Хятадууд олимпийн наадам нэрийн дор орчин үеийн соёл иргэншил рүү тун яаруу “довтол­гож” байна. Тэгэхдээ бүр цаг хугацаа, минут хором бүртэй уралдсаар....
 
       Охид, хүүхнүүдээ инээмсэглэж сургах гэж аманд нь савх зуулгаж, цэх шулуун зогсдог болгохоор толгой дээр нь зузаан гэгчийн ном тавьчихсан бэлтгэл сургуу­лилалт хийлгэж байгааг та харж байна. Инээхийг зааж байна гэхээр хөгийн юм хийдэг улс вэ гэж та шоолж болох л юм. Харин хэдхэн хоногийн дотор ирсэн зочноо хүндэтгэж, сайхан сэтгэгдэл төрүү­лээд буцаах нь Хятад улсаа дэлхийд сурталчлах ховорхон боломж бөгөөд томоохон нэр хүндийн асуудал юм.
 
  Зэргэлдээ орших гүрэнд маань өнөөдөр ид ажил оволзож байна. Зуны олимпийн тоглолт болоход зургаахан сарын хугацаа дутуу. Хүн төрөлхтөний цэнгэлийн манлай болсон энэ агуу том арга хэмжээг эх орондоо зохион байгуулахыг Хятадын ард түмэн эртнээс мөрөөдөж ирсэн. Тэдний энэ мөрөөдөл тун удахгүй биелэх гэж байна.
 
  Бид энэ удаагийн хавтасны сэдвээрээ аль улсын тамирчид хэдэн алтан медаль өвөртөлж, хэн гэдэг аавын хүү эх орныхоо дэвжээнд төрийн далбаагаа мандуу­лах тухай ярих гэсэн юм биш ээ. Харин хөрш улс маань энэхүү наадамд хэрхэн бэлтгэж, олимпоор дөрөөлж үндэсний гэж хэлж болохуйц томоохон ямар ямар өөрчлөлт хийж эхлээд байгаа талаар л өгүүлэх гэсэн юм.
 
  “Бээжин-2008” зуны олимпийн наадам хятадуудад асар их боломж бололцоо олгожээ. Үүнийг тэд урьдчилан харж, хараад зогсох­гүй энэ боломжоо 100 хувь ашиглахаар орон даяараа хөдөлцгөөж байна. Олимпийг тэд маш олон зүйлтэй холбон авч үзжээ. Хятад оронд өнөөдөр олимпийн наадмын бэлтгэл ажил ид өрнөж буй бөгөөд
 1. Ард иргэдийг шинэ зүйлд төлөвшүүлэн бэлтгэх
 2. Оршин суугчдыг нүүлгэх
 3. Хөшөө барилга сүндэрлүүлэх
 4. Англи үг өгүүлбэр цээжлүүлэх
 5. Энэ бүхний хяналт шалгалтыг огт сулруулахгүй байх гэсэн үндсэн таван чиглэлд тэд гол анхаарлаа хандуулж байгаа юм.
 
  Хятад орон олимпийн тоглолтод хэрхэн бэлтгэж буй талаар Германы “Spiegel” сэтгүү­лийн сурвалжлагч нэгэн нийтлэл бичжээ. Үүнээс бид санаа авч Бээжингийн олимп хийгээд түүний эргэн тойрон юу болоод байгаа талаар хавтасны сэдэвтээ харуу­лахыг зорьсон юм. Эхлээд герман сэтгүүлчийн бичсэн материалыг танилцуулъя.
 

Өндөр өсгийт дээр 60 минут
 
  Өндөр өсгийтэй шаахай өмсөөд огт хөдөлгөөнгүй зогсож буй хүнд 60 минут гэдэг урт хугацаа. Тэгээд бас болоогүй ээ, хоёр өвдөгнийхөө хооронд хуудас цаас хавчуулж, толгой дээрх зузаан номоо унагалгүй тогтооно. Мөн амандаа хоёр ширхэг савх зууж зогсоно гэхээр бүр ч хэцүү хэрэг. 2008 оны зуны олимпийн тоглолтын үеэр зочдод үйлчлэх эдгээр охидын дунд 18 настай Лью Ийфенг бэлтгэл хийж байна. Бээжингийн мэргэжлийн сургуулийн 1200 сурагч Чанпинге тосгонд өдөр бүр ийнхүү сургуулилж буй юм. Олимпийн медаль гардуулах ёслолын үеэр охид цэх шулуун зогсох бэлтгэл хийж байгаа нь энэ. “Амандаа савх зуудаг нь ямар учиртай юм бэ?” гэж асуувал “Тэгснээр бүгдээрээ жигдхэн нүүр дүүрэн инээмсэглэж сурч байгаа юм” хэмээн тус сургуулийн орлогч захирал хариулсан.
 
  “Бид бэлтгэл хийх хугацаандаа дотуур байранд сууж байгаа. Энэ хугацаанд аав, ээж минь биднийг эргэж ирж болохгүй, харин бидэнд “Тэвчээрэй“ гэсэн мэссэж л ирүүлдэг хэмээн Лью Ийфенг завсарлагаанаар ярив. “Хувийн чанартай зүйл хамаагүй ярихгүй шүү. Энэ ярилцлаганд манай улс олимпийн тоглолтыг хичнээн их баяр хөөртэй угтаж байгаа тухай л орох ёстой“ хэмээн намын идэвхтэн нэгэн нөхөр бидний ярианд оролцон зааварчилсан. Лью Ийфенг олимпийн тоглолтыг зохион байгуулах комиссын шаард­лагад яв цав тохирч байгаа хүн ажээ. Үйлчлэгч нар залуухан, царайлаг, 168-178 см өндөр. Бие галбир сайтай байх ёстой аж. “Энэ бол миний амьдралд тохиолдох цорын ганц аз завшаан“ гэж өгүүлэх Лью Ийфенгийн царайд баяр баясгалан гэрэлтэж байлаа.
 
