Мөнгөний ханш навс унаж, эдийн засгийн хямрал хорвоогоор нэг тэнүүчлэн, дээр дооргүй биднийг сандаргана.
Гарт баригдах дойлуур, юаны ханш газарт тултлаа буухад төр засгийнхан ч, түмэн олон ч сандралдах юм.
Ёстой л уналт бол бүсээ чангалах, хямрал бол өмдгүй үлдэхийн нэр гэсэн үг санаанд бууна. Өмдгүй үлдэхийг хэн ч хүсэх билээ дээ.
 
      Гэтэл монголд түүнээс аймшигтай "инфляци" явагдаж байна. Энэ бол боловсролын системд нүүрлэсэн "инфляци."Өнөөдөр Монголд, улсын болоод хувийн 180 гаруй их дээд сургуульд 130000 орчим оюутан суралцаж, жилдээ л гэхэд 25000 гаруй оюутан дээд боловсролын диплом өвөрлөн төгсөж байна. Одоогийн байдлаар их дээд сургуулиудын эрэлтийг ЕБС төгсөж байгаа хүүхдүүдийн тоо бүрэн хангаж чадахааргүй түвшинд хүрлээ!
 
     Их дээд сургууль төгсөгчдийн энэ их нийлүүлэлт хөдөлмөрийн зах зээл дээр үнэгүйдэж, олж авсан гэх мэдлэг боловсрол нь өнөө үеийн амьдралын шаардлагыг хангаж чадахгүй байна. Энэ бол боловсролын бодлого ямаршуухан хэрэгжиж байгаагийн нүүр царай.
Банк санхүүгийн хямрал ид яригдаж байгаа энэ үед хавтасны сэдвээрээ боловсролын инфляцийн тухай өгүүлэхээр зорьлоо.
 

 
Жинлүүрийн туухай буюу ажлын амт
 
Н.Цэрэндаш /өндөр настан/: - Эхнэр бид хоёр сумандаа ногооны жаахан газартай л даа. Ногоо тарина гэдэг тийм амар бүтчих ажил биш. Хүн хүч дутаад гар мудардах үе бишгүй. Сумын төвийн ажилгүй залууст хэдэн цаас өгөөд ажиллуулъя гэхээр олигтойхон ажиллачих хүн олдохгүй. Ганц хоёр хоног үзэгдээд л өдрийнхөө хөлсөө аваад арилж өгнө. Хөлсний хүн авахаар сэтгэл гаргаад ажиллахаасаа илүү нүд хариулах гээд байдаг талтай. Сумын төвийнхөн ч ажил хийхээсээ илүү бэлэн юманд л их дуртай болчихсон залхуу улс дөө.
 
     Тусламжийн байгууллагаас бэлэн гурил будаа нормоор аваад бараг л заншчихсан гэж болно. Сүүлийн жилүүдэд сумынхан Сүжигт уул руу зүтгэцгээх боллоо. Тэнд алтны судал элбэгтэй гэж дуулдсан. Газар тариалан эрхлэнэ гэдэг жил тойрч байж сая ажлынхаа үр дүнг амсдаг хойно. Зунжин халуун наранд шарагдаж, зэрлэг зулгааж суух хүсэлтэй хүн хэн байхав. Хамаг юмаа хаяад ууланд очиж жаал шороо малтвал жаахан алт олчихож магадгүй бололтой юм дагуу. Хамгийн хурдан мөнгө олох дөт зам руу хүмүүс тэмүүлцгээж байна.
 

 
Алттай уулын зүг тэмүүлэх цуваа хөвөрсөөр...
 
