Өмнөх нь түрүүчийн дугаарт
  Энэтхэг орон дот-комын хиймэл хөөрөгдөлтийн үед ашиг олсоноор зогсохгүй дот-комын хөөсөнцөр тэсрэх үед илүүтэй ашиг олж авчээ! Жинхэнэ ёж, егөөдөл гэж энд л байв. Дот-комын хөөсөнцөр Энэтхэгийг дэлхийтэй холбосон шилэн кабелийг тавьж өгсөн бол түүний дампуурал нь шилэн кабелийг ашиглах үнийг навс унаган, бараг л үнэгүй хэрэглэх бололцоог олгож, Энэтхэгийн оюуны хөдөлмөрийг ашиглаж аутсорсинг хийх Америк компаниудын тоог асар ихээр нэмэгдүүлсэн байна.
 
  Энэтхэгийн оюуны хүчийг ашиглаж програм­чилалын ажил хийлгэх их дайралтыг Y2K өдөөсөн юм. Энэтхэгийн компаниуд чадварлаг, хямд өртөгтэй байсан авч тэдний үйлчлүүлэгчдийн ашиг сонирхолд хямд үнэ нь чухал бус, гагцхүү ажлаа хийлгэж авах нь илүү чухал байсан бөгөөд энэ нөр их ажлыг нугалах хангалттай тооны ажиллах хүчин Энэтхэгт л байсан нь онцлог. Y2K-ийн сэргэлтийн араас дот-комын бужигнаан үүсч эхэлсэн бөгөөд Америк инженерүүдийг цахим худалдаа эрхэлдэг компаниуд хуу хамсан тул Энэтхэг нь ямар ч үнээр хөлслүүштэй, англи хэлтэй илүүдэл тооны инженерүүдийг олох цөөхөн газрын нэг болж үлдсэн байв. Гэтэл дот-комын хөөсөнцөр хагарч, хөрөнгийн бирж уналтанд орж, хөрөнгө оруулалтын сан хоосорч эхлэв. Хөрөнгийн биржийн уналтыг давж гарсан Америкийн мэдээлэл технологийн компаниуд болон шинээр байгуулагдсан компаниудыг санхүүжүүлэх ажлаа зогсоох сонирхолгүй хөрөнгө оруулалтын фирмүүд бултаараа бэлэн мөнгөний гачигдалд орлоо. Эдэнд Энэтхэг инженерүүд зөвхөн хүний тооноос гадна хямд өртөгтэй учир улам эрэлт хэрэгцээтэй болж эхлэв. Ингэж Энэтхэг, Америкийн бизнесийн бүлэглэлийнхний харилцаа холбоо дахин нэг шатаар ахиж, улам бат бэх болсон юм.
 
  2000-аад оны эхэн үест маш олон шинжээчдийн хийсэн хамгийн том алдаануудын нэг бол дот-комын хөөрөгдлийг даяаршилтай хольж хутган, аль алинийг нь хоосон хийрхэл, төөрөгдөл гэж үзсэн явдал байв. Дот-комын уналт болох үед өнөөх буруугаар сэтгэгч шинжээчид маань даяаршилын үйл явцыг ч мөн үүгээр төгсч байна гэж үзэцгээсэн. Гэтэл бүх зүйл яг эсрэгээр эргэсэн юм. Дот-комын хөөрөгдөл нь даяарших үйл явцын зөвхөн нэг хэсэг нь л байсан бөгөөд уналтанд орох үедээ даяаршилын хөгжлийг саармагжуулах битгий хэл харин бүр том түлхэц болж өгчээ.
 
