Уг нь хүний халаас руу өнгийх нь бүдүүлэг л дээ. Гэхдээ өнгийхөөс өөр аргагүй болвол та яах вэ. Төрийн өндөр алба хашиж байгаа нөхдүүд өөрийн ба улсын халаасыг санаатай, санаандгүй “андуураад” байдаг тул тэдний халаас руу өнгийх эрхийг хуульчилсан. Одоо тэд өөрийн өмч хөрөнгийг нэгд нэгэнгүй тоочиж мэдүүлэх үүрэгтэй. Тиймдээ ч бид өнөөдөр “...энэ нөхөр чинь худлаа бичсэн байна. Байгаль сүйтгээд эсвэл хүмүүс хордуулаад байгаа гэж хэл аманд өртөөд байгаа компаниа хүн мэдэхгүй гэж орхиж байгаа юм байх даа...” гэх юм уу эсвэл “...өө, манай аварга чинь бөхийн сургуулиа жагсаалтандаа оруулахаа мартчихсан байна шүү дээ. Тийм том сургуулийг тоохгүй мартахаар баяжсан юм уу...” гэж боддог, хэлэлцдэг эрхтэй болсон билээ. Энэ бол нэг том алхам. Гэтэл улсын хөрөнгийг маш их хэмжээгээр зувчуулдаг гэж хардагддаг байгууллагуудын хувьд яах вэ?

  Хэрэв та бүхэн санаж байгаа бол 1996 оны сонгуульд Хувьсгалт намын гишүүд сурталчилгаандаа явж байхдаа фургондоо чихэлдэж, ядарч зүдэрч байхад ардчилсан намынхан жийпээр явж байна гэж атаархаж байсан. Тэр далимандаа өөрсдийнхөө шударга, ардчилсан намынхны идээчин, уугаачныг гайхахаа мартаагүй. Харин 2000 онд төр, засгийн эрхэнд гарсан “улаан хувьсгалчид” 2004 оны УИХ-ын сонгуулийг яаж явуулсныг бүр мартахын аргагүй. Энд тэндгүй өндөр технологи ашиглан хэвлэсэн том том зурагнууд. Байшин болгон дээр малийсан хүн. Бараг нүдээ аньсан ч харагдаад байхаар. Хэдхэн жилийн дотор энэ нам яаж хагартлаа баяжчихав аа? Хэрвээ тусгай арга ухаан байдаг бол өдрийн хоолныхоо төлөө бүхнийг умартан, ядарч зүдэрсэн ард олондоо зааж өгч туслаач.

  Харамсалтай нь, хүмүүст заагаад байхаар ид шид, уншлага шившлэг үгүй бололтой. Зүгээр л “мөнгө хөрөнгө үл хайрлан төрийн эрхийг олж ав тэгээд шархаа нөхөж төрийн өмч, хөрөнгөнөөс хүссэнээрээ хулгайл. Харин намтайгаа тодорхой хэмжээгээр хуваалцахгүй бол арыг чинь нам даахгүй шүү” гэдэг тэдний зарчим гэж хүмүүс тайлбарлаад байгаа. Үүнийг нотлох буюу үгүйсгэх баримт байхгүй юм. Үүнийг намынх нь санхүүг шалгахаас өөр аргаар тайлах аргагүй. Дээр нь нийгэмд Хувьсгалт намын санхүүтэй холбоотой хар төрүүлэх хэрэг тун олон гараад байгаа. Үүний энгийн жишээ нь, Гаалийн Баатар. Намдаа зуун сая төгрөг хандивласныг нь баталгаажуулж намын удирдлагаас нь бичиг хийж өгснийг санаж байгаа байх. Мөн хадгаламж зээлийн хоршооны, “Хадгаламж” банкны хэргүүдийн мөр ч Хувьсгалт намын цагаан байрны үүдэнд очоод мөр нь балардаг гэж хүмүүс ярьцгаадаг. Харин энэ талаар МАХН санхүүгийн тайлангаа үзүүлж байгаад ямар нэгэн тайлбар хийж үгүйсгэсэнгүй. Хэдийгээр өөрсдөөсөө зайлуулдаг ч хүмүүс тэдний оролцоо байгаа гэдэгт итгэдэг. Гэтэл тэд баталгаатай зүйл хэлж чадахгүй, улаан цайм дуугүй байсаар. Дуугүй байх зөвшөөрсний тэмдэг гэдэг сэн, тийм биш гэж үү?

