Хэдэн жилийн өмнө Баабарын бичсэн “Алдагдсан үеийнхэн” нийтлэлийг олон хүн уншсан байх. Тэрхүү нийтлэл нь социализмын үеийн үзэл суртлын доор хүмүүжин, ажил амьдрал нь эхэлсэн “алдагдсан” хүмүүсийн үе дуусч, тэдний дараагийн шинэ үеийнхэн гарч ирснээр Монголын нийгэм цэгцэрнэ гэсэн гол санааг агуулж байлаа.

  Тэгвэл “алдагдсан үеийнхний” дараачийн үеийнхэн нь ямар хүмүүс вэ? Би өөрөө энэ үеийнхэнд тооцогдох тул биднийг ямар үеийнхэн гэж нэрлэх бол гэсэн бодол надад үе үе төрдөг. Тэгэхээр өөрийн үеийнхнийхээ зан чанар, сэтгэхүйг ажвал “Боолчлогдсон үеийхэн” гэсэн нэр тохирмоор санагддаг.

  “Боолчлогдсон үеийнхэн” гэж хэн бэ? Насны хувьд нарийн тодорхойлоход амаргүй. “Алдагдсан үеийнхэн” ба “Боолчлогдсон үеийнхний” хоорондын заагийг насаар нь тодорхойлохоос илүүтэйгээр сэтгэхүйгээр нь тодорхойлох нь илүү зөв болов уу. Тэгэхээр өнөөдөр “манай тал” байсан хүнийг маргааш нь төрсөн өдөр нь болоход нөгөөдөр нь “дайсны тал”-д шуудхан оруулж болохгүй байх. Ерөнхийдөө социализмын үед төрж өсөөд, капитализмын үед бие даасан ухамсарт амьдралаа эхэлсэн хүмүүсийг “Боолчлогдон үеийнхэнд” оруулж болно. Хорин дөрөв, тав гараад явж байгаагаас эхлэн дөч дөнгөж давж яваа хүмүүс.

  Яагаад бид “боолчлогдчихов оо”? Баабарын найдаж байгаа шиг бид энэ улс орныг тэгтэл нь сайн сайхнаар авч явж чадах уу? Тэр цаг хугацаа нь тэгээд хэзээ ирэх юм бэ? Үнэндээ бидний ихэнх нь аливаад ЭЗЭН байхаасаа илүүтэйгээр бусдын гарыг харж, үгийг дагах зуршилтай. Өөрсдийнхөө амьдарч буй энэ нийгэмд дасан зохицох л үүрэгтэй мэт боддогоос, нийгмээ өөрчлөх хүчтэй гэдгээ мэдэрдэггүй.

  1990 оноос хойш гадаадад гарсан монголчууд үндсэндээ бидний үеийнхэн. Хааяа нэг гадагшаа явах далимдаа тэдний заримтай уулзаж, амьдрал ахуйнх нь талаар хууч хөөрөлцөхөд “Монголдоо гоё болохоор нь очноо” гэлцэх нь цөөнгүй. Монгол хэзээ гоё болохын, Монголыг хэн гоё болгохын бүү мэд. Нутагтаа үлдсэн хэд нь тэднийг ирүүлэхийн тулд Монголоо “гоё” болтол нь тэмцэх ёстой юмуу. Уг нь “Эх орон чинь таны төлөө юу хийхийг асуух бус, харин та өөрөө эх орныхоо төлөө юу хийж чадахаа асуу” гэж Жон Кеннедийн хэлсэн үг байдаг.

  Өнгөрсөн хавар гучин мянга гаруй залуус Өмнөд Солонгос явахын тулд хэдэн өдөр Төв стадионы гадаа шороонд булуулж зогссон. Энэ ажлыг зохион байгуулсан солонгосчууд ч хэний нутаг дээр, хэнтэй харьцаж байгаагаа умартан цамаархаж байв. Тэр бүх үйл явдлыг бичсэн телевизийн дүрсийг ялимгүй удаашруулан, “Шиндлерийн бүртгэл” киноны хөгжмийг тавиад үзвэл яг л нацистын Германы хорих лагерь луу туугдаж яваа мэт. Яагаад Солонгос явах болов гэхээр ядуугийн зовлонгоос гарахын тулд гэнэ. Уг нь тэд гучин мянгуулаа Сүхбаатарын талбайд очоод Саарал ордноос өөрсдийг нь ядууруулсан гучин том авилгачныг чирч гарган “Ганцад” аваачаад хийчихэд л заавал харьд очилгүйгээр Монголдоо сайхан амьдраад байх боломжтой болно.   Тиймээ, Монгол орныг ядуурал гэдэг тахал тэр чигээр нь бүрхжээ. Өөрийгөө болон эцэг эх, ах дүүсээ ядуурлын гачаалаас гаргахын тулд бидний үеийн олон бүсгүйчүүд ааваасаа ч ах солонгос, хятадуудтай дэр нэгтгэсээр. Юун тэр хайр дурлал, амьдралын аз жаргал.

