Та хэн нэгнийг ямар нэгэн арга хэмжээнд урих болжээ гэж бодъё. Эсвэл Таныг хэн нэгэн нь урьжээ гэж бодъё. Та лав амьдралдаа маш олон урилга авч үзсэн дээ. Тэр бүгдийг тооцоод байх нь юув. Гэвч урилга цуглуулдаг хоббитой хүн алийг тэр гэхэв. Цуглуулга талаасаа бол нэг хэрэг, харин юунд яах гэж цуглуулж байгаа, тэр цуглуулга нь хожим хэрэг болдог талаасаа бол бас нэг хэрэг. Урилга бол дэндүү олон янз, хуримын, найрны, сүүлчийн хонхны баярын, хурлын, хүлээн авалтын… гээд жагсаагаад байх нь энд гол биш.
 
  Урилга гэдэг бол юуны өмнө уригч тухайн байгууллага, албан тушаалтны тухай анхны мэдээллийг өгдөг. Учир нь урилга дээр албан байгууллага, албан тушаалтны нэр, юунд зориулсан, ямар арга хэмжээ, хаана, хэдэн цагт болох тухай бичигддэг нь зүй. Хэрэв Танд урилга ирсэн бол юуны өмнө уригч цаад байгууллага ямар байгууллага болох, өөртэй чинь ажил төрлийн ямар холбоотойг эргэцүүлэн бодох хэрэгтэй. Хүлээн авсан урилгадаа дүн шинжилгээ хий гэсэн үг. Дараа нь урьж байгаа хүн нь хэн бэ, өөртэй чинь ажил төрлийн ба хувийн холбоо харилцаатай бил үү, эсвэл хүндэтгэлийн үүднээс урилга ирүүлэв үү гэдгийг тодруулах хэрэгтэй. Үүнээс гадна уг урилгыг ямар тохиолдлоор, юунд зориулсан болохыг сайтар нягтлан үзэх хэрэгтэй. Энэ бүхний эцэст уг арга хэмжээнд оролцох эсэх шийдвэрээ гаргана.
 
  Аливаа арга хэмжээний урилгыг аль болох эрт тарааж хүргэхийг хичээх ёстой. Хүмүүс өөрийнхөө ажлыг дор хаяж 7 хоно­гоор төлөвлөж, график гарга­сан байдаг. Ялангуяа төрийн түшээд, сайд дарга нарын ажлын ачаалал их байдаг тул тэднийг оролцуулах арга хэмжээний урилгыг аль болох эрт хүргүүлэхийг хичээх нь зохимжтой.
 
  Ер нь олон хүн хамарсан хүлээн авалт, зоог зохиовол тараах урилгын тоо, яг ирэх хүний тоог маш нарийн зохицуулах ёстой. Монголоос өөр газар бол хүлээн авсан урилга болгон руу ухасхийж, заавал оролцох гэдэггүй тул 2 дахин их урилга тараагаад түүнээсээ 2 дахин цөөн хүн хүлээн авах нь түгээмэл практик юм. Ийм байдлаар хандах нь юув, гэхдээ л бодолцох учиртай.
 
  Манайхны тухайд бол урилга бүрийг хоцроохгүй очихыг бодоод байх шиг. Жишээ нь аль ч УИХ-ын үед түгээмээл ажиглагддаг дутaгдал бий. Төрийн түшээд бол албан үүргээ гүйцэтгэж байгаа үедээ хувь хүн гэдгээсээ илүүтэй төрийн хүн гэдгийг бодол­цож байх ёстой. Энэ утгаараа төрийн болон гадаадын байгууллагуудаас зохиож буй аливаа арга хэмжээнд тодорхой зохицуулалттайгаар оролцож байх учиртай юм. Ингэж зохицуулах үүргийг Төрийн Ёслолын алба, ГХЯ-ны Ёслолын хэлтэс гүйцэтгэж ирсэн. Гэвч төрийн түшээдийн зарим нь энэхүү зохицуулалтад дургүйцэх, үл тоомсорлох байдал гаргадаг тохиолдол ч бий. Ингэж зохицуулах нь тухайн хүний эрхийг хасч байгаа хэрэг биш. Харин төрийн түшээдийн нэр төрийг хамгаалж, тэдний албан тушаалын өндөр зэрэглэлийг харгалзан үзэж, тухайн арга хэмжээний ач холбогдлыг тооцсоны үндсэн дээр хийж буй зүй ёсны зохицуулалт юм.
 