  Хувьсгалт нам 161 мянган гишүүнтэй гэдэг. Намын дарга нар нь яг тодорхой тоо хэлчихвэл гишүүд нь цөөрнө гэсэн мухар сүсэгтэй бололтой. Тодорхой, батлагдсан тоо хэлэхээс цээрлэдэг, аль болохоор зайлсхийдэг. Бас жил ирэх бүр л хорогдохгүй өсөж байдаг болохоор үхэшгүй мөнхийн увидастай хүмүүс л Хувьсгалт намд ордог бололтой. Харин тэдгээр гишүүдийн намдаа оруулж байгаа хувь нэмэр хэд вэ? Бага буюу орлогогүй гишүүд нь жилд 1200 төгрөг. Харин ажилтай бол цалингийн нэг хувь. Ингэхээр хамгийн багаар бодоход, гишүүдээсээ 193 сая 200 мянган төгрөг цуглуулж байна. Үүгээр тогтохгүй. Сонгуульд 193 горилогсдын 20 сая, нийт дүнгээрээ гурван тэрбум 860 сая. Бас УИХ суух гишүүдийнхээ тоогоор 39 хүний тус бүр 10 сая, нийтдээ 390 сая төгрөг. Ингэхээр зөвхөн албан ёсоор, хамгийн багадаа, жилдээ 4,5 тэрбум төгрөгийг цуглуулж байна. Үүнд би хувь хүн, албан байгууллагуудын хандив тусламжийг оруулсангүй. Бас монголчуудаас луйвардаж авсан том том байрнуудын түрээсийн орлогыг оруулаагүй. Том, жижиг сонгуулийн хандив гэж аймаар. Энэ бүхнийг оруулбал, манай улсын төсөвтэй жишихүйц хэмжээтэй болно. Ардчилсан нам үүнээс тоо, хэмжээгээр ялгагдана. Бүх зарчим нь адилхан. Саяхан АН-ын дарга нам нь 140 мянган гишүүнтэй гэж мэдэгдсэн. Тэгэхээр та 140 мянган гишүүдийн татвар, хураамжийг тооцоод үз дээ.

  Мөн төрийг рекэтлэж, аль болохоор өөрийн сурталчилгаа болон бусад ажилд улсын хөрөнгө сүйтгэнэ. Гэхдээ үүнийг байх ёстой зүйл шиг баярхана. Баярхах тусмаа Монголын хөрөнгө рүү гараа дүрээд байдаг. Бирдээ, бирд. 2007оны сүүлээр болсон Их хурлаараа Хувьсгалт нам анхан шатны байгууллагынхаа дарга нарыг цалинжуулахаар шийдсэн. Энэ мөнгөө хаанаас гаргах вэ? Гэтэл, “тун санамсаргүйгээр”, 2008 оны төсөвт төрийн албан хаагчдын тоо огцом өссөн. Энэ тохиолдол уу?

  “Улс төрийн намуудын тухай” хуулинд “Нам нягтлан бодох бүртгэл болон санхүүгийн анхан шатны баримт хөтлөөгүй, санхүүгийн тайлан, мэдээллийг үнэн зөв, хугацаанд нь гаргаагүй, санхүүгийн тайлан, нягтлан бодох бүртгэлийн баримт болон санхүүгийн тайланг Архивын тухай хуулийн дагуу хадгалаагүй тохиолдолд холбогдох хуульд заасны дагуу хариуцлага хүлээнэ” гэж заасан байгаа. Өнгөц харвал, их л шударга юм шиг. Харин хуулийн хариуцлага гэхээр ямар том яланд унадаг бол гэж сонирхоод харсан чинь “Нягтлан бодох бүртгэлийн тухай” хуулийн 23.1.2.-т “аж ахуйн нэгж, байгууллага нягтлан бодох бүртгэлийг хөтлөөгүй, санхүүгийн тайлан гаргаагүй бол холбогдох албан тушаалтныг 30000-60000, аж ахуйн нэгж, байгууллагыг 60000-250000 хүртэл төгрөгөөр торгох” гэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, ганцхан Баатараас авсан 100 сая төгрөгөөр, хэрэв энэ хэвээрээ байвал, 400 жилийнхээ санхүүгийн булхайг хайцаалж болохоор чадалтай болж. Хандив хууль бусаар авсныгаа баталгаажуулсан дарга бол сайндаа л 60 мянгаар торгуулна. Ашигтай наймаа байгаа биз?

  Нам гээч далдлагдсан хар зах болж, ямар ч хяналтгүйгээр авлигын мөнгө цуглуулаад түүнийгээ хүмүүсийн амьдрах эрхийг худалдаж авч байхад төр дуугүй дэмжиж байна. Үүнийг зогсоож, намуудын мөнгөний эх үүсвэрийг гэрэлд гаргаж өвөр түрийг нь нэгжиж, мөнгө хөрөнгийг нь тоолох цаг болоогүй гэж үү? Ялангуяа, төрийн нэрээр төсвийн хөрөнгийг зувчуулсан том намуудыг, тухайлбал Монгол ардын хувьсгалт нам ба Ардчилсан намуудыг шалдалж, халаасыг нь нэгжиж, мөнгийг нь тоолъё. Үүнийг эсэргүүцвэл, тэд өөрсдийнхөө “но”-тойг баталж байна гэсэн үг. Иймд тэднийг дахин сонгохгүй байя. Галзуурсан намуудыг номхотгож авъя, хүмүүс ээ.