Манай ардчилсан төр улсад маань огтын хамаарал­гүй ч нэг талаас мэдээ­лэх үүднээс, нөгөө талаас санаа сургамж авахуулах хэтийн зорилгоор одоо цагийн нэгэн сонин түүхийг дор засваргүй буулгалаа. Манай улсад монгол хүний чанар чансаа доройтож, хийж бүтээх нь хэт тэгш бус, боловсролгүй, мэргэжилгүй, ажилгүй хүн нийгэмд маань дэндүү олон байгаа, гэмт хэрэг огтоос буурахгүй гэхчлэн сөрөг талаас нь авч үзвэл дараахи ангилал Танд нэгийг бодогдуулж юун магад.
 
  1957 онд СХН-ын Төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооноос “Хувьсгалын эсэргүү элементүүдтэй хийх тэмцлийг бүх ард түмний, бүх намын хөдөлгөөн болгож өөрчлөх тухай” тогтоол баталснаар Хойд Солонгосын бүх хүн амыг хамар­сан цэвэрлэгээ, шалгалт, хянал­тын сүлжээг буй болгож, тотали­тари сталинч дэглэмээ институц­чилжээ. Эл тогтоолын дагуу тэд 22 сая хүн амаа гурван бүлэгт хуваав. “Дайсагнагч хүчин”, “Төвийг сахигч”, “Найрсаг хүчин” гэх энэ ангиллаар бол эхний хүчнийг устгах ёстой ба энэ бүлэгт
1) Өмнөд Солонгос руу дүрвэсэн хүмүүсийн гэр бүл,
2) Газрын эзэн, худалдаачин, лам явагсад, тэдний гэр бүл,
3) Дайны үед өмнөд солонгосын цэрэгт олзлогдогсод, тэдний гэр бүл,
4) Японы эзэгнэлийн жилүүдийн төрийн албан хаагчид, тэдний гэр бүл,
5) Шоронгийн ялтан, тэдний гэр бүл,
6) СХН дахь фракцынхан, тэдний гэр бүл гэж зургаа ангилан цэвэрлэгээний шүүл­түүрээр оруулжээ.
 
Харин найрсаг хүчин гэдгээ
1) Амь эрсэдсэн хувьсгалчдын гэр бүл
2) Амь эрсэдсэн цэргийнхний гэр бүл
3) Кадр ажилтан, тэдний гэр бүл хэмээн гурав ангилан их жолоодогчийн халамж үзүүлэх жишээтэй.
 
  СХН-ын Төв хорооны дээрхи лут тогтоолыг дэмжиж Засгийн газраас №149 тогтоол баталж, дайсагнагч хүчнийг хэрхэх тухай нарийвчлан зааж өгсөн ба 1961 он гэхэд тэднийг нийгмээсээ шахаж дуусчээ. 1964 онд СХН-ын Төв хорооны бүгд хурлаас “Хүн амын янз бүрийн давхарга, бүлгүүдтэй зохиох ажлыг цаашид эрчимжүүлэх тухай” тогтоол баталж, нөгөөх “Дайсагнагч хүчин”, “Төвийг сахигч”, “Найрсаг хүчин” гэх гурван бүлгээ задалж 51 бүлэг болгожээ. Найрсаг гэдэг нь “Үндсэн” гэсэн нэртэй дотроо 12, төвийг сахигч гэдэг нь “Тээнэгэлзэгчид” гэсэн нэртэй дотроо 9, дайсагнагч нь 30 бүлэг болж задраад энэ шүүлтүүрийн цаана үлдэх нэг ч иргэн БНАСАУ-д үлдээгүй байна.
 