300 мянган иргэн орон байргүй болжээ
 
  Бээжин дэх орон сууцандаа нөхөр эхнэр хоёр маргалдаж сууна. Тэдний оршин сууж буй энэ газар ТВ-ийн шинэ цамхаг барих болж байшин нь газарт оржээ. Шинээр орон байртай болоход нь зориулж тэдэнд 30 000 евротой тэнцэх хэмжээний мөнгийг улсаас санал болгосон ч түүгээр нь орон сууц худалдаж авахад хараахан хүрэхгүй аж. Толгой хоргодох орон­гүй болж байгаадаа шаналсан эхнэрийнх нь даралт сүүлийн хэд хоногт эрс ихэссэн байна.
 
  17 сая хүн амтай нийслэлийг шал өөр хот болгохоор удирдлага нь шийдсэн ажээ. Хуучин Бээжин­гийн хэв шинж болсон хоёр талаараа нэг дан байшингуудтай нарийн гудамжнуудын ихэнх нь хэдийнэ газрын хөрснөөс арчигдан алга болжээ. Ажилчид сүүлчийн хогийг нь илжгэн тэрэг дээр ачаад зөөж байгаа харагдана. Харин хонгилдоо гараж бүхий тэнгэр баганадсан байшингууд хаа сай­гүй сүндэрлэн босч байна. 20 спортын заал шинээр барьж, 11 хуучин заалыг шинэчлэн сэргээж буй гэнэ.
 
  Германы уран барилгач Оле Шеерен Хятадын үндэсний ТВ-ийн төвийн барилгыг удирдан бариулж байгаа гэнэ. Писагийн цамхаг шиг хоёр далиу “L“ хэлбэрийн цамхаг газраас дээш 200 метрийн өндөрт сүндэрлэж эхлээд байна. Хагас сая хавтгай дөрвөлжин метр талбай бүхий оффиссууд байр­лах энэ байгууламжийг зөв­хөн Пентагон л талбайнхаа хэмжээ­гээр давж гарах билээ. Харамсалтай нь үүний улмаас 300 000 хүний орон байр газарт орж байгаа юм. Хүүхдийн цэцэрлэгт ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан эмэгтэй Кьү Гүйжи өмнөд Хятадад охин дээрээ очоод байхад хөрш нь утасдан “Манай байшинг буулгах гэнэ” хэмээн хэлжээ. Тэтгэврийн эмэгтэй яаравчлан Бээжинд ирэхэд байрных нь цонх хагарчихсан, тавилгыг нь хулгай авчихсан байжээ. Зургаан давхар барилгын оройгоос зүүсэн нэгэн туузан дээр „Ерөнхий сайд аа, надад туслаач!” хэмээн бичсэн байлаа. Яах ч учраа олохоо бай­сан тэр эмэгтэй дээвэр дээрээс үсэрч амиа хорлохыг завджээ. Гэвч цагдаа нар түүнийг аварчээ. “Хөдөлгөөний аюулгүй байдал, нийгмийн хэв журам зөрчөөд чи яасан ичдэггүй амьтан бэ? Хэн чамайг ийм үйлдэлд турхирсан бэ?“ хэмээн түүнийг эцэс төгсгөл­гүй мөрдөн байцаасан гэнэ. Ямар ч шүүхийн шийдвэргүйгээр түүнийг арав хоног хорьсон ажээ. Одоо түүний байшин газрын хөрснөөс хэдийнэ арчигдан алга болсон. “Би маш их хохирсон хүн, чухам яах учраа олохгүй байна“ хэмээн тэр эмэгтэй ярьж байлаа.
 
Ядарсан иргэд ч бас олимпод “бэлтгэж” байна
 
  Урьд хожид үзэгдээгүй олон зочин Бээжинд ирэх ажээ. Олимпийн наадам 2008 оны 8-р сарын 8-нд болно. Энэ өдөр Хятадын хувьд шинэ эриний суурь тавигдах ажээ. Хятадууд хосгүй том сурталчилгаа хийхээр зэхэж байна. Бүх зүйлийг яв цав бэлтгэж байгаа бөгөөд ганц ч зүйл тэдний хараа хяналтнаас гадуур үлдэх ёсгүй хэмээн үзэж байгаа юм. Олимпийн телевиз зуны тоглолтыг дэлхий дахинаа цацах гэнэ. Тус телевизийн ажилтан, 1996 оны Атланта, 2000 оны Сидней, 2004 оны Афины олимпийн тоглолтуудад оролцож байсан нэгэн залуу “Өмнө нь ийм зүйл огтхон ч болж байгаагүй. Хэрвээ үзэгчдээс ямар нэг эсэргүүцлийн шинж ТВ-ийн дуранд ажиглагдвал телевизийн сигналыг шууд унт­раах ёстойгоо л мэдэж байна“ хэмээн гайхсан байдалтай ярьж байгаатай таарлаа. “Хятадын эсрэг дайсагнасан явуулга хийгч гадныхан, Түвдийн салан тусгаар­лагчид, Шинжиан мужийн лалын хэт даврагсад, эсвэл сэтгэл дундуур хятад иргэд наадмын үеэр дэлхий нийтийн анхаарлыг өөрсөд рүүгээ хандуулахыг орол­дож мэднэ” хэмээн Хятадын удирдлагууд үзэж байгаа гэнэ.
 
