Нартай хуртай, наадмын өдрүүд сайхан л болж өнгөрлөө. Хүй долоон худагт хүн багширч, хуушуурны үнэ тэнгэрт хадаж байхад би Төв аймгийн Мөнгөнморьт суманд өвөөгийндөө цэвэр агаарт нам цохиулан, дээшээ хараад хэвтэж байлаа.
 
  Үертэй Хэрлэн гол, өвстэй ногоон тал хараагүй удсандаа ч юм уу, яг үнэндээ эхний очсон өдөр мэл гайхалтын байдалтай, ямар сайндаа хөдөө байдаг хамаатны нэг банди “Чи надад нэг л гадаадын жуулчин шиг санагдаад байна аа” гэж хэлэх вэ дээ.
 
  “Хөөх айраг, хөөх ааруул, алив надаа, сайхан байна аа, ямар гоё юм бэ” гээд үглээд байсан болохоор тэгээ биз. Дээр нь ковбой нарны малгай, “кобра” нарны шил зүүчихээр бас яаж ч харсан тэгэж санагдахаас яахав.
 
  Дараа өдөр нь “хойно байдаг” ахынх руугаа явган аялалд гарав. 7,5 км газар. Замаараа давсан Хөтөл уул тэр хавьдаа л өндөр уул. Орой дээрээс нь ямар гоё харагдаж байсан гээч. Урагш харвал ёстой нөгөө “нүдээ тавиад туучихмаар” нов ногоон тал цэлийж, тал дундуур Хэрлэн гол жирэлзэн мөнгөрч, өвөөгийнх байдаг жижигхэн тосгоны арын Бүрд нуур цагаан цэг мэт бүртэлзэж, энд тэндгүй борооноос тогтсон ус гялтганан, уулын бэлд бэлчих адуун сүргийн тургих чимээ сонсогдож, суусан чулууны минь хажууд ургасан гангын ягаан дэлбээнээс анхилах содон үнэр хамар цоргиож байв. Ёстой ийм сайхныг мэдрээд л тэр сайхан шүлгүүд найрагчийн зүрхнээс ундардаг байх.
 
  Мэддэг бол эх орны тухай, Монгол нутгийн тухай шүлгүүд бадаг бадгаараа урсан орж ирмээр санагдсан ч “Миний нутаг”-аас өөр бүтэн мэддэг шүлэг алга байлаа. Арай ч дээ. За тэгвэл шүлэг зохиох гээд үздэг хэрэг гэж бодсон чинь Тэрэлжийн нэг жалганд байсан хог, зурагтаар гарч байсан модоо нүцгэлүүлсэн уулын дүр зураг нүдний өмнүүр жирэлзээд одлоо. Тэгээд л Хөдөө тал минь хогоор дүүрэн Хөндий уул минь хожуулаар дүүрэн Яндаж болдоггүй далай шиг Яасан их булхай вэ гээд л цаашаа явдаггүй дээ. Дандаа шүүмжилж, дандаа бухимдал сонссоор байгаад миний бөндгөр ийм л үгсээр дүүрчихсэн бололтой.
 
  Гэтэл гэнэт Гүрбазарын “дэлгэсэн тэрлэг шиг нутгийнхаа...” гээд л ороод ирлээ шүү. Овоо доо, бас ганц шүлэг. Гэхдээ хараад байсан чинь манай нутгийн дэлгэсэн тэрлэг гэвэл энгэрээрээ дүүрэн сүү тараг асгасан, хормойгоороо дүүрэн борооны шавар цацуулчихсан, энд тэндээ алаг цоог нөхөөстэй, хайш яайш хаваастай, бондгор бондгор бөөрөнхий “гэрэн товч” хаа сайгүй хатгачихсан нэг тийм тэрлэг гэхэд хэцүү, авангард загварын хувцас болж таарах нь ээ дээ. Ингэж бодоод инээд алдсаар уулнаас буув.
 
  Тэнгэрт түгсэн түмэн оддыг харийн жуулчин шиг алмайран зогсохдоо өөрийгөө азтай хүн юм даа гэж бодлоо. Малын хашаа, морины хөлсний үнэр хүртэл дотно санагдаж, морь унаж, үнээний дэлэн шувтрахтайгаа байгаадаа өөрийгөө азтай гэж бодлоо. Гэтэл өнөөгийн мянга мянган хотын гэж өөрсдийгөө хэт хөөргөх залуусын хэд нь энэ сайхныг мэдэрч чадах бол...
 
   “Заваан юм, хонины баас үнэртээд байна ш дээ. Дээр нь энэ хорхойнуудыг нь ээ. Хөдөө ингээд байдаг юм аа...” гээд л гүйлдэж байсан найзуудыгаа нэг бодлоо. Гэтэл хэзээ билээ, нэг уншиж байсан “Монголоо алдмар...” гэж... Тийм ч байж таарахгүй дээ, уг нь.