Гурван өдрийн өмнө гэртээ ортол жижигхэн минь өрөө ертөнцтэй холбогдчихсон, дээр үеийн орос лада шиг хуучин компьютер маань "Ингээд намайг голоорой чи" гэсэн шиг даналзаж байх юм. Интернэттэй найзалчихаад тэгэж байхгүй юу. Миний найзтай холбогдох гэдэг надгүйгээр бүтэхгүй гэсэн шиг л...
 
      Ингээд нөгөө гэрийн бараа хардаггүй "гэсэр" Анужин гэрээсээ гарахаа байв. Хичээл тарна, үг дуугүй гэр рүүгээ. Гэртээ орж ирнэ, компьютер луугаа. Бие даалт хийх, реалити бичихээс бусад үед "өрөөнд зай эзлэгч" байсан хуучин саарал PC өдрөөс өдөрт өнгөжин жавхаажсаар, цасан цагаан болох нь холгүй ёстой од болов. Өглөө оройгүй дэлгэцийг залхтал нь ширтсээр байгаад худалч хүнд намайг өмнө нь суунгуут компьютер автоматаар асдаг боллоо.
 
      Нийгмийн хөгжлийн дагаад улс орон бүрт шинэ шинэ проблемууд үүсдэг шүү дээ. Манайд ч мөн адил. Урьд нь бол "Битгий оройтоорой", "Хаана байна? Хурдан ирээч" гэсэн үгс чихнээс хонх уядаг байлаа. Яаж чанга хашгираад ямар ч нэмэргүй болохоор сүүлдээ тэр хонх өөрөө сайн дураараа дугарахаа больсон юм. Харин одоо бол "Одоо болно, унт", "хараа чинь муудлаа", "Унтахгүй юу хийгээд байгаа юм" гэсэн шинэ төрлийн хонхны чимээтэй танилцаж байгаа. Гэхдээ тун удахгүй таг чиг болгохоо Ану мэдэлгүй яахав.
 
     Юм мэдэхгүй байх гэдэг хамгийн хэцүү байдаг хойно. Нэг сайт орно, нэг юм суулга гэнэ. Суулгах л ёстой юм байх гэж бодоод, юу нь ч юм мэдэхгүй програм ч юм уу, вирус ч юм уу, татаад л байлаа. Сүүлдээ нөгөө орос ладагаа хахаж цадтал нь хэрэгтэй хэрэггүй юм чихээд арай л аминд нь хүрчихсэнгүй.
 
     Дулаараад, сургуулийн мэдээлэлзүйн танхим гэсчихсэн болохоор (яагаав, нөгөө музей) үхэр РС-нүүд нь сүүлийн үед ялаа шавуулсан баас шиг аймаар харагддаг болчихсон. Үнэгүй интернэтэд суух гэж оюутнууд даваа гаригт нэгдүгээр эмнэлгийн үзлэгийн хуваарьт оочерлож байгаа юм шиг л урд хойноо оролцон, урт дараалал үүсгэж байгаа. Даанч оочерлон байж суучихаад сайн л бол электрон шуудан шалгах, hi5, dursamj.mn гэх мэт зугааны вэб сайтуудаар орж хэн нэгэн "матар" царайтай танилын photoshop-oop нүүрээ янзалсан зургууд, эсвэл төрөлхийн хөөрхөн байх өндөр магадлалтай залуугийн зургийн цомог үзэхээс өөр юу ч хийдэггүй нь харамсалтай. Бүр их л зугаатай үзнэ гээч. Тав зургуулаа тойрч байгаад л нэг нэгэнгүй хөлнөөс нь толгой хүртэл шинжиж гарна. Хэрвээ хөл нь байхгүй байвал нэгэн дуугаар "Аан, майга юм байна л даа".
 
     Тэгээд судалгаа авахаар "Долоо хоногийн найман өдөр интернэтээр байнга үйлчлүүлдэг, бид орчин үеийн дажгүй залуус" гэнэ. Саяхан би жинхнээсээ хоёр чихэндээ эргэзмээр юм өөрийн биеэр сонслоо. Өөрсдийгөө чухам л "нэтчин" залуус гэх гурван бандитай ярилцав.
 
    - Тэгвэл Монголд amazon.com шиг вэб сайт байвал ямар вэ? Хэрвээ тийм сайттай болчихвол байнга үйлчлүүлэх үү?
 
   - Амазон чинь юу гэсэн үг билээ?
 
    - Үг нь ч голын нэр л дээ,
 
    - Өө тий ш дээ. Америкт байдаг биз дээ? Тэгээд голын тухай сайт юм уу?
 
   -... үгүй ээ, юу, тэр чинь...
 
   - Үгүй яахав, нутаг усныхан нь бол байнга орох л байх. Тэр голын дагуух айл өрхүүдийнх тухай материал тавьдаг ч юм уу. Гэхдээ говийн айлуудад хүртээмжгүй л юм байна.
 
     Мэл гайхаж, ёстой хэлэх үг олдсонгүй. Ёстой нөгөө 5:0-оор хусуулна гэдэг шиг шоконд оров. Арай буруу сонсоогүй байлтай. Надаар тоглоод байгаа юм байх гэсэн, тийм шинж огт алга! Аягүй чухал санаа хэлчихсэн байртай над руу харж байлаа. Энэ бол үнэн байдал. Монголын ирээдүй болсон залуусын багагүй хувь нь ийм мэдээлэл, мэдлэгтэй их сургуульд сурч явна. Юун орос лада, үхэр тэрэг ч байхгүй нөхдүүд зөндөө байна. Ээ, амьдралын минь гэрэл гэгээ болсон "орос лада" минь!