  Одоо л гэхэд Хятадын өнцөг булан бүрээс ирсэн мянга мянган хүн төмөр замын өмнөд өртөө­ний орчим омгор овоохой барьж шавааралдан амь зууж байна. Авлигад автсан дарга нар нь тэдний орон байр, эдлэн газрыг булаан авсан, эсвэл цалин хөлсийг нь төлөлгүй хохироожээ. Нийслэлийнхэн арай дуулгавартай байж мэднэ хэмээн тэд Бээжинг зорин ирсэн аж. Хэрэв энэ хорооллоор гадаадын хүн явбал тэд арав хориороо тал бүрээс нь бүчин авч өөрсдөдөө тохиолдсон зовлонгоо ярьж, гомдол тоочсон бичгээ өвөр түрийд нь хийх аж.
 
  Лью Гоуцайн өвгөний умгар оромж тавилга гэх юмгүй, ганц явган сандал, банзан тавиур хоёртой. Энэ тавиур шөнөдөө орны үүрэг гүйцэтгэдэг гэнэ. Цэрэг ногоон цамц өмссөн 81 настай энэ өвгөн хувьсгал хийлцэж, Солонгосын дайнд оролцож явсан нэгэн аж. Харин энэ бүхний төлөө тэтгэвэрт гарахад нь төрөөс харж үзсэн ч юмгүй гэнэ. Энэ тухайгаа өөрийн суудаг тосгоны засаг захир­гаанд мэдүүлэхэд тэндхийн нэг албан хаагч өвгөнийг барьж авч зодсон тухай тэр ярив. Энэ үеэр хажуу айлынхан хаалга балбаж эхэллээ. Тэд ч бас өөрсдөдөө тохиолдсон шударга бус явдлын талаар ярихыг хүсчээ. Олимпийн тоглолтын үеэр олон түмний сонорт эсэргүүцлээ хүр­гэх боломж олдоно гэдэгт тэд найдацгааж байна. “Гэхдээ дэлхий дахины өнцөг булан бүрээс зочид төлөөлөгчид хүрэлцэн ирэ­хээс өмнө цагдаа нар биднийг Бээжингээс хөөн зайлуулж таарах биз” хэмээн Лью Гуасай гуай санаа алдсан юм.
 
Гудамжинд шүлсээ хаявал 50 юаниар торгоно
 
  Хятадын засгийн газар бас нэгэн ярвигтай асуудлыг шийдвэр­лэхээр бүхий л анхаар­лаа хандуулаад байна. Гудам­жинд ил задгай шүлс, цэрээ хаясан хүн болгоныг 50 юаниар торгож эхлээд байна. Энэ ажилд зориулан “Хүмүүсийг соёл­жуулах алба“ гэгчийг хүртэл бий болгожээ. Тус албаны дарга эмэгтэй Жан Хуйгуанг “Хүмүүс нус, цэрээ салфетка, алчуурандаа эсвэл уутанд нулиман авч яваад хогийн саванд хаях хэрэгтэй. Ийн соёлжсоноор цэрээ ил хаях явдал эцэслэнэ“ гэж ярилаа. Коммунист залуучуудын холбооны үндсэн зохион байгуулагч Шанггуанг Иүе метроны буудал дээр “Дараал­лаараа орж, соёлтой, үйлчлүүлнэ үү!“ хэмээн бичсэн самбар барин зогсож байгаа харагдав. Түүний араас хэд гурван идэвхтэн цувран зогсчээ. Ихэнх нь сурсан зангаараа хажуугаар нь дайран метронд орцгоох ажээ. „Алив дугаар­лаад орцгоо л доо, соёл бага зүйлээс л эхэлнэ“ хэмээн Шанггуанг тэдэн рүү хашгирч байх юм. Ийнхүү бээжинчүүд олимпийн наана дугаарлаж занших гэнэ.
 
Таксины жолооч нар хэл сурч байна
 
  Бээжингийн үлгэр жишээ хүмүүсийн тоонд таксины жолооч Лью Шаошанг орно. Ситроен Елизегийн цонхны саравчин дээр түүний байгуулсан баатарлаг үйл­сийн тухай бичсэн сонины өгүүллийг наасан байлаа. Тэр­бээр таксинд үйлчлэх эрхгүй, “туулайчилж” явсан жолоочийг илрүүлэхэд тусалжээ. Лью намын ухамсарт гишүүн бөгөөд тоглолтын үеэр тамирчдад үйлч­лэх олимпийн наадмын албан ёсны жолоочийн нэг юм.
 
  “Засгийн газар олимпийн тоглолтын үеэр автомашины хөдөл­гөөнийг эрс цөөлнө“ хэмээн тэр ярьж байна. Бээжингийн агаа­рын бохирдол дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас тогтоосон норм хэмжээнээс 2-3 дахин их байгаа тул тэгш тоон дугаартай, зарим үед сондгой тоон дугаартай машинуудын хөдөлгөөнийг хориг­лож одооноос түүнийгээ туршиж үзэх гэж байгаа ажээ.
 
  Жолооч Лью хэд гурван англи үг сурсан бөгөөд түүнийгээ мэргэжил нэгт нөхдөдөө зааж байгаа гэнэ. Ижилхэн хар хөх өнгийн хувцастай таксины жолооч нар “Turn right“ (баруун гар тийш эргэ) хэмээн нэгэн дуугаар давтацгааж байгаатай таарсан.
 
