“Арлын..”, “арлын…”, “арлын...”

     “Хүний газар бол хүний л газар. Хамгийн гол юм бол Монголын хэдэн бөхчүүд, хүүхдүүд хоорондоо л эвтэй байх ёсmой. Хоорондоо эвтэй байж л сайн барилдаж амжилт гаргахын төлөө зүтгэх ёстой. Хүний газар нэрээ гэдэг. Бодоод байхад хоёр жилийн дараа ямар ч байсан арван хэдэн хүн дээд зиндаанд барилдах байх. Тэгэхээр эд нэгэнт л ингэж зорьж яваа юм чинь, нэг нь хасагдчих гээд байвал түүндээ ойчоод өгсөн ч яах вэ дээ. Хоорондоо л эвтэй байвал. Эвтэй байна гэдэг чинь Монгол Улсын нэр сүрд хэрэгтэй. Бас хувь хүнд хэрэгтэй. Зодог тайлаад явахын хооронд хэн хэндээ тус болоод байж байвал зүгээр л дээ. Ер нь хоорондоо эвтэй бол учир нь олдоно оо. Нэг нь найм юм уу, ес даваад тавин хувиа хийчихсэн, нөгөө нь долоо даваад тавин хувиа хийж чадахгүй ойчих гэж байгаа үед олон монгол бөхчүүд байна даа, бие биедээ тус болж болно шүү дээ”

Асасэкирюү Б.Дашнямын аав Улсын начин Л.Бадарч

     Эдүгээ монгол бөхөд нүүрлээд буй начны найраа гэдгээ Асасэкирюүгийн аав ёстой ил тод тунхаглажээ. Тунхаглах тунхаглахдаа бүр хил давуулж, Японд хэвшүүлэхээр мөрөөдсөн байна. Эл мөрөөдөл нь хүүгийнх барилдааныг өнөө хүртэл дэмжиж ирсэн япон үзэгчдэд эргэлзээ төрүүлэх, хүүгийнх нь дэвжээг гутаахад хичнээн хортой болох, бид хэдийгээр олон монгол сумочдоороо бахархах ч тэр нь цаанаа ямар ёс жудагтай, ерөөсөө монголчууд олноороо тэнд барилдах болсныг япончууд маань хэрхэн үздэг талаар зарим нэг тайлбар хийхээс аргагүй боллоо.

  Дэлхийн II дайны дараа Японд сумо огцом хөгжжээ. Учир нь дайнд сүйдсэн ядуу эдийн засаг, үгээгүй ядуу амьдралыг гэтэлгэх нэг арга нь хөвгүүдээ сумод оруулж мөнгө олох явдал байв. Хичнээн япон айл тэр сиймхийгээр хөлжсөнийг мэдэхгүй. Лав нэг их өндөр тоо байхгүй. Нийгэм хавтгайдаа суможсон нь бас үгүй. Харин япон сумо бол япон сумо л байдаг тэр хууль өнөөг хүртэл үргэлжилж байна. Хатуу тогтсон ёс жаягтай, түүндээ үнэнч япон сумо нар эдүгээг хүртэл явж ирж.

  “Япон сумо бол япон сумо л байдаг“ гэх ганц үг юуг илтгэх вэ? Үүнийг надад Японы Элчин сайд, улс төрч, эрдэмтэн, найз нөхөд бүгд ам мэдэн бахархалтайяа ярих, ятгах. “Монголчууддаа очиж ухуул!” гэсэн санаагаар хэлэв үү гэлтэй. Юуны өмнө япон сумо улс төрөөсөө бүрэн ангид байдаг гэж тэд ам уралдан ярих. “Лобби” бол тэнд арай өөр ойлголт. Сумочдыг улс төрийн намууд татах чангаах, намын шагналд дэвшүүлэх, улс төрийн намууд сонгуулийн кампанидаа татан оролцуулах, намдаа элсүүлэх, Эзэн хаан, Ерөнхий сайд нь уралдаж хүлээн авах, төрийн бүх шагналаа өгөх, сумочдоор парламент яамд нь дагнах, нутгийн зөвлөл нь сумочдоо мандуулах, элдэв зар сурталчилгаанд ашиглах, сумочид өөрсдөө босс байх зэргийг Сумогийн холбоотой заавал тохирох ёстой бөгөөд тийм зүйл япон сумочдод ерөөсөө гардаггүй гэнэ. Ер нь сумочийн алдар нэр, улаан нүүрийг хаа ч худалдаж идэж болохгүй гэсэн хатуу хуультай юм байх. Тэр ч бүү хэл сумочид гадуур дотуур дураараа явах, хүнтэй уулзах, ярих хөөрөх бүгд хязгаартай.

