Эцгийн эрхт ёс хязгааргүй ноёлсон Монголыг манай хувьсгалчид 1921 онд хүлээн авснаас эхлэн түүх дэлгэх гэсэн санаа эл нийтлэлд байхгүй. Гэвч уруудсаар уруудсаар эхийн эрхт ёс руу бүрэн шилждэгийн даваан дээрх өнөөгийн нийгэм рүү хандъя гэлээ. Хатуудсан бол уучлаарай, бас зөвлөгөө гэж бүү ойлгоорой!
 
     Ардын засгийн жилүүдэд нийгмийн дэвшлийн үр шимийг Монголын эмэгтэйчүүд хангалттай амсаж, тэс өмнөө болтлоо өөрчлөгдөн шинэчлэгдэж, манай нийгмийн тэргүүлэх хэсэг болтлоо дэвшин гарч ирсэн нь XX зууны Монголын түүхэн ололтын нэг гэдэгтэй маргах хүн нэг ч байхгүй.
 
     Социализмын бүтээн байгуулалтыг гар бие хийлцэн, оройлон оролцож ирсэн мянга мянган эмэгтэйчүүдийг бид бахархан ярьсаар буй. XX зууны Монголын нийгмийн шинэчлэлийн давалгаа болгон харин эрчүүдэд нь адил тэгш тусаагүй, зарим талаар халгаатай, харамсмаар үйл явдлууд тохиож байсныг, одоо ч тохиосоор байгаа энд бас үгүйсгэж болохгүй.
 
     Төрийн террор хэмээн миний нэрлээд буй коммунист хядлагад өртөгсдийн бараг 99 хувь нь эрчүүд байсан. Хүрээ хийдэд шавилан сууж, хийж бүтээх, нөхөн үржихүйн үйлсээс хол хөндий байгсад нь тэр чигтээ эрчүүд, 1932 оны "Эсэргүү бослого", Халхын голын, чөлөөлөх, баруун хилийн гээд олон дайнуудад эрчүүд л явж амиа өргөсөн.
 
     Их бүтээн байгуулалт, нэгдэлжих хөдөлгөөн, атрын аян, "Сэхээтний төөрөгдөл", "Намын эсрэг бүлэг" гээд кампаничилсан нийгэм - эдийн засгийн хөдөлгөөний манлайд эрчүүд л явж, бас ч үгүй хохирогсдын ихэнх нь эрчүүд байсан. Маоистуудын эсрэг цэрэг-дайны бэлтгэлд эрчүүд дайчлагдаж, цэрэг-армийн мөрдөстөнгүүдийн лав 90 хувь нь эрчүүд байсныг би өөрөө ч бие дээрээ мэдэрсэн.
 
     Нийгэм хөгжихийн хэрээр хотжиж, хотын соёл сахилгыг сөрсөн гэмт үйлдлүүдийн ихэнхийг эрчүүд үйлдэж, нэг үе Монголын эрүүгийн шоронгууд эрчүүдээр дүүрч, тэр нь одоо ч хэвээрээ шахуу байна. Монголын эрчүүд ямар үйлтэй улс вэ? Зовлон нь барагддаггүй монгол эрчүүд 1990 оны "Цагаан морин жил"-ийн хувьсгалыг оройлон эхлүүлж, анхны ардчилсан парламентыг байгуулж, парламентын үнэмлэхүй олонхийг бүрдүүлсээр өнөөтэй золгосон. Бас 1990 оноор эхэлсэн нийгэм-эдийн засгийн хос шилжилт гээч нийгмийн туршилтын золиос нь эрчүүд голлосон (тайлбарыг хойно бичсэн-Зох). Энэ шилжилт эхэлмэгц Монголд жендерийн (хүйсийн тэгш байдал гэдэг байх аа) асуудал босч ирсээр 18 дахь жилдээ явж байна.
 
