Хүмүүс яагаад улс төрч болдог вэ? Хэн нэгнийг сонгуульд нэрээ дэвшүүлэх болсны учрыг асуувал “Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас” гэсэн утгаар хариулдаг. Сонгогдсон хойноо “Би сайндаа биш, ард түмэн надад итгэл хүлээлгэлээ” гэнэ. Хэрвээ төрийн өндөр албан тушаалд очвол “Энэ бол асар өндөр хариуцлага. Аймаар байна. Гэхдээ ард түмнээ бодоод аргагүйн эрхэнд зөвшөөрлөө” хэмээн донгодно. Харин улс төрд удахлаараа төрд чөмгөө дундартал зүтгэснээ сануулж гоморхоно.
Хүмүүс яагаад улс төрч болдог вэ? Хэн нэгнийг сонгуульд нэрээ дэвшүүлэх болсны учрыг асуувал “Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас” гэсэн утгаар хариулдаг. Сонгогдсон хойноо “Би сайндаа биш, ард түмэн надад итгэл хүлээлгэлээ” гэнэ. Хэрвээ төрийн өндөр албан тушаалд очвол “Энэ бол асар өндөр хариуцлага. Аймаар байна. Гэхдээ ард түмнээ бодоод аргагүйн эрхэнд зөвшөөрлөө” хэмээн донгодно. Харин улс төрд удахлаараа төрд чөмгөө дундартал зүтгэснээ сануулж гоморхоно. Одоо боль, огцор гээд хэлчихвэл “энэ бол хэлмэгдүүлэлт” хэмээн сүрдүүлж 1937 он, Ерөнхий сайд Амарыг сануулж “Монголын төр өөртөө зүтгэсэн хүнд халгаатай” гэж эцсийн мэхээ хэрэглэнэ... Тэгвэл улс төрчдийн амьдардаг нам нь хэрхэн байгуулагддаг вэ? Зөвхөн улс төр судлаачид ойлгож чадах нийгмийн амьдралын нарийн түвэгтэй үйл явц өрнөсөөр, энд тэндээс гарч ирэх янз бүрийн хүчин зүйлсийн нөлөөгөөр улс төрийн намууд мэндэлж оршин тогтнодог гэсэн бүдэг бадаг төсөөлөл жирийн хүмүүст байдаг биз. Нэг үгээр хэлбэл нам гэдэг бол тоглоом биш, намууд байгуулагдахаас эхлээд өөр хоорондоо нэгдэж нийлэх, дампуурах, тэдний тоо олон цөөн байх нь хүртэл хэн нэгний хүсэл зоригоос үл хамаардаг нарийн учир шалтгаантай нийгмийн үзэгдэл хэмээн ойлгож болох юм. Цаанаа үнэхээр тийм байдаг биз. Гэхдээ 1990 оноос хойшхи монголын улс төрийн намуудын түүх, тэдгээрийг тойрсон үйл явдлыг эргэн санавал тов тодорхой нэр бүхий хэдхэн хүний хүсэл, санаачлага, дураараа дургилт, хэрүүл тэмцэл, хорсол тайлалт, тэгээд бас амьдрах арга, наймаа, бизнес харагдаад байдаг. Намд элсэе гэтэл хамаг гайгүй суудал аль хэдийнэ эзэнтэй болсныг харсан эрхмийн толгойд өөрийн нам байгуулах санаа төрдөг. Журмын нөхөдтэйгээ муудалцаад салахдаа тусдаа нам байгуулж хариугаа авдаг. Бие, гэр хоёроо засчихаад төрөө засахаар шийдсэн шинэ баян бусдын намд орвол жижгэрсэн юм шиг санагддаг болоод ч тэр үү компанийхаа дэргэд “охин” нам байгуулж орхидог. Нам байгуулсан шалтгаанаа ард түмэн хүссэн, нийгэм захиалсан, цаг үе шаардсан гэж тайлбарладаг. Шаардлага байгааг мань нөхөр соргогоор мэдрээд хэдэн хүнтэй холбоо барьтал тэд яг ингэж бодож, харин өөрсдийг нь удирдаад явчих хүнийг хайгаад яахаа мэдэхгүй сууж байсан байж таардаг. Уулзаад ярилцтал мань эрээс өөрөөс нь асуулгүйгээр шууд намын даргаар тавьж орхидог. Я
аж ч эсэргүүцээд нэмэр болдоггүй. Ингээд үзэл бодол нэгтэй намын хамт олны тэр их итгэл найдварыг хүлээсэн хүн УИХ-д нэрээ дэвшүүлж улс төр гэдэг муухай юм руу яваад орохоос өөр ямар ч арга байдаггүй.... Саявтар нэг намаас хөөгдөж шаралхсандаа өөр нэг намыг байгуулсан бүлэг улс төрчдийн нэг хэлэхдээ “Бид нам байгуулах болсон нь хөөгдсөндөө шаралхаж хийсэн алхам биш. Монголын нийгэмд оршиж буй бэрхшээл, өнөөгийн улс төрийн тогтолцоо явцуурсан, дампуурсан нөхцөл байдлаас үүссэн санаачлага“ гэв. Хэрвээ тэднийг эхний намаас хөөгөөгүй бол дараачийн нам мэндлэхгүй байсан нь эргэлзээгүй. Монголчууд бид өнгөрсөн жилүүдэд ямар намыг эс үзлээ. Моргийн ширээн дээр задлан хийлгэсэн, эсвэл бүр оршуулчихаад байхад босоод ирдэг том намуудаас эхлээд хоёр гурван найзын, нэг компанийн, тэр ч бүү хэл ганц хүний, өөрөөр хэлбэл эзнийхээ “дипломат” цүнхэнд хамаг гэрчилгээ, бичиг баримт, илтгэл айлтгал, гишүүдтэйгээ багтчихдаг, сүүлдээ Интерполоор эрэн сурвалжлагдсан гээд есөн шидийн намыг үзэж өнгөрүүллээ. Улс төрчид нь бүр ч сонирхолтой. Сонгууль болгонд өөрийгөө сойдог хэрнээ ялж үзээгүй (авгай нь хүртэл түүний төлөө санал өгдөггүй байх гэж сэрдмээр) нөхдүүд зөндөө. Жижиг байтугай том улс төрчид андуураад буруу намд элсчихсэн байх юм. Сонгууль бүрийн өмнө шинэ намд элсэж хийморио сэргээдэг бөөн улс төрчид гарч ирдэг. Хэдэн жилийн өмнө нэг жижгэвтэр намын даргаас удирдах зөвлөлийн гишүүдийн нэрсийг асуухад яаж ч хичээгээд талаас илүүг санадаггүй, арга барагдаж дэд дарга руугаа утасдаж асуухад тэр нь тусалж чадаагүй билээ. Амьдрал юун дээр тогтдогийг бид мэднэ. Тэгвэл улс төрийн намын амьдрал өнгөрсөн сонгуулиар хүртсэн болон ирэх сонгуулиар хүртэх бялуун дээр тогтдог. Тэр бялууг хүртэгсэд буюу хүртэхийг горьдогсдыг улс төрч гэнэ. Улс төрч байх, тэр тусмаа намын дарга байх ямар ч том компанийн захирал байхаас дутахгүй. Монголын улс төрийн бүхэл бүтэн намын дарга, ядахдаа дэд дарга, ерөнхий нарийн бичгийн дарга гэсэн албан тушаалууд үнэхээр том сонсогдоно. Улс төрийн асуудлаар мэдэгдэл хийх нь сүртэй. 