Жил бүр болдог сонгодог уран бүтээлчдийн гала концерт маань амжилттай боллоо. Ухаан орсон цагаасаа л сонгодог хөгжмийн ертөнцийг мэдэрч өссөн болохоор тэр биз дээ, энэ урлагийг дээдэлдэг болчихсон юм. Оны шилдэг сонгодог уран бүтээлчдийн нэгдсэн тоглолтоос бүтэн жилийн эрч хүч, энергиэ авдаг болоод таван жил болж байна. Уг нь эхэндээ тоглолт үзэж, сонсч кайф авдаг байсан бол өөрөө зохион байгуулалцаад ирэхээр хүмүүст аз жаргал, сэтгэлийн цэнгэл бэлэглэдэг болсондоо урамшиж, эрч хүч авдаг ч болсон шиг. Мэргэжлийн уран бүтээлчид ямар байдаг, түүнийг нь биширч, үнэлж чаддаг үзэгчид гэж бас ямар хүмүүс байдгийг Virtuoso-гоос шууд харагддаг юм. Арын алба аа гэж. Заал дүүрэн сэтгэл нь сэргэж хөөрсөн хүмүүс байдаг, гэтэл би юун тэр тоглолт манатай. Цэвэр ус, чихэр жимс, номын худалдаа, дарсны виноны амталгаа, цэцэг хуар гэж хэдэн тийшээ гүйж өгнө. Одоо л орж үзнэ дээ гэсээр байтал тоглолт тарчихаж байгаа юм чинь. Ноднингийн Virtuoso-оор ч гэсэн, дотор хүмүүс алга ташаад л, баяр хүргээд л байдаг, “юу болоод байгаа юм бол оо, ямар гоё юм бэ” гэж үглэсээр л өнгөрөөсөн. Энэ жил ч бас. Ядаж байхад үзэгчид хоцрохыг нь яана. Замын түгжрэлээс хамаарч л байсан байх. Гэхдээ л....Сонгодог тоглолтын номер дундуур үзэгч оруулдаггүй юм хойно “Уучлаарай” гээд хаалган дээр инээмсэглээд зогсох хэрэг ч гарна. Тэгэхэд үнэхээр зорьж ирсэн хүмүүс байсан болохоор ойлгож, хүндэтгэлтэй ханддагт нь баярладаг. Өнөө жилийн тухайд миний бүтнээр нь үзсэн хэдхэн номерын нэг нь ятгачин Мөнх-Эрдэнэ эгч. Энэ жилийн тоглол­тын сюрприз байсан Мөөгий эгч ятгыг яаж тоглож болдгийг, ятга гэдэг ямар гайхалтай хөгжмийн зэмсэг болохыг үзүүлсэн. Одоо хүртэл утсан дээгүүр жирэлзэж байсан гар нь нүдэнд харагдах шиг болж байх чинь... Үнэхээр “Азийн ятгын хатан хаан” гэдэг нэр нь эзнээ олсон гэхээс өөр юу гэхэв. Багадаа гарыг нь олж харах гэж хичээсээр байгаад зохиолыг нь бараг сонсоогүй байдаг байж билээ. Бас Вивальдийн хийлийн концерт. Үгээр хэлэхийн аргагүй тансаг. Хийл хөгжимд байж болох бүхий л бололцоог гаргаж ирсэн зохиол гэсэн. Үнэхээр ингэж дуугарч, ингэж тоглож болдог л юм байх даа гээд алмайрмаар. Ингээд миний хувьд хоёрхон бүтэн номертой концерт дуусчихлаа. Урамгүй санагдаад бүхэл концертоор нь дахиулчихмаар л байлаа. Нээрээ тоглолтын хоёр дахь хэсгийн эхэнд энэ жил амжилттай ажилласан урлагийн хүмүүст үзэгчид өөрсдийн сэтгэлийн бэлгээ гардуулсан юм байна. Бэлэг авах хүмүүст урьдчилан хэлээгүй болохоор зарим нь ажил гараад ирээгүй, нөгөө Анужин чинь ХБК-ийн захирал Наранхүү, хөгжмийн зохиолч Мөнхболд гээд хэд хэдэн хүний дүрд тоглож “од болох шахсан” гэж байгаа. Тоглолт үзээд сууж байтал нэрийг нь зарлаад өөрсдийг нь дэмждэг үзэгч сэтгэлийн бэлгээ өгөхөд уран бүтээлч хүнд ямар сайхан байсан бол оо. Нэг эгч бүр өөрийн дэмждэг хүндээ дэлхийд ганц одон хүртэл захиалж хийлгэсэн байсан гээч. Ямар их хичээл зүтгэл вэ. Гэх мэтчилэн тоглолт сюрпризээр дүүрэн байлаа. Тэгсэн ч гэсэн тоглолтоо бүтнээр нь үзэж чадаагүйдээ сэтгэл минь нэг л гонсгор. Гэтэл яасан гээч. Хаалга онгойж үзэгчид гарч ирэнгүүт надад өөрийн эрхгүй гоё санагдсан. Бүгд л “Ийм гоё тоглолт зохион байгуулсанд баярлалаа, ямар гоё юм бэ, дараа жилийн Virtuoso-гоор дахин уулзъя” гэсэн үгс цалгиж, хүмүүс хоорондоо “Тэр Тамир гэж ямар сүрхий хүүхэд вэ” “Ятгыг ингэж тоглож болдог юм байна” “Дахиад тоглох юм уу” гэж ярилцахыг нь сонсоод өөрийн эрхгүй дагаад л хөөрчихсөн. Нэг мэдсэн чинь хүмүүс надад баяр хүргэж үнсээд, би тоглочихсон юм шиг л. “Virtuoso” үнэхээр оюунлаг, чанарлаг зүйлийг байнга эрэлхийлдэг хүмүүсийн хүсэн хүлээсэн тоглолт болж чадсан. Ёстой л загатнасан газар нь маажсан юм шиг, ядарч яваад ясны шөл уусан юм шиг болсон байх. Тийм ээ, бүгдээрээ дараа жилийн Virtuoso-гоор дахин уулзацгаая.

Анужин