Хэн хүнгүй элдэв мэдээллийн хөлд үрэгдчих шахаж буй энэ цаг үед хааяа юу ч хийхгүй, бодохгүй зүгээр л хөгжим сонсох, эсвэл “ясны хөлс гаргам” сайхан ном уншиж амрах сайхан. Амралтын өдрөө тухлан суугаад дэлхийн шилдэг сэтгэгчдийн оюуны ертөнцөөр аялж байх боломжийг бид олгож байна аа. Харамсалтай нь орчин үед шилдэг бүтээлүүдийг шилдэг чигээр нь уншигчдын оюунд хүргэх орчуулагч ховорджээ. Ийм цаг үед манай энэ дугаарын “Зочин”-буланд уригдаж ярилцлага өгсөн Д.Сайнбаяр Францын сонгодог уран зохиолч Ги Де Мопассаны 1884 онд бичсэн “Хүзүүний зүүлт” хэмээх өгүүллэгийг 2002 онд орчуулсныг олзуурхан уншигчдадаа хүргэж байна.

Ги Де Мопассан (1850-1893) ХҮЗҮҮНИЙ ЗҮҮЛТ

  Тэр бүсгүй бол хувь заяаны тэнгэр будилав уу гэлтэй ядуу гар урлаачийн гэрт төрсөн, гоо үзэсгэлэн тэгш, дур булаам охидын нэг байлаа. Сүй тавих инж, итгэл горьдлогоор мөхөс түүнд бусдад өөрийгөө таниулж, зүрх сэтгэлээ нээж, дурлал хайрын амтыг мэдэрч, нэр алдар, эд хөрөнгөтэй хүнтэй суух ямар ч арга байгаагүй бөгөөд адаг сүүлд нь тэр боловсролын яамны нэгэн бага түшмэлтэй гэрлэсэн ажгуу.

  Тансаг чамин зүйлст санаархах ч тэнхээгүй түүний таалал сонирхол маш энгийн байв. Хүүхэд төрүүлэх юм уу эсвэл гэр бүл болоход л ач тусаа олдог төрөлхийн гоо үзэсгэлэн, ялдам сайхан зан чанар, дур булаах увдисаас өөр ямар ч дээд гарал, өндөр язгуур угсаагүй нэгэн гэхэд тэр бүсгүй өөрөөсөө доод зиндааны хүнтэй гэрлэсэн мэт ямагт уйтгарлан гуньдаг байжээ. Төрөлхийн эелдэг зан, зөнгөөрөө дэгжүүн ааль, сэргэлэн цовоо арга ухаан нь л тэдний зэрэг зиндааны цорын ганц хэмжүүр болж, ядуусын хорооллын охиныг нутгийн хамгийн өндөр язгуурт хатагтайн зэрэгт хүргэдэг билээ.

  Бүсгүй өөрийгөө бүхий л амттан, тансаг хээнцэр эд зүйлсийг эдэлж хэрэглэх хувь тохиолтой төрсөн хэмээн сэтгэж эцэс төгсгөлгүйгээр зовж шаналдаг байв. Тэр орон гэрийнхээ ядуу зүдүү байдал, олиггүй муу хана, элэгдэж муудсан сандлууд, гандаж үрэгдсэн хөшигнөөсөө болж их ичнэ. Түүнтэй ижил давхаргын бусад бүсгүйчүүдийн анзаарах ч үгүй энэ бүх зүйлс түүнийг тарчлаан зовоодог байлаа. Бяцхан Брэтoн охин гэрийн ажил хийхээр ирсэн нь бүсгүйн сэтгэлд итгэл мухардсан мөрөөдөл, харамслын уйг авчрав. Бүсгүй дорно зүгийн хээ урлалаар чимсэн, сүрлэг сайхан хүрэл суурьтай бамбар асаан гэрэлтүүлсэн нам гүм өрөөнд өвдгөөр татсан богино өмд өмсөж гоёсон хоёр өндөр зарц том зөөлөн буйдан сандалд тухалж суугаад, зуухны халуун илчинд нозооров уу гэлтэй зүүрмэглэн буйг төсөөлж бодно. Эртний торго дурдан өлгөж, үнэлж баршгүй чимэглэл болсон гоёмсог сайхан тавилгатай уужим сэрүүн танхим, нэр хүнд нь бусдын анхаарлыг эзэмдэж, бүсгүй хүний атаархал, хүсэл тачаалыг өдөөж байдаг нэр цуутай ноёдын цуглаан, дотны анд нөхдийн бяцхан цайллаганд зориулсан анхилам үнэр бүхий сэтгэл татсан жижиг танхимуудыг тэр бас мөрөөддөг байлаа.

