Одоо телевизүүдийн цагийн ихэнхийг эзэлж байгаа зүйл нь солонгосын олон ангит кинонууд. Суваг эргүүлэх тоолонд л солонгос сериалууд гарч байх юм. Сүүлдээ ч солонгос хэл сурч, жантай гоймонд ормоор л их солонгос киног хүчээр үзүүлж байна. Суваг болгон дээр нэг цуврал гардаг юм уу даа. Суваг эргүүлэхэд л нэг янзын хэрүүл, дараагийн суваг дээр уйлаан майлаан, солонгос маягийн эргэлдэж үсэрсэн зодоон, өвчиндөө эмзэглэсэн хүүхэн, хайрандаа шаналсан залуу, ой санамжаа алдсан ээж, хорт хавдартай бүсгүй, төөрсөн ихрүүд, салсан ах дүүс гээд л. Монголоор дүүрэн зовлон, уур бухимдал, асуудал бэрхшээл байхад дээрээс нь солонгос авгай нарын хэрүүлийг сонсгож дарамтлах юм.

Гэхдээ миний таамаглал зөв бол тун удахгүй солонгос сериалуудын ноёрхол дуусах байх. Оронд нь энэтхэг кино ч юм уу, америк, орос, хятад кино хүч түрнэ гэж байгаа юм биш шүү. Дэмий л нэг тэгж таамаглаж байгаа юм.

Нөгөө хоёр нам чинь сонгуулийн хуулийг өөрчлөх тал дээр зөвшилцөөд, хувь тэнцүүлсэн тогтолцоог сонгохоор тохиролцоод явчих шиг боллоо. Хуулийг баталж ёсчлох нь одоо ердөө л цаг хугацааны асуудал. Үндсэн асуудал дээрээ, үндсэн ашиг сонирхол дээрээ (тэр нь нөгөө хоёрын хувьд ижил) нэгэнт зөвшилцсөн тул одоо хэлэлцэж байгаа гэж жоохон маргалдуулж байгаад л олонхоороо хүч түрэн батлах нь бараг гарцаагүй. Яахав жижиг сажиг санал зөрөлдөх асуудал бол мэдээж байгаа. Гэхдээ бүх анхаарлыг тэр жижиг асуудал дээр төвлөрүүлж маргалдуулж байгаад зарчмын том асуудлыг шийдүүлчихнэ.

Хувь тэнцүүлсэн сонгуулийн хуулийн санал болгож байгаа хувилбараар бол Монгол улс нэг тойрог болох юм байна. Нэр дэвшсэн 200-400 хүний нэрнээс сонгогч зөвхөн нэг нэрийг л сонгох юмуу даа. Энэ сонгуулийн үр дүнд жалга довны гэж нэрлэгдээд байгаа локальний лидерүүд улс төрөөс шахагдана. Гэхдээ энэ нь сайн тал уу муу тал уу? Хүнд хамгийн ихээр танигдсан, нүдэнд харагдаж, чихэнд өртөж байсан нөхдүүдийн хувьд сонгогдох боломж өндөрсөнө. Хүнд илүү танигдсан нь сонгогдох боломжтой гэдэг нь заавал сайн талаараа танигдах албатай биш гэсэн үг. Хамгийн шилдэг улс төрч гэхээр хэдэн хүний нэр гараад ирдэг, хамгийн шударга бус луйварчин улс төрч гэхээр бас л нөгөө хэдийн нэр бараг давхцаад гараад ирчих гээд байдаг юм.

Тэгэхээр улс төрчдөд ямар сонголт үлдэх вэ? Сайн муу ямар нэг аргаар аль болох олонд танигдах. Үүний тулд эх орончийн дүр эсгэж, популизм хийж, шуугиан тарих хэрэгтэй. Эсвэл байнга ухаантай зүйл ярьж байх хэрэгтэй. Энэ хоёрын хооронд нэг ч их ялгаа байхгүй. Өөрөөр хэлбэл олны анхаарлыг байнга татаж байх хэрэгтэй болно. Харин яаж ингэх вэ? Хаагуур хэзээ ярих вэ? Мэдээж хамгийн үр дүнтэй хэрэгсэл нь Телевизийн сувгууд. Дүгнэлт нь ердөө энгийн. Хууль батлагдлаа л бол ТВ-ийн сувгуудыг улс төрчид худалдаад ч юм уу, хуйвалдаад ч юм уу хуваагаад авчихна. Асар их мөнгөний урсгал ТВ-ийн сувгуудийг үерлүүлнэ. “Улстөрчтэй нүүр тулсан ярилцлага”, “Улс төрчтэй хийсэн Болзоо”, “ Улстөрчийнд хоноё”, “Улстөрч Та хариулахгүй ч байж болно”, “Дуусдаггүй улс төрийн яриа”, “Улстөрчийн Сэтгэлийн байгаль”, “Улстөрчөө, кофе уух уу, цай уух уу?”, “Улстөр спортын тойм”, “Тотал улстөр”, “Улстөрийн фокус”, “Улстөрийн анализ тойм” гэхчлэн нэвтрүүлгийн өнгө аяс өөрчлөгдөнө. Нэг улс төрчтэй хийх харилцан ярианы бүхий л хэлбэрүүд, хоёр улс төрчтэй хийх диад ярилцлага, хэлэлцүүлэг, мэтгэлцээн, зөвшилцөөн, дагсалдаан, гурван улс төрчтэй хийх триад ярилцлага, дөрвөн улстөрчтэй хийх куад ярилцлага, 5-10 улс төрчтэй хийх фокус групп, 10-20 улстөрчтэй хийх форум нэвтрүүлгүүд телевизийн сувгуудыг булна.

Тиймээс л үр дүнд нь солонгос сериалууд шахагдаж, Монгол маягийн улс төрийн сериалууд төгсгөлгүй цуварна даа. Энэ ёстой жинхэнэ сериал байна гэдэгт эргэлзээд хэрэггүй. Таны хүссэн бүхнийг энэ сериал багтаасан байх болно. Миний таамаглал зөв болов уу? Та юу гэж бодож байна.