Хуримлахаасаа өмнө бие давхар болсон Есүсийн эх гэгээн Мариг олны хэл амнаас хол амаржуулахаар түүний ирээдүйн нөхөр болох Жозеф нутаг орноо орхин алс замд гарчээ. Толгой хоргодох оромжгүй тэд удахгүй мэндлэх хүүхдээ төрүүлэхээр нэгэн айлын зүчээг цөөн хэдэн зоосоор хөлслөн авч, Ертөнцийн эзэн Есүс ийнхүү мэндэлжээ.

Үүнийг дэн буудлын анхны дүр зураг гэж үздэг аж. Дэн буудлын хөгжлийн эхэн үед тусгай өрөө гэж огт байгаагүй бөгөөд тухайн газар хоноглохоор ирсэн хэн бүхэн тасалгаа байхгүй оромжинд бусад “зочид”-ын хамт хоног төөрүүлээд л явцгаадаг байж. Харин Ромын эзэнт гүрний үеэс байдал арай дээрдэж хоноглож байгаа хүмүүсээ зочин мэт хүлээн авч хооллож ундлаад мордуулдаг болсон нь тэр үеийн зочид буудлын хөгжлийн дэвшилт байлаа. Тэр ч бүү хэл тухайн үеийн худалдаачин наймаачид Ромд ирэх бүртээ байрладаг тогтсон дэн буудлуудтай байж. Харин жинхэнэ утгаараа орчин үеийн зочид буудлын бизнесийн үндэс суурь харьцангуй хожуу 1600-гаад оны үед Америкт бүрэлдэн тогтсон гэж үздэг.

  1909 онд үйл ажиллагаагаа эхэлж ХVII зууны Францын алдарт аялагч Пьер Сприт Радиссоны нэрээр нэрлэсэн, “Радиссон” зочид буудал нь яах аргагүй олон улсад салбартай зочид буудлуудын анхдагч. Үүний араас манай оронд салбараа нээж буй “Хилтон”, “Марриот” зэрэг алдарт сүлжээнүүд үүд хаалгаа нээсэн.

 1961 онд нээгдсэн “Улаанбаатар” зочид буудал манай орны хувьд анхдагч бөгөөд өдгөө дэлхийн жишигт нийцсэн үйл ажиллагаатай таван одтой буудал болжээ. Үүний араас “Баянгол”, “Залуучууд”, “Нэгдэлчин” буудал ордог. Албан бус тоогоор Монголд 303 зочид буудал хэрэглэгчдэд үйлчилдэг аж. Үүнээс гурван одтой 18, дөрвөн одтой 4, таван одтой нэг буудал байна.

  Дээр дурдсан буудлууд дэлхийн зочид буудлын бизнесийн шаардлагыг бүрэн хангахаар зорьж яваа. Магадгүй манай гурван од бүхий буудал зарим орны дөрвөн одтой буудлуудаас ч илүү төвшинд ажиллаж байгааг үгүйсгэх аргагүй юм.

Хамгийн, хамгийн

“Хаан палас” нь дэлхийд алдартай (Кеmpinski) зочид буудлын сүлжээнд Монголоос анх хамрагдсан.

“Баянгол” хамгийн өндөр барилгатай.

“Улаанбаатар” хамгийн анхны таван одтой буудал.

“Бишрэлт” хамгийн анхны хувийн хөрөнгөөр байгуулагдсан.

“Чингис” хамгийн анхны гадаадын хөрөнгө оруулалттай

“Баянгол” хамгийн олон буюу 209 өрөөтэй.

Манай орны хувьд шаардлага хангасан зочид буудлуудыг ЗТАЖЯ-аас оджуулдаг бөгөөд, мэргэжлийн байгууллагуудтай хамтран шалгаж, болзол хангасан буудлын одыг нэмдэг ажээ.

2006 онд Багамын арлуудын улсад дэлхийд анхны усан доорх зочид буудал нээгдсэн. Далайн гадаргуугаас 50 метрийн гүн дэх эл тансаг буудал 22 өрөөтэй. Дээд зэрэглэлийн зургаан ресторан, долоон pub, хамгийн сүүлийн үеийн дижитал кино театр, теннисний талбай гээд тоочоод байвал энэ “усан” зочид буудлын гайхамшиг олон. Далайн гүнийн “амьд байгальд” загас хооллон нэг шөнийг өнгөрөөхөд дор хаяж 1500 ам.доллар гээд бод доо.

 

Улирлын чанартай үйл ажиллагаа явуулдаг мөсөн зочид буудал Финланд, Швед, Канад зэрэг улсад байдаг бөгөөд өрөөний тавилга хэрэгсэл гээд бүх зүйл нь мөсөөр хийгдсэн. Зочид буудлын цахилгаан үүсгүүрийг тусгай аргаар хангадаг бөгөөд зөвхөн угаалгын өрөөнд нь л халаагуур ажиллуулдаг гэнэ. Зочид цаа бугын арьсан дэвсгэртэй, тансаг пүүгээнд орж унтацгаадаг ажээ. Үлгэрийн мэт энэ зочид буудалд тухалж, цаа буга, морь хөлөглөн цана чаргаар гулгахын тулд бүтэн жилийн өмнөөс л захиалгаа өгөх шаардлагатай байдаг аж.

 Та нэг ч ажилчингүй зочид буудал байдаг гэвэл итгэх үү? Тэгвэл Японд “Рабу хотеру” буюу “Хайрын зочид буудал” нэртэй газрууд хаа сайгүй байдаг гэнэ. Буудалд ороход хүлээн авагчийн оронд өрөөний тухай мэдээлэл, үнийн санал бүхий дэлгэц таныг угтана. Дэлгэцнээс өөрийн хүссэн өрөөг сонгоод төлбөрөө цахим картаар төлөхөд таны баримт, өрөөний түлхүүрийн хамт зориулалтын тавцан дээр гарч ирэх болно. Өрөөндөө орсон хойноо дохиололтой “мини бар”-аар үйлчлүүлж болох бөгөөд төлбөр нь автоматаар бичигдэж байдаг аж. Буудлаас гарах үед таны нэмэлт төлбөрүүд нэхэгдэх ба төлбөрөө төлж дуустал хаалга онгойхгүй л гэж мэд.

Хамгийн үнэтэй буудал Багамын арлуудын улсад байдаг. ”Атлантис” буудлын алтаар засаж чимэглэсэн дотоод интерьер, гантиг чулуун ваннтай люкс өрөө нь хоногт 25000 ам.доллар.

 Дэлхийд хамгийн олон салбартай буудал “Радиссон Эдвардиан”. 61 оронд 435 салбартай.