Алс тэртээх холын Өмнөд Америк тивд бидний чихэнд төдийлөн сонсогдоод байдаг­гүй ядуу дорой амьдралтай Эквадор улс бүрэн утгаараа оршин тогтнож өөрсдийнхөө баялагийн эзэд болох гэсээр даруй хэдэн аравныг ардаа орхиод одоог хүртэл өнөөх л чимээгүйхэн байдлаараа ядруухан аж төрөн сууж байна. Сонирхолтой баримтууд дурдвал манайхтай их төстэй улс юм. 24 аймаг, түүнээс сонгогддог 76 гишүүн бүхий пар­ламент­тай, цэвэр улс төрөөс үл хараат мөнгөний бодлоготой улс. Экспортынх нь дийлэнх хувь нь ганц газрын тосноос орсон орлого дээр тогтдог нь хүртэл манай эдийн засаг зэс дээр тогтдогтой яг л адилхан. Анх 1970-аад оны эхээр Эквадорт газрын тосны үлэмж нөөц нээгдсэнээс хойш цаасан дээрх үзүүлэлтүүдээрээ аль хэдийн Латин Америкийн бар улс болчихож.
 
  1984 онд 11,4 тэрбум доллартай тэнцэж байсан үндэсний нийт бүтээг­дэхүүн нь 2007 оны байдлаар 44,49 тэрбумтай тэнцэж жилдээ дунджаар 9 илүү хувиар өсөж, гадаадын шууд хөрөнгө оруулалт жилийн 50 саяас 1,2 тэрбум болтлоо огцом өссөн гээд л дурдаад байвал тооны нүдээр их л хөгжингүй улс болчихсон мэт харагдаж байлаа. Байлаа гэдэг нь саяхан 12 сарын нэгэн жихүүн өдөр хүртэл шүү дээ. Эквадорын засгийн газар гаргасан бонднуудынхаа хүүг төлж чадахаа больсон тухай өглөөний мэдээлэл нийтлэгдсэн бай­лаа. Энэ улсын эдийн засгийн талаар өнгөцхөн гэгч нь ухаад үзвэл нөгөөх үлэмж их газрын баялагаасаа олсон орлого нь хаашаа явсныг амархаан мэдэж болно.
 
  Тэгэхээр газрын баялагаа гаргаж зараад ганц ч төгрөг олж чадаагүй улс дэлхий дээр маань байдаг л юм байна. Яагаад?
 
  1980-аад онд Эквадор улс газ­рын тосоо экспортод гаргахын тулд сайн даацтай зам, цахилгаан станц, газрын тос дамжуулах хоолой гэх мэтийн зайлшгүй шаардагдах дэд бүтцийг барихад зээл авч эхэлсэн байна. Зээлийн дийлэнхи хэсгийг ирээдүйн газрын тос худалдан авагч Америкийн засгийн газар болон түүний “зохиосон” “Дэлхийн банк” ба “Олон Улсын Валютын Сан” - аас авсан. Зээлийн үндсэн шаардлага нь яг л Монгол Улсын засгийн газар Хятадын засгийн газраас авсан алдарт 300 сая “ногоо”-ны зээлтэй төстэй: Бүх дэд бүтцийн ажлыг Америкийн компаниудаар хийлгэнэ. Зах зээлээ нээлттэй байлгана.
 
  Ийм хоёрхон шаардлагын ард эдийн засгийн асар том ашиг сонир­хол нуугдаж байгааг 1980-аад онд Эквадорчууд маань ойлгоогүй байж болох л юм. Мэдээжээр дэлхийн банкны толгой эргэм цалинтай мэргэжилтнуүд ирж эдийн засгийн тооцоо хийгээд ойрын хэдхэн жилийн дотор өрөө төлнө гэсэн хуурамч тооцоо хийж өгдөг байсныг өгүүлсэн маш сонирхолтой дурдатгал ном хүртэл гарчээ.
 
  Бүх дэд бүтцийн ажлыг Америкийн компаниудаар хийлгэнэ гэсэн шаардлагыг зөвшөөрснөөр Эква­дорын засгийн газар авсан зээлнээсээ үнэн хэрэгтээ нэг ч доллар гартаа авч өөрсдөө захиран зарцуулаагүй. 1980-аад онд тэдний зээлсэн найман тэрбум гаруй ам.доллар Вашингтон дахь Засгийн газрын нөөцөөс гарч Бостон, Калифорни дахь Америкийн инженерийн компаниудын дансанд орсон. Америк компаниуд ашиг олж, Америкийн засгийн газар өөрийнхөө зээлсэн мөнгөнөөс татвар хэлбэрээр тодорхой хувийг нь буцааж аваад, дотоодынхоо эдийн засгийн өсөлтийг дэмжиж, тархи нь угаагдсан Эква­дорын ард түмнийг дооглонгүй нүдээр харж суусан л байх.
 
  Хоёр дахь шаардлага бол Дэл­хийн банк, ОУВС хоёроос тавьдаг хам­гийн түгээмэл шаардлагуудын нэг. Сонсоход энгийн, ардчилалыг дэмж­сэн мэт боловч үнэндээ Америкийн томоохон корпорациудын нэг болох Тексакод Эквадорын газ­рын тосны томоохон нөөцүүдийг эзэм­шүүлж чадсан ид шидтэй шаардлага.
 
