Одон медаль гэж юу вэ? Одон медаль бол нийгмийн төлөө, нийтийн үйл хэрэгт сэтгэл зүрхээ харамгүй зориулсан хүмүүст төрөөс, бусад хүмүүсээс үзүүлж байгаа хүндэтгэл, үнэ цэнэ юм. Үүнийг манай академич Ж.Болдбаатар одон медаль нь төр эрхэмсэг оршихуйн бэлгэдлийн нэг илэрхийлэл юм хэмээн бичсэн нь бий. Мөн төр өөрийн үзэл суртлыг зөвтгөх гэж одон медалийг бий болгосон гэж үзэх нь бий.
 
     Товч түүх сөхөхүй. 1911 онд шинэ тулгар Монгол улс байгуулагдаж, төрийн анхны одон “Эрдэнийн очир” одонг бий болгожээ. Уг одонгийн тэргүүн зэргийн I зэрэглэлийн Чингис хааны одонгоор Оросын II Николай хааныг шагнажээ. Улмаар 1926 он хүртэл уг одонгоор шагнаж байгаад улмаар БНМАУ-ийн Цэргийн гавьяа, Бичгийн гавьяаны одонг бий болгожээ. 1940-1990 онд одонтой зэрэгцүүлэн медаль болон бусад алдар цолыг бий болгож социализмын үеийн шагналын нүсэр тогтолцоог бүрэлдүүлэв. Ингэж одон медалийг олноор нь бий болгох шалтгаан бол иргэдийг нийгмийн өмчийн төлөө хөдөлмөрлүүлж түүнийг нь урамшуулах хэрэгцээнээс үүсэл­тэй. Төрийн одон медалийн талаар 1990 оныг хүртэл тодорхой бүртгэл бий. Тухайлбал академич Ж.Болдбаатарын судалгаагаар 1940-1990 оны хооронд улс орны улс төр, нийгэм эдийн засаг, соёл, боловсролын салбарт гавьяа байгуулж, амжилт гаргасан сайчуулыг 7 одон, 19 төрлийн медалиар шагнаж ирсэн. Энэ хугацаанд БНМАУ-ын Ардын болон гавьяат 40 гаруй нэр төрлийн хүндэт цолыг 800 гаруй хүнд хүртээж, 1957 оноос БНМАУ-ын баатар цолыг бий болгож 1990 он гэхэд 301 хүнд олгожээ.
 
Социализмын өв. Социализмаас бид шагналын нүсэр тогтолцоог өвлөн авсан юм. Тэгээд үүнийг хүчингүй болгож өөрчлөх биш харин ч найрсгаар хүлээн авч албан тушаалтан дарга нар өөрсдийн эрх ашигт нийцүүлэн улам өргөжүүлж, хавтгайруулжээ. Одон медалийг хүртэл улс төржүүлж, нутгархжуулж, авлига­жуулсан нь гайхамшигтай үзэгдэл юм. Энэ хэрээр хуучин одон медалийн тогтолцооны нэр төрөл улам олширч замбараагүй болж нэр хүндээ алдав. Одон медалийн үнэ цэнийг өөрчлөх. АНУ, Англи, Япон, Франц зэрэг өндөр хөгжилтэй орнуудад төрөөс иргэдээ шагнадаг одон медалийн тогтолцоо бий. Гагцхүү юуны төлөө, ямар үнэ цэнийн төлөө түүнийг өгдөг гэдэг нь ихээхэн ялгаатай юм.
 
     Тухайлбал АНУ-д хамгийн их нэр хүндтэй Эрх чөлөөний одон, Конгрессын алтан медалиуд нь тухайн улсын өөрийн ардчилал, энх тайван, хүний эрх зэрэг үнэ цэнийг харуулдаг бол Английн Хатан хааны Рыцарийн одон, Эзэнт гүрний одон, Викториягийн одонгуудыг авсан хүмүүс нь шудрага ёс, консерватив, уламжлалыг илэрхийлдэг, харин Францын легионы одон эр зоригийнх гэх мэт.
 
