Эрийн муу цагдаа, Эмийн муу кондуктор гэдэг зүйр үг гарчээ. Энэ мэтээр зүйр цэцэн үгс маань гандаж, зүймэл олон багнууд хууларсаар л… Та бүхэнд төрийн гэх тодотголтой цагдаа нарын талаарх “хов” хүргэх гэсэн юм. Цагдаа нарын тухай муу үг, ишлэл, ёжлол маш олноороо чих сэт дайран өнгөрөх нь өөрийн эрхгүй гарыг минь үзэг цаас бариулчихав. Тэдний ажлыг хүндэтгэх нь битгий хэл хүний муугаар хэлэх нь олширчээ. Хахуул авдаг, иддэг уудаг гээд л олон цуурхал байдаг. Цагдаа нар маань өөрсдөө ч үүнийг сайн мэдэж байгаа. Би “өөдгүй цагдаа” гэж яг хэнийг хэлээд байгаа талаар бодсоор мухардалд орчихлоо. Өөдгүй цагдаа гэж хэнийг хэлээд байна аа? Найраанд ордоггүй шударга цагдааг уу? Эсвэл авлига аваад чимээгүйхэн суудаг цагдааг уу? Үнэхээр л энэ асуулт их төвөгтэй.
 
     Үнэндээ цагдаа нарын увайгүй үйлдэл нь нийгмийн тогтолцооны буруу. Гэхдээ надад гурван хувилбар байна. Эхний хувилбар нь энхийг сахиулах үүрэгтэй, төрийн албан хаагчдын маань цалин хэтэрхий бага гэсэн ярианаас үүдэлтэй. Үүнийг нь ойлгодог зарим нь амьдрал ахуйд нь нэмэрлэх нэрийдлээр хэдэн бор юм атгуулаад өөрсдийн асуудлаа хялбархан шийдчихдэг байх. Цуу сонсоход төрийн цагдаа нарыг маань хэдэн томчууд нь атгачихдаг гэнэ лээ. Тэгээд л дургүй хүргэсэн нэг рүү нь цагдаа нараа нохой мэт тавьдаг. Сонирхолтой л юм. Гэхдээ авлига авдаг цагдаа нар ихэвчлэн мундаг цолтой, өндөр суудалтай хүмүүс байдаг байх. Би лав энгийн нэг ядуухан цагдаад авлига өгсөнөөс эрх мэдэлтэйг нь сонгох байсан. Авлига авдаггүй цагдаа байж болох юм. Нэг бол замын цагдаа, эсвэл эрүүлжүүлэхэд ажилтай цагдаа. Нэг нь нуугдаж зогсож байгаад дүрэм зөрчсөн жолоочийг торгодог. Өдөрт хичнээн жолооч, хэд хэдэн төгрөгөөр торгуулж байгааг илтгэх хуудас, баримт байхгүй учир энэ тэдний цэвэр орлого болдог билээ. Харин авлига авдаггүй, дээрээс нь согтуучуултай зууралддаггүй, машин зогсоож элдэв дарамт үзүүлж, торгодоггүй “шударга” цагдаа одоогийн Монголд байвал ямар дүр төрхтэй нэгэн байх бол гэдгийг бодолцож үзэх л хэрэгтэй.
 
     Миний дүрслэлээр бол: эхнэр, хүүхэдгүй, бага иддэг, ихэнх цагаа ажил дээрээ өнгөрөөдөг учраас байрны мөнгө төлдөггүй, өдрийн хоолондоо хуушуур, буузхан иддэг, гар хөл нь хуурайшсан, гутаранги үзэлтэй нөхөр байна байх гэж бодоод байгаа. Юуных нь Эрийн хиймор, цог золбоог бадруулсан Эрхэт төрийн, сүлдэт цагдаа вэ? Би л хувьдаа дүрэмт хувцастай болгон цагдаа биш гэж боддог болоод байгаа. Гадуур цагдаа хувцас өмссөн хулгайч, дээрэмчид их явдаг болсон байна лээ. Халамцуу яваа хүмүүсийг зогсоож шалгах нэрээр утас, түрийвч сэлтийг нь сэм “сэгсэрчихнэ”. Энэ нь нөгөө л согтуу хүнийг хүний дайтай үзэхгүй цагдаа нарын муу үлгэр дууриал. Юуных нь Эрийн хиймор, цог золбоог бадруулсан Эрхэт төрийн, сүлдэт цагдаа, билээ. Тасарч унаад гудманд хэвтэж буй нэгнийг авч явааг нь хараад байгаарай. Хүүхдээ цэцэрлэг рүү нь хүргэж яваа хойд эх шиг аашлахыг нь яана.
 
     Арай ч олон түмний нүдэн дээр нүцгэлчихгүй байгаад нь талархвал зохилтой. Хэн нэг цагдаа чамайг шалгаж, нэгжихийг оролдож болзошгүй тул хэдэн зүйлийг санаж явахад илүүдэхгүй. Цагдаа төрийн нэр барьж, хуулиар далайлгадаг юм бол өөрийнхөө эрхийг мэдэж явах нь зүйтэй билээ.
 
1.Ямар ч цагдаа хэн нэгнийг гэрчийн этгээдгүйгээр нэгжих эрхгүй. Иймд заавал гэрч хажуудаа байлгахыг шаард.
 
2. Согтуу хүнийг ч цагдаа гэрчгүйгээр нэгжих эрхгүй. Тэр хүн хэтрүүлэн уусан болохоос биш гэмт хэрэгтэн биш.
 
3.Тухайн цагдаагийн үнэмлэхийг үзээд нэр ус, ажилладаг дүүрэг хэлтсийг нь тогтоогоод ав. Мөн цагдаагийн регистрийн дугаар /гаран дээрээ хадчихсан байдаг/-ыг нь тэмдэглээд авсан ч болно.
 
Саяхан даа, орой найман цагийн үед цэцэрлэгт хүрээлэнд шар айраг ууж суухад дүрэмт хүвцастай хүн ирээд 3000 төгрөгөөр торгоод явсан. Цагдаа ахын хэлж байгаагаар бол би бааранд орох ёстой юм гэнэ. Залуус оройн цагаар баар болон зочид буудлаас өөр газар согтууруулах ундаа хэрэглэж болохгүй гэсэн заалт байдаг юм байх. Тийм л сүрхий хуулиа баримталдаг, хэв журам сахиулдаг юм бол хуулиндаа энэ тухай тусгах нь яасан юм бол? Ард иргэдээс авч байгаа торгууль бүхэн хуулийн ямар нэг заалттай холбоотой байх ёстой юм шиг санагдах юм. Эсвэл дүрэмт хувцас өмссөн болгон нь ямар ч үндэслэлгүйгээр төрийн нэр барьж түрийвчийг минь хоослох ёстой юм болов уу?