З¿ñýì òàëõ, øàðñàí ºíäºã, ç¿ñýì õèàìнààс БОИНГ арилжаалсан нь

Кувейт хэмээх газрын тосоор бялхаж, алтаар урсаж байдаг нэгэн жижиг улсыг манайхан эрхбиш мэдэхтэйгээ. Монгол Улсын Ерөнхийлөгч 1998, 2007 онд Кувейтэд, Кувейтын Эмир (Эзэн хаан) 1995, мөн 2007 онд Монголд тус тус айлчилж, 1990 онд Иракийн түрэмгийллийг хамгийн түрүүн буруушаасан гэдгээрээ манай улс тэр оронд анх танигдаж, мөнөөхөн парламентын шинэ ордонтой болоход маань олон сая доллар туслахаар болсон гэхчлэн тэр улсыг мэдэхгүй гээд ч мэдэж таараад байна. Лус шиг баян энэ жижиг улсын тусламжаар дөрөөлөн эл нийтлэлийн гол санааг гаргая. Уг нь энэ байтугай том юм амлаж, тэр ч бүү хэл буцалтгүй тусламжаар нэлээд зүйл өгөхөөр шийдчихээд байсныг цуцлуулсан арчаагүй хөгийн монгол араншингийн тухай 1995 оны жишээгээр өгүүлье.

  1995 оны намар цаг. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы нээлтэд явж байсан Кувейтын Эмир (одоогийн Эмирийн өмнөх, ах нь) зам зуураа Хятадад айлчлах далимдаа Монголд бууж мордоод эртний нүүдэлчин, босоо заяатай энэ ард түмэнтэй танилцъя гэж л дээ. Энэ тухайгаа нааашаа мэдэгдтэл манайхан төрийн айлчлал болгоод хөл хөөрцөг болж угтах нь тэр. Гол нь хязгааргүй их газрын тосон дээр суусан, алт баялгийг хэтэртлээ хураасан Арабын жижиг энэ орны зүгээс зээл тусламж урсаад орж ирнэ хэмээн манай дээдчүүл тэр үед сэтгэсэн хэрэг. 1990 онд Иракт эзлэгдээд улс орноо сүйтгүүлээд Эмир нь гэр бүлийн хамт Саудын Араб руу дүрвээд байсан үед өлөн нүдтэй, өлсгөлөн иракчууд тэр улсыг баллаж тавьсан ба дайны балгийг арилгахад зөвхөн Эмир нь хувиасаа 65 тэрбум ам.доллар гаргасан (бараг гэрээсээ тоолоод өгсөн) тэр баримт манайханд тэнгэрийн умдаг атгах адил жаргал авчрах байсан биз ээ.

  Айлчлал ч ном дүрмээрээ сайхан болж өнгөрлөө. Дээд түвшинд яриа хэлэлцээ амжилттай явагдаж зээл тусламжийн үүд хаалга нээгджээ. Айлчлалыг гайгүй бэлтгэж, сэтгэлээ гаргасан, гол нь 1990 онд анхлан дэмжсэн Монголын Засгийн газарт хөлөглөж явсан нэг Боингоо хүртэл бэлэглэж үлдээгээд нисэхээр санаа шулуудсан байсан гэнэ. Гэтэл гай газар дороос гэгчээр монголчуудын тулга тойрсон, хөгийн гэхэд хөгийн, тэнэг гэхэд тэнэг, ер нь юу ч гэмээр юм, хэлж оноохгүй нэгэн балай явдлаас болж энэ өгөөмөр явдал будаа болжээ.

  1996 оны 12 дугаар сард Кувейтэд албан ажлаар очихдоо Кувейт Улсын ГХЯ-ны Ёслолын дарга, Элчин сайд Гази М.А.Аль-Райесын амнаас сонссоноо би энд үг үсэггүй буулгахаас аргагүйд хүрэв. Тэр нөхөр лав худлаа гөрдөөгүй, манайхны байж байгаа царай нь тэр гэж би энд эшлэж байна.   Хамгийн харамсмаар, үүнд би монголчуудаа хараахад багадмаар, дэндүү хөгийн арчаагүй хэрэг дэгдэж, тэдний өгөөмөр сэтгэл рүү хар ус цацаж, Эмир гэнэт бухимдан Боинг онгоцоо орхилгүй нисээд явчихсан тэр хэрэг ердөө л таван ногооноос үүдэлтэй гэнэ.

  Чингис зочид буудал, “50-ийн гурав” хэмээх зочны харшийн үйлчилгээний хүмүүст хэн нь ч дээрээс нь үүрэгдсэн юм бүү мэд, илүү дутуу юм хардаг гуйлгачин зан нь хөдлөв үү, өглөөний хоолны ганц зүсэм талх, шарсан өндөг, зүсэм хиамаа өндөр үнэлэн таван ногоон нэхэж дарамтлан, паспортоор нь барьцаалж шившиг шидээ дэлгэжээ. Мөнгөө төлөхгүй бол явуулахгүй гэж ч үзсэн бололтой. Төр, засаг нь маш сайхан угтаж үйлчилсэн хэрнээ очиж очиж зочид буудлын хэдхэн үйлчлэгч нь эх орныхоо нэрийг баастаж тав, арван долларын нэхлээр бүтэн том Боинг тавиад туучихаж байгаа нь тэр дээ. Ерөөсөө “Чингис” зочид буудал, “50-ийн гурвынхны” хөгийн энэ араншингаар кувейтчууд тэр үед монголчуудыг төсөөлсөн гэхэд хилсдэл болохгүй. Кувейтчууд үзээгүйгээ үзэж ёстой ой нь гутсан гэж Элчин Гази М.А.Аль-Райес надад ярьж байв. Миний нүүрээ хийх газар олдохгүй, хамаг хөлс чийхраад, ичиж үхэхээ шахсаныг хэлээд баршгүй.

