Хятадын аялал, жуулчлалын байгууллагын гаргасан статис­тик дүнгээр 2006 онд давхардсан тоогоор Монгол улсын 630 мянган иргэн БНХАУ-д зочилсон нь тус улсад очсон гадаадын иргэдийн дотроос эхний наймд орох үзүүлэлт болжээ. Мэдээж эдгээрийн дотор сар бүр Эрээн явж наймаа хийдэг хүмүүсийн тоо голлох хувийг эзэлж байгаа. Харин аялал, жуулчлал гэсэн ангиллаар зорчигсод 30 мянгад хүрч байна.
 
  Энэ нь манай иргэд гадаад оронд хариуцлагатайгаар зорчиж байгаагийн зөвхөн нэг жишээ юм. Тиймд Монголын төр, засаг иргэддээ гадаад орнуудад илүү чөлөөтэй аялах боломжийг бүрдүүлэх цаг болжээ.
 
Монгол паспорт
 
  Сонгууль болгоноор л Ардчилсан намынхан “Бид “Е” паспорт авч өгснөөр та нар гадаадад чөлөөтэй зорчих болсон” гэж сонгогчдод өөрсдийгөө суртал­чилдаг. Гэтэл нөгөө “Е” паспортоор нь гадаадад явах гэхээр ихэнх орнууд виз нэхээд байх юм. Зөвхөн аялах зорилгоор виз хүсэхээр “Монголын иргэн гадаадад жуулчилдаг юмуу?” гэсэн басамжилсан ч гэмээр асуулт тавьдаг ЭСЯ-д цөөнгүй байна. Хэдийгээр ном журмынх нь дагуу хандвал виз авах нь тийм ч хэцүү зүйл биш ч хэрэгтэй, хэрэггүй бичиг цаас цуглуулах, мөнгө цаасаа үрэх, виз гарахыг хэд хоногоор хүлээх зэргээр багагүй чирэгдэл учирдаг. Зарим улсын ЭСЯ Монголыг Бээжингээс хавсардаг нь виз авахад бүр илүү ажиллагаа шаарддаг.
 
  Одоогоор Монгол улсын иргэд энгийн гадаад “Е” гэсэн улаан паспортоор хориодхон оронд л визгүй зорчиж байна. Харин төрийн албан хаагчид, дарга, түшмэд албаны, дипломат зэрэг ногоон, цэнхэр паспортоор илүү олон оронд визгүйгээр зорчих эрхтэй байдаг. Хэдийгээр 1990-ээд оны эхэн үеэс олгож эхэлсэн “Е” паспорт социализмын үетэй харьцуулахад монголчуудад хавь­гүй илүү аялах эрх чөлөө олгосон ч, XXI зуун гарчихсан өнөө цагт бидний хэрэгцээ, шаардлагаас хол хоцрогдсон бичиг баримт болжээ.
 
  Аливаа улсын иргэд гадаадад визгүй зорчиход нөлөөлөх гол хүчин зүйл нь тухайн улсад олноороо “харлахгүй” байх явдал юм. Нэг талаас, Монгол нь Хятад, Энэтхэг, Мексик, Вьетнам зэрэг иргэд нь гадаадад олноороо “харладаг” орнуудыг бодвол хамаагүй цөөн хүн амтай. Нөгөө талаас, монголчуудын зарим нэг нь л өндөр хөгжилтэй цөөн тооны оронд “харладаг” болохоос очсон газар бүртээ бөөнөөрөө үлдээд байдаггүй. Тэгэхээр Монгол улсын иргэд дэлхийн ихэнх оронд визгүй зорчих нөхцлийг бүрдүүлэх талаар Гадаад яам ойрын хэдэн жилд идэвхтэй ажиллах шаардлагатай болжээ. АНУ, Канад, Шенгений орнууд, Их Британи, Ирланд, Швейцарь, Япон, Өмнөд Солонгос, Австрали, Шинэ Зеландаас бусад дэлхийн бүх оронд Монгол улсын иргэд визгүй зорчих боломжтой юм.
 
  Олон улсын харилцааны дэг жаягаар гадаад улс, орнуудын зүгээс иргэдээ харилцан визгүй зорчуулах асуудлыг манайд тавьж болно. Энэ тохиолдолд мөн Монголд иргэд нь “харладаггүй” улсуудтай харилцан визгүй зор­чих гэрээг байгуулах хэрэгтэй юм. Зарим шаардлага хангасан улсын иргэдийг Монголд визгүй зорчуулах нь дотоодын аялал, жуулчлалын салбарт томоохон дэмжлэг болно. “Монголд аялах жил”-ийг тохиолдуулан Японы иргэдийг хэсэг хугацаанд визгүй зорчуулж байсан нь манайд ирдэг жуулчдын тоог нэмэгдүүлж байлаа.
 