 Шөлтэй тавагны таглааг сөхөнгөө, - Ай хөө, шотланд хар шөл үү! Yүнээс дээр юм гэж хаа байх вэ? хэмээн дуу алдах нөхрийнхөө өмнө хэрэглээд гурав хонож байгаа бүтээлгээр хучсан дугуй ширээн дээр оройн зоог идэхээр суухдаа, мань бүсгүй чамин тансаг хоол, оч гялалзсан халбага сэрээ, үлгэрт гарах лугаа адил ой модоор жигүүрлэх үл таних шувууд болон өөд болсон хөгшдийн хөргийг буулгасан уран хатгамлуудыг өлгөж чимсэн хана туурга мэтийг зөгнөж, уран хийцтэй тавганд бэлтгэсэн тансаг зоог, аспарагус ногоогоор хачирласан тахианы мах, эсвэл загасны ягаахан түрсээр аар саар юм хийн тоглох зуураа эелдэг наалинхай шивнээ яриаг нууцхан мишээл тодруулан чих тавин сонсож суугаагаар өөрийгөө төсөөлж мөрөөснө.

  Түүнд хувцас хунар, үнэт эдлэл гэж юу ч байсангүй. Харин үлэмжийн хүсэл нь болсон энэ л эд зүйлсийг эдэлж хэрэглэх хувьтай төрсөн хэмээн чин сэтгэлээсээ итгэдэг байжээ. Бүсгүй бусдын нүдийг булааж, хүсэл зориг дагуулсан үнэн гоо үзэсгэлэн төгөлдөр байх гэж ихэд тэчьяадан тэмүүлдэг байлаа.

  Түүнд сургуульд хамт сурч байсан нэгэн баян чинээлэг анд бий. Найзтайгаа уулзаад гэртээ харих болгондоо туйлын их зовж шаналдаг тул түүнтэй уулзалдахаас үргэлж зайлсхийдэг байв. Уулзах болгондоо ядуу тарчигтаа харамсан гашуудаж, цөхрөл зовлонд автаад хэдэн өдрөөр ч хамаагүй нулимс цувуулдаг байжээ.

  Нэгэн үдэш нөхөр нь гартаа том дугтуй барьчихсан, баяр хөөр дүүрэн гэртээ орж ирэв.  - Чамд өгөх нэг зүйл байна гэж тэр хэлэв.

  Залуу бүсгүй дугтуйг шаламгай нь аргагүй онгойлгоод нэгэн ил захидал гаргаж ирсэнд: Боловсролын яам болон Эрхэмсэг хатагтай Рампаннаугаас ноён Лойсэл, хатагтай Лойсэл нарыг нэгдүгээр сарын арван наймны Даваа гаригийн үдэш яаман дээр болох үдэшлэгт хүрэлцэн ирэхийг урьж байна. гэж бичжээ. Нөхрийн нь найдаж байсан шиг баярлаж хөөрөх нь үү гэтэл бүсгүй урилгыг гунирхсан шинжтэй ширээн дээр шидэж орхиод, - Би тэгээд үүгээр чинь яах ёстой юм бэ? гэж амандаа бувтнав.