  Их аварга Д.Дагвадоржид Монголын төр, намууд бүх шагналаа өгч дуусгасан бөгөөд одоо Хөдөлмөрийн баатар болгох эцсийн шатан дээрээ байгаа. Хэдхэн жилийн дотор ар араасаа жагссан энэ олон шагналыг япон хэлэнд буулгах үгсийн сан хязгаартай ба зарим орчуулга нь галзуу хүний өдрийн тэмдэглэлд буумаар ч үгс байх шиг. Жишээ нь “гавьяат” хэмээх үгийг олон жилийн цуцалтгүй хөдөлмөр гэж буулгажээ. Төрийн өндөрлөгүүд нь ганцхан цагийн дотор дамжуулаад дамжуулаад уулзчихдаг, бөөн хамгаалалт, бэсрэг наадам, өргөмжлөл шагнал, өөрт нь зориулсан дуу шүлэг, хөлгүй найр, ядаж хэвлэл мэдээллүүд нь уралдацгаагаад л. Цаад сумоч нь хөөрхий хорин хэдтэй нэгэн банди яваа шүү дээ. Тийм насны хүнд үзүүлэх хүндлэл Японд өөрийн онцлогтой тул манай сумочдыг дагаж ирсэн япон сэтгүүлчид ёстой үзээгүйгээ үзэж, үхэр цам харайхад хамт оролцоод буцдаг аж.

  “Арлын Японыг нураасан”, “Арлын Японыг доргиосон”, “арлын… эзэгнэсэн”, “арлын 127 сая хүнийг ялаад даваад…”, “арлын..”, “арлын…”, “арлын...” манай сэтгүүлчдийн мэргэн цэцнийг гайхаж дуусах юм биш. Сэтгэлийн хөөрлөө барьж чадахаа больсон монгол сэтгүүлчид таг яг гэсэн япон нэр цолоор нь мэдэмхийрэн дуудацгааж, авсан бай шагналыг нь мөнгөн дүнгээр нь амаа цангатал сурталдана.

  Сумогийн ээлжит башёд түрүүлсэн бөхийн хамгийн гол шагнал нь Эзэн хааны цом. Цомыг 10 сая иен буюу ойролцоогоор 91 мянган ам.доллар дагадаг. Сумогийн холбоотой хамтран ажилладаг олон арван байгууллагаас үнэтэй бэлэг гарддаг. Жишээ нь, 1000 тонн цагаан будаа, пивоных нь жилийн хэрэгцээ, Японы шилдэг машины компанийн хамгийн шинэ загварын машин, Арабын нэгдсэн Эмират улсын Засгийн газраас жилийн хэрэгцээний бензин зэрэг нийтдээ 20-30 сая иенийн үнэ бүхий бэлэг, дурсгалын зүйл дагадаг байна. Харин жүрё зиндаанд түрүүлэгчид 18000 орчим ам.доллар, макушитагийнх 4.5 мянга, сандамэ 2 750, жёнидан 1 800, жёникучид түрүүлбэл 900 ам.долларын шагнал авдаг гэхчлэн арааны шүлс асгам тоо баримтыг манай сонинууд уралдан мэдээлж ядуу монголчуудын аазгайг хөдөлгөдөг нь сумогийн хуулиар бол бас л гэмт хэрэг гэнэ лээ.

  2003 оны эхээр шиг санагдана. Их аварга Д.Дагвадорж дараалан хоёр түрүүлж, япончуудыг мэл гайхашруулж байсан цаг. Японд судалгааны ажлаар хэдэн сарыг туулж байсны хувьд надад Японы ТВ-ийн нэгэн нэвтрүүлэг санаанаас ер гардаггүй юм. Тэр нь сумогийн тухай, чухамдаа монголчууд яагаад сумод орж ирээд гоцлоод эхлэв гэдэгт тайлбар хайсан, хэлэлцүүлэг маягтай цэнгээнт нэвтрүүлэг байв. Монголчууд сумод олноороо нэвтрэн орсны гол шалтгаан нь монголчуудын ядуурлынх гэж тэнд тайлбарлав. Монголчууд бултаараа ядуу амьдардаг бөгөөд дунджаар 5000 иентэй тэнцэх цалинтай гэмэгц нь тэр заалаар дүүрэн суугаа оролцогчид цөмөөрөө шогшролдон, ийм мөнгөөр яаж амьдардаг байна аа гэж зэрэг зэрэг уулга алдаж байв. Тайлбар нь ердөө амархан, ядуу монгол айлууд хөвгүүдээ Японд сумо болгон барилдуулахын бөөн мөрөөсөл гэж хээв нэг тайлбарлаж байх юм. Энэ нэвтрүүлгийг батлах гэсэн мэт дараахан нь ТВ-ийн баримтат кино үзүүлэв ээ. Улсын циркт байрлах (тэр үед шүү дээ) сумогийн секцийн хэдэн банди гарч байна аа. Өрх толгойлсон ядуу эмэгтэйн хүү, гэр хороололд хүндхэн амьдардаг нэгэн жаалыг дагаж сурвалжилжээ. Тэр айлын хүнд бэрх, ядуу дорой, тэр жаалын царай зүс, энэ бүгд нийлээд сумод монголчууд орж ирсний бас нэгэн тайлбар болох ухаантай юм уу гэмээр. Японд очиж Батбаяр ах шигээ сумо болоод ээж, дүү нараа тэжээнэ хэмээн тэр жаал ярилцлага өгч кино дуусав. Сумод гоцлож байгаа монголчуудын талаарх японы жирийн иргэдийн наад захын ойлголт ингэж төлөвшиж байх бололтой. Манайхнаас юугаараа ялгаатай вэ гэдэг дээр япончуудын өөрсдийнх нь яриа ийм байна. Манай сумочдыг дагалдан ирж кино хийсэн япон сэтгүүлчид эргэж очоод ярайтал, бүр амьдралын хэмнэл маягтай дүр зураг нөгөө талаас нь үзүүлдэг нь бидэнд нэгийг хэлэх. Гэхдээ нөгөөх “ядуурлаасаа болоод” гэдэг тодотгол байнга дагаастай шүү.

