Монгол-Хятадын харилцааны өнөөгийн өрнөл хөгжил, түүнийг дагалдан иргэд хооронд харилцан зорчих, бизнес эрхлэх, холимог гэр бүл болох, хятад хэл сурах, Хятад орныг сонирхон судлах явдал бидний төсөөлж тооцоолсноос илүү хурдаар өргөжин тэлжээ. Энэ бол дэвшил.

  Гэтэл... монгол, хятадын иргэд хоорондын харилцаанд, ялангуа манайд зорчиж буй хятад иргэдийн талаар элдэв сөрөг үзэгдэл гарч, хөөж явуулах нийгмийн дон маш хүчтэй буй нь бас нууц биш. Түүнд тодорхой хэн нэгэн хятад хүн (жишээ нь барилгачин, наймаачин, ноолуурчин) буруутай нь мэдээж боловч Хятадтай ямар өнцгөөс харилцах тухайд монголчуудад нэгдсэн байтугай наад захын ойлголт төлөвшөөгүй. Бараг ч төлөвшихгүй биз.

  Монгол хүнд төрөлхөөс заяасан хятадын эсрэг хийрхэл, хятадын эсрэг хардлага хэзээ ч арилахгүйгээр Монголд амь бөхтэй буй. Ойлгохгүй, мэдэхгүй, дургүй юмаа “хятадын тархи угаалт” гэх буюу Хятадын талаар эрүүлээр сэтгэгчдээ “хятадын тагнуул”, “хужаагийн эрлийз” гэж цоллоод доромжилчихдог нэгэн онцлог чанар монголчуудад нэн түгээмэл. Эд бүгд холилдоод ирэхээрээ уг нь Хятадгүй Монгол байж болмоор, бүр байх байхдаа хэзээ ч Хятадаас царай алдахгүй пээдгэр явмаар.

  Гэтэл... гааль, татварын албад, хилийн цэргийнхний тооцоолсноор бол, Хятадаас шууд ба дам хамааралгүй аж төрж буй гэр бүл, бие хүн гэж манай улсад байхгүй болсон гэнэ. Хамгийн наад захын сонгодог жишээ гэхэд Сапу худалдааны төвийн лангуу түрээслэгчид байна. Тэд бүгдээрээ (хол хадуураагүй байх) Эрээнээс бараа дарагчид, тэр их бараагаа үнс болгочихоод нэхэл хатуу яваа. Нөгөө талаасаа Монгол-Хятадын харилцаа ийм дотно болоогүй бол тэд шал өөр ажил албатай явах байсан, өнөөдөртөө тэд бол Хятадгүйгээр амин зуулгаа авч явж хэзээ ч чадахгүй хүмүүс.   “Олон улсын хөдөлмөрчдийн эв санааны нэгдлийн өдөр болж буйтай холбогдуулан БНХАУ-ын холбогдох байгууллага Эрээний шалган нэвтрүүлэх боомтоо ирэх пүрэв гариг хүртэл түр хаалаа. Энэ хязгаарлалт тус боомтын төмөр замын шалган нэвтрүүлэхэд хамаарахгүй, зөвхөн авто замаар зорчих хүмүүст хамаатай юм байна. Эрээн хотын дэлгүүр, захууд ч энэ үеэр амрах аж. Тиймээс Замын-Yүдийн боомт ч мөн адил пүрэв гариг хүртэл ажиллахгүй нь” гэсэн мэдээ төвийн нэгэн сонин дээр гарч, Эрээн рүү явдаг монгол наймаачдын зүрхийг зүсүүлсэн хэрэг дэгдэж байсан. 2002 оны намар, өвлийн заагт Далай багш Монголд морилмогц Эрээн хэд хоног хаалгаа барьсан нь монгол наймаачдад үхлийн цохилт болохоо шахсан. Хятадууд наашаа визтэй, тэгэхдээ бүр урилга заллагыг нь үндэслэж виз олгодог бол монголчууд энгийн паспортоор дуртай цагтаа Хятадад нэвтэрч байна. Хэрэв харилцан адил байх зарчмаар манайхан урагшаа нэвтэрдэг бол яана аа гэхээс яс хавтайх хүн Монголд дэндүү олон. Энэчлэн бичвэл гачлан мундахгүй байна.