     Ядсан нэг нь гараараа, чадалтай хэсэг нь гадаадаас техник авчраад л сэндийчихэд бөөн бөөн дойлуур цутгаад ирнэ. Өнөөдрийн манай тэргүүн баячууд ямар бизнес эрхэлж байгаа билээ дээ. Тэдний ихэнх нь л алтны томоохон уурхайн эзэд. Овсгоотой нэг нь шороо ухаж, зоволгүйхэн ченж хийж, нэгээс нөгөөд дамжуулахдаа дундаас нь мөнгө унагаж хөөрхөн ашиг олчихно. Зах зээл анхнаасаа л ийм замаар эхэлсэн. Тохиролцооны хэмээх дэлгүүрийг хохиролцооны дэлгүүр гэж шоглон нэрлэдэг байж. Зах зээл ингэж эхлэх нь зөв байсан гэж үү. Бүтээлч хөдөлмөрийн үеэс бид ухарсан уу, урагшилсан уу? Хөлсөө гоожуулж хөдөлмөрлөхгүйгээр бушуухан л ахиухан мөнгөтэй болчихын хүслэн биднийг боомилжээ.
 
     Хөдөлмөрийн жинхэнэ үнэ цэнэ алдагдахад юу нөлөөлөөд байна.
Насаараа багшлаад гундуухан яваа нэг нь байх. Гар дээрээ мөнгөгүй, бас боловсрол, мэргэжилгүй учраас нэг хэсэг нь амьдралд барьц алдаад байна. Сонгуулиас сонгуульд амладаг алдарт сая төгрөгүүд, хүүхдийн мөнгө, шинэ гэр бүлийн мөнгө, ажилгүйдлийн тэтгэмж, дээрээс нь хандивын гурил будаа, хувцас хунар, гээд л халамжийн уралдаан зарласан аятай байхад өнөө маргаашаа аргацаах хүсэлтэй залхуучуудад ажил хийх тухай, за бүр сайн ажиллах тухай ярих ч хэрэггүй биз ээ. Энэ бүхэн санхүүгийн хямрал нүүрлэхэд нөлөөлсөн ч байж болох юм
 
Эзэн - ба дүн
 
Л.Ариунаа /компаний захирал/: - Сургууль төгсөөд ирсэн залуусын ихэнх нь ажлын чадваргүй байх юм.  Би хэн нэгнийг ажилд авахдаа дипломыг нь чухалчилдаггүй. "Ажилд авна" гэсэн зараар ажилд орж л байдаг. Гарч л байдаг. Одоо ч бүр хэвийн үзэгдэл болчихоод байна. Ингэхээр ажил ч урагшлахгүй хэцүү юм. Цалин буусны маргааш нь бол зарим нь бүр ирэхгүй шүү. Анкетаа ч аятайхан бөглөөд, ирдэг хүн ховор. Тэгсэн мөртлөө цалингаа голно, намайг үнэлсэнгүй гээд л гомдол гаргана. Ажилд сэтгэлээсээ хандахгүй, аргацаагаад л, аль болох зүгээр сууж байгаад ахиухан мөнгө авахыг бодоцгооно. Үнэхээр чадалтай өөрийгөө харуулж чадах юм бол цалинг нь хүссэнээр нь өгөх боломж ч бий л дээ. Харамсалтай нь тийм хүн алга. Хэзээ нэгэн цагт хаана ч юм ажилд орох, эсвэл карьер ахихад хэрэг болно хэмээн энд тэндхийн сургуулийн дипломын цуглуулга хийгчид бишгүй л байдаг.
 
     Сонгуулийн үеэр нэр дэвшигчдийн намтрыг харж байхнээ хэдийд нь амжуулаад ингэж олон сургуульд сураад төгсчихдөг байна аа гэж атаархмаар. Дөрвөн жилд бараг нэгэн зэрэг гурав дөрвөн сургууль төгсөгчид олширч. Харин хэр чанартай боловсрол эзэмшсэн бол гэсэн эргэлзэл төрөөд байх юм. Товчилж сурдаг моод ч гарсан бололтой. Мөнөөх д диплом  л өөрт нь дурсгал болж үлдэх байх даа. Толгойгоо зовоож, цагаа үрж байхаар тэр дипломоо мөнгөөр цохиод л авчихвал барав биш үү хэмээн бардамхан өгүүлэх нэгэнтэй ч таарлаа. Дөрвөн жил үйлээ үзэж, үстэй толгойгоо зулгаан, үүрэглэн суух ч хэрэг алга болж.
 