  Норвэст Вэнчер Партнерс фирмийн эзэн, Силикон Валлей дахь хамгийн цуутай эрсдэлийн хөрөнгө оруулагчдын нэг Промод Хайк хэмээх Америкийн Энэтхэг эр энэ шилжилтийн ид үед дунд нь бужигнаж явав. “Дот-комын уналт болоход АНУ-д амьдарч байсан Энэтхэг инженерүүдийн нэлээд хувь нь (түр ажиллах визатай) ажлын байрны цомхотголд өртөж халагдсан тул нутаг буцацгаасан” гэж Хайк өгүүлж байна. Харин дот-комын уналтын улмаас Америкийн бүх л томоохон фирмүүд мэдээлэл технологид зарах төсвийн хэмжээгээ маш ихээр багасгасан юм. “Мэдээлэл технологийн албаны менежерүүд бүгд л урьдын адил эсвэл түүнээс илүү их ажлыг хамаагүй бага өртөгөөр хийж гүйцэтгэх шаардлагатай тулгарсан. Тэгвэл тэр менежерүүд ямар алхам хийхийг төсөөл дөө? Тэд даргадаа “Та дот-комын ид үед энэтхэгээс манайд ирж ажиллаад дараа нь нутаг буцсан Вийжэй гэж залууг санаж байна уу? Би Банглор руу залгаад түүнтэй ярьж, Америкт ажиллаж байгаа эндхийн инженерүүдээс бага цалингаар бидэнтэй ажиллах эсэхийг нь судалъя” гэж хэлсэн гэдэг” хэмээн тэр ярьж байлаа. Энэ л үед тавигдчихаад байсан шилэн кабелийн ачаар Вийжэйг ч төвөггүй олж бас ажлаа ч хийлгэх болсон байна.
 
  “Y2K-ийн тохиргооны ажлын ихэнхи хувийг техникийн сургууль дөнгөж төгссөн туршлага багатай Энэтхэг программистууд хийсэн бөгөөд, харин Америкт ажиллах визээр ирэгсэд нь бол жирийн техникум төгссөн нөхөд биш, бакалавраас дээш зэрэгтэй инженерүүд байлаа. Эдгээр инженерүүд Жава, Си++ зэрэг программчлалын хэл, компьютерийн зохион байгуулалтын загварчлалд гаргууд сайн болохыг олон компаниуд анзаарч ажилд авсан авч цомхотголын үед ажлаасаа халагдаж, маш олноор нутаг буцсан бөгөөд энэ л үед “Чи яаж ажлаа амжуулах нь хамаагүй, ямартаа ч хямд өртөгөөр энэ ажлыг хийж дууусга” хэмээн мэдээллийн албаны менежертээ дарга нь мундагдаж Вийжэй руу утасдахад хүргэсэн байдаг” гэж Хайк өгүүлж байна. Америк, Энэтхэг хоёр үерхэж эхэлснээс хойш, Банглорт ид хөлөө олж байсан Энэтхэгийн мэдээлэл технологийн компаниуд өөрс­дөө шинэ санал санаачлага дэвшүүлэх болов. Y2K-ийн ажил тэдэнд Америкийн томоохон компаниудтай хамтарч ажиллах бололцоог олгосон бөгөөд эцсийн дүнд тэд бизнесийн бэрхшээлийг даван туулах туршлага хуримтлуулж, бизнесийн үйл ажиллагааг хэрхэн гүйцэтгэж, сайжруулах арга замаас суралцсан байна. Иймд илүү нэмүү өртөг бүтээдэг компаниудад маш нарийн зааварчилгаатай захиалгат код бичих, засварлах ажил хийж байсан Энэтхэг компаниуд өөрсдөө бүтээгдэхүүн үйлдвэрлэж, засварлагч байснаа үйлдвэрлэгч болж төрөл бүрийн зөвлөгөө өгч, программ хангамжийн үйлчилгээ үзүүлдэг боллоо. Энэ бүхэн Энэтхэгийн компаниудыг Америкийн бизнес ертөнцөд улам лав оруулж, бизнесийн үйл ажиллагааны аутсорсинг буюу Энэтхэгүүдээр арын албаны ажлаа хийлгэх явдлыг цоо шинэ түвшинд хүргэжээ. “Компанийхаа санхүүгийн хэлтэсийг Энэтхэгийн Випро эсвэл Инфосис компани руу нүүлгэчихвэл бид зарлагынхаа тал хувийг хэмнэж болох юм” гэж Хайк хэлээд “Америк даяар корпорацийн захирлууд “Хамгийн бага зардалаар л хийж бүтээх хэрэгтэй байна” гэхэд Энэтхэгийн компаниуд “Машины тань хамрыг сөхөж үзлээ. Бид одоо дээд зэргийн үйлчилгээ, хамгийн сайн шийдлийг хамгийн бага өртөгөөр хийж өгч чадна” хэмээн хариулж байсан. Өөрөөр хэлбэл Энэтхэгийн аутсорсинг компаниуд “Y2K-ийн үед бид машины тань дугуй, бүлүүрийг яаж засч сэлбэж байсныг санаж байна уу? За хэрэв та бүхэн хүсвэл одоо бид машинд чадна гэдгийг ч мэдэж байгаа шүү дээ” гэж хэлсэн юм” хэмээн тэрбээр хуучилж байна. Үнэндээ ч Энэтхэгүүд хямд өртөгтэй байснаар барахгүй бас юуг ч сурахад бэлэн, итгэл төгс байлаа. тань иж бүрэн үйлчилгээ хийж өгч болно. Яагаад гэвэл та нар биднийг сайн мэднэ, итгэж ч чадна, бас биднийг хийж
 
