгүй юү.
 
  Гэвч, болдог юм болдгоороо болсон доо. Би бүтэн хоёр жил хүүхдээ асран хөдөө гэртээ өнжсөн. Дараа нь сургуульдаа үргэлжлүүлэн сурсан. Энэ хооронд нөхөр бид хоёр муудалцахдаа муудалцан, эвлэрэхдээ эвлэрэн дундаа чирч гүйсээр охиноо ямар ч байсан гарын ая даахтай болгоод авсансан. Төгсөөд хоёр жилийн хойно дахин хүүтэй ч боллоо. Ажлынхаа зэрэгцээ дүүг нь тэвэрч, эгчий нь хөтлөн сургууль, цэцэрлэгт нь зөөнө гэдэг одоо бодоход амаргүй байж. Тэр үед би “Өөрийн ээж байсан бол өмнөөс минь хөлөө хугалчих гээд яаж гүйх бол. Хүүхэд өсгөхийн зовлонг мэдэхгүй биш, хожим хүү охин хоёроо амьдралд хөл тавих гээд тэвдэж явахад нь дэм болж, ач зээгээ тойлдсон нэг сайхан хөгшин болно доо” гэж бодож байсан юм. Сүүлд хадам ээж “Та нар л намайг хөгшин гэж бодоод байснаас биш, би тэр үед дөнгөж 40 дөнгөж гарсан, их залуухан байсан шүү дээ. Ааваас чинь салж амьдралаа шинээр эхлэх бодолтой байсан, хэрэв тэр үеэс эхлэн ач гучаа хараад гэртээ суусан бол одоогийнх шигээ амьдарч чадахгүй биз дээ” гэж хэлэхэд нь “За тийм дээ” гэж бодоод өнгөрсөнсөн. Тэр ажилтай, амьдралтай, хувийн бизнестэй орчин үеийн эмээ байхыг хүссэн юм билээ.
 
  Одоо ч цаг өөр болсон л доо. Ханаа дугуйлаад хаашаа ч явсан хамт нүүдэг байсан үе ард хоцорсон. Настайчууд нь үр ачаа өсгөж, залуус нь адуу малдаа явдаг амьдралын энэ хэв маяг урд цагт хамгийн их хэрэгтэй байсан байж магадгүй. Хүн хүчтэй байж л амьдралаа залгуулдаг байсан үе юм чинь. Харин өнөөдөр бидний ахуй өөрчлөгдсөн. Хүмүүс хотжиж эхэлсэн, энэ хэрээр хүн бүхэн өөрийнхөөрөө амьдрах ёстой гэдгийг ойлгох болсон.
 
  Ази хүний, тэр дундаа монгол­чуудын нэг онцлог байх шиг. Заавал хүүхдийнхээ хүүхдийг өсгөх ёстой гээд бодчихдог, хүүх­дүүд нь ч тэгэх ёстой, хөгш­рөхөөрөө өөрсдөө ч тэгнэ гэж ойлгодог. Тэгээд л үлдсэн амьд­ралаа ач зээдээ дарагдаад өнгөрүүлнэ. Ийм байдалтай хүн улам л хөгширч таарна биз. Тэгээд бас ядарна, ач гучийнхаа төлөө санаа зовно, гэртээ байх тусмаа л хөдөлгөөний дутагдалд орно. Энэ нь мэдээж эрүүл мэн­дэд таатай нөлөө үзүүлэхгүй нь лав. Үр ачаа өсгөхийн хэрээр ураг садны холбоо сайжирч болно л доо. Гэхдээ сүүлийн үед “хөхөө” шиг ээж нар хэтэрхий олширч уу, залуучууд эцэг эхдээ арай л их ачаа үүрүүлж байх шиг санагддаг юм. Тэгсэн хэрнээ өөрсдөө ажлын ч, амралтын өдөр ч байсан хувийн жаргалаа хөөж, хүүхдүүдийнхээ төлөө санаа зовох юмгүй эрх дураараа, тааваараа. Эмээ өвөө дээрээ өссөн хүүхэд эцэг эхтэйгээ ойлголцохоо больчихдог тал бий. “Хүний хүүхэд хүрэн бөөртэй” ч өөр хүмүүжил, өөр шаардлагатай тулгарахаар сэтгэл санаагаар унах, шаналах тохиолдол олон.
 