  - Яав даа, хонгор минь? Би чамайг үүнд баярлах болов уу гэж бодсон. Чи минь ер гадагш гардаггүй шүү дээ. Энэ бол том завшаан. Урилгыг авах гэж хэрэндээ л их зовсон. Хүн болгон урилганаас авах хүсэлтэй учир энэ урилгыг сонгомол цөөн хүмүүст л өгдөг. Бичээч нарт цөөхнийг хүртээдэг нь их юм шүү дээ. Чи тэнд очвол томчуултай бүгдтэй нь уулзах болно доо гэж нөхөр нь хэлэв. Бүсгүй түүн рүү ширэв татан хараад, тэсвэр алдарсан янзтай, - Тийм том арга хэмжээнд намайг юу өмсөж очно гэж чи бодоо вэ гэж хэлэв. Нөхөр нь энэ тухай огт урьдчилж санаагүйдээ бантаж, ээрч түгдрэн, - Театр явахдаа өмсдөг даашинз чинь болохгүй гэж үү. Надад л лав их сайхан харагддаг гэж хэлээд зогтусан тээнэгэлзэж, эхнэрийнхээ уйлж эхлэхийг хараад бүр гайхшаа барав. Бүсгүйн нүдний булангаас нулимсны хоёр том дусал чимээгүйхэн бөмбөрөөд жимгэр уруулыг нь шүргэх ажээ.

  - Яасан бэ, юу болохоо байсан гэж нөхөр нь түгдрэв.

  Харин бүсгүй гуньсан сэтгэлээ хүчлэн барьж, нойтон хацраа арчаад тайван дуугаар, - Яагаа ч үгүй ээ. Надад өмсөх даашинз алга. Тиймээс би энэ үдэшлэгт явж чадахгүй нь. Урилгаа надаас илүү хувцас сайтай эхнэртэй тийм хүнд өгсөн нь дээр биз гэж хариулав. Нөхрийнх нь элэг эмтрэх шиг болжээ.

  - Матилда чи ойлгооч гэж тэр зүтгээд, - Бусад баяр ёслолд өмсөж болохоор, маш энгийн аятайхан даашинз ямар үнэтэй байдаг вэ? гэж асуув.

  Матилда даашинзны үнийг тооцоолон хэдэн хором бодолхийлээд, хямгач түшмэлээс эгдүүцсэн дуу алдалт, үтэр түргэн татгалзсан хариу авчихгүйг хичээн, - Яг хэлж мэдэхгүй байна. Гэхдээ дөрвөн зуун франкад бол авч болох байх гэж бодож байна гэв.

  Ингэж хэлэхэд нөхрийнх нь царай цонхийгоод явчихсан нь Нантерын талд бүтэн сайн өдөр болгон очиж шувуу буудаж зугаагаа гаргадаг хэдэн нөхдийн хамт дараа зун жаал буудах санаатай шинэ буу авахаар хадгалж байгаа мөнгөнийх нь дүнтэй тэнцэж байсных байлаа. Хэдий тийм ч тэр: - За яая гэхэв. Би чамд дөрвөн зуун франк өгье. Гэхдээ энэ мөнгөөр маш сайхан даашинз авахыг хичээгээрэй гэлээ. Yдэшлэг болох өдөр ойртсоор л, мадаам Лойсэл нэг л сэтгэл тайван бус, уйтгартай байв. Харин даашинз нь бэлэн болжээ. Нэгэн орой нөхөр нь түүнд, - Сэтгэл чинь юунд зовно вэ? Сүүлийн гурван өдөр чи нэг л хачин байлаа гэв.

  - Надад ямар ч үнэт эдлэл байхгүйд би их гуньж байна. Зүүчих ганц чулуу ч алга гэж бүсгүй хариу өгүүлээд, - Би хэн ч биш юм шиг харагдах байх даа. Би ер нь тэр үдэшлэгт бараг яваагүй нь дээр гэж хэлэв.

  - Энгэртээ цэцэг зүүхгүй юу гэж нөхөр нь хэлээд, - Жилийн энэ улиралд бол маш дэгжин харагдана шүү дээ. Арван франкаар чи хоёр юм уу, гурван гоёмсог сарнай авч болно доо гэв. Бүсгүй үүнд санаа амарсангүй.

