Life style булан цэцэг сонирхогч уншигчиддаа зориулан цуврал нийтлэл хүргэж байхаар шийдлээ. Нийтлэлийг маань Дөлгөөн блогынхон хөтлөн явуулах болно. Ингээд тэдний мэндчилгээг уламжлая.

      - Та бүхний энэ өдрийн амгаланг эрье. Цэцэг сонирхогчдод зориулж www.delgeen.blog.banjig.net блогийн Наутилас миний бие 10 хоног тутам тасалгааны цэцэг, хүнсний ногоог хэрхэн арчлах, тарих талаарх зөвлөгөөнүүдийг цуврал болгон хүргэж байх болно. Надтай харилцахыг хүсвэл миний хаяг bayaraasos@yahoo.com

 

      Эхний дугаараараа тасалгааны цэцгийн гэрэлтүүлгийн талаарх зөвлөгөөг хүргэж байна.

     Тасалгааны ургамал нь халуун, дулаан орноос гаралтай учир тарих орчин нөхцлөө сайтар сонгох нь чухал. Амьд амьтан хүнс хоолгүйгээр амьдарч чадахгүйн адил ногоон ургамал гэрэлгүйгээр удаан амьдарч чадахгүй. Ногоон ургамал нарны гэрлийг навчаараа дамжуулан хүлээн авч түүнийг хувирган өөрт хэрэгтэй шим тэжээл болгодог. Хангалттай гэрэл хүлээж авахгүй бол ургамлын өсөлт удааширч, жижигрэн өтгөн ургахаа больдог. Аз болоход ургамал гэрэл дутагдаж байгаагаа бидэнд мэдэгддэг. Тэр үедээ ургалт нь муудаж, гэрэлтэй зүг рүү сунаж ургадаг. Мөн цэцэглэх нь удаж зарим үед огт цэцэглэдэггүй. Энэ үед нь хангалттай услах боломжгүй болдог. Учир нь цэцэг хангалттай гэрэл авч чадахгүйгээс болж усыг шингээж дийлэхээ больж эцэст нь үндэс нь ялзарч үхдэг. Цэцэг бүрийн нарны гэрлийг хүлээн авах чадвар янз бүр байдаг. Нарны гэрэлд их дуртай цэцэгс байдаг бол сүүдэрт ургах дуртай цэцэгс ч бас бий.

Улирал бүр нарны гэрэл тусах тусгал нь өөр өөр байдаг. Өмнө зүг рүү харсан цонхон дээр навчаараа гоёдог ургамлыг зуны цагт тавих нь тохиромжтой байдаг бол, өвөл бүх цэцгэнд өмнө зүг рүү харсан цонх хангалттай гэрлийг өгч чадна. Зуны улиралд урд болон баруун зүг рүү харсан цонхон дээр нар их хурц тусдаг учир цонхныхоо наагуур гэрэл бууруулах хөшиг татаж өгөх хэрэгтэй. Улирал бүр цэцэгнийхээ байрлалыг /цонх/ нь сольж тавихаас татгалзаарай.

Урд зүг рүү харсан цонх

Өглөөнөөс үд дунд хүртэл нар тусдаг. Үлдсэн хугацаанд ч мөн хамгийн их гэрэлтэй байдаг тасалгааны цэцгэнд хамгийн тохиромжтой зүг рүү харсан цонхны байрлал юм. Энэ зүг рүү харсан цонхон дээр наранд их дуртай кактус мөн шүүслэг ургамал /succulent/ Зуун наст / Aloe /, Агава / Agave / , Мөнгөний мод зэрэгт их тохиромжтой. Мөн Сарнай, цитрусын төрлийн ургамлууд орно. Гэрэлд дуртай бүх ургамалд хамгийн сайн тохирох байрлал бол урд зүг юм.

         

Зүүн зүг рүү харсан цонх

Зүүн зүг рүү харсан цонхон дээр нар богино хэмжээгээр тусдаг боловч үлдсэн хугацаанд гэрэлтэй байдаг. Энэ цонх нь баруун зүг рүү харсан цонхыг бодвол илүү сэрүүн байдаг тул ургамлыг хэт халаахгүй сайн талтай байдаг. Гардения / Gardenia/ , Баримгана /Gloxinia/, Луугийн мод / Dracaena /, гэх мэт цэцэгст тохиромжтой. Навчлаг ургамал мөн цэцэглэдэг ургамал өтгөн ургана.

Баруун зүг рүү харсан цонх

Энэ зүг харсан цонх зүүн зүг харсан цонхтой нарны тусгал нь адилхан боловч ихэнх ургамалын хувьд энэ байрлал хэт халуун буюу тохиромж муутай байрлал юм. Алаг эрээн навчтай ургамалд нэн тохиромжтой. Халганай / Coleus / , Маранта / Maranta/ Куфея / Cuphea / гэх мэт цэцэгст тохиромжтой байдаг. Навчаараа гоёдог мөн цэцэглэдэг ургамал өтгөн ургана.

Хойд зүг рүү харсан цонх

Энэ зүг рүү харсан цонх руу нарны тусгал шууд тусдаггүй. Гэхдээ улирлаас шалтаалан өдрийн турш гэрэлтэй байх нь бий. Нарны гэрэл шаардах нь бага , сүүдэрт дуртай ургамалд тохиромжтой. Гажнай / Monstera / , Удамбор / Ficus / Сүүт өвс / Poinsettia / Зидрагалиг буюу мөлхөө цэцэг / Peperomia / гэх мэт цэцэгс орно. Энэ зүг рүү харсан цонх навчлаг ургамалд тохиромжтой бөгөөд цэцгээ цонхонд аль болох ойр байлгавал зүгээр.

Хэрвээ та өрөөний гэрэлтүүлгээ нэмэхийг хүсвэл

1. Цонхоо байнга угааж цэвэрхэн байлгах

2. Гэрэл хааж болох торон болон туузан хөшгөө гэрэл хаахааргүй болгож татах

3. Цонхонд ойр байгаа бараан өнгийн гэрийн тавилга нь нарны гэрлийг ихээхэн хэмжээгээр шингээдэг тул, цонхноос холдуулах , эсвэл цагаан болон цайвар өнгийн тавилга тавьж өгөөрэй.

Байгалийн бус гэрэлтүүлэг

Тасалгааны ургамлыг байгалийн бус гэрэлтүүлэг буюу зориулалтын цахилгаан чийдэнгийн гэрэлтүүлгэн доор мөн ургуулж болдог. Өвлийн улиралд гэрэл дутдаг учир өдрийн гэрлээр “тэжээвэл” зохимжтой байдаг. Гэхдээ нарны гэрэлтэй ойролцоо дулаан болон гэрэл гаргадаг өдрийн гэрэл болон галоген буюу сүүн гэрлээр гэрэлтүүлбэл цэцгийн ургалт сайжирдаг. Зориулалтын гэрлээр өдөрт 12-14 цаг гэрэлтүүлэхэд хангалттай. Үүнээс илүү халаавал ургамал халах магадлалтай. Зориулалтын бус бүдэг гэрэл цэцэгний ургалтыг удаашруулдаг бол хэт хурц гэрлээр шарвал цэцэг түлэгдэх аюултайг анхаараарай.