Алдаатай англи хэл
 
  Ли Йанг гэгч залуу англи хэл заадаг бөгөөд Үндэсний цэнгэлдэх хүрээлэнд Бээжингийн олимпод бэлтгэх 100 мянган иргэнд англи хэл заах бодолтой байгаа ажээ. Тэрбээр одоо Газрын тос, химийн дээд сургуулийн 600 оюутанд туршилтаар хичээл зааж байгаа юм байна. “Your resistance gives me strength“ (Чиний эсэргүүцэл намайг улам хурцалж байна) хэмээн оюутнууд нэгэн дуугаар хашгиралдан бас улаан хуудсаар дохицгоож байна. Багш залуу үндсэрхэг үг бичсэн лоозон барь­сан харагдана.
 
  Бээжин хотын барилгын ханан дээгүүр хятад, англи үг бич­сэн олон самбар наажээ. Гэх­дээ ихээхэн алдаа мадагтай орчуулсан байлаа. Англиар бичсэн хоолны цэс ч мөн дүүрэн алдаа. Жишээ нь тахианы дэгдээхэйг “Бэлгийн харьцаанд ороогүй тахиа” хэмээн тайлбарласан байх юм. Мэргэжлийн баг ийм хоёрдмол утгатай, эсвэл буруу зөрүү бичсэн англи үгийг саяхнаас засаж залруулж эхлээд байгаа гэнэ. Олимпийн тоглолт эхлэх үед нийслэл хотод буруу хазгай орчуулгатай англи бичиг байж болохгүй гэсэн Засгийн газрын тогтоол гарчээ.
 
  “Sports Illustrated“ сэтгүүлийн хятад хэлний редакцид ажил­ладаг сэтгүүлч Ван Сиаошан “Наймдугаар сард Бээжинд очсон хэн бүхэнд үнэхээр гайхамшигтай сэтгэгдэл төрөх болно. Гэхдээ тэр үед үзсэн бүх зүйлсдээ итгэх албагүй гэдгийг танд зориуд хэлье. Нийт машины тэн хагасыг нь зорчихыг хорьсон байх тул хотын хөдөлгөөн саатахгүй, бүх үйлдвэрүүдийг зогсоочихсон байх тул агаар тунгалаг, гуйлгачин ядуусыг бариад хорьчихсон байх тул гудамжинд ганц ч хүн гуйлга гуйж харагдахгүй. Хурын үүлийг хотод орж ирэхээс нь өмнө буудан сарниулчих тул тэнгэр цэлмэг л байх болно. Тэгээд зөвхөн инээмсэглэсэн хүмүүс л дайрал­дана. Тиймээс л ард иргэдээ инээмсэглэж сургахын тулд маш их сургуулилж байна“ хэмээн ярив.
 
  Герман сэтгүүлч Хятад орон олимпийн наадамд хэрхэн бэлтгэж байгаа талаар, ард иргэдийнхээ хоцрогдлыг соёл иргэншлийн түвшинд хүргэхэд хэрхэн анхаарч байгаа тухай олон талаас нь харуулахыг зорьжээ. Хүний эрхийг асар их дээдэлдэг, иргэншсэн Европт Хятадын засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа энэхүү “Соёлын довтолгоо” хэтэрхий их хүч зарсан, зохиомлоор хийж байгаа инээдтэй үйлдэл мэт, магадгүй зарим тохиолдолд харгис арга хэмжээ юм шиг санагдсан ч байж болох юм. Иймэрхүү санаа ч нийтлэлээс цухалзаж байгааг та анзаарсан байх. Өндөр хөгжилтэй орныхон Хятадын энэ үйл явцыг хараад шоолон инээж байна. Харин хажуухан хөршдөө ийм үйл явдал өрнөөд байгааг өнөө хэр нь мэдээгүй суусан бидний хувьд арай өөр өнцгөөс нь харах ёстойг дээрх нийтлэл гарцаагүй сануулаад байх шиг.
 
Тэд биднээс илүү инээж сурах нь
 
  Хөршүүд маань биднээс илүү инээж сурах нь, гудамжиндаа шүлсээ хаядаггүй болж, автобус руу уралдан дайрахыг соёлгүй бүдүүлэг хүний шинж хэмээн үздэг болох нь.
 
  Олимпоор далимдуулж Хятадын ард түмэн соёлын шинэч­лэл хийж, орчин үеийн соёл иргэншилд хөл тавьцгааж байна. Тэд спортын наадмын нэрээр ард түмнийхээ хөгжил дэвшлийг хэдэн үе шатаар ахиулахаар, Европын орнуудын 400-500 жилийн турш өөрийн болгож авсан соёл иргэншлийн процессийг бий болгохооор ханцуй шамлан яаравчлаад байна.
 
  Хятадын ард түмэн дутагд­лаа хүлээн зөвшөөрч, олдсон боломжийг яаж бүрэн ашиглаж байгаа тухай дээрх нийтлэл харуулж байна. Хамгийн гол нь төрөөс нэгдсэн зохион байгуулалт­тайгаар арга хэмжээ авч, ард түмэн нь чин сэтгэлээсээ өөрчлөн шинэчлэгдэхийг хүсэж байгаа явдал юм.
 
