Энэ дугаарынхаа “Хобби” булангийн зочноор бүжгийн урлагт хөл тавин, хүсэл мөрөөдлөө биелүүлэхээр зорьж яваа хоёр залууг урилаа. Тэднийг Д. Сувдмаа, Э.Эрдэнэжаргал гэдэг.

 - Юуны өмнө өөрсдийгөө товч танилцуулахгүй юу?

Д.С  - Намайг Сувдмаа гэдэг. Би 2005 онд СУИС-ийг бүжгийн багшийн мэргэжлээр төгсөөд сур­гууль­даа багшилж байгаа мөн “Pearl Dance school”-ийн багш, Улаанбаатар чуулгад бүжигчнээр ажилладаг. Багшлаад гурав, бүжигч­нээр дөрөв дэхь жилдээ ажил­лаж байна.

Э.Э  - Намайг Эрдэнэжаргал гэдэг. Би СУИС-ийн бүжгийн ангийн 3-р курсийн оюутан, мөн Улаан­баатар чуулгын бүжигчин.

  - Яагаад бүжгийн урлагийг сонирхох болов? Та хоёрын хобби байв уу?

Д.С  - Би бүр багаасаа л нугар­даг, бүжиглэдэг байсан. Тийм болохоор миний хобби байсан гэхэд болно. Тэгээд 6-р ангиасаа эхлээд Монголын хүүхдийн ордонд гавьяат жүжигчин Жаргалсайхан багшийн бүжгийн дугуйланд суралц­сан. Ер нь бүжигт багаасаа дуртай байсан. Өөрийнхөө хоббиг мэргэжил болгон хөгжүүлсэн дээ. Монголын бүжгийн урлагийн нэртэй, шилдэг багш нарын удирд­лаган дор төгссөн болохоор өөрийгөө ховорхон азтайд тооц­дог.

Э.Э  - Би анх 9-р ангиасаа л бүжиглэж эхэлсэн. Байрныхан маань реп бүжгийн хамтлаг байгуулахад сонирхолтой санаг­даж, тэр үеэс л бүжгийн дугуйланд суралцсан.

   - Бүжигчин болоогүй бол ямар мэргэжилтэй болох байсан бэ?

Д.С  - Би хэрвээ өөр мэргэжил сонгосон бол эмч болох байсан байх. Гэхдээ би энэ мэргэжлээрээ бахархдаг. Бүжигчид бид дуучид шиг дуу хоолойгоороо үзэгчдэд танигддаггүй болохоор биднийг хүмүүс сайн мэдэхгүй. Нүдэнд нь үзэгдэж, гайхашруулж байж хүмүүст хүрдэг урлаг. Бүжиг бол залуу насны урлаг.

  - Шантрах үе гарч байв уу?

Д.С  - Нэг их тийм хэцүү, шантрах үе гарч байсангүй ээ. Өөрийн дуртай зүйл болохоор шант­рахгүй байх аа.

Э.Э  - Миний хувьд шантрах зүйл тохиолдохоор тийм их хугацаа өнгөрөөгүй байна. Ер нь ямар ч мэргэжлийн хүн ажил­даа дуртай байж эхнээсээ л шантрахгүй зүтгэх юм бол бүх ажил сайхан шүү дээ. Бүжгийн урлаг бол маш чанга хатуу, хагас цэрэгжилтийн дэглэмтэй байдаг болохоор тэсвэр тэвчээр их шаардана.

  - Ямар ямар уралдаан тэмцээнд, хэр амжилттай оролцож байв?

Д.С  - Шагнал болгон хөлс хүчээ гаргаж авдаг болохоор хүндтэй байдаг.

  2002 оны “Хаврын баяр” улсын уралдааны Латин-Америк бүжгийн аварга, мөн 2003, 2006 оны уралдааны “Хатан хаан” өргөмжлөл, Хойд Солонгост бол­сон Олон улсын фестивалийн мөнгөн цом, Хятад улсад зохиогд­сон тэмцээнд хоёрдугаар байранд орж байсан.

Э.Э  - Би 2007 оны “Хаврын баяр” улсын уралдааны Латин- Америк бүжгийн аварга болсон.

  - Бүжгийн урлагийг сонирхдог хүүхэд залууст хандаж юу хэлэх вэ?

Д.С  - Эвсэлгүй хүн гэж байдаггүй. Уйгагүй хөдөлмөрлөх юм бол юуг ч сурна.

  Хүн эхийн хэвлийд байхаасаа хөдөлгөөн хийдэг. Энэ бүхэн бол бүжгийн хөдөлгөөний төрлүүд. Тиймээс үнэн сэтгэлээсээ хүсээд сайн хичээллэвэл бүжиг бол маш сайхан урлаг.