     Би МУИС-ийн Олон улсын харилцааны сургуульд 12 жилд багшлахдаа хүйсийн тэгш байдлыг хамгийн ихээр мэдэрч, бас түүнд зовж шаналж явсны хувьд ингэж мэдэмхийрч байгаа хэрэг л дээ. Дипломат албаны ирээдүйн боловсон хүчнийг бэлтгэх ухаантай байгуулагдсан эл сургуулийн нийт оюутан, магистрантын (элсэгчдийн) 90 гаран хувь нь ямагт охид эмэгтэйчүүд байж ирсээр өнөөг хүрсэн хэрэг. Төрийн тусгай алба, тангарагтай, хатуу хуультай, цолтой (дэлхийн зарим улсад бол хагас цэргийн, цэрэгжсэн) энэ албанд орохоор олон аавын охид сэтгэл шулуудан гоцлоод ирмэгц би эргэцүүлж эхэлсэн, асуулт хайсан, одоо ч хариултыг нь хэлж чадахгүй. Учир нь ГХЯ-нд элссэн миний шавь нарыг хүйсээр ялгавал 90 гаран хувь нь эрчүүд, охид 10 хувь хүрэхгүй байна. Итгэл тээж сэтгэл шулуудсан охид маань энэ яамны хаалгыг бөөнөөрөө татаж чадаагүй л байна.
 
     Намайг тэр сургуульд багшилж ахуйд онц сурлагатануудын ихэнх нь, зарим хичээлийн жилд бүр 100 хувь нь охид байсан ба хөвгүүдээс ганц нэгхэн гоц авьяастай нь бүр дунд сургуупиасаа бэлтгэгдээд ороод ирмэгц манай багш нар "Өөрийн шавь" гэж нэрлүүлэхээр булаацалдан гүйлддэг нь өнөө ч үргэлжилж байна. Зөвхөн энэ сургуулиар жишээлэн Монголын дээд боловсролыг төсөөлөхөд хангалттай. Ерөөсөө их, дээд, улсын, хувийн галтгүй бүх сургуулийн нийт оюутны ихэнхи нь охид. Тэнцвэр нь даанч харамсмаар. Бүр ямагт 70 хувиас дээшээ гээч. Яачихваа нөгөө эрчүүд маань? Дунд сургуульд ч ялгаагүй, онцсайн, гайгүй сурлагатан нь дан охид байх юм. Хаа нэг гоц авьяастай банди байвал тэр сургууль толгой дээрээ тахиж, амьд үзүүлэн болгох жишээтэй. Нэгэн үе ардын хувьсгапын партизан нэн ховордож байсантай эгээ адил "Таван онцын эзэн" хөвгүүдийн эрэлд элсэлтийн өмнөхөн бүх их, дэад сургууль мордож байна. Дунд сургуулийн сурагчдад сатаарах юм мундахаа больсон, их сургуульд ороод ирмэгц оюутны нэртэй баар цэнгээний газар тоогоо алдсан ба энэ бүхэнд эрчүүд нь золиослогдож байна.
 
     Их спортыг аваад үз, нөгөө олимпийн дэвжээнээс салдаггүй эрчүүд нь хаачсан юм гэмээр, чөлөөт бөх, жүдо, самбо, буудлага гэхэд л дан охид голлоод. Нийгэм - эдийн засгийн шилжилтэд хэрчигдээд пянгий нь даахгүй бүдэрч унагсад, их хотын гэмт хэргийн ертөнц, хөдөөд малын хулгай, шоронгийн ялтнууд, онц хүнд гэмт хэрэгтэн бараг тэр чигтээ эрчүүдээс бүрдэж, эдний онгойлгоод орхисон орон зай дээр эмэгтэйчүүд орыг нь бөглөж байгаа нь тэр дээ. Хар ухаанаар төсөөлөөд үзэхэд шүү дээ. Ганц боловсрол гэлтгүй, бизнес, арилжаа наймаа, алт ухах, өрх толгойлох, харьд мордох гээд дан бүсгүйчүүл нь гоцлоод, ингээд бодохлоор эрчүүдгүй Монголын нийгэм урагшилж яваа ч юм шиг. Гэвч зөрүүлээд эрчүүдийг гялтайлгах юм байна аа.
 