  1990 онд БНАГУ (Зүүн Герман) гэнэт татан буугдаж, төр засаг нь дампуурч байх тэр үед энэ улсын цорын ганц агаарын тээврийн Интерфлюг хэмээх лут компани дампуурч, нислэгээ зогсоосон ба парк, нисэхийн талбай чөлөөлөх нэрээр ХБНГУ нислэгт явж байсан зөвлөлтийн маркийн Ту, Ил нисэх онгоцуудыг нэг бүрийг нь 1000 дойч маркаар үнэлээд бөөнөөр нь зарсан юм байна. Тэр үед манай МИАТ өөрийн гэх том онгоц ганц ч байгаагүй, манай их мэдэгч дарга нар Герман руу бөөн бөөнөөрөө хошуурч байсан ч тэр их боломжийг нүднийхээ хажуугаар гаргажээ. Яахав бэлэн үнэгүй юм ороод ирсэн хойно оросууд (тэр үеийн СССР-ийн Аэрофлот) тэр олон арван онгоцыг бүгдийг нь худалдаад авчихсан, паркаа нэг сайн шинэчлээд авсан, одоо ч тэр онгоцууд нь нислэгт явж байна.

  Монгол даяар 1989-1991 онд үргэлжилсэн зөвлөлтийн цэргийн их үдэлт байна. Балгас болсон хотхон, юу ч үгүй тоногдсон байшин, цөлжсөн талбайг тэд үлдээгээгүй юм. Бидний хүлээн авсан царайны байж байгаа төрх нь энэ – Шархад, Чойр, Сайншанд, Чойбалсан, Багануур, Налайх дахь дотор хэрдхийм барилгууд. Цэрэг гаргах эхний үе шат нь 1989 оны тавдугаар сараас наймдугаар сард хэрэгжиж, төлөвлөгөө ёсоор 37 цэргийн хотхон хүлээлгэн өгөх байсан ч 52 гарнизон хотхон хүлээлгэн өгчээ. Орон сууцны 92 барилга шилжүүлэхээс 123-ыг, 913 өрөөтэй нийтийн 13 байр, 10 000 хүний хооллох 29 зоогийн газар, 6500 хүний суудалтай 20 клуб, 16 800 хүний багтаамж бүхий 109 казарм, 350 ортой 15 эмнэлэг, 15 дэлгүүр, ахуйн үйлчилгээний гурван төв, ерөнхий боловсролын таван сургууль, талхны цехүүд, хими цэвэрлэгээний хэд хэдэн комбинат (өртөг нь тэр үеийнхээр 500 сая төгрөг) гэхчлэн асар их хөрөнгийг Монгол-Зөвлөлтийн хамтарсан комисс шалгаж үзээд хүлээлцжээ. Эд хаачсан бэ? Нэг нь ч бүтэн үлдээгүй, одоо ул мөргүй алга болсон. Холын жишээ татаж, нотолгоо хайхаа больё гэхэд нийслэлийн яг төв дунд, циркийн баруун хойхно 13 давхар том балгас цонх нь ёрдойгоод булан тохой нь шатчихсан, нүд хальтармаар жишээ байж байна. Уг нь энд гадаадын хоёр ч Элчин сайдын яам (Лаос, Афганистан) байрлаж, зөвлөлт нөхөд маань аж төрөөд болоод байсансан. Монголчууд шилжүүлэн авсныхаа дараахан ийм болгожээ. Одоо энэ балгасыг хэрхэх талаар хэнд ч, хаана ч, төрд ч ямар ч бодлого алга. Суурь төмөр баганыг нь хөрөөдөж аваад төмрийн хаягдалд өгчихсөн дуулдана лээ. Эргэж барилга болохоосоо ч өнгөрсөн л дөө. Байгалийн жамаар газар хөдлөхийг л хүлээх үлдэж дээ.

  “Монгол ухаан”, “монгол заяа”, “босоо монгол”, “монгол...”, “монгол...”, “монгол...” гэдгийг няцаах үй олон баримтуудаас ганц хоёрхныг энд дурдлаа.

  Монголчуудын үеийн үедээ ядуу гуйранч явсан ядуулаг сэтгэлгээ, нүүдэлчний орон гаран араншин, 60 хүрч ухаан суугаад 61-тэй үхдэг амьдралын хэмнэл, дэлхийд өөр ямар ч үндэстэн арьстанд байдаггүй “монгол ухаан” нь ялихгүй юмнаас ямааны гарз буюу зүсэм талх, шарсан өндөг, зүсэм хиамнаас БОИНГ арилжаалсан монгол лут ухааны тайлал ийм буюу.