  - Yгүй ээ... тийм олон баян хатагтай нарын дунд ядуу харагдах шиг гутамшигтай зүйл үгүй гэж хэлэв.

  - Чи минь яаж мунхаглах нь энэ вэ хэмээн нөхөр нь уулга алдлаа.

  - Явж мадаам Форэстиэртэй уулз, түүнээс өөртөө үнэт чулуу зээлдэхийг гуй. Чи түүнийг тэр битгий хэл сайн мэднэ шүү дээ гэж тэр нэмж хэллээ. Yүнийг сонсоод бүсгүй баярлахдаа дуу алджээ.

  - Тэр ч тийм шүү. Би тэр тухай огт санасангүй. Удаахь өдөр нь тэр найз руугаа очиж, өөрт учирсан зовлонгоо ярьжээ.

  Мадаам Форэстиэр хувцасны шүүгээ рүүгээ очиж нэгэн том хайрцаг аваад мадаам Лойсэлд  - Хoнгoр минь, сонгоод ав гэж хэллээ.

  Эхлээд Матилда хэдэн бугуйвч үзсэнээ дараа нь сувдан зүүлт, тэгээд эрдэнийн чулуу шигтгэсэн уран тансаг хийцтэй Венецийн алтан загалмай авч сонирхов. Yнэт чулуунуудыг зүүж үзэн толины өмнө эргэлдэн тэднээс сонгох эсэхээ шийдэж ядан эргэлзэнэ. Бүсгүй: - Чамд өөр чулуу байхгүй гэж үү? хэмээн асуулаа.

  - Дахиад бий бий. Чи өөрөө сайн үз. Би чамд аль нь хамгийн их таалагдахыг сайн мэдэхгүй байна.

  Гэтэл бүсгүй санаандгүйхэн нэгэн хар дурдангаар бүрсэн хайрцагнаас сүрлэг чамин алмаазан шигтгээтэй хүзүүний зүүлт олоод, зүрх нь шунамгай гэгч нь цохилж эхлэв. Зүүлтийг авахдаа түүний гар чичирч байлаа. Гоёмсог даашинз дээр өнөөх зүүлтийг хүзүүндээ зүүгээд, өөрийнхөө үзэмжтэй байгааг мэдэрч баясан хөөрчээ. Тэгээд бүсгүй эргэлзэж зовсон байдалтай, - Чи үүнийг надад зээлдүүлж чадах уу, зөвхөн үүнийг л? гэж асуулаа.

   - Өө за, бололгүй яахав гэж мадаам Форэcтиэр хэлэх нь тэр.

  Бүсгүй найзынхаа цээжинд биеэ нааж, хөөрсөн сэтгэлээр тэвэрч аваад, эрдэнэсээ өвөртлөн гарч оджээ.  

  Yдэшлэг болох өдөр ч ирэв. Мадаам Лойсэл од шүүрчээ. Тэнд очсон бүсгүйчүүд дундаас хамгийн үзэсгэлэнтэй нь тэр байлаа. Дэгжин бөгөөд эрхэмсэг, инээд дүүрэн энэ бүсгүй урьд өмнө үзээгүй их аз жаргалыг эдэлж байв. Бүх л эрчүүд түүн рүү ширтэж, алдар нэрийг нь асууж, өөрсдийгөө танилцуулах зөвшөөрөл хүснэ. Яамны том түшмэд бүгд л түүнтэй вальс эргэхээр тэмүүлцгээнэ. Сайд нь ч түүнийг шохоорхжээ.

  Бүсгүй энэ л олон хүний бишрэл хүндэтгэл дунд, түүний хүсэл мөрөөдөл, бүсгүй сэтгэлд нь эрхэм болсон ялалтын бүрэн дүүрэн амжилтаар бүтсэн аз жаргалын мананд, ялгуусан гоо үзэсгэлэндээ, дүүрэн амжилтдаа бахдалтайгаар юунд ч санаа үл зовон, тааламж дүүрэн ууж, улайран хөөрч бүжиглэжээ.

