Бага байхад цонхон дээр зассан байгаа нь их л өндөр харагддаг байсан ёолк жил ирэх тусам жижгэрсээр тохойн чинээ болсон тул энэ жил ширээн дээрээ засахаар шийдлээ. Гэтэл хөөрхий орос ах нарын урласан бяцхан мод минь “хар залуугаараа, ургаж амжаагүй байж” насны доройтолд ороод, ноднин таяг тулж он гаргасан бол энэ жил бүр хэвтэрт орчихож. Аргадаж гуйгаад ч гозойхгүй болохоор яая гэхэв, ёолкгүй л байхаас. Хэдэн хаалгаа саагаар чимж гэртээ шинэ жилийн уур амьсгал оруулмар аядав. Гацуургүй болохоор нэг л тиймэрхүү байлаа. Тэгэхээр нь би гэдэг хүн “нас дээр гарсан” гацуурнаасаа ч ахмад юм байж жаахан хүүхэд шиг баахан шаар авчирч үлээв. Дээр нь Санта өвгөн, сарьсан багваахай гээд элдэв юм зурж таазан дээрээ наагаад шинэ оноо угтлаа даа.

  12 цагт ч яахав, он өнгөрдгөөрөө өнгөрч, моби­ком ч бас уламжлал ёсоороо сүлжээгүй болж, би гэдэг хүн гэртээ сууж байгаад ертөнцөөс тасарчихлаа. Уулзъя, учиръя, гаръя гээд байсан нөхдүүдтэйгээ холбоо барьж чадахгүй, 2008 он гараад л уур хүрч эхэлдэг байна шүү. Хүмүүсийн яриагаар бол би “2008 онжингоо” уурлах юм байх.

  Гацаж гацаж 01:00 болж байхад утас амилж шинэ жилийн мэндчилгээ хөвөрч гарлаа. Даанч сэтгэлийн үг гэхээсээ илүү мобимедиагаас авсан мэндчилгээнүүд ганц хоёр үсэг гээгдсэн, үгүй бол нэмэгдсэн байдалтайгаар ирлээ. Зарим нь бүр хүний ирүүлсэн мэндчилгээг шууд тэр чигээр нь явуулахдаа сүүлд нь бичсэн нэрийг нь анзааралгүй хамтад нь явуулчихсан байв.

  За тэгээд нэг хэсэг хүмүүс нь Цагаан сар, шинэ жил хоёроо ялгахаа больтлоо толгой нь эргэчихсэн бололтой. “Хөөрхөн бондгор гал гахай жил минь баяртай”, “эрдэнээр бөөлждөг хулгана жил ирлээ” гэсэн мэссэж ч ирдэг юм байна. Шампанскандаа согтчихоод ингэж бичээд байна уу, хотын утаатай агаарт салют, динамитны хольц орсноос мансуураад тэгж андуурав уу, бүү мэд. Ямар ч байсан дүүрсэн, “Баярлалаа” гэж хариу бичиж гарлаа. Явуулсан хариу зарим эзэндээ бүр нэг хоногийн дараа очсон сурагтай байсан.

  Гарынхаа хурууг чилтэл мэссэж бичиж байгаад гэрээсээ гарч, хөлийнхөө хурууг хөлдтөл такси барих гэж замын хажууд “хөшөө болж тоглолоо”. Арай гэж такси бариад найзуудтайгаа уулзаад хотын хамгийн гайгүй клуб гэгддэг “Метрополис” орлоо.

  Үүднээсээ авахуулаад пиг. Наймдугаар сарын 25 хавьцаа зах дээр л нэг тиймэрхүү байдаг санагдана. Онцлог нь баяр юм болохоор бүгд гоёлын хувцастай, бас овоо мөнгөтэй. Сүүлийн үеийн хотын залуусын жинхэнэ дүр төрхийг харуулахуйц загварын шоу шиг л харагдсан. Охидууд нь үнэхээр цэвэрхэн, донжтой, эмэгтэйлэг. Харин залуус нь дэгжин, ер нь дажгүй шүү.

  Дотор орлоо. Бүжгийн талбай зогсох ч зайгүй, хөл гишгээгүй газар нь пивоны хагарсан, хагараагүй шил, лааз хөглөрөөстэй. Энгийн үед байдгаасаа худалч хүнд тав дахин их хүн оруулчихсан болохоор агаар ч бас тэр чинээгээр дутагдалтай. Бүгчимдэж нүүр ам нь минчийчихээд бас болоогүй бүжиглээд л байдаг, аргагүй л монголчууд тэвчээртэй юм даа л гэж бодогдож байлаа. Арга ч үгүй юм уу даа, гарвал орох гэж бөөн шахцалдаан, орчихвол гарах гэж бөөн түлхэлцээн байхад! Зарим охид дээд зовхиныхоо будгийг доороо гартал л үзэж тарж байна билээ. Халууцсан олныг сэрүүцүүлэхээр хэд хэдэн удаа хөөс цацаж, сайн санаатай зарим нь цэвэр усаа цацаж, бүр халуурсан халамцуу залуус take дээрээс оргилуун дарсыг лонх лонхоор нь бүжгийн талбай руу цацаж харагдсан.

  Анх удаа шинэ он гаргамагцаа гадуур шоудсан минь надад таалагдсангүй. Дараа жил яаж ч байсан гэртээ, гэр бүлийнхэнтэйгээ халуун ам бүлээрээ байна аа.