160 мянган гишүүнтэй намын даргатай хамт ганц гишүүнтэй хязгаарлагдмал хариуцлагатай намын дарга хэлэлцээрт орж зурагтаар гарна. Сонгуулийн санал хураах хуудсан дээр нэр дэвшигчид нь хүртэл том жижиг намынх гэлтгүй ижил үсгээр бичигдэнэ.  Намын дарга нар юу хүснэв, улс төр тэгэж байсан жишээ захаас аван байна.  1990-ээд оны эхээр МАХН марксист-ленинист онолоо орхиж яахаа мэдэхгүй будилсан тэр үед Нагаржунайн төв үзлийг сонирхон судлагч Б.Даш-Ёндон тус намын даргаар сонгогдсон билээ. Ингээд МАХН-ын үзэл баримтлал нь төв үзэл болж хувирсан. 2005 онд Улс төрийн намуудын тухай болон сонгуулийн хуулийг шинэчилж нэг ёсондоо бяцхан реформ хийсэн билээ. Ингэснээр жижиг намууд улс төрийн тайзнаас түлхэгдэн бууж цаашдаа зөвхөн хоёр том нам үлдэж тэр нь МАХН ба АН хоёр боллоо. (Буруу зөв нь тусдаа асуудал) Үүнийг хоёр намын толгойд байсан нэр бүхий хэдэн нөхөд Засгийн газрыг огцруулна, огцруулахгүй гэдгээр бие биенээ барьцаалан зөвшилцөөд шийдчихсэн. Монголын сонгогчид байтугай намын жирийн гишүүд нь мэдээ ч үгүй. Түүхэнд хувь хүний гүйцэтгэх үүргийг хэтрүүлж үнэлэх ёсгүй, гэхдээ өнгөрсөн арван хэдэн жилд монголын улс төрийн нүүр царайг тодорхойлж, нааш цааш болгож ирсэн улс төрчдийн нэрс тийм олон солигдсон гэж үү? Манай сэтгүүл монголын одоогийн улс төрчдийн тухай цуврал танилцуулгыг эхэлж байна. Дээрээс нь эхлэе.
Н.Энхбаяр
Сууж үзсэн сандлаар нь хэмжих юм бол Энхбаяр монголын хамгийн том улс төрч мөнөөс мөн. Тэрбээр 2000-2004 оны хооронд хэмжээлшгүй эрхт Ерөнхий сайд байж, тахин шүтэгчдээрээ “үндэсний удирдагч”-аас эхлээд “хүмүүний манлай” (homo sapiens буюу бүх ухаант хүн төрөлхтөний манлай гэсэн үг) болтлоо өргөмжлүүлж байлаа. Сүүлдээ баримжаагаа алдаж Монгол Улсын тэргүүн хатагтайг ч зүгээр суулгалгүй Тагнуулын Ерөнхий Газрын зөвлөхөөр тавиулж үзээд, чөлөөт хэвлэлийн удирдагчаар томилсон түүхтэй. 2004 онд МАХН бүрэн ялж чадаагүй ч түүний авирах хөдөлгөөнийг нь хэн ч зогсоож чадаагүй бөгөөд УИХ-ын даргын суудал дээр ганцхан гишгэлээд Монгол Улсын ерөнхийлөгчийн сэнтийд очиж суув. Даанч зөвхөн ерөнхийлөгч болсон хойноо Н.Энхбаяр ариун мөрийн замд орж төрийн албыг улс төрөөс ангижруулах, олигархуудаас зайлуулах, авилгал хээл хахуулыг зогсоох талаар Батзандан, Баасан нараас ч гоё юм ярьж эхэлсэн. Одоо Оюутолгойн баялгаас ард түмэнтэйгээ хуваалцах, хадгаламж зээлийн хоршооны мөнгийг шийтгэн олгох, нийслэлийн сая дахь иргэнийг баярлан угтах гэхчлэн үргэлжлүүлж байнаа. Н.Энхбаяр бол Монгол Улсын төрийн тэргүүн. Түүний тэргүүлсэн төр 2007 оны 6-р сарын 15 гэхэд хөрөнгө, орлогын мэдүүлгээ гаргаж өгөх учиртай. Даанч Дангаасүрэн дарга ширээ сандлаа янзалсаар байгаад ажлаа хийх шинж алга. Иймээс төрийн тэргүүн “өөрчлөлт, шинэчлэлтийг өөрөөсөө эхэлж” хөрөнгө, орлогын мэдүүлгээ ил тод зарлаж авилгалын эсрэг тэмцлийг манлайлах шаардлагатай болжээ. TV90 (TV9 буюу TVЕрөнхийСайд телевизийг одоо TVЕРөнхийлөгч телевиз гэж нэрлэвэл зохилтой)-ээс эхлээд жагсаах биз.  Хэрвээ тэрбээр 2009 онд дахин сонгогдож эс чадвал Алтай Таван богдоос эхлээд монголын хамаг өндөр оргилд гарчихсан Н.Энхбаярт зөвхөн уруудах л үлдэж байгаа юм. М.Энхболд  Бүр социализмын үеэс Улаанбаатар хотын дарга (Улаанбаатар хотын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны дарга гэж нэрлэгдэж байв) бол орон сууц хуваарилдаг онц чухал албан тушаал байсан юм. Нийслэлд монгол, зөвлөлтийн барилга угсралтын трест, СОТ-ууд хороолол хорооллоор нь босгосныг үйлдвэр, албан газруудад хуваарилаад бас “арын хаалга”-аар цохож олгосон ч хүрэлцдэг олон орон сууц ашиглалтанд орж байлаа. Ингээд мянга мянган айл өрх зүгээр л оочирлоод авсан орон сууцныхаа ордер дээрх хотын даргын гарын үсгийг гүн талархалтайгаар хардаг байсан биз. Харин Энхболдын үед хавьгүй үнэтэй нэг юмыг хуваарилдаг болжээ. Тэр бол газар! Социализмын үед орон сууцанд ерөнхийдөө ил тод оочирлож, урдуур хойгуур орлоо гэлцэн бие биенээ хянадаг байсан бол энэ удаад Улаанбаатарын хамаг үнэ цэнэтэй газрыг ямар ч өрсөлдөөн, дуудлага худалдаагүйгээр хэдхэн жилийн дотор олгоод дууссан билээ. (Нэгэнт дуусчихсан учраас түүний халааг авсан Ц.