     Харин монголд одон медалийг нийтийн өмчийн төлөө хөдөлмөрлөх социализмын үеийн агуулгыг бараг хуучнаар хадгалж байна. Шалгуур, төрөл хэмжээг өөрчлөх. Эдгээр орнуудад шагнал өгч байгаа гол шалгуур нь тэр хүн нийтийн үйл хэрэг, нийгмийн төлөө, бусдын төлөө юу хийсэн вэ? гэдэгт байдаг. Гэхдээ энэ нь социализмын үеийн нийтийн төлөө гэсэн зарчмаас тэс ондоо юм. Ерөнхий эл шалгуураас гадна дараах гурван төрлийн шагнал нийтлэг байдаг.
 
     Үүнд 1. цэргийн одон медаль 2. дипломат харилцаа 3. соёл шинжлэх ухааны нээлтийн гэсэн ерөнхий ангилал бий. Гэтэл манай улсад эсрэгээрээ бараг мэргэжил болгоныг “гавьяат” шагнал дагалддаг. Тэгэхээр хавт­гайрсан одон медалийг цөөлөх шаардлагатай байгаа юм. Ил тод болгох. Одон медаль олгох шалгаруулах үйл явцыг нээлттэй, ил тод болгох шаард­лагатай. Одон медалийг улстөр­жүүлдэг, хавтгайруулдаг, нутгархах хэрэгсэл болгодог нь шалгаруулах үйл явцтай холбоотой. Гадны туршлагаас харахад зарим төр­лийн одонд нэр дэвшүүлэх үйл явц нээлттэй. Тухайлбал Англид тухайн хүн өөрийгөө ч шагналд нэр дэвшүүлж болдог. Нөгөө талаа одон медалтай холбоотой мэдээлэл ил тод нээлттэй байдаг. Ихэнхдээ шалгаруулалт хийдэг тусгай ЗӨВЛӨЛ ажилладаг. Энэ зөвлөл нь ямар хүнд шагнал олгохыг шийддэг бөгөөд гишүүд нь хараат бусаар ажилладаг.
 

 
     Тухайлбал Японд ийм зөвлөл бий. АНУ-ийн төрийн дээд одон медалийг хэнд өгөхийг шийддэг Зөвлөл нь Ерөнхийлөгчөөс ч дутахгүй эрх мэдэлтэй байдаг. Хэрвээ Ерөнхийлөгч одон медалийг баталдаг боловч ямар хүнд одон өгөхийг өөрөө санал болгох эрхгүй, харин Ерөн­хийлөгчөөс хараат бус зөвлөл нь эл саналыг оруулдаг. Тийм учраас одон медалийг маш цөөхөн хүнд өгдөг бөгөөд энэ нь нэр хүндийг нь хадгалдаг ажээ.
 
     Одон медалийг мөнгө дагалдах нь зөв үү? Чухамдаа одон медалийг мөнгө дагалдах нь зөв үү гэсэн асуулт бий. Зарим орнуудад мөнгө дагалддаг байхад зарим улсад тухайлбал Япон улсад Засгийн газрын нэрэмжит ямар нэгэн одон медалийг дагалдаж мөнгөн шагнал өгдөггүй. Үүнийг үндсэн хуулиар хориглодог, учир нь одон нь өөрөө маш их үнэ цэнэтэй учир түүнийг мөнгөөр үнэлж болдоггүй гэж үзнэ. Эцэст нь өгүүлэхэд төрөөс иргэддээ хүндэтгэл үнэ цэнийн баталгаа болгож олгодог байсан төрийн одон медаль байх ёстой гагцхүү хөдөлмөрийн агуулгаар өгч байсан одон медалиас татгалзаж хүндэтгэлийн одон медалийг бий болгох асуудал нэгэнт тулгамд­жээ.