  УИХ-ын зарим гишүүн «Улаанбаатар дахь гадаадын ЭСЯ-даас ирсэн урилгыг зохицуулах нэрийдлээр ёслолынхан авчихаад биднийг оролцуулахгүй байна» гэж гомдоллон, дээрээс нь лантуудах, дарамтлах, нарийн бичгийн даргаараа дамжуулан ЭСЯ-наас нь урилга ирүүлэхийг хүсэх, ганцаараа уригдсан байтал эхнэрээ дагуулж очих зэргээр ёслолын практикийг зөрчих нь харагддаг.
 
  Иймэрхүү гаж практикаас харахад, тус улсад суугаа аль нэг ЭСЯ өөрийнхөө үндэсний баярыг тохиолдуулан манай улсын удирдлага, УИХ-ын 76 гишүүн, бүх сайд, яамдын төрийн нарийн бичгийн дарга нар, агентлагийн захирлууд гэх зэрэг албан тушаалтныг бүгдийг урьж байгаа. Үүнээс гадна урих ёстой найз нөхөд, ажил төрлийн холбоотой зөндөө хүн байдаг. Ингэж урих нь хүндэтгэл юм. Гэхдээ олон улсын хэмжээнд тогтсон бичигдээгүй хууль, заншлаар нийт уригдсан хүмүүсийн 60-80 хувь нь оролцоно гэж тооцож зохион байгуулалтаа хийдэг. Заавал бүгдээрээ оч гэсэн үг биш, чухам үүнийг л монголчууд хүлээн зөвшөөрөх дургүй.
 
  Надад тохиолдсон дээхний нэг жишээг энд зориуд эш татъя. Японы ЭСЯ-наас «Улаанбаатар» зоогийн газарт үндэснийхээ баярын хүлээн авалт зохион байгуулсны дараа Японы ЭСЯ-ны нэгэн дипломатч надад ингэж ярьж байв. Танайханд их баярлалаа. Засгийн газрын гишүүд бараг бүгд ирлээ. Манайд бол гадаадын ЭСЯ-ны арга хэмжээнд Засгийн газрын 1-2 гишүүн, парламентын 3-4 гишүүнээс илүү тоогоор өндөр албаны хүмүүс бараг оролцдоггүй, энэ бүхнийг ёслолын албаныхан зохицуулж байдаг. Харин Та бүхэн манай арга хэмжээнд их ач холбогдол өглөө. Манай арга хэмжээний үеэр Танай Засгийн газар хуралдаанаа хийчих боломж ч байсан шүү хэмээн тэрээр палхийтэл хэлж, би нүүр хийх газаргүй болж билээ. Хэрэг дээрээ тэр дипломатч “Дахин бүү ингээрэй!” гэж надаар уламжлан хэлсэнд гайхах зүйлгүй. Тэр өдөр манай сайд нар, УИХ-ын гишүүд ГХЯ-ны Ёслолын хэлтсийн зохицуулалтыг үл тоомсорлосноос тийм хэрэг мандсаныг би тодруулж мэдсэн юм.
 