Батбаяр “би нэг ч газар олгоогүй” гэж сайрхдаг). Үе дамжин эзэмших газартай болж орд харшаа сүндэрлүүлсэн эрх мэдэлтнүүд (газар аваагүй даргыг дарга гэдэг юм уу?) М.Энхболдод талархах, түүнийг дэмжих үүрэгтэй.  Энхболд одоо МАХН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд болж тэтгэврийн нэмэгдэл, хүүхдийн мөнгө, гэр бүлийн мөнгө тараасхийгээд, харин Засгийн газраа удирдах ажлаа Ерөнхийлөгчөөр хийлгэсхийгээд явж байна. Ховорхон азтай хүн. Ц.Нямдорж  1665 онд францын язгууртан, хотын оршин суугчид, шашны мяндагтнуудаас бүрдсэн парламентаас Людовик 14-р хаанд нэгэн шаардлага тавьсны хариуд хаан өөдөөс нь: - Ноёд оо, та нар өөрсдийгөө төр гэж бодож байгаа юм уу? Эндүүрч байна. Төр бол – би хэмээн хашгирсан гэдэг. Нэг удаа хэлэгдсэн энэ үг түүхэнд үлдэж, өөрийн үзэл бодлыг төрийнх байх ёстой гэж тулгадаг, товчоор хэлбэл төр улсдаа №1 хүн гээд итгэчихсэн хүнийг зүйрлэдэг болжээ. Яг 340 жилийн дараа Улсын Их Хурлын дарга Ц.Нямдорж гэдэг монгол хүн төстэй аашлах болсон байна. Амнаас нь хоёр үг гарвал нэг нь төр байх. Нямдоржийг шүүмжилбэл монголын төрийг шүүмжиллээ гэж гомдоно. Ноднин МАСЗХ-ны “Алтан сарнай” наадмаас шагнал аваад “Энэ бол монголын төрийг шагнаж байгаа хэрэг” гэсэн утгатай юм ярьж шүүмжлэгчдээ хэлэх үггүй болгож чадсан юм. Сүүлдээ монголын хамгийн шударга хүн бөгөөд №1 хуульч гэдгээ бахдаж ханахаа больсон тэрбээр хууль хамаа намаагүй засч байгаад баригдаж Үндсэн хуулийн цэцэд очсон боловч Цэцийн гишүүдэд өөрсдөд нь байцаалт явуулахаас эхлээд Цэцийг өөрийг нь Цэцэд өгөх зэргээр аашилсаар өдий хүрлээ. Ийм хүн ойрын 340 жилд төрөхгүй биз ээ.
С.Баяр
МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга гэсэн уйтгартай сонсдох албан тушаал хашдаг боловч дээл өмсөж морь уяж шоудаад харагддаггүй, илүү дутуу хөдөлгөөн хийдэггүй, хааяа чамбай бөгөөд чангахан дуугардаг энэ эрхэм янз бүрийн судалгаагаар манай топ улс төрчдийн тоонд ордог. Авилгалч энэ тэрээр дуудуулж үзээгүй. Нам нь гаалийн мөнгөөр санхүүжин УИХ-ын болон Ерөнхийлөгчийн сонгуульд оролцсон нь илэрч, журмын нөхөд нь төрөөр, МАСЗХ хэмээх дүү нар банкаар туйлж байхад Баяр дарга яадаг ч үгүй. Тийм цэвэрхэн...
Ө.Энхтүвшин ба “МАХН-ыг шинэчлэгчид”
МАХН том учраас элдэв улс төрчдөөр арвин. Төлөөлөл болгож МАХН-ыг шинэчлэгчдийн талаар хэдэн үг. Тэдэнд хандсан ганцхан асуулт байдаг: Энэ олон шударга хүмүүс 2000-2004 онд хаана байв? Хариулт: Бүгдээрээ (100%) төрийн болоод намын тав тухтай албан тушаал хашиж суусан. Гагцхүү 2004 оны УИХ-ын сонгуулиар МАХН тал суудлаа алдаж албан тушаалуудыг бусадтай хуваалцахад хүрснээр бүгдэд хүрэлцэхээ больж журмын нөхдөө гомдоосон нь эд юм.  Одоо тэдэнд гайгүй албан тушаал өгчихвөл намаа шинэчлэх завгүй болно гэж мөрийцсөн ч алдахгүй. Жишээлбэл, шинэчлэгчдийн удирдагч Ө.Энхтүвшин нөхөн сонгуулиар УИХ-ын гишүүн болж, сайдын суудалд очсоноос хойш нэг секундын дараа л амаа хамхисан байдаг. (Зөрөөд суудлаасаа мултарсан Байгаль орчны сайд асан У.Барсболд намаа шинэчлэх ажилд ханцуй шамлан оржээ)
Ц.Элбэгдорж
1998 онд анх удаа Moнгол Улсын ерөнхий сайд болж үзээд бүтэлгүйтэж огцрох тэр үед Ардчилсан холбоо эвслийнхэн 30 мянган залуусыг төсвөөс мөнгө гаргаж далайн цаана аваачиж сургахыг уриалж дуудаж эхэлсэн билээ. Даанч 2000 оны сонгуульд ялагдсан болоод ч тэр үү зөвхөн Сайханбилэг, Баярцогт зэрэг хэд гурван залуу гадагшаа явсны нэг нь Ц.Элбэгдорж байлаа. Тэрбээр дөрвөн жил суралцан биеэ бэлтгэж ирээд Ерөнхий сайдын суудалд дэгдэж очоод сууж амжсан боловч жил хагасын дараа бас л огцров. Хэтэрхий залуугаараа улс төрийн өндөрт гарах сайхан боловч буухлаараа хэцүүддэг нь манай улс төрчдийн нийтлэг зовлон. Ерөнхийлөгч асан Н.Багабанди гэхэд дөнгөж 50 гарсан мөртөө уншсан номоо сургааль болгож айлдахаас өөр ажилгүй сууна. Харин Ц.Элбэгдорж хамаагүй том сэтгэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын суудлыг горилон нэр хаяггүй PR явуулсан ч онигоонд орж төгссөн.  Гэхдээ тэр одоо ч залуу. Олон улс төрч түр ч хамаагүй Ерөнхий сайд болж үзэхийг мөрөөддөг бол Элбэгдорж Ерөнхий сайдаар бүтэн ажиллаж үзэхийг хүсдэг байж болох юм.