  1970-аад оноос өнөөг хүртэл газрын тосноос олсон дотоодын ашгийг нь АНУ-ын аварга Тексако авч, экспортонд гаргасан нийт газрын тосны үнийн дүнтэй дүйцэх хэмжээний зээлийн хүүг АНУ жил болгон халаалсалсаар Эквадорын ард түмний 70% нь өнөөг хүртэл ядуу гэсэн босгыг давж чадаагүй амьдарсаар л байна. Хүн амынхаа тоогоор манай улсаас 4 дахин том, экспортод гаргадаг газрын тосны үнийн дүн нь ч манай улсын зэснээс 4 дахин их. 2007 оны байдлаар Монгол Улс 1.4 тэрбум буюу үндэсний нийт бүтээгдэхүүнийхээ 40 орчим хувьтай тэнцэх өртэй байсан бол өнөөдөр яригдаад байгаа 3 тэрбум долларын зээлийг авбал үндэсний нийт бүтээгдэхүүнийхээ 100-130%-тай тэнцэхүйц зээлтэй болно. Өөрөөр хэлбэл зээлийн хэмжээ нь Эквадорынх­той харьцуулахад даруй 40-70%-иар илүү болно.
 
      Тэгэхээр зээлээ авахаасаа өмнө яаж эргүүлж төлөх вэ гэдгээ бодож үзэхгүй бол ирээдүйн Эквадор шиг улс болох гээд байгаа юм биш үү? Үүний дээрээс эдийн засгийн хувьд Монгол улс маань урд хөршөөсөө хэр их хамааралтай билээ, Эрээний хилийн боомтыг 3 хоног хаахад эдийн засагт маань ямар нөлөө үзүүлэх билээ гэдгийг бодож үзсэнийхээ дараа аль хэдийнэ манай улсыг эрхшээлдээ авах шахсан улсаас зээл авах тухай бодож үзэх хэрэгтэй баймаар. Маргааш Хятад ор үндэсгүйгээр хилээ хаавал олон улсын дарамт шахалтнаас бултах аргагүй. Харин зээлийнхээ төлбөрийг төлөөгүй учраас гэвэл уг дарамтны хэмжээ хир хэмжээгээр багасах бол? Хятадаас авсан зээлийг тэглүүлэх гэдэг ойлголт байхгүй гэдгийг тэр цаг бидэнд хатуухнаар сануулах байх даа. Түүх ганц үүгээр ч дуусаагүй ээ, Эквадор өнгөрсөн 30 гаруй жилийнхээ түүхэнд гадаад харилцаа, эдийн засгийн хувьд дотоод­доо ашиггүй АНУ-ын талыг баримталсан шийдвэр олныг гаргаж байсан. 1984 онд Эквадорын ерөнхий­лөгч Кордеро хэмээх эрхмийн гарын үсэг зурсан АНУ, Эквадор хоёрын хөрөнгө оруулалтын гэрээнд АНУ-ын компаниудыг гэнэтийн валютын ханшны өөрчлөлт, улсын мэдэлд эргүүлэн авах зэрэг зүйлүүдээс хамгаалах тухай дурдсан нь 1971 онд тус улсын нэгдсэн АНД-ын пактны 24-р зүйл ангийг зөрчсөн үйл­дэл болж ээ. 1985 онд Контадора дэмжлэгийн групп буюу Латин америкийн Никрагуагийн хувьсгалыг дэмжих орнуудын эгнээнд элссэний­хээ маргааш нь Эквадор Никрагуаг үл хүлээн зөвшөөрч бүх гадаад харилцаагаа таслахаар тунхагласан нь мөн л Америкийн засгийн газрын бодлоготой паралель бодлого байв.
 
  Ж.Перкинсийн номонд дурдагд­снаар тухайн үед Эквадорыг өрөнд унагасан элит бүлгийн дотор нэг нь ч ард түмнийхээ адил ядууралд автаагүй гэдгийг санахад илүүдэхгүй. Манай улс төрчдийн дунд ч гэсэн энэхүү орж ирэхээр дуншаад байгаа 3 тэрбумаас яаж хэдэн үеэрээ идэх мөнгийг завшихаа тооцон явж буй цөөнгүй хэсэг байж л байна шүү дээ. Тэр хүмүүс тэнгэр бүрхэх цагаар Лондонгийн тансаг дүүрэгт байрлах харшдаа инээд алдан сууцгааж байна. Монголын ард түмэн минь, та бүхэн өөрсдийнхөө нуруун дээр ирээдүйд ирэх ачааг хэрхэн эргүүлэн төлөх тооцоог тэднээс шаардах эрхтэй бөгөөд тэр эрхээ бас зоригтой эдлэж байгаач хэмээн дахин сануулъя. Би л хувьдаа бүрхэг хэдэн тооноос өөр ямар ч эдийн засгийн таамаглал, урьдчилсан тооцоо олж харсангүй.
 
  30 жилийн дараах Монголын дүр зургийг өнөөгийн Эквадороос харж болохоор байхад заавал ч үгүй энэ замаар явах хэрэг байна уу?