  Ерөөсөө Хятадыг үзэх манайхны үзэл ойлголт тун хялбар, цаашаа гүнзгийрүүлж боддог монгол хүн бараг үгүйтэй адил. Жишээ болгож УИХ-д суугаа алдарт бөх их аваргын 2000 оны нэгэн явдлыг ишлэе. Сиднейн олимпоос медаль авчих санаатай, тийм ч даалгавартай тэрээр очжээ. Эхний хэдэн өдөр бэлтгэл сургуулилтаа хийгээд тун хэрсүү байж. Сугалаагаар хятад бөхтэй оноолт таарч. Очиж очиж муу хятад байхдаа яадаг юм, яасан хийморьгүй юм. Ой нь гутсан их аварга бэлтгэлээ шууд л хаях нь тэр. Гарын салаанд ороод ирсэн муу хятадыг алаад өгье гэж барилдтал өөрөө юу юугүй далаараа цэвэр тавиулах нь тэр. Их аваргын олимп өндөрлөж өөрөө гутралын туйл болон буцсан гашуун түүх ердөө энэ. Энэ бол Хятадыг үзэх монголчуудын түгээмэл ойлголтын ганцхан гашуун жишээ.

  Хамгийн урт түүхэн (5000 жил) иргэншил, соёлтой, тэр нь үеийн үедээ гандаж үзээгүй, тэрбум 300 саяулаа, цаана нь Тайвань, Хонконг, Макао, Сингапур гээд Азийн тэргүүлэх эдийн засгууд буй, өөрсдөө бол дэлхийд тэргүүлэх хэмжээний эдийн засагтай болж яваа, хамгийн гол нь Хятадын энэ их бяр суулт, иргэншлийнх нь дархлааг дэлхий нийтээрээ (Монголоос бусад нь) хүлээн зөвшөөрч буй орчин цагт Улаанбаатараар холхих хятад барлаг ажилчид, ганц хоёр залилагч, Эрээнээс тасралтгүй зөөх мөртлөө чанаргүйгээр нь дуудах хүнс, бараагаар өмнөд хөршөө төлөөлүүлэн зүхчихсэн, түүгээрээ Хятадын талаарх дүгнэлтээ хийчихсэн яваа нь орчин үед хэр оновчтой вэ?

  Болж байгаа мөртлөө болохгүй, болохгүй мөртлөө болдог хачин феномен энд үйлчлэх ажээ. Зүйрлэвээс хятадуудад дургүй л юм бол монголчууд өөрсдөө барилгаа барьж, замаа тавья, гэтэл тэнд нь ажиллах монгол хүн олддоггүй. Олдлоо ч архи ууна, ажил тасална, хулгайлна, даргадаа гомдоно, уурандаа яаж ч мэднэ. Тиймээс барилгын компаниуд монгол хүнээсээ бүрэн дайжсан. Хортой хүнс, ногоо жимсийг үглэн дуулан идэж, зарж амьжиргаагаа залгуулж байхын оронд далай шиг энэ их газартаа, амины хашаа болгондоо хүнсний ногоогоо эрүүл хөрсөндөө суулгая, хүлэмж бариад жимсээ ургуулъя гэхээр монгол хүний ой тоонд хэзээ ч орж байгаагүй тэс хөндлөнгийн ажил, тэгж махаа зулгааснаас архиндаа шатаад, хирэндээ баригдаад, хог ухаж суусан нь монголчуудад хамаагүй хялбар.

  АНУ, Япон, барууны орнуудаар яваад ирсэн монголчууд нэг зүйлд гэнэт их гайхжээ. Энэ даян дэлхий дээр чинь Хятадаас бусад нь бараа таваар үйлдвэрлэхээ үгсээд зогсоочихсон юмуу гэж гайхмаар, хятад бараагаар тэндхийн дэлгүүрүүд пиг чигжжээ. Итали, бразил гутлыг хятад гутал цохидог болж. “Солонгост үйлдвэрлэв” гэсэн шошготой барааг эхлээд Хятадаас тийш нь оруулаад шошгыг нь солиод эргээд экспортолдог хачин эргүүлэг тогтжээ. Хувцас хунараа байя гэхэд компьютерийн хамаг эд анги, цахилгаан техникийн бараг бүх эд ангийг Хятадад үйлдвэрлээд дэлхий хэрэглэж байна. “Бяр суулт” гэж үүнийг л хэлээд байгаа хэрэг. Эндээс Хятадгүйгээр дэлхий орших уу гэсэн сонин асуулт тавигдаж мэдэхээр байна. АНУ-д улс төр, стратеги, олон улсын судалгааны ажил бүхэлдээ хятад судлал болсон байна. Цэргийн тоглолт, шийдвэр гаргах элдэв семинар сургуулилтууд цагийн байдлаа “Хятад төдөн онд тэгчлээ гэж бод! Одоо яах вэ?” гэсэн асуулт тавиад хариулт зохиох хэлбэрээр явагдаж байна. Сценариа Хятадаар төлөөлүүлж гаргаж ирж байна. АНУ болон барууны том том хотууд дахь “Чайна Таун” (China Town) нь гадаадын жуулчид, зочдыг очуулдаг хамгийн дурсгалтай газар нь болсон гэнэ. Хятад ресторонд хүн дайлах нь Японд нэр төрийн хэрэг мэт. Эзэн хааны худ, угсаа залгамжлагчийн хадам эцэг, нэртэй Элчин сайд хүн гадаадад удаан хугацаагаар явахдаа үдэлтийн хүлээн авалтаа хятад ресторанд хийж, бээжин нугасаар найз нөхдөө дайлж, би тэнд уригдаж байлаа. Хятад эхнэртэй бол харц дээгүүр явдаг моод АНУ-д дэлгэрчээ. Тэгэхдээ БНХАУ-аас эхнэр авсан байвал тэр хүн Америкт хамгийн шилдэг нь гэхээр болчихож. Бүр ам мэдэн сайрхаж, хятад эхнэрээ тэнгэрт гаргаж байна. “Хятад” гэхлээр Америкийн ямар ч албан газар, сургууль, институтэд хэдэн цагаар ч хамаагүй амаа цангатал ярилцаж суух нь нэг ёсны зугаа нь юмуу гэмээр. Би Хавайд гурван сар ном үзэхдээ яг үүнийг мэдэрч байлаа. Америкчууд Хятадаас “бахархалтайяа болгоомжлох” аж.