  Өглөөний дөрвөн цаг орчимд тэд гэртээ харив. Шөнө дундаас хойш нөхөр нь эзэнгүй жижиг өрөөнд, мөн л эхнэрүүд нь наргиж цэнгээд “алга болсон“ гурван эртэй хамт зүүрмэглэж байжээ.

  Бүсгүйн мөрөн дээр нөхөр нь гэртээ харихдаа өмсүүлэхээр авчирсан дээл тохоостой ноорхой тэр дээл гоё даашинзтай нь өнгө эрс харшилдахуйц, өдөр тутам өмсдөг эгэл жирийн хувцас байлаа. Бүсгүй үүнийг анзаараад яарч шавдсан нь өндөр үнэтэй арьсан дээлээр гоёж гангалсан бусад бүсгүйчүүлд харагдахгүй гэснийх байжээ.

  Лойсэл түүнийг ийн яаравчлан гарах гэхэд нь хориглож, - Жаахан хүлээгээч. Гадаа хүйтэн, хатгаа авч магадгүй шүү дээ. Би хөлсний тэрэг дуудаадахъя гэв.

  Гэвч бүсгүй түүний үгийг үл ойшоон шатаар шаламгай гэгч нь уруудав. Тэд гудамжинд гараад хөлсний тэрэг олсон ч үгүй, холуур өнгөрч яваа хөтөч нар руу хий дэмий хашгирч, хөлсний тэрэг хайж эхэлжээ.

  Тэд Сена мөрний зүг цөхөрч гүйцсэн байдалтай, даарч чичирсэн хэвээр алхав. Эцэст нь навсгар муухайгаасаа болж өдрийн гэрэлд явахаасаа ичдэг гэлтэй, Парист зөвхөн бүрий болсон хойно л явдаг шөнөөр гэтэгч нэгэн сүйх тэрэг оллоо.

  Сүйх тэрэг тэднийг Руэ де Мартирс дахь гэрийнх нь үүдэнд авчрахад, тэд өөрсдийн хөлсний сууцны зүг гунигтайхан гэгч өгсөв. Бүсгүйн хувьд энэ бүхэн төгсгөл байлаа. Харин нөхрийнх нь хувьд бол тэр маргааш албан тасалгаандаа арван цаг гэхэд очсон байх ёстойгоо л бодож явав.   Бүсгүй толины өмнө очиж өөрийнхөө цог жавхааг дахин нэг харахаар нөмөрсөн дээлээ тайлжээ. Гэтэл тэр гэнэт дуу алдав. Хүзүүндээ зүүсэн зүүлт нь байсангүй!

  - Юу болов? гэж аль хэдийнэ зарим хувцсаа тайлж амжсан нөхөр нь асуув.

   Бүсгүй түүний зүг яахаа мэдэхээ байсан янзтай эргэж харлаа.

  - Би...би...би мадаам Форэстиэрийн зүүлтийг гээчихжээ...

  Нөхөр нь гайхаж сандрав

.   - Юу гэнээ... Тийм байх ёсгүй!

  Тэр хоёр бүсгүйн даашинзны хуниас, хүрэмний нугалаас, халаасыг нэгжиж хаа сайгүй эрэв. Тэд зүүлтийг олсонгүй.

  - Чи үдэшлэгээс гарч явахдаа зүүлтээ зүүсэн хэвээр байсан гэдэгт итгэлтэй байна уу гэж нөхөр нь асуув.

  - Тийм, би яамны хонгилд гартаа тэмтэрч үзсэн юм.

  - Хэрэв чи гудамжинд явж байгаад хаясан бол бид зүүлт унахыг дуулах л учиртайсан.

  - Тийм ээ. Бидэнд дуулдах л байсан. Хөлсний тэрэгний дугаарыг чи харсан уу?

  - Yгүй, харин чи анзаараагүй юу?

