Сүүлийн үед олон нийтийн цахим сүлжээгээр Мүүнийн шашны тухай мэдээлэл, хувь хүний үзэл бодлууд хүчтэй түгэж байна. Энэхүү шашин нь нийгэм дэх гишүүнчлэлийн хүрээгээ төдийлөн ил явуулдаггүй, олон аргаар иргэдийн оюунд шургалдаг, бас уургалдаг. Шашин эсвэл гаж урсгал нэрт Мүүн мэдэгдэхгүйгээр бидний хаяанд ирээд, хотонд ороод, тахал шиг тарж байна.

Мүүн өөрийн үйл ажиллагааг голдуу нийгэм эдийн засаг нь хямарсан, хүн амын амьжиргаа муу, шүүмжлэлт сэтгэлгээний соёл сул хөгжсөн орнуудад явуулдаг. Монгол оронд, бидний дунд Мүүний номлолыг сонсдог, амьдралдаа хэрэгжүүлдэг хүмүүс аль хэдийн бий болжээ.

Мүүнчдийн ажлын чухал чиглэл бол аливаа нийгмийн дээд шатанд буй хүмүүсийг өөртөө татах, сургах. Тэдний номлолд “түлхүүр хүмүүс” гэдэг ойлголт байдаг ба тэдгээр хүмүүсээр дамжуулж, тухайн орны улс төр, эдийн засаг, нийгмийн амьдралд нөлөөлдөг байна. “Түлхүүр хүмүүс”-ийг өөртөө татахын тулд гадаадад үнэгүй томилолтоор явуулах бол энүүхэнд. Долларыг мянга, мянгаар хахуульд өгөх зэрэг төрөл бүрийн аргыг хэрэглэдэг байна. Учир нь Мүүнчдэд тооноос илүү нөлөөлөл чухал. Нөлөөлөх хүч баргийн хүнд мэдэгдэхгүй нууцаар явагддаг байна.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилсан гэх ёсолгоо үнэндээ мүүнчдийн эд байжээ. Бүх шашныг нийлүүлэн Эв нэгдлийн сүмд багтаах бэлгэдэл болгож, улс бүрийг өнгө, өнгийн баавгайгаар төлөөлдөг гэнэ.

Улс болгон баавгайтай аж. Тэдгээр баавгайн дунд “Монгол ёсолгоо”-г хийж буй цэнхэр баавгайн хөлд Миний Монголын далбаа харагдах бөгөөд манайх гэдэг нь тодорхой. Харин Ц.Элбэгдорж энэ баавгайнаас л үлгэр авчээ гэмээр.


Цаашилбал, Мүүнийн ёсолгоо газар авч тооноос илүү нөлөөлөл чухал гэдгийг нь баталж буй мэт. Гэтэл ЕБС-ийн Иргэний боловсролын 6-7, 8-9 дүгээр ангийн багшийн номны нүүрэн дээр Мүүнийн ёсолгоо гэмээр учир битүүлэг зураг тавигдсан байгаа нь цаагуураа Мүүнд уриалан дуудаж, өсвөр насны хүүхдүүдийн оюунд далдуур нөлөөлж байгаа бус уу.

Сурах бичгийн агуулгад алдаа байгааг хэлээд засаад өгөхөөр эрдэмтэн багш нарын баг хийсэн гэж өөрөөсөө бурууг түлхээд байгаа БСШУЯ-ны Стратеги бодлого төлөвлөлтийн газрын дарга Насанбаяр эдгээр номын нүүрний зургийг юу гэж тайлбарлах бол?