 
Ц.Няндаг /Сурган хүмүүжүүлэх ухааны доктор/: - Манай боловсролын зорилго алдагдчихаад байна. Системийн хандлага нь бүх хүн эрдэмтэн болох гэж байгаа юм шиг л. Ямар шинжлэх ухаан заадагаа дипломоор үнэлчихдэг болохоос ямар хүн төлөвшүүлснээ бичдэггүй. Хүний ажилд хандах хандлага, тухайн хүний зан чанарын талаарх мэдээлэл гэрчилгээн дээр тавигддаггүй. Бодит чанарын үзүүлэлт дипломон дээр байдаггүй л гэсэн үг. Уг нь ажил олгогчид ажил  горилогчийн эрүүл мэнд, төлөвшил, чадварыг л чухалчилдаг биз дээ.
 
     Гэтэл ямар дүнтэй төгсч вэ гэдгийг л харахаас, ямар сэтгэлтэй, ямар хүмүужил төлөвшилтэй боловсон хүчин төгсгөж илгээж байгаагаа сургууль ч, төгсөгч ч төдий л ойшоодоггүй.
Бусад оронд дипломтой нь цуг зан чанарын тодорхойлолт бүр багаас нь хамт дагалддаг. Японд ажилтан авахдаа дипломын дүнг чухалчилахаа больё гэсэн уриа ажил олгогчдын дунд бий болчихсон юм билээ. Жил бүр сургууль төгсөгчдийн хоёрны нэг нь ажилгүйчүүдийн эгнээнд шилжиж байна. Хатуухан хэлбэл брак /гологдол/ бүтээгдэхүүн үйлдвэрлэгдсэн гэсэн үг.
 
     Үнэндээ хэн нэгэнд үзүүлэх үсэг тоо нийлсэн дүнгийн хавтгай бүхий хавтсыг л чухалчилж эрхэм болгосоор өдий хүрчээ. Том, жижиг, алтан мөнгөн үсгээр бичсэн, сийлсэн хавтсаараа гайхуулж болох ч, үнэн төрх нь ажил дээр л илэрдэг.
Тиймдээ ч ажил олгогчид диплом гэхээсээ уг хүнийг нь харах нь дээр гэж үзэж байна. Уг хүнийг нь тодорхойлох үзүүлэлт ямар ч диплом бичиг баримтнаас нь олж харж чадахгүй. Хулгайч уу, нямбай юу гэдгийг нь мэдэх аргагүй. Дипломын үнэ цэнэ унаж, дээд боловсролын инфляци нүүрлээд байна. Манайд 180 гаруй их дээд, 50 гаруй тусгай мэргэжил олгох сургууль байна. 12 мянган хүн тутамд нэг сургууль оногддог гэсэн үг. Харин Германд бол 210 мянган хүн тутамд нэг сургууль оногдож байна. Тэгэхээр боловсрол олгох боломжоороо манайх бусдаас хол тасархай юм шиг. Харин сургалтын чанар, сурч байгаа оюутан нь хэр мэрийлттэй вэ гэдгээс ирээдүйн мэргэжилтний хувь заяа тодорно гэсэн үг.
 
Боловсролын зорилго бол мэдлэг биш
 
     Дээд боловсролын үнэ цэнэ алдагдаж байгаа нь суурь боловсролтой шууд холбоотой. Нийтлэлээ бэлтгэж явахдаа суурь боловсрол олгох сургалтын бодит байдлыг багш нарын цуглаан дээрх ярианаас илүү мэдэрсэн юм.
 
Геро/герман хэлний багш/: - Баваарт сургалтын тусгай хууль үйлчилдэг. Төрийн ч бай, хувийн нь бай бүх сургуульд ижил программтай байх ёстой гэж. Монголд сургалтын программын ялгаа их тод ажиглагддаг. Зарим сургуульд гадаад хэл, нөгеөд нь математик голлодог. Гэтэл хоёр еөр сургалттай сургуульд суралцаж байгаа сурагчдыг нэг ижил шалгуураар шалгана гэдэг өрөөсгөл. Шилжигсэдийн хувьд энэ нь бүр ч хүнд тусдаг. Мэдээж илүү гүнзгийрүүлж судлах эсэх нь нээлттэй л дээ. Хүмүүжлийн ажил нь орхигдчихоод байгаа нь их тод ажиглагдаж байна.
 