  Албан ёсны тооцоогоор, дэлхийн 72 улсад хятад иргэд аж төрж байна. 2015 он гэхэд БНХАУ-ын хүн ам дахин 300 саяар өсч, бусад улсууд дахь Хятад иргэдийн миграц, суурьшлын ачаалал хэрээс хэтэрнэ. Зөвхөн манай хойд хөрш Орост гэхэд л нийт хүн амын доторх угсаатны тоогоор хятадууд оросуудын дараа хоёрдугаарт орно. Энэ тоо бусад улс оронд мөн адил, ойролцоо тусна гэдгийг дэлхий нийтээрээ (Монголоос бусад нь) хүлээн зөвшөөрөх дээрээ тулаад байгаа энэ цаг үед бид Улаанбаатарт хөлхөх хэдэн ноорхой, барлаг хятадуудаар энэ том гүрнийг төсөөлсөөр суух нь даанч зохилдохгүй, гол нь тэгж төсөөлсний горыг бид л өөрсдөө амсах нь.

  Хятадыг сонирхох, цаашлаад нэвт мэдэж байх нь зөвхөн бидний бус дэлхийн хэрэг болчихоод байгаа энэ цаг үед Хятадыг эс тоох, тэгсэн хэрнээ улам бүр хамааралтай байх энэ хатуу тоглоом чинь эцэстээ бидэнд туйлын балагтай тусч мэдэх нь.

  Даяар Монгол хөдөлгөөний үйлс, тухайлбал даварсан бохир бизнес хийсэн хятадуудыг хашраах, хятадуудтай амрагласан охидыг мулзлах, хятад хаягийг авч хаях гэхчлэн олон монгол хүний сэтгэлийн хүслийг илэрхийлсэн алхам хийж эхэлсэн. Гэтэл Хятадаас хамааралгүй аж төрж буй гэр бүл, бие хүн Монголд бараг үгүй болчихсон гайтай үзэгдэл нь эл хөдөлгөөнтэй зэрэгцээд байдаг. Хятадыг зүхдэг, үзэн яддаг сэтгэлийг нь бодохлоор наад Эрээнээс юм зөөхөө болиоч ээ гэж зэрэг зэрэг чанга хашгирмаар. Гэтэл өөрсдөө бид хэнсэн билээ, юу бүтээж чаддаг улс вэ гэхээр хариулт мад.

  Тэгэхээр нь гарчигт өгүүлсэнчлэн зүхэн зүхэн, зүрхээ зүсүүлэн зүсүүлэн Хятадаас царай алдахгүйн тулд монголчууд минь (бүх монгол хүн!) бие махбод, сэтгэл санаа, эрдэм чадал, ажиллах чадвар, халаасан дахь мөнгөөрөө хятадуудаас хол давж байж нөгөөх үзэн ядалт, хөөж явуулах нийгмийн донгоо зөвтгөх юмтай үлдэнэ.

  Бид Хятадыг (өмнөд хөршөө) хичнээн сайн мэдэж, судалж нэвт харж чадна тэр чинээгээрээ ана мана өрсөлдөж, адаглаад хятадуудыг сайн шулж чадна биз дээ. Мэргэн монголчууд минь оюун ухаандаа тунгаагтун!

Д.Баярхүү