  Монгол сумочид Японд гоцлох болсноор Японыг үзэх монголчуудын нүдний мэлмий 180 градус эргэжээ. Монголын гуйлгачин нь хүртэл япон жуулчнаас тоож мөнгө гуйхаа больсон гэх аясаар егөөдөн бичсэн нэгэн мэдээ японы нэгэн сонин дээр гарчээ. Бяр амтагдсан монголчуудад Япон орон нэг л жолдоод байгаа гэнэ. Япон гэхлээр унаж үхэхээ больсон юм байх. Тэр нийтлэлийн санаа нь ерөнхийдөө иймэрхүү.

  Монголын ТВ-үүдээр нэвтрэх сумогийн монгол тайлбар гэж нэг лут юм байна аа. Цаад бөхчүүдийнхээ бие хас, тарган туранхай, гадаад төрхийг тайлбарлаж тодорхойлох, архи уудгийг нь хүртэл дуудах, унана ойчно, ялна ялахгүй гэж таах, цолоо алдаж магадгүй, цол ахих нь гарцаагүй гэхчлэн дэмий чалчих, бөхийн таавар явуулах гэхчлэн Японд ер байдаггүй хэрээс хэтэрсэн үйлдлүүд монгол үзэгчдийг бүр доргиожээ. NHK ТВ-ийн нэвтрүүлгийг үнэгүй авч үзүүлэх мөртлөө завсраар нь зар сурталчилгаа хийх, японы бөх тайлбарлагчийн ярьсныг хэл үггүй буулгахын оронд орлож дураараа тайлбарлах, УИХ-ын гишүүд нь бөх тайлбарлах, ширээн дээр сурталчилгааны зорилгоор бараа таваар, ундаа өрсөн байх гээд япончууд шүд зуун тэсвэрлэж буй олон үйлдлийг нэрлэж болно. Сумогийн хуулийг илтээр зөрчихийг уриалан дуудсан, монгол хөвгүүдээ тэндээс хөөлгөх, цаашлаад тийшээ монгол хөвгүүдийн хөлийг туших мунхаг алхам хийсэн улсын начин Л.Бадарчийн дээрх дэл сул ярианд Японы Сумогийн холбоо дүгнэлт хийсэн байж таарна. Японы охид хөл майга, нүд онигор, харин япон бэр нь тийм биш хэмээн Хахукогийн ээж ярьсан болгож сонинд нийтэлж, оллоо вэб дээр тавьсныг тэнд биш гэхэд энд япончууд уншсан л байх.

  Монголын бөх нь төрөл арилждаг, төрөл арилжиж болдог тухайд Японд мэл гайхаж цэл хөхөрчээ. Японы батлан хамгаалахын хурандаа болчихсон цэргийн цолтой нэг ч сумоч байдаггүй, эсвэл эрх баригч намын залуучуудын жигүүрийн улс төрч болчихсон нэг ч сумоч байхгүй учраас гайхах айх, элэглэх хослох аж. Эндээ үндэсний бөхөө яаж ч төрөл арилжуулж болдог бол японы сумогийн хуулиар японд зодоглож яваа монгол сумочдоо тийм болгочихгүйн тулд ухаалаг хандах цаг болсон. Адаглаад зар сурталчилгаанд (цэвэр усны шошго хүртэл бий) гаргах бол Сумогийн холбооны зөвшөөрөл хэрэгтэй. Тэгэхийн тулд эхлээд маш эелдэг үгстэй захидал тийш нь бичиж сурцгаая. Сумогийн башё дээр Монголын төрийн далбаа барьж очиж сагсалзахаа цэгцлэе. Сумо бөхийн нэрээр элдэв сан байгуулж, барилгын ажил эхлүүлээд нөгөөх нь улсын комиссын гологдолтой яваа жишээг давтахгүй байя. Мөнгө олох, мөнгө угаах элдэв ажлыг сумо дээр бүү хийе.

  Солонгосын сумоч Касүго хэмээх нэг эр макучи зиндаанд муугүй яваа. Солонгост төрсөн гэр орныхноос нь өөр тэр нөхрийг хэн ч танихгүй мэдэхгүй, түүний нэрэмжит сан байхгүй, түүнийг Солонгосын Ерөнхийлөгч битгий хэл, ганц ч улс төрч хүлээж аваагүй, тэр бол Японд хувиараа байгаа жирийн л нэг тамирчин. Гэхдээ тэр сайн яваа. Улс орон нь түүнгүйгээр цэцэглэж байгаа шүү дээ…