  Үүнийг л бид гайхан бишрэх ёстой биш гэж үү? Алсын Америкаас биш, арлын Японоос ч биш, дэргэдээ байгаа хөршөөсөө л жишээ авъя л даа. Хятадууд зөвхөн алтан медалийнхаа тоог нэмэхээр олимпийг өөрийн оронд зохион байгуулах гэж үхэн хатан зүтгээгүй аж. Улс орноо хөгж­лийн шинэ замд оруулах, түүхэн боломж байгааг анзаарч. Манайхан гэтэл олимпийг ердөө л алтан медалиар төсөөлдөг биш үү. Жирийн иргэдээс авахуулаад төрийн өндөрлөгүүд нь хүртэл олимпийн аварга төрөхийг хамгийн том зүйл гэж боддог. Олимпийн наадмаас алтан медаль авчихвал л Монгол Улс дэлхийд алдаршина гэж ойлгодог. Бид аливаа зүйлийг дэндүү өнгөцхөн бодож амар хялбар аргаар амжилтад хүрэхийг улайрдгийн жишээ энэ. Гэтэл хятадууд бидний олж хараагүйг харж, бүр цаадхын цаадхыг нь тооцоол­чихсон сууна. Энэ ялгааг л нийтлэлээрээ харуулахыг бид зорьсон юм.
 
Үлгэр жишээ хүмүүс л иргэдийг төлөвшүүлдэг
 
  Огт соёл мэдэхгүй хөдөө тосгоны охидыг инээж сургана гэсэн Хятадын бодлого өнгөн дээрээ инээдтэй мэт боловч соёл иргэншлийн үе шатыг хэдэн алхмаар урагшлуулж байгаа хэрэг ажээ. Бусдыг нь мэдэхгүй байг л дээ, хамаагүй. Хамгийн түрүүнд ядаж инээгээд сурчихна гэдэг соёлтой нийгмийн хүн ардын наад захын зуршил гэнэ. Бодоод үз дээ, гудамжинд иргэд шүлсээ хаях нь уу, үгүй юү гэдгийг хянах бүхэл бүтэн байгууллага хүртэл бий болгож байна шүү дээ. Хэрвээ манайд ийм “коммунист” шаард­лага тавибал яах бол гэж бодогдоод явчихлаа. “Гараад байгаа шүлсийг би тэгээд яахийм” гэж омогтой нэг нь зад хэрэлдэж, шүүх цагдаадаа хүртэл асуудал хурцдаж мэдэх байх шүү. Манай­ханд тэр бүхнийг хүлээн авах сэтгэл зүй одоохондоо лав суугаагүй.
 
  Оочер сахиулдаг кампанит ажил өрнүүлж, энэ зуршлыг хэвшүү­лэх талаар бүр ярих ч хэрэггүй байх, зодоон болохоос наагуур, “алалцан” байж автобу­сан­даа суудаг хүмүүс чинь хажууд нь нэг юм самбар барьчихсан жон жон гээд байвал цохиж унагачихаад орох нь ээ сийхгүй шүү. Хотын соёл гээч зүйл манайхны хэдэд нь бий бол.
 
     Хөдөөгийн бүсгүйг догдлуулдаг хотын хархүү, хөрслөг эрчүүдийн зүрхийг хулгайлдаг дэгжин хүрээ бүсгүйчүүд хааччихав аа?
 
  Хүрээний гангачуудын тухай сонсоход домог шиг л санагддаг. Тэдний өмссөн зүүсэн, алхаа гишгээ, өндөр боловсрол, соёл, хүрээ хотдоо эзлэх байр суурь, бусдыг үлгэрлэн дагуулах чанар тэр үедээ л Монголыг өөд татаж явсан гэдэг. Хэчнээн залуус тэдний дууриалаар хүмүүжин гоёж, боловсорч, соёлжин, улс нийгмийнхээ төлөө сэтгэл, хүч чадлаа зориулж байсныг бид тоолж чадахгүй ч тийм иргэн олон олон байсанд итгэдэг.
 
  Чухам л хүрээний өнгө төрх, соёл, хөгжлийг гангачууд хэмээн нэрлэгдэх тэд тодорхойлж байлаа. Тэр утгаараа тэд жинхэнэ хотын иргэд байж. Эдүгээ тэгвэл өөрсдийгөө харцгаая л даа.
 
  Нийслэлд сүүлийн хэдэн жил хөдөөний иргэд маш олноороо суурьшсан. Ямар сайндаа л Улаанбаатарын хүн амын тоог тэд огцом өсгөж дарга нар яаран сандран, баяр бахдалтайгаар сая иргэнтэй хот хэмээн зарлаадхав. Харин нийслэлийн өнөө шинэ иргэд харанхуй бүдүүдэг байдал, хар бакалтайгаа хамт хотын маань өнцөг буланд үүрлэчихлээ. Тэдэнд хэн ч хот газрын соёл ийм, тийм байдаг гэж хичээл заасангүй. Хониныхоо бэлчээрт өмсдөг хөдсөн дээлтэйгээ хотын гудамжаар таахалзаж, соёлын төвийн бүжгэнд вальс эргэдэг зохиолын дуугаа шаардаж эхлэв. Засаг даргаа хүртэл хөрслөг бор царайтай, хөдөөний улаан хацартай эрээр сонгосон юм чинь юун тэр хүрээ соёл, хөдөө, хотын ялгаатай манатай.
 
  Улаанбаатар хот, хөдөө нь мэдэгдэхээ больтлоо саармагших боллоо. Хотын хөгжим, хотын соёл алга боллоо гэлцэж хүрээний хууччуул мянга үглээд хэн ч тоосонгүй. Одоо яваад үзээрэй л дээ, хотын төвийн дөчин мянга­тын байрны орц, аравдугаар хорооллын нэг байрны орцыг харьцуулаад хараарай. Дөчин мянгатынхан гэж ярьдаг, хүрээ гангачууд гэж алдаршсан дээхнэ үеийн сэхээтнүүд зангаа одоо ч тавиагүй. Орц нь гял цал хэвээрээ л байгаа вий.
 
  Аливаа улс оронд хөгжил дэвшилд үлгэр дуурайл боло­хуйц зүйл байна гэдэг алхам урагшлахын дохио хэмээн соёл­той орнууд сургадаг юм билээ. Хот дотор үлгэр жишээ ядаж ганц дүүрэг байвал бусад нь даган дуурайдаг гэнэ. Соёлтой иргэд олон байх тусам бусад нь төлөвших нь хялбар байдаг аж. Энэ нь л хотын соёлжих процессийг хурдасгах нэг арга нь болдог гэдэг шүү. Иргэншил гэдэг угаас өөрийн гэсэн замнал, цаг хугацаа үйл явцыг шаарддаг билээ.
 
“Crazy English” буюу хэл сургах хөшүүрэг
 
  “Муруй хазгай дуудсан ч бай хамаагүй, бид англиар ярина. Гэхдээ бид үүнээсээ хэзээ ч ичихгүй ээ” хэмээн чангаар хашги­ран алхаж яваа хятад залуусын нүдэн дэхь гал цог одоо ч тодхон харагдаж байна. Цагаан хэрмийн догол болгонд нэг нэг хүн суучихсан бүгдээрээ нэгэн дуугаар “Бид Хятадын ирээ­дүй” гэж англиар хашгирч байгаа хүмүүс хэл сурахаар үнэн сэтгэлээсээ тэмүүл­цгээж байлаа. Энэ бол “Crazy English” нэртэй Хятадын нэгэн барим­тат кинонд гардаг үйл явдал л даа. Хөдөө тосгоноос ирсэн залуухан хүү аль болох олон хүнд асар богино хугацаанд хэрхэн англи хэл зааж, орон даяар хөдөлгөөн өрнүүлж буй тухай энэ кинонд гардаг. Хоёр, гурван жилийн өмнө Монголд гарч байсан энэ киног олон хүн үзсэн байх аа. Англи хэлийг ард иргэддээ хэрхэн сургаж болдгийг гайхан биширч, бахархан харж байснаа санаж байна.
 
  Нэгэн үе хятад орон үнэхээр харанхуй бүдүүлэг, гадаад ертөн­цөөс тусгаарлагдсан гүрэн бай­лаа. Харин залуу хүү англи хэлээр дамжиж хөгжил дэвшилд хүрнэ гэдгийг иргэдэд ойлгуулж, тэгснээрээ асар олон хүний сэтгэл зүрхэнд мэдлэгийн гал асааж өгдөг. Цагаан хоолойгоор “Бид Хятадын ирээдүй мөн үү?”, “Англи хэл мэддэггүй мунхаг хятад хүн байж болох уу?”, “Хятад орон мандтугай” гэж чанга дуугаар хаш­гирч, түүний хэлсэн үг, үйлдэл бүр нь хүмүүсийг хөглөж, хэл сурах асар их эрмэлзэлийг төрүүлж байсан юм.
 
  Монголчууд англи хэл сурах гэж хичээх болсон. Халтар мултар гадарладаг болсон нь ч цөөнгүй л байх. Харин хэл сурах хөшүүрэг бидэнд алга. Хэдэн жилийн өмнө Элбэгээ ах англи хэлийг нэг­дүгээрт тавья гэж баахан уриалж, англи хэлний хөтөл­бөр гээчийг гаргаж бөөн юм болов доо. Хашгирсныхаа хэргийг хийж мань хүн өөрөө Харвард руу талийж, монголчууд аанай л бахь байдгаараа хоцорсон. Тэр хүн юу хийсэн бэ? Гарт баригдаж нүдэнд харагдах зүйл л лав алга. Хэрээ шиг гуагачиж, бүхний түрүүнд сенсааци дэгдээж явдаг түүний ээлжит шоу өнөөдөр ч үргэл­жилсээр байна. Иргэний холбооныхны гаргаж ирсэн “Эзэн Монгол” санааг хулгайлж, өөрийн идеа мэтээр хүмүүст ойлгуулж, бас болоогүй ээ 10 хөтөлбөрийнхээ тэргүүнд нь залчихсан тууж явах. Элбэгээ ч яамай, шаар нисгэдэг улс төрчдийн шоунаас ард түмэн үнэхээр залхжээ.
 
Эрмэлзлэл
 
  Хятад хүү хүмүүсийн зүрх сэтгэлд хэл сурах эрмэлзэл яаж бий болгож чадав аа. Хятадын Засгийн газраас хэл сур гэж ард түмнээ хүчээр шаардаагүй шүү дээ. Ингэхэд эрмэлзлэл гэж яг юуг хэлээд байна вэ?
 
  Хүн сэтгэлийн амьтан гэж бид ярих дуртай. Ямарваа нэгэн ажлыг хийхийн тулд сэдэл байх хэрэг­тэй. Зорьсондоо хүрч, амжилт байгуулахад ямар нэгэн хөшүүрэг байх хэрэгтэй бол тэр нь л эрмэлзлэл юм. Урмаар тэжээгдэж, урагш алхах эрч хүчээр хөглөгдөж байвал тэр чинээгээр шинэ бүтээл, шинэ амжилт гарах нь бий. Нөхрөө “Хар архичин, чиний л муугаас би ингэж амьдарч явна, чи л бүхэнд буруутай” гээд цаг ямагт хашгирч загнадаг бол эр нөхөр чинь хэзээ ч чиний хүссэн сайхан амьдралыг бий болгохгүй. Бат хүүгээ “Даалгавраа хийж чаддаггүй, улаан нойл” гээд загнаад байвал түүний хүү хэзээ ч онц сурахгүй, олигтой дүн авахгүй. Батын хүссэн шиг бас сайн хүн болж төлөвшихгүй.
 
  Эргэн тойрныхондоо, эхнэр нөхөртөө, хүү охиндоо эерэг сайхан энерги, эрмэлзлэл бий болгож бид чаддаг бил үү. Өөрөөр хэлбэл тэдний зүрх сэтгэлд гал асааж өгөх хэрэгтэй юм. Таны хэлсэн магадгүй ганц үг юу ч өөрчилж мэдэх юм шүү. Үг тийм л хүчтэй эд.
 
  Эрмэлзлэлийг нэг хүний зүрх сэтгэлд биш, нийтийн дунд яаж бий болгох вэ тэгвэл? Манай төр засаг хүүхдүүдээ яг Бат шиг загнадаг. Тулган шаардаж, шүүмжилдэг. Хэзээ ч эрмэлзлэл бий болгохоор зорьж байсангүй. Төр маань тулган шаарддаг байсан болоод хөгждөггүй, дэмж­дэггүй.
 
  Сэтгэлийн дуудлага, эрмэлз­лэл, ирээдүйд итгэх итгэл монгол­чуудад аль аль нь өнөөдөр алга байгааг бид харж байна. Тэгвэл төр нь өөрөө зөв бодлого явуулбал ард түмэн нь бэлэн байдгийн жишээг урд хөршийнхөн харуулж байна, цаана чинь. Юу бодож байна вэ?
 
Нийгмийн сэтгэл зүйг уриалах хүч Монголд алга
 
  Манайд Олимп болохыг, ямар нэгэн түүхэн цаг үе ирэхийг бид тэсвэр заан хүлээгээд байх уу гэдэг асуулт гарч байна. Дэлхийн олимп Монголыг маань даанч “тоохгүй” л дээ. Тэгвэл юугаараа далим­дуулж бид өсөж дэвжих вэ? Хятадууд шиг ийм ховорхон шаанс бидэнд олдоосой гэж бурхандаа залбирах уу? Ямар ч аргаар хамаагүй, хүчээр ч болтугай иргэддээ соёл иргэншлийн “тариа” шахах­сан. Тийм тариа европ, америкчууд үйлдвэрлэдэггүй юм байх даа.
 
  Иргэншлийн тухай сэтгүү­лийнхээ дугаар болгонд бид хэрэг болгон дуугардаг. Иргэншил, иргэншил! хэмээн улиг болтол уншигч­дадаа үглээд байгаа нь бичих зүйл олдохгүйдээ биш юм аа. Өнөөдөр иргэний хөдөлгөө­нийхний гарган тавьж байгаа асуудал, нийгмийн болохгүй бүтэх­гүй болгоны цаад талд “Иргэний ухамсар” гэдэг үг цухалзаж байгаа бий вий. Улс орон маань хөгжихгүй байгаагийн сэжүүр нь гарцаагүй ухамсартай холбоотой.
 
  “Муусайн хятадууд тэгж л байна биз, тэгээд яадгийн” гэх хүн захаас аван бий дээ. Бид ийм л хэнэггүй улс юм чинь. Төр засаг нь ч иргэддээ яг ингэж л ханддаг. Монголд нийтийг хамарсан, нийгмийн сэтгэл зүйг зөв, сайхан зүйлд чиглүүлэх тийм хүч үнэхээр алга. Төрд гарсан түшээд нь яавал хэдэн төгрөг цааш нь хийж, ууж, идэх вэ, яаж сонгуульд ялалт байгуулах вэ гэж бодохоос биш тэдэнд ард иргэдийн соёл иргэншил ёстой пад ч байхгүй.
 
  Ардчилал гарснаар бид олон зүйлд нүд нээгдсээн. Гэтэл иргэдийнхээ ухамсрыг дээш­лүүлэхийн төлөө энэ 18 жилд төр юу хийсэн билээ? Саяхан манай нэг нэрт нийтлэлч өгүүлэл бичжээ. Намын нэрээр амьдарч сурсан, өөрсдийгөө бодохоос өрөөл бусдын төлөө явж сураагүй тийм л хүмүүсийг дахиад арван жил энэ суудалд нь дархалж үлдээх гэсэн түүний санаа иргэний байр суурийг дэмждэг хүмүүсийг ихээхэн гонсойлгосон юм. Иргэ­дийн­хээ ухамсрыг дээшлүүлж байж иргэнших процесс хурдан явагддаг гэдэг. Гэтэл манайд эсрэгээрээ, нам шүтэгсэд, нам төв­тэй үзэл бодол хэр газар авсныг энэ нийтлэл харуулсан.
 
  Шороон түмэн хятадууд нам, эвсэл хар шар гэж талцахгүйгээр нэгэн зүйлд тэмүүлцгээж байна, цаана чинь. Манай дээдчүүлээс илүү тэдний толгой илүү ажиллаад байгааг, улс орны нүүр царай нь өдрөөс өдөрт өнгөжөөд байгааг зүгээр л хар цагаан дуугүй хараад л сууж байх уу? Хор шар байна даа, уур чинь хүрэхгүй байна уу?
 
“Хүрээ соёл” хэнд юу өгсөн бэ?
 
  Хот, хөдөөгийн соёл холилд­сон, саармагжсан иргэдтэй нийслэлд энэ нэр уг нь чихэнд тун чимэгтэй сонсогдож гарч ирсэн. Төрөөс ийм арга хэмжээ зарлаж дориухан хөрөнгө хаялаа гэж дуулдсан. Үнэндээ иргэд жинхэнэ “Хүрээ соёл” одоо л нэвтрэх нь гэж ихээхэн найдаж байсан ч байж мэднэ. Гэтэл энэ “Хүрээ соёл” ямар утга агуулгатай байсныг хэн ч мэдсэнгүй. Гудамжинд шүлсээ хаядаг, оочер дайрч, замбараагүй чихцэлддэг иргэдийн муу зуршлыг халахад чиглэгдсэн арга хэмжээ болж чадсан бил үү? Хэдэн байшингийн өнгийг хувиргаж, нийтийн тээврийн хэрэгслийн урд нүүрэнд салбайж урагдтал лоозон өлгөснийг эс тооцвол хийсэн ажил нь хэнд ч харагдалгүй чимээгүйхэн өнгөрсөн.
 
  Бид ийм л юм хийжээ. Ор, нэр төдий хийснээсээ хийгээгүй нь ч дээр байж уу. Саяхан болж өнгөрсөн түүхт ойгоо яаж тэмдэглэснээ эргэн саная л даа. Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойг угтан өч төчнөөн ажил хийлээ, санаачиллаа гэцгээж байсан. Их эзэн Чингис хааны хөшөө, төрийн ёслол хүндэтгэлийн өргөөний цогцолборыг анх төсөвлөсөн хөрөнгөнөөсөө хэд дахин их мөнгөөр “зодож” хийснийг жирийн иргэд мэдэхгүй. 7.5 тэр бум төгрөгөөр барихаар шийдвэр гарч Их Монгол Улс байгуулагд­саны 800 жилийн ойгоор, 2006 оны долдугаар сарын 11-нээс өмнө бэлэн болгохоор зарласан. Гэтэл ойн өдрөө ногоон гивлүүрийг нь түр авч, нүүрэн талыг нь харуулаад маргааш нь буцаагаад бүтээчихсэн гээд бод доо. Энэ барилга өнөөдөр ч бүрэн ашиглалтад ороогүй хэвээр байгааг бид харж байна. Нийтдээ 21 тэр бум төгрөг /Бас барилга дээрээс унасан хоёр хүний амиар/-өөр энэ барилга босох тооцоо гарч байгаа.
 
  Ойд зориулж хэрэгтэй, хэрэггүй зүйл маш олныг хийсэн. Ойн “нэрэмжит” баахан архи гаргасан. Гадаадынхан ирэхэд ундуй сундуй зам талбай, гивлүүртэй Чингисийн цогцолбор, олигтойхон жорлон ч байхгүй нийслэл л угтсан. Олон нийтийн чанартай, хүмүүст хүртээлтэй ажил юу үлдэв гэж эргээд та бод доо. Олон жишээ яриад яахав, их ойгоо бид хэрхэн тэмдэглэсэн бэ гэдгээр л төрийн бодлого цааш явахаа больсныг, ард иргэдийнхээ төлөө юм хийх цаг болсныг харж болохоор байна.
 
Ичихгүй байна гэдэг нүгэл
 
  Ичихгүй байна гэдэг бол бурханы шашны ёсонд айхавтар том нүглийн тоонд зүй ёсоор ордог гэдэг. Манайхан ичих нүүрээ элгэндээ наачихсан гэж ярьцгаадаг шүү дээ. Тэгвэл яах аргагүй бид тийм болцгоочихсон юм биш үү. Муухай байгаадаа бид ичихээ больчихож. Муу зуршилтайгаа нуухаа ч бүр байж. Гадны гийчдийг ирэхээр хогондоо дарагдаж, хортой агаараа сэнгэ­нүүл­сэн шигээ хээв нэг сууж байдаг болсон юм биш үү.
 
  Гэтэл манайхаас бусад оронд ард түмэн нь олуулаа нийлж, хамтдаа нэг зүгт харахаараа сайн үйлс бүтээж, хөгжиж дэвшдэг аж. Харин манайхан олуулаа нийлэхээрээ идэж ууцгаадаг, нам болж талцаж, нэг нь нөгөөгийнхөө бөгсийг ухдаг, барьж байгуулсан бүхнээ нураан цөлмөдөг, хамгийн гол нь ичихээ байчихдаг юм байна. Би ганцаараа тэгээ юү, бүгдээрээ л мөнгө хумсалдаг биз дээ. Ямар авлига авсан нь ганцхан би биш. Тэгж ярих юм бол бүгд л “но”-той ш дээ гээд л нэг нь нөгөөтэйгөө барьцаж, мөчөөрхөж, улаан цагаандаа гарцгаачихаж.
 
  Иргэншил хөгжлийн асуудал явж явж олон түмний ухамсар руу чиглэгдэж байгааг энэ бүхнийг уншиж суугаа та анзаарсан байх аа. Хөгжье гэж үнэхээрийн тэмүүлж байгаа, асар олон арга хэмжээ зохион байгуулж байгаа Хятадын энэ үйл явдлаас бид ухамсартайгаар ойлгож үлдье. Бидэнд нийтийн ухамсар бий шүү дээ. Хамтдаа хөгжье, соёл иргэншилд хөл тавья, тэмүүлж суръя, тэгэхдээ бүр сайхан амьдаръя л даа.
 
Г.Оюунгэрэл, А.Цэрэнчулуун
2008 он