М.Энхсайхан
2004 онд АН-ын дарга М.Энхсайхан “Эх орон” намын дарга Б.Эрдэнэбаттай хамтран “Эх Орон-Ардчилал Эвсэл“-ийг байгуулж сонгуульд оролцоод МАХН-тай бараг тэнцүү суудал авч Засгийн газрыг хамтран байгуулав. Даанч хажуугаар нь Элбэгдорж гэнэт гарч ирээд Ерөнхий сайдын суудалд суусан тул “тэснэ тэснэ гэхэд яаж тэсэхэв” гэгчээр нэг л өдөр эвслээ тараав. Ийнхүү 1998 онд өөрийг нь Ерөнхий сайд байхад Элбэгдорж “намын дарга ерөнхий сайд байх учиртай” гэж онолдоод МАХН-тай нийлж огцруулсны хариуг давхар авсан төдийгүй МАХН-ын байгуулсан Үндэсний эв нэгдлийн газарт орж шадар сайд болж, Үндэсний шинэ намыг байгуулав. Өнөөдөр телевизийн дэлгэцнээ аз жаргалаар бялхан яралзтал инээж харагдах М.Энхсайханаас 2005 оны ерөнхийлөгчийн сонгуульд өөрийг нь бутниргэж, авилгачдыг цээрлүүлэхийг нь бүрмөсөн болиулсан Н.Энхбаяртаа зориулсан тансаг шүлэг нь монголын улс төрийг театртай адил болгож өглөө.
Р.Гончигдорж
1990-ээд оны туршид МСДН гэдэг бараг 3 дахь хүчин байжээ. 2000 оны УИХ-ын сонгуульд нэг ч суудалгүй хоцорсны дараа тус намын дарга Гончигдоржид дөрвөн жил лааз өшиглөнө гэхээс тэсвэрлэшгүй санагдахын зэрэгцээ 2001 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль зүгээр суулгахгүй хатгаад байсан биз. Даанч парламентад суудалтай нам л Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх эрхтэй. Гэхдээ Гончигдорж ба түүний намынхан арга бодож олов. Ингээд л ялагдлаас сургамж авах, хүчээ нэгтгэх тухай гоё үгс цуурайтаж урьд нь тангараг тасарсан боловч яаж ийгээд ганц суудал авч УИХ-аас зүүгдээд авсан МҮАН-тай нэгдэж хэдэн жижиг намаар хачирлаж байгаад Ардчилсан намыг байгуулсан билээ. МСДН-ын зарим нөхөд “МҮАН-ийнхан гэж бөөн нүүгэлтсэн хар юм” хэмээн шоолдог байсан бол тэр хар юмтайгаа суучихав. Гончигдорж шинэ нам дотроо М.Энхсайханыг америк маягийн сунгаагаар дийлсэн ч МАХН-аас нэр дэвшигчид ялагдав. Одоо төрхөмдөө буцалтай биш. “Алтан гадас” нэрээр хагас салалтын байдалд хэдэн жилийг өнгөрөөж, төдөлгүй УИХ-ын сонгуультай золгож сонгогдсон улс төрчийн хувьд аврагдсан билээ. Гончигдорж хэзээ нэгэн цагт УИХ-ын дарга байсныг бүгд мартжээ.
С.Оюун
УИХ-д суудалтай намын цорын ганц эмэгтэй дарга юм. Түүний Иргэний зориг намыг нэг хүнийх гэж хэлэхэд хэцүү, МАХН ба АН-ын загварыг дууриасан, орон нутагт салбар, дэргэдээ залуучууд, эмэгтэйчүүдийн байгууллагатай, олон арван мянган гишүүнтэй үндэсний хэмжээний нам боловч С.Оюун намдаа үнэмлэхүй байр суурьтай. Түүний нам өнгөрсөн жилүүдэд тус нам улс төрийн 3 дахь хүчний орон зайг эзэлж харагддаг боловч хаа сайгүй 3 дахь хүчний эрэл үргэлжилсэн хэвээр байгааг хэн ч тайлбарлаж чаддаггүй.
Л.Гүндалай
2000 онд хэн ч мэдэхгүй залуу Хөвсгөлөөс УИХ-д гэнэт гараад ирсэн нь АХ эвслийн ялагдлын фонон дээр сенсаац байлаа. Чуулганы хуралдаан дээр хэдэн лоозон харуулсанд цочирдсон УИХ-ын дэд дарга Бямбадорж гүйж очин булаалдаж улс төрийн энэ шинэ одыг асааснаас хойш АН-д ороод гарч, УИХ-д дахин сонгогдож, хувьдаа нам байгуулж, Эрүүл мэндийн сайдын суудлыг нэхсээр байгаад авч чадсан. Уг нь ямар ч юмнаас түүний дотор индрээс, сайдын суудлаас буухгүй зууралдах нь түүний авьяас. Хэдэн жилийн өмнө онгоцноос өргүүлж тийчилж байж буусныг санацгаая. Гэхдээ сая МАХН-ынхан Гүндалайг сайдын суудлаас буулгаж чадсан төдийгүй хэсэг хугацааны дараа түүний гомдлыг эвтэйхэн ашиглаж Б.Жаргалсайханыг сайдын суудлаас суга татуулж дөнгөсөн билээ.
