“Чухал” багшийн өгсөн нэлээн хэдэн англи текстийг “хомроголоод” сууж байтал “Сайн уу, чи манай хоёрдугаар курс байх аа?” гэж анх танилцсан бандийг Золбоо гэнэ. Манай сургуулийн 4-р курс юм байх. Удахгүй болох тэмцээний тухай асуугаад байгаа, яриад байгаа нь мэдэгдэхгүй, янз бүрийн юм ганцаараа үглэж гарав. Бодвол танилцах гээд л аргаа олж ядаж байгаа хэрэг. Цэвэрхэн, дундаж нуруутай, цагаан царайтай жирийн л нэг банди. Эв хаваа олохгүй ээрч муураад байхыг нь харвал тийм ч олон охинтой танилцаж байгаагүй бололтой. Удаан зовоогоод яахав “Ингэхэд чамайг хэн гэдэг билээ? Харж байгаагүй юм байна. Аль анги вэ? Танай анги тэмцээнд орох юм уу?...” гэж эхлээд цаг шахам ярилцлаа. Үгүй яахав, дажгүй шүү.

  Ингээд ангийн хэдэн охидын дунд бөөн яриа. Хэн бэ, юу вэ? Яасан бэ? гээд л... Тэгээд л маргаашнаас нь алба юм шиг хүн болгон шахуу чадах ядахаараа Золбоогийн тухай сайн муу мэдээлэл олж ирлээ. Заримынх нь хэлснээр бол би уржигдар танилцсан бандитайгаа аль хэдийнэ гэрлээд 500.000, хүүхэд гаргаад 300.000, дараа нь сар бүрийн 3000 төгрөг аваад “цөм” баяжих шахаж байгаа. Ихэр гаргачихвал бүр “ашигтай” гэнэ. Үнэхээр тэгж мөнгө өгдөг ч юм уу, үгүй ч юм уу мэдэгддэггүй энэ яриа оюутнуудын амнаас салахгүй юм даа. Ноднин лекцийн заалны ширээн дээр “Царайлаг охинтой гэрлэлтээ батлуулж 500.000 хувааж авна. Хөөрхөн бол 50:50, царай муутай бол 70:30-аар. Сайхан залуу” гээд биччихсэн байж билээ. Энэ мэтээр олон ч яриа гарсан даа. Магадгүй зарим тоглоом нь амьдрал болчихсон яваа хос байгаа ч юм билүү.

  Оюутны үерхэл ээ гэж. Ихэвчлэн нуршуу лекцийн хойд суудлууд, пирошкины урт оочер, коридорын жижиг сандлаас эхэлсэн шохоорхлын эхний шат сургуулийн гуанз, дунд зэргийн кафе, “Тэнгис” кино театраар үргэлжилнэ. Хэрвээ кино театрын харанхуйд, үгүй бол орцны сүүмгэр гэрэлд “ямар нэг юм болвол”, анхны болзоо амжилттай болж шохоорхол дараагийн шатандаа орно. Найзууддаа зарлаж, утаснаасаа утаа гартал мэссэж бичилцэж, лекцийн дэвтэртээ хайрын шүлэг бичиж, чаддаг нэг нь царайг нь зурж хичээлийн цагийг барна. Ингээд хүн бүрд мэдэгдсэн үерхэл багагүй хугацааны, ихэнх тохиолдолд охидын санаачилсан сорилтыг давах хэрэг гарна. Дотор гадаргүй шинжиж, шиншилсний дараа бие биендээ таалагдсан хэвээрээ байвал болж өгвөл залуугийн машинаар, болохгүй бол такси авч, ихэвчлэн хотоос гарч “гэрлэлтийн баталгаагүй эхнэр, нөхөр” бололцдог.

  Золбоогийн сургаар нийлдэг охидын дунд нэг өдөр хайр дурлалын тухай халуухан яриа өрнөлөө. Бүгд анхны болзоо, үнсэлт, ам нь халсан нэг нь анхны шөнийн тухай ч яриад амжив. Манайхны оношоор Валентины баяр сарын дараа болох гээд, “Михайлд нэг бодол бий” гэдэг шиг бүгд л дор бүрнээ “Байгаа онилчихоод”, алдчихвий гэсэндээ нүд цавчилгүй харж байгаа цаг. Тэгэхээр би “ан”, Золбоо анчин. Анчин анчиндаа туршлагагүй анчин гэнэ. Хашир анчид ядаж шинэ жилээс л нүхээ малтаж, овоо хараагаа тааруулах ёстой юм байх. Харин надад тэр ан хийх байтугай буу яаж барихыг ч мэддэггүй хүн шиг санагдсан. За тэгээд мөн ч бай, биш ч бай одоохондоо шархадчихмааргүй л байна. Хийх ажил, хичээлийн хажуугаар хайрын мананд хөвж, хий мөрөөдөж суухад зориулах цаг үнэндээ алга. Тэгээд ч хаа хамаагүй юмыг хамж шимж, тэмээ ямаа хоёрын дундаас тугал гаргаж, тэнгэр газар хоёрын байрыг нь сольчихсон явж байсан ч халуураад үргэлжлээд байдаг энэ охидын ярианд хэт автах бас хортой.