  - Yгүй ээ.

  Тэд мэгдэн сандарч дэмий л бие бие рүүгээ харав. Эцэст нь Лойсэл хувцсаа дахиад л өмсчээ.

  - Би ирсэн замаараа дахиж яваад хайж үзье гэж нөхөр нь хэлээд, - Тэгээд олдох эсэхийг харъя гэв.

  Ингээд нөхөр нь гарч одов. Бүсгүй үдшийн даашинзаа өмссөн хэвээр орондоо орох тэнхээгүй, ямар ч бодож сэтгэх сэхээгүй сандалд шигдэн суужээ. Нөхөр нь долоон цагийн алдад буцаж ирэв. Тэр юу ч олоогүй ажээ. Тэгээд нөхөр нь шагнал урамшил амлаж, цагдаагийн газар, сонин хэвлэлийн газар, тэрэг хөлслөгч хоршоо гээд итгэл найдварын бяцхан зул өдөөж болох бүхий л газраар явжээ. Харин бүсгүй самуурч суусан хэвээр, бүхий л өдөржин хүлээж өнжжээ. Лойсэл шөнө гэртээ ирэхдээ нүүр нь цонхийж үрчлээтчихсэн, юу ч олж чадалгүй ирэв.

  - Чи найздаа захиа бичих хэрэгтэй гэж тэр хэлээд, - Чи түүнд хүзүүний зүүлтний түгжээг нь гэмтээсэн тул засварт өгсөн гэж хэл. Тэгвэл бид энэ бүхнийг зохицуулж аргалах цаг хожих юм гэв. Бүсгүй түүний хэлснээр захиа бичиж явуулжээ.

  Долоо хоног шувтрахад тэдний бүхий л горьдлого найдвар тасарчээ.

  Энэ хооронд таван жилээр хөгширсөн Лойсэл, - Бид алмаазыг орлуулан хийх арга бодох хэрэгтэй гэж хэлэв.

  Дараагийн өдөр нь тэд хүзүүний зүүлт байсан хайрцгийг аваад, хайрцаг дотор нэр нь бичээстэй байсан дарханых руу очлоо. Дархан дансны дэвтрээ шүүн үзжээ.

  - Мадаам, энэ зүүлтийг худалдсан хүн нь би биш билээ. Харин би ердөө түгжээг нь л хийсэн гэж тэр хэлэв.

  Ингээд хоёул шаналал харуусал, сэтгэлийн тарчлаанд автаастай хэвээр дарханаас дархан дамжиж, яг л анх хүзүүний зүүлт эрж байсан шигээ энд тэндээс асууж сураглан явжээ. Палас-Рояал ордны мухлагт тэдний эрж явсантай яг адил гэмээр нэг хэлхээтэй алмаазан зүүлт олдов. Энэ нь дөчин мянган франкны үнэтэй эд ажээ. Тэд үүнийг гучин зургаан мянган франкаар авч болох гэнэ.

  Дарханыг энэ зүүлтээ гурван өдөр зарахгүй байхыг тэд гуйжээ. Тэгээд хэрэв уг зүүлт нь хоёрдугаар сараас өмнө олдвол, үүнээ гучин дөрвөн мянган франкаар буцааж өгч болохоор ярилцан тохирчээ.

  Лoйсэлд эцгээс нь өвлүүлсэн арван найман мянган франк байв. Тэр үлдсэнийг нь зээлэхээр төлөвлөжээ.