С.Сүрэн: - Насны онцлогт нь тохироогүй сургалт явагддагаас хүүхдүүд ачааллаа дийлэхээ болилоо. Гэртээ ирээд даалгавраа хийх гэж суусаар ядаргаанд орж байна. Хичээлийг хэт олон задалчих юм. Идэвхтэй хүүхдүүд нь ачааллаа даахаа болж, идэвхгүй нь бүр хийхээ больсон.
Сургалтын хөтөлбөр ч тогтворгүй. Жил бүр л өөрчлөгдөж байдаг. Бага ангид 13 хичээл ордог гэхээр тэднийг хэтэрхий их ачаалалаар дарж байгаа нь мэдрэгддэг. Гэсэн хэдий ч зарим хичээлийн агуулга хоорондоо нэлээд төстэй. Уялдаа байхгүй.
Уг нь нэгдүгээр ангид хамгийн гол хичээл Унших. Уншиж, бичиж сурах гэж бөөн юм болдог доо. Нэрээ бичиж сураагүй шахуу байхад нь дахиад монгол бичиг заагаад эхлэх хэрэгтэй болчихдог. Ингэж л манай хөтөлбөр хүүхдүүдээр тоглоод байна. Бага ангийн багш нарын нэр хүнд их доогуур байна. Дээд сургуулийн багш нарыг өргөмжилдөг хэрнээ адилхан л сургууль төгссөн багын багш нарыг доогуур зиндаанд үнэлдэг үнэлэмж ажиглагддаг нь нууц биш. Гэтэл бусад оронд бүх л сургуульд багшилдаг багш нар адил сургууль төгсдөг. Бага ангийн багшийг харин ч илүү сайн багш нараараа багшлуулдаг гэсэн.
 
     Хүн болж төлөвшихөд бага сургууль ихээхэн үүрэгтэй. Нийгэмшүүлэх, ёс суртахуун, хүмүүжил, харилцааны суурь чадварыг цэцэрлэг, бага сургуульд л тавьж өгдөг. Дунд ангид ийм суурьтай хүүхдүүд мэдлэгт голлон анхаардаг. Ахлах ангидаа мэргэжлийн чиг баримжаа олж авна.
Хавтасны сэдвээ бэлтгэж байхад дунд сургуулийн сургалтын чанар социализмын үеэсээ ч бараг ухарсан юм шиг санагдсан. Дүгнэж хэлбэл 90 оноос хойш боловсролын системд ямар ч өөрчлөлт гарсангүй.
 

 
Боловсролын инфляци
 
Цэцгээ багш: - Багш нарын ажлын ачаалал их. Нэг багш 10-15 хүүхэдтэй ажиллах нормтой баймаар. Гэтэл нэг ангид 30-50 хүүхэд шахцалдаад сууж байна. Багшийн ачааллыг багасгаж, анги бүлгийг нэмэх хэрэгтэй. 50 хүүхдийн даалгавар шалгаж, нэг бүрчлэн тулж ажиллаж амждаггүй. Дээрээс нь бичиг цаасны ажилд дарагдчихдаг. Өөрийгөө боловсруулах цаг бараг гарахгүй. Багш өөрөө мэдлэг сайтай байж илүү заана. Боловсроогүй хүн бусдад яаж заах вэ. Багш нарын проблемыг яам мэддэг ч тэр бүр бодит ажил болгохгүй байна. Багш нарын мэргэжил дээшлүүлэх бодлогыг яам барьдаг. Ямар чиглэлээр мэргэжил дээшлүүлэх вэ гэдэг эрх нь багш нарт байдаггүй. Асуудлыг шууд дээрээс шийдчихдэг.
 