  Арай гайгүй боловсрол, хэл устай гэгддэг нэг хэсэг маань ихэнхдээ олон улсын элдэв төслийн байгууллагуудад гаднаас ирсэн дарга, захирлаасаа хэд дахин бага цалингаар ажиллана. Ингэснээрээ Монголын нийгмийн амьдралаас өөрийн эрхгүй хөндийрч, эх орон дотроо “экспортлогдсон” мэт болно. Энэ улсын амьдралд өөрсдийн байр сууриа тэр болгон чөлөөтэй илэрхийлэн оролцож чадахгүй. Зарим нь бараг “Би Монгол улсын дотоод хэрэгт оролцох эрхгүй алба хашдаг” гэж чухал царайлна. Энэ олон байгууллагуудын үндсэн ажил нь төрөл бүрийн тайлан, товхимол бэлдэж үнэтэй цаасан дээр хэвлэж гаргах. Мэдээж эдгээрийн зарим нь Монгол улсад хэрэгтэй олон чухал үнэлэлт, зөвлөмжийг агуулж байгаа. Гэхдээ тэд ганцхан чухал зүйлийг орхигдуулсан байдаг. Тэр бүх хэвлэмэл материалынхаа эхний хуудсанд “Энэхүү баримт бичиг нь Монголын төрөөс хулгайч нарыг зайлуулсан цагт хүчинтэй” гэж цагаан дээр хараар бичсэн байх ёстой.

  Энэ орныг төрд нь очоод хувалз шиг шигдсэн авилгач, луйварчид гутаан доромжилж, доош нь хийж байгаа нь хэнд ч ойлгомжтой. Гэтэл бидний үеийнхний зарим нь, ялангуяа хар багаасаа ямар ч үнээр хамаагүй онц сурахын төлөө зүтгэгсэд үүнийг ойлгодоггүй бололтой “улстөржихгүйгээр эх орноо хөгжүүлцгээе” гэнэ. Нэг хэсэг нь борви бохисгүй хөдөлмөрлөж нийгмийн баялгийг арвижуулж байхад, нөгөө хэсэг нь дээр нь суугаад хийсэн бүтээснийг нь хувааж идээд байхад энэ улс орон хөгжихгүй нь ойлгомжтой. Тиймээс бид ингэж пионер чигээрээ “хөгширч” болохгүй ...

  Гэхдээ бидний үеийнхэнд авах юм их бий. Бид бол коммунист дарангуйллын үзэл сурталд хордож амжилгүй 1990 онтой золгосон Монголын нийгмийн цоо шинэ үеийнхэн. Тиймээс ч бид “алдагдсан үеийнхнээс” олон талаараа давуу. Бид нээлттэй нийгэм, зах зээлийн өрсөлдөөний үед “хүн болцгоосон”. Бид орчин цагийн боловсрол, хэл ус, техникийн мэдлэгээрээ өмнөх үеийнхнээ дагуулахгүй. Бид хүссэн хүсээгүй энэ улсын нийгмийн менежментийг хийх цаг ирж байна. Авилгачдыг төрөөсөө зайлуулах, ядуурлыг цэглэх, Торонто, Нью-Йоркийн бирж дээр эх орны баялгаа хувьцаа гарган үнэ хүргэх, хотын хорт утааг арилгах, навс унасан боловсролын системээ шинэчлэх зэрэг олон ажлыг “алдагдсан үеийнхэн” биднийг л хий гэж үлдээжээ. Гэхдээ бид энэ бүхнийг хийхийн хажуугаар хоёр чухал зарчмыг баримтлах ёстой. Нэгдүгээрт, бид өөрсдөө хулгайч болохгүй байх. Хоёрдугаарт, хулгайч нарыг Монголын төрд оруулахгүй байх. Учир нь бид ямар байхаас энэ орны хувь заяа хамаарна. Бид Монголын нийгэмд “алдагдсан үеийнхнээс” тэс ондоо, өндөр ёс суртахуунтай, цоо шинэ үнэлэмжийг бий болгох ёстой.

  Улс орны маань амьдрал сонгуулиас сонгууль хүртэлх давтамжаар явж байна. 2008 онд сүүлийн хориод жил Монголын улс төр, нийгмийн менежментийг хийж байсан хүмүүс “пээнсэндээ” гарч эхэлнэ. Тэгэхээр цаг хугацааны жамаар бид л энэ улсын жинхэнэ ЭЗЭН байх үүргийг дараагийн хорин жилд үүрнэ. Хэрэв бид энэ үүргээсээ татгалзвал бидний оронд энэ улсыг чинь авчихъя гэсэн орос, хятад, канадууд зөндөө байна.

  Хуучин ЗХУ-д коммунист дарангуйлал ид хүчээ авч байсан 1974 онд Нобелийн шагналт зохиолч Александр Солженицын “Худал хуурмаггүйгээр амьдрах нь” хэмээх алдарт нийтлэлээ бичиж дараахь ишлэлээр төгсгөсөн байдаг: “Хэрвээ та эрх чөлөөт амьдралыг хүсдэг боловч, түүнийхээ төлөө тэмцэхийг үл хүсвэл үхрийн амьдралаар амьдар. Учир нь үхэр гэдэг амьтан бол үүрд ташуурын доор амьдрах хувь тавилантай”...

  Та бид “Боолчлогдсон үеийнхэн” бус харин эх орондоо ардчилал, хөгжил дэвшил, чинээлэг хангалуун амьдралыг жинхэнэ утгаар нь бий болгох “Эрх чөлөөт үеийнхэн” байх ёстой.