  Дашрамд өгүүлэхэд, олон жил яригдаж байгаа гадаадад оршин суугаа иргэдийн сонгуулийн эрх, давхар иргэншил, гэмт хэрэгтэн харилцан шилжүүлэх гэрээ байгуулах зэрэг иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах чиглэлд Гадаад яам илүү санаачлага гарган ажил­лах хэрэгтэй болжээ. Эс бөгөөс дарга, сайд нарын гадаад айлчлалыг зохион байгуулах ложистик үйлчилгээ үзүүлдэг байгууллага гэж зарим хүмүүст ойлгогддог болсон байна.
 
МИАТ
 
  Сүүлийн жилүүдэд Персийн буланд оршдог газрын тос олбор­логч жижиг улсуудын Emirates, Qatar Airways зэрэг компаниуд Европ, Ойрхи Дорнод, Зүүн Өмнөд Ази болон Африк тивийн уулзвар дээр оршдог газарзүйн байрлалаа ашиглан дэлхийн агаарын тээв­рийн зах зээлд хүчтэй түрэн орж ирлээ. Энэ нь газрын тосны олборлолтоос хэт хамааралтай байсан эдгээр улсуудын эдийн засгаа төрөлжүүлэн, өрсөлдөх чадвартай болгох бодлогын үр дүн юм.   Монгол улс Европ, Төв Ази, Зүүн Хойд Азийн уулзвар цэгт оршдог. Дэлхийн улс орнуудыг холбосон агаарын тээврийн олон зам Монголыг дайран өнгөрдөг. Бидэнд тогтвортой хөгжихийн тулд уул уурхайгаас хэт хамааралтай эдийн засгаа төрөлжүүлэн, өрсөл­дөх чадвартай болгох шаардлага тулгараад байгаа.
 
  Монголын үндэсний агаарын тээврийн компани болох (англиар national flag-carrier гэгддэг) МИАТ нь Персийн булангийн улсуудынх шиг хурдацтай өргөжин тэлж, өндөр ашигтай болох бүрэн боломжтой. Харин өнөөдөр МИАТ-ын талаар санхүүгийн зөрчил гарчээ, өрөө төлж чадахаа болилоо, ашиггүй гэрээ хэлцэл хийжээ, захирлуудыг нь авилгын хэрэгт холбогдуулан шалгаж байна, Эрдэнэт, төмөр замын адил эрх баригчдын “саалийн үнээ” боллоо гэхчлэн таагүй мэдээлэл гарах нь элбэг болж. Энэ бүхний эцэст дотооддоо нислэг үйлдэхээ бараг больж, гадаад талдаа зорчигчдоо Кореан Эйр, Аэрофлотод алдсаар байна. Төр бол хамгийн муу менежер гэдэг нь МИАТ-ын хувьд ямар ч байсан үнэн үг болж байна.
 
  МИАТ-ыг санхүүгийн хувьд бэхжүүлж, дэлхийн түвшинд өрсөл­дөх чадвартай болгоё гэвэл одоогийнхоосоо бүр дордохоос нь өмнө хувьчлалын асуудлыг нь нэг тийш нь болгох хэрэгтэй болов уу. Иргэдийн хувьд Монголд бүртгэлтэй, Монголд татвараа төлдөг, монгол мэргэжилтнүүд ажилладаг үндэсний агаарын тээврийн компаниараа Парис, Сингапур, Лос Анжелос зэрэг хотуудад боломжийн үнээр, шууд нисэн хүрдэг байх нь чухал юм.
 
Төгсгөл
 
  Монгол улс олон тулгуурт гадаад бодлоготой гэж тунхаг­ладаг. Харин бодит амьдрал дээр манайхтай идэвхтэй харилцаа, хамтын ажиллагаатай улсуудыг тоолбол хойд, урд хоёр хөрш, АНУ, Япон, Өмнөд Солонгос, Япон, тэгээд Герман гээд л үндсэндээ зогсоно. Дэлхийн хоёр зуу гаруй улстай харилцах ажлыг бүхэлд нь Гадаад яам дангаараа хэрэгжүүлэхэд хэцүү. Худалдаа бизнес, шинжлэх ухаан, соёл урлаг, спорт, хүмүүнлэгийн харилцаа иргэдээр л дамжин хөгжинө. Тиймд Монгол улсын иргэд гадаад орнуудад визгүй зорчих нь олон тулгуурт гадаад бодлогоо хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм. Үндэсний агаарын тээврийн компани өрсөл­дөх чадвар сайтай болбол энэ зорилго улам сайн биелэх болно. Чөлөөтэй аялна гэдэг бол угаасаа аливаа хувь хүний эдлэх ёстой жам ёсны эрх чөлөө юм.