     Төрд алба хашиж яваа нэр төртэй эрхмүүд, японы сумогийн ертөнцөд "Монгол хүн" нэрээ дуурсгаж яваа бөхчүүд, даян дэлхийд энхийг сахиулж яваа, эх орныхоо төлөө алтан амиа өргөгсөд, хэдийгээр эндээ хэн ч биш ч аз нь гийсэн гадаад дахь хүргэнүүд гээд бас бий нь бий шүү. Жишээ нь орчин цагийн сонин гэрлалт гэмээр холимог гэр бүлд манай эрчүүдээс аз нь шовойсон ганц нэг баримтыг дурдъя.
 
     Тээр жилийн зун Элсэн тасархай дахь жуулчны баазад болсон хэрэг. Японы жуулчдад морь унуулж хэдэн бор юм олдог хөдөөгийн малчин айлын халтар хөвгүүн эдүгээ Японы толгой 100 баяны нэг болчихоод яваа баримт юуг хэлнэ вэ? Сонин гэдэг нь сониноор барах уу, бүр чихэндээ үл итгэм содон үзэгдэл. Тэр залуу өөрт нь хандраад салахаа байсан япон жуулчин бүсгүйтэй хээр очоод тэсвэр алдан хүчээр энгэр зөрүүлчихжээ. Хүчин гээд яллавал зүйл анги нь яг таарахаар. Жуулчид ч буцаж. Намрын нэг өдөр Элсэн тасархай руу цагдаа нар эндээс очиж нөгөө морь унуулагчийг баривчлан гавлаад хотод авчрах нь тэр. Харин эрүүгийн цагдаагийн газарт биш, Японы Элчин сайдын яаманд хүргэж иржээ. Гайхаш айдас нь хосолсон нөгөө залуу нүд нь бүлтэгнээд хүчингийн хэргээр японы шүүхээр шийтгүүлэх ухааны юм бодож суусан хэрэг. Гэтэл төсөөлөмгүй, үнэмшимгүй хачин хэрэг дэгдэв ээ. Хүчиндүүлсэн гээд байгаа нөгөө япон бүсгүй нь дурлаж үхээд, амиа хорлоно гэж эцэг эхээ айлгаад гэрэл зургаар нь хөөж байж нөгөө залууг цагдаагийнхнаар олуулсан нь тэр байж. Манайхан болсон хойно сүржигнэж гав бороохой дээрээ тулсан ба харин Японы тал нутгаасаа ирүүлсэн мөнгөөр нөгөө залууг хувцаслаж тордоод шууд виз олгоод Япон руу мордуулжээ. Монгол малчин залууд хүчиндүүлэхийн ид бахыг амссан япон бүсгүйн хувьд ямар ч аргаар хамаагүй аваачих нь чухал байлаа. Тэр үед олж мэдсэнээр бол тэр охин нь Японы толгой 100 баяны нэг, нэртэй биенесчийн охин, заавал тэр монгол залуутайгаа гэрлэж байж л санаандаа хүрэх ёстой, тэр нь хүсэл нь биелж байгаа нь тэр. Ингээд хэл ус ч үгүй, огт танихгүй монгол залуу Японд очоод хөрөнгө залгамжлах эрх бүхий хүргэн нь болж үлгэр өндөрлөв өө. Мөн л жуулчны баазад юмдаг, түлээ хөрөөдөж гал зуух хавиар юухан хээхэн хийдэг мах бэлтгэгч хөдөөний нэг залуу япон жуулчинтай дэр нийлүүлсэн түүх саяхных. Энэ бол ингээд аз сорирд бай гэсэн ятгалга биш, зах зэалийн нийгмийн хайчинд хэрчигдээд пянгий нь даахгүй бүдэрч унан, золбирч яваа мянга мянган эрчүүдийн хорыг малтаж, хорхойг хүргэж, тэгснээрээ тэднийг босгож ирэх хар ухаанаа гаргаж байгаа минь энэ. Монгол эрчүүд минь, Та нар манай нийгэмд хаана явна даа?