Т.Туяа /36 настай/: - Би Лос Анжелост нэг настай эмэгтэй асарч байгаа. Дэлхийн эдийн засгийн хямрал надад нөлөөлж байгаа юм алга. Хоол унд, байр үнэгүй болохоор анзаарахгүй байж ч мэднэ. Манай эмээ ааш зан сайтай, илүү дутуу юм яриад байхгүй, ер нь их сайн хүн. Бид ээж охин шиг л амьдардаг юм. Хүүхдүүд нь хааяа эргэж ирнэ л дээ. Гэхдээ ээжийгээ дэргэдээ авъя гэхгүй. Яагаад тэгдэг юм, бүү мэд. Өөрөө ч хамт байя гэхгүй. Ялангуяа ач зээтэйгээ бүр хүний хүн шиг хөндий ханддаг. Ер нь америкчууд их хүйтэн хүмүүс шүү дээ. Ач нь эмээгээ нэрээр нь дуудахаар эхэндээ би их гайхдаг байсан. Одоо ч эвгүй санагддаг юм. Г.Оюун-Эрдэнэ /28 настай/: - Азиуд европчуудыг шүүмжлэх их дуртай. Их хүйтэн хүмүүс, эцэг эх нь үр хүүхдээ харж үздэггүй, үр хүүхэд нь эцэг эхээ халамжилдаггүй гэдэг. Харин өөрсдийгөө сүрхий магтана, ээждээ элбэрэлтэй, аавдаа ачлалтай ч гэх шиг. Үнэн л дээ.
 
  Гэхдээ нэг том ялгаа бий. Тэд бие биеэсээ хөндий ч, тээр болдоггүй, бидэн шиг авах ёстой гэсэн аминч, дээрэлхүү бодолгүй. Харин бид эцэг эхээ өөрсдийнхөө төлөө амьдралаа золиосолж, гэрлэж бараалахад нь байдгаа өгөн, үр хүүхдийг нь өсгөж, тойлдвол л их уярч, эргэж харж үзэх ёстой гэж бодно. Хэрэв эцэг эх нь 18 нас хүрэв үү, үгүй юү европчууд шиг “За та нар одоо өөрсдөө учраа ол” гэж хэлвэл насан туршдаа үзэн ядах байлгүй. Тэгэхээр бид тэдний дэргэд их хүн муутай улс болж таарч байна. Заримдаа эцэг эхчүүд үүнийг нь мэдээд араа бодож амьдардаг шиг санагддаг юм. Яагаад гэвэл тэд өөрсдөө бас настангууддаа тэгж л хандаж байсан. Тэгэхээр гомдоод байх юу байхав.
 
  Ер нь хөгшрөхөөр хүн чинь наад зах нь хүргэн бэртэйгээ таарахгүй шүү дээ. Идэж уухаас өгсүүлээд амьдралын хэмнэл нэг байж чадахгүй. Хүн бүр ач гучаа хараад л жаргана гэж юу байхав. Настай хүнд бол бүр хэцүү. 70 хүрсэн хөгшинд хүүхэд даатгана гэдэг “Та үх ээ” гэсэнтэй яг адил. Тэгээд ч хийдгээ хийсэн хүн насныхаа эцэст ургуулсан тарианыхаа үр шимийг хүртэх ёстой биз дээ.
 
  Гадны эмээ өвөө нарыг хараад байхад цуглуулсан хэдэн төгрөгөө өөртөө зарцуулаад энд тэнд газар үзсэн шигээ явдаг юм билээ. Улс улсын онцлог байх л даа. Цуглуулсан хэдэн төгрөг ч байна. Үзээгүй юмаа үзнэ гэсэн төлөвлөгөөтэй. Харин ч бүр энэ насан дээр их идэвхтэй амьдарч эхэлдэг. Манайд бол өөр. Тэтгэвэртээ гарсан бол гэртээ сууна гэж ойлгодог. Энэ тухай ерөөсөө санадаггүй. Гадаад явах нь алба уу, яагаад хөдөө гадаа аялж болохгүй гэж. Монголд үзэсгэлэнтэй газар зөндөө л байдаг. Эсвэл бүр эртнээс төлөв­лөж байгаад жилдээ нэг сайхан газар үзчихдэг ч юм уу.
 