Оюунаа /бага ангийн багш/: Багш нарын нийгмийн асуудал хүнд хэвээрээ л байна. Авдаг цалин хүрэлцэхгүй юм чинь дөрвөн цагийн хичээлээ бушуухан заагаад л гэрлүүгээ яардаг. Хүүхэдтэй ажиллах хүсэл үнэндээ тийм ч их биш. Бүтэн өдөржин хүний хүүхдүүдтэй зууралдаж өнжихөд гэртээ хүүхдүүд минь өлсөөд л хүлээж байгаа шүү дээ.
 
Туяа багш: - Сургууль дээр багш нарын эв нэгдэл гэж алга. Багш нар захирлыг дэмждэг, дэмждэггүй гэсэн хоёр тал болчихдог. Талцаад л хов жив зөөлцеөд гүйгээд байдаг. Захирлын үзэмжээр бүх зүйлийг шийдэж байна. Ялангуяа цалингын асуудлыг. Төрийн байгууллагын ажилтны цалингын асуудлыг захирал шийдэх эрхгүй л баймаар. Социалист аж төрөх ёс гэсэн уг танд танил сонсогдож байна уу ? Хүмүүс яаж ажиллаж, амьдрах тухай үзэл бодлыг тусгасан ёс суртахууны хэм хэмжээг илэрхийлдэг байж. Нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгийн төлөө гэсэн үг амьдралын уриа болдог байв.
 
     Гэтэл хувийн өмч дээр суурилсан нийгмийн харилцаанд шилжиж ороод  20 жил нэгэнт өнгөрчихөөд байхад зах зээлийн харилцаат нийгэмд өнөөдөр хот хөдөөгийн дунд сургуулиудын бага ангид хувь хүний авъяас чадварыг хөгжүүлэх талаар хичээлийнхээ агуулгад тусгаж чадахгүй л байна. Энэ нийгэмд баян ядуугийн ялгаа эрс мэдрэгддэг болсныг яаж зөв тайлбарлаж өгөх вэ.
 
Нийгэмд зөв амьдрах арга замыг яаж заах вэ?
 
     Мэдлэг бол боловсролын гол зорилго биш, харин түүнд хүрэх арга зам юм гэсэн тодорхойлолт бий. Хүүхдүүд боловсролтой болох арга замд л суралцаж байгаа болохоос өмнөө тавьсан зорилго алга. Сургууль төгсөгчид хүнийхээ хувьд яаж төлөвшиж, ямар чадвар эзэмшсэн байх нь чухал биш.
 
Уг нь эхлээд хүн болж төлөвших, дараа нь сурах тухай асуудлыг хөндөх нь зөв болов уу. Өнеөдөр манайд маш олон мастер төлөвлөгөө цогц бодлого зохиогдож 2020 он хүртэл төлөвлөгдсөн баримт бичиг ч бий. Гэвч эдгээрт дээрх санаанууд бодит ажил болох эсэх нь тусгагдсангүй.
 