Б.Эрдэнэбат
Маш даруухнаар бизнесээ эрхэлж байсан Эрдэнэбат 1998 онд гэнэт улс төрд орохоор шийдсэн юм. Магадгүй тэрнээс өмнөхөн Ерөнхий сайдаар хэдэн тэрбумын татвараа хөнгөлүүлсэн нь улс төр шиг ашигтай бизнес алга гэдэгт итгүүлсэн биз. Ингээд хот хөдөөгүй Эрэлийн намын тугийг намируулж “Эрэл” компанийхаа мөнгийг дундартал зарцуулсны хүчинд 2000 онд ганцаараа, 2004 онд хэдүүлээ УИХ-д орж ирсэн. Түүний амбиц маш түргэн томорч Монгол улсын Ерөнхийлөгчид санаархав. Ерөнхий сайдын бялууг Ц.Элбэгдоржид алдсандаа гомдохийн дээдээр гомдож (үүнийгээ “бид пэмбийсэн сайхан цагаан гэр барьсан чинь тооноор нэг нөхөр орж ирээд хойморт гараад суучихсан” гэж чин сэтгэлээсээ гашуудан дүрсэлдэг) М.Энхсайхантай нийлж эвслээ тараав.  “Эх орон” намын хэсэг гишүүд 2005 онд даргынхаа эсрэг “бослого” гаргаад (Эрдэнэбат дарга ганцаараа шийддэг, удирдах зөвлөлийг хамаатан саднаараа дүүргэсэн гэж) бараагүй. Мэдээж шүү дээ. Энэ нам “Эрэл” компанийн охин нам учраас намын дүрмэндээ “Намын даргаар зөвхөн Б.Эрдэнэбат нэртэй хүн сонгогдоно” гээд оруулсан ч гайхах хэрэггүй. Тэд хэний намд элссэнээ мартсан бололтой.
Б.Жаргалсайхан
1992 онд өөрийн нам байгуулан халаасалж аваад түүнийгээ дээд зэргээр ашиглаж чаддаг. Ээлжит сонгууль дөхөхөд бусад том намуудад гомдсон, гологдсон, салан тусгаарласан гээд зүсэн зүйлийн нэр дэвшигчид нам хайж давхихад Жаргалсайхан бэлэн хүлээж аваад намаасаа нэр дэвшүүлж тусалдаг. Харамсалтай нь хэн нь ч амжилт олж чадаагүй, өөрөө бол чадсан.  Өнөөдөр түүний хэлж ярьж байгааг сонсох юм бол монголын ¹1 шударга хүн бололтой.  Гэхдээ 1990-ээд оны дундуур Засгийн газраар барьцаа гаргуулан гаднаас зээлсэн асар их өрөө одоо ч төлөөгүй, түүнээс үүдсэн заргыг шийдэхэд төсвөөс зарцуулсан 1,5 тэрбум төгрөгийг бас төлөөгүй. Тэглээ гээд яадаг ч үгүй, сонгуульд саадгүй нэр дэвшин сонгогдож, ерөнхийлөгч болох шахсан билээ. Дээр дурдсан мөнгийг төсөвт төлөхийг шаардах зоригтой албан тушаалтан Монголд нэг ч гараагүй бөгөөд ноднин эзэн Чингэсийн нэрээр бас л тэрбумаар тоологдох төгрөг өгч Сүхбаатарын талбай дээр дуртай шоуг нь хийлгэн эрхлүүлжээ.
Н.Ням-Осор
Тухайн үедээ “Хүннү” компанийн захирал, одоо “Их засаг” их сургуулийн захирал Н.Ням-Осор олон жилийн өмнө Монголын үндэсний эв нэгдлийн нам (МҮЭНН)-ыг үүсгэн байгуулаад тасралтгүй даргалсаар өдий хүрчээ. Дүрмэндээ “МҮЭНН-ын даргын нэр Н.Ням-Осор” гээд биччихсэн байж магадгүй. Сонгууль болохоор МАХН-ыг дэмжихээ илэрхийлэн гэрээ байгуулж нэг суудал олж авахыг оролддог, эсвэл дангаараа оролцож сургуулийнхаа багш голдуу хэдэн хүнийг сойдог. Аль ч хувилбараар амжилт олсон удаагүй. Сонгуульд суудал авч үзээгүй намыг нам гэдэг л юм байна.
Б.Батболд, Ү.Хүрэлбаатар
МҮАН, МСДН хоёр “Ардчилсан холбоо” эвсэл нэртэй цул байх тэр үед улс төрийн гуравдахь хүчин болж, 1996-2000 онд парламентад нэг суудалтай (УИХ-ын гишүүн агсан Б.Дашбалбар) байжээ. Түүнээс хойш энэ нам уруудсаар одоо УИХ-д суудал авсан намуудын араас тоолбол 6 дахь хүчин болсон байх. Өнгөрсөн хугацаанд тус намын даргаар Ү.Хүрэлбаатар ажиллаж байгаад буусан, харин одоо ерөнхий нарийн бичгийн дарга Б.Батболд нь намаа төлөөлж харагддаг. Т.Төмөрмөнх  Дээд шүүхийн улсын бүртгэлээс үзвэл Монголын Либерал Ардчилсан нам (МЛАН) бол 2008 оны сонгуульд оролцох бүрэн эрхтэй субьект юм. 1990-ээд оны сүүлчээр Олон Улсын Олимпийн хорооны гишүүн Ш.Магван гуайн оронд Монголоос сонгогдох пиар кампани өрнүүлж байсан Т.Төмөрмөнх гэдэг залуу энэ намыг байгуулжээ. Сүүлдээ намын ажлаа мартаж виз гаргах үйлчилгээ эрхэлсээр нэг мэдэхэд иргэдээс олон зуун мянган доллар хураагаад бүтэлгүйдэж гадаад руу зугатаажээ. Хэрвээ 2008 оны сонгуульд оролцье гээд буцаад ирвэл цагдаа нар Монголын улс төрийн нэг намын даргыг шууд бариад авах уу?. Сүүлийн жилүүдэд сураг тасарсан (манайд нэг ч нам өөрөө татан буугдаж байгаагүй бөгөөд “байгалын жамаар” чимээгүйхэн алга болдог) намуудын дарга нарыг жишээ болгон эргэн санах нь зүйтэй.