  Лойсэл нэг хүнээс мянгыг, нөгөөгөөс таван зууг, эндээс ч таван луйс, тэндээс ч гурван луйс гээд бүгдээс мөнгө зээлэв. Гарт байсан бүх мөнгөө өгч, дахин хэзээ ч сэхэхээргүй байдалд хүргэхүйц наймаа хийж, мөнгө хүүлэгч, бэлэн мөнгө зээлдэгчдийн бүхэл бүтэн бүлэглэлтэй ч наймаалцжээ. Тэр үлдсэн амьдралынхаа он жилүүдийг барьцаалж, хожим нэр төрөө хамгаалж чадах эсэхээ ч үл мэдэн гарын үсгээрээ дэнчин тавьж, зовлон шаналал болсон ирээдүйн нүүр царай, хар ядуу гуйланчлалт амьдрал, бие, сэтгэлийн байж болох бүхий л зовлон гачланг мэдэрч, айж мэгдсэн хэвээр уран дарханы лангуун дээр гучин зургаан мянган франк тавьж шинэ зүүлтээ авахаар явжээ.

  Мадаам Лойсэл мадаам Форэстиэрт зүүлтийг нь буцаан өгөхөд тэр хүйтэн өнгөөр, - Чи удаалгүй буцаагаад өгчихгүй дээ. Надад хэрэг болох байсан ч юм билүү гэж хариулжээ.   Найзынх нь эмээж байсан шиг тэр савыг нээж үзсэнгүй. Хэрвээ тэр орлуулж хийснийг нь мэдсэн бол юу гэж бодох байсан бол. Юу гэж хэлэх байсан бол доо. Түүнийг хулгайч гээд барихгүй л байсан болов уу?

  Мадаам Лойсэл ядуу зүдүү аймшигт амьдрал туулж эхэлжээ. Амьдрал нь тэр чигтээ доромжлол. Гэсэн ч тэр эхнээсээ л өөрийн үүргээ баатарлагаар биелүүлж байв. Энэ аймшигт өр зээлийг төлөх хэрэгтэй байлаа. Бүсгүй төлөх л болно. Шивэгчнээ ч явуулав. Тэд байр сууцаа солиод дээврийн доорхи хонгилд нүүн оржээ.

  Бүсгүй гэрийн хүнд хүчир хөдөлмөр, гал тогооны дур гутаам ажлыг хийж мэддэг болов. Тэр аяга таваг, хайруулын тавагны ёроол, заваарсан тогоо шанагыг хумсаа элэгдтэл угаадаг болжээ. Тэр орны бохир хэрэгсэл, өмд цамц, аяга таваг арчдаг даавуу зэргийг угаагаад хэцэн дээр хатаахаар гадаа өлгөж, өглөө бүр хогийн тантанг гудамж руу гаргаад, ус зөөхдөө зогссон газар болгоноо амьсгаагаа авах гэж амсхийдэг болов. Ядуу эмэгтэй шиг хувцаслаад, хүнсний мухлаг, жимсний худалдаачин, мах худалдагч руу явж, гартаа сагс бариад үнэ тохиролцож, гутаан доромжлуулж, хөөрхийлэлтэй мөнгөний хагас пэнни болгоны төлөө тэмцэж байлаа.

  Сар бүр өрнөөсөө төлөх ёстой бөгөөд зарим нэгийнх нь зээлийн хугацааг сунгуулж хугацаа хождог байлаа. Нөхөр нь оройдоо худалдаачны данс цэгцэлж, шөнөдөө үргэлж хуудас бүрийн таван пэннигээр хуулан бичлэг хийж давхар ажил хийдэг байв.

  Энэ амьдрал арван жил үргэлжлэв.

  Арван жил болоход бүх өр нь төлөгдөж, мөнгө хүүлэгчийн өртөг, ноогдсон хүүний хуримтлал гээд бүгдийг нь төлж дуусчээ. Одоо мадаам Лойсэл хөгшин харагдаж байлаа. Тэр бусад ядуу айл гэрийн хатуу ширүүн зантай, бүдүүлэг авгай нарын нэгэн адил болжээ. Yсээ ч сайн торддоггүй, банзалаа хайнгахан өмсдөг болсноор барахгүй урьд булбарай байсан гарын нь алга эвэршиж улайжээ. Тэр чанга дуугаар ярьж, шал зүлгэхдээ хаа сайгүй ус үсэргэдэг болжээ. Гэвч заримдаа нөхөр нь ажилдаа явсан хойгуур цонхны дэргэд суугаад дээр өнгөрсөн тэр нэг орой, өөрийнхөө хамгийн үзэсгэлэнтэй, бусдын тийм их бишрэл хүндэтгэлийг төрүүлж байсан тэр л үдэшлэгийг дурсдаг байв.