  Дот-комын уналтын дараах хөрөнгө мөнгөний хомсдол нь эрсдэлийн хөрөнгө оруулалтын фирмүүдийг өөрсдийн хөрөнгө оруулсан ком­паниудаа шинэ нээлт санаачилга гаргах хамгийн үр өгөөжтэй, өндөр зэрэглэлийн, хамгийн хямд өртөгтэй арга зам олж буй эсэхэд анхаарч ажиллахад хүргэжээ. “Дот-ком-ын бизнес ид цэцэглэж байх үед 50 сая долларын хөрөнгө оруулалттай шинэ компани хөрөнгийн бирж дээр хувьцаагаа олон нийтэд борлуулах л юм бол 500 сая доллартай болох нь энгийн үзэгдэл байв” гэж Хайк ярьж байна. Харин дот-комын уналтын дараа дээрхи компаний хувьцаа үсрээд л 100 сая доллараар борлогдох магадлалтай болсон. Ийм ч учраас эрсдэлийн хөрөнгө оруулалтын фирмүүд шинээр байгуулагдаж буй компанийг хамгийн анх хувьцаагаа борлуулах хүртэл нь 20 сая доллараар л санхүүжүүлж азаа туршихыг илүүд үзэх болжээ.
 
  “Эрсдэлийн хөрөнгө оруулагч фирмүүдийн өмнө тулгарсан хамгийн том асуулт бол “Бид яавал бизнес эрхлэгчид болон тэдний шинэ компаниудыг ашиг орлогоо тэнцүүлчихдэг, эсвэл арай богино хугацаанд ашигтай ажиллаж чадах түвшинд хүргэн зөвхөн мөнгөний зарлага болж байдгийг нь зогсоож, бусад компаниудад аль болох хурдан зараад өөрийн фирмдээ хэрхэн өндөр ашиг, хөрвөх чадвартай хөрөнгө бий болгох вэ?” гэдэг байлаа. Ихэнхи фирмүүдийн эрж олсон хариу бол “Анхнаасаа л аль болох олон үйл ажиллагаагаа аутсорсинг хийх нь өлзийтэй. Хөрөнгө оруулагчиддаа аль болох богино хугацаанд ашиг олж өгөх үүднээс аутсорсинг хийж болох л зүйл байвал аутсорсинг хийгээд байх шаардлагатай” гэсэн хариу байсан юм” хэмээн Хайк дурсаж байна.
 
  Энэ үест Люцент фирмийг толгойлж байсан Хэнри Шахт энэ бүх үйл явцыг корпорацийн менежментийн өнцөгөөс олж харжээ. Түүний өгүүлснээр энэ үеийн бизнесийн эдийн засаг хүн бүрт “үнэхээр явуургүй” болж иржээ. Хэн хүнгүй л юмний үнэ ихсэж, зах зээл зогсонги байдалд орж байгааг анзаарсан авч, компанийхаа үйл ажиллагаанд асар их хэмжээний зарлага гаргасан хэвээр байсан бөгөөд сүүлдээ үйл ажиллагааны зардалаа ч төлж дөнгөхгүй болж эхэлсэн. “Үйлдвэрлэлийн өртөгийн дарамт үнэхээр их байв” гэж тэрээр дурсаад “Аль хэдийнэ даяаршсан дэлхий ертөнц биднийг бэлхэнээ хүлээж байсан агаад эдийн засаг хүмүүсийг урьд өмнө хэзээ ч хийнэ, хийж чадна гэж бодож байгаагүй зүйлсийг нь хийхийг шаардаж байлаа... Аж үйлдвэрлэл, оюуны хөдөлмөрийн аль аль салбарт даяаршил ингэж л хүчээ авсан юм даа” гэж билээ.
 