Боловсрол тойрсон асуудлууд хөндөгдөж яригдахгүй байна. Өнөөгийн боловсролын хямралыг харсаар байж чимээгүй л сууцгаасаар.
Хуримтлагдаж, хоцрогдож байгаа асуудлыг энэ салбарт ажиллаж байгаа хүмүүс өөрсдөө зоригтойгоор ярьж хэлэлцэхгүй байгаад байна уу гэж санагдах юм. Тэд байдлыг мэдсээр байж чимээгүй байгаа нь боловсролын системийн бүтэц өөрөө хөгжлийн алхаатай нийлэхгүй байна. Хуучин захиргаадалтын үеийн бүтэц хэвээр оршсоор байгаад л учир нь байна. Боловсролын анхан шатны байгууллагуудаас өөрчлөлт хөгжлийг хийх боломж байдаггүй. Тэдэнд тийм эрх ч байхгүй. Дээд байгууллагын шийдвэрийг л хүлээж суудаг тийм тогтолцоо хэвээрээ. Багш, эцэг эхчүүдийн бодол санааг анхаарч үзэхийн оронд бүхнийг дээрээс удирдан жолоодох нөгөө л социализмын үеийн бүтцээсээ гарч чадахгүй байсаар.
Энэ бол нэг сургууль нэг яамны л ярих асуудал биш юм. 20 жилийн турш төрийн эрхийг ээлжлэн барьж ирсэн намуудын хийсэн ажлыг тов тодорхой харуулах бодит жишээ баримт гэхэд буруудахгүй байх.
Улсын төсвийн зардлын нэлээд хувийг боловсролд зарцуулдаг. Зарцуулалтын бараг ерээд хувь нь дулаан цахилгаан, засвар, үдийн цай, хоолонд зарцуулагддаг. Боловсролын сайдыг аж ахуйн хуваарилапт хийдэг дарга гзлтэй. Гадны хандив хөрөнгө оруулалт ч энэ мэтд л урсдаг. Улсын зардлаар эрх мэдэлтнүүдийн үр садыг гадаад дотоодод сурах нэрээр жилдээ л гэхэд бараг арваад тэрбумыг тавиад туучихдаг. Гэсэн хэдий ч зарцуулалт эргэн төлөлтийг нь хариуцах эзэн олддоггүй юм билээ. Ийм байдалтай боловсролын яам хэр удаан зууралдах вэ ?
 
"Эрхтэй байна" гэдэг нэг хэрэг...
 
     Монголын боловсролтой холбоотой зарим асуудалд ХБНГУ-ын "Гёте" хүрээлэнгийн Бээжин дэхь Суурин төлөөлөгчийн газрын ажилтан, доктор Айке Чаке:
 
     - Миний бие ХБНГУ-ын Гадаад дахь герман сургуулиудын хэрэг эрхлэх газрын төлөөлөгчөөр Монголд ажиллаж, герман хэл үздэг дунд сургуулийн сурагчдад хичээл заан нэлээд хэдэн жилийн нүүр үзсэн юм. Монголын боловсролын байгууллагын ажилтнууд, багш нар, сурагчид, тэдний эцэг эх гээд олон хүнтэй нүүр тулан уулзаж, заримтай нь цуг ажиллаж явлаа. Тийм учраас өөрийгөө Монгол улсын боловсролын өнөөгийн байдлыг ямар нэг хэмжээгээр гадарладаг, энэ талаар хэлэх юмтай болсон хүн гэж боддог.
Аливаа улс орны хөгжил боловсролоос эхтэй. Улам бүр эрчээ авсаар буй даяаршлын эринд ямар ч орон өрсөлдөх чадвартай байж, ирээдүйн шаардлагад хариу өгч чадах эсэх, өндөр хөгжилтэй орнуудтай эн зэрэгцэн алхах уу, ард нь хоцрох уу, эсвэл бүр хойш сугаран үлдэх үү гэдэг асуудлыг гагцхүү боловсрол шийднэ.
Хүүхдэд боловсролын суурийг багаас нь зөв тавих ёстой юм. "Хүн болох багаасаа" гэж монголчууд ярьдаг даа. Хүний эрхийн түгээмэл тунхаглалд "хүүхэд бүр сургуульд сурах эрхтэй" тухай заалт бий. Гэвч "эрхтэй байна" гэдэг нэг хэрэг, түүнийг хэрхэн хэрэгжүүлж буй нь асуудлын нөгөө тал билээ. Боловсрол үнэ төлбөргүй байвал зохино. Энэ нь юуны өмнө ерөнхий эрдмийн сургуульд сурах, суурь боловсролтой болоход хамаарах юм.
 
     Гэтэл Монголд өндөр төлбөртэй хувийн сургуулийн тоо жил ирэх тусам нэмэгдсээр байна. Үүнээс болж улсын сургууль чанаргүй, хувийн сургууль чанартай гэдэг ойлголт буй болж, төлбөрийн чадвартай эцэг эхчүүд хүүхдээ хувийн сургуульд, чадваргүй нь улсын сургуульд өгөх хандлага бий болж байгаа нь яавч сайшаах үзэгдэл биш. Сургуульд сурах нь бүх нийтийн заавал биелүүлэх үүрэг байх учиртай. Харин ерөнхий эрдмийн сургалтыг төлбөртэй болгоод эхэлбэл энэ үүргээ ялангуяа Монгол шиг шинэ тутам хөгжиж буй оронд хэр олон хүүхэд биелүүлж чадах вэ?
 