  Тэр үнэт чулууг гээгээгүй бол юу болох байсан бол? Хэн мэдлээ? Хэн мэдлээ? Амьдрал ямар хачин юм бэ, ямар хувирамтгай вэ? Ямар жаахан зүйлээс аврал, мөхөл ирэх билээ! Нэгэн бүтэн сайн өдөр, долоо хоногийнхоо ажлаа дуусгачихаад, сэтгэлээ сэргээхээр Чампс Элисэйн гудамжаар алхаж яваад тэр гэнэтхэн нэгэн эмэгтэйг хүүхдээ салхилуулж явахыг олж харав. Энэ бол мадаам Форэстиэр байсан бөгөөд тэр гоо үзэсгэлэнтэй, залуу, дур булаам хэвээр харагдаж байлаа.   Мадаам Лойсэлийн сэтгэл хөдөлжээ. Түүнтэй тэр уулзсан нь дээр үү? Тийм ээ, мэдээжийн хэрэг. Тэгээд ч тэр одоо бүгдийг төлж дууссан хойно, түүнд бүгдийг хэлэх хэрэгтэй. Яагаад үгүй гэж?

  Мадаам Лойсэл түүн рүү дөхөж очив.

  - Өглөөний мэнд, Жанни!

  Нөгөөх нь түүнийг таньсангүй. Ядуу танихгүй бүсгүйгээр хэзээний танил мэт дуугаар тэгж дуудуулсандаа гайхаж байлаа.

  - ...мадаам гэж тэр түгдрээд, - ... та намайг андуураад байх шиг байна гэлээ.

  - Yгүй ээ...Би Матилда Лойсэл байна.

  Найз нь дуу алдав.

  - Ай хөөрхий... Матилда минь! Чи ямар их өөрчлөгдөө вэ!...

  - Тиймээ, чамтай хамгийн сүүлд уулзсанаас хойш би их хүнд хэцүү амьдрал, маш их зовлон гунигтай учирсан… Энэ бүгд цөм чамаас л болсон

.   - Надаас болсон гэнээ!... Яахаараа тийм байдаг билээ?

  - Яаман дээр болсон үдэшлэгт зориулж чамаас зээлдсэн алмаазан шигтгээтэй хүзүүний зүүлтийг чи санаж байна уу?

  - За тийм. Тэгээд?

  - Би түүнийг чинь гээчихсэн юм.

  - Яаж тэгж болох вэ? Яагаад? Чи түүнийг надад буцааж өгсөн шүү дээ.

  - Би чамд яг адилхан өөр зүүлт авчирч өгсөн юм. Тэгээд сүүлийн арван жилийн турш бид түүний өрийг төлж байлаа. Чи бидэнд энэ бүхэн ямар хэцүү байсныг ойлгоно биз. Бидэнд ямар ч мөнгө байгаагүй... Ямартаа ч энэ бүхэн эцэстээ төлөгдөж дууссан. Би үүнд харин баяртай байгаа.

  Мадаам Форэстиэр гайхширан зогтусав.

  - Чи миний зүүлтийг орлуулах гэж алмаазан зүүлт авсан гэж хэлэв үү?

  - Тиймээ. Чи мэдээгүй гэж үү? Маш адилхан харагдаж байсан даа гэж Матилда хэлээд гэнэн сэтгэл, бахархал хоёрыг хослуулан баяртай гэгч нь инээд алдав. Мадаам Форэстиэрийн сэтгэл хөдөлж түүний хоёр гарыг гартаа барьлаа.

  - Ай, хөөрхий Матилда минь! Минийх чинь хуурамч өнгөлгөөтэй байсан юм. Аль сайндаа л таван зуун франкийн үнэтэй байсан эд шүү дээ!...