Г.Галина
Эх барьж авсан орос эмчийнхээ нэртэй энэ залуу 1995 онд Монголын уламжлал, шударга ёсны намаа байгуулж, хас тэмдэгт туг мандуулан хас тэмдэгтэй форм өмсөж монгол үндэстэн, цус энэ тэр гэсэн сүрдмээр ярилцлагуудыг өгч байсан ч сонгуульд оролцохгүй байсаар нэг мэдэхэд Шведэд гарч улс төрийн орогнол авч тэндээ суурьшсан сураг байдаг. Тэгвэл МУШЁН яасан бэ? Лав энд үлдээгээгүй.
Л.Дамдинсүрэн
МАХН-ын ахмад зүтгэлтэн Лантуу гуайн хүү Дамдинсүрэн хэмээх залуу 2000 онд МСДН-ыг АН-тай нэгдэнгүүт дахин шинэ социал-демократ намыг байгуулж сонгуульд оролцоод амжилт олоогүй. Зарим хэвлэл түүнийг “Монголын Путин” хэмээн цоллосон удаатай. (НАХЯ-ны сургууль төгссөн учраас). 2004 онд дахин бие даан нэр дэвшсэн. Бас л чадаагүй. Монголын Путин биш байжээ. Ноднин ХЗХ-ны хэдэн зуун сая төгрөгийг зээлж аваад өгөөгүй хэмээн хэвлэлээр бичигддэг, одоо Солонгост байгаа бололтой. Ийнхүү Монголын дахиад нэг намын дарга гадаадад суух болсон юм билээ. Намын дарга биш боловч нөлөө бүхий улс төрчдөөс ганцыг жишээ болгон дурдья.
Х.Баттулга
Зөвхөн бизнес хийж явсан тэрбээр улс төрд гэнэтхэн орж ирсэн билээ. Хэрвээ та анзаарсан бол 2004 оны эхээр Иргэний Зориг намд гишүүнээр элсэж (зарим мэдээгээр тэнд 10 хоносон), тэгснээ “Эх орон” нам руу шилжиж УИХ-д нэр дэвшин сонгогдсон билээ. Дараа нь тэр бас нүүж Ардчилсан намд элсэж амжсан байна. Үүнээс хойш өөрийнхөө барилга байшин, банкуудын цуглуулгыг баяжуулахын зэрэгцээ телевиз, өдөр тутмын сонин, Ардчилсан холбоо гэх мэт төрийн бус байгууллага, хөдөлгөөнүүдийг ивээлдээ авлаа. Үүний ачаар Сүхбаатарын талбай дээр УИХ-ын 76 биш 75 “дурак” гэж ярьдаг болсон билээ.
 

МОНГОЛ АРДЫН ХУВЬСГАЛТ НАМ /МАХН/ Анх 1921 оны 3-р сарын 1-нд байгуулагджээ (Эх орончдын өдөр болгон тэмдэглэдэг) 161300 гишүүнтэй Намын дарга М.Энхболд (Монгол Улсын Ерөнхий сайд) Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баяр Нарийн бичгийн дарга нар: Ё.Отгонбаяр (Улаанбаатар хотын МАХН-ын хорооны дарга), Д.Идэвхтэн (УИХ-ын гишүүн), Ч.Улаан (УИХ-ын гишүүн). Удирдах зөвлөл: М. Энхболд, С.Баяр, Ё.Отгонбаяр, Д.Идэвхтэн, Ч.Улаан, Ц.Нямдорж (УИХ-ын дарга), Д.Лүндээжанцан (УИХ-ын дэд дарга), Д.Дэмбэрэл (УИХ-ын гишүүн), Ө.Энхтүвшин (УИХ-ын гишүүн, БСШУ-ны сайд), Сү.Батболд (УИХ-ын гишүүн), У.Хүрэлсүх (УИХ-ын гишүүн, Мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн сайд), Д.Тэрбишдагва(УИХ-ын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуйн сайд), Н.Энхболд (УИХ-ын гишүүн, Гадаад хэргийн сайд), Л.Одончимэд (УИХ-ын гишүүн, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд), Ц.Мөнх-Оргил (УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга), А.Цанжид (УИХ-ын гишүүн), Б.Эрдэнэсүрэн (УИХ-ын гишүүн), Т.Ганди (УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга), Т.Бадамжунай (УИХ-ын гишүүн), Г.Занданшатар (УИХ-ын гишүүн, МАСЗХ-ны ерөнхийлөгч), Т.Билэгт (Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга). МАХН нь дэргэдээ Монголын Ардчилсан Социалист Залуучуудын Холбоо – МАСЗХ (ерөнхийлөгч Г.Занданшатар), Монголын Ардчилсан Социалист Эмэгтэйчүүдийн Холбоо – МАСЭХ (ерөнхийлөгч Д.Алтай), Монголын Ардчилсан Социалист Оюутны Холбоо МАСОХ (ерөнхийлөгч С.Бямбацогт), Ахмадын холбоо (ерөнхийлөгч Ч.Дашдэмбэрэл) гэсэн төрийн бус 4 байгууллагатай. Өмч хөрөнгө: МАХН-ын төв байр, “Чандмань” төв (хуучнаар Ленины музей), нийслэлийн дүүрэг, аймгуудын намын хорооны байруудтай. Мөнгөн хөрөнгийн тухай мэдээлэл байхгүй.