  Тэд залуудаа амжуулаагүйгээ амжуулах гээд юм юм сурна. Өмнө нь хүсдэг байсан боловч амжаагүй л байхгүй юү.
 
  Дуртай зүйлээ хийнэ. Хүүхдүүд нь ч ингэх ёстой юм шиг хүлээж авна. Бидэн шиг ач гучийг нь харуулна гэсэн ойлголт барагтай бол байхгүй.
 
  Харин манайхан тэтгэвэрт гараад л өөрийгөө гаргуунд нь хаячихдаг. Уг нь аль ч насан дээр өөрийгөө хөгжүүлж болно шүү дээ.
 
  Гэтэл манай хөгшчүүд их өрөвдөлтэй. Байгаа хөрөнгөө хүүхдүүддээ өгчихөөд эргээд хэн юу өгөх бол гээд гарыг нь хараад суудаг. Хүүхэд асраад, гэр гэртээ бүгээд, бие биетэйгээ ч уулзаж чадахаа байна. Манайд хөгшчүүдэд зориулсан наргиж цэн­гэх, сэтгэлээ хуваалцах газар ч алга. Европт хүн ам нь хөгширч байгаа болоод тэр үү, энэ тал дээр их анхаардаг шиг санагдсан. Халамжийн төвүүд тэнд их олон байдаг.
 
Хэдэн настай хүн хөгшин бэ?
 
  Өчигдөр нэг хөгийн юм сонсоод. Тавь л дөнгөж шүргэсэн байх, нэг танил ах байдаг юм. Гудамжинд зөрсөн нэг жаал түүнээс “Өвөө, цаг хэд болж байна” гэж асуухад нь бүр шоконд орж гэнэ. Уг нь ч энэ насан дээр манай эрчүүдийн ихэнх нь өвөө болчихсон байдаг л даа. Гэхдээ түүний хувьд ач зээгээ хараагүй, энэ тухай санаа ч үгүй явж байтал ингэж дуудахаар нь их цочиж. Тэгээд л түүнд ханиадам, бидэнд инээдэм болохгүй юү.
 
  Цагаа тулахаар эмээ, өвөө болох ч амархан байх шүү. Найз бүсгүй маань нөхөртэйгээ ярилцаад 37-ныхоо жил дээр ганц бандитай болъё гэж байтал 17 настай охин нь зээ авчраад тавьчихсан л юм. Охинтойгоо зэрэгцээд нялх амьтан тэврээд гүйгээд байх нь хаашаа юм. Тэгээд л тэдний хүүхэдтэй болох “сүүлчийн төлөвлөгөө” нурсан гэнэлээ. Гэхдээ найз бүсгүйд маань эмээ гэж дуудуулах их эвгүй байдаг бололтой. Ингэж хэлээд гүйгээд байхаар хүмүүс бүр гайхаж орхидог юм гэсэн.
 

 
  Уг нь харахад хэн ч эмээ гэхээргүй, их аятайхан бүсгүй л дээ. Жүжигчин Деми Мур шиг охидтойгоо зэрэгцээд л орчин үеийн моодноос хоцорно гэж үгүй. Гэхдээ хүн бүр түүнийг ингэж үнэлэхгүй. Ялангуяа зарим эрчүүдийн хувьд үеийн хүүхнүүд нь хөгшинд тооцогдоно. Манайхан өөрсдөө залуужаад, эмэгтэйчүүд хөгшрөөд байгаа шиг их бүдүүлэг зан гаргадаг юм. Бүр нийтлэг үзэгдэл болчихсон. Үгүй бүр, 22 настай бүсгүйг л “эмээ, эмээ” гээд байх юм билээ. 30, 40, 50-тай эмэгтэйчүүд тэдний хувьд хэн болж таарах юм, бүү мэд.
 