     Шат шатны мэргэжлийн сургалт хүн бүхэнд нээлттэй, харин их, дээд сургуулиуд нээлттэй байхын сацуу тухайн хүний авьяас чадварыг харгапзах хэрэгтэй. Өдгөө дэлхий даяар 77 сая хүүхэд сургуульд орж чадахгүй байгаагийн дийлэнх нь хөгжиж буй орнуудынх гэсэн тооцоо бий. Тэдгээрийн тэн хагасаас илүү нь охид байдаг аж. Мөн ийм орнуудын сургуульд орсон хүүхдүүдийн гуравны нэг нь төгсч чадалгүй завсарддаг гэнэ. Нийгмийн дорой буурай хэсгийн, ялангуяа хотын ядуу хорооллын болон хөдөөгийн, мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн хувьд байдал бүр ч хүнд. Ажил хөдөлмөр эрхлэх, юуны өмнө ажилгүйдлийг багасгах явдал аль ч улсын хөгжил хийгээд ирээдүйд чухал үүрэгтэй нь дамжиггүй. Мөнөөх Хүний эрхийн түгээмэл тунхаглалд хүн бүр "хөдөлмөрлөх, ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, ажилгүйдлээс хамгаалуулах" эрхтэйн дээр "... эдийн засаг, нийгэм, соёлын үр шимийг хүртэх боломжийг аливаа улс орон дотоодын арга хэмжээгээрээ хангах тухай заасан байдаг. Ингэхээр иргэддээ сайн боловсрол олгож, хөдөлмөрийн таатай нөхцлөөр хангах  үүргийг төр яах аргагүй өөртөө хүлээх болж байна.
 
     Гэтэл Монгол улсын боловсролын бодлого туйлын замбараагүй явж байгаа нь ажиглагддаг. Боловсролын яам гэж байх авч тэнд үнэндээ боловсролынхоо асуудлыг мэддэг, цэгцтэй бодлого явуулах чадалтай хүн ховор. Ер нь Монголд сайд дарга нарын юм уу, хөрөнгө чинээтэй айлын хүүхдүүд юм сурсан, сураагүй сургуулиа онц" дүнтэй төгсч, мөн тийм байдлаар их, дээд сургуулийг "онцсайн" дүүргээд яам тамгын газарт "ногоон гэрлээр" очдог юм билээ. Ийм хүмүүс боловсролын талаар ямар "бодлого" явуулах нь ойлгомжтой.
 