 
АРДЧИЛСАН НАМ /товчлогдохгvй/ 2000 оны 12-р сарын 6-нд МҮАН, МСДН, МАН, МСМН, МШАН гэсэн 5 нам нэгдэн байгуулагджээ. 150000 гишүүнтэй. Дарга Ц.Элбэгдорж Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Дорлигжав Гүйцэтгэх зөвлөлийн гишүүд: Ц.Элбэгдорж, Д.Дорлигжав, С.Эрдэнэ (Нийслэлийн АН-ын дарга), Н.Алтанхуяг (УИХ-ын гишүүн асан, Сангийн сайд асан), С.Баярцогт (УИХ-ын гишүүн), А.Бакей (УИХ-ын гишүүн), Б.Ариунсан (Үндэсний татварын ерөнхий газрын дэд дарга), Ц.Баярсайхан (УИХ-ын гишүүн), Д.Баттулга (УИХ-ын гишүүн асан), А.Баттөр (ГХЯ-ын дэд сайд асан), Н.Батбаяр (УИХ-ын гишүүн), Г.Батхүү (УИХ-ын гишүүн), Д.Ганбат (Техник-импорт” компанийн захирал), Б.Батбаатар (УИХ-ын гишүүн), Д.Ганхуяг (УИХ-ын гишүүн), Д.Нямдорж (Төв аймгийн Холбооны газрын дарга), Т.Нямдорж (МХААЭ-н холбооны тэргүүн), Д.Одхүү (УИХ-ын гишүүн), Я.Санжмятав (УИХ-ын гишүүн), Д.Цогтбаатар (СЯ-ны газрын дарга), Л.Цэрэнсодном (МУБИС-ийн ДУТС-ын захирал), Б.Энхжаргал (“Бест компьютерс” ХХК-ийн гүйцэтгэх захирал), Б.Эрдэнэбаяр (Дорнод аймаг), Д.Эрдэнэбат (Багануурын “Ноён” группийн ерөнхий захирал), Я.Эрхэмбаяр (Эрин интернэйшнл” ХХК-ын захирал) Өмч хөрөнгө: Ардчилсан намын I (Ардчиллын ордон), II байр, дүүрэг, аймгуудын намын байрууд. Мөнгөн хөрөнгийн тухай мэдээлэл байхгүй.
МОНГОЛЫН НОГООН НАМ 1990 оны 5-р сарын 26-нд байгуулагдсан. 2004 оны УИХ-ын сонгуульд бие дааж оролцсон. 2100 гишүүнтэй Намын дарга Э.Зоригт, (“Тэнгис” кино театрын дэд захирал), Ш.Пүрэвсүрэн (“Хөрсний үршил шим” холбооны тэргүүн) Удирдах зөвлөлийн гишүүд: Э.Зоригт, Ш.Пүрэвсүрэн, Б.Наранбаатар, Я.Ганзориг, З.Ганбаатар, Б.Байгальмаа, Р.Виктор, Я.Мөнхсайхан, О.Гэрэлсүх. Тус намын зүтгэлтнүүдээс иргэний хөдөлгөөнд идэвхтэй оролцогч О.Бум-Ялагч, Байгаль орчны яамны дэд сайд байсан Л.Ням нарыг нэрлэж болох юм. Өмч хөрөнгө: Намын байргүй. Мөнгөн хөрөнгийн тухай мэдээлэл байхгүй.
ИРГЭНИЙ ЗОРИГ НАМ (ИЗН) 2000 оны 3-р сарын 9-нд байгуулагдаж 2002 онд Бүгд Найрамдах Намтай нэгдэж ИЗ-БНН нэртэй байгаад 2004 онд тусгаарлажээ. 35000 гишүүнтэй. Намын дарга С.Оюун (УИХ-ын гишүүн) Намын дэд дарга Ц.Ганхуяг Ерөнхий нарийн бичгийн дарга М.Зоригт (УИХ-ын гишүүн) Улс төрийн зөвлөлийн гишүүд: С.Оюун, Ц.Ганхуяг, М. Зоригт, О. Магнай (намын хэрэг эрхлэх газрын дарга), Ч.Базар, Б.Бат-Эрдэнэ (Баян-Өндөр Уул ХХК-ны захирал), Р.Болд (намын зөвлөх), Г.Ганхүү (Гранд хаан айриш паб ХХК-ны захирал), Н. Галцог (УИХ-ын ТГ-ын ажилтан), Б.Дима (Автоинтернэшнл ХХК-ын захирал), Р.Лхагвадулам (Сургалт, сурталчилгааны Леди төвийн захирал), А.Одгэрэл (МУИС-ийн багш), Д.Өлзийсайхан (Тус-Гер-Мон-Тур ХХК-ны захирал), Ю.Сандаг (Чингис СОСО сургуулийн багш), Б. Наранзул (Зориг сангийн төслийн ажилтан), М.Хүрэлсүх (Нармон ХХК-ны захирал), М.Түмэнжаргал (Гермес ХХК захирал), О.Энхжаргал (Шар бүрд ХХК –ны захирал), Ц.Энхтуяа (намын хорооны дарга), Б.Буяндэлгэр (намын хорооны дарга), М.Төрбаяр (Хууль зүйн яамны ахлах мэргэжилтэн), Ц.Пүрэвдорж (Гаалийн ерөнхий газарт байцаагч), Г.Баярсайхан (Экологи группын ерөнхий захирал), Ц.Батхуяг (Намын хорооны дэд дарга), Н.Дүгэрсүрэн (Бодь электроникс ХХК-ийн гүйцэтгэх захирал), Б.Батбилэг (Туул кашмер ХХК-ны захирал), С.Хандмаа (УТЗ-ийн гишүүн), Т.Батцэцэг (Бие даасан зөвлөх), Н.Чимэг (ШУА-ийн эрдэм шинжилгээний ажилтан) Дэргэдээ Иргэний Зориг Залуучуудын Холбооны (Ерөнхийлөгч М.Түмэнжаргал), Иргэний зориг-эмэгтэйчүүдийн холбоо (Тэргүүн Ч.Базар) гэсэн хоёр төрийн бус байгууллагатай. Өмч хөрөнгө: Намын байртай. Мөнгөн хөрөнгийн тухай мэдээлэл байхгүй.
МОНГОЛЫН УЛАМЖЛАЛЫН НЭГДСЭН (Консерватив) НАМ - МУНН. 1993 оны 12-р сард байгуулагдсан. Анхны даргаар УИХ-ын гишүүн агсан О.Дашбалбар ажиллаж байв. 1503 гишүүнтэй Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Батболд (XL-TA компанийн захирал) Дэргэдээ залуучуудын байгууллагатай Намын өмч хөрөнгийн тухай мэдээлэл байхгүй.
МОНГОЛЫН VНДЭСНИЙ ЭВ НЭГДЛИЙН НАМ /МҮЭНН/ 1994 оны 08-р сарын 19-нд байгуулагдсан. 15324 гишүүнтэй Намын дарга Н.Ням-Осор (Их Засаг их сургуулийн захирал) Намын өмч хөрөнгийн тухай мэдээлэл байхгүй.