  2005 оны эхээр шиг санагдана. Бас л би уригдсан арга хэмжээ. БНХАУ-ын ЭСЯ-ны Улс төрийн асуудал эрхэлсэн Зөвлөх нутагтаа бүрмөсөн буцах болоод үдэлтийн хүлээн авалт хийв ээ. Тэрээр ЭСЯ-ндаа бол хоёрдугаар тушаалын хүн нь, харин Хятадын ГХЯ-нд бол нэлээд доогуур зиндааны түшмэл л дээ. Урилгыг мэдээж яг ирнэ гэж тооцоолохгүйгээр тараажээ. Гэтэл манайхан хариуд нь яасан гэж санана. ЭСЯ-ны оройн зоогт морилж очсон эрхтэн дархтануудыг жагсаавал: ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга, Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүх зөвлөх, Ерөнхий сайдын зөвлөх, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд, Цагдаагийн Ерөнхий газрын дарга, Жанжин штабын орлогч дарга, ГХЯ-ны газрын хоёр дарга, энд зөвхөн дарга нарыг бичиж байна. “Counsellor”, “Adviser” гэдэг хоёр өөр үгийн утгыг үл танив уу гэж зовмоор юм болж билээ. “Counsellor” гэдэг нь дипломат албан тушаал, зарим тохиолдолд Элчин сайдын удаахи, ГХЯ-нд бол газрын дэд захирлын удаахи албан тушаал байдаг. “Adviser” гэхлээрээ улс төрийн албан тушаал болчихож байна.
 
  Урилга дээр бичсэн цагийг их анхаарах шаардлагатай. Зөвхөн эхлэх цагийг бичсэн байвал тэр л цагт нь л хүрэлцэн очихыг эрмэлзэх ёстой. Хэрэв цагийг 18.00-20.00 гэх мэт эхлэх, дуусах хоёр хязгаарыг тавьсан байвал заасан тэр хоёр цагийн дотор хэдийд очихоо Та өөрийн боломжоороо зохицуулаарай гэсэн үг. Гэтэл манайхны хувьд эхлэхэд нь очоод дуусгаж байж гарах мэт ойлгож байгаа нь нүдэнд сондгой харагддаг шүү.
 
  Арга хэмжээний цагийн хоёр хязгаарыг урилга дээр бичих нь жижиг байранд олон хүн оруулж, уригдсан бүх хүнд эзэн хүн анхаарал тавих боломж олгодог аятайхан хэлбэр л дээ. Түүнээс гадна урилгын зүүн талын доод өнцөгт R.S.V.P. гэж латин үсгээр бичсэн байдаг. Энэ нь Repondez s’il vous plait (хариу хүснэ) гэсэн франц үгийн товчлол юм. Ийм урилгад заавал хариу өгөх ёстой байдаг. Ихэвчлэн зэрэг зиндааг нь тохируулан суулгах нарийн хуваарьтай суугаа арга хэмжээнд ийм төрлийн урилга илгээдэг гэдгийг санаж байх ёстой. Тийм учраас уг урилгад гурваас доошгүй хоногийн өмнө хариуг нь өгөх шаардлагатай байдгийг анхаарах хэрэгтэй. Мөн урилга дээр өмсөх хувцсыг (хар зангиа, үдшийн гэх мэт) заасан байдаг. Үүнийг ч болгоож оролцох учиртай. Төлөөлөн оролцож болдог нэг практик бий. Жишээ нь байгууллагын даргаа эзгүй үед орлож байгаа бол, эсвэл зайлшгүй очих ёстой арга хэмжээ бол хэн төлөөлөн оролцохыг “Repondez s’il vous plait” –д хариу өгөхдөө бичгээр буюу утсаар мэдэгдэж болно.
 
  Урилгын хариуг бичгээр, эсвэл утсаар, мөн нэрийн хуудсаар өгдөг. Гэхдээ бичгээр өгөх нь хамгийн хүндэтгэлтэй бөгөөд нэрийн хуудсаар хариу өгөхөөс аль болохоор зайлсхийх нь соёлт ёсны практик аж. Концерт, кино зэрэг урлаг, соёлын арга хэмжээ, уулзалтад цагаас арай эрт очиж, суудлаа эзэлсэн байх нь зохимжтой. Тоглолт, үзвэр нэгэнт эхэлчихсэн хойно очоод хүмүүсийг бухимдуулан, сүүтгэнэн зүтгээд байхгүйг л хичээх нь зүйтэй. Нэгэнт хожимдсон бол орохгүй байх, эсвэл завсарлагаа буюу тоглолтын нэг үе дуусахыг хүлээзнэж байгаад суудлаа эзлэх нь дээр.
 
Дипломатч Олхонуд Д.Баярхүү