  Ингэхэд монголчууд бид ер нь хэдэн нас хүрсэн хүнийг хөгшин гэж үздэг юм бол.
 
  Ямар ч байсан бие биенээ “хөгшөөн” гэж дуудах их дуртай. Ингэж хэлэхээр нэг хэсэгт нь таалагдахгүй, харин зарим нь үүнийг дотно байгаагаа илэрхийлж буй хэрэг гэж хүлээж авна.
 
  Ямар ч байсан ажилд авах зар дээр доод тал нь 25 нас гэж заасан байдаг юм билээ. “Хүнийг хэдэн наснаас эхлэн хөгшин гэж үзэх вэ” гэж хүүхдүүдээс хэрэг болгон лавлавал ихэнх нь 30 гэнэ. Хамт ажилладаг охидоосоо асуутал 40-өөс дээш, арай ахмад нь 60 насан дээр тэтгэвэрт гардаг биз дээ гэж байна. “Хөгшин хүн” гэсэн комплексгүй бол хүн хөгшрөхгүй шүү дээ гэсэн санал ч орж ирсэн.
 
  ДЭМБ-ын тодорхойлсноор, 45-60 насныхныг хөгширч эхэлж байгаа, 60-75 насныхныг ахимаг, 75-90 насныхныг хөгшин, 90-100 насныхныг өндөр, 100-гаас дээш бол урт настай хүн гэж үздэг юм байна. Мөн Америкт өнгөрсөн жил 18-88 насны 28 мянган хүний дунд судалгаа хийжээ. Гэтэл нас ахих тусам “Амьдралдаа сэтгэл хангалуун байна” гэж хариулсан хүний тоо олон байсан гэнэ. Тэгээд залуу байх тусмаа хойшдын амьдралдаа сэтгэл зовинодог, харин ахмад байх тусмаа хий хоосон мөрөөдөх биш, амьдралыг бодитой хардаг, энэ хэрээр байгаа амьдралдаа сэтгэл ханадаг гэсэн дүгнэлтэд хүрчээ. Тэгэхээр хөгширнө гэдэг тийм ч муу зүйл биш аж.  
 
 Гэтэл бидний ойлголт өөр. Бие махбодийн хувьд бусдаас дутахгүй хэрнээ бидний сэтгэлгээ өөр. Ер нь сэтгэлээрээ хөгширчихдөг улс шиг. Лав л 10-20 жилээр зөрүүтэй бололтой юм. Хамаатны эгч маань Австрид очоод өөрийгөө залуу хүн юм байна гэж үнэлдэг болсон тухайгаа ярьж байсансан. Дэргэд нь өөрийнх нь үеийн хүмүүс залуу хүн шиг хөтлөлцөөд, гудамжинд үнсэлцээд, юм юм оролдоод, бид­нээс идэвхтэй амьдрдгийг хараад хэн ч гэсэн ингэж ойлгох биз. Тэгээд өөрийгөө толинд харна, бодно, өөр байхыг хүснэ, бүүдийсэн амьдралд нь гэрэл тусна даа.
 
  Харин манайхан “Хөгшин хүн ийм байх ёстой, тийм байх ёстой” гэсэн хэм хэмжээ тогтоочихно. Наад зах нь цэвэршилт эхлэхэд л амьдрал дууслаа гэж бодоод эхэлдэг. Энэ хэрээр зарим нь сексийн амьдралдаа цэг тавих нь бий.
 
  Бас энэ алдаатай бодлоо хүмүүст халдаадаг. Бусад нь “Би хөгшин хүн, чи ч мөн адил” гээд байхаар үнэмшихээс өөр яах билээ. Хүсээгүй байхад л хүчээр тулгана. Ялангуяа манайхан эмээ, өвөө болоход их эмзэглэнэ. Нэтээс уншиж байсан юм байна. нэг залуу ачтай болсноо дуулаад л нууц амрагаасаа холбоогоо таслалсан төдийгүй, намба суухаар шийдсэн тухайгаа бичсэн байсан. Буруу ч юм биш л дээ, зөвтгөх ч юм алга. Гэхдээ өмнө нь яагаад ийм алхам хийгээгүй юм.