МОНГОЛЫН ЛИБЕРАЛ АРДЧИЛСАН НАМ (МЛАН) 1998 оны 3-р сарын 5-нд байгуулагдсан. 863 гишүүнтэй. Намын дарга Т. Төмөрмөнх (хилийн чанадад байгаа) Намын байр, өмч хөрөнгийн тухай мэдээлэл байхгүй. “ЭХ ОРОН“ НАМ 1998 оны 12-р сард Монголын Ардчилсан Шинэ Социалист нам нэртэйгээр байгуулагдаж, 2001 онд Эх орон-Монголын Ардчилсан Шинэ Социалист Нам, 2005 онд Эх орон нам болсон. 160000 гишүүнтэй. Намын дарга Б.Эрдэнэбат Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Чулуунбаатар Намын нарийн бичгийн дарга И.Эрдэнэбаатар (Байгаль орчны сайд) Нарийн бичгийн дарга Ш.Сүхбаатар (Хууль зүй дотоод хэргийн дэд сайд) Дэргэдээ эмэгтэйчүүдийн болон залуучуудын асуудал эрхэлсэн “Эх орон-Гэр бүл” эмэгтэйчүүдийн холбоо”, “Эх орон-Залуучуудын холбоо”, “Эх орон-Оюутны” холбоо гэсэн төрийн бус байгууллагатай. Тус намаас 2004 онд Б.Эрдэнэбат, С.Отгонбаяр, Ц.Жаргал, Б.Цэрэнбалжир, Р.Эрдэнэбүрэн (2006 онд Ардчилсан намд элссэн), Х.Баттулга нар УИХ-ын гишүүнээр сонгогдсон. Өмч хөрөнгө: Намын байртай. Мөнгөн хөрөнгийн тухай мэдээлэл байхгүй.
МОНГОЛЫН ЛИБЕРАЛ НАМ (МЛН) 2000 оны 1-р сард байгуулагдсан. 1300 гишүүнтэй. Дарга О.Балдангомбо (ШУТИС-ын багш) Дэд дарга, ерөнхий нарийн бичгийн дарга Л.Алтанчимэг (Улаанбаатар-Эрдэм-Оюу дээд сургуулийн багш) Дэд дарга Д. Банзрагч (“Кредит” банкны ажилтан) 2004 оны УИХ-ын сонгуульд энэ намаас Д.Банзрагчаас гадна мөн эдийн засагч Н.Дашзэвэг (Монгол дээд сургуулийн захирал) нар нэр дэвшиж байв. БVГД НАЙРАМДАХ НАМ (БНН) Анх 1992 оны 4-р сарын 7-нд Монголын хөрөнгөтний нам байгуулагдсан ба 1997 онд Бүгд Найрамдах Нам болсон. 2002 онд Иргэний Зориг намтай нэгдэж 2004 онд дахин бие даасан . 50000 гишүүнтэй Намын дарга Б. Жаргалсайхан Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Нямсүрэн (ҮХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга) Намын байр, өмч хөрөнгийн тухай мэдээлэл байхгүй.
МОНГОЛЫН ЭМЭГТЭЙЧVVДИЙН VНДЭСНИЙ НЭГДСЭН НАМ (МЭҮНН) 2004 оны 4-р сард байгуулагдсан. 1069 гишүүнтэй. Намын дарга Г.Тунгалаггэрэл (“Искра” дунд сургуулийн захирал) Намын байр, өмч хөрөнгийн тухай мэдээлэл байхгүй.
МОНГОЛЫН СОЦИАЛ ДЕМОКРАТ НАМ (МСДН) 2004 оны 12-р сард байгуулагджээ. Анхны МСДН 1990-2001 онд байгуулагдсан ба 2000 онд МҮАН-тай нэгдэж оршин тогтнохоо больсон) 3000 гишүүнтэй Дарга А.Ганбаатар Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Сайнбаяр
АРД ТҮМНИЙ НАМ 2005 онд байгуулагдсан. 11859 гишүүнтэй Намын дарга Л.Гүндалай Өмч хөрөнгө: МУБИС-ын арын зайд жижиг гэр байдаг.
ҮНДЭСНИЙ ШИНЭ НАМ 2006 онд байгуулагдсан. 2400 гишүүнтэй. Намын дарга Ж.Наранцацралт (2007-2008 онд) Намын байр, өмч хөрөнгийн тухай мэдээлэл байхгүй. ЭРХ ЧӨЛӨӨГ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ НАМ 2007 онд байгуулагдсан. 1600 гишүүнтэй. Намын дарга Ш.Төмөрсүх. Дэд дарга, ерөнхий нарийн бичгийн дарга одоогоор сонгогдоогүй. Ноднин Улсын дээд шүүхийн шисдвэрээр татан буугдсан нэгэн намын тухай товчхон.
МОНГОЛЫН КОММУНИСТ НАМ 1999 оны 1-р сарын 27-нд бүртгүүлжээ. Одоо намын дарга Л.Шийтэр Ерөнхий нарийн бичгийн дарга Ш.Даваасүрэн Тус нам сонгуульд оролцдоггүй онцлогтой, гэхдээ олон улсын тавцанд тодорхой хэмжээгээр үйл ажиллагаа явуулж байв.
Монголын улс төр олон улсын тавцанд Монголын Коммунист Намаас АНУ-ын Коммунист Намын 28-р үндэсний чуулганд явуулсан илгээлт. Message of greetings from the Mongolian Communist Party to the 28th National Convention of the CPUSA. On the behalf of the Central Committee of the Mongolian Communist Party, all Mongolian Communists, and myself, I have pleasure to extend our warmest greetings to the 28th National Convention of the Communist Party, USA that started on July 01, 2005 and to all representatives of all Communist Parties, Revolutionary and Liberation Movements and other fraternal organizations whose participation is greatly contributing to the success of the Convention. The Mongolian Communist Party shares the significance of the agenda items of the Convention which in our view can assist the world community in solution of global problems. We are determined to closely develop fraternal relationship and cooperation between our Parties and Nations. The Central Committee of the MCP and all Mongolian Communists would like to wish the Convention every success in its work of world importance. With warmest fraternal greetings, Davaasuren Shiiter, Secretary General Mongolian Communist Party (www.cpusa.org/article/)
2007 он