     Ерөөс хөгжиж буй орнуудын өмнө тулгардаг нэг асуудал төр засаг нь боловсролын асуудлыг шийдвэрлэхдээ ихээхэн хойрго ханддагт оршино. Тэдгээр орны эрх баригчид улс орныхоо эдийн засгийн нөөцийг давын өмнө эрх мэдлээ хадгалан үлдэх, өөрсдийн халаасыг зузаалахад чиглүүлэхийг л боддог байна. Энэ нь үндсэндээ боловсрол олж авах, ажил албатай бопох нь эрх дархтай цөөн хүмүүсийн хэрэг болж, хүн амын бусад хэсэг харанхуй бүдүүлэг хэвээр үлдэхэд хүргэдэг.
Монголын сургуулийн нэлээд нь "математик, гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай" хэмээх тодотголтой. Too, гадаад хэлний мэдлэгтэй болгох нь сайн хэрэг боловч боловсрол ганцхан үүнд чиглэх ёстой гэж үү?
Монгол улс социализмын үед богино хугацаанд "аж үйлдвэрийн орон" болох зорилт тавьж, инженер-техникийн ажилтнуудыг олноор бэлтгэх шаардлага гарснаас математикийн боловсролд түлхүү анхаарах хэрэгтэй болсон юм болов уу даа.
Гадаад хэл сурах нь өнөө үеийн шаардлага юм биз. Гэхдээ л хүүхдийг хар багаас нь өөрт нь ахадсан ачаа үүрүүлж, "математикийн томъёо заавал ойлго", "аль болох олон гадаад үг цээжил" хэмээн шахах нь өөр аль ч орны боловсролын тогтолцооцд байдаггүй зүйл. Сургууль бүр математикийн олимпиадад амжилт үзүүлдэг хэдэн сайн тоочин хүүхэдтэй болох эрмэлзэлтэй, тэр нь мөнхүү сургуулийн ажлын гол үзүүлэлт болж байх юм.
     Үүнийхээ оронд Монгол улс бага боловсролдоо маш сайн анхаарч, суурь боловсролыг тун зөв олгох хэрэгтэй мэт. Үүнд хүүхдийг сургуульд  ормогц гадаад хэлээр "бөмбөгдөх " биш, харин эх монгол хэлээ сайтар сургах нь зүйтэй. Эх хэлээ сайн эзэмшсэн хүн хожим гадаад хэлийг жинхэнэ ёсоор нь сурах болно.
Түүнээс гадна хөгжим, урлагийн, цаашилбал ахуйн болон харилцааны соёлын сургалтад түлхүү анхаарваас зохилтой.
Монголд болохоор дуу хөгжим, зураг, хөдөлмөр, биеийн тамирын хичээлүүдийг бүр ил тодоор "хоёрдугаар зэргийн" хэмээн тодорхойлчихоод, өнөө математик, гадаад хэлээ "тахин шүтдэг".
 
     Гэтэл тоо бодлого биш чухамхүү энэ "хоёрдугаар зэргийн хичээлүүд" чинь л хүнийг соёлтой, зөв хүн болгодог юм шүү дээ. Хөгжиж буй олон оронд боловсролын чанар муу байна. Зургаан жил сургуулиар явсны эцэст сурагчдын зарим нь  уншиж, бичиж чадахгүй, дөрвөн аргын тоогоо ч бараг сураагүй байдаг гэх. Нэн ялангуяа Сахарын цөлөөс урагших орны хүүхдүүдийн 20 хүртэлх хувь нь хичээлийн чанар муугаас зохих ёсны боловсрол олж чаддаггүй аж. Үүнээсээ болж тэдгээр оронд сургууль завсардах явдал их. Мөн боловсролын тогтолцоо сул, сургуульд орох боломж хомс байдгийн улмаас 15-24 насны хүүхэд залуусын 15 хувь нь бичиг үсэг үл мэднэ. Ер нь нийт бичиг үсэггүйчүүдийн 98 хувь нь хөгжиж буй орнуудад амьдарч буйг судалгаа харуулдаг.
 
     Энэхүү байдал нь дээрх орнуудыг сайн бэлтгэгдсэн мэргэжилтэй боловсон хүчний ноцтой хомсдолд оруулжээ. Олон оронд мэргэжлийн сургалтын тогтолцоо дөнгөж эхлэлийн байдалтай байна.
Гэтэл чанартай сайн мэргэжилтэнгүйгээр улс орны эдийн засгийг урагш хөгжүүлэх боломжгүй билээ. Харин ахмад, дунд үе нь харьцангуй боловсрол сайтай Монгол улс заавал ийм замаар орох ёсгүй гэж бодогдох юм.
Хөгжил дэвшилд хүрье гэвэл сайн боловсролтой, сайтар бэлтгэгдсэн хүмүүс улс орны зөвхөн дээд удирдлагад бус, бүхий л салбарт хэрэг болно.
Боловсрол бол түүхий эдээр баялаг ч бай, ядуу ч бай тухайн орны үнэт нөөц бөгөөд ажилгүйдэлтэй тэмцэх зэвсэг, бас амжилтанд хүрэх түлхүүр гэдгийг монголчууд маань ямагт санаж яваасай!