  Олонхи компаниуд Массачуссетсийн Техноло­гийн Интитутиэс гайхалтай оюунлаг дөрвөн Хятад инженерийг олж чадвал тэд нутаг буцаад, Америк дахь нэг инженерийн цалинтай дүйцэх цалингаар ажиллахад бэлэн байдгийг мэдэж авсан юм. Белл Лабораторийз пүүс Цингтао хотод Люцент фирмийн компьютерүүдтэй холбогдож чадах тоноглол бүхий эрдэм шинжилгээний төвтэй байв. “Тэд манай компьютерийг шөнийн цагаар хэрэглэх боломжтой” гэж Шахт хэлээд “Өссөөр байсан тооцоолон бодох ажлын өртөг нь бараг тэг байснаар барахгүй мэдээлэл дамжуулах өртөг нь бас үнэгүй шахам, тэдний хэрэглэж буй компьютер ч урьд нь шөнө болгон хий дэмий ажилгүй зогсдог байв” гэв.   Энэ л олон учир шалтгааны улмаас Y2K-ийг Энэтхэгийн үндэсний баярын өдөр болох 8 сарын 15-ны дараах хоёр дахь тусгаар тогтнолын өдөр (индэпэндэнс дэй) болгох нь зүйтэй гэж би үздэг. Залуу насныхаа нэгээхэн хэсгийг Энэтхэгт өнгөрөөсөн Жон Хопкин­сийн их сургуулийн гадаад бодлогын шинжээч Майкл Манделбаум “Y2K нь Энэтхэгийн харилцан хамаарлын баярын өдөр (интердэпэндэнс дэй) болох ёстой. Яагаад гэвэл шилэн кабелийн сүлжээнүүдийн бий болгосон харилцаа хамаарлын ачаар Энэтхэгүүд барууны компаниудтай хамтран ажиллах бололцоотой болсон агаад энэ бололцоо нь өөрөө тэднийг үсрэнгүй хөгжихөд нөлөөлсөн хамгийн том хүчин зүйл болж, түүхэндээ хамгийн олон Энэтхэг хүнд хэний төлөө, хаана, хэрхэн ажиллахыгаа сонгох эрх чөлөөг жинхэнэ ёсоор бий болгосон юм” гэж билээ.
 
  Өөрөөр хэлбэл 8 сарын 15-ны өдрийг Энэтхэг орон шөнө дундын эрх чөлөөгөө олж авсанаа дурсан тэмдэглэж буй хэрэг. Тэгвэл Y2K нь шөнө дунд ажиллах бололцоогоор хангасан бөгөөд энэхүү ажил нь зүгээр ч нэг ажил байсангүй, харин Энэтхэгийн хамгийн оюунлаг хүмүүст зориулагдсан ажлын байр байлаа. 8 сарын 15 Энэтхэг оронд тусгаар тогтнол хайрласан. Харин Y2K нь Энэтхэгүүдэд тусгаар тогнол хайрласан ба ямар ч төсөөллөөр хэмжсэн бүгдэд нь бус хэдий ч, тавин жилийн өмнөхөөс хавьгүй олон хүмүүнд, тэр тусмаа хүн амын дотроос улс орны баялагийг хамгийн ихээр бүтээгч хүмүүсээс бүрдсэн тэр л хэсэгт тусгаар тогтнол хайрлажээ. Тийм ээ, тэр ч утгаараа Энэтхэг нь азын тэнгэр гийсэн орон мөн боловч, угтаа өөрсдийн нь уйгагүй хөдөлмөр, өндөр боловсрол, Энэтхэгийн Технологийн Институтуудын шавыг тавьсан ухаант буурлуудын холч ухаан нь тэдний хөгжил цэцэглэлтийн үр үндэс болсон юм.
 
  “Бэлтгэгдсэн оюун ухааныг азын тэнгэр ч илүүтэй харж үздэг” гэж Луйс Пастеур аль эрт онож хэлсэн нь үнэн ажгуу. (Олон улсын бестселлер Томас Фридманы “Дэлхий бөөрөнхий биш” номын хэсгээс) Д.Сайнбаярын орчуулга
 
  Хэрэв та АНУ, Япон, Их Британи, Өмнөд Солонгос, Австрали улсад амьдардаг ах дүү найз нөхөддөө уг номыг бэлэглэх хүсэлтэй бол энэхүү номыг Номун далай - интернэт дэлгүүрээс (www.nomundalai.mn) захиалан явуулах боломжтой.