“Үндсэн” – 12
 
1) Ажилчин, түүний гэр бүл
2) Барлаг тариачин асан, түүний гэр бүл
3) Ядуу тариачин асан, түүний гэр бүл
4) Төрийн албан хаагч
5) СХН-ын гишүүн
6) Хувьсгалт тэмцлийн тулалдаанд ам эрсэдсэн хувьсгалчдын гэр бүл
7) Хувьсгал, үндэсний эрх чөлөөний хөдөлгөөнд ам эрсэдсэн хувьсгалчдын гэр бүл
8) Хувьсгалт сэхээтнүүд (зөвхөн чөлөөлөгдсөнөөс хойш боловсрол эзэмшсэн байх ёстой)
9) Дайны үед амь үрэгдсэн энгийн иргэдийн гэр бүл
10) Солонгосын эх орны дайнд амь үрэгдсэн дайчдын гэр бүл
11) Цэргийн албан хаагчдын гэр бүл
12) Дайны баатрууд “Тээнэгэлзэгчид” – 9
13) Жижиг худалдаачин асан
14) Дунд худалдаачин асан
15) Жижиг гар урчууд асан
16) Жижиг үйлдвэрийн эзэн асан
17) Үйлчилгээний салбарт жижиг үйлдвэрийн эзэн асан
18) Үйлчилгээний салбарт дунд үйлдвэрийн эзэн асан
19) Солонгосын дайны үед Өмнөд рүү гарсан иргэдийн гэр бүл, гэхдээ Хойд Солонгосын улс төр, төрийн байгууллын эсрэг ямар нэг хэрэг хийгээгүй байх ёстой
20) Дунд тариачин асан
21) Өмнөд Солонгосоос ирээд фракцын тэмцэлд оролцож явсан этгээд “Дайсагнагч” – 30
22) Нийгмийн гарал нь сэжиг бүхий ажилчин
23) Нударган баян асан
24) Жижиг дунд капиталын төлөө­лөл – худалдаачин асан
25) 1946 онд газрын реформ хийх хүртэл 0.99 га талбай эзэмшиж байсан нударган
26) Япон, Америкийн төлөө үйл ажиллагаа явуулж байсан этгээд
27) Японы эзэгнэлийн үед Японы засаг захиргаанд ажиллаж асан харгис түшмэд
28) Нийгмийн гарал нь сайн, гэвч гэмт хэрэг үйлдсэн, эсвэл Өмнөд рүү зугтсан этгээд
29) Дайны үед Өмнөд рүү дүрвэсэн, нийгмийн гарал нь сэжиг бүхий этгээд
30) 1950-иад онд Хятадаас ирсэн хятадын солонгос
31) 1960-аад онд Японоос ирсэн японы солонгос
32) Өмнөдөөс дүрвэн ирэгсэд, гэвч 21 дүгээр ангилалд багтах ёсгүй
33) Чөлөөлөгдөхөөс өмнө боловс­рол эзэмшсэн сэхээтнүүд
34) Протестант шашинтан, шүтлэг­тэн
35) Буддист шашинтан, шүтлэгтэн
36) Католик шашинтан, шүтлэгтэн
37) Орон нутгийн күнзийн шашинтан, шүтлэгтэн
38) СХН-аас хөөгдсөн этгээд
39) Албан тушаалаасаа хөөгдсөн кадр ажилтан
40) Дайны үед нутагтаа Америк, Өмнөд Солонгосын цэрэг, цагдаа, төрийн аппаратад ажиллаж асан 41) Шоронгийн ялтан, түүний гэр бүл
42) Тагнуулын байгууллагатай хол­боо­той этгээд, түүний гэр бүл
43) Намын эсрэг, хувьсгалын эсэр­гүү, фракцын элемент
44) Улс төрийн хэрэгт шийтгэгс­дийн гэр бүл
45) Улс төрийн хэрэгт шийтгэгдээд хугацаанаас өмнө суллагдагсад
46) Хулиган танхай этгээд
47) Сэжиг бүхий эмс - бөө удган явсан, хормойн донтон, биеэ үнэлэгч
48) Хулгай, шамшигдуулалт, эдийн засгийн бусад гэмт хэрэгт шийтгэг­дэж байгсад
49) Тэнгэрийн замын залуу нөхөд намын гишүүн асан
50) Ардчилсан Намын гишүүн асан
51) 1946 онд хөрөнгөө хураалгасан хөрөнгөтнүүд
 

 
  Нийт хүн амыг хамарсан цэвэрлэгээ, шалгалт, хяналтын сүлжээний сонгодог загварыг энд жишээллээ. Загвар нь загвар л юм. Гэхдээ арай хэтрүүлсэн байна. Хойд солонгосчуудын ажил­саг хөдөлмөрч, сахилга, зохион байгуулалттайг гайхан гайхан бид 5000 барилгачныг нь авах гэж байгаа. Тэдний сайн талыг ийм 51 категори нь хөгжүүлж өгчээ.
 
  Уншигч Та энэ шүүлтүүрээр өнөөгийн монголчуудаа байршуу­лаад нэг үзээрэй. Мал сүрэг 40 саяыг давлаа гээд зөв тоолоод байдаг, гэтэл хичнээн хүн манай улсад аж төрдөг вэ, хэн хэн хаана суудаг вэ гэхлээр модоо барьчих гээд байдаг. Түүнийг гэтэлгэхэд ийм ангилал хүн ам дээрээ хийвэл илүү үр дүнд хүрэх юм биш байгаа?
 
  Нийгэм хүчтэй, тогтвортой байх ёстой, нийгмийн гишүүд нь идэвхтэй амьдардаг, ялангуяа манайх шиг жижиг үндэстэн бол маш хэрсүү, ухаалаг, овсгоотой, цуцалтгүй хөдөлмөрлөдөг бай­мааж нь хатуу ширүүн энэрэл­гүй ертөнцийн өрсөлдөөнд (даяарш­лыг хэлэв) тэсч үлдэх төдийгүй, ялж гарна гэсэн эцсийн санаа энэ нийтлэлээс Танд үлдээсэй!!!